Categories
мэдээ нийгэм

Ажилаа хийж явсан бүсгүйг сэтгэцийн өвчтэй залуу хөнөөжээ

Олныг цочроосон аймшигт хэргүүд гарсаар
байна. 2014 оны 9 сарын 22-ны орой Орхон аймгийн статистикийн хэлтсийн
мэргэжилтэн албан ажлаа хийж яваад бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан
хэрэг гарчээ. Хохирогч бүсгүй 30 гаруй настай бага насны хүүхэдтэйгээ
амьдардаг байсан аж. Тэрбээр Хөдөлмөрийн яамнаас явуулж байсан
судалгаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн оршин
суугч 30 орчим насны эрэгтэй “Б”-ийн гэрт 16 цагийн орчим орсон бөгөөд
ийнхүү айлын гэрт амиа алджээ.  

Сэжигтэн “Б”  нь сэтгэцийн өвчтэй бөгөөд
2006 оноос хойш энэхүү өвчнөөр өвчилж, аавынхаа хараа хяналтад
амьдардаг байжээ. Хэрэг гарах үеэр аав нь ажилдаа явсан “Б” гэртээ
ганцаараа байсан бөгөөд хохирогчыг 5 удаа хутгалан амь насыг нь
хохироосон гэсэн мэдээлэл байгаа юм. 18 цагийн орчим аав нь ажлаасаа
ирэхэд хохирогчийн цогцосыг нуусан байсан бөгөөд аавыгаа бензин авч
ирэхийг шаардаж авч ирэхгүй бол “ална” гэх мэтээр сүрдүүлсэн байна.
Улмаар аав нь бензин авч ирнэ гэж гараад цагдаад мэдэгдэж уг хэрэг
илэрсэн байна. Төрийн нэрийн өмнөөс ажлаа хийж явсан нэг иргэн
харамсалтайгаар амиа алдлаа хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар
эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд  сэжигтэнд цагдан хорих,
таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

 Хэргийн газрын үзлэг болон хойшлуулшгүй
ажиллагаанд аймгийн прокурор Цагдаагийн газрын дарга нар оролцож хяналт
тавьж ажиллажээ. Нутгийн захиргааны байгууллага харьяа нутаг
дэвсгэрийнхээ хэмжээнд гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс
урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ
ажлын хүрээнд нутаг дэвсгэрийнхээ гэмт хэрэг зөрчилд орж болзошгүй болон
бусад бүх төрлийн судалгааг хийж байх ёстой. Иймд цаашид ард иргэдээс
судалгаа авах тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийнхээ багийн холбогдох
албан тушаалтнуудад мэдэгдэж хамтран зохион байгуулж байх, 
ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Орхон аймгийн прокурорын
газраас анхааруулсан  байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Бид дэлхийгээ хайрлан хойч үедээ хадгалан үлдээх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн чуулган дээр хэлсэн үг

Нью Йорк, 2014 оны 9 дүгээр сарын 23

Ноён дарга аа,

Хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бид чиг
зорилгоо шинэчилж, улс төрийн манлайллаа тодорхойлохоор энд хүрэлцэн
ирээд байна.

Миний бодлоор бидний өмнө энэ асуудлыг шийдэх цаг мөч тулж ирээд байна.

Уур амьсгалын өөрчлөлт нөлөөлөхгүй улс гэж байхгүй. Найрсаг
зочломтгой, байгаль дэлхийд ойрхон байдаг монголчуудын ахуй амьдралд
хүртэл уур амьсгалын өөрчлөлт сөрөг нөлөө үзүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь шинжлэх ухааны зохиол, маргаан, мэтгэлцээний сэдэв байхаа нэгэнт больжээ.

Энэ бол бидний өмнө тулгараад байгаа бодит заналхийлэл болоод байна.
Хэрвээ та бүхэн уур амьсгалын өөрчлөлт болж буйд эргэлзэж байвал Монголд
ирэгтүн.

Та бүхэн манай оронд, Монголд очоод асуухад жирийн малчин нь хүртэл
байгаль цаг уурынхаа мянга мянган жилийн улбааг танин мэдсэн туршлага
дээр бодит амьдралд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн гамшгийн хэмжээнд
хүрснийг хэлээд өгөх болно. 

Ноён дарга аа,

Би өчигдөр Колумбын их сургуульд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дугуй ширээний уулзалтад оролцсон.

Дэлхийн дулаарал цельсийн хоёр хэмээр нэмэгдэх тутам сая жилд нэг
удаа болох байгалийн гамшиг жил тутамд болох аюултай гэж нэг мэргэжилтэн
хэлсэн.

Жишээ нь :

– Өдөр бүр 1500 онгоц осолдвол хэрхэх вэ?

– Хайян хар салхи долоо хоног тутам, улс бүхэнд болбол яах вэ? Бид үүний эсрэг зогсож чадах уу?

– Фукушима цахилгаан станцын осол сар бүр тохиолдвол яах вэ?

Бид энэ бүх гамшгийн өмнө хүчин мөхөс шүү дээ.

Миний бодлоор ганц Фукушимагийн осол бидэнд хэтэрхий их хохирол
учруулсан. Миний бодлоор нэг Хайяны хар салхи хэтэрхий олон хүнийг
хохироосон.

Миний бодлоор МН 17-ийн осол бидэнд болон хүн төрөлхтөнд хэтэрхий их гарз болсон.

Энэ бүх гамшиг, ослоос болж мянга мянган хүний амь эрсдэж, олон гэр
бүлийн амьдрал сүйрсэн. Энэ олон мянга, сая хүний амь нас бол зөвхөн тоо
төдий зүйл биш юм. Тэд бол бидний хөрш, эгч, ах дүүс, хамаатан садан,
хүний алтан амь нас билээ.

Энэ бүх гамшигт ганц хүн амиа алдсан ч миний хувьд хэтэрхий үнэтэй.

Дэлхий ээж маань биднийг 11 мянган жилийн турш энх тайван, эв
нэгдэлтэй амьдруулсаар иржээ. Энэ 11 мянган жилийн дараа бид дэлхий
ээжийгээ орхих болж байна уу?

Дэлхий ээж маань бидэнд дэндүү үнэтэй, хаяхад хэтэрхий залуу, бас үзэсгэлэнтэй хэвээр байна шүү дээ.

Цэнхэр гариг маань үнэхээр өвөрмөц, дахин давтагдашгүй гэдгийг бид
мэднэ. Яг л таны, миний, бид бүхний ээж шиг цорын ганц шүү дээ. Тэгээд
бид түүнийгээ орхиж чадах юм уу? Үгүй ээ, энэ бол төсөөлөхийн аргагүй.

Дэлхийн дулаарлын талаар нэг л мэдээлэл үнэхээр айдас дагуулдаг.
Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэдэн зуун үйл явдал, мэдээ
баримт, судалгаа гарч байна шүү дээ. Бидд энэ талаар одоо хангалттай
мэдээлэлтэй болсон.

Уур амьсгалын өөрчлөлт удаан байгаа учраас зогсооход амархан гэж
бодож байна уу? Миний бодлоор үүнийг зогсоож хүчрэхэд бэрх болсон. Уур
амьсгалын өөрчлөлт хэтэрхий их гамшиг дагуулсан, үүний эсрэг зогсоход
үнэхээр аюултай болсон.

Манай гаригт амьдрахад үнэхээр аюултай болж байна гэж бид боддог.

Бид бол хүн төрөлхтөн, бидний өнөө үеийнхний цаг үе дуусч байгаа ч
бидний дэлхий дуусах ёсгүй. Бид дэлхийгээ хайрлан хойч үедээ хадгалан
үлдээх ёстой. Энэ ажлыг бид яг одооноос хэрэгжүүлэх хэрэгтэй.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр хоногийн өмнө Нью-Йорк хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаалд оролцсон.

НҮБ-ын шинээр томилогдсон Энхийн элч, “Уолл Стритийн чоно” Леонардо
ди Каприо уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөлийн талаар сэрэмжлүүлж
байна. Эдгээр үйл явдал их цагаа олж, хоорондоо бэлгэдэлтэй холбогдож
байна гэж бодож байна.

Уур амьсгалын өөрчлөлт бол бидний, миний, та бүхний буруу үйл
ажиллагаанаас үүдэлтэй. Бид хойч үе, үр хүүхдээ уур амьсгалын өөрчлөлт
гэж энэ аймшигт мангасын гарт үлдээх болж байна уу? Хэрхэвч тэгэхгүй.

Тэгвэл яг одоо хамтдаа тэмцье.

Ноён дарга аа,

Эрхэм хүндэт төр, засгийн тэргүүнүүд ээ,

Хариуцлагатай иргэд ээ,

Яг одооноос эхлээд хамтдаа тэмцье ээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Уур амьсгалын шинжлэх ухаан” сэдэвчилсэн хэлэлцүүлгийг даргаллаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Бан Ги Мүний санаачилгаар Уур амьсгалын өөрчлөлтийн
асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг есдүгээр сарын 23-ны өдөр зохион
байгууллаа. НҮБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар, санхүү,
бизнес, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний төлөөллийг түүнд урин
оролцуулж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх үйл ажиллагааг
урагшлуулах, тэр дундаа хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах санаачилгыг
түргэтгэх, дэлхийн температурыг хоёр хэмээс багаар нэмэгдүүлэхээр
хязгаарлах тухай даян дэлхийн тохиролцоонд 2015 он гэхэд хүрэхэд
чиглэсэн улс төрийн эрмэлзлийг дайчлах зорилгоор энэхүү Дээд хэмжээний
уулзалтыг зохион байгуулж байгаа юм.  

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалтын
хөтөлбөрт тусгагдсан “Уур амьсгалын шинжлэх ухаан” сэдэвчилсэн
хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж даргаллаа.

Гринландын Ерөнхий сайд Алека Хаммонд, Байгаль орчныг хамгаалах олон
улсын холбооны ерөнхий захирал Жулиа Мартон-Лефевр, Уур амьсгалын
өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын уулзалтын ажлын хэсгийн
дарга Томас Стокер нар уг хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцсон юм.

Categories
гадаад мэдээ

Барак Обамагийн мэндчилгээ олныг гайхашруулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн үйлдэл шуугиан тариад байна. Тэрээр
кофе барьсан гараараа Тэнгисийн цэргүүдтэй ёсолжээ. Цагаан ордон энэ
талаар тайлбар хийгээгүй ч иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь
Тэнгисийн цэрэг бол Америкийн хамгийн нэр хүндтэй алба юм. Гэвч Обама
цэрэг эрсийг кофеноос “дор” үзсэн явдалд хүмүүс дургүйцэв.

Categories
гадаад мэдээ

Хятадын Уйгур эрдэмтнийг бүх насаар нь хорихоор болжээ

Хятадын Уйгур үндэстний эдийн засгийн профессор Илхам Тохтиг салан
тусгаарлах оролдлого хийсэн гэдэг үндэслэлээр бүх насаар нь хорих ялаар
шийтгэжээ. Коммунист нам Нобелийн энх тайвны шагналт Лю Шиаобод 11 жил
хорих ял оноосноос хойшх улс төрийн хамгийн том шийтгэл энэ юм. Илхам
бол Хан, Уйгур үндэстнүүдийг холбох гүүр болж байсан нэрт эрдэмтэн ажээ.
Коммунист намын гишүүн, Бээжингийн Минзу их сургуулийн профессор тэрээр
бүс нутагтаа өрнөж буй асуудлыг хөндөн ярьсаар иржээ. Тэрээр “Шинжианы
Уйгуруудыг ялгаварлан гадуурхаж байгаа нь Засгийн газрын авч хэрэгжүүлж
буй системтэй арга хэмжээ” гэж Бээжинд гарсан халдлагын дараа хэлж
байсан удаатай.

Categories
мэдээ улс-төр

АН эвтэй байхыг жирийн гишүүд нь сануулав

УИХ-ын намрын чуулгантэй зэрэгцэн улс төрийн зарим намд хөдөлгөөн орж
эхлэв. Тухайлбал,  АН-ын орон нутгийн намын хороодоос УИХ дахь бүлэгтээ
хандсан хэд, хэдэн уриалга хүргүүлжээ. Тухайлбал Сэлэнгэ, Увс аймгийн
АН-ын анхан шатны байгууллагаас Засгийн газрыг тоггвортой ажиллуулах,
өмнө нь өөрсдийнхөө засгийг огцруулж байсан түүхээ давтахгүй  байхыг
сануулсан албан бичгийг бүлгийн гишүүддээ хүргүүлжээ. Тэд АН дотроо
хагаралдах бүртээ бусдын өгөөш болж, үр дүнг нь сонгуулийн ялагдлаар
амссаар ирснийг өгүүлсэн байна. Иймээс үлдэж буй хугацаанд Шинэчлэлийн
Засгийн газрыг дэмжиж ажиллахыг УИХ-ын гишүүдэд уриалжээ. Мөн бусад
аймгийн намын хороод ч иймэрхүү уриалгыг УИХ дахь намын бүлэгтээ
хүргэсэн гэсэн мэдээлэл байна. Ямар боловч 2012-2016 оны УИХ-ын нэгэн
бүрэн эрхийн хугацаа тэн хагасдаа ороод буй энэ үөд нам дотроо
хагаралдахгүй байхыг сануулах нь АН-ын анхан шатны байгууллагуудын гол
зорилго юм байна. Нөгөөтэйгүүр, улс төрийн хэлмэгдүүлэлт ч АН засаглаж
буй энэ үед гарч байгааг анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн чанад дахь монголчуудын чуулга уулзалт боллоо

Гадаад харилцааны сайдын санаачилгаар “Бүтээлч хамтын
ажиллагаа” сэдэвт хилийн чанад дахь монголчуудын холбоод, ТББ-уудын чуулга
уулзалт болон Британийн монголчуудын үүсгэн санаачилсан “Монгол орны хөгжилд”
10 дугаар чуулга уулзалтыг хамтатган 9 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд ГХЯ-нд
амжилттай зохион байгууллаа.

Чуулга уулзалтанд хилийн чанад дахь монголчуудын холбоо,
ТББ-уудын төлөөлөл 93, “Цахим өртөө” холбооны илтгэгч, судлаач 38, дотоодын
байгууллагын (яам, агентлаг) 22 төлөөлөгч, онлайнаар бүртгүүлсэн 42 нийт 195
хүн оролцов.

Нэгдсэн чуулганаас 4 зүйл заалт бүхий протоколыг нийт
төлөөлөгчдийн 98 хувийн саналаар дэмжин баталж, чуулганы мөрөөр хэрэгжүүлэх
хөтөлбөр, төлөвлөгөөг  2014 оны 11 дүгээр
1-ний дотор гаргах, дараагийн чуулга уулзалтыг 2016 оны 9 дүгээр сард зохион
байгуулахаар тогтов.

“Монгол орны хөгжилд” 10 дугаар чуулга уулзалтын хүрээнд
“Өндөр технологи”, “Нийгмийн эрүүл мэнд”, “Шинжлэх ухаан, боловсрол, танин
мэдэхгүй”, “Бизнес эрхлэлт”, “Урлаг, соёлын менежмент” сэдэвт салбар
хуралдаанууд хуралдаж, зөвлөмж гаргасан байна.

Нийт оролцогч, төлөөлөгчдийн зүгээс чуулга уулзалтын
хамрах хүрээ, зохион байгуулалт, хүрсэн үр дүнд сэтгэл өндөр байгаагаа
илэрхийлж, цаашид Монгол Улсын төрөөс хилийн чанад дахь Монголчуудын холбоод,
ТББ-уудыг бодитой дэмжих, төрийн зарим үүргийг ТББ-дад гэрээний үндсэн дээр
хариуцуулан, бүтээлчээр хамтран ажиллах маш том эхлэл суурь тавигдсанд талархаж
байв.

Чуулганы хоёр дахь өдөр
монголчуудын холбоод, ТББ-ынхан хуралдаж, “Хилийн чанад дахь Монголчуудын
холбоо, ТББ-уудын нэгдсэн зөвлөл”-ийг байгуулан, зөвлөлийн дүрмийг хэлэлцэн
баталсан бөгөөд тив тивийн төлөөлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлийг
сонгон, УЗ-ийн даргаар Швед дэхь Монголчуудын үндэсний холбоо, Европ-Монголын
нийгэмлэгийн тэргүүн Н.Номун-Эрдэнийг 100 хувийн саналаар сонгосон байна.

Тодорхой асуудал хариуцсан салбар хороодыг байгуулах,
нэгдсэн зөвлөлийн нарийвчилсан бүтцийг ойрын хугацаанд гаргаж, хилийн чанадад
үйл ажиллагаа явуулж буй 114 ТББ-аар хэлэлцүүлэн батлахаар тогтов.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар
төлөөлөгчдийг 2014 оны 9 дүгээр 22-ны өдөр хүлээн авч уулзан, чуулга уулзалтын
үр дүн, цаашдын зорилго, зорилтын талаар санал солилцож, шинэ байгуулагдсан
Нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагаа, төр, төрийн бус байгууллагын дэвшилтэт хамтын
ажиллагаанд өндөр амжилт хүсч, хилийн чанад дахь монголчуудын холбоо,
ТББ-уудаас төрд дуу хоолойгоо хүргэхэд нь боломжтой бүх талын дэмжлэгийг үзүүлж
ажиллахаа  илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн удирдлагын холбоо 20 жилийн ойгоо тэмдэглэнэ




Монголын нутгийн удирдлагын холбооны
20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа аж. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн,
Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн Су.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл
өглөө. Уг холбоо нь Монгол Улсын нутгийн удирдлагын тогтолцоог  Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд
төлөвшүүлэн хөгжүүлж бэхжүүлэх, нутгийн захиргааны болон нутгийн өөрийн
удирдлагын байгууллагуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хоорондын
хамтын ажиллагааг дэмжих, үйл ажиллагааны ололт амжилтыг сурталчлах, дэмжлэг
үзүүлж үйлчлэх зорилгоор 1994 онд анх байгуулагджээ. 20 жилийн хугацаанд
холбооноос нутгийн удирдлагын чиглэлээр томоохон семинар, сургалт, чуулга
уулзалтыг зохион байгуулж ирсэн. Энэ удаад ч түүхт ойгоо баяр ёслолын биш ажил
хэрэгч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор УИХ-ын Төрийн байгуулалтын
байнгын хороотой хамтран энэ сарын 26-нд “Нутгийн удирдлагын хөгжлийн хандлага”
сэдэвт хэлэлцүүлэг ярилцлагыг зохион байгуулах юм байна. Хэлэлцүүлгээр нутгийн
өөрөө удирдах ёсны байгууллагын чиг хандлага, УИХ болон орон нутгийн сонгуулийн
хуулийн өөрчлөлт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийг өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн хэрхэн өөрчлөх боломжтой вэ
гэдэг гурван үндсэн асуудлыг хөндөн ярилцах ажээ. Төрийн ордонд болох энэхүү
хэлэлцүүлэгт орон нутаг, нийслэлийн 250 гаруй төлөөлөгч оролцоно.

Энэ талаар Су.Батболд гишүүн хэлэхдээ “Манай холбоо
нь ардчиллыг бэхжүүлэх, орон нутаг дахь улстөрчдийг бэлтгэх, нутгийн өөрөө
удирдах ёсны байгууллага болох аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, нутгийн
захиргааны байгууллага болох аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын үйл
ажиллагааг чиглүүлэх, бие даасан байдлыг хангах, санхүү, төсөв, боловсон хүчний
талаар эрх мэдэлтэй болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Нэг талаас төрийн
чиг үүргийг гүйцэтгэдэг байгууллага. Учир нь холбооноос явуулж байгаа үйл
ажиллагаа нь Үндсэн хуульд нутгийн тунхагласан өөрөө удирдах ёсны болон нутгийн
захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг. Нөгөө талаас Нутгийн
удирдлагын холбоо нь Засгийн газрын сөрөг хүчин маягаар үйл ажиллагаа явуулдаг.
Яагаад гэвэл төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх чиглэлээр
байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Орон нутгийн улстөрчдийг бэлтгэх,
ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ямар чиг үүрэг
зорилготой сонгогдсон, нутгийн захиргааны байгууллагатай хэрхэн хамтран
ажиллах, орон нутгийн хөгжлийн төлөө юу хийх вэ гэдэг чиглэлээр тасралтгүй үйл
ажиллагаа явуулж ирсэн” гэлээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд эл холбоо нь зургаан
удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны нутгийн өөрөө удирдах байгууллагад
ажиллагсдыг сургаж дадлагажуулах, нийтлэг эрх ашгийг нь хамгаалах, ололт
амжилтыг нь сурталчлах, мэргэшүүлж дадлагуулах ажлыг хийсээр иржээ. Хамтын
энэхүү үйл ажиллагааны үр дүнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хуульд долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Тус холбооноос “Нутгийн удирдлага” сэтгүүлийг
эрхлэн гаргаж байгаа бөгөөд мөн 20 жилтэйгээ золгож байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн дэд сайдад хэнийг томилохоо хэлэлцэнэ

МАХН-ын
гүйцэтгэх товчоо өнөөдөр 18.00 цагт хуралдахаар болсон тухай эх
сурвалж дуулгалаа.
Хурлаар хэд хэдэн чухал асуудлыг авч хэлэлцэх юм байна.Тухайлбал, улс төрийн
алба хаших эрхээ хасуулаад буй тус намын гишүүн, Хууль зүйн дэд сайд байсан
Э.Эрдэнэжамъянгийн талаар авч хэлэлцэх
 нь ээ. Өөрөөр хэлбэл, Э.Эрдэнэжамъян албан тушаалаасаа буусан
тохиолдолд түүний оронд тус намаас гишүүн томилогдохоор болсон байна. Үүний дагуу МАХН-ынхан дэд сайдын суудалд хэнийг томилохоо
хэлэлцэх аж. Тэгэхээр өнөөдрийн хурлаар Дэд сайдын орны хүнээр хэнийг томилох
нь тодорхой болох бололтой.

Мөн МАН-аас МАХН-д гишүүнээр элссэн Ц.Шаравдоржийн
асуудлаар ч хурлын үеэр авч хэлэлцэх юм байна. Ц.Шаравдоржийн хувьд МАХН-ын
нарийн бичгийн даргаар томилогдоод байгаа сурагтай.

Categories
гадаад мэдээ

“iPhone 6 Plus” гомдол дагуулж байна

“Apple” компани шинэ гар утаснуудаа худалдаанд гаргаад удаагүй
байгаа. Технологийн блогчид болон сонирхогчид “iPhone 6”, “iPhone 6
Plus” гар утаснуудыг элдэв туршилтад оруулж байна.

Тэгвэл “iPhone 6 Plus” гар утасны талаар хэрэглэгчид гомдол мэдүүлж
эхэлжээ. Учир нь уг гар утсыг өмднийхөө арын халаасанд хийж суухад
нумарч байгаа аж. Энэ талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл тархсаны
дараа сонирхогчид “iPhone 6 Plus”-ыг нумарч туршсан байна.“Apple”
компани шинэ гар утаснуудаа худалдаанд гаргаад удаагүй байгаа.

Технологийн блогчид болон сонирхогчид “iPhone 6”, “iPhone 6 Plus” гар
утаснуудыг элдэв туршилтад оруулж байна. Тэгвэл “iPhone 6 Plus” гар
утасны талаар хэрэглэгчид гомдол мэдүүлж эхэлжээ. Учир нь уг гар утсыг
өмднийхөө арын халаасанд хийж суухад нумарч байгаа аж. Энэ талаар олон
нийтийн сүлжээнд мэдээлэл тархсаны дараа сонирхогчид “iPhone 6 Plus”-ыг
нумарч туршсан байна.