Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны хоёрдугаар хагас жилд стратегийн хүнс экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг явуулж дүгнэлээ.2014 оны хоёрдугаар хагас жилд нийт 12 300.0 тн мах экспортлох зөвшөөрлийг 14 аж ахуйн нэгжид, 637.0 тн үхрийн мах импортлох зөвшөөрлийг 3 аж ахуйн нэгжид, 21.0 мян.тн улаан буудай импортлох зөвшөөрлийг 3 аж ахуйн нэгжид, 27 220. тн улаан буудайн гурил импортлох зөвшөөрлийг 12 аж ахуйн нэгжид, үйлдвэрийн аргаар боловсруулсан 300.0 тн шингэн сүү импортлох зөвшөөрлийг 2 аж ахуйн нэгжид, 3 000.0 тн хуурай сүү импортлох зөвшөөрлийг 5 аж ахуйн нэгжид тус тус олголоо.
Month: August 2014
Тураал, сульдаа, цус багадалт зэрэг хүүхдийн суурь өвчнийг эрүүлжүүлж, чийрэгжүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн Дархан-Уул аймагт бага насны хүүхдийн зуны чийрэгжүүлэх сувилалыг ажиллуулж эхэлсэн бөгөөд өдгөө 12 жилийн хугацаанд 5448 хүүхдийг чийрэгжүүлжээ.
2014 оны 06 дугаар сарын 01-нээс эхэлж Дархан сумын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд, “Гос-хот”, “Түвшин-Холбоо” өрхийн эрүүл мэндийн төвүүд, мөн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд 4 сувилалыг ажиллуулж, 485 хүүхдийг чийрэгжүүллээ.
Зуны чийрэгжүүлэлтийн сувилалыг 2002-2011 онуудад Норвегийн байгууллагын Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр ажиллуулдаг байсан бол 2012 оноос эхлэн аймаг, сумын Засаг даргын Тамгын газраас 1-2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болсон байна.
Уг сувилалд эмзэг бүлгийн тэжээлийн доройтол болон жингийн алдагдалтай, суурь өвчтэй хүүхдүүдийг эмчилж, сувилж, чийрэгжүүлэхээс гадна эцэг эхчүүдэд хүүхдийг хооллох, асарч, сувилах талаар сургалтыг зохион байгуулдаг ажээ.
Зуны сувилалын үр дүнд сульдаа өвчтэй хүүхдийн 85 хувь эдгэрсэн бөгөөд хүүхдийн жин 300-500 граммаар нэмэгдэж, биеийн эсэргүүцэл, дархлаажуулалт 95 хувь сайжирснаар хүүхдийн ханиад томууны өвчлөлийг 30 хүртэл хувиар бууруулаад байна гэж хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Д.Цэвээндулам мэдээллээ.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн холбооноос анх “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох” дэлхийн 7 хоногийн компанит ажлыг “Хүүхдэд ээлтэй эмнэлгийг дэмжье” уриан дор тэмдэглэж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрч, жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон.
Монгол улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр ирсэн.
Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээлийн юм. Монгол Улсын Засгийн газраас 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласан нь нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг сайжруулахад чухал алхам боллоо. Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулна. Нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт 1 цагийн дотор ангир уургийг амлуулах, төрсний дараа эхний 6 сар эхийн сүүгээр дагнан хооллох юм. Учир нь 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхэд нь хооллоогүй хүүхдээс амьдрах чадвар нь 14 дахин илүү байдаг байна. Хүүхдийг төрөнгүүт эхний нэг цагийн дотор ангир уургаар амлуулах нь нялхасын эндэгдлийг 45% бууруулах боломжтой. Үүний зэрэгцээ 6-23 сар хүртлээ үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллосон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2,8 дахин бага байдаг бол эхийн сүүгээр хооллоогүй хүүхдийн нас барах магадлал нь 6-11 сартайд 56% , 12-23 сартайд 23%-иар тус тус өсдөг байна.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор эх, үрийн нандин холбоо үүсч, эрүүл мэндийг хамгаалан дэмжихэд ихээхэн чухал ач холбогдолтой. Эхийн сүү нь хүүхдийн биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, аминдэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулж тэдний өсөлт, хөгжилт, хөдөлгөөн, хоол боловсруулахад зарцуулагдах илчлэгийг нөхөж байдаг. Үүнээс гадна өөр ямар ч сүүний найрлагад байхгүй халдварт өвчин эсэргүүцэгч нян, бактери, мөөгөнцрийг устгах эсрэг биетүүдийг агуулснаараа өвчнөөс сэргийлдэг. Эхийн сүү нь дандаа шинэхэн, халуун хүйтэн нь тохирсон, орчны халуунд шингэрч, хүйтэнд илчлэг чанар нь нэмэгддэг учраас гүйлгэх, өтгөн хатах, харшил өгөх зэрэг гаж нөлөөгүй.
Эхийн сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд сайн нөлөө үзүүлдэг.
– Эхийн дархлаа сайжирна.
– Умай сайн агшина.
– Жирэмслэлт хоорондын зай уртасна.
– Хөхний хавдар болон бусад эмэгтэйчүүдийн өвчлөл багасна.
Дэлхий даяар жил бүрийн 8 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ оны “Эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг “Эхийн сүүгээр хооллох нь амьдрал тэтгэх алтан боломж” гэсэн сэдэв, уриалгын дор тэмдэглэх болсныг Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн холбооноос зарлаж байна.
Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотноо Асрамжийн газарт хүмүүжигч хүүхдүүдийн Hope for the Mundial олон улсын хөл бөмбөгийн 2 дугаар тэмцээн зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд нийт 24 орноос 26 баг оролцсон бөгөөд Н.Содномдаржаа ахлагчтай, Г.Санчир дасгалжуулагчтай Монголын SOS хүүхдийн хотхоны баг тамирчид болох 17 хүртэлх насны 10 хүүхэд 7 дугаар сарын 23-29-нд улсаа төлөөлөн ирж оролцов.
Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд ЭСЯ-ыг төлөөлөн Элчин зөвлөх Б.Дорж оролцож, тэмцээнд оролцсон хүүхдүүдэд баяр хүргэв. Монголын хүүхдүүд хол газраас зорин ирж, анх удаагаа дээрх тэмцээнд оролцсон явдлыг өндрөөр үнэлж буйгаа тэмцээнийг зохион байгуулагчид илэрхийлжээ.
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Япон элчингийн урд
талын 0.26 км авто замыг засах ажил 2014 оны 7 сарын 24-нд эхэлсэн. Тус ажлын
хүрээнд Гэндэнгийн гудамжны уулзвараас Солонгос улсын Элчин сайдын яамны урд талын уулзварын хооронд
тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 08 дугаар сарын 01-ны 23 цагаас 2014
оны 08 дугаар сарын 04-ний 6 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж, 260м газарт
асфальтбетон хучилтын ажил хийхээр төлөвлөөд байна. Нийслэлийн замын сангийн
хөрөнгөөр хэрэгжүүлэх тус ажлын гүйцэтгэгчээр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар
нэгтгэл шалгарсан бөгөөд энэ сарын 30-нд ашиглалтад өгөх гэрээтэй гэж
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд 2014 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн цахим системийн тусламжтайгаар иргэдийн хүсэлтийг хүлээн авна.
Үүнтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултын хариултыг тоймлон танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-8 дугаар сарын 1-нээс эхэлсэн цахим бүртгэл хэд хоног үргэлжлэх вэ? Цагийн хязгаар байгаа юу?
2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үдийн 12 цагт эхэлж, хуанлийн 15 хоног үргэлжилнэ. Иймд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн мөн үдийн 12 цагт хааж, тасалбар болгоно.
-Газар хамтран эзэмшдэг бол хүсэлтээ гаргаж болох уу?
Газар урьд нь нэг удаа үнэгүйгээр дангаараа, эсвэл хамтран өмчилсөн иргэд цахим системд хандах боломжгүй. Хэрэв газар дангаараа, эсвэл хамтран эзэмшиж байгаа нөхцөлд газар өмчлөх тухай хүсэлтийг цахим системд илгээж болно.
-Нэг гэр бүлийн хэдэн ч гишүүн хүсэлт гаргаж болох уу?
Нийслэлд 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө бүртгэлээ баталгаажуулсан нийслэлд бүртгэлтэй, урьд нь газар өмчилж байгаагүй бүх насны иргэд хүсэлт гаргах боломжтой.
– Одоо харяалагдаж байгаа дүүрэгтээ л хүсэлт гаргах уу? Эсвэл хамаагүй юм уу?
Дээрх шаардлагыг хангасан бүх иргэд оршин суугаа дүүргээс үл хамааран зарлагдсан аль ч байршлаас сонголт хийж, хүсэлтээ гаргах боломжтой.
-НИТХ-аас баталсан 52 байршилд хүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан газар өмчлөх хүсэлтээ гаргаж болох уу?
Болно.
-Дараагийн байршлуудад газар өмчлөх ажил хэзээнээс эхлэх вэ?
Цаг нь тодорхойгүй байгаа. Эхний 5 байршлын газар өмчлөлийн бүртгэл, баталгаажуулалтын ажил эцэслэн дууссаны дараа дараагийн байршлуудын эхлэх хугацааг зарлана.
– Нэг байршилд хэд хэдэн хүн хүсэлт гаргасан бол сонголтыг хэрхэн хийх вэ?
Нэг байршилд хүсэлт гаргасан иргэд нь өмчлөгдөх боломжтой нэгж талбарын тооноос их байгаа нөхцөлд программ автомат үйлдлээр санамсаргүйгээр сонголт хийж, нэгж талбарын өмчлөх эрхийг сонгоно.
– Нийслэлд 52 байршлаас бусад газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж болох уу?
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Газрын тухай хууль тогтоомжийн дагуу 52 байршилд газар өмчлүүлэхээс бусад хэлбэрээр газар өмчлөн авах боломжтой. Нээлттэй.
-Газар өмчлөх эрхээ авсан иргэн газрын гэрчилгээгээ яаж авах вэ?
Журмын дагуу газар өмчлөлийн цахим системээс газар өмчлөхөөр сонгогдсон тухай хариу хүлээн авсан иргэн нь ажлын 10 хоногт багтаж дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж өргөдлөө хуульд заасан материалын хамт цаасаар өгөх ёстой. Тэгснээр тодорхой хугацааны дараа газар өмчлөх шийдвэрээ гардаж авах боломжтой.
– НЯМДОРЖ ДАРГАД ИЛГЭЭХ ХАГАС ИЛ ЗАХИДАЛ-
Уул нь танд ил захидал бичиж эхэлсэн юмсан. Гэтэл бичсэн юм маань хуудас гаран болчихоод тал нь ардаа гарсан тул яалт ч үгүй “хагас ил захидал” болчихлоо.
Манай олон сайхан бөхчүүд зодгоо тайлан гонжоом өмсөж монгол улсын парламентад суух боллоо. Дан ч суугаад байгаа юм биш, коридороор алхалж, диван дээр сүүжилдэж, орон дээр бол хэвтэж байгаа гэсээн. Тэд зодгоо тайлаад гонжоом өмссөнийг ч ойлгож байна. Төрийн ордонд зөвхөн гонжоомтой л оруулдаг болсон шүү дээ.
Бас зодгоо тайлж байгааг ч буруутгах юм алга. Зодгийг юу яалцахаас эхлээд олон юман дээр тайлахаас өөр аргагүй байдаг юм гэсэн. Юу яалцах гэдгийг та юу гэж бодож байна?… Хэ хэ, тэр чинь биш ээ, усанд шумбалцахыг хэлж байгаа юм. Зодог шуудагтайгаар нохой самралцах, мэлхий тийрэлцэх зэрэг онцлог сэлэлтийг хийлцэхэд их хэцүү гэсэн. Бодвоос ч тийм.
Хамгийн гол нь би сонгогчийн хувьд тантай харилцан ашигтай хамтран ажиллах гэсэн юм. Манай улсын улс төрийн ум зандан дэвжээг орхин гонжоомоо тайлж байгаа олон арван шилдэг хүний цаашдын хувь заяаг энд хөндөж байна.
Одоогоор зүлэг ногоон дэвжээгээ орхиж байгаа бөхчүүдийг манай улс төрийн дэвжээ баяртайгаар хүлээн авсаар байх нь тодорхой боллоо. Зарим сонгогч үүнд дургүй байгаа ч гэсэн бодит байдал ийм л байна. Гэхдээ дургүйцэж байгаа мянга мянга сонгогчийн сэтгэлийг амирлуулан, бөхчин зоныхоо хүслийг давхар биелүүлэх сайхан хувилбар бас байна аа.
Улсын их хурлыг орхиж буй, харьж яваа улс төрчдийг танай монгол бөхийн торгон дэвжээ тосч авах тухай асуудлыг манай улс төрчдийн “ум зандан дэвжээ” холбооноос танаар уламжлуулан гаргаж байна. Харилцан өгөөжтэй, ашигтай бизнес санал.
Харин манай “Ум зандан дэвжээ” холбоо ахмад бөхчүүдийг зүлэг ногоон дэвжээнээс нь шууд парламентын микрофоноор амлуулах ажлыг хариуцаж болж байна.
Бид бөхчүүдийг өөрийн зардлаар анхан шатны сургалтад хамруулаад парламентад шилжүүлнэ.
Сургалт дараахь хөтөлбөрөөр хичээллэх ба мэргэжлийн туршлагатай, эрдмийн зэрэг цолтой бөх-төрч нараар ном заалгана.
Үүнд:
-Бүлэг фракц хэрхэн магнайлах
-Тендэр амлах
-Санал суйлах
– Хаялга дэгээдэх
-Авлига сэгсрэх
-Амлалтаа тонгорох
-Санал самрах
-Төсөл мордох зэрэг үндсэн аргачлал орж байна.
Харин танай монгол бөхийн холбоо ба зүлэг ногоон дэвжээ фракцын зүгээс нэгэнт улс төрөөс хальж буй манай хүмүүсийг тодорхой сургалтад хамруулан зүгшрүүлээд улсын зэрэг цолтой бөх болгох хэрэгтэй байна. Цолны хувьд гэвэл УИХ-д нэг удаа сонгогдсон хугацааг улсад түрүүлсэнтэй адилтган цол чимэг олгож болмоор санагдана.
Ингэхгүй бол улс орны биеийн ба оюуны хүчний баланс алдагдаж бөх ч үгүй, улс төр ч үгүй болох аюул нүүрлээд байгааг та бэлээхнээ харж байгаа биз ээ. Та нэг их дүрэм мүрэм урдаас ярих л байх. Тэр ямар хамаа байна аа. Манай энд бөхийг улс төрч болгож болоод байхад танай тэнд улс төрчийг бөх болгож болохгүй л байв гэж үү?
Мэдээж амаргүй гэдгийг ойлгож л байна. Тухайлбал улс төрч бөхчүүд өрсөлдөгчөө барилдаж унагахын оронд үзэгчдийн саналыг худалдан авах замаар ялах гээд байж болох талтай. Үүний оронд найраа хийдэг , танай хэлээр бол “хор найруулах” гэсэн үг гээд хэлэхэд дорхон нь ойлгоод хөгжүүлээд явчихна. Бөхчүүд улс төрд дорхноо хөлөө олоод байхад манай улс төрчид наана чинь алзахгүй ээ. Гагцхүү та бидний ойлголцол хамтын ажиллагаа л хүлээгдэж байна.
Хуулбарыг: Сумо, Самбо, Жудо, Аякадо, Ушу, Курышийн холбоонд
2012.12.17
2014 оны эхний долдугаар сард хилийн чанадад манай улсын нийт 169 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чанад дахь ДТГ-уудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн байна.
БНХАУ-д 106, БНСУ-д 22, Хонконгт 6, Туркэд 6, АНУ-д 11, ОХУ-д 5, БНЧехУ-д 3, Польшид 2, Сингапурт 3, Тайванд 3, Австри, Унгар улсуудад тус бүр нэг иргэн саатуулагджээ.
Хэргийн төрлөөр авч үзвэл хулгай 92, хүний амь нас хохироосон нэг, хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн 22, оршин суух журам зөрчсөн 17, биеэ үнэлсэн 9, танхай 14, замын хөдөлгөөний журам зөрчсөн 8, хүчин 5, хар тамхи биедээ авч явсан хэргээр нэг иргэн байна.
Санаатайгаар гэмт хэрэг үйлдэх нь улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна тухайн иргэн өөрөө болоод эцэг, эх, гэр бүл, үр хүүхэд нь сэтгэл зүй, санхүүгийн хувьд хохирох сөрөг үр дагавартайг иргэд анхаарах шаардлагатай юм.
Гадаадын их дээд сургууль, коллежид суралцахаар явж буй оюутнууд суугаа орныхоо хууль тогтоомж, дүрэм журмыг чанад сахиж өөрийн үүрэг зорилгоо ухамсарлан аливаа хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байх шаардлагатайг Консулын газраас анхааруулав.
Ээлжийнхээ амралтаа авсны маргаашнаас нь эхлээд хэдэн өдөр эмнэлгээр явлаа. Даралт ихэссэн шалтгаанаа оношлуулж эмчилгээ хийлгэхээр очсон юм. Ерөнхий эмчид үзүүлэх цаг авч, цусны шинжилгээ гээд арав гаруй шинжилгээ өгөх боллоо. 07:00 цагаас эхлээд дугаарлаж арай гэж цусны шинжилгээ өгөхөөр болов. Гэхдээ гурван өдрийн дараа хариуг нь авах гэнэ. Цэвэрлэгчээс эхлээд сувилагч, эмч гээд хүн бүр л уур уцаартай харагдана. Хүмүүстэй шахцалдаж зогсож байгаад арай гэж цаг нь болохоор өөр хүн оруулчихна. Мөн сувилагч нь “Өнөөдөр хүн үзэхгүй. Маргааш ир” гээд явуулах. Маргааш нь очихоор “Өчигдөр үзүүлэхгүй яасан юм” гээд ширэв татна. “Та тэгж хэлээд явуулсан биз дээ гээд хэл ам хийхээр эмч нь зүгээр байна гээд гаргах эсвэл дадлага хийж байгаа оюутнуудаар үзүүлэх ажээ. Аргаа бараад сууж байтал хажууд сууж байсан залуу “Чи костюм өмсөөд, зангиа зүүгээд хүрээд ир. Наадуул чинь маргааш нахилзаад л үзнэ” гэдэг юм байна. Би ч яахав амарч байгаа болохоор биед амар чөлөөтэй хувцас өмсөөд яваад байсан хэрэг. Залуугийн зөвлөснөөр маргааш нь костюмоо өмсөөд баярт оролцох гэж байгаа хүн шиг “гоё” амьтан очлоо. Тэгсэн өчигдөр нь “Шал угаах гээд байхад саад болж зогслоо” гэж ирээд л загнаж байсан үйлчлэгч эмэгтэй “Уучлаарай та холдож байхгүй юу. Энэ хавийг арчих гэсэн юм” гээд зай тавьж өгөхөөр угааж дууссаны дараа “Баярлалаа” гэж ч байх шиг. Сувилагч нар үүдэнд нь очихоор “Та ороод ир” гээд эмч нь чамбай үзэж өгөөд, нэг өдрийн дотор таван шинжилгээ өгч чадав. Ер нь улсын эмнэлгээр явж шинжилгээ өгөх гэж байгаа бол гангарч очих хэрэгтэй юм байна лээ. 10 хоногт багтааж өгөх шинжилгээг нэг өдөрт л өгч болох бололтой дог шүү.
Э.ХҮРЭЛБААТАР