Categories
гадаад мэдээ

Украины 400 гаруй цэрэг Оросын талд дүрвэлээ

Украины зүүн хязгаарт байдал тайван бус байгаатай холбогдуулж тус бүсэд амьдардаг иргэд ОХУ руу дүрвэсээр байна.

Хамгийн сүүлд гэхэд тус улсын армийн 438 цэрэг ОХУ руу дүрвэжээ. Ростов районы хилийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч Василий Малаевын ярьснаар дүрвэсэн цэргүүдийн 164 нь Украины хилийн цэргийн албан хаагчид аж.

Тэдгээр цэргүүд өнгөрсөн ням гаригт Оросын хилийг давж дүрвэгсдийн хуаранд очсон байна. Оросын хэвлэлүүдэд бичсэнээр цэргүүдийг хөнжил, хувцас, хоолоор хангажээ. Мөн зүүн нутгийн босогчидтой тулалдах үеэрээ шархадсан цэргүүдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Украины Аюулгүй байдлын зөвлөл дээрх явдалтай холбогдуулж хүлээн зөвшөөрсөн нарийн тайлбар хийгээгүй. Тэд хил давсан цэргүүдийн тоог гаргах боломжгүй гэж мэдэгджээ. Цэргүүд ОХУ руу дүрвэсэн явдлыг барууны зарим хэвлэл Украины зүүн нутагт цэргийн хангамж тасалдсан, зарим цэргийн гэрээ нь дууссантай холбон тайлбарлав. 

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайдын охинд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг Цэвэр агаар сангийн хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар хэргийг нь тусгаарлан шалгаж байгаа талаар АТГ-ын мөрдөн шалгах газрын дарга Э.Амарбат мэдээлж байсан. Тэгвэл АТГ-аас А.Саранзаяад холбогдох хэргийг прокурорын байгууллагад хянуулахаар шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Мөрдөн байцаалтын явцад А.Саранзаяа нь Цэвэр агаар сангийн шугамаар бусадтай байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаврыг үндэслэж, зохих журмын дагуу хяналт шалгалт тавилгүйгээр урьдчилсан байдлаар нийт 2.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийхийг зөвшөөрсөн болох нь тогтоогджээ. 

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн хашаанд барьсан барилгыг нураалаа

БГД-ийн Засаг даргын Тамгын газар болон тус дүүргийн газрын алба хамтран дүүргийн хэмжээнд сургуулийн хашаанд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа байшин барилгуудыг албадан нураахаар болжээ. Үүний эхлэл болгож тус дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр, 40 дүгээр сургуулийн хашаанд үйл ажиллагаагаа явуулж буй “New capital” компанийн “Champions” биллиард, теннисний клубын байрыг өнөөдөр нураалаа. Уг клуб нь 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тухайн үед “Түр ажиллах” зөвшөөрөл авч байсан байна. Тиймээс дүүргийн газрын албаны зүгээс газраа чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан ч тодорхой шийдэлд хүрээгүй тул ийнхүү албадан нурааж байгаа аж. 

Барилгыг нураахад 10 гаруй сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг эхний ээлжинд Засаг даргын Тамгын газраас гаргах ч “New capital” компаниас шууд төлүүлэх гэнэ. 

Газрыг чөлөөлсний дараа тус газарт дүүргийн Спорт цогцолборын барилгыг барих ажээ.

Т.ГЭРЭЛ



Categories
мэдээ спорт

“Монголын мистер, мисс-2014” тодорлоо

Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос “Монголын мистер, мисс-2014” улсын аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийт 79 тамирчин хөл, хэвлий, мөр, цээжний булчингийн хөгжлөөрөө өрсөлджээ. Тэмцээний эрэгтэй фитнессийн ангилалд “All master” клубын тамирчин Э.Золбоо, эмэгтэй фитнессийн ангилалд “California Fitness club”-ын С.Гансаруул түрүүлжээ. Моделийн төрөлд эмэгтэй 163 см-ээс доош ангилалд Б.Оюунгэрэл, 163 см-ээс дээш ангилалд Б.Энхцацрал нар тэргүүлэв.

Харин эрэгтэй бодибилдингийн 65 кг-ын жинд “Golden gym” фитнес клубын тамирчин н.Баттүвшин, 70 кг-д “Чийрэг монгол” клубын тамирчин Л.Саруулбат нар аваргаар тодорчээ. Мөн 75 кг-д “George Gym” клубын Г.Дорж, 80 кг-д “All master” клубын тамирчин Э.Ганзориг, 85 кг-д “Хар Ирвэс” клубын тамирчин Ж.Нурлан нар тус тус аваргалсан байна. 

Түүнчлэн “Монголын мисс”-ээр Б.Энхцацрал тодорчээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн эдгээр тамирчид энэ жил болох тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм. 

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

“Иргэний мэдээллийн цаг”-т УБЕГ ажиллалаа

Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас “Иргэдийн мэдээллийн цаг” арга хэмжээг өчигдөр Хан-Уул дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байранд” зохион байгууллаа. Энэ үеэр УБЕГ-ын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой хууль, тогтоомж архивын лавлагаа, гадаад паспорттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд  өгч, сурталчилан таниулсан юм. Мөн  Иргэний эд хөрөнгийн бүртгэл болон Иргэний бүртгэлийн архивын лавлагаа,  бүртгэлийн  анхан шатны мэдээлэл, бүрдүүлэх материал зэргийн талаар гарын авлага, тохимолыг иргэдэд тараалаа. 

Мөн энэ үеэр иргэдээс тус байгууллагад хандсан санал гомдол, өргөдөл материалыг амаар болон бичгээр хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна.   

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

“Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнийнхөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг эсэргүүцэв

“Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний тэргүүлэгчид өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус хөдөлгөөнд 40 гаруй төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнүүд нэгдсэн юм байна.

Хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалт “Монгол Улсын Засгийн газрыг удирдаж байгаа Н.Алтанхуяг цаашид ажиллах мэргэжлийн болоод ёс зүйн боломж, чадамжгүй болохыг мэдэгдье. Хуулиас дээгүүр албан тушаал гэж байх ёсгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хууль зөрчин ахлах зөвлөх Л.Гансүхтэйгээ уулзсаныг эсэргүүцэж байна” гэлээ. Мөн тус хөдөлгөөний дэд тэргүүн Б.Батсүх “Монгол Улсын хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчсөн сайд нарыг хууль хяналтын байгууллага шалгаж, шүүх үнэн мөнийг нь тогтоох ёстой” гэсэн юм.

Э.Номин

Categories
мэдээ цаг-үе

Бидэнд лаборатори дээр ажиллах туршлага дутагдаж байсан

Вьетнамын Ханой хотод болсон химийн олимпиадаас гурав­дугаар байр эзэлсэн Нэг­дүгээр сургуулийн сурагч Б.Бат-Оргил, Шинэ Монгол сургуулийн сурагч Н.Тэмүүжин нар­тай ярилцлаа. Тэд энэ хавар ахлах сургуулиа дүүргэжээ. 

Зүүн гар талаас хоёр дахь нь Б.Бат-Оргил, Баруун гар талаас Н.Тэмүүжин.

-Химийн олон улсын олим­пиадад амжилттай ороод ирсэн гэсэн. Аль улсад болсон ямар олим­пиадад ороод ирэв? 

-Б.Бат-Оргил: Бид сая Вьетнамын Ханой хотод болсон олон улсын химийн 46 дугаар олимпиадад дөрвүүлээ оролцоод ирлээ. Манай багаас бид хоёр хүрэл медаль авсан. 

-Хэр том цар хүрээтэй тэмцээн болов. Хичнээн орны хичнээн хүүхэд орсон бэ?

-Ер нь нэлээд том олимпиад. Шинжлэх ухаан, химийн салбар өндөр хөгжсөн 77 орны 300 гаруй хүүхэд орсон. Нэгдүгээр байрын шагналыг Сингапур авсан.Олимпиад туршилтын даал­гавар, бодлогын даалгавар гээд хоёр үе шаттай байсан. 

-Та нар өмнө нь энэ олимпиадад орж байв уу?

-Манай улс жил бүр энэ олимпиадад дөрвөн хүүхэд шалгаруулж явуулдаг. Түрүү жил бид хоёр өөр хоёр хүүхэдтэй хамт явж байсан. Одоо тэр хоёр хүүхэд маань төгсөөд МУИС-д сурч байгаа. 

-Багийнхаа бусад гишүүдийг танилцуулахгүй юу?

– Нөгөө хоёр хүүхэд маань хоёулаа Монгол Туркийн хамтарсан сургуулийн 11 дүгээр ангид орох хүүхдүүд байгаа. Сэлэнгэсүрэн, Энхнаран гэдэг. Багийн хүүх­дүүдийг хувь хувийн оноогоор нь дүгнээд, дараа нь багийн нэгдсэн дүнг гаргадаг учраас тэр хоёр маань медаль авч чадаагүй.

-Насны ангиллын хувьд?

-Б.Бат-Оргил: Ер нь нас­ны хязгаар заагаагүй.  20-иос доош насны тухайн улсаас шалгараад ирсэн ямар ч дөрвөн хүүхэд оролцох боломжтой.

-Туршилтын даалгавар их сонирхолтой санагдаж байна. Энэ даалгавар дээр яг юу хийсэн бэ?

-Б.Бат-Оргил:  Лабора­торийн даалгавар дээр аливаа бодис найруулж, хэр хурдан хугацаанд урвал явж байна. Хоорондоо хэр зохицолтой байна гэх зэргийг судалдаг юм. Энэ удаагийн туршилтын даалгавар нь  Вьетнамын сайн чанартай ургамлаас эм гаргаж авах даалгавар байсан.  Би тэр даалгавар дээр 88 хувийн гарцтай гүйцэтгэсэн. Тэмүүжин 75 хувийн гарцтай гүйцэтгэсэн.  Ер нь олимпиадад орж байх үед 100 хувийн гарцтай гаргах хүүхэд байдаггүй. Дээд тал нь 92-95 хувь байхад болдог.

-Бусад орны хүүхдүүд хэр чадвартай байна?

-Б.Бат-Оргил: Ер нь өрсөлдөгч орны хүүхдүүд нь 16-аас дээш насныхан байсан. Бид нар онолын мэдлэг сайтай ч гэсэн өндөр хөгжилтэй орны хүүхдүүд лаборатори дээр ажиллах чадвар  нь биднээс хамаагүй сайн юм билээ. 

-Н.Тэмүжин: Бид нар гарандаа дасгаж сайн хийж чадаагүй. Бусад орны хүүхдүүдийн орчин нөхцөл, лаборатори дээр бэлтгэл хийх хугацаа нь илүү их байдаг юм билээ. Бараг жил гаруйн өмнөөс бэлтгэл хийдэг гэж байсан. Харин бид нар сар гаруйн хугацаанд л бэлдэж байсан. 

-Манай ЕБС-уудад лабора­тори дээр ажил­лах орчин нөхцөл нь ерөн­хийдөө тааруу шүү дээ. Та нар бэлтгэлээ хаана, яаж хийдэг байв?

Б.Бат-Оргил: Ер нь манай химийн багш жил бүр олим­пиадад бэлддэг болохоор лабораторийн анги байдаг. Эдний сургууль ч гэсэн лабораторитой.  Мөн МУИС-ийн Дорж багштай олимпиадын багт багтдаг болохоор их сургууль дээр очиж бэлддэг. 

-Энэ даалгавар дээр  аль орны хүүхдүүд илүү туршлагатай байв?

-Тэргүүн байранд орсон Сингапур улсын хүүхдүүд. Мөн Орос, Хятад, Герман, Солонгосын хүүхдүүд лаборатори дээр ажиллахдаа их чадварлаг юм билээ. Азийн орнууд онол талдаа их сайн. 

-Та хоёр хавар ахлах сургуулиа төгссөн гэж байсан. Одоо аль сургуульд, юуны чиглэлээр сурах гэж байгаа вэ?

-Б.Бат-Оргил:  Би ШУТИС-ийн инженерийн ангид орсон. Химиэс гадна техник сонирхдог болохоороо энэ чиглэлээр сурах гэж байгаа.

-Н.Тэмүжин: Би МУИС-ийн Химийн шинжлэх ухааны сургуульд орсон. 

-Химийн хичээлээсээ гадна сонирхож судалдаг юм байна уу. Өөр чиглэлээр амжилт гаргаж байв уу?

-Б.Бат-Оргил: Би Нийслэлийн шилдэг сурагчаар хоёр удаа шалгарч байсан. 2010 онд болон энэ зун шилдэг сурагч болсон. Ер нь хичээл, урлаг спорт гээд аль аль чиглэлд өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой. Ингэснээр ирээдүйд аль ч салбарт ажилласан, хувийн амьдралаа зохиоход ч гэсэн тустай юм болов уу гэж боддог. 

-Жишээлбэл ямар спор­тоор хичээллэж байна?

-Спортын хувьд гэвэл бокс их сонирхдог.  Монголын боксын шигшээгийн дасгалжуулагч Б.Энхтайван багшаар удирдуулан “Баянгол” клубт гурав дахь жилдээ хичээллэж байгаа. Өнгөрсөн хоёр сард болсон өсвөрийн улсын аваргаас хойш олимпиаддаа бэлдээд бэлтгэлээ хийгээгүй. Одоо хичээл ном жигдрээд ирэхээр ирэх жилийн улсын аваргад орохоор төлөвлөж байгаа. Мөн бүжиглэх дуртай.  “Aim4r Prod dance” бүжгийн клубт хичээллээд жил болж байна. 

-Н.Тэмүүжин: Миний хувьд спорт тийм ч их сонирхдоггүй л дээ. Одоо л волейволоор хичээллэдэг юм билүү гэж бодож байна. Спорт гэхээсэээ илүү загварын чиглэлд нэлээд дуртай. Энэ жил “Сити” институдээс зохиосон загварын тэмцээнд тусгай байр эзэлсэн. 

-Химийн шинжлэх ухаа­ны юу нь сонирхлыг чинь татдаг юм бэ?

-Н.Тэмүжин:  Аливаа юмны дотоод найрлагыг судалж, шинэ бодис гаргаж авах их сонирхолтой санагддаг. Дээр нь химийн хичээлээ сайн ойлгодог болохоор химиэр явах сонирхолтой.

-Б.Бат-Оргил: Харин би химиэр явъя гэж боддоггүй л дээ. Химиэр би зүгээр өөрийн оюун ухаанаа дайчилж, сорихыг хүсдэг. Яг л бокс, бүжиг гээд спортоор хичээллэдэгтэй адилхан юм уу даа. Харин чадвартай инженер болох илүү хүсэлтэй. 

-Ямар хүнийг хамгийн их хүндэлдэг вэ?

-Б.Бат-Оргил: Би аав, ээж болон ангийн багшаа хамгийн их хүндэлдэг. О тогтоолтын академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатарыг маш их хүндэлдэг. Монголын залуус ийм байх ёстой гэж бодон, үлгэр жишээ авдаг даа.

-Н.Тэмүүжин: Би ч гэсэн ээжийгээ хамгийн их хүндэлдэг. Мөн ангийн багш Оюунчимэг, химийн багш Өнөржаргал, Батбилэг нарыг хүндэлдэг. 

-Удахгүй хичээл орлоо. Их сургуульд орох бэлтгэлээ хэр хангасан бэ. Бүртгүүлж, мате­риалаа бүрдүүлж дууссан биз дээ?

-Н.Тэмүүжин: Бүрт­гүүл­чихсэн. Гэхдээ зарим юмаа хөөцөлдөж дуусаагүй байгаа. 

-Сэтгэл хэр догдолж байна?

-Арван жилээсээ  шинэ шат руу ахиж байгаа, мөн  шинэ танил нөхөдтэй болох гэж байгаа болохоор догдолж байгаа. Анхнаасаа сайн сурна даа л гэж бодож байна.

-Н.Тэмүүжин: Би бэлт­гэлээ хангаад дуусчихсан. Хичээлийн юмнуудаа л аваа­гүй байна. Хүмүүс чинь нэг дэвтэр нэг балтай байхад л болчихно гээд байх юм байна ш дээ. Миний хувьд ч гэсэн адилхан догдолж байна.

Э.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

Манай эмэгтэй тамирчид гурван алтан медаль хүртлээ

Польшийн Домброва Гурнича хотод болсон эрэгтэй чөлөөт бөхийн ХХIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХYIII дахь удаагийн “Poland Open” олон улсын тэмцээн хоёр өдөр үргэлжилж өчигдөр дууслаа. Энэхүү наадамд  Австри, Афганистан, Беларусь, БНХАУ, Болгар, Испани, Иран, Казахстан, Латви, Мехико, Молдав, Монгол, ОХУ, Польш, Тунис, Турк, Словак, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Эстони, Япон зэрэг 23 орны 150 орчим эрэгтэй, 80 гаруй эмэгтэй бөх өрсөлджээ. Үүнд манай эмэгтэй баг 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож,  гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл нийт долоон медаль хүртэн амжилт үзүүллээ. 

Тодруулбал, тэмцээний эхний өдөр 55 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин С.Бямбацэрэн, 60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин  С.Цэрэнчимэд нар алт, 60 кг-ын жинд мөн “Алдар” спорт хорооны тамирчин П.Орхон хүрэл медаль хүртжээ.

 Харин тэмцээний хоёр дахь өдөр манай зургаан эмэгтэй бөх дэвжээнд гарснаас,  63 кг-ын жинд Олимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Батцэцэг алт, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер “Замчин” спорт клубын тамирчин Э.Сумьяа мөнгө, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Даваачимэг, 75 кг-ын жинд ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль авав. 

Э.Эрдэнэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол бөх ашиг хонжоо, атаа хорслын талбар болж бүр мөсөн мөхжээ

Монголчуудын зуу зуун жилийн түүх соёл, өв уламжлалын илэрхийлэл болсон монгол бөх өнөөдөр жинхэнэ утгаараа мөхлөө дөө, хөөрхий. Бөхөд нүүрлэсэн аюулт хар сүүдрийг ард түмэн бий болгосонгүй. Хэн нэгэн далдаас удирдсангүй. Ерөөс бөхчүүд нь өөрсдөө л мөхөлд хүргэж түүх соёл, ёс жудаг, өв уламжлал руугаа нулимж, бөхөө дээдэлдэг түмэн олноо доромжлох болсон билээ. Монгол бөхийн барилдаан өнөөдөр үнэнч шударга байхаа больсныг захын хүн гэрчилнэ. 

Төрийн наадамд ч, бүсийн наадамд ч, аймаг, сумын наадамд ч ялгаагүй. Дандаа авлига хээл хахуулиар шийдэгдсэн, атаа хорсол, өш хонзонгоор дүүрсэн баяр цэнгэлийн бус балчиг намгийн талбар болжээ. Та бүхэн харсан биз дээ. 

Өнөө жилийн наадмын гол дуулиан юу байв. Завханы Жаргалсайхан гэж залуу энэ цаг үеийн бөхийн өнгө болсон аварга, арслангуудыг дараалуулан орхиж, үзэгч түмнийг суудлаас нь өндөлзүүлсэн наадмыг Сүхбат аваргын аяг ааш, атаа хорсол нэг мөр булж орхисон нь харамсмаар. 

Үүнд бөхийн холбооныхон буруутай. Сүхбат аварга эрэмбээрээ зүүний магнайд гарах нь зөв. Ухаандаа, Бат-Эрдэнийг зодоглоогүй үед төрийн наадмыг түүний дараагийн аварга болох Сүхбат манлайлах нь зүйн хэрэг. Монгол бөхийн дархан аварга цолтнуудад олон түрүүлсэн нь өмнөө гарна гэх хууль дүрэм үйлчилдэггүй.  Баянаа аварга хэдий арав түрүүлсэн ч бөхийнхөө эрэмбээр Дамдин, Мөнхбат хоёрын дараа босдог байсан. Гэтэл өнөө жилийн наадмын зүүний магнайд бөхийн холбооныхон Сүхбатыг бус Өсөхбаярыгаа тавьж л байдаг. Буруу шүү дээ. Юун төлөө үндэсний бөхийн холбоо гэж байгаа билээ. Бөхчүүдийн эрэмбэ дарааллыг хууль ёсных нь дагуу бичиглэж ягштал баримталж явах нь тэдний үүрэг юм. Түүнээс Сүхбат, Өсөхбаяр гэдэг юм уу, бөхчүүдийг хувь хүнийх нь үүднээс авч үзэж хэрхэвч болохгүй. Энүүхнээс л бөхийн ялзрал, мөхөл гэдэг чинь харагдаад байгаа хэрэг. Сүхбат аварга бөхийнхөө эрэмбийг хэлээд л дархан аваргын байр сууриндаа бат зогсож байхгүй, бөхийн холбооныхонтой хэрэлдэж, дээш доош ярьж, уйлж унжихын хэрэг юу байна аа. Тэгээд тэрхүү өш хонзон атаа хорслынхоо үүднээс гурвын даваанд Өсөхбаярыгаа амлаж байдаг. Наанаа бөхийн эрэмбэ, цолны эрэмбэ энээ тэрээ гэж байгаа боловч уг үйлдэл нь наадамчин олноо доромжилсон, монгол бөхийн дээд цол болох дархан аварга цолоо үл хүндэтгэсэн, бөхийн бичигдээгүй ариун жудгийг бус өс хонзон гэх зүйлийг сэтгэлдээ хавдар шиг хадгалж ирснийх нь илрэл байлаа.

Ийм л дуулиан шуугиантай наадмын дараа бүсийн наадмууд гэж ёстой нэг шившигтэй юм боллоо доо. Энэ жил уламжлал ёсоор дөрвөн аймагт бүсийн даншиг наадмууд болсон. Тодруулбал, Ховдод баруун бүс, Баянхонгорт говийн бүс, Хөвсгөлд хангайн бүс, Дорнодод зүүн бүсийн наадмууд зохиогдсон. Эдгээр даншиг наадмуудын бөхийн барилдаан монгол үндэсний бөхийг бүр мөсөн мөхсөнийг гэрчилсэн юм. Одоогоос хоёр жилийн өмнө “Өдрийн сонин”-ы дугаарт “Монгол бөхийн мөхөл ба бүсийн наадмууд” хэмээх нийтлэл хэвлэгдэж байсан. Тухайн жил мөн л дөрвөн аймагт бүсийн наадмууд зохиогдсоноос Баян-Өлгийд болсон баруун бүс, Дундговьд болсон говийн бүсийн бөхийн барилдаан хэрээс хэтэрч, хэдэн халтар төгрөгтэй шалдан банди нар улсын цолтой хүчтэнүүдийг толгой дараалан буулгуулж, наадамчин олныг доромжилж, бөхийнх нь дэвжээг бузарлаж орхисон байдаг. Ялангуяа Дундговийн наадамд зодоглосон 512 бөхийн барилдаан зүгээр л жүжиг, шоу болоод өнгөрсөн удаатай. Уг барилдааны үеэр Луу гүний Вандан, Буур Жамъян гээд домогт аваргуудын өлгий нутгийн залуу хүчтэнүүд хэдэн халтар төгрөгнөөс болж ам зөрөн улмаар бөхийн дэвжээн дээр хэн хэн рүүгээ салаавч гарган зүй бусаар авирласан ч дуулддаг юм. 

Тэрхүү нийтлэлийн дараа Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл хуралдаж Дундговь аймгийн наадамд өөрийн бяр хүчээр бус өгөө аваа, ашиг хонжоо, найраа хэлцээгээр цолонд хүрсэн гэх залуучуудын цол чимгийг хурааж, тухайн наадмын бөхийн барилдааныг хүчингүй болгосон. Найраагаар цолонд хүрсэн гэх залуучуудын цолыг хураадаг нь зөв л дөө. Гэвч найраанд орж, олны өмнө улаан цагаан бууж өгч, өөрсдөө найрааг нь гардан хийж, бөхийн барилдааныг үзүүлбэр шоу болгон хувиргаж, дэглэж найруулж ирсэн улсын цолтой бөхчүүдэд цаг тухайд нь яагаад хатуу арга хэмжээ аваагүй юм бэ гэх асуултын гогцоо ургаад ирнэ. Дэвжээн дээр нэгнээ зодож байхыг нь, ахмад бөхчүүдийнхөө өөдөөс ална тална гэж дайрч давшилж байхыг нь хараад нүдэн балай, чихэн дүлий өнгөрүүлснийхээ горыг өнөөдөр бид амсаж байна. Аливаа юмны учир мэдэхгүй бөх гэх нөхдүүд нэг л дээрэнгүй хүмүүс болон хувирч, шунаг шунахай сэтгэлдээ дийлдэж, хахаж цадталаа баяжсаны гороор монгол бөх маань ийнхүү устаж үгүй боллоо. Түүнийг нь өнөө жилийн бүсийн наадмууд бүр чиг нотлоод өгсөн дөө. 

Хөвсгөл аймагт зохиогдсон “Хотгойдын хурд” хангайн бүсийн даншиг наадмын бөхийн барилдаан зодооноор өндөрлөсөн гэж байгаа. Мөнгөний төлөө цолтой бөхчүүд нь хэрхэн яаж улайран дайрдгийг, том цолтой бөхчүүд нь мөнгөтэй нэг бандийн гарт орчихсон түүнийгээ түрүүлүүлнэ гэж ална шулнадаа тулдгийг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын харцага Г.Ганхуяг олонд дэлгэсэн. Монгол бөхөд бугшсан идээ бээр ийн өөрийн эрхгүй тартагтаа тулж дэлбэ үсэрсэн нь тэр. Ганхуяг харцагын Содномдорж харцагад бичсэн захидлаас бүх зүйл тодорхой харагдана. Уг захидалд “…Содномдорж энэ жилийн наадмаар улсын начин Баянмөнх, аймгийн арслан Нямбаяр, Давааням, Батням, аймгийн начин Пүрэвдорж нарыг дарамтлан дагуулж, “Хөвсгөлийн хүчтэн” галаас тусдаа Даян дээрхийн хүчтэн бөхийн гал байгуулж бэлтгэлд гарсан учир нь нутгийн зөвлөл болон ивээн тэтгэгч дэмжигчид, аймгийн Засаг даргаас мөнгө цуглуулах хувийн сонирхолтой нь холбоотой байжээ. Тэгтэл улсын наадмын гурвын даваанд өөрийг нь  дагаж бэлтгэлд гараагүй гэж уурлан, сайн барилдана хэмээн итгэл хүлээлгэж байсан аймгийн арслан Хаш-Эрдэнийг амлан унагаж урам хугалсан. Сая болж өнгөрсөн Хотгойдын хурд наадмаар мөнгөө багтааж ядсан гадны бөхчүүд дагуулж ирээд Хөвсгөл аймгийнхаа бөхчүүдийг дарамталж цол авахууллаа. Ховдын Ууганбаяр гэж залууг аймгийнхаа наадамд түрүүлүүлэх гэж хэт улайрч зүтгэн мөнгөнд шуналтсанд анхнаас нь дэмжиж явсан ахын хувьд ихэд харамсч, гомдож байна. Бөхийн буянаар өдий зэрэгтэй амьдарч явнаа, миний дүү. Тогоотой хоол руугаа шороо битгий цац. Хүнд их мөнгө биш их сэтгэл байхад болдог юм” гэжээ. Энэ бол “гарлаа, өрлөө, давлаа” хэмээн гуравхан үгээр дуудуулж барилдаж байсан Дарийн Дамдин, уран барилдаант угсраа олон мэхтэй Чойжилын Бээжин нарын домогт аваргуудын өлгий нутгийнхны бөхийн хагарал. Ерөөсөө хэдэн халтар төгрөгнөөс болсон хагарал. Яг ийм хагарал бутрал аймаг аймаг, гал галын бөхчүүдэд байгаа. Бүгд л мөнгөний төлөө улайран тэмцэж бөхийнхөө ариун голомтыг сэвтээж бузарлаж орхиж буй нь хэнд ч илэрхий болжээ. 

Аймгуудын наадмын захын жишээ гэхэд, Өмнөговьд Д.Рагчаа, Б.Гончигдамба нарын төрийн наадамд түрүүлнэ хэмээн яригддаг бөхчүүд очоод өнөө л найраа хуйвалдаанаараа ард түмнийг нь доромжилж, наадмынх нь үзүүр түрүүг Рагчаа гарьд нутгийн залуустаа буюу  Архангайн Баярхүү, Отгонбаатар нарт өгчээ. Улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших гээд энэ цаг үеийн шилдэг бөхчүүд тус аймгийн наадмын тавын даваанд дуу дуугаа аваад унаад өгсөн байна. Аймгийн начин цолтон төрүүлэх нэрээр мөнгөнд явчихсан нь тэр.  

Ийнхүү Баянаа, Мөөеө, Бат-Эрдэнэ, Сүхбат, Өсөхбаяр, Сумъяабазар нарын аваргуудын үед монгол бөх бүр мөсөн мөхөж үгүй боллоо. Монгол бөх ийн мөхлөө гээд төрийн наадам болдгоороо болно, аймаг, бүсийн наадмууд болдгоороо болно. Амьгүй албатууд гэдэг шиг жудаг ёс, түүх соёлоо уландаа гишгэн мөнгөний төлөө улайран тэмцсэн бөхчүүд нь зодоглож ард түмнээ доромжилдгоороо доромжлох байх. Тэдний барилдааныг үзээд юун сэтгэлийн цэнгэл эдлэх, сэжиг хүрч бөөлжис цутгадаг. Монгол бөхийн мөхөлд аваргууд хамаатай юм. Тэд бөхийн дэвжээгээ хайрласангүй, хайрлахыг ч эрмэлзсэнгүй. Дандаа хувийн ашиг хонжоо, өш хонзонгоор явж ирснийх нь “үр дүн” өнөөдөр гарч байна. 

Баянаа аварга бөхийг дандаа л салган бутаргаж, талцуулж халх дөрвөдөөр нь хувааж ирсэн хүн. Түүнийх нь нөлөө байдаг юм байлгүй,  увсын бөх түрүүлсэн наадмаар төв цэнгэлдэхэд “Увс нуур” дуу эгшиглэх болсон. Бүр уламжлал болоод тогтчихлоо. Үнэндээ монгол төрийн наадам уу, Увс гэдэг тусгай улсын наадам уу гэдэг нь мэдэгдэхээ байсан. Энэ жил ч ялгаагүй, Увсын бөх түрүүлж, “Увс нуур” дуу эгшиглэлээ. Үүнийг анхаарч буй төр засаг гэж байна уу. Монгол Улсын Ерөнхий сайд та Увс нутгийн хүн. Монгол төрийн наадамд “Увс нуур” дуу дуулагдахыг хувьдаа юу гэж бодож байна вэ. Монгол Улсын Ерөнхий прокурор та мөн тэр нутгийн хүн. Увсын бөхчүүдийн галыг толгойлдгийг тань хүмүүс мэднэ.  Монгол төрийн наадам өндөрлөж, Ерөнхийлөгч наадмыг хааж үг хэлэх үед ёс юм шиг “Увс нуур дуу” эгшиглэхээр нэг л эвгүй сэтгэгдэл төрөөд явчих юм байна шүү дээ. Танд тэгж санагдахгүй байна уу, Дорлигоо даргаа. 

Бөхийнхөө нэр хүндээр Их хурлын сонгуульд хэдэнтээ сонгогдож төр түшилцэж яваагийн хувьд Баагий аварга минь монгол бөх нүдэн дээр чинь мөхөж буйг харж байна уу, ингэхэд. Сумъяабазар та бүхэн монгол бөхөө аврах цаг нь болсон юм биш үү. “Бөхөөс авдгаа авсан. Хүртдэгээ хүртсэн. Одоо болоо” гээд буруу харж болохгүй байх. Залуу бөхчүүдийн мөнгө шүтсэн сэтгэл зүйг өөрчлөх, хүн бус араатан адил авирладгийг нь болиулах, атаа жөтөө, өс хонзонгоос холдуулах талаар арга хэмжээ авахыг Бат-Эрдэнэ аварга танаас шаардаж байна. Доромжлуулж дуусч буй ард түмнээ, бузарлагдан муу муухай бохир зүйлээр сагаж дүүрсэн бөхийн дэвжээгээ ариун байлгах нь таны үүрэг. 

Сүүлд нь нэмж хэлэхэд, авлигад идэгдсэн бөхчүүдийн жүжиглэхийг ард түмэн минь битгий үз. Өөрсдийгөө тэгж доромжлуулах хэрэг юу байна. Наадамчин олон байхгүй бол наад хэд чинь юу юм, юу ч биш шүү дээ. Хэдэн хөлстэй тэнэгүүдэд байгаа бүхнээ өгч ирснээрээ бид буруудсан. Бөхчүүдийн байгуулсан гавьяа гэж юу байх билээ. Тэгэхээр одооноос хуурамч барилдааныг нь тоож ч хардаггүй баймаар байна. Тэртэй тэргүй монгол бөхийг наад тэнэгүүд чинь өөрсдөө мөхөөчихлөө шүү дээ.    

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Гэртээ өнжих завгүй “хордлого”-ын Юндэн эмч

Хөтөлд гарсан булчин задрах тахал, метилийн спирттэй  архинаас болж өчнөөн хүн амиа алдсан тохиолдол, Дорнодын түймэр, Налайхын уурхайн осол гээд Монголд болсон томоохон үйл явдлуудын ихэнхэд нь хордлогын эмчээр ажилласан эрхмийнд өнжлөө. “Хордлого”-ын С.Юндэн гэхээр салбарынхан нь анддаггүй юм билээ. Утас цохиж гэрт нь өнжих хүсэлтэйгээ  хэлтэл “За даа, би ч гэртээ тогтоод байдаг хүн биш дээ. Манай эмнэлэг дээр хүрээд ирэх үү. Гэрээр ороод гарах зав олдох байхаа” гэж байна. Эмнэлгийг нь заалгаж аваад очлоо. С.Юндэн эмч Сонгинохайрхан дүүргийн урд талд “Гэгээн мед” гэдэг хувийн эмнэлэг ажиллуулдаг юм байна.  Айраг найрын цаг болохоор цөөхөн хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Хордлогын чигийн эмнэлэг аж. Тасгууд нь цэвэрхэн, тохилог, өрөө бүрдээ ариун цэврийн өрөөтэй юм.

Эмчийн өрөөнд орлоо. Номоо хэвлэлд бэлтгээд тун завгүй суугаа нь ажлын ширээг нь харахад л илт байв. Эмнэлэгтээ ажиллахаас гадна Эх  хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвд зөвлөх эмчээр ажилладаг гэнэ. Мэдээж хордлогын чиглэлээрээ. “Та Монголд гарсан томоохон хордлогууд дээр ажиллаж байсан хүн. Илүү хөлс урсгасан, хүч шаардсан тохиолдол гэвэл алийг нь онцлох вэ” гэж асуутал “Хөтөлд 1996 оны үед гарсан холер. Монголоор бол булчин задрах тахал л даа. Би Эрүүл мэндийн яамны багийг толгойлж сэхээний эрчимт эмчилгээний зөвлөхөөр ажилласан юм. Өмнө нь манайд халуун орны тийм өвчин гарсан удаагүй учраас их хэцүү байсан. Ямар ч туршлагагүй. Шууд холер гэж мэдээгүй. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээс гарч байгаа хаягдал уснаас хүн амьтан хордчихож, химийн хордлого байж магадгүй гээд намайг явуулсан юм. Анх очиход таван хүн нас барчихсан байлаа. Биднээс түрүүлээд бактерлогич, эрүүл ахуйчид оччихсон байсан л даа. Яг очдог орой  лабораторийн шинжилгээгээр холерийн үүсгэгч  гэдэг нь тодорхой болчихлоо. Өмнө нь огт заалгаж байгаагүй зүйлтэйгээ нүүр тулсан” гэж хэлээд толгой сэгсрэв. Тэднийг очсоны дараа нэг ч хүн амь үрэгдээгүй, шуурхай эмчилгээ хийж бүгдийг нь босгожээ.  Амжилттай болсны шалтгаан нь цэргийн байгууллага ажилласных гэнэ. “Цаашдаа ч гэсэн янз бүрийн голомтон дээр ажиллавал цэргийн байгууллагаа түлхүү түших нь зүйтэй юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн” гэж яриагаа үргэлжлүүлэв. Холерийн голомтод ажилласан эмнэлгийн ажилтнуудын хэн нь ч халдвар аваагүй нь зохион байгуулалт өндөр байсантай холбоотой гэж С.Юндэн эмч ярив. 

 Дараагийн хэцүү  тохиолдол нь Багануурын хордлого гэнэ. “Азийн чоно” компанийн метилийн спирттэй архины хордлого гэхээр уншигчид андахгүй. С.Юндэн эмч тэр хордлогын талаар “Маш богино хугацаанд их олон хүнийг хамарсан, нягтрал ихтэй хордлого байсан. Би арванхоёрдугаар сарын 31-ний шөнө хотоос дуудагдаад очсон юм. Тэр үед хоёр хүн нас барчихлаа гэж байсан. Намайг очих хооронд шөнөдөө долоон хүн нас барчихсан. Тэр үед бид нэг л зүйлд гомдолтой байсан. Эрүүл мэндийн боловсролтой холбоотой асуудал л даа. Архинд хордсон хүмүүс шартчихаж гээд гэртээ хэвтсээр байгаад яг үхэх болохоороо эмнэлэг бараадсан. Эмнэлгийн хаалгаар орж ирээд үхээд байсан. Тэр үед зуун хориод хүн хордож ирсэн. Цаг алдалгүй ирсэн хүмүүс нь бүгд сэхсэн. Хамгийн харамсалтай нь нас барсан хүмүүсийн дийлэнх нь  баяр ёслолын үеэр л архи амсдаг  залуус байсан” гэж ярилаа.  Архинд хордох, шартах хоёр ялгаатай эсэхийг сонирхоход “Ялгаатай байлгүй яахав. Хордлого нь  харьцангуй гүнзгий илэрнэ. Нүдний хараа муудна. Хөхрөлтийн шинжүүд ажиглагдана” гэсэн хариу өгөв. Ерэн оны эхээр Налайхын уурхайн осол ч их хүч шаардаж байж. Уурхай нурсан тэр үед угаарын хийн хордлого голложээ.  Уурхайчид тархины архаг хордлогод орсон гэнэ. Одоо ч зарим нь эмчийн хяналтад байдаг аж. Монголд олон хүнийг хамарсан химийн голомтын ослууд  20 гаруй удаа гарч байсны ихэнх тохиолдолд С.Юндэн эмч ажиллаж байжээ. 

Сүүлийн үед залуу хүмүүс амиа хорлох нь ихэсчээ. Эмчийн эмзэглэж явдаг асуудлын нэг нь энэ гэсэн. Тэрээр “Цаана нь сэтгэл зүйн асар том драм явагдаж байгаа. Гарцгүй байдалд орж эцсийн шийдэл нь үхэл болчихсон байдаг. Энэ нь эмчид үнэхээр хатуу буудаг. Нэгэнт сэтгэл зүрхээрээ явъя гээд шийдчихсэн учраас эмчилгээний үр дүн муу байдаг. Хүний бие сэтгэл хоёрыг хоёуланг нь эмчилж байж л босч ирдэг” гэж ярив. “Аврах боломжгүй өвчтөнийг аварсан тохиолдол бий юу” гэж асуухад “Өчнөөн бий. Эх нялхаст  могойд хатгуулсан  хоёрхон настай  казак хүүхэд ирж байсан юм. Их хүнд хордлоготой. Монголд тэрийг нь эдгээдэг эм  байхгүй. Могойн хорны ийлдэс гэж байдаг. Вакцин шиг зүйл гэсэн үг. Бие нь эрс муудчихаад байхад бид лазерын туяаны эмчилгээ хийсээр байгаад босгоод ирсэн. Хатгасан могойг тэр хүүхдийн аав цэвэр усны таван литрийн саванд хийгээд ирчихсэн. Хүү нь амьдарвал ууланд нь тавина, хүүгээ нас барвал цуг оршуулна гэж ярьж байлаа.  Жэпэнес мабуши гээд бамбай хоншоортны бүлгийн Японы могой байсан юм” гэж дурсамж сөхөв. Одоо л гэхэд Гэмтлийн сэхээнд могойд хатгуулсан есөн настай охин хэвтэж байгаа гэнэ. Мөн л энэ могойд хатгуулаад иржээ.  Зун цагт хүүхдүүд могойд хатгуулах нь их байдаг аж. 

С.Юндэн эмч ширээн дээрээсээ үдэж бэлдсэн зузаан гэгчийн бичгийн цаасыг авснаа  “Бид өглөө бээлий өмсөөд орой нь  тайлдаг хүмүүс. Амьдралын хэв маяг маань тийм. Хажуугаар нь эрдмийн ажилтай, багшилна, зөвлөх эмч хийнэ. Хувийн эмнэлгээ ажиллуулна. Одоо гуравдугаар эмнэлэг орж бэлэн болгосон номын эхээ редакторлуулах хүндээ өгөх юм. Тэр далимаараа та нарт гэрээ харуулъя. Ороод л  гарах байх шүү. Дараа нь гэмтлийн эмнэлэг орж эмчилгээ хийх ажил бий” гэж байна. Эмчилгээний өрөөнөөсөө саарал өнгийн жижиг аппарат аваад халаттайгаа үүд зүглэлээ. Могойд хатгуулсан охиныг эмчлэх лазерын эмчилгээний аппарат гэнэ. Машинд суугаад гуравдугаар эмнэлэг явах замд утас нь хангинав. “Одоо чинь найр наадмын цаг. Хүмүүс нь цуглана гэвэл очиж болж байна аа” гэж хэлээд утсаа салгав. Найз бүсгүйдээ гар хүрч амиа алдахад нь нөлөөлсөн гэх Алтанхүүгийн хэрэгтэй холбоотойгоор  шүүх хуралд  байлцахыг хүсч залгажээ. Шүүх эмнэлэг бүсгүйг зодуулснаас болж амиа алдаагүй, эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг нь хохирогч тал хүлээн зөвшөөрөөгүй учраас  дүгнэлтийн талаар яамнаас хөндлөнгийн шинжээчид томилжээ. Шинжээчдийнх нь бүрэлдэхүүнд С.Юндэн эмч багтсан юм байна. Энэ мэт ажилд ч нэлээд оролцдог бололтой юм. 

Гуравдугаар эмнэлгээр орсны дараа гэр рүү нь явлаа. Гэрт нь ороход зураачийнд ороод ирэв үү гэж андуурмаар дүр төрх угтав. Бийр, будаг, эгнүүлж өрсөн эскиз зургууд хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Мандаж буй нарны наана зогсох унага, хоёр морь хөтөлсөн хүү гээд морины зураг цөөнгүй харагдав. Нөгөө талын хананд жаазлахад бэлэн болсон зургууд харагдана. Ц.Дамдинсүрэн зохиолчийн хөрөг их содон шийдэлтэй юм. Доод талд нь тоос татуулан давхих морьд, дээд талд нь эрдэмтэн зохиолчийн хөргийг зуржээ.  Саарал голдуу өнгө давамгайлсан энэ хөрөг яах аргагүй нүд унахаар бүтээл болж. Цэцэгсийн зураг ч нэлээд хэд үзэгдэв. Хүүхдүүд нь бололтой хүү, охин хоёрын зураг ч анхаарал татахаар юм. Зураг зурах нь  С.Юндэн эмчийн хобби гэнэ. Өнгөрсөн жил  хөгшнөө өөд болсноос хойш гэртээ байхдаа сав л хийвэл бийр, цаас нийлүүлдэг болж. Өглөө таван цаг гэхэд босч номоо бичдэг ажилтай гэнэ. Голдуу хордлогын чигийн ном бичдэг аж. Одоогоор хориод ном бичжээ. Номныхоо завсар зайгаар зургаа зураад суучихдаг бололтой. Зургаа цуглуулахаас илүү бэлэглэчихдэг юм байна. 

Санктпетербургт сурч байхдаа зурсан зургаараа бие даасан үзэсгэлэн хүртэл гаргаж байж. Хойно сурч байсан зургуудаа сонирхуулав. Санктпетербургийн цэргийн академи төгсч ирээд хөдөө бага эмчээр хэсэг ажиллажээ. Хотод ирээд цэргийн газарт нэлээд хугацаанд цэргийн эмч хийж.  Сонирхуулж хэлэхэд С.Юндэн эмч анагаах ухааны доктороос гадна цэргийн хурандаа цолтой юм билээ. Гэрийн эзэн зургийн цомог сонирхуулангаа “Одоогоор бол Сантпетербург, миний сурч байх үеийнхээр бол  Ленинградын Цэргийн хүмүүнлэгийн академид  байнга л байлдааны тухай заана. Шарх, хордлого хоёр л заана шүү дээ.  Тэр үед чинь надаас өөр хордлогын эмч байгаагүй юм. Эндээ ажиллаж байгаад Ленинградад буцаж очиж эрдмийн зэрэг хамгаалсан. Ленинградад нийтдээ  11 жил болсон. Санктпетербург их гоё хот. Зүгээр ч нэг тэнгэрийн доорх музей гэж нэрлээгүй. Жинхэнэ урлагийн хот доо” гэж ирээд Санктпетербургийн талаар баахан яриа өрнүүлэв.

Эднийх нэг хүү, нэг охинтой. Ач, зээ нийлээд долоо хүрчээ. Зуны цагт хайртай ач, зээ нар нь зуслан гардаг гэнэ. Өвөө нь амралтын өдрөөрөө очиж “эрхүүлэх ажил”-аа хийдэг аж. Ач, зээдээ амь, их ажлынхаа хажуугаар яаж ийгээд зав гаргадаг нь ярианаас нь илт. Байсгээд л ач, зээгээ ярих юм. Охин нь Боловсролын их сургуулийг хэлний чиглэлээр төгсчээ. Том хүү нь циркийн найруулагч  юм байна. Одоо циркийн сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж  байгаа гэнэ. 

Өчнөөн ажлын хажуугаар хоёр төрийн бус байгууллагатайг нь гэрт нь яриа өрнүүлж  суухдаа мэдэж авав. Нэг нь баруунд элбэг байдаг  шар айрагны клубэрхүү байгууллага гэнэ. “Оюуны сүм” гэсэн нэртэй. Ертөнцийн ээдрээтэй түмэн асуудлаар салбар салбартаа дажгүй яваа хүмүүс тойрч суугаад халуун яриа өрнүүлэх бололтой. С.Юндэн эмч бидэнд кофе бэлдэнгээ “Танин мэдэхүй хязгааргүй учраас шашнаас эхлээд ярихгүй сэдэв байхгүй. Миний цагийг авч мэдэх эд болоод байна даа” гэж байна. Эрхээ авахаар бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн гэнэ. Шар айрагны клубынхны ярих эхний уулзалт тун сонирхолтой өрнөх шинжтэй. Цөмийн физикийн залуус оролцох гэнэ. Эйнштейн амьдралын сүүлийн жилүүддээ эхний онолуудаа үгүйсгэсэн шиг шинжлэх ухаанд байдаг маргаантай асуудлуудаар  Монголын шар айрагны клубынхан яриа өрнүүлж эхлэх нь ямар ч гэсэн тодорхой болчихож. Хоёр дахь төрийн бус байгууллага нь Хордлого судлалын үндэсний шинжилгээний нийгэмлэг. Нийслэлийн Засаг даргын тамгын газрынхантай хамтарч архины эсрэг сурталчилгааны төсөл хэрэгжүүлж  эхэлжээ. Хашдаг алба нь хэд хүрснийг сонирхвол “Лав л хориод юм бий” гээд инээж байна. Одоо дахиад нэгийг нэмэх гээд бэлдэж суугаа  нь “Оюуны сүм” клуб аж.  

Кофе ууж, зургийн цомог сонирхож, элдэв яриа өрнүүлж суутал нэг л мэдэхэд гарах цаг болжээ. С.Юндэн эмч цагаа харснаа “Одоо гэмтэл рүү явж хоёр хүнд эмчилгээ хийх ёстой” гэж яаравчлав. Бид ч дагаж явах зөвшөөрөл аваад хамтдаа Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү сүнгэнүүллээ. Могойд хатгуулсан охин сэхээнээс энгийн тасаг руу шилжжээ. Лазерын эмчилгээ хийж эхлэх гэнэ. Охины өрөө рүү явах замдаа  “Хэт ягаан туяаны нэг гол үйлчилгээ нь микробыг шууд үхүүлдэг. Дараагийн үйлчилгээ нь  дархлааны бүх л элементийг идэвхжүүлнэ” гэж эмчилгээгээ тайлбарлав. Охин их л зовиуртай байгаа нь илт. Хөлөө битүү боолгожээ. Хөлөндөө дахиад мэс засал хийлгэсэн гэнэ. Биднийг очиход ээж нь сахиж байв. Охин эмээ, өвөөтэйгөө хөдөө явж байгаад могойд хатгуулжээ. Ганцаараа жимс түүх гээд мод руу ороод хатгуулчихсан аж. С.Юндэн эмч авч яваа аппаратандаа холбогч маягийн зүйл шургуулж, охины судсанд бэхэлсэн уян зүүтэй холболоо. Охины судсыг нэвтлэн харагдах  ягаан туяаг С.Юндэн эмч заагаад “Хэт ягаан туяа дамжиж байгаа нь энэ” гэв. “Хордлогын хувьд хамгийн гол зүйл бол цаг алдалгүй  тусламж үзүүлэх. Бид цаг алдаад байна. Хөдөө орон нутагт нарийн мэргэжлийн эмч байхгүй нь гол зовлон болоод байна даа. Хордлогын хувьд үндэсний сүлжээтэй, үндэсний төвтэй болох цаг ирсэн. Миний зорьж ажиллаж байгаа гол ажил гэвэл энэ. Одоо бол эндээс онгоцоор явж очих гэсээр байтал хордсон хүн маань муудчихдаг. Тэнд нь мэргэжлийн эмч байхгүй учраас нааш нь авчрах гэсээр байтал цаг алддаг. Манай оронд11 төрлийн могой байдгийн дөрөв нь хор учруулдаг. Могой бол хүнийг зүгээр байхад нь ирээд хатгачихдаг. Зөгийний хувьд  зөвхөн биеэ хамгаалах гэж л хатгадаг. Монголд могойноос өөр өчнөөн олон аюултай амьтад бий. Зун болоод ирэхээр хусны хачиг аюул тарьдаг. Хазуулчихсан л бол бараг авралгүй. Амьд үлдсэн хэд нь элий балай болоод дуусдаг. Аалз, хилэнцэт хорхой ч аюултай” гэж ярьснаа “За үг олдох нь, эмч нь эмчилгээгээ үргэлжлүүлье. Одоо зөгийд хатгуулсан нэг хүүхдийг үзнэ. Дахиад нэг хүүхэд могойд хатгуулаад ирчихэж. Нохойд хазуулсан хүнээ бас эмчилнэ. Ингэсгээд өндөрлөх үү дээ” гээд эмчилгээндээ анхаарав. 

Ц.БААСАНСҮРЭН

О.АНХЗАЯА

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ