Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хичээл яагаад заавал есдүгээр сарын 1-нд эхлэх ёстой гэж?

Есдүгээр сарын 1, ерөөсөө бидний баяр даа гэж дуулдаг ч нийслэлчүүдийн хувьд хамгийн их ачаалалтай бас стресстэй өдөр болоод байна. Учир нь энэ өдөр үр хүүхэдтэй бүхэн хөдөлгөөнд орно. Бага насны хүүхэдтэй нь хүүхдээ хөтлөөд цэцэрлэг рүү явцгаана. Нэгдүгээр ангийн хүүхдийнхээ анхны хичээлийн өдөр аав, ээж нь байлцахыг бодно. Сурагчдаас гадна оюутнуудын хичээл энэ өдөр эхэлдэг учраас замын түгжрэл дээд цэгтээ хүрнэ. Энэ өдөр ажилдаа бүрэн анхаарал хандуулаад, эрүүл ухаантай суух хүн ховор байх. Зун амралтын байдалтай намдуухан өнгөрдөг байтал чухам энэ өдөр бум бужигнаж, түм түжигнэнэ дээ. Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос төрийн өмчит цэцэрлэгүүдийн тарах цагийг 18 хүртэл хойшлуулах хүсэлт гаргасан байна лээ. Хэзээ болтол сургууль цэцэрлэг тарах цаг нийслэлчүүдийн бухимдлын цаг байх вэ. Хичээл яагаад заавал есдүгээр сарын 1-нд орох ёстой гэж. Бусад оронд  бол хичээл эхлэх тарах хугацааг янз бүрээр тогтоосон байдаг юм билээ. Тухайлбал, Солонгост дээд сургуулийн хичээл  долдугаар сарын 20-нд тарж, зуны амралт эхэлж байгаатай манай багш нар таарсан байна лээ. Хөх хотод наймдугаар сарын 15-нд төгсөх ангийн хичээл эхэлж  байна л гэнэ. Энэ мэтчилэн сургалтын байгууллагуудын хичээл эхлэх, амрах цагуудыг хойно урд нь оруулаад, зохицуулалт хийх боломж байж л таарна. Өвлийн ид хүйтэнд  сургууль амрах нь зүгээр гэсэн үзэл бодлыг ч бодолцмоор байгаа юм даа.

Б.ЯНЖМАА 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 19 хэм дулаан

Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм

Ахин 22 үлэг гүрвэлийн олдвор эх орноо зорин хөдөлжээ

Үлэг гүрвэлийн музей үзмэрээр дутахгүй нь бололтой. АНУ-ын Нью-Йорк хотоос ахин 22 үлэг гүрвэлийн олдвор өнөөдөр эх нутаг руугаа хөдөлжээ. Энэхүү олдворуудыг  хүлээн авах бүхий л ажлыг ССАЖЯ-ны Палеонтологи, архелогийн музейн шинэчлэл төслийн баг зохион байгуулж байгаа билээ. Үлэг гүрвэлийн олдворуудыг  манай улсад олгохтой холбоотойгоор өмч хөрөнгийн харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээнд манай улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл энэ оны 6-р сарын 19-нд гарын үсэг зурсан билээ. Улмаар тээвэрлэлт хийх үнийн саналыг судалсны дүнд Туушин ХХК сонгогдсон юм.

Мөн оны 7-р сарын 10-нд АНУ-ын Нью-Йорк хотноо үлэг гүрвэлийн олдворуудыг манай улсад хүлээлгэн өгөх ёслол зохион байгуулсан ба тус олдворуудыг Монгол улсаас гаралтай нь үнэн гэсэн “Гарал үүслийн гэрчилээ”-г 2014 оны 8-р сарын 8-нд МҮХАҮТ-аас өгсөн аж. 

Үлэг гүрвэлийн олдворуудын баглаа боодлыг “Сорраунд Арт” компани хийсэн  бөгөөд сайн дурын таван ажилтан тус ажлыг гүйцэтгэсэн байна. Ийнхүү уг олдворууд тээвэрлэлтийн “Линкс Ворлдвайд” компанид шилжин эх нутгийн зүг хөдөлжээ.  Үлэг гүрвэлийн олдворууд ирэх сарын сүүлээр эх орондоо ирж олны хүртээл болох гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдад хүний эрхийн боловсрол олгоно

2014-2015 оны хичээлийн жилд нийслэлийн 20 Ерөнхий боловсролын сургуульд “Хүний эрхийн төлөө залуучууд” хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдуулан ХЭҮК-ийн сургалтын танхимд “Хүний эрхийн боловсрол – ЕБС-д” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр ерөнхий боловсролын сургуульд хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг нэвтрүүлэх, сургалтын төлөвлөгөө, заах арга зүйн талаар хэлэлцэн, хүүхэд, залуучууд эрх, эрх чөлөөний талаар сурч мэдэх, эрхээ хамгаалах, бусаддаа туслахад чиглэсэн санаачлага, үйл ажиллагааг хэрхэн дэмжиж, хамтран ажиллах тухай хэлэлцэж, сургалтын хэрэглэгдэхүүнийг түгээв.

Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийн зэрэгцээ “Хүний эрхийн төлөө залуучууд” оюутнуудын бүлгийг байгуулж, хүний эрхийн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах аж. Оюутнуудын бүлэгт одоогийн байдлаар  МУИС-ийн ХЗС, ШУТИС-ийн НТС, МУБИС-ийн ТНУС, Улаанбаатар Их сургууль, Газарчин  дээд сургуульд суралцдаг 60 гаруй оюутан залуучууд нэгдэж, клуб байгуулжээ. “Хүний эрхийн төлөө залуучууд” залуучуудын бүлэг нь 2014 оны 8 дугаар сарын 30-ний өдөр энэ хичээлийн жилийн төлөвлөлтийн уулзалтыг зохион байгуулах бөгөөд 9 дүгээр сарын 06-ний өдөр Клубын албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах ажээ. 

ХЭҮК нь АНУ төвтэй “FourD Group” болон “Хүний эрхийн төлөө залуучууд” байгууллагуудтай  хамтран ажиллах санамж бичгийг 2013 оны 8 дугаар сард байгуулан, Монгол Улсын хүүхэд, залуучуудад хүний эрхийн боловсрол олгох талаар хамтран ажиллаж байгаа юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тараасан иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажилтан 3 хятад залуу нийлж 2 охиныг хүчиндээд, тогтоол усанд хаясан” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичиж олон нийтийг айдаст автуулан төөрөгдүүлсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийлээ. Дээрх мэдээллийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сити төвийн 4 дүгээр давхарт  үйл ажиллагаа явуулдаг “Вилд Дижитал” ХХК-д программист ажилтай ХУД-ийн 3 дугаар хороонд оршин суух М.Хашчулуун гэгч нь өөрийн хуудаснаа байршуулан болох нь тогтоогдсон. Түүнийг дуудаж ирүүлэн мэдээллийн мөрөөр тайлбар авахад “Өөрийн ажлын өрөөний цонхоор харагдах барилгын гадна талбайд тогтсон усыг хараад найзуудаараа тоглон санаанаасаа зохиож, дээрх агуулга бүхий мэдээллийг бичин, хотын төвөөрөө болгоомжтой байх цаг нь иржээ, үүнийг цааш нь шэйрлээд бусдад анхааруулна уу” хэмээн байршуулснаа хүлээсэн байна.

Тэрээр уг үйлдлээрээ Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 т заасан журмыг зөрчсөн байх тул Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд материалыг шилжүүлэн, хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр болсон байна.

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, олон нийтийн цахим сүлжээнд иргэд олноор мэдээ, мэдээллээ солилцох болсон энэ үед нийгмийг цочроосон, айдас хүйдэс автуулсэн, төөрөгдүүлсэн энэ мэт худал мэдээллийг түгээх нь өөрийгөө хуулийн дагуу ял шийтгэл хүлээлгээд зогсохгүй, бусдад ч муу үр дагавартай болох тул цаашид ийм асуудалд болгоомжтой хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн туршилтын хугацаан сунгалаа

Эдийн засгийн хөгжлийн яамнаас өнөөдөр “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар тогтоолоор “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг баталсан. 

Түр журамд чөлөөт бүсэд гадаадын иргэдийг визгүй нэвтрүүлэх, бараа, тээврийн хэрэгслийг гаалийн татваргүй, чөлөөтэй оруулах, аж ахуйн нэгж байгууллагыг бүртгэлийн хураамжгүйгээр бүртгэх болон хил, хяналтын байгууллагуудын эрх, үүргийг тодорхой тусгасан зохицуулалтууд бий.     Мөн иргэний бараа солилцоо, худалдааг дэмжих үүднээс зорчигчийн худалдан авсан 3.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсээс Монгол Улсын нутаг дэвсгэрт татваргүйгээр оруулахаар журамласан болно. Улмаар түр журмын дагуу 2 сарын хугацаанд /2014 оны 6 дугаар сарын 1-нээс 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл/ “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг туршилтын журмаар эхлүүлсэн. 

Журмыг хэрэгжүүлэх хүрээнд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд 2014 оны 6 дугаар сарын 22-29-ний хооронд олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, Монгол, ОХУ, БНХАУ-ын төр засаг болон бизнесийн төлөөлөл оролцон, бизнес уулзалтууд болсон юм. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахаас өмнө чөлөөт бүсэд 3 аж ахуйн нэгж хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж байсан бол одоогийн байдлаар 10 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийн, худалдаа үйлчилгээгээ хэвийн явуулж байна. Түүнчлэн ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын төлөөлөгчид “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлээд байна.

 2014 оны 6 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 31-ний хооронд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд 125 мянган тонн барааг чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж, 13.6 сая төгрөгийн татвар, 62.2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

 Туршилтын хугацаанд чөлөөт бүсэд 851.5 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн орсноос 253.7 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн зарагдаж, нийт 7181 зорчигч, 2365 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн тоон мэдээ байна.

Алтанбулаг-Хиагт боомт 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 24 цагийн горимд шилжсэн, чөлөөт бүс дэх хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгал тасралтгүй үргэлжилж байгаа зэргийг харгалзан 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар уг журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж түр журмын үйлчлэх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, тогтоол нь албажаад байна.               

Categories
мэдээ нийгэм

Багахангай дүүргийн II хороонд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

БШУЯ-ны захиалгаар Багахангай дүүргийн II хороонд 100 хүүхдийн цэцэрлэг барьж, улсын комисст хүлээлгэн өглөө. Канад технологийн модон бүтээцээр баригдсан шинэ цэцэрлэг ийнхүү хүүхдүүдээ бүртгэж, хүлээн авахад бэлэн болсон байна. Боловсрол, шинжлэх ухааны яам,Дэлхийнбанк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн үр дүнд энэ намар хүн ам олноор суурьшсан, цэцэрлэгийн хүртээмж багатай дүүрэг, хороодод 17 шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм байна. Харин яамны зүгээс өнгөрсөн хичээлийн жилд 5415 ортой 60 ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад оруулсан.2014 онд 12275 ортой 102 ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад оруулна гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г. Мягмарсүрэн: Хүүхдэд багш зааж сургах гэхээсээ хүүхэдтэйгээ хамтран ажиллах нь чухал

2014-2015 оны хичээлийн
жилд бага ангийн сурагчид шинэ хөтөлбөрөөр суралцана. Харин тэдэнд сургах багш
нарыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн жил сургалтад хамруулсан. Мөн
860 сургагч багш томилогдон нийслэл, хөдөө орон нутгийн 8 бүсэд хуваагдан бага
ангийн 13310 багшид сургалт явуулж байна. Энэ сарын 14-с өнөөдрийг хүртэл
үргэлжлэх багш, захирал, бага ангийн сургалтын менежерийн сургалтын үр дүн,
шинэчилсэн хөтөлбөрийн талаар Дундговь аймгийн “Говийн ирээдүй” цогцолбор
сургуулийн захирал Г.Мягмарсүрэнгээс тодрууллаа

Шинээр баталсан “Бага боловсролын
сургалтын цөм хөтөлбөр” өмнөхөөсөө ямар давуу талтай вэ?

– Хүүхдэд багш зааж, сургах гэхээсээ илүү хүүхэдтэйгээ
хамтран ажиллаж тэднийг сурах арга барилд сургах гэсэн үзэл баримтлал нь энэ
хөтөлбөрийн гол цөм нь. Сурагчийг хөгжүүлэх нь ганц багшид хамаатай бус бүх
нийтийг оролцуулах хандлага нь өмнөх хөтөлбөрүүдээс онцлогтой байна. Цөм
хөтөлбөрийг ажиглахад арга  зүй, зөвлөмж
нь тодорхой, мэргэжил дээшлүүлэх, зөвлөн туслах чиг үүрэг бүхий удирдамж, албан
даалгавар нь маш тодорхой. Нэг шалгуулдаг нөгөө нь шалгадаг биш зөвлөж хамтран
ажиллах үзэл санаатай байгаагаараа давуу талтай байна. Өөрөөр хэлбэл бүх зүйл
нь тодорхой, бэлэн шууд хэрэгжүүлэхэд багшид хүндрэл учрахгүй байдлаар
боловсруулсан байна.

– Шинэ
хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрэх бол?

Багш нар маань ажлынхаа үр дүнд урамшсан, стрессгүй болох
байх гэж бодож байна. Сурагчид маань илүү өөртөө итгэлтэй, бие даасан,
чадвартай, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж өндөр ирээдүйдээ итгэлтэй болох үр дүн
хүлээгдэж байна даа.

 Л.ЦОГ

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдад шагнал гардуулав

Африк
тивд тусгаар тогтнолоо зарласан отгон улс болох  Бүгд Найрамдах Өмнөд
Судан Улсад Монгол Улсаас НҮБ-ын мандаттайгаар 9 сарын хугацаанд алба хааж,
хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдыг төрийн дээд одон
медалиар шагнах хүндэтгэлийн ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож,
 шагнал гардууллаа. 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 8 дугаар сар хүртэл
 Монгол улсын  850 цэргийн албан хаагчийн бүрэлдхүүнтэй баг тус
улсад  байрлаж, орон гэрээсээ дайжсан хүмүүсийн лагерь байгуулах, баазын
байрлалд шалган нэвтрүүлэх, харуул хамгаалалт зохион байгуулах, хүн амыг ундны
усаар хангах, хүнс түгээх ажиллагаанд дэмжлэг үзүүлжээ. 

Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт хүчний 065 дугаар
ангийн штабын дарга, дэд хурандаа Ү.Амгаланбаатар, 011 дүгээр ангийн штабын
дарга, хошууч Д.Мөнхбат нарыг, Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 150
дугаар ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Л.Дагвасүрэн, 186 дугаар ангийн
захирагчийн орлогч, дэд хурандаа Н.Гантөмөр нарын 13 хүнийг, Энхийн төлөө
медалиар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн холбооны дарга, дэд хурандаа
Ц.Эрдэнэбаяр, 353 дугаар ангийн байлдааны удирдлагын офицер, хошууч
Б.Ариунтунгалаг нарын 558 хүнийг шагналаа.

Ерөнхий
сайд Н.Алтанхуяг энхийг сахиулагчдад хандаж хэлсэн үгэндээ “Монгол Улс энхийг
эрхэмлэсэн нээлттэй гадаад бодлогыг баримтлан хэрэгжүүлж, үндэсний аюулгүй
байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зарчимтай бөгөөд энэ зорилтыг
хангахад цэргийн албан хаагчдын оруулж байгаа хувь нэмэр их юм” гэлээ. Монгол
цэргийн сахилга бат, тушаал хүлээн авах, биелүүлэх сэтгэл зүй, цаг агаарын хүнд
нөхцөлд дасан зохицох чадвар нь бусад орны цэргийн бие бүрэлдэхүүнээс илүү
гэдгийг олон улсын цэргийн мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг байна. Ийм чадвартай
энхийг сахиулагч цэрэг дайчдаараа Монгол Улс бахархаж байна. Та бүхэн бол
Монгол Улсын нэрийн хуудас юм гэж Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

“Авто Худалдааны Цогцолбор” –ын эхний ээлж 10 дугаар сард ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр дээр баригдах “Авто Худалдааны Цогцолбор”-ын бүтээн байгуулалтын эхний ээлжийн барилгын ажлын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх энэ томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлсэнээр эхний ээлжийн авто зогсоолуудыг ашиглалтад оруулж, нийслэл доторх 34 цэг дээр явагдаж буй авто машины ил задгай худалдааг нүүлгэн байршуулах юм. Энэ нь агаар, хөрсний бохирдол, замын хөдөлгөөний ачаалал буурахад нөлөөлнө гэж албаныхан үзэж байна.

Тус цогцолборт авто машины болон сэлбэг, дугуй, тос тосолгооны материалын худалдаа, авто тээврийн хэрэгслийн бүх төрлийн даатгал, оношлогоо, дугаар олголт, татвар, лизингийн үйлчилгээ, түүнчлэн авто засвар, авто угаалга, тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт дамжаа, жолоодлогын аюулгүй байдлын төв, автомашины туршилтын талбай зэрэг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаахаар төлөвлөсөн байна.

Ийнхүү нэг цэгийн худалдаа, үйлчилгээний төвлөрлийг бий болгосноор иргэдийн хувьд цаг заваа хэмнэх, худалдан авах гэж буй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнийг нэг дороос харьцуулах зэрэг давуу тал бий болгож байгаа. Харин нийслэлийн хувьд хэт төвлөрөл саарах, замын ачаалал даац нь багасах ач холбогдолтой. “Авто Худалдааны Цогцолбор” байгуулагдах газрын хажууд 10000 орчим хүн амтай “Хотын шинэ төв”-ийг шинээр төлөвлөж байгаа нь тухайн орчинд хүн амын суурьшил үүсэх бүхий л боломжийг бүрдүүлэх юм.

Авто зогсоол, зам талбайн барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан “Эко Тогтол” ХХК, “Анандын зам” ХХК, “Бат кубик” ХХК, “Тэгш Плант” ХХК нь барилгын ажлаа албан ёсоор эхэлж байгаа бөгөөд гэрээний дагуу эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг 2014 оны 10-р сарын 01-нд хүлээлгэн өгнө.

“Авто Худалдааны Цогцолбор”-оос авто машинтай холбоотой бизнес эрхлэгчид болон нийт иргэд, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд зогсоол худалдан авахад банкны уян хатан хүү, хамгийн бага урьдчилгаатай нөхцөл бүхий зээлэнд хамрагдах боломжийг олгож байгаа. Мөн зээл авахад барьцаа хөрөнгө дутагдсан тохиолдолд “Зээлийн батлан даалтын сан”-гаар үйлчлүүлж, хүссэн зээлийн 60 хүртэл хувьтай тэнцэх батлан даалтыг хийх нөхцөлийг бүрдүүлжээ.