Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ил захидал

Эрхэм Ерөнхийлөгч таны энэ өдрийн мэндийг айлтган миний бие танд хоёр дахь удаагаа  ил захидал илгээж байна. Таныг цаг зав гарган уншиж танилцана гэдэгт гүнээ итгэж байна. 

Миний нөхөр Д.Цогтбаатар өргөсөн тангарагтаа үнэнч, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн ТЕГ-т 16 жил ажиллахдаа хоёр ч удаа Сөрөх тагнуулын газрын даргаар томилогдож байсан. Миний нөхрийг анх 2013 оны 2 сараас эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт ор үндэслэлгүй гүтгэсэн мэдээллүүдийг цацаж байгаад улмаар 2013 оны 6 сараас эхлэн зохиомол хэргээр цагдан хорьсон. Хоёр сар гаруй хоригдоод суллагдсан учраас бүх асуудал шийдэгдэж дууссан гэж бодож байтал шоронгоос суллагдсан өдрөөс нь эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар өмнөхийн адилаар гүтгэсэн мэдээллүүд гаргаж эхэлсэн. Ингэж байгаад 2014 оны 4 сарын 4-ний өдөр гэнэт АТГ-аас баривчлан Төв аймгийн хориход бүтэн гурван сар цагдан хорьсон. Хоригдсоноосоо хойш нөхрийн маань бие эрс муудаж, эмчийн дүгнэлтээр хаван тулсан, бөөрний архаг үрэвсэлтэй, зүрхний хэм алдагдсан, шулуун гэдэсний цус алдалттай зэрэг өвчнүүдийн оноштойгоор Төв аймгийн хорихоос 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт шилжиж ирсэн ч бие нь дээрдэхгүй байгаа билээ. Эмч нарын дүгнэлтээр яаралтай мэс засалд орох шаардлагатай гэсэн онош тавигдсан учраас миний зүгээс нөхрийгөө заавал цагдан хорихгүйгээр батлан даалтад гаргаж авах хүсэлтээ Ерөнхий прокурорын нэр дээр гурван удаа, Нийслэлийн прокурорт зургаан удаа гаргасан юм. Мөн өмгөөлөгч нь батлан даалтад гаргах хүсэлтээ олон удаа гаргаж байсан боловч “Гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх, оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр хорьж байгаа” гэсэн хариуг өгсөн. Миний нөхөр хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, оршин суух тодорхой хаягтай,  ТЕГ- т харьяалагддаг,  гадаад паспорт нь энэ байгуулагадаа хадгалагдаж байдаг. Ийм байхад заавал шоронд хорьж, олон янзын хэрэг тулгаж,  зөвхөн оргон зайлж гэмт хэрэг дахин үйлдэх  магадлалтай гэсэн хуулийн заалтаар өнөөдрийг хүртэл хориод байгаад гомдолтой байна.   Энэ нь зохион байгуулалттайгаар нөхрийг маань ямар нэгэн байдлаар яллах гээд байна уу гэсэн хардлага төрүүлж байгаа юм” хэмээн тайлбарлаж байна. 

Нөхрийг маань гэм буруутай гэж шүүх тогтоогоогүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гэмт хэрэгтэн мэтээр мэдээлж, нэр төрийг нь гутаан доромжлоод зогсохгүй “Цогтбаатар амьд явах эрхгүй, өс хонзонгоо авч байхад битгий саад бол” гэж хэлсэн нөлөө бүхий хүний ажилладаг АТГ нөхрийн маань хэргийг шалгаад байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байна. 

Д.Цогтбаатарт холбогдох хэрэг гэгчийг шуурхай шалгаж, шийдвэрлэж өгөхийг Цогтбаатарын өмгөөлөгч болон миний бие 2013 оны 6 сараас хойш өнөөг хүртэл хугацаанд мөрддөг, хянадаг, хорих зөвшөөрөл өгдөг шат шатны эрх бүхий албан тушаалтнуудаас эхлээд УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо, Улсын ерөнхий прокурор, түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисст олон удаа гомдол, хүсэлт, захидал илгээсэн боловч анхаарч үзэж байгаа байгууллага, албан тушаалтан алга байна. Одоо би хаана, хэнд хандах ёстой вэ, эрхэм Ерөнхийлөгч өө. Миний нөхөр шоронгоос Ерөнхийлөгч танд үнэн байдлаа илтгэсэн захидал нийт таван удаа илгээсэн гэсэн. Танд хүрдэг эсэх нь эргэлзээтэй юм.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрх, хүний эрх, эрх чөлөө манай гэр бүлд ноцтойгоор зөрчигдөж, эрх мэдэлтэй хүний хувийн өс хонзонгийн золиос болоод байхад XXI зууны Ардчилсан Монгол, Ардчилсан засгийн газар огт анхаарахгүй байгаад би хувьдаа маш их эмзэглэж байна. Манай улсад одоо яг тэртээх 37 оны хэлмэгдүүлэлт биетээрээ болж, жирийн нэг айлын тайван амьдрал сүйрч, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй хүмүүсийн итгэл алдарч, шүүх прокурор нь хараат байдалд ажиллаж байгааг яагаад төр засаг нүд чихгүй мэт анзаарахгүй байна вэ?

Энэ бүхэнд Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгч та төрийн тэргүүн, хань нөхөр, эцэг хүнийхээ хувьд цаг зав гарган анхаарлаа хандуулж өгөөч ээ хэмээн хүчин мөхөдсөн эмэгтэй хүний хувиас чин сэтгэлээсээ хүсч байна. 

Ажил үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэж явахад нь  хүнийг хэвлэл мэдээллээр хэн ч биш болгон зохиомол хэргээр гүтгэн доромжлоод, мөрдөж мөшгиж цагдан хорьж, сэтгэл санаа, эрүүл мэндээр хохироодог ийм байдлаа  хэзээ зогсоох юм бол.

Дашрамд хэлэхэд, миний өвөө болон аав маань хууль хүчний байгууллагад нэг насныхаа амьдралыг нэр төртэй холбосон хүмүүс байсан. Миний нөхөр ч гэсэн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчилгүй, хуулийн хүрээнд ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан гэдэгт ханийн хувьд би итгэлтэй байна. 

Эрхэм Ерөнхийлөгч таныг хүндэтгэсэн иргэн Ч.МАНДАХ 

Categories
мэдээ нийгэм

Жиргээч, инженер Ц.Батыг 100 хоног баривчлахаар болов

Ц.Оюунгэрэл сайдын дүү Ц.Батыг 100 хоног цагдан хорихоор боллоо. Түүнийг Зам тээврийн сайдын Л.Гансүхийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад өнөөдөр шүүх хурал нь болсон юм байна. Учир нь Л.Гансүх төмөр замын асуудалтай холбоотойгоор түүнийг шүүхэд өгөөд байжээ. Юутай ч түүний төмөр замын асуудлаар жиргэсэн жиргээ ийн цагдан хоригдоход хүргээд байгаа бололтой. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаас “Бат инженер хууль зөрчсөнгvй, харин бат инженерт хууль зөрчөөд ял өгчихлөө. Анхан шатны шvvх хуулийн хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргалаа” гэжээ.

Тэрбээр өнгөрсөн удаад  “Билэгсайханыг МИАТ-с хөөж явуултал би Гансvx, Женко, АН-ыг баалсаар л байх болно. МИАТ-г энэ тэнэгээр доромжлуулсаар байхыг зөвшөөрхгүй”, “АТГ өөрийгөө шалгуулсан бvxнийг буруугүй гээд явуулчихдаг юм байх даа. Тийм биш юм бол Билэгсайханыг шалгуулах дуран дээр нь шалз хуйхлаасай” хэмээн жиргэсэн юм. 

Categories
мэдээ нийгэм

Сэхээнд байсан хоёр нярай энгийн тасагт шилжжээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд байрлах “Монос” эмийн сангийн жор баригч “Фенобарбитал” эмийг буруу тунгаар худалдаалснаас болж 16 нярай ЭНЭМҮТ-д хүргэгдээд байгаа.

Эмэнд хордож унтаа байдалтай ирсэн хоёр хүүхэд тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт, 14 хүүхэд энгийн тасагт эмчлүүлж байсан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр сэхээнд байсан хоёр нярайн биеийн байдал сайжирч энгийн тасагт шилжсэн бол бусдынх нь бие харьцангуй тогтворжсон аж.

Харин эцэг эхийн хувьд холбогдох байгууллагуудаас цаашид хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд баталгаа гаргахыг шаардаж байгаа юм.

Ажлын хариуцлага алдсан “Монос”-ын жор баригчийн тухайд хэрэг нь шалгагдаж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт гараагүй учир Эрүүл мэндийн яамнаас хариуцлага тооцох асуудал яригдаагүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан залуучуудын холбооноос уриалга гаргажээ

Монголын Ардчилсан залуучуудын холбооноос төрийн өндөрлөгүүдэд хандан уриалга хүргүүлжээ.

Уриалгад дурдснаар “Хөл нүцгэн явахдаа амь нэгтэй явсан ах нар маань хүчтэй, чадалтай болохын цагт улс үндэстний өмнө тулгамдсан амин чухал шийдэлд сэтгэл чилээхийн оронд, эвдрэлцэж буйг залуус бид хатуу буруушааж байна.

Ард түмний олонхийн саналаар сонгогдон төр барьж, улсаа удирдаж байгаа та бүхэн ард олныхоо хүсэн хүлээсэн ажлыг хийж, залуу үедээ зөв үлгэр дуурайл үзүүлэхийн оронд нам доторхи хувь хүмүүсийн ялих шалихгүй зөрчлөө буруу суртал болгож, залуус бидний хийж бүтээх, урагш тэмүүлэх итгэлийг мохох үйл хийж буйг эрс эсэргүүцэж байна” хэмээн дурджээ.

Хэдхэн хоногийн өмнө МАН-ын зүгээс хоёр хөршийн удирдагчид айлчлах гэж байгаатай холбогдуулан эв найртай байх уриалга гаргасан. Ардчилсан залуучуудын холбооны гишүүд ч уриалгандаа энэ талаар дурдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутны цахим картны эхний ээлж хэвлэлтээс гарчээ

Оюутануудын  нийтийн тээврээр үнэгүй  зорчих 53 мянган цахим үнэмлэх хэвлэлтээс гарчээ. Тодруулбал, энэ хичээлийн жилд нийт 113 мянган оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчихоос одоогоор 53 мянга нь хэвлэгдсэн байна.

Энэ нь өнгөрсөн хавар захиалга өгсөн 63 мянган оюутны эхний ээлжийнх бол энэ сарын 25 гэхэд үлдсэн нь хэвлэгдэж дуусах юм байна. Тиймээс есдүгээр сарын 1-нд хавар захиалга өгсөн оюутан бүр нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой гэдгийг албаныхан хэлэв. Смарт картны захиалга орсон эсэхийг оюутнууд овог, нэр, регистрийн дугаараараа МОХ- ны www.student.org.mn веб хуудас руу орж, хянах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ машинаар 442 мянган иргэн үйлчлүүлжээ

Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх зорилгоор “ТҮЦ машин” нэвтрүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний ТҮЦ машинаар дамжуулан 442 мянга гаруй иргэн улсын бүртгэлийн лавлагаа авснаас иргэний үнэмлэхийн лавлагааг хамгийн их буюу 221 мянган иргэн аваад байгаа ажээ.

ТҮЦ машинаар дамжуулан иргэд 10 гаруй төрлийн үйлчилгээг авч байгаагаас төрсний гэрчилгээний, иргэний үнэмлэхийн, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт цуцлалтын, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа  зэрэг улсын бүртгэлийн 10 төрлийн үйлчилгээг авч байгаа билээ. 

Цахим машины тусламжтайгаар иргэд  өмнө нь 18 төрлийн үйлчилгээ авч байсан бол одоо орон нутагт суурилуулсан нийт 108 ТҮЦ машинаас 20 төрлийн үйлчилгээ авч байгаа аж. 

Хамгийн сүүлд Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэд ТҮЦ машинаар дамжуулан дахин авах буюу хаясан, гээсэн, гэмтээсэн цахим үнэмлэхийг захиалахаас гадна аж ахуйн нэгжтэй эсэх талаарх лавлагаа авах үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Ган-Очирт гэмшсэн шинж байсангүй

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн VI хорооны дөрөвдүгээр байранд 25 настай Б.Ган-Очир нь эхнэр Х-тэйгээ муудалцаж,  хайчаар хүзүүн тус газар хэд хэдэн удаа хатгаж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Б.Ган-Очирт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн  Эрүүгийн нэгдүгээр шүүхэд өчигдөр өглөө 10.00 цагаас эхэлж, үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж сэжигтэн Б.Ган-Очирт 23.9 жилийн ял оноох шийдвэрийг гаргасан юм. Түүний өмгөөлөгчийн зүгээс энэ үеэр давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна. Хохирогч бүсгүйн ар гэрийнхэн “Шүүхийн шийдвэр шударга байлаа. Гэвч Б.Ган-Очирт ер гэмшсэн шинж байсангүй. Өнгөрсөн хугацаанд тэр бидний хэнтэй нь ч холбогдоогүйгээр барахгүй талийгаачийг оршуулах ёслолд ганц ч төгрөг нэмэрлээгүйд нь гомдолтой байна. Шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч бодит үнэнийг гуйвуулж худлаа ярьж байсан” гэж ярьжээ. Хохирогчийн ар гэрийнхэн охиноосоо үлдсэн ганц хүүхдийг нь асарч байгаа. Гэтэл Б.Ган-Очирын талынхан хүүхдийг өөрсөд дээрээ авахын тулд янз бүрээрээ оролдож байгаа гэнэ. Хэрвээ энэ байдал цааш үргэлжилвэл хохирогчийн ар гэрийнхэн Хүний эрхийн үндэсний комисс болон хүүхдийн эрхийг хамгаалдаг бусад байгууллагад хандахаар төлөвлөж байгаа аж. Тэд “Бид нэг хүнээ алдчихлаа. Одоо охиноос минь үлдсэн ганц үрийг нь алдмааргүй” хэмээн болгоомжилж байгааг илэрхийллээ. 

Д.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Б.Ган-Очирт 23.9 жилийн ял оноолоо

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн VI хорооны дөрөвдүгээр байранд 25 настай Б.Ган-Очир  нь эхнэр Х-тэйгээ муудалцаж,  хайчаар хүзүүний тус газар хэд хэдэн удаа хатгаж амь насыг хөнөөсөн хэрэг гарсан билээ.

Тэгвэл Б.Ган-Очирт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн  Эрүүгийн нэгдүгээр шүүхэд өнөөдөр өглөө 10.00 цагаас эхэлж, үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж сэжигтэн Б.Ган-Очирт 23.9 жилийн ял оноох шийдвэрийг гаргалаа.

Б.Ган-Очирын өмгөөлөгчийн зүгээс энэ үеэр давж заалдана гэдгээ мэдэгджээ. 

Categories
мэдээ спорт

Анхны FIBA-гийн зөвшөөрөлтэй тэмцээн болж байна

3х3 сагсан бөмбөгийн Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч бямба гаригт буюу наймдугаар сарын 16-нд Драмын театрын урд талын талбайд эхэлсэн билээ. Монголын анхны FIBA-гийн зөвшөөрөлтэй явагдаж байгаагаар онцлогтой тус тэмцээн нь эрэгтэй 15-18, 18-аас дээш болон эмэгтэй 16-с дээш гэсэн насны ангиллаар явагдаж байгаа аж. Тэмцээний талаарх мэдээллийг сагсан бөмбөгийн дэлхийн томоохон сайтуудын нэг болох 3x3planet.com-оор дамжуулан дэлхийн нийтэд мэдээлэх юм байна. Тэмцээнд оролцож байгаа тамирчдын амжилтыг FIBA-гийн гурвын эсрэг гурав жагсаалтад оруулж, хэрвээ тэмцээний шилдгүүдийг FIBA-гаас урьвал “FIBA World tour” буюу гурвын эсрэг гурвын ДАШТ-нд эх орноо төлөөлж оролцох боломж нээгдэж байгаа юм байна.

Дашрамд хэлэхэд, уг тэмцээнд нийт 107 багийн 428 орчим тамирчин оролцож байгаа аж.

3х3 сагсан бөмбөгийн Нийслэлийн аварга шалгаруулах энэхүү тэмцээний анхны аваргууд ирэх ням гаригт буюу наймдугаар сарын 24-нд тодорно.

Categories
мэдээ спорт

Боксчид дөрвөн медаль хүртжээ

Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Үйтүмэнгээр ахлуулсан манай боксчид “Тайпей сити Кап” тэмцээнд амжилттай оролцож, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, энэ сарын 6-13-нд Тайвань улсын нийслэл Тайбей хотноо Олон улсын А зэрэглэлд тооцогддог “Тайпей сити Кап” тэмцээн дөрөв дэх удаагаа зохион байгуулагдсан юм. Тэмцээнд БНСУ, Тайланд, Индонез, Япон, ОХУ, Австрали зэрэг 18 орны 80 гаруй тамирчид өрсөлдсөн байна. 

Ингэхдээ манай тамирчдаас 60, 64 кг-ийн жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Б.Жавхлан, залуу мастер А.Бадар-Ууган, 75 кг-ийн жинд улсын шигшээ баг, АПУ компанийн тамирчин Ази тивийн аварга Э.Уянга нар тус тус мөнгөн медаль хүртсэн бол 52 кгийн жинд Сэлэнгэ аймгийн спорт хорооны тамирчин Э.Энхтөр хүрэл медаль хүртжээ. Тив, дэлхийн аваргын медальтнууд оролцсон тус тэмцээний сонирхолтой тулаануудын нэг нь Ази тивийн аварга ОУХМ Э.Уянга, Казахстаны боксчин 2012 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Юлдиз Маматкулова нарын хооронд болсон. Ширүүн өрсөлдөөн Монголын боксчны ялалтаар өндөрлөжээ.

ОУХМ Б.Жавхлан аваргын төлөө Лондонгийн олимпод оролцсон шилдгүүдийн нэг өмнө нь Ази тивийн аваргаар мөнгөн медалийн төлөө тулаанд ганцхан оноогоор ялагдаж байсан Тайландын боксчин Арди Сэйломтой тулалдаж даагаа нэхэх боломж гарсан ч гэмтлийн улмаас тулалдсангүй. Тэмцээний шилдэг боксчноор 56 кг-ийн жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин Ц.Пүрэвсүрэнг нэгийн даваанд ялж цаашид давсаар аваргалсан БНСУын боксчин Хам Сангмеонг тодорчээ.