Categories
мэдээ нийгэм

Энэ хичээлийн жилд 127 сурагчийн автобус үйлчилнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээлийн жилийн турш сурагчдын автобусаар хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байгаа. Нийслэлийн Боловсролын газрын мэдээллээр 2014-2015 оны хичээлийн жилд 7 дүүргийн 48 сургуулийн 127 автобус 4609 сурагчдад үйлчлэхээр болжээ. Эдгээрээс 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 7 дүүргийн төрийн өмчийн 24 сургууль, төрийн бус өмчийн 8 сургуулийн 74 автобус сурагчдад үйлчилнэ. Харин бусад сургууль 9 дүгээр сарын 15-н гэхэд сурагчдын автобусны үйлчилгээг жигдрүүлэхээр төлөвлөжээ. Сурагчдын автобус нь тусгай стандарттай байдаг. Уг стандартын дагуу сурагчдын автобусуудад 08 дугаар сарын 27-ны өдөр техникийн үзлэг хийнэ. Энэ хичээлийн жилээс сурагчдын автобусны жолооч нар гэрэл цацруулагчтай, нэг загварын хантааз өмсөхөөр болсон байна. Мөн Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран автобусуудад дэлгэц байрлуулж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сурталчилгааг хийхээр төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн шинэ дарга тэргүүн комиссар цолтой боллоо

 Цагдаагийн ерөнхий газрын даргаар өчигдөрхөн томилогдсон С.Баатаржав  өнөөдөр  тэргүүн комиссар цолтой боллоо. Цолыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Цагдаагийн ерөнхий газарт  гардуулан өглөө. Тэргүүн коммиссар Сайннямбуугийн Баатаржав нь Завхан аймгийн уугуул, цагдаагийн байгууллагад 29 дэх жилдээ ажиллаж буй. Төв аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн мөрдөн байцаагчаас  ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт  эрүүгийн ахлах төлөөлөгч, тасгийн дарга, Дархан-Уул аймагт Цагдаагийн газрын даргаар  ажиллаж байжээ.  ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академид  суралцсан юм байна.  

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН 

Categories
мэдээ нийгэм

Зам талбайн элс, хайргыг нэмж бэлтгэнэ

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах комиссыг байгуулж, даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллаж байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын мэдээгээр нийслэлийн хэмжээнд зам талбайн 641,5 тн бодис, 140 тн давс, 337тн элс, дайрганы үлдэгдэлтэй байна. Энэ өвөл 382 тн бодис, 845 тн элс, 363 тн хайрга нэмж бэлтгэхээр төлөвлөжээ. Харин машин техник хувьд цас шүүрддэг, хусдаг бодис цацдаг камаз маркийн машин-  5 ширхэг, Бодис цацдаг төхөөрөмж суурилуулсан портер машин-  6 ширхэг,  Цас мөс хусах зориулалттай автргридер- 1 ширхэг, Бобкат 5ширхэг  ковш-2 машиныг ажилд гаргахад  бэлэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

9 дүгээр сарын 01-нээс автобусууд хуучин маршрутаар явна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга А/714 дугаар захирамж гаргаж, зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Захирамжийн дагуу 08 дугаар сарын 22-ноос эхэлж автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байгаа юм. Өнгөрсөн жил ч мөн хэрэгжүүлсэн дээрх зохицуулалттай холбоотойгоор иргэд автомашин нь замын хөдөлгөөнд оролцохгүй үед нийтийн тээврээр шуурхай үйлчлүүлэх боломжоор хангах шаардлагатай гэсэн саналыг тавьж байсан. Тиймээс иргэдийн саналын дагуу нийслэлийн Засаг даргын хүсэлтээр нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусны компаниудтай хамтран цагийн хуваарийн дагуу богино эргэлтээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар 10 хоног хэрэгжүүлж байна. Энэ нь иргэд 500 төгрөгийн тасалбараар өдрийн турш хэдэн ч удаа нийтийн тээврийн хэрэгслээр богино эргэлтийн маршрутаар сэлгэлт хийж, зорчиж байгаа юм. Харин энэ үйлчилгээ нь автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор хязгаарлах 08 сарын 22-ноос 08 дугаар сарын 31-ний 21 цаг хүртэл хэрэгжинэ. Харин 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн автобусууд хуучин маршрут, үнээрээ, дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө иргэдэд үйлчлэх болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Эрдоган Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө

Туркэд энэ сарын 10-нд ерөнхийлөгчийн сонгууль болж Ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Тэрээр өчигдөр албан ёсоор Ерөнхийлөгчийн тангарагаа өргөжээ. 

Олон улсын ажиглагчид Эрдоганыг гурван удаа Ерөнхий сайдаар улиран сонгогдсон жилүүдэд барууны орнууд болон Туркийн харилцаа дордсон хэмээн үзэж байна.

 Э.Номин

Categories
гадаад мэдээ

Киев хотод жагсаал болжээ

Украины нийслэл Киев хотод олон мянган иргэн жасч,  Ерөнхийлөгч Петр Порошенког огцрохыг шаарджээ. Иргэд Ерөнхийлөгч болон Засгийн газраа зүүн хязгаарын хотуудад өрнөж буй зөрчил мөргөлдөөнийг арилгах тал дээр юу ч хийхгүй байна хэмээн буруутгаж байгаа аж. Батлан хамгаалах яамны гадна болсон жагсаалд нийт 10 мянга гаруй иргэн оролцсон байна.  

Мөн тус улсын “Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо”-ны 200 гаруй гишүүн П.Порошенког Украйн улсыг Оросын колони болгохоор зорьж байна хэмээн буруутгажээ. Жагсагчид төв замуудыг хааж, эсэргүүцлээ илэрхийлсэн аж.  

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Японд инженер мэргэжлээр хэрхэн суралцах вэ?

Японд  инженерийн мэргэжлээр
суралцахыг хүссэн уншигчдадаа зориулан “Инженер технологийн дээд боловсрол”
хөтөлбөрөөс гаргасан дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.  Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Япон
улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ хамтран  “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ”төсөл
хэрэгжүүлж байгаа юм байна.
 Япон
улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр төслийг санхүүжүүлж байгаа гэнэ. Уг
төсөл есөн жилийн хугацаанд хэрэгжинэ. Уг төсөл хэрэгжүүлсэнээр МУИС,
ШУТИС-ийн инженер бэлтгэх хөтөлбөр олон улсын жишигт хүрч, аж үйлдвэрийн
салбарын эрэлтэд нийцсэн  1000 инженер,
техникийн ажилтан бэлтгэх юм.

Уг
төслийн хүрээнд дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын хөтөлбөрт дүйцсэн
инженерийн боловсролыг 8.4 дахин  хямд
өртгөөр эзэмшүүлэх аж.

 

     Уг сургалтанд хамрагдахыг хүсэгчид дараах дөрвөн сонголттой
юм байна.

  • “Коосэн” сургалтын хөтөлбөр
  • Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр
  • Магистрын сургалтын хөтөлбөр
  • Докторын сургалтын хөтөлбөр
  • Зэргийн бус сургалтын хөтөлбөр

 

НЭГ. “КООСЭН” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Япон улсын эдийн засгийн өсөлт эрс хурдассан 1950-аад оны
сүүлээр шинжлэх ухаан, технологийн дэвшилтэд эрс өөрчлөлт гарч, олон тооны
инженер бэлтгэх шаардлага гарснаар 1962 оноос анх Японы үндэсний технологийн
коллеж “Коосэн” байгуулагдсан юм.  “Коосэн”
нь нийгмийн хөгжилд шаардлагатай өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, техник технологийн
мэргэжилтэнг бэлтгэхийн хамт дадлага, туршилтыг түлхүү анхаарч ажилладаг бөгөөд
их, дээд сургуулийн төвшний онолын мэдлэг олгодогоороо онцлогтой байдаг. Тус
сургуулийг төгсөгчид нь аж үйлдвэрийн салбарт манлайлан ажилладаг.

2014 онд “Коосэн” сургалтын хөтөлбөрийг дараах хоёр үе шаттайгаар сонгон
шалгаруулж, суралцуулна.

А. “Коосэн” сургуульд шууд элсэн суралцах хөтөлбөр:

Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, элсэлтийн
шалгалтанд  /Япон хэл/ тэнцсэн оюутан
2015 оны 03 дугаар сараас эхлэн Япон улсын “Коосэн” сургуульд шууд элсэн
суралцана. Тус сургуульд 3 жил суралцаж, бакалаврын өмнөх мэргэжлийн зэргийн
дипломтой төгсөнө.  Мөн сургуулиа төгссөний
дараа ажиллаж байх хугацаандаа МУИС, 
ШУТИС–тай байгуулсан гэрээний дагуу “Коосэн” сургалтын хөтөлбөрийн
кредитийг дүйцүүлэн нэмэлт сургалтанд суралцаж бакалаврын зэрэгтэй төгсөх  боломжтой.

Бүртгэлийн хугацаа: 2014.08.25 – 2014.09.05

Сургалт эхлэх хугацаа: 2015.03 сар

 

Б. “Коосэн” сургуулийн бэлтгэл сургалтанд элсэн суралцах хөтөлбөр:

Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, элсэлтийн
шалгалтанд тэнцсэн оюутан  Монгол улсын
ШУТИС дээр хичээллэх бэлтгэл сургалтын хөтөлбөрт 1,5 жил суралцаж, Япон улсад
суралцах элсэлтийн шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд Япон улсын “Коосэн”
сургуульд инженер, технологийн  чиглэлээр 3 жил шилжин суралцаж, бакалаврын
өмнөх мэргэжлийн зэргийн дипломтой төгсөнө. Хэрэв шалгалтанд тэнцээгүй
тохиолдолд  гэрээний дагуу  кредит дүйцүүлэн МУИС болон ШУТИС-д үргэлжлүүлэн
суралцах болно. Монголд суралцах 1.5 жилийн сургалтын төлбөрийг оюутан өөрөө
хариуцах бөгөөд тус сургалтын 1 кредитийн үнэлгээ нь ШУТИС-ийн кредитийн  үнэлгээтэй ижил  байна.

Мөн сургуулиа төгссөний дараа ажиллаж байх хугацаандаа МУИС,  ШУТИС–тай байгуулсан гэрээний дагуу “Коосэн”
сургалтын хөтөлбөрийн кредитийг дүйцүүлэн нэмэлт сургалтанд суралцаж бакалаврын
зэрэгтэй төгсөх  боломжтой.

Бүртгэлийн хугацаа: 2014.08.25 – 2014.09.05

Сургалт эхлэх хугацаа: 2014.09 сар

 

“Коосэн” сургалтын хамрах
хүрээ:

а/ Монгол улсын их ,
дээд сургууль, коллежид инженер, технологи, байгалийн ухааны  чиглэлээр суралцаж байгаа оюутан

б/ Инженер, технологи,
байгалийн ухааны  чиглэлээр аж
үйлдвэр,  эрдэм шинжилгээний салбарт
ажиллаж байгаа ажилтан

в/ 2014 онд бүрэн дунд сургуулийг төгссөн төгсөгч

 

Тавигдах шаардлага

Бүрдүүлэх баримт бичиг

а/  Монгол улсын иргэн байх;

б/  Бүрэн дунд сургууль төгссөн байх;

в/  Элсэлтийн ерөнхий шалгалт /математик, физик
эсвэл математик, хими/-ын оноо 500 ба түүнээс дээш  байх эсвэл инженер, технологийн чиглэлээр
суралцаж байгаа бол суралцсан хугацааны сурлагын голч дүн 2.5 ба түүнээс дээш
байх;

г/  Гадаад хэлний шалгалт: Япон хэлний JLPT
шалгалт-N2 төвшин
ба  түүнээс
дээш байх; /Бэлтгэл сургалттай “Коосэн” сургалтын
хөтөлбөрт хамаарахгүй/

д/
Сургууль /ажлын газар/ нь тус сургалтын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;

е/ Техник,
технологийн чиглэлээр суралцах сонирхолтой, 
“КООСЭН” сургуулиа төгсөөд аж үйлдвэрийн салбаруудад шууд ажиллах
хүсэлтэй байх;

ё/ 25 наснаас доош;

а/ Анкет /маягтын дагуу/

б/ Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан
хуулбар 

в/ Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар
баталгаажуулсан хуулбар
(хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол
гэрчлэх баримт бичгийн хуулбар)

г/ Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн нотариатаар
баталгаажуулсан хуулбар 

д/ Элсэн суралцах эрхийн бичиг /Шууд
элсэх  “Коосэн” сургалтын хөтөлбөрт
хамаарахгүй/

е/ Япон /Англи/ хэлний шалгалт өгсөн батламжийн  нотариатаар
баталгаажуулсан хуулбар, сүүлийн 2 жил
дотор өгсөн байх
/Бэлтгэл сургалттай “Коосэн” сургалтын хөтөлбөрт
хамаарахгүй/

ё/  Сургуулийн
/ажлын газрын/ тодорхойлолт

ж/ Тухайн мэргэжлийг сонгосон шалтгаан,
төгссөний дараа ажиллах тухайгаа монгол-англи эсвэл монгол-япон хэл дээр
бичсэн 500-800 үгтэй  эссэ

з/ Эрүүл
мэндийн тодорхойлолт (сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс бүрдүүлэх)
/Бэлтгэл
сургалттай “Коосэн” сургалтын хөтөлбөрт хамаарахгүй/

и/ 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг (сүүлийн 3 сард
авахуулсан байх)

й/ Бүртгэлийн хураамж төлсөн баримт

 

ХОЁР.
ХАМТАРСАН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, шалгалтанд тэнцсэн оюутан
ШУТИС дээр хичээллэх хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэн
суралцана.  Хамтарсан сургалтын хөтөлбөрт
2.5 жил  амжилттай суралцсан оюутан Японы их, дээд сургуульд “Шилжин суралцах
шалгалт” өгнө. Тэнцсэн  оюутан  Япон улсад үргэлжүүлэн 2 жил суралцаж,
хоёр улсын их, дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Монголд суралцах 2.5 жилийн сургалтын төлбөрийг
оюутан өөрөө хариуцах бөгөөд тус 
сургалтын 1 кредитийн үнэлгээ нь ШУТИС-ийн  кредитийн 
үнэлгээтэй ижил  байна.

Хамрах хүрээ:

а/ Барилга архитектур, Механик инженерийн чиглэлээр  ШУТИС-д 2015 онд элссэн оюутан

Бүртгэлийн хугацаа: 2015.08 сар

Тавигдах шаардлага

Бүрдүүлэх баримт бичиг

а/ Монгол улсын иргэн
байх
;

б/  Бүрэн дунд
сургууль төгссөн байх; 

в/ Элсэлтийн ерөнхий
шалгалт /математик, физик эсвэл математик, хими/-ын оноо 500 ба түүнээс дээш
байх;

г/ Сургууль нь тус сургалтын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;

д/ Сургуулиа төгсөөд  шууд ажиллах
хүсэлтэй байх;

е/ Суралцсан хугацааны
сурлагын голч дүн 2.5 ба түүнээс дээш байх;

ё/ 25 наснаас доош;

а/ Анкет /маягтын дагуу/

б/ Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар

в/ Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан
хуулбар 
(хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол
гэрчлэх баримт бичгийн хуулбар)

г/ Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн нотариатаар баталгаажуулсан
хуулбар

д/ Сургуулийн  тодорхойлолт

е/  3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
/сүүлийн 3 сард авахуулсан байх/

ё/ Бүртгэлийн хураамж төлсөн баримт

 

ГУРАВ.
МАГИСТР, ДОКТОР, ЗЭРГИЙН БУС  СУРГАЛТЫН
ХӨТӨЛБӨР

Монгол улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм
шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж байгаа багш, судлаачид тус
сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг бүрэн хангаж, шалгалтанд тэнцсэн иргэд
Япон улсын их, дээд сургуулийн магистр, доктор, зэргийн бус сургалтын хөтөлбөрт
3 жил хүртэлх хугацаагаар сургалт, судалгаанд хамрагдана.

Хамрах хүрээ:

а/ Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр  их, дээд сургуулийг бакалавр болон магистрын
зэрэгтэй төгссөн, эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж
байгаа

 б/ Инженер,
технологи, байгалийн ухааны чиглэлээр 
Монгол улсын  их, дээд сургуулийн
магистр болон докторын хөтөлбөрт суралцаж байгаа

в/ МУИС болон ШУТИС-д инженер, технологи,
байгалийн ухааны чиглэлээр магистраас дээш зэрэгтэй ажиллаж, суралцаж байгаа
багш, ажилтан мөн Монгол улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн судалгааны
сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж байгаа судлаачид
зэргийн бус хөтөлбөрт хамрагдана.

Бүртгэлийн хугацаа: 2014.08.25-09.05

Сургалт эхлэх хугацаа: 2014.09 сар

 

Тавигдах шаардлага

Бүрдүүлэх баримт бичиг

а/ Монгол
улсын иргэн байх
;

б/ Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн болон гадаадын
их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны   чиглэлээр бакалавр /магистр, доктор/-ын
хөтөлбөрийг дүүргэсэн байх;

в/ Дипломын голч дүн: бакалавр 2.5-аас, магистр
2.7-аас дээш
байх;

г/  Гадаад хэлний шалгалт: Япон хэлний JLPT
шалгалт-N2 төвшин эсвэл Англи хэлний
TOEFL шалгалт PBT-350,
CBT-210, iBT-70, IELTS шалгалт-5.0, TOEIC шалгалт-600/ ба  түүнээс дээш байх; /Гадаадын
хэлний шалгалтын оноо зэргийн бус сургалтанд хамаарахгүй/

д/ Японы их, дээд сургуулиудад элсэн суралцах болзол
хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;
эргийн бус сургалтанд хамаарахгүй/

е/ Мэргэжлээрээ ажилласан жил:
магистрын хөтөлбөрт 2,  докторын
хөтөлбөрт 3-аас доошгүй жил ажилласан байх;

ё/ Сургууль /ажлын газар/ нь тус сургалтын хөтөлбөрт
суралцахыг дэмжсэн  байх

ж/ Төслийн хүрээнд хэрэгжиж буй
тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд 
оролцдог  байх;

з/ Судалгааны ажлын төлөвлөгөө,
эрдэм шинжилгээний бүтээлтэй байх;

и/ Насны хязгаар: магистр 30
наснаас, доктор 35 наснаас доош байх
;

а/ Анкет /маягтын дагуу/

б/ Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан
хуулбар 

в/ Бакалавр /магистр, доктор/-ын дипломын нотариатаар
баталгаажуулсан хуулбар

г/ Япон /Англи/ хэлний шалгалт
өгсөн батламжийн 
нотариатаар баталгаажуулсан хуулбар  /сүүлийн 2 жил дотор
өгсөн байх/

д/ Япон
талаас суралцах эрхийн бичиг
эргийн бус
сургалтын хөтөлбөрт хамаарахгүй/

е/ Сургуулийн /ажлын газрын/ тодорхойлолт

ё/ Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

ж/ 2 талын профессорын тодорхойлолт

з/ Сургуулиа төгссөний дараа мэргэжлээрээ
хэрхэн ажиллах тухайгаа монгол-англи эсвэл монгол-япон хэл дээр бичсэн
500-800 үгтэй  эссэ

и/ 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /сүүлийн 3 сард
авахуулсан байх/

й/ Бүртгэлийн хураамж төлсөн баримт

к/ Батлан даалтын гэрээ /Магистр,
докторын сургалтын хөтөлбөрт хамаарахгүй/

 

 

 

 

Бүртгэл баталгаажуулалт:

Сургалтын хөтөлбөрүүдэд элсэн суралцах суралцагчдын
бүртгэлийг онлайн хэлбэрээр төслийн веб хуудсаар урьдчилсан бүртгэлийг  хийнэ. Веб хаяг:

 

2014.09.03-09.05-ны өдрүүдэд ШУТИС-ийн Төв номын сангийн 605 тоотод бичиг
баримтыг бүрдүүлэн ирж, бүртгэлээ баталгаажуулна. Бүртгэлийн хураамж 10.000
төгрөг.

 

Анхаарах зүйл:

Ø  Сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг болон сонгон
шалгаруулалтын  талаарх нэмэлт мэдээллийг  “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн
нэгжийн цахим хуудас www.mjeed.edu.mn,  315563 тоот
утаснаас авна.

Ø  Бүрдүүлэх материалаа дутуу, буруу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаанаас
хоцорсон хүнийг бүртгэхгүй.

Ø  Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг суралцах сургууль болон төслийн удирдах
хороо  хамтран гаргана.

 

Хаяг:                            ШУТИС-ийн Төв номын сангийн 605 тоот

Цахим шуудан:             www.piu1000@mecs.gov.mn,            Цахим хуудас:      www.mjeed.edu.mn

Утас:                            +(976)11-315563,                               Факс:                   +(976)11-315563

Categories
мэдээ нийгэм

Ажиа гэгээний эмнэлэг үүдээ нээлээ

Ажиа гэгээний эмнэлэг хэмээн хүмүүс хэлж заншаад буй зургаан давхар  хүүхдийн эмнэлэг ЭХЭМҮТ-ийн хашаанд  үүдээ нээлээ. Уг хүүхдийн эмнэлэгээс гадна  сургалт, хурлын гэх тодотголтой гурван давхар байшин мөн боссон байлаа.  Эмнэлэгийн нээлтэнд Ажиа гэгээн өөрийн биеэр залрав.  Ажиа гэгээн ирсэн болохоор Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц, Дашчойлин хийдийн хамба Ч.Дамбажав нараас авахуулаад Монголын  том сүм хийдийн тэргүүнүүд хүрэлцэн ирсэн байлаа.  Зөвхөн энэ эмнэлэгийн нээлтэнд оролцохоор Япон, Тайвань, Хятадаас хандив өргөсөн хүмүүс ирсэн юм.  Эмнэлэгийн нээлтийн ёслолд УИХ-ын дарга З.Энхболд оролцож, нээлтийн үг хэлж, Ажиа гэгээнд дурсгалын зүйл гардуулсан юм.  

ЭХЭМҮТ-ийн ерөнхий  захирал Ш.Энхтөр нээлтийн үг хэлэхдээ  “Энэхүү барилга  үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн. Тав тухтай орчин бүрдүүлж, өвчтөний аюулгүй байдлыг хангасан. Хүчилтөрөгч ба агаарын нэгдсэн системтэй цахилгааны,  агааржуулалтын, гэрэлтүүлэгийн системтэй  баригдсан юм. Давхар бүрт хүлээлгийн өрөө, уулзалтын өрөөнүүдээс гадна хүнд өвчтэй хүүхдэд зориулсан бүх л нөхцөл хангасан. Эмнэлэгийн ачаалал ихдэж, нэг өвчтөнд ногдох талбайн хэмжээ багассан үед энэхүү барилга богино хугацаанд  баригдсан нь манай эрүүл мэндийн салбарт үлэмж ач холбогдолтой  үйл явдал боллоо. Эзэн хүний ёсоор хайр гамтай хандана” гэж амлав. 

Ажиа гэгээн “Анх гурван давхар барилга барихаар ярьж байсан ч гурван давхар биш зургаан давхар байшин барихаар болоод ажлаа эхэлсэн юм. Гурван жилийн дараа зургаан давхар, суурьтайгаа долоон давхар болоод нэг байшин барих гэж байснаа хоёр байшин болоод сайхан бүтлээ” гэлээ.

 Ажиа гэгээн Монголын ирээдүй болсон хүүхдүүд эрүүл байх ёстой гэж онцлоод гадаадад сурч төгссөн сайн эмч нар Монголдоо ажиллаасай гэж хүсдэгээ илэрхийлсэн.    “Бурхан бүтээх, суварга босговол их буян гэж би өөрөө итгэдэг юм. Сургууль босгоод, эмнэлэг барих бас  адилхан буян гэж боддог.  Тайванийн найз нар, Сингапурийн шавь нар, Хятад, Япон, Америк, олон шавь, найз нар мөнгө хандив оруулсан” гэж Ажиа гэгээн ярьсан юм. Цаашид ч хандив хэрэгтэй гэдгийг  тэр илэн далангүй хэлж байна.  “Зуун мянган төгрөгийн хандив өргөхөд Сүмбэр уултай адилтгаж, нэг төгрөгийн хандив өргөсөн ч Сүн далайд дусал буяны сан боллоо гэж ерөөж байгаа” гэнэ. “Мөнгө өгсөн хүмүүст баярлаж байгаа. Мөнгө өгнө гэчихээд өгөөгүй хүмүүс хурдан өгөөрэй” гэж Ажиа гэгээн айлдсан шүү. 

 Том компаниуд, үйлдвэр аж ахуйн газрынхан  нэг өдрийн цалингаа буяны үйлст хандивлахыг Ажиа гэгээн уриалж байна лээ.  Дахин хандив цуглавал юунд зарцуулах талаар Ажиа гэгээнээс тодруулав.    

-Энэ байранд  бие засдаг газар, телевиз, тоног төхөөрөмж бүгд байгаа.  Мөн бид компьютер,  MRI оруулах гэж байгаа. Нэг MRI сая доллар байгаа даа. Тэгвэл их мөнгө хэрэгтэй. Бас хандив цуглуулж байж дутуу үлдсэн ажлуудаа сайхан дуусгаад, сүүлд буяны ажил их явуулахыг бодож байгаа. Яваандаа бид  хөдөөгүүр явж  эмчлэх хөтөлбөр бодож байгаа гэж Ажиа гэгээн ярилаа. 

Гэрэл зургийн сурвалжлагыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнийн говийн элс хөрөнгө оруулалтыг үргээх, эргэхийн дохио болж байна

“Саусгоби сэндс” компанийн хуучин удирдлагад холбогдох хэрэг анхан
шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа. Энэ хэрэгт тус компанийн захирлаар
ажиллаж байсан Жастин Капла, санхүүгийн менежер Кристобал Дэвид, Хиларион Кажуком
нарыг татвараас зайлсхийсэн  хэрэгт буруутган
шалгаж байгаад ийн шүүхэд шилжүүлсэн юм. 
Шүүх бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй байна хэмээн энэ удаа мөрдөн байцаалтад
буцаажээ.

Анх эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн боловч нотлох баримт төдийлөн
олдохгүй, хангалттай бус байгаа тухай хуулийн хүрээний зарим эх сурвалж ярьдаг юм
билээ. Мөрдөн байцаалтад буцаах болсон шалтгаан нь үүнтэй холбоотой бололтой. Гадаадын
хөрөнгө оруулагчдыг манайхан хааж, тууж байх үед үүсгэсэн эрүүгийн хэрэг. Ашигт
малтмалын газрын дарга асан Д.Батхуягт холбогдох хэргийг шалгах дүйвээнээр  хөрөнгө оруулагч олон компанийг шалгасан байдаг.
Тэдний нэг нь  “Саусгоби сэндс” компани юм.
Тухайн үед  өөр асуудлаар шалгаж эхэлсэн ч
эцэст нь 2007-2010 онд 40 гаруй тэрбум төгрөгийн татвар Монгол Улсад төлөөгүй, борлуулалтын
259 тэрбум төгрөгөө нуун дарагдуулсан хэмээх хэрэг нь тунаж үлдсэн гэдэг.

“Саусгоби сэндс” компанийн хуучин удирдлагатай холбоотой энэ хэргийг
шүүхээр шийдвэл гадаадын хөрөнгө оруулалтыг үргээнэ. Харин учраа олоод   харилцан нөхцөл болзол гаргаад  асуудлыг шийдчихвэл гадаадын хөрөнгө оруулалт
эргэх дохио болох юм.  40 тэрбум төгрөгийн
татвараас зайлсхийсэн гэж хөрөнгө оруулагчийг шийтгэх нь  манай улсад ямар ашигтай вэ.  40 тэрбумын асуудлаас илүү дараачийн хөрөнгө оруулалтын
замыг нээх нь бидэнд  тустай.  Аливаа зүйлийн  нэг талыг бус хоёр талыг жишиж үзэх, үр дагаврыг
нь харах алсын хараа, итгэл үнэмшил энэ цаг үед хэрэгтэй болоод буй нь нууц биш.
Хөрөнгө оруулагч нарт ч өөр хандлага, боломжийг олгох нь илүү оновчтой байж болох
юм. “Саусгоби сэндс”  гэдэг нь Өмнийн говийн
элс гэсэн утгатай. Тэгэхээр Өмнийн говийн элс хөрөнгө оруулалтыг үргээх, эргэхийн
дохио болж байна.

Нөгөө талаасаа хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг эргүүлж чадахгүй
юм бол гялгар уутанд мөнгө хийж барьсан хятадууд, машиныхаа дугуйнд өрөмдлөгийн
багаж нуусан оросуудаас өөр хөрөнгө оруулагчгүй хоцорно. Эргэж буцалтгүй ийм л сонголт,
хөрөнгө оруулагчтай үлдэх нь. Харин үүнийхээ оронд барууны хөрөнгө оруулалт 70 хувиар
буурсан статистик мэдээг өөрчилж, жинхэнэ утгаараа эдийн засгаа сэргээж, валютын
ханшийг тогтоон барьж чадах гарц хэрэгтэй байна. Барууны  хөрөнгө оруулалтгүйгээр бид хол явах боломжгүй  гэдгийг учир мэдэх эдийн засагчид хэлж байгаа.
Хэрэв дээрх хэргийг энэ чигээр нь шүүгээд явуулчих юм бол барууны хөрөнгө оруулалтыг
давхар шүүгээд явуулчихна аа гэсэн үг. Харин тэр үед 40 тэрбум төгрөгийн татвараасаа
илүү хохиролтой зүйлтэй нүүр тулж мэдэх юм.

 

 Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ 

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Ардчилсан намаас сонгогдсон сайд иргэнийхээ үг хэлэх эрх чөлөөг булшилж байна гэдэг эмгэнэл

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Салбарынхаа дотоодод болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг олон нийтэд дэлгэж,  “Шүгэл үлээгч” болсон танай дүү Ц.Батыг 100 хоног хорих шүүхийн шийдвэр гарлаа. Төрийн эрх барьж байгаа А.Гансүх сайдын иргэнтэйгээ ингэж сөргөлдөж буй үйл явдлыг хүмүүс янз бүрээр харж, тайлбарлаж байна. Хүний эрхийн төлөө байнга дуугардаг таны хувьд үйл явдлыг хэрхэн дүгнэх вэ?

-Миний хувьд олон нийтэд хандах үйл явдал юунаас эхэлсэн бэ гэхээр манай дүүг хорихоос эхэлсэн. Хорих хүртлээ олон сар хууль зүйн процесс явагдсан. Тэр бүх үйл явдалд би оролцоо ч үгүй, дуугараа ч үгүй. Тухайн үед манай дүүг ажлаас нь халж, цалинг нь бууруулж, эдийн засгийн шийтгэлүүдийг авч л байсан. Би мөн л дуугараагүй. Жирийн нэгэн иргэн хүн эрх мэдэлтнийг эрх мэдлээ яаж ашиглаж байгаа талаар нь санал бодол, хардлага сэрдлэгээ бичсэнийхээ төлөө эдийн засаг болоод ажил албаараа хохирлоо. Одоо эрх чөлөөгөөрөө хохирчихоод байна. Энэ бүх цуврал үйл явдал болсны дараа би дуугарлаа. Эрх мэдэлтнийг шүүмжилснийхээ төлөө манай дүү шоронд хоригдох ёсгүй. Нэр төрийн асуудал байдаг юм бол яамны, сайдын, төрийн нэр төр биш, энэ бол зөвхөн хувь хүний нэр төр байхгүй юу. 

Хэрвээ  хувь хүн хувь хүнийхээ нэр төрд хохиролтой байгаа бол иргэний шугамаар шүүхэд хандах ёстой байсан. Тод жишээ гэвэл, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баттулга нар хоорондоо эцэс төгсгөлгүй заргалддаг байлаа шүү дээ. Бие биеийнхээ нэр төрийг гутааж, гүтгэцгээсэн.  Эцсийн шийтгэл нь ялагдсан Ц.Нямдорж нь ялсан Х.Баттулгаас уучлал гуй гэдэг шийдвэр гарсан. Нэг ч төгрөг нэхээгүй, тэр хүнийг нэг ч хоног шоронд хорь гээгүй. Тэрэнтэй адил Ц.Бат, А.Гансүх гэдэг хоёр хүний хоорондох асуудлыг ийм жишгээр шийдэх  байсан. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн ял оноолгож, асуудлыг хүндрүүллээ. Энэ бол эрх барьж байгаа улстөрч хүний хувьд зохимжгүй зүйл гэж дүгнэж байна. 

-Өнгөрсөн гурван сарын хугацаанд таны дүү Ц.Бат А.Гансүх сайдыг 5700 гаруй удаа твиттерээр дайрч доромжилсон гэсэн. Энэ хугацаанд А.Гансүх нэг л удаа хариу өгсөн нь “Намайг шалгуулж болно” гэсэн тухайгаа телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Түүнийг шалгуулж болоогүй юм уу?

-Ер нь эрх барьж байгаа хүнийг хашиж байгаа албан тушаалтай нь холбогдуулаад тав шүүмжилнэ үү, 5000 шүүмжилсэн ч бай тэр бүгдэд няцаалт өгөх ёстой байсан юм. Телевизээр өчигдөр (уржигдар) гарсан шиг. Гэтэл хоёр жилийн хугацаанд тэр хүнд тайлбар хийх, няцаалт хийх боломж байсан. Энэ асуудалд дуугүй явж байгаад гэнэт хүнийг шоронд хийдэг нь буруу. Харин ч олон удаа дуугарах ёстой байсан. А.Гансүх сайд тэр болгонд ингээд няцаалт өгөөд яваад байсан бол гомдох ч үгүй. Хэрэв гомдлоо гэхэд хүний эрх чөлөөг хасдаг харгис хүн болж хувирахгүй байсан юм. Зүгээр энэрэнгүй сайхан няцаалт, тайлбараа хийчихдэг цагаан цайлган тийм л улстөрч болох ёстой. Гэтэл гомдож бөглөрч явж явж байгаад гэнэт хүнийг шоронд хийчихэж байгаа нь буруу байхгүй юу. А.Гансүх бол ярих хэмжээндээ ярьсангүй, тайлбарлах хэмжээндээ тайлбарласангүй. Өөрийг нь шүүмжлэх эрхтэй иргэн хүнийг энгийн үгээр няцаахын оронд эрүүдэн шүүж, түүнд гомдох хэрэггүй. Тэрбээр улстөрч хүний гаргадаг хэвийн зангаас илүү зуумтгай, илүү ардчилалд хортой авир гаргасан нь дараа хохирол авчирна. Өнөөдөр Ц.Бат гэдэг хүн хохирч байна. Дараа нь түүний араас олон Бат явуулахгүйн тулд зогсоох ёстой. Зогсоож байгаа нь энэ гээд би болон Ц.Бат А.Гансүхийг цагдаад өгөхгүй. 

-Тэгээд яаж зогсоох ёстой юм бэ?

-Бид хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Өнөөдрийн байгаа хууль эрх зүйн орчин, түүнд байгаа эрүүгийн замаар явах гарцыг сонгон авч тэрүүгээр үйлчлүүлж байна. Энэ нь өнөөгийн хууль эрх зүйн гарцанд иргэнийг эрх мэдэлтэн яаж ч болох гаргалгаа байсаар байгаагийн илрэл. Тиймээс үүнийг хаахын тулд эрх зүйн орчноо сайжруулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Та байгууллага аж ахуй, салбарын доторх “Шүгэл үлээгч”-ийг хамгаалах хуулийн төсөл санаачилсан гэл үү. Ямар хууль болж төрөх вэ?

-Байгууллага аж ахуйн нэгж салбарын доторх шүүмжлэгч мэдээллийн эх сурвалжийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Хамтран өргөн барих гишүүдтэйгээ уулзаж танилцуулах хэмжээнд 20-иод хоногийн дараа гарч бэлэн болно. Үүний дараа хамтарч өргөн барих гишүүдийнхээ хүрээнд танилцуулаад, хуулийнхаа анхны гар бичмэлийг шүүмжлүүлээд саналыг нь аваад олон нийтээр хэлэлцүүлье гэж бодож байна. Тэгсний дараа УИХ-д өргөн барья гэж бодож байгаа.

-Энэ хуулийг санаачлахад мэдээж, таны түүнд тохиолдсон явдал нөлөөлсөн байх?

-Мэдээллийн эх сурвалж гэдэг бол зөвхөн твиттерт юмуу зөвхөн сонинд ч бичих албагүй. Хуулийн байгууллагад ч мэдээлэл гаргаж өгсөн байж болно. Эсвэл хэрэг дээр очоод байцаагдсан ч хүн байж болно. Ямар нэгэн байдлаар байгууллагын доторх мэдээллийг гаргасныхаа төлөө шоронд ордоггүй, олон нийтэд хэрэгтэй мэдээллийг түгээснийхээ төлөө ажлаасаа халагддаггүй байх тогтолцоог бий болгохын тулд ийм хууль санаачилж байна. Ингэж байж хувьсгалаас сэргийлнэ. А.Гансүхийн схемээр явах юм бол зайлшгүй пролетарийн хувьсгал гардаг. Яагаад гэвэл А.Гансүх шиг хүмүүс салбар дотор “Шүгэл үлээгч”-ээ нам нам дараад байх юм бол  салбар дотроос үгээ хэлж чадах хүн гарч ирэхгүй.  Бүх салбарт ийм байдал үүсвэл нийгэм өөрөө өөрийгөө засч чадахгүй байдалд ордог. Ингэсний дараа хувьсгалын тохироо бүрэлдээд, ардчилсан нийгэм байхгүй болж, тэсрээд хувьсгал гэдэг зүйл гардаг. А.Гансүхийн явж байгаа замаар төрийн бүх албан хаагч явах юм бол гарцаагүй энэ бол хувьсгалд хүргэдэг. Зүгээр л үймээн самуунд хүргэнэ. Харин А.Гансүх эрх чөлөөг хүлээн зөвшөөрөөд, салбар дотор “Шүгэл үлээгч” нараа сонсоод, хэлэх үгийг нь хэлүүлээд, хэлснийх нь дараа өөрөө тайлбараа өгч, няцаалтаа өгөөд нийгэмтэйгээ амьд харилцаатай байх хэрэгтэй. Энэ харилцаа нийгмийг сайжруулж өгдөг. Тэгэхээр Ц.Батын жиргээ хэд байсныг би үнэхээр мэдэх ч үгүй. Тоолоо ч үгүй. Надад тийм зав байхгүй. Ямартай ч жиргээг тоолсон байлаа гэж бодъё. Тэр жиргээг тоолоод тодорхой хэмжээний жиргээг уншсан байлаа гэж төсөөлье. Энэ бүгдийг уншчихаад хэдэн удаа олон нийтэд гарч тайлбар, няцаалт өгөх юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Яагаад гэвэл тэр тайлбар олон нийтэд хэрэгтэй учраас жиргээд байгаа юм. Энэ төрийн албан хаагч нар бидэнд ярьж, хийж байгаа ажлаа тайлбарлаасай, тэнд сэжиг бүхий гэрээ байгуулагдчихлаа. Тэр нь зөв юм уу, буруу юм уу, тайлбарлаасай, тийм гэрээ явж байна шүү нөхдөө гээд л жиргэчихдэг шүү дээ. Тэгэхээр улстөрчид иргэддээ илүү олон удаа ханддаг байх тусам, тэр хэмжээгээр шүүмжид хариу өгдөг байх тусам, илүү олон салбар доторх  асуудал ард түмэнд, нийтэд ил тод байх тусам нийгэм эрүүл болно. Нийгмийг засч сайжруулах боломж гарна. 

-А.Гансүх сайд тантай Засгийн газрын хуралдааны үеэр уулзахдаа “Дүүгийнхээ хийж байгаа үйлдлийг болиулаач” гэж хэлэхэд “Үгүй” гэж хариулсан гэлүү. Яагаад тэгсэн  юм бэ. Та дүүдээ түүний хэлсэн үгийг дамжуулсан уу?

-Надад А.Гансүх хэлсэн юм аа. “Чи дүүгээ дуугүй болгоод өгөөч” гэхээр нь “Би хүн дуугүй болгож чаддаггүй. Хүний үг хэлэх эрхийн төлөө явдаг хүн болохоор би угаасаа дуугүй болгож чаддаггүй юмаа. Би дүүгээ байтугай хэнийг ч дуугүй болгож чадахгүй. Харин чи сайд юм чинь тайлбараа өгөөд яваач дээ. Сайдыг иргэд шүүмжилдэг шүү дээ” гээд л өнгөрсөн. 

-Ц.Батын жиргээнд эрүүгийн ял авч, гэмт хэрэгт тооцогдохоор текст байсан юм уу. Та дүүгийнхээ жиргээг уншсан л биз дээ?

-Би уншиж үзсэн. А.Гансүхийг гомдоомоор шүүмжилсэн юм бага юм билээ. Тэгж их эмзэглээд гомдоод хүнийг торны ард суулгах гээд байх хэмжээний сүрхий доромжлол бараг харагдаагүй. Миний хувьд гэхэд  маш олон жил эвгүй үгээр хэдэн талаасаа доромжлуулж үзсэн хүн л дээ. Тэглээ гээд би нэг ч иргэнд гомдож үзээгүй. Яагаад гэвэл “За би тэр хүнд таалагдаагүй үг хэлчихэж дээ, таалагдаагүй гарын үсэг зурчихаж дээ, таалагдаагүй томилгоо хийчихэж дээ” гээд өөртөө дүгнэлт хийдэг. Яагаад гэвэл хийсэн ажил бүхэн ард түмэнд таалагддаггүй учраас тэрийг өөр дээрээ эмзэг хүлээж аваад байх хэрэггүй гэж хэлмээр байна. Дээр нь нэг хүн олон жиргэх нь гэмт хэрэг юм шиг ярьж болохгүй. Яагаад хүн интернэтийн хязгааргүй орон зайд 10 мянга, тэр байтугай 100 мянган удаа ч жиргэж болно шүү дээ. Жиргээ гэдэг чинь амнаас гаргадаг үг шиг зүйл. “Чи өдөрт арван өгүүлбэр хэлэх ёстой. Хэрэв 100 өгүүлбэр хэлбэл гэмт хэрэгтэн” гэж хэн ч хэлдэггүй биз дээ. Жиргээ бол тэрэнтэй яг л адилхан. Сэтгэл, санаа, толгойд орсон зүйлээ бусадтай хуваалцаж байдаг. Тэгэхээр хүн олон жиргэсэн нь гэмт хэрэг юм шиг ерөөсөө ярьж болохгүй. Олон жиргэсэнд нь ач холбогдол өгөөд байх ч шаардлагагүй. Тэр олон жиргээнд А.Гансүхийн тухай юм цөөхөн юм билээ. Голдуу салбарынх нь тухай бичсэн байсан. Зам тээврийн салбар гэдэг нь ганц А.Гансүхийнх биш л дээ. Ц.Бат салбартаа хайртай хүн болохоор шүүмжлэх зүйлүүдээ бичнэ шүү дээ. Жишээлбэл, миний хувьд хүний эрх, эрх чөлөөний тухай 100 мянган удаа ч жиргэж магадгүй. Хүний өөрийнх нь санаа зовдог зүйл нь, эрхэмлэж явдаг зүйл нь эрсдэлд ороод байвал хэдэн ч удаа ингэж жиргэнэ шүү дээ. 

-Албан тушаалтныхаа хувьд доромжлуулсан учраас таны дүүд эрүү үүсгүүлсэн гэсэн. Тиймээс шүүх Ц.Батыг хорих шийдвэр гаргасан байх гэсэн утгатай үгийг А.Гансүх сайд унагаж байсан. Та дээр энэ хэргийг иргэний журмаар шийдэх боломжтой гэж хэллээ. Ц.Батыг Эрүүгийн хуулийн дагуу шийтгэсэн нь А.Гансүхийн нөлөө орсон гэж бодож байна уу?

-Ц.Бат гэдэг хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө өөрөө шийтгэл хүлээсэн хүн. Ажлаасаа халууллаа. “Дахиад ажилд нь хэзээ ч битгий ав гэсэн  дээд газрын захиастай” гээд буцааж ажилд нь аваагүй. Тэгээд цагдаад очлоо. Прокурорт очлоо. Шүүхэд очсон чинь хэрэг нээхгүй байсан. “Таны энэ хэрэг биш байна” гэж хавтаст хэрэг нээхгүй байсан байцаагчийг нь хүртэл шийтгэж, арга хэмжээ авсан. Гомдлыг өөр байцаагчид шилжүүлж байгаад хавтаст хэрэг нээлгэлээ. Ц.Батаа үг хэлснийхээ төлөө ийм олон шат дамжлагаар шийтгүүлж болдог юм байна гэдэг энэ жишгийг тогтоовол нийгэмд үг хэлэх хүн олдохгүй. Энэ салбар Ц.Батаа гэдэг хүнийг шоронд хорьсноор нисэхийн салбарт дотроос юу болж байгааг хэлэх хүн олдохоо болилоо. А.Гансүх жиргээ болгонд няцаалтаа, тайлбараа хийхийн оронд намайг хуулийн байгууллагад өгчих л дөө гэдэг байхгүй юу. Яагаад гэвэл хуулийн байгууллагаар дүүрэн танилтай юм чинь.

-А.Гансүхийн дүү АТГ-ын хөрөнгө оруулалтын хэлтэст ажилладаг гэдгээ хэлсэн. Гэхдээ өөр хэлтсүүдтэй хамаагүй болохоор хэрэгт нөлөөлөхгүй гэж байгаа л даа.

-Итгэхгүй байх эрхтэй бид. АТГ ажилладаг л бол ажилладаг. Тэр газарт нөлөөлдөг байна уу, нөлөөлдөггүй байна уу гэдгийг А.Гансүх шийдэхгүй. Нэг дүү нь шүүгч, нөгөө дүү нь АТГ-т ажилладаг. Өөрөө хуульч, ангийнхан нь хуульч. Бүгдээрээ хуулийн бүх тогтолцоонд явж байна. 

Ерөөсөө Гансүхийг хуулийн байгууллагад өгөх нь бидний зорилго биш. Хэн ч түүнийг, хаана ч өгөх шаардлагагүй. Гагцхүү иргэдийнхээ өмнө улаан нүүрээрээ сууж байгаад тайлбарөө өгчих хэрэгтэй байхгүй юу. Тэгсэн байхад А.Гансүх хэнийг ч шоронд хийх шаардлагагүй болох юм. А.Гансүх Даваапил гээд дараагийн хүнийг шоронд хийж яах гээд байгаа юм бэ. Даваапил гэдэг залуу анхан шатны шүүхээр давж заалдаад гарчихсан байдаг. Давж заалдах шатанд нь А.Гансүх  түүнийг заавал шоронд хийж яах гээд байгаа юм бэ. Даваапил цагаадчихлаа. Гэтэл А.Гансүх цаашаа бүх шатаар яваад байдаг нь ямар учиртай юм бэ. Заавал хуулийн механизмыг ашиглах гээд, заавал хуулийн бүх шатаар явж байж түүний нэр цагаадна гэж байхгүй. Улстөрч хүний алдар нэрийг ард түмэн л өгч, үнэлдэг. Шүүх тогтоосноор тэр хүн цагаан цайлган болчихгүй. Шүүх буруутай гэж үзсэнээр хар хэрээ болчихгүй. А.Гансүх бол УИХ-д өрсөлдөөд явж байсан хүн шүү дээ. Энэ жил Ардчиллын 25 жилийн ой болж байна. Гэтэл Ардчилсан намаас сонгогдсон сайд нь иргэнийхээ үг хэлэх эрх чөлөөг булшилж байна гэдэг бол эмгэнэл. Ядахдаа ардчиллынхаа ойг бодоод өргөдлүүдээ татаж авч болно шүү дээ. Ц.Батаа, Даваапилд гомдсон хэвээр байж болно. Гэхдээ ардчилалд гомдож болохгүй. Тэрийгээ хүндэтгээд Үндсэн хуулиа хүндэтгээд өргөдлөө татах ёстой. 

-А.Гансүх сайд телевизээр өгсөн ярилцлагадаа таныг дүүтэйгээ хамт албан тушаал гуйж уулзсан гэлээ. Үнэхээр тэгсэн юм уу?

-Болсон явдлыг албан ёсоор тайлбарлая. Юуны өмнө ИНЕГ-ын даргад сонгон шалгаруулалт зарлагдаагүй. А.Гансүхийг сайд болсны дараа шүү дээ. Тэгэхээр албан тушаалтныг сонгох юм билээ гэдэг яриа салбар дотор сонсогдоно шүү дээ. Ингээд сонгон шалгаруулалт зарлагддаггүй ийм үед хүмүүс сайдтай уулзаж, өөрийгөө танилцуулъя гэж боддог юм байна л даа. Тэр үед манай дүү Ц.Бат “Намайг А.Гансүх сайдтай уулзуулахад туслаач” гэж хэлсэн. Тэд манай өрөөнд уулзсан. Би А.Гансүх сайдын хэлсэн шиг хоёр удаа уулзсанаа санахгүй байна. Нэг л удаа уулзсанаа санаж байна. Тэр үед Ц.Батаа бол амбицаа хэлсэн. “Би ИНЕГ-ыг авч явж чадна. Би мэргэжлийн хүн. Энэ салбарт олон жил ажилласан, туршлагатай. Хуулийн рефорум хийсэн. Цаашдаа ч хийж чадна” гэж Ц.Бат тайлбарласан. Гэтэл А.Гансүх сайд өөдөөс нь “Чи тэгвэл МИАТ-ийн бизнес планы тухай олон нийтэд яриад байхаа боль” гэж хэлсэн. МИАТ-ийн бизнес план гэдэг нь 1.2 сая ам.долларын мөнгөтэй холбоотой гэрээ байдаг юм байна. МИАТ-ийн данснаас Хонконгийн Сибури гэдэг компани Монголын Либертир партнес гэдэг хоёр компанийн л хийсэн ажлын хөлсийг төлсөн юм байна. Тэр ажлын хөлс төлсөн нь буруу гэдэг нь аудитын шалгалтаар тогтоогдож л дээ. Гэхдээ аудитын шалгалт орохоос өмнө Ц.Батаа энэ тухай бичдэг байсан юм байна. Тодруулбал, АНУ энэ бизнес планыг үнэ төлбөргүй хийж өгөх гээд МИАТ-тэй гэрээ хийгээд зурчихсан. Тэгэхэд МИАТ үнэгүй авах гэж байгаа бизнес планыхаа давхар зардлыг Сибури компанид төлж болохгүй гэж 2011 оноос бичээд байдаг байсан юм байна. Би тэрийг сайн мэдэхгүй л дээ. 2012 онд А.Гансүх манай өрөөнд Ц.Батааг өөрийнхөө амбицийг илэрхийлэх үед сөргүүлээд наймаа ярьсан. Тэр хоёрын яриа нэг л эвгүй болчих шиг болсныг анзаарч, тэрнээс хойш би ийм уулзалтыг зуучлаагүй. Эргээд харсан чинь А.Гансүх нь Ц.Батааг ажилд томилоогүй. Ц.Батаа нь ч бичихээ зогсоогоогүй. Ингээд тэрээр шүүмжилдгээрээ шүүмжилж, А.Гансүх тэр шүүмжилсний дараа Ц.Батааг ажилд авах хүнийхээ жагсаалтаас хассан байх л даа. Ямар ч байсан би үйл явдал цаашаа хэрхэн өрнөснийг мэдэхгүй. Миний хувьд цочирдож сонсч байсан зүйл бол А.Гансүх сайд манай дүүг “Чи тэр шүүмжилж байсан зүйлээ дуугүй болчих” гэж хэлсэн. А.Гансүхийн тэр ханд¬лага миний мэддэгээс шал өөр байсан. Тиймээс би тэр цагаас хойш А.Гансүхтэй юм ярьж чаддаггүй, зайгаа барьчихсан. Яагаад гэвэл их наймаа ярьдаг хүн байна лээ.

-А.Гансүх сайд танай дүүгийн тухай хэлэхдээ “Ичсэн хүн ална гэдэг шиг над руу дайраад байна” гэсэн. Түүний хэлсэн шиг Ц.Батад ичихээр “но” байна уу?

-Ц.Батаа юунаас ичих юм бэ. Албан тушаалд очъё гэж хүссэн хүн хууль бус зүйл огт биш. Ичмээр ч зүйл биш. Салбартаа 20 жил ажилласан мэргэжлийн хүний хувьд иргэний нисэхийн хууль, шинэ дүрэм журам, МИАТ-ийн хүнд байдлыг удирдъя гэж хэлсэн ч ичих ёсгүй. Харин тэр ичих ёстой зүйл юу байсан юм бэ гэвэл тэр Сибури гэдэг компани юу хийснийг мэдмээр байна. Би үүнийг яриад байх тусам анх сонирхдоггүй байсан юм. Ц.Батаа А.Гансүх хоёрын хоорондын шүүмж байна гээд тоодоггүй бай­лаа. Одоо харахад манай дүү эрх чөлөөгөө хасуулан, хасуулан зуулгаад байхыг бодоход их ноцтой юмыг яриад байгаа юм биш биз гэж боддог болоод байна. Тиймээс түүний жиргээнүүдийг уншиж үзэж байна. Ц.Батаа нэлээд олон зүйлийг баримттай тавьсан байдаг юм билээ. Тэгэхээр тэр баримттай тавиад байгаа зүйлүүдийг олон нийт мэдэх л ёстой. Жишээлбэл, Солонгосын компанитай МИАТ компани агентын гэрээ байгуулж байгаа нь буруу гэсэн байна. Үнэхээр Ц.Батаагийн бичсэний дараа шалгагдаад тогтоогдоод, агентын гэрээ байгуулсан нь буруу болсон юм билээ. Өөрөөр хэлбэл, Ц.Батын бичсэн зүйлүүд хүнд хэрэгтэй л юм билээ. Тэгэхээр Ц.Бат хүн алтлаа ичмээр юм хийгээгүй. 

-Би төрийн албан хаагч төрийн дархлааг хамгаалахын тулд чин сэтгэлээсээ тэмцэж байна гэж Зам тээврийн сайд онцолсон. Энэ нь төрийн дархлааг хамгаалах арга хэлбэр мөн үү?

-Төрийн дархлааг иргэд хэзээ ч унагаадаггүй юм. Ц.Батаа мянга твиттер бичээд, түүн шиг мянган Батаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд төрийн дархлаа алга болохгүй. Төрийн дархлаа чинь иргэдийнхээ эрх чөлөөнд байдаг юм. Ц.Батаа харин шоронгоос гарсан байвал төр дархлаатай болно. Тэрээр шоронд байгаад байвал төрийн дархлаа муудна. 

-Шүүхийн өмнөх шатанд танай дүү А.Ган¬сүх сайд руу хоёр хүн явуулаад хэргээ татаач гэж гуйсан юм биш үү. Хариуд нь сайд “Твит­терээр уучлал гуйвал болно” гэтэл Ц.Бат “Үгүй,  харин ч булхайг чинь шүүх хурал дээр дэлгэнэ” гэсэн юм уу. А.Гансүх сайдын ярианаас танай дүү үнэхээр дэлгэх баримтгүй болчихоод ял авлаа гэсэн агуулгатай зүйл ажиглагдлаа.  Хэрэв баримт байгаа бол шүүхэд өгчихөж болоогүй юм уу?

-Одоо тэрийг өмгөө¬лөгч нь мэдэх байх. Би хэргийн дотоод нарийн ширийнийг мэдэхгүй байна. Тэгэхээр давж заалдах гомдлын үеэр анхан шатны шүүх хурал ямар болсныг өмгөөлчид нь тайлбарлах байх. Иргэн төрөө шүүмжилж болно, сайдаа шүүмжилж болно. Үүнийхээ хариуд шоронд орох ёсгүй. Энэ бол ардчиллын энгийн зарчим. 

-Дүүгийн чинь биеийн байдал ямар бай­гаа вэ. Уулзаж байгаа биз дээ?

-Хоригдоод найм хонож байна. Өнөөдөр(өчигдөр) эргэж очсон. Биеийн бай­дал нь харьцангуй гайгүй байна лээ. Манай дүү надад нэг л зүйл захиад байгаа. “АН-ын засаг барьж байгаа үед ардчиллаа унагааж онигоо болов, энэ үед хэвлэлийн эрх чөлөөгөө боомилж, өөрөө өөрийнхөө хийсэн ажлыг дэвслэв. Би энд 100 хоног суух яахав. Ардчиллаа бодоорой” гэсэн. Би үүнийг дүү дээрээ очих болгондоо сонсч байгаа. Ц.Бат “Үүнээс хойш хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсэн хүн хэзээ ч битгий торны цаана орог” гэж хүсч байгаа. Та үнэхээр УИХ-ын гишүүн юм бол үүний төлөө ажиллаарай гэж захиж байсан. Дүүд маань тохиолдсон явдлыг олон улсын хүний эрхийн байгууллага сонсвол бүгд Ц.Батыг өмөөрнө. Тэд хэзээ ч А.Гансүхийг ойлгохгүй. 

-Ц.Бат хоригдож байгаа хэрнээ жиргээд байна гэсэн?

-Тэр бол манай дүү. Хоригдож байгаа хүн жиргэх ямар ч боломжгүй. Твиттерийнх нь паспортыг нь мэддэг хэн ч жиргэж болно шүү дээ. А.Гансүх “Ц.Бат намайг 5700 удаа шүүмжиллээ” гэдэг чинь үндэслэлгүй л байхгүй юу. Нэг акаунтын ард чинь заримдаа компани ажилладаг гэж байгаа ш дээ. Нэг хүн 100-аад акаунттай байдаг. Дэлхий даяар 30 сая хуурамч акаунт явж байгаа. Бие биенээсээ акаунт худал­даад авчихдаг юм байна. Худалдаад авчихсан аканут дотор өөр хүн байж болдог. Тэр бол нэг хүн юм уу, хэд ч юм мэдэхгүй. Тэгэхээр Ц.Батыг дэмждэг хүн тэнд юм бичээд сууж байна ш дээ. 

-Энэ үйл явдал өрнөс­нөөс хойш та А.Гансүх сайдтай уулзсан уу?

-Тэрээр хүнтэй уулзангуутаа бичлэг хийдэг, тагнуул шиг. Ийм хүнтэй хэн илэн далангүй юм ярьж чадах вэ. Засгийн газрын хурал дээр гэнэт бичлэг авчираад сонсгодог. Ер нь их зайтай байдаг. 

-Ардчилсан нам төрийн эрхэнд гарснаас хойш байнга дотроо зөр­чилдөх боллоо. Энэ нь Засаг унагах нэг үндэс болох вий гэсэн болгоомж иргэдэд бий.

-Үнэт зүйлийн төлөө тэмцэл явж байна. Зарчмаа авч үлдэхийн төлөө тэмцэж байна. Би Баабарын жиргээг үзсэн. Энэ бол албан тушаалын суудлын төлөө биш, мөнгө төгрөгийн төлөө ч тэмцэл биш. Хүний эрх гэдэг зүйл дээр тэмцэл явж байна. Ардчилал хүний эрхийн төлөө тэмцэж үүнийг авчирсан нам юм бол энийгээ хамгаалдаг нам байх ёстой. Тэгэхээр бид хүссэн ч хүсээгүй, үүнийг зөрчөөд байгаа хүний өмнөөс дуугарахаас өөр аргагүй болж байна. Харамсалтай нь тэр нь манай намын хүн. Гэхдээ аль ч намын хүн хүний эрхийг зөрчиж байх ёсгүй. Тиймээс хүнд хагаралтай харагдаж байгаа бол уучлаарай. Гэхдээ бидний энэ өнөөдрийн маргаан олон хүнд тус болно. Олон хүнийг эрхээ хамгаалж авч үлдэхэд, олон салбарыг таг дуугүй дарангуйлалд орохоос нь хамгаална. Тиймээс олон “Шүгэл үлээгч” нарыг хамгаалдаг хуультай болох хэрэгтэй. 

М.МӨНХЦЭЦЭГ