Categories
гадаад мэдээ

Канадтай цөмийн хяналтын талаар хамтран ажиллана

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий Бага хурлын 58 дугаар чуулган Вена хотноо үргэлжилж байна. Тус чуулганд оролцож буй Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 24-ний өдөр Канадын цөмийн аюулгүй байдлын комиссын Ерөнхийлөгч Майкл Биндэртэй уулзаж, “Цөмийн хяналтын асуудлаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, Канад Улсын цөмийн аюулгүй байдлын комисс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Төлөөлөгчдийн тэргүүн, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр чуулганы 3 дахь өдөр ерөнхий санал шүүмжлэлд оролцож манай улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхий дахинаа цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн аюулгүй байдал, хамгаалалтыг хангах, үүнд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ОУАЭА-ийн гүйцэтгэж буй үүрэг үлэмж болохыг тэмдэглэв.

Манай улс Агентлагтай болон бусад гишүүн улс оронтой хамтран энэ чиглэлээр дотоодын, бүсийн цаашлаад олон улсын чадавхийг нэмэгдүүлж, аюулгүй байдал, хамгаалалтын горимыг сайжруулахад идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байдгаа илэрхийлэв. Мөн өдөр төлөөлөгчид ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны газартай уулзаж, манай оронд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явц байдлыг дүгнэн ярилцав. 2013-2014 онд манай улс 10 төсөл, үүнд цацрагийн хамгаалалт, дозиметрийн лабораториийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, цөмийн салбарт техникийн болон эрдэм шинжилгээний ажилтан сургаж бэлтгэх малын гоц халдварт өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмж, хүний нөөцийг чадваржуулахаас гадна цацраг туяажуулсан вакцин үйлдвэрлэх, хавдрын эсрэг эмчилгээнийн тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилт 80 гаруй хувьтай байгааг сайшааж байв.

Энэ үеэр манай улс 2015-2020 онд Агентлагтай хамтран хэрэгжүүлэх орны хамтын ажиллагааны хөтөлбөр (Country Program Framework)-ийн төслөө гардуулав.

Categories
мэдээ нийгэм

“Зуншин” компанийн барилгын ажлыг зогсоожээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Олимп хотхоны баруун талд “Зуншин” компанийн барьж байгаа барилгын ажлыг МХЕГ-аас зогсоожээ. Уг барилга дээр 18 настай охин дүүжин өргөгчнөөс унаж амиа алдсан хэрэг гарсан билээ. Энэ барилгын захиалагч нь “Кандер” компани аж. Үүнээс гадна СБД-ийн нэгдүгээр хороо, нэгдүгээр сургуулийн урд талд “Зуншин” компанийн барьж байгаа “Болор мэлмий” үйлчилгээ, орон сууцны барилгын ажлыг зогсоосон гэнэ. Захиалагч нь “Макс өргөө” компани юм байна. Энэ барилгаас 30 настай эрэгтэй унаж хүнд бэртээд байгаа юм..

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна

Жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэх болсон. Үүний хүрээнд Чингисийн талбайд өнөөдөр Эрүүл мэндийн байгууллагууд оюутнуудад үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч байна. Аяны хүрээнд аймаг, дүүргийн ЭМГ, төв эмнэлэг, төрөлжсөн төвүүд уг аяныг зохион байгуулж, оюутнуудад хүрч ажиллах, оюутны эрүүл мэндийг үзлэгийг үнэ төлбөргүй хийх, “Оюутан залууст ээлтэй клиник” нээх, “Эрүүл мэндийн довтолгоо”-ны арга хэмжээг оюутан, залуусын дунд өрнүүлж, эрүүл зан үйлийг хэвшүүлэх сайн дурын сургагч багш бэлтгэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Авто машин худалдаалагчид нүүх боломжгүй гэжээ

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөр задгай талбайд автомашины худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзжээ. Агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга 2013 оны “Техникийн захуудын талаар авах зарим арга хэмжээнүүдийн тухай” захирамж гаргасан юм. Энэ ажлыг хурдасгах зорилгоор НИТХ-ын тэргүүлэгчдийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор ” барьж байгуулах тогтоол гаргасан. Тогтоол, захирамжийн дагуу цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа. Ирэх сарын 1-ний дотор ил задгай талбайд автомашин борлуулагчдыг заагдсан талбайд нүүлгэн, шилжүүлэхээр болоод буй.
Автомашин борлуулагчид уулзалтын үеэр худалдааны цогцолбор бүтээн байгуулах, нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг дэмжиж байгаа гэдгээ уулзалтын үеэр хэлсэн байна. Гэхдээ бүтээн байгуулалтын ажил хангалтгүй, ажиллах орчин нөхцөл бүрдээгүй байгаа тул аравдугаар сарын 1-нд ашиглалтад орох эсэхэд итгэл муутай байгаагаа хэлжээ. Тэд хотын удирдлагаас ажиллах орчин нөхцөлийг нь бүрдүүлж борлуулагчид болон худалдан авагчдын наад захын хэрэгцээг нэг дор төвлөрүүлж өгөхийг хүссэн байна.

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Авто худалдааны төв” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн хурлаар бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байгаа тухай нарийвчилсан мэдээлэл авсаны дараа ирэх даваа гаригт борлуулагчидтай дахин уулзахаар болжээ.

Categories
мэдээ спорт

Азийн наадмын зохион байгуулах хорооноос Монголын тамирчдаас уучлал гуйжээ

БНСУ-ын Инчон хотноо Азийн спортын XVII их наадам үргэлжилж байгаа юм. Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар наадмын талаар Инчонд ажиллаж буй Монголын сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Монгол тамирчдын хоолонд хэрэглэсэн ариун цэврийн цаас хийсэн гэх мэдээлэлд Б.Бат-Эрдэнэ “Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг барилдахынх нь өмнө буюу бэлтгэлийн зааланд байх үед нь хоолонд нь бохир зүйл хийсэн мэдээлэл үнэн. Бид тэр даруй нөхцөл байдлыг баримтжуулж, холбогдох хүмүүст эхний мэдээллийг өгсөн. Улмаар Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Элчин сайдтай ярилцаад, бусад асуудлуудыг ч нэгтгэн, Элчин сайдын яамнаас БНСУ-ын яамаар дамжуулан Азийн наадмыг зохион байгуулах хороонд яаралтай ноот бичиг явуулсан байгаа. Мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, багийн ахлагч миний бие хамтраад Азийн олимпийн зөвлөлийн дарга болон Азийн наадмыг зохион байгуулах хорооны даргад захидал бичсэн байгаа. Эхний байдлаар Азийн наадмын Зохион байгуулах хорооноос Монголын багийн штабаас уучлалт гуйсан. Асуудлыг нягтлан шалгаж байна” гэсэн тайлбар өгчээ.

Categories
мэдээ спорт

Монголын сагсчид Непалтай өрсөлдөнө

Азийн наадамд амжилттай оролцож буй Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй баг өнөөдөр Непалийн(Балба) багтай тоглох гэж байна. Эмэгтэй 11 баг өрсөлдөж байгаагаас Монгол, ХонгКонг, Казахстан, Непаль, Катар улсын багууд урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа юм. Манай баг Катар, Казахстаны багийг хожиж, ХонгКонгт хожигдоод байгаа. Өнөөдөр Непалийн багийг хожвол хэсгээ тэргүүлж, шөвгийн наймд шалгарах юм. Ингэснээр тэмцээнийг зохион байгуулагч орны багтай тоглоно. Монгол-Непалийн тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 15.15- цагаас эхлэх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өөрийнхөө төлөө хийж бүтээх сэтгэхүйтэй залуу үе гарч ирж байгаад талархацгаая

Өнгөрсөн наймдугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригт ХААИС-ийн мянга гаруй оюутан Чингэсийн талбайг савандаж сойздон угаасан юм. Оюутнууд талбай савандаж угаасан тухай мэдээлэл ч хэвлэл, сайтуудаар гарлаа. Гэтэл олон нийт тэр сайхан сэтгэлт хэдэн оюутан хүүхдийг яаж шоолж баалж хүлээж авсан гэж санана. Уг мэдээллийн доор сайтад бичсэн хүмүүсийн сэтгэгдлүүдээс энэ харагдана. “Ардчилсан коммунистууд коммунизмыг төгс утгаар нь байгуулж байна даа”, “Ёстой Хойд Солонгостой ойртож байна даа. Удахгүй хүний мах идэх юм байна. Хөөрхий Монгол минь” гэх мэтээр амьдралыг улстөргүйгээр харж чадахаа байсан хэсэг байхад “Больж үзээч ээ. Энэ чинь оюутнууд биш нөгөө архи уугаад хар тамхи хэрэглээд явдаг гаруудаар угаалгах хэрэгтэй ш дээ” гэсэн нь ч байв. Тэр бүү хэл өөрийгөө бүр “хотын иргэн” гэж тодотгож байгаад нэгэн комментчин сэтгэгдлээ хэрхэн илэрхийлсэн гэж санана. “Энэ хөдөөний оюутнууд өөрсдөө эхлээд усанд ороосой билээ.Хир шивэр хоёр үнэртүүлчихээд талбай угаана, ёстой ой гутмаар” гэж. Бас нэг нь “Эхлээд өөрсдөө нүүр гараа угааж сурвал ядаж өөрт нь хэрэгтэй юмуу кккккккк…” гэсэн байх жишээтэй. Олонх нь өнөө хэдэн оюутан хүүхдийг хөдөө хээрээр нь дуудаж, хиртэй хөлстэйгөөр нь доромжилсон сэтгэгдлүүд сайтаар дүүрч билээ.

Шалихгүй жижигхэн гэмээр ч ихийг өгүүлэх уг мэдээний эргэн тойронд л гэхэд манайхан ийнхүү цаг зав гарган ам булаалдан бодол санаагаа “уралдуулсныг” бодоход хотынхоо, өөрсдийнхөө амьдралдтун ч анхаардаг юм байна гэмээр. Гэвч бид эргэн тойрон амьдралаа эрүүл нүдээр харж, хэвийн ухаанаар хандахаа больчихоод байгаагийн хамгийн тод жишээ энэ байв.Тэр хэдэн “хөдөөний” хүүхэд “хотынхон”-д хир дагийг нь цэвэрлээд өгч байхад яах гэж цэвэрлэв хэмээн хилэгнэн уурсах нь юу билээ. Харин ч баярлаж талархмаар, сайны үлгэр жишээ биш гэж үү. Оюутнууд тэр өдөр төв талбайг угааж хир дагнаас нь салгасан нь ямар нэгэн нэр хичээсэн дүр эсгэлт байсангүй. Монголчууд өөрсдөдөө хийсэн хамгийн эерэг, сэтгэл сэргээсэн өгөөжтэй ажил байлаа. Хэн нэгэн харийн хүн гар сунгаад бидний амьдралыг диваажин болгочих юм шиг бид “хаалга чагнан” суусаар ийм л өрөвдөм сэтгэхүйтэй, сул дорой болцгоосон шиг. Том, жижиг гэлтгүй, хувь хувьсгалын гэлтгүй бүх л ажил хэрэг дээр бусдын тусламжид амьдралаа даатгачихаад “бид Чингэс хааны үр сад. Тэнгэр биднийг ивээнэ” хэмээн цээжээ дэлдэн тэнгэр ширтэж ирсний хоржоонтой үр дагавар нь өнөөгийн бидний сэтгэхүйг ингэж л эвдэн сүйтгэжээ. Үүнтэй агаар нэг бас нэг сонин нийтлэл ч билүү гарч байв. Нэг эрдэмтэн “Монголчууд оюуны потенциаль сайтай. Хар ажилд тааруу. Тийм учир өөрсдөө оюуны ажлаа хийгээд гадныхнаар хар ажлаа хийлгэвэл зохино” гэж бичсэн байсныг мөн л хэвлэлийн хуудаснаас харж билээ. Монголчууд бид өөрсдийнхөө төлөө хийсэн алив ажлыг том жижиг гэлтгүй дэмжиж, баярлаж талархах сэтгэлтэй байцгаах сан. Эсрэгээр нь, буруутгаж нэгнийгээ доромжлон гутаасаар байвал өнөө тогтсон гажууд сэтгэлгээ, сайхан амьдрал хүлээн хаалга чагнан суудаг сул дорой төрх маргаашийн үр хүүхдүүдэд өвлөгдөнө биз дээ. Хоёр сарын өмнөх явдлыг эргэн санаж, сайны үлгэр жишээ болсон ХААИС-ийн тэр оюутнуудад талархлаа илэрхийлцгээе.

Биднээс илүү эрүүл, өөрсдийнхөө төлөө өөрсдөө хийж бүтээх сэтгэхүйтэй залуу үе гарч ирж байгаад бүр ч талархацгаая.

Н.ПАГМА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Цогтхүү: “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийг дэлхийд гайхагдтал нь хөгжүүлэхийг хүсдэг

Циркиус Монголиа Хадгаа” болон “Хан Монгол” морин циркийн хамтлаг хамтран энэ сарын 25-наас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр Монгол үндэсний хэв маягтай циркийн үзүүлбэрүүдээрээ үзэгч түмнийгээ бахдуулах бишрүүлж байгаа. Тэр дундаа олон жилийн турш гадна дотнын үзэгчдийг гайхуулж, 2012 оноос эх орондоо тоглолтоо толилуулж ирсэн “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийн хамт олныг онцлохгүй байж болохгүй. Ингээд “Хан монгол” циркийн захирал Ш.Цогтхүүтэй ярилцлаа.

Энэ удаагийн тоглолт чинь юугаараа онцлог вэ. “Циркиус Монголиа Хадгаа” продакшнтай хамтран тоглож байгаа гэсэн?

-Энэ жил “Морьтны гайхамшиг” үзүүлбэр үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ой, мөн тэрхүү номерыг санаачлагч Монгол Улсын гавьяат жүжигчин Долгорын Норовцэрэн багшийн маань мэндэлсний 90 жилийн ой давхцаж байгаа. Энэхүү тоглолт маань эдгээр ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах ажлын нэг байсан. Тодорхой шалтгааны улмаас хугацаанаасаа бага зэрэг хойшлогдсон ч амжилттай явагдаж байна. “Циркиус Монголиа Хадгаа” манай цирк хоёр хамтраад үндэсний хэв маягтай нэгдсэн тоглолт 30-ны өдөр хүртэл үзэгчдэдээ хүргэнэ. “Морьтны гайхамшиг” үзүүлбэр маань циркийн манежинд тоглогддог хэлбэрээрээ тоглогдоно. Өмнө дандаа цэнгэлдэх хүрээлэн, стадионд тоглож байсан бол одоо циркийн үзүүлбэр гэдэг утгаараа манежинд хийж байгаа .

Циркийн манежинд тоглох,задгай талбайд тоглох хоёр юугаараа ялгаатай юм. Илүү давчуу орон зайд баригдаж тоглох болохоор нарийн ажиллагаа шаардагдах байх?

-Яг ч давчуу гэж хэлж болохгүй л дээ. Манежны тойрог маань олон улсын стандартад нийцсэн хэмжээтэй байдаг. Морины хурдаар давхиж болох хамгийн жижиг тойрог буюу 13.5 метрийнхэмжээтэй.Энэ бол морин циркийн үзүүлбэрийн нарийн гүйцэтгэл хийхэд хамгийн тохиромжтой талбай юм.Яагаад гэхээр гадны нөлөө багатай. Задгай талбайд тоглож сураагүй морь бол гаднах талбайд замныхаа дагуу явах ч байна, явахгүй ч байна. Тойрогт анхнаасаа хийгээд дасчихсан морь нарийн гүйцэтгэлийг хийж ажиллаж чаддаг.

-“Морьтны гайхамшиг” тоглогч эртнээсээ алдартай байсан. Гэхдээ нэлээд хугацаанд тасалдсан шүү дээ?

-Яг ч тасалдсан гэж хэлж болохгүй. Бид гадаадад тоглолтоо хүргээд л явж байсан.Харин сүүлийн жилүүдэд хүний нутагт хөгжүүлээд байдаг Монголдоо яагаад хөгжүүлж болдоггүй юм бэ гэсэн байр сууринаас эндсургалтын төв байгуулаад яваандаа цирк болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай морьтны тоглолт социализмын үед анх гарч байхдаа “Моринд гарамгай монгол залуус” нэртэйгээр нээгдэж байсан. Үнэхээргайхалтай үзүүлбэрүүд үзүүлдэг байсан учраас яваандаа “Морьтны гайхамшиг” гэж нэртэй болсон. Улсын циркт л тоглогдохгүй удсанаас биш харин ч хуучин “Морьтны гайхамшиг” тоглолтоосоо өргөн цар хүрээтэй, илүү үзүүлбэр нь баялаг, үзүүлэх чиглэл нь хүртэл өөрчлөгдөж, хөгжсөн.

Монголчууд моринд гарамгай гэдэг үүднээсгадны үзэгчид илүү сэтгэл хөөрлөөр хүлээж авах, хүлээлт байдаг болов уу?

-Сайн хүний нэрийг мянга худалдаж иднэ гэдэг шиг бидний өвөг дээдэс Чингэс хаан монголчуудыг морьтой нь, Монгол гэдэг нэртэй нь дэлхийд дархалж өгсөн гавьяатай хүн. Тийм ч учраас гадны хүмүүс дайчин монголчууд гэдэг утгаар нь хүлээж авдаг. Энэ ч үүднээс бид ялангуяа морины үзүүлбэрийг дутуу хийх, алдаа гаргах, муухай харагдах эрх байхгүй.

Манайхаас өөр морин цирк нь өндөр хөгжсөн ямар орнууд байна?

– Европын орнууд чинь ерөөсөө морины соёл нь урлаг болж хөгжөөд нэлээд удчихсан. Хэдэн зуун жил үе, удам дамжчихсан байдаг. Манайх морины ахуй соёл гэдэг утгаараа хэдэн мянга жил хөгжсөн ч урлаг тал руугаа бол 70 гаруй жилийн л түүхтэй. Яг энэ чиглэлээрээ сонгодог морин цирк болгож хөгжүүлсэн орон Оросоос авахуулаад олон байгаа.

Сонгодог морин циркийн үзүүлбэр гэхээр юугаараа онцлог вэ?

-Миний мөрөөдөл гэвэл Монголын морин циркийн үзүүлбэрийг “Морьтны гайхамшиг” үзүүлбэрээс гадна сонгодог чиглэл рүү хөгжүүлэх гэсэн туйлын хүсэл.Энэ бол морины төгс сургалтыг хэлээд байгаа юм. Морь хүнтэй бараг ярихаас наагуур болоод ойлгодог. Яв гэхээр яваад, унт гэхээр унтаад бүжиглэдэг, ямар ч ташуургүй, эмээл хазааргүй морийг сургадаг болсон байна. Манай морин цирк ч мөн адил нийгэмтэйгээ хөл нийлээд энэ чиглэл рүүгээ хөгжих хэрэгтэй байгаа юм. Циркийн урлагт манай бусад урлагаас онцгой нэг юм байдаг. Дэлхийн улс оронд Монголын циркчид л Монголын нэрийг өндрөөр өргөж, тахалж явдаг. Гашуун үнэнийг хэлэхэд манай эстрад, поп рок оддын ажил уран бүтээл дотоод зах зээлдээ л хүрч байдаг бол бид нарынх хүний нутагт очиход хэл яриа гэхгүй бие, сэтгэл үйлдлээрээ үзүүлбэрээ толилуулдаг. Түүнчлэн манай цирк дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг Орос суурин дээр монгол хөөмий, уртын дуу, бүжигтэйгээ хослуулж чаддаг болохоор манай циркчид хаана ч очсон нүүр бардам байдаг.

Морин циркийн морьдыг хэрхэн яаж сонгодог юм бол?

-Зарим хүмүүс миний морь номхон юм чинь циркт сургаж болох байх гэдэг. Болно л доо. Гэхдээ миний баримталдаг зарчим эсрэгээрээ огт хүн эдэлж байгаагүй, эмнэг адуу аваад, анхнаасаа суурийг тавих сонирхолтой. Хоёрт, “Морьтны гайхамшиг” тоглолтын хувьд биерхүү, том морь хэрэгтэй болдог. Яагаад гэхээр хажуу талд нь зүүгдэх, дээгүүр доогуур нь орж гарахад гэдэс, хөл хоорондын зай хол байх ёстой, хажуу талд нь унжихад дагаад ороод ирэхгүй байх ёстой. Ийм шалгуур хангахаас гадна мэдээж царай зүс, өнгө үзэмж, нас хүйсийг нь харна. Залуу морь сургаад авчихсан байхад удаан эдэлнэ. Түүнээс биш баячуудтай адил хурдан морь сонгодог шиг шилж сонжоод аманд нь орсон үнээр нь худалдаж авахгүй.

Том биетэй адуу гэхээр Монгол морьд жижигддэг байх нь ээ?

-Биерхүү Монгол адуу байна. Баруун, баруун хойд зүг рүүгээ гайгүй том адуу байдаг. Ерөнхийдөө эрлийзжсэн адуу л ажлын шаардлага хамгийн сайн хангадаг. Яг Европын цэвэр цусны том адуу болохоор илүү эмзэг болчихдог.

Адуугаа та өөрийн биеэр сонгодог уу. Адуу, малтай их харьцдаг болохоор ер нь уяачдаас дутахгүй морь шинжинэ биз?

-Ерөнхийдөө л өөрөө харж, үзэж байж сонгоно доо. Өөрийнхөө мэргэжил, ажлын шаардлагын хүрээнд бол шинжээч байлгүй яахав. Сэтгэлд хүрсэн адуугаа шөнөжин зүүдэлж байгаад л, ямар ч үнэтэй байсан авахын төлөө л зүтгэдэг.

Адуугаа хэдэн настайгаас, хэдий хэр удаан хугацаанд сургадаг вэ?

-Тухайн адууны характер болон ямар сургалт гэдгээс шалтгаална. Түүнээс би нэг сарын дотор ч юм уу, арван хэд хоногийн дотор сургачихдаг юм гэж амлаж болохгүй. Шинэ мал, шинэ амьтантай ажиллаж эхлэнэ гэдэг чинь ахиад л анхнаасаа л амьтан сургаж эхэлж буй шинэ сургагч шиг байдаг. Эхлээд морьныхоо характерийг мэдээд, түүнд нь тааруулж сургана уу гэхээс өөрийнхөө хийлгэх гэсэн юмыг хүчээр нүдээд байвал яг хийлгэх гэж байгаа үзүүлбэрт нь таараагүй адуу байна. Морийг сонгоод унаж үзэхэд энэ морь нэг тиймэрхүү үзүүлбэрт л таарах юм байна даа гэсэн багцаатай болдог. Аль болох богино хугацаанд сургаад авахыг боддог ч багадаа л хоёр, гурван сар шаардагддаг.

Морио сургахын хажуугаар тухайн морьдтойгоо хүнээ бэлдээд явдаг байх. Нэг морин дээр нэг л хүн сургуулилдаг юм уу, олон хүн зэрэг ажиллах уу?

– Морийг ямар ч тохиолдолд бэлэн байлгах үүднээс хүүхдүүдийг байнга сольж явдаг. Түүнээс нэг морийг нэг л хүн өмчлөөд үзүүлбэр хийгээд байвал болохгүй. “Морьтны гайхамшиг” тоглолтын хувьд тухайн морь янз янзын хүнтэй ажиллаж байж тэр бүхэнд үргэхгүй, зугтаахгүй бэлэн болдог. Харин бүжиглэдэг, жүжиглэдэг морины хувьд яг нэг хүн тулж ажиллаж, гаршуулдаг юм.

Танай цирк өөрийн хичнээн адуутай вэ?

-Одоо 20 гаруй адуу байна. Үржлийн хэдэн адуу бас байгаа.

Өөрсдөө адуугаа үржүүлж байгаа юм уу. Хэзээнээс адуугаа өсгөж эхэлсэн юм?

-Өөрсдөө үржүүлээд жил гаруй л болж байна. Материаллаг баазтай болчихсон болохоор өөрсдөө шаардлагатай морио үржүүлж эхэлсэн. Нэгдүгээрт багаас нь авч сургахад амар, хоёрт хөрөнгө санхүүгээ хэмнэх үүднээс өөрсдийн үржлийн адуу давуу талтай. Нөгөөтэйгүүр хүний гар дээр төрнө гэдэг чинь дөл нь зөөлөрдөг. Манай монгол адууд бэлчээрт төрдөг болохоор хагас зэрлэг шахуу байдаг.

Төл хичнээнийг хүлээн авсан бэ?

– Энэ жилдээ дөрвөн унага гарсан. Тэд нар маань гурван жилийн дараанаас ажилдаа орж эхэлнэ дээ. Тэр болтол эрүүл энх өсгөх нь л чухал байна.

Морин циркчин бусад циркийн жүжигчдээс юугаараа онцгойрдог юм. Ямар чадвар эзэмших ёстой вэ?

-Морин циркчин өөрөө зуун хувь сайн байгаад хамтрагчаа дутуу бэлдэх юм бол хэн ч биш. Багааражилладаг бусад циркчдийн хувьд хоорондоо ярилцаад ойлголцож болдог. Морин циркчин хүн морио хийх үзүүлбэрийнхээ хэмжээнд бүрэн сургаж, итгэлтэй болсны дараа өөрөө зуун хувь үзүүлбэрээ гүйцэтгэж байж төгс тоглолт хүнд хүргэдэг. Бид нар чинь тайзандээр хичнээн хүмүүс рүү хараад инээгээд үзүүлбэрээ үзүүлж байсан ч нүднийхээ булангаар морио байнгынхянаад л, санаа тавьж байдаг. Тэр утгаараа морины циркийн жүжигчин залхуу байх үндэслэлгүй. Байнга морио тэжээнэ, эмчилнэ, арчилна, хоол хүнсийг нь өгнө гээд цаг үргэлж зогсоо зайгүй ажилладаг даа.

Циркийн жүжигчдийг их багаас нь бэлдэж авдаг. Харин яагаад морин циркийн жүжигчдийг багаас нь сургадаггүй юм бэ?

-Морин цирк хурд хүч, тамир шаардсан урлаг тул гарын тамир гүйцсэн хүн хийх ёстой.Морины хөдөлгөөн дээр биеийн хөдөлгөөнийг зохицуулж авч явна гэдэг бага насны хүүхдэд арай эрсдэл ихтэй. Ер нь 16 нас хүрсэн залуусыг авч бэлддэг.Энэ насны хүүхдүүд гарын тамир гүйцэж, өөрийгөө их бага хэмжээгээр аваад явах чадвартай болдог. Хоёрт морин дээрээс буугаад үсрээд гарахад бага насны хүүхэд бие жижиг учраас тушигдаад байдаг. 13 настайгаас нь эхлүүлээд гурван жил сургахад 16 хүрэхдээ жагссан сайхан морин цэрэг болж байгаа юм даа.

Та морин дээрх нум сум харвааны үзүүлбэрийг наадмын нээлтэд оруулах талаар санал дэвшүүлж байсан. Тэгвэл үнэхээр үзүүштэй номерын нэг болох байх даа?

-Энэ үзүүлбэрийг наадмаар үзүүлж байсан. Гэхдээ морин дээрх нум сум харвааны үзүүлбэрийг моринд гарамгай, нум сум чадамгай эзэмшсэн, мэргэжлийн харваач хүн үзүүлэхгүй бол зүгээр гоё харагддаг гээд хэн дуртай нь хийжболохгүй. Наадмаар олон түмний дунд тоглуулахад ер нь эрсдэл ихтэй. Сайхан хийж чадах юм бол жинхэнэ монголын бахархал болно. Би морин дээрх сум харвааны үзүүлбэрийг цаашид илүү хөгжүүлж олон түмэндхүргэх юмсан гэж бодож явдаг. Түүнчлэн хүүхэд залуустаа ч илүү зааж сургах юмсан гэж боддогдоо.

Та нар гадагшаа, дотогшоо явж үзүүлбэрээ үзүүлэхэд адуугаа хэрхэн авч явдаг вэ?

-Социализмын үед гадаадад тоглохдоо засгаас бүх мөнгийг нь даагаад, вагоноор тээвэрлээд аваад очдог байсан. Харин одоо тоглолт эхлэхээс тодорхой хугацааны өмнөтухайн орон нутагт ньбогино хугацаандморио сургаж бэлтгээд тоглодог жишиг тогтлоо. Ингэхээр явдлын зардал, малын хорио цээрийн бичиг гаргах гээд олон юмаа хөнгөвчилж байгаа юм л д.

Тэгэхээр морьдоо түр авч хэрэглэдэг юм уу, худалдаж авчихаад тэндээ үлдээчихдэг юм уу?

-Янз янз байна. Хамтрагчтайгаа яриад хэрвээ бид нарморийг нь гаргая. Та бүхэн сургаж бэлдээд ав гэвэл бэлдэж тоглочихоод буцаад ирнэ. Харин цаанаасаа морь гаргаж чадахгүй гэх юм бол морьдоо үнэ тохирч аваад буцахдаа зардаг юм уу, эсвэл тэндээ бааз болгож үлдээгээд дараагийн гэрээ, контракт арга хэмжээнд очиход өөрсдийн бэлэн морьтой болчихсон байдаг.

Ер нь танай цирк мориноос өөр амьтан сургаж, циркийн үзүүлбэр үзүүлдэг юм уу?

-Байна аа байна. Манайх чинь ер нь морин цирк гэхээсээ илүү, хэтийн зорилго маань монголдоо ганц томоохон Амьтны цирктэй болох явдал.Монгол ахуйдаа ойртуулж таван хошуу малаа сургах, чоно нохой есөн шидийн амьтан сургах зорилготой байна. Одоогоор манайд тэмээ, сарлаг, чоно, шонхор шувуу, адуу гээдтаван төрлий амьтан байгаа.

Та өөрөө багаасаа мал ахуйд ойр өссөн үү. Яаж яваад циркт орчихсон юм?

-Яг үнэнийг хэлэхэд би чинь унаган хотын хүүхэд. Гэхдээ багын мөрөөдөл, сонирхлынхоо дагуу морин циркчин болсон. Багын дэлчигнүүр зантай, төмс чулуугаар жонглёрддог,толгой гаран дээрээ өнхрөөд явдаг байсан. Тэр хоббиндоо хөтлөгдөөд л арван настайгаасаа циркийн дугуйланд явж эхэлсэн дээ. Үйлдвэрчний ордонд явдаг байхад 12 настайд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Норовцэрэн багш маань морин циркчин болгохоор шалгаруулж авч байв.

Анхны тайзан дээр үзүүлж байсан үзүүлбэрээ санадаг уу? Хүүхэд байсан юм чинь сандарч л байсан биз?

-Анх 16 настай тайзан дээр гарч байлаа. Тухайн үед “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийг зритл дүүрэн хүн үзнэ. Бүр хүлээж байгаад ирж үздэг хүн ч байсан. Анхны тоглолтоо их тод санадаг юм. Аав, ээж хоёрыгоо авчраад суулгаад тоглож байхад харьцангуй сандраагүй. Гэхдээ л шээс хүрнэ. Жорлон явж шээчихээд ирэхэд ахиад л шээс хүрээд байсныг бодоход сандрал байсан л юм шиг байгаа юм. Тайзнаас бууж ирээд л нэг уужуу амьсгал авдаг. Яваандаа тав зургаан жилийн дараанаас тайзан дээр гараад ирэхээр тоглолт хийнэ гэхээр ид бах, омогшил төрдөг болсон доо. Үзүүлбэрээ илүү төгс гүйцэтгэх гээд л өөртөө итгэлтэй бардам зантай болчихдог.

Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээс чинь аавынхаа мэргэжлийг уламжилж авсан хүн байна уу?

-Гурван хүүхэдтэй. Том охин маань одоо 18 настай, Түвшинсайхан гээд охин бий. Бас морин циркийн жүжигчин. Энэ жил улсын аварга болсон. Бага хоёр нь хоёулаа хүү. Одоохондоо балчир байгаа болохоор циркээр явах эсэхнь тодорхойгүй л байна.

Э.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Амгалангийн дулааны станц энэ ондоо эхний галлагаагаа хийнэ

Амгалангийн дулааны станцыг 18 сарын хугацаанд барьж байгуулан ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Ийм станцыг монголчууд 31 жилийн тэртээ бүтээн босгож байсан түүхтэй. Харин энэ цагт эхлүүлсэн тус бүтээн байгуулалт нь ойролцоогоор 50 мянган өрхийг буюу Улаанбаатар хотын Сансрын туннелиэс зүүн тийшхи хэсгийг дулаанаар хангах бөгөөд ажлын явц 70 хувьтай байгааг сурвалжиллаа. 2013 оны хоёрдугаар сараас бүтээн байгуулах тогтоол шийдвэр гарснаас хоёр сарын хойно Хятадын “СМЕС” компани, Хятадын хөгжлийн банк, Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам зөвшилцөн 75.9 сая ам.долларын өртөг бүхий анхны гэрээг үзэглэжээ.

Хуучнаар УС-15 буюу Амгалангийн троллейбусны эцсийн буудлын чанх хойно босч буй дулааны станцыг өдийд бараг ашиглалтад өгөх боломжтой байсан ч газар чөлөөлөх асуудлаас шалтгаалан таван сар орчмын хугацааг алдсан аж. Гэхдээ өнөөдөр гурван зуухаа угсарч, нэгдүгээр зуухыг нь ашиглалтад өгсөн ажлын ахицтай байна. Нэгдүгээр зуухны орчмоос гадна талын дулаалгын ажил л үлдсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 15 гэхэд анхны галлагаагаа хийхээр төлөвлөжээ. Тун удахгүй хоёрдугаар зуухыг ашиглалтад өгөх бөгөөд 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Тэрчлэн яндангаа босгож, вагон өргөгчийн суурийг 18 метрийн гүнээс газрын гадарга хүртэл цутгаж, уутат шүүлтүүр, утаа сорогч, 700-гийн хос шугам, 110 агаарын шугамыг ашиглахад бэлэн болгож нийт 34 хэсэг объектын ажлыг зэрэг ахиулсан байна. Ийнхүү технологийн угсралт үндсэндээ дуусч үндсэн барилгыг битүүлэх ажлыг хийж эхэлсэн байлаа.

Нийт 400 орчим ажилтан, “Хасу мегаватт”, “Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ”, “BZ” компанийн хүчээр баригдаж буй тус станц нь 300 мВт-ын хүчин чадалтай аж. Ийнхүү тус станцыг 2015 оны эхний улиралд багтаан ашиглалтад өгөх бол нийт 34 объект хэсэг бүрийн үйл ажиллагааг уялдуулах, тохируулга хийхэд 40-50 хоног шаардагдах юм байна. Жишээ нь зуухыг галлахдаа бага илчлэгтэй нүүрс хийгээд бага, дунд, их ачаалал авахдаа хэрхэх нь вэ, өндөр илчлэгтэй нүүрсэн дээр хэрхэн ачааллах нь вэ гэх мэтээр тохиргоог нь хийдэг байна. Тэрчлэн 10-15 жилийн дотор зардлаа нөхөж тэр цагаас хойш ашигт ажиллагаанд шилжих тооцооллыг гаргажээ.

Тоног төхөөрөмжийн хувьд орчин үеийн шаардлагад нийцсэн, экологид ээлтэй гэдгийг Амгалан дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны дарга Б.Баттөмөр, ерөнхий инженер Ч.Цогтсайхан нар онцолж байсан. Тодруулж өгүүлбэл зуух нь 99 хувийн шаталттайн дээр нүүрсний үнснээс ялгардаг хүнцэл мэтийн хор орчинд тархах нөхцөлгүй, утаа нь тортог, бохирдолгүй байх гэх мэт шаардлагыг хангажээ. Нүүрсийг битүү агуулахад буулгаж газар доорх конвейрээр дамжуулан зуухны аманд хүргэх аж. Энэ хооронд тоос үүсгэхгүйн тулд бороожуулах гэх мэтээр бусад эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдлүүд хийгддэг байна. Харин утаа нь сорогчоор дамжин шүүгдэж уутат шүүлтүүрээр дахин орж шохойн чулууны уусмалаар шүршигдсэнээр агаарт гарахдаа ямар нэгэн химийн агууламжгүй болдог гэнэ.

Өнгөрсөн хугацаанд ажиллахад гарсан гол бэрхшээл нь хятад ажилчидтай л холбоотой байж. Өдөрт хоёр цаг унтдагийг нь өнгөрсөн өдрүүдээр үржүүлэхэд бараг нэг сарын хугацаатай тэнцэж тийм хэмжээний ажиллах хугацааг дэмий өнгөрөөжээ. Тэрчлэн санхүүжилт бага зэрэг саатаж хятад ажилчдын цалин нь оролгүй ганц цаг өнгөрөхөд л ажлаа орхин гиюүрч эхэлдэг байжээ. Мөн 20 орчим хоног бороо орсон гэх мэтээр төслийн удирдлагуудыг багагүй ундууцуулсан үйлдлүүд гарч байж. Гэхдээ төлөвлөгөөт 18 сарын хугацаанд ашиглалтад оруулах бүрэн боломжтой байгааг өгүүлж байсан. Ингэснээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн салбар шинэ шатанд гарах нь.

Гэвч энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр гэр хорооллын хашаа бүрт халаалтын труба хүрнэ гэж ойлгож болохгүй гэдгийг тэд өгүүлж байсан. Яагаад гэвэл гудамж бүрийн дулааны худаг, дэд бүтцийг хийх зардал нь харьцангуй өндөр гардаг байна. Тэгэхээр одоохондоо иргэд хашаандаа хаус барьж тухлах болоогүй бололтой. Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр орон сууцны хороолол баригдсан тохиолдолд дулаанаар хангаад явах юм байна.

Амгалангийн дулааны станцыг барих санал сэжүүрийг гаргаж, ТЭЗҮ-ийг нь Ч.Цогтсайхан боловсруулсан бөгөөд өнөөдөр өөрөө удирдан ажиллаж байгаа юм байна. Тиймээс Амгалангийн дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны ерөнхий менежер Ч.Цогтсайханаас дараахь зүйлийг тодрууллаа.

Та бүхний хийж буй бүтээн байгуулалт сүүлийн 30 жилд Монгол Улсын хэмжээнд хийгдээгүй гэдэг. Эхлүүлчихвэл богино хугацаанд босгож болж байна. Өмнө нь яагаад энэ ажлыг хийдэггүй байсан юм бол?

-Яригдсаар, судлагдсаар байгаад л өнөөг хүрсэн. Одоогоос найман жилийн өмнө буюу Улаанбаатар хотын стратеги бодлого төлөвлөлтийн газарт намайг ажилладаг байхад тухайн үеийн хотын ерөнхий менежер Г.Мөнхбаяр “Улаанбаатар хотын дулааны балансыг шинэчлэх, эх үүсвэрийн нарийвчилсан судалгаа”-ны ажлыг хийлгэх шаардлагатай гээд эхлүүлсэн. Ингээд эрдэмтдийн хамтаар ажиллахад 2010 он гэхэд хотын зүүн хэсэгт эрчим хүчний, нэнэ ялангуяа дулааны эх үүсвэр барихгүй бол ихээхэн хүнд байдалд орох юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Ингээд 2006 оноос хойш 2010 он хүртэл зохих ажлуудыг хийсэн байх шаардлагатай гэдэг гурван үндсэн чиглэлийг гаргасан. Нэгдүгээрт станцууд дээр байгаа дулааны эх үүсвэрүүдийг бүрэн ашиглах тухай. Юу гэсэн үг вэ гэвэл 1990 оноос хойш ашиглахаа больсон хивс, гахай, савангийн үйлдвэрт ашигладаг байсан уурын хэрэглээг дулаан руу шилжүүлье гэдэг. Хоёрдугаарт дулааны хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд бүх магистралыг өргөтгөх шаардлагатай. Учир нь Улаанбаатар хот 500 мянган хүний багтаамжтайгаар төлөвлөгдөж бүх зүйл нь хийгдсэн гээд гаргаж ирсэн. Гуравдугаарт одоо барьж буй хотын зүүн хэсгийг хангах дулааны станцыг барихгүй бол дулааны дутагдалд орж асуудал ар араасаа босно гэдэг санааг дэвшүүлсэн. Ингэж хотын удирдлагууд нэгдсэн ойлголтод хүрсэн юм.

Тэгээд 2010 оноос өмнө яагаад барьж амжсангүй вэ?

-2007 оноос эхлэн дулааны гол магистралуудыг өргөтгөх ажлууд хийгдсэн. Харин одоо байгаа УС-15 дээр хоёр ч удаа тендер зарлагдсан байдаг. Хамгийн сүр дуулиантай нь Солонгосын этгээдэд 300 сая төгрөг шилжүүлтэл хэлмэрч нь 200 саяыг нь авсан луйврын хэрэг болж тэр ажил цуцлагдсан. Хот мөнгөө буцааж олж авах нь авсан. Энэ хугацаанд бид барьж өгье гэж олон газар орж ирсэн. Тэгээд технологийг нь үзэхэд 1992 оноос хойш Япон, Солонгос гээд бүх орнуудад хэрэглэхээ больж, үйлдвэрлэл нь хаагдчихсан технологиудыг оруулж ирэх гээд байсан юм. Тэр бүхэнд нь бид болохгүй гэдэг хариуг өгч байсан. Америк, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай компани хаагдсан технологиор барьж байгуулах гээд л ирж байсан. Харин 2012 онд шинэ Засгийн газар байгуулагдахад Ерөнхий сайд “Хий” гэсэн. Энэ зүйл гэнэт гарч ирсэн юм биш. Хамгийн гол нь хүн бүрт зөвөөр ойлгуулах шаардлага байсан. Ер нь 1986 оны Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтөөр Улиастай, Ганц худагийн гээд дулааны станц байгуулах ёстойг олон жилийн хугацаанд ярьж төлөвлөж байсан.

Амгалан дулааны станцын ач холбогдол, нөлөөллийн тухай ярих юм үгүй биз. Улаанбаатар хотод дахин ийм станц барих шаардлага бий юу?

-ТЭЦ-4, ТЭЦ-2, ТЭЦ-3 гэсэн эх үүсвэрүүд бүгд хотынхоо баруун талд байдаг. Эндээс Улаан хуаран орчимд хүрэхэд 27-28 км замыг туулдаг. Хэвийн дулааныг хотын зүүн хэсэгт авч ирэхэд дунд нь олон тооны даралтат шахуурга, носас ажиллуулах шаардлагатай. Ингэж ашиглалтын зардал тэр хэрээрээ өснө. Харин Амгалан станцыг барихаар ашиглалтын зардлыг бууруулах, ТЭЦ-4, ТЭЦ-2, ТЭЦ-3-аас суларсан нөөц дулааныг бусад хэсэгт түгээх боломж бүрдэж байгаа. Өмнө нь Улаанбаатар хотод 15-16 давхар өндөр барилга баригддаггүй байсан даа. Учир нь дулааны хүрэлцээ муу учраас, түгээх чадваргүйгээс үүдэн олон давхар барилга бариулдаггүй байсан юм. Тиймдээ ч Улаанбаатар хотыг шавар тагзаар дүүргэлээ гэсэн шүүмжлэл гардаг байсан даа. Харин энэ төсөл хэрэгжиж ашиглалтад орсноор хотын өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтэд ихээхэн эерэг нөлөө авчрах стратегийн үндэслэлтэй.

Дулааны үнэ ямар байх бол?

-Бусад дулааны станцыг бодвол харьцангуй цөөн өрхийг хангана. Тэгэхээр бусдаасаа арай өндөр байж зардлаа нөхөх болов уу.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Т.Аюурсайхан: Зүүний хүчний холбооны хурлаар намтай холбоотой асуудал яриад байдаггүй

МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга, Зүүний хүч­ний холбооны Бага хурлын гишүүн Т.Аюурсайхантай ярилцлаа.

Ардын намын зүүний хүчний холбоо өнөөдөр (өчигдөр) хуралдлаа. Танай холбоог МАН-ын нэг фракц гэж ойлгож болох уу?

-Зүүний хүчний холбоо бол намаас тусдаа төрийн бус байгууллага. Энэ холбоо намын гишүүн болон гишүүн бус зүүний үзэл баримтлалыг дэмждэг хүмүүсийг нэгтгэсэн. Зүүний үзэл баримтлал бол хү­ний төлөө байдаг. Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаа­лахаас гадна байгаль орчноо хамгаалдаг. Улс орны хэм­жээнд гишүүдийн тоо нэлээд ихтэй байгууллага л даа.

Зүүний хүчний холбоо хэзээ байгуулагдсан юм бэ. Уг холбоог У.Хүрэлсүхийн фракц гэж ярьдаг?

-Зүүний хүчний холбооны ерөнхийлөгчөөр манай намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх ажилладаг. Манай холбоо байгуулагдаад нэлээд хэдэн жилийн нүүр үзчихлээ. Зүүний хүчний холбоонд заавал нам гэлтгүй зүүний баримтлалыг дэмждэг иргэд, зүүний үзэлтэй өөр намын гишүүд ч нэгдэж болно.

Ардчилсан нам фракцаа ил зарладаг. МАН фракцаа ил гаргадаггүй удирдлагууд дээрээ зангидагддаг гэдэг. МАН далд фракцтай байснаас АН шиг ил байж болохгүй юу?

-МАН-ынXXVIIИх хурлын үеэр энэ асуудлыг хөндөж нэлээд удаан ярилцсан. Олон улсын туршлагаас харахад фракц гэдэг улс төрийн соёл, намынхаа төлөө бодлого, үйл ажиллагаагаа хэвшүүлээд ажилладаг. Үр дүнгээс нь хамаарч намын бодлого шийд­вэрт оролцуулдаг. Ардчилсан намын фракцуудын хэлбэр олон улсын сонгодог хэлбэ­рээс нэлээд хол. Энэ бол зүгээр л албан тушаалын наймаа, шантааж, эрх мэдлийг хуваах хэрэгсэл. Тиймээс АН-ын фракц намын эрх ашигтаа харш л даа. Нөгөө талдаа АН бол олон намын нэгдэл. Харин манай нам угаасаа л нэг нам. Тиймээс ялгаа нь эндээ байгаа юм.

Харин ч далд фракц илүү аюултай юм биш үү?

-Манай нам нэгдсэн тогтолцоотой. Нам шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлээд, олон улсын системийг сонгодог утгаар нь хэрэгжүүлдэг. Тэгэхээр албан тушаалын наймаа байхгүй. Харин ч оюун ухаанаа өрсөлдүүлдэг. Хэн ажил хийж байна вэ гэдэг нь харагддаг юм. Нам доторхардчилал, шударга ёстой салшгүй холбоотой. Үүнийг хэвшүүлж чадвал зөв гэж хувьдаа боддог.

Зүүний хүчний холбоо яагаад хаалттай хуралдаж байгаа юм бэ. Ямар асуудлыг хэлэлцэж байгаа болоод ингэж хаалттай горимд явуулахаар болов. У.Хүрэлсэх дарга ирсэн юм уу?

-У.Хүрэлсүх дарга Монголд байгаа. Зүүний хүчний холбооны хурлаар хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг хэлэлцэж, цаашдын зорилтын талаар ярилцаж байна. Түүнээс нууж хаагаад байх хаалттай зүйл байхгүй.

У.Хүрэлсүх 2012 оны сонгуулиар гишүүн болсон ч удалгүй татгалзсан. Ардын намын ялагдалд хүргэсэн гол хүн нь түүнийг гэх хүмүүс бий. У.Хүрэлсүхийг гишүүнээсээ буусны дараа Ардын намын удирдлага солигдсон тул нөлөө нь намд байхгүй боллоо гэх юм. Гэтэл Зүүний хүчний холбоо сэргэж байгаа нь түүний нөлөөлөл улс төрд сэргэж байна гэсэн үг үү?

-2012 оны сонгуульд МАН ялагдсан олон шалтгаантай. У.Хүрэлсүх даргын гишүүний суудлаа өгсөн шалтгаан нь юу ч байсан хамаагүй намын удирдлагууд сонгуулийн үр дүнтэй холбоотой хариуцлага хүлээдэг. Үүний дагуу л хариуцлагаа хүлээсэн. Одооны дарга нар ч гэсэн ялгаагүй үйл хэргээ дүгнүүлнэ.

Нам дотроо санал бодлоо солилцдог, намын цаашдын бодлогыг тодорхойлдог, зөвлөлддөг намын лидерүүдийн нэг нь У.Хүрэлсүх дарга яах аргагүй мөн. Тиймээс нам дотор өөрийн гэсэн байр суурьтай хүн. Цаашид ч гэсэн намынхаа ажилд илүү оролцоотой байгаасай гэж хүсдэг. У.Хүрэлсүх дарга шиг Их хурал дээр шулуун шударга, хурц үгээ хэлчихдэг хүмүүс манай намд үгүйлэгдэж байна. Нам хэцүү байхад дуу хоолойгоо түмэн олондоо хүргэдэг байгаасай гэж боддог. Одоогоор намын ажилд ороод байгаа зүйл харагдахгүй байна.

Намынхаа Их хурлын дараа албан тушаалгүй үлдсэн ганц фракц Зүүний хүчний холбоо гэж үзээд байгаа. Үнэхээр бялуугүй үлдсэн юм уу?

-Ялагдсан намд албан тушаал гээд байх юм үлддэггүй. Сонгуульт ажил, илүү хариуцлага, ачаа л байна уу гэхээс томилогдсон, үгүй гэж гомдоод байх юмгүй.

Шинэчлэлийн хороо Зүүний хүчний холбоо хоёр нэг гэж ойлгож болох уу. Та аль алинд нь харьяалагдаж байгаа болохоор тэгж ойлголоо?

-Зүүний хүчний холбоо намын харьяат биш. Харин Шинэчлэлийн хороо бол намынх. Тиймээс ялгаж салгах хэрэгтэй. Би зүүний хүчний холбооны үзэл баримтлалыг дэмждэг. Эдийн засаг хямарсан энэ үед иргэдэд халамжийн бодлого явуулах хэрэгтэй. Тэгж иргэд хүнийхээ төлөө ажиллахгүй бол болохгүй.

Зүүний хүчний холбооны хурал дээр намтай холбоотой асуудал төдийлөн яригдаад байдаггүй. Төрийн албан хаагчдын тулгамдсан асуудлууд байгааг яаж шийдэх вэ гэх мэтээс эхлээд ярих юм бий. Тэдний ажиллах боломж, цалин хөлс хангалтгүй байна.

МАН-ын Шинэчлэлийн хорооны гол зорилго юу вэ. Дорвитой ажиллаж байсан ч энэ жилийг дуугүй өнгөрөөж байх шиг?

-Шинэчлэлийн хороо өмнө ньхөдөлгөөний зарчмаар үйл ажиллагаа явуулж байсан. Бид энэ тавдугаар сард ТББ байгууллага болсон. Шинэчлэлийн хорооны зорилго улс төр дэх намуудын бүтэц зохион байгуулалттай үйл ажиллагааг сайжруулах, дотоод ардчиллыг бэхжүүлэх, иргэдэд хүрсэн бодлого боловсруулах, тэдний эрх ашгийг хамгаалах санал боловсруулж улс төрийн намуудад санал болгох, иргэдийн дуу хоолой болж асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө ажилладаг. Шинэчлэлийн хороо бүх аймаг, дүүрэгтсалбараа байгуулж байгаа. Жилийн өмнө намынXXVII Их хурал болоход намынмаш том бодлого, шинэчлэлийн хувилбарууд гарсан. Түүний шийдвэрүүдийг үр дүнтэй болгох, хурдасгах, эрчимжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Ямар үр дүн ажиглагдаж байна вэ?

-МАН дотооддоо санал бодлоо маш сайн солилцож байгаа. Иргэд яагаад Ардын намд саналаа өгөх нь буурав. Оюутан, залуусын итгэл юуны тулд багасав гэдгийг бид ярилцаж байна. Тиймээс улс төрийн ууган намын хувьд ард түмнийхээ тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр ярилцан тодорхой үр дүнд хүрч байна даа.

МАН өнөөдрийн нөхцөлд сөрөг хүчний байр сууринд ажиллаж байна. Сөрөг хүчний үүргээ хэр биелүүлж байгаа бол?

-Иргэд, намын гишүүдийн дунд илүү эрч хүчтэй ажиллах хэрэгтэй гэсэн хүлээлт байдаг. МАН-аас Их хуралд сонгогдсон гишүүддээ тулгуурлан нам иргэдийн эрх ашгийг хамгаалах, намын гишүүдийнхээ дуу хоолой болох хэрэгтэй. Ард түмэн, МАН-ын гишүүдийн эрх ашгийг хамгаалах гол ачааманай намаас сонгогдсон гишүүдэд оногдож байна. Ачааны хүндийг гэхдээ зөвхөн Их хурлын гишүүд үүрэхгүй. Бид ч гэсэн дэмжээд ажиллана. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлыг эрчимжүүлэх шаардлага байгаа гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа. Гэхдээ бодит байдал дээр сөрөг хүчний дуу хоолойг иргэдэд хүргэх боломж тийм ч нээлттэй биш байна шүү дээ. Эрх баригчид төрийн механизмыг ашиглан аль болох сөрөг хүчний дуу хоолойг боомилох гэж зүтгэдэг. Энэ нь Их хурал дахь сөрөг хүчин ч бус бизнес эрхлэгчид, ардчилал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэгчид, газар нутаг уул усаа хайрлан хамгаалж байгаа хүмүүсийн дуу хоолойг боомилох, тэдгээрийг барьж хорих, дуугарсныг айлган сүрдүүлэх байдал үүсгэж байгаа. Тэр нь нийгэмд айдас болон эргэн бууж байна. Ийм нөхцөлд сөрөг хүчний дуу хоолойг гаргана гэдэг мэдээж хүнд. АН-ыг өмнө нь сөрөг хүчин байхад Ардын нам бүх боломжийг нь олгодог байсан. Улс орны эдийн засаг, нийгэмтэй холбоотой асуудлууд дээр байнга зөвлөлддөг байсныг санаж байгаа байх. Тэр бүү хэл манай намаас сонгогдсон Ерөнхий сайдыг барьж идэх нь холгүй тал талаас нь чөлөөтэй дайрч, доромжилдог байсан юм. Ингэлээ гээд аль болох авах гээхийн ухаанаар хандаж ирсэн. Өнөөдөр нөхцөл байдал хүнд байгаа ч аль болох нөөц боломжоо дайчлан улс төрийн эр зориг гарган, Их хурал дахь бүлгийн гишүүд чөлөөтэй үгээ хэлж, тэмцэж байгаа нэгнээ тойрон хүрээлдэг байх ёстой. Манай намын нэг дутагдал нь асуудалд холбогдсон гишүүдээ хамгаалж чадаагүй явсаар ирсэн. Тэгснээр дараа дараагийн дуугарах хүний тоо цөөрч байна. Бид дуугарлаа гэхэд биднийг хамгаалах нам байна уу үгүй гэдэг асуудал бий.

Шоронд орсон хүмүүсээ нам нь хамгаалж чадахгүй байгаа байдал харагдах юм. Харин Шинэчлэлийн хороо үүнд хэрхэн хандаж байгаа вэ?

-Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг хэд хувааж үзмээр санагддаг. Намын нэрээр албан тушаал авчихаад гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээд намын итгэлийг хөсөрдүүлэн шийтгэл хүлээж байгаа тохиолдол байгаа байх. Нөгөөх нь үнэхээр намынхаа төлөө ажиллаад хандив мөнгө авснаа намын үйл ажиллагаанд зарцуулж улс төрийн үйл ажиллагаа явуулан алдсан хүмүүс бий. Тэгвэл өөр нэг хэсэг нь цэвэр гүтгэгдэж, хэлмэгдэж байгаа хүмүүс бий тул ялгаж үзэх хэрэгтэй. Авлига аваад хэрэгт холбогдсон бол намын удирдлагууд өмгөөлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин хэлмэгдэж, гүтгүүлж эрх ашиг нь хохирч байгаа намын гишүүд болон манай намыг дэмждэг бизнес эрхлэгчдийг нам хамгаалах ёстой. Хамгаалж чадахгүй бол цаана нь гишүүдийн итгэл үнэмшлийн асуудал сөхөгдөнө.

Я.МӨНГӨН