Засгийн газрын
хуралдаанаар Хууль зүйн дэд сайдаар
Ц.Уугангэрэлийг томиллоо. Тэрбээр ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг хуульч
мэргэжлээр төгсч, цагдаа, тагнуулын байгууллагад удирдах алба хашиж ирсэн
туршлагатай. Хамгийн сүүлд Гаалийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан ажээ.
Month: September 2014
Энэ сарын эхээр
“Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгийн багш хүүхдүүдийнхээ ам, хөлийг скочидсон” гэх мэдээлэл хэвлэл
мэдээллээр гарсан билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус цэцэрлэгийн удирдлага,
хэрэгт холбогдсон багш, эцэг эхийн төлөөлүүд мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлснээр тус цэцэрлэгийн багш
М.Ундрахбилэг нь хоёр настнуудыг хариуцан ажилладаг бөгөөд нэг ч хүүхдийн
хөлийг скочдоогүй гэнэ. 67
дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг “Энэ сарын эхээр манай цэцэрлэгтэй
холбоотой мэдээллийг ETV телевизийн сэтгүүлч н.Мөнгөнцэцэг бэлтгэн хүргэсэн.
Гэтэл энэ нь ямар ч нотолгоо, баримтгүй зүйл байсан бөгөөд баримтжуулах бичлэг
ч гараагүй” гэв.
Дархан-Уул
аймагт явуулын эмнэлэг ажиллана
Дархан-Уул аймгийн Эрүүл
мэндийн газарт салбарын сайдын дэмжлэгтэйгээр
рентген аппарат, шүд, эхо оношлогооны зэрэг таван төрлийн
явуулын машиныг шилжүүлэн өгөх
арга хэмжээ өнөөдөр болов. Энэхүү үйл ажиллагааг УИХ-ын гишүүн С.Ганбаатар санаачилсан бөгөөд Эрүүл
мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ
хүлээлгэн өглөө.
“Эрүүл мэндийн сайд Н.Удвалын дэмжлэгтэйгээр улсын төсвөөс
санхүүжүүлсэн эдгээр явуулын машин нь бүхэл бүтэн эмнэлэг бүхий орчныг
бүрдүүлжээ. БНСУ-аас ирсэн энэхүү таван машин нэг тэрбум найман зуун мянган
төгрөгний өртөгтэй бөгөөд гишүүний санаачилгаар орон нутагт анх удаа ийм
төрлийн явуулын эмнэлэгтэй болж байгааг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зөвлөх
С.Зоригтбаатар нээлтийн үеэр онцлов.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх гадна зар
сурталчилгааны зөвлөлөөс Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл
ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн
гадна хаягт тавигдах шаардлагыг
шинэчлэн баталжээ. Тус шаардлагад зааснаар
гадна хаяг, мэдээллийн байгууламжийн бичвэрийг крилл, монгол
бичгээр үг үсгийн алдаагүй бичсэн байх юм. Крилл бичвэр
нь монгол бичвэрийн доод талд байрлаж, түүнээс хоёр дахин
бага өндөртэй байх юм уу, эсвэл бичвэрийн зүүн талд байрлаж,
түүнтэй ижил өндөртэй байна. Харин шаардлагатай
нөхцөлд буюу бараа, бутээгдэхүүний нэр, лого нь зохиогчийн эрхээр баталгаажсан,
гадаадын иргэд олноор үйлчлүүлдэг гадна хаяг, мэдээллийн байгууламжийн
бичвэрийг англи хэлээр бичиж болно. Гадна хаяг, мэдээллийн байгууламжийг барилгын хана, дээвэрт байрлуулах боломжгүй эсвэл тухайн байгууллагын
байршил нь олон нийтэд үзэгдэх орчин хязгаарлагдмалын улмаас нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хаяг, мэдээллийн
байгууламжаа байрлуулах шаардлагатай бол тухайн дүүргийнхээ
Засаг даргын тамгын газраас
зөвшөөрөл авах аж.
Нийтийн
эзэмшлийн гудамж, талбайд байрлуулах тохиолдолд
автомашин болон явган хүний хөдөлгөөнд саад учруулахгүй, үзэгдэх орчин
хязгаарлахгүй байх, замын байгууламжаас нэг метрээс
багагүй зайд байрлана. Авто зам, инженерийн шугам сулжээний өргөтгөл,
шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөж байгаа газарт байрлуулахгүй байх ёстой. Харин барилгын
хана, фасад дээвэртээ хаяг шошгоо байрлуулах тохиолдолд хөрш зэргэлдээ обьектын цонх, хаалга, үзэгдэх
орчинг халхалж болохгүй.
Түүнчлэн гаднах хаяг шошго нь гадна
эсвэл дотор гэрэлтүүлэгтэй байна. Нэг барилгад үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн байгууллагын гадна хаяг,
мэдээллийн байгууламжийг нийтийн эзэмшлийн талбайд байрлуулахаар бол бүх байгууллагын мэдээллийг агуулсан байна. Мэдээллийн
байгууламж нь жигд өндөрт байрлаж, ижил өнгийн дэвсгэртээр хийгдсэн байх бөгөөд лого
болон бичвэрийг тус тусын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн байрлуулах ёстой ажээ.
Э.Номин-Эрдэнэ
Долоо хоногийн өмнө
худалдаанд гарсан “Apple” компанийн шинэ бүтээгдэхүүн “iPhone 6”болон “iPhone 6Plus” чанарын шаардлага хангахгүй
байна хэмээн үйлчлүүлэгчд гомдол гаргажээ. Хамгийн нимгэн хэмээн сурталчилж буй
смартфоныг халаасандаа хийхэд нугларч, сүлжээ нь тасардаг
гэнэ. Энэ нь гадна талыг нь хөнгөн цагаанаар хийснээс болсон гэсэн таамаглалыг
дэвшүүлээд байгаа. Үйлчлүүлэгчдээс гаргасан гомдлын дагуу “Square Trade”компани
судалгаа хийсэн боловч онцын ноцтой зүйл олж илрүүлээгүй гэнэ.
Гар утас нь халаасанд
хийхэд нугларсан гэсэн гомдол өмнө нь нэг бус удаа гарч байсан. 2010 онд “iPhone 4” –ийн талаар мөн ийм гомдол гаргахад“Apple” компанийн тэргүүн
агсан Стив Жобс хэвлэлийн бага хурал хийлгэж гадна талыг нь үнэгүй сольж өгнө
хэмээн мэдэгдэж байсан юм.
Ю.Дэлгэр
Нийслэлийн
II амаржих газрын эмч, сувилагчид жагсаал хийж байна. Тус амаржих газрыг тойрон
өндөр барилгууд баригдсанаас төрөх эмнэлгийн халаалт доголдож, эх нялхас даарах
болжээ. 1959 онд ашиглалтад орсон энэ төрөх эмнэлгийн хоёр давхар байшингийн
нэг давхрын өрөөнүүд өнгөрсөн өвөл огт халаагүй аж. Тиймээс эмнэлгийн
захиргаанаас Нийслэлийн
удирдлагууд болон, эрүүл мэндийн газартаа хандаж,
нэмэлт халаалтын шугам татуулах санхүүжилтийг шийдүүлсэн байна.
Тендерт шалгарсан компани инженерийн
шугам сүлжээний зургийн дагуу “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын нийтийн
эзэмшлийн талбайгаар дулааны шугам татах гэтэл тус дэлгүүрийн удирдлагууд ажлыг
нь хийлгэхгүй, 14 хоног саатуулжээ. Шугам татахыг зөвшөөрөөгүй
шалтгаанаа дэлгүүрийн удирдлагууд “Манай байгууллагын халаалтад сөргөөр
нөлөөлнө” гэж тайлбарлажээ.
Дулааны шугамыг нэмж татахгүй бол
өдөрт 40-өөд эх амарждаг, 20 гаруй мэс засал хийдэг, сард 670 гаруй нярайг
өлгийдөж авдаг төрөх эмнэлэгт хөлдөх аюул нүүрлэж байгаа юм.
“Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын авто зогсоолоор дайрч
гарах дулааны шугам дэлгүүрийн халаалтад сөргөөр нөлөөлөхгүй гэсэн техникийн нөхцлийг мэргэжлийн байгууллагын
тооцооллоор ОСНААУГ-аас дүгнэлт гаргаж өгсөн боловч эсэргүүцсээр байгаа аж.
Тиймээс тус амаржих газрынхан ажилд саад учруулж, эх, нялхсын эрүүл мэндийг
эрсдэлд оруулж буй “Улаанбаатар” их дэлгүүрийн гаднах талбайд жагсаал хийж, амаржихаар
ирсэн эхчүүд, тэдний ар гэрийнхэн болон эмнэлгийн хамт олны “Нийтийн эзэмшлийн
талбайг даруйхан чөлөөлөхийг шаардсан” гарын үсэг бүхий өргөх бичгийг
дэлгүүрийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Орон сууцуудад халаалт ирээд хоёр долоо хонож байна. Гэтэл халуун намраар тус
төрөх эмнэлгийн нэгдүгээр давхрын өрөөнүүд сэрүү татаж байна. Хүйтэн хөндий өрөөнүүддээ халаагч суурилуулж
эх, нялхаст тусламж үйлчилгээ үзүүлж байгаа тухай тус амаржих газрын ерөнхий
эмч Д.Оюунханд ярилаа.
Бэлтгэсэн Ц.МЯГМАРСҮРЭН
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани өчигдрөөс эхлэн Бээжингээр дамжин
Сингапур руу шууд нислэг үйлддэг боллоо. Азийн
бар гэгддэг Сингапур улс руу нисэх анхны
нислэг өчигдөр үүрээр Б767-300ЕР буюу Чингис хаан агаарын хөлгөөр нислэг үйлдсэнээр
эхлэв.
Шууд нислэг
үйлдэх нээлтийн
ажиллагаанд МИАТ компанийн гүйцэтгэх захирал
Г.Жаргалсайхан, Зам тээврийн сайд А.Гансүх болон албаны бусад хүмүүс оролцсон
юм. Сингапур улс нь зүүн өмнөд Азийн бизнес худалдаа, аялал жуулчлалын гол төв бөгөөд сүүлийн үед манай хоёр орны
иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн эрчимтэй ихсэж буйг албаныхан хэлж байсан.
Энэ үүднээс шинээр
нээж буй энэхүү нислэгийн чиглэл МИАТ компани төдийгүй
Сингапур улсын хувьд ч үр өгөөжтэй аж. Сингапур чиглэлийн
нислэг нь Улаанбаатар-Бээжин-Сингапур, Сингапур-Бээжин- Улаанбаатар гэсэн
маршрутаар нисэх юм. Ингэснээр нэг тийзээр Бээжин,
Сингапур улс руу зорчих боломжтой болж байна. МИАТ компани нь Бээжингийн чиглэлд өдөр бүр нислэг үйлддэг
бол Сингапур улс руу долоо хоног бүрийн лхагва, бямба гаригт нисэх аж. Нислэгийн нийт хугацаа нь найман цаг байх юм.
Үндэсний агаарын
тээвэрлэгч МИАТ компани нь өнөөдрийн байдлаар Ази талдаа БНСУ-ын Сөүл, БНХАУ-ын
Бээжин, Японы Токио, Хонгконг, Европ талдаа ОХУ-ын Москва, Германы Берлин,
Франкфурт хотуудруу нислэг
үйлддэг. Мөн улирлын чанартайгаар БНХАУ-ын Эрээн, Японы Осака руу нислэг
үйлддэг билээ.
Гивлүүртэй
талбайд гарна гэж гүрийсээр байгаад Катарын эмэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр
манай бүсгүйчүүдэд техникийн боловч анхны хожлыг “бэлэглэсэн” бэлэглэсэн билээ.
Үүний дараа эрэгтэйчүүд маань Азид сагсан бөмбөгөөр тэргүүлэгчдийн нэг, талбайн
эзэн БНСУ-ын багтай эхний үед эн тэнцүү өрсөлдөн ганцхан оноогоор 38:39
харьцаатай хожигдсон билээ. Харин хоёрдугаар үеэс туршлага ихтэй БНСУ-ын баг
онооны зөрүүгээ ахиулсаар манай багийг 90:67-оор хожсон. Гэхдээ хэрэв өнөөдөр
БНСУ Иорданыг хожвол манай баг хэсгээсээ хоёроор дараагийн шатанд гарч
түүхэндээ анх удаа тивийнхээ шилдэг наймд шалгарах юм. Шөвгийн наймд шалгарсан
багууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд хэсэг тус бүрт эхний хоёр байрт
орсон багууд хагас шигшээ тоглолтод шалгарах билээ.
Энэ
тоглолтын талаар БНСУ-ын нэгэн цахим хуудсанд сонирхолтой нийтлэл гарчээ.
Тэрхүү нийтлэлд юу гэж бичсэнийг “фэйсбүүчин” Royal sports-ийн
тусламжтайгаар хүргэж байна.
“Сагсан
бөмбөгийн талбайд санаанд оромгүй зүйл болж талбайн эзэн баг үзэгчдэд
“бүүлүүллээ”. “D” хэсэгт БНСУ-ын шигшээ Монголын багтай анхныхаа тоглолтыг
хийсэн юм. Тоглолтын эхний мөчөөс л Монголын хөгжөөн дэмжигчид багтаа урам
зориг хайрлан “Монгол, Монгол” гэсэн сүрлэг дуу хадаан манай орныг дайлаар
мордох нь уу гэмээр сэтгэгдэл төрүүлж байсныг нуух юун. Манай тамирчид бөмбөг
авангуут тэд “Бүү” гэж дооглон орилж байв. Тоглолтын дараа БНСУ-ын
дасгалжуулагч хэлэхдээ, “Монголын баг өнгөрсөн жилтэй харьцуулахад илт сайжирчээ.
Ганцхан жилийн дотор гурван онооны шидэлтийн ур чадвар нь ингэж өснө гэдэг
гайхалтай. Хамгаалалт нь ч мундаг болжээ. Монголчууд довтолгоондоо яг л
өлсгөлөн барс шиг ирмүүн байлаа” гэжээ.
БНСУ-ын
тамирчин 김선형
тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцахдаа, “Тоглолт эхлэхэд бид танхимд ирсэн
Монголын хөгжөөн дэмжигчид багаа идэвхтэй дэмжинэ гэдгийг төсөөлж байсан. Гэтэл
тэд тоглолт дуусах мөч хүртэл танхимыг нураах шахлаа. Бид нарт нутагтаа бус
Монголд тоглож байх шиг л мэдрэмж төрж байсан даа” гэсэн байна.
Энэ
тоглолтоороо Монгол FIBA-гийн чансаанд сүүл мушгидаг баг биш гэдгээ тод
томруунаар харууллаа. Монголын фэнүүд байнга уухайлж, тоглолт хэрхэн өндөрлөх
нь тодорхой болсон ч сүүлийн мөч хүртэл багаа дэмжсэн билээ. Тамирчид нь ч
ердөө ганцхан оноогоор хожигдож яваа мэт тоглосоор байв. Таван өдрийн турш
тоглон ядралттай байсан ч бүх хүчээ дайчлан тоглоод 67:90-ээр хожигдсон ч
үзэгчид тэднийг хүндэтгэн бүгд алга ташсан юм.”
Эх сурвалж: www.polit.mn
Нийслэлийн Статистикийн газраас
гаргасан тоон мэдээллээр нийслэл хотод бүртгэлтэй автомашины өсөлтийн жилийн
дундаж хурдацыг сүүлийн 3 жилээр тооцож үзэхэд жилд дунджаар 16,5 хувийн
өсөлттэй гарчээ. Тухайн жилийн өсөлтөөр нь авч үзвэл 2011 онд 28,9 хувийн
өсөлттэй байсан дундаж хурдац 2012 онд 9,1 хувь болж огцом буурсан хэдий ч 2013
онд нийслэлийн хэмжээнд 257,5 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын улсын
үзлэгт хамрагдсан байна. Энэ нь 2012 оноос 28,5 мянга, 2011 оноос 46,8 мянгаар
өссөн үзүүлэлт бөгөөд Монгол Улсын хэмжээнд техникийн хяналтын үзлэгт
хамрагдсан нийт тээврийн хэрэгслийн 66,9 хувьтай тэнцэж байгаа юм. 2013 оны
техникийн хяналтын үзлэгийн нийслэлийн дүнгээс харахад нийт тээврийн хэрэгслийн
71,6 хувийг зөвхөн суудлын автомашин эзэлж байна. Энэ тооноос харахад
нийслэлийн арван автомашин тутмын долоо нь суудлын автомашин байгаа бөгөөд нийт
суудлын автомашины 85 хувь нь иргэд, хувь хүмүүсийн эзэмшилд бүртгэлтэй байдаг
байна. Хувийн эзэмшлийн автомашины тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь нийслэлийн
замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болж буйг тоон үзүүлэлт
харуулж байна. Нийт суудлын автомашиныг маркаар ангилбал Honda-4,4
хувь, Nissan-9,5 хувь, Hyundai-15,2 хувь, Тoyoto-51,9 хувь, бусад төрлийн
автомашин 15 хувийг эзэлж байгаагаас 723 нь нийслэлд амьдарч байгаа гадаадын
иргэдийн нэр дээр бүртгэлтэй байдаг байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНУ-ын Сиэтл хотын
захиргаанаас хоол хүнсээ арвич хямагч ашиглаагүй, хаясан хувь хүн болон компаниудыг торгож байх тухай журам гаргасан байна. Уг журмын дагуу
хогийн савыг шалгаж байх бөгөөд хогны 10 хувь нь хоол, ашиглаагүй хүнс байвал 1
ам.долларын торгууль тавьж байх юм. Харин олон орон сууцны байр болон
компаниудын хогноос ийм хэмжээний хаягдал хүнс гарсан нөхцөлд50 ам.долларын
торгууль оногдуулж байхаар болжээ.
Ю.Дэлгэр