Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 65 жил, төмөр замчдын мэргэжлийн баярын өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд оролцов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зорчигч үйлчилгээний “Улаанбаатар” төв буудалд УБТЗ, ОХУ-ын РЖД нийгэмлэгийн ололт, ажилтын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг үзсэний дараа railbus-аар төмөр замчдын өдөрлөгт очлоо.
Төмөр замчдын баярын өдөрлөгийг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тус байгууллагыг Сүхбаатарын одонгоор шагнах ёслолын арга хэмжээ боллоо. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай 92 дугаар тоот зарлигт “Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улсын 808 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жил, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 65 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэн, өөрсдийн хүч хөдөлмөр, авьяас чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг Сүхбаатарын одонгоор шагнав” гэжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төмөр замчдад баяр хүргэн хэлсэн үгэндээ “
Эрхэм хүндэт төмөр замчид аа,
Хүндэт зочид оо,
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нийт ажилтан, албан хаагчид аа,
Үе үеийн ажилтан, ахмадууд аа,
Энд хүрэлцэн ирсэн ОХУ-ын Элчин сайд И.К. Азизов, В.Н.Морозов болон бусад өндөр дээд зочид оо,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Юуны өмнө “Улаанбаатар Төмөр Зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг байгуулагдсаны 65 жилийн ой, төмөр замчдын баярын өдрийн мэндчилгээг та бүхэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэнчилье.
Нэгэн жарныг давсан цаг хугацааны босгон дээр, тэртээ ХХ зууны тэн хагаст Монгол Улс төмөр замтай болсон нь яахын аргагүй улс үндэстний хөгжин дэвших, сэргэн мандахын хурдасгуур болсон түүхэн үйл хэрэг байсан.
Дэлхийн II дайны өмнө эхэлсэн төмөр зам барих ажил дайн дууссаны дараа эрчээ авч 1949 оны 11 дүгээр сарын 7-нд Улсын нийслэл Улаанбаатар хотод маань анхны илчит тэрэг дуут дохио хангинуулан орж ирсэн нь тухайн үедээ төдийгүй өнөөдөр ч Монгол Улсын маань хөгжилд бүхий л талаар өмөг түшиг болж ирсэн Монголын төмөр замын түүх юм.
Улаанбаатар төмөр зам бол Монгол Улс-Зөвлөлт Холбоот Улс / ОХУ-ын найрамдал, хамтын ажиллагаа, Орос-Монгол хүмүүсийн хөдөлмөр үйлс, бас бахархам амжилт бүтээлийн түүх, түүчээ гэдгийг онцлон тэмдэглэе.
Өнөөдөр 65 жилийн турш Монгол орныхоо ХХ зууны түүхийг хамтран бичилцэж, мянга мянган эгэл ажилчдынхаа хөлс хөдөлмөрөөр, сая сая иргэддээ үйлчилсээр ирсэн энэ аварга хамт олны хөдөлмөр, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Монголын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнаж байна.
Энэ шагнал бол 527 сая тонн ачаа тээвэрлэж, 122 сая зорчигчдод үйлчилж ирсэн манай төмөр замын бүх үеийн ажилтан, албан хаагчдын хөдөлмөр зүтгэлд хүндэтгэл үзүүлж буйн илэрхийлэл юм. Энэ шагнал бол төмөр замын салбарт одоо албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй 15 мянган иргэний маань болон үе үеийн мянга мянган төмөр замчдад очиж буй хамт олны шагнал юм.
Энэ шагнал бол ХХ зууны хөгжлийн түүчээ, XXI зууны амжилтын буухиа болсон нийт төмөр замчдынхаа хийж ирсэн ажлаас гадна ирээдүйд хийж бүтээх үйл хэргийнх нь төлөө өгч буй халуун урам, их итгэл юм.
Монголын төмөр зам нь Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн гол баталгаа болж ирсэн. Цаашид ч Монгол Улсын Европ, Азийг холбосон газарзүйн байршлын онцлог далайд гарцтай эдийн засгийн хүчирхэг өсөлтийг бий болгоход төмөр зам юу юунаас илүүтэй амин чухал гэдгийг энд онцлон хэлье.
Ингээд та бүхэндээ болон, та нарынхаа гэр бүл, ажил, үйлсэд тань өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе. Баяр хүргэе та бүхэнд” гэлээ.