Categories
мэдээ нийгэм

“Бүс нуур”-ыг амралт сувиллын түшиц газар болгоно

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4/15 дугаар тогтоолоор тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дахь “Бүс нуур” орчмын газрыг тусгай хамгаалтад авчээ. Ингэхдээ нуурын орчмыг тохижуулж, амралт сувиллын түшиц газар болгохоор шийдвэрлэжээ.  Тохижилтын ажил эхэлсэн бөгөөд  эхний ээлжинд нуурыг хашиж, байнгын харуул манаатай болгосон байна. а Мөн Бүгд Найрамдах Солонгос Улсын “Шинэ тосгон” хөдөлгөөний санхүүжилтээр гүний худагтай болгожээ. Цаашид нуурын орчинд мод тарих, амралт чөлөөт цагаа өнгөрөөх төгөл байгуулах, дурсгалын хөшөө босгох зэрэг ажлыг хийх юм байна.   

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Боксынхон олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн өдөр-Монгол бахархал

Өдгөөгөөс зургаан жилийн өмнө Бээжингийн тэнгэрт Монгол Улсын алтан соёмбот далбаа хоёронтоо мандаж, төрийн дуулал маань дэлхий даяар эгшиглэж байв аа. Учир юу гэвээс 2008 оны наймдугаар сарын энэ л өдөр Монголын боксын шигшээ багийн тамирчид болох Энхбатын Бадар-Ууган, Пүрэвдоржийн Сэрдамба нар Монголоороо гоёсон юм. Дэлхийн аваргын мөнгө медаль хүртсэнийхээ дараа Бадар-Ууган Оросын “Миша”-тай л ганцхан тоглох хүсэлтэй Бээжингийн олимпийг зорьсон гэдэг. Өнөөх нь даанч доогуур тойрогт ялагдаж мань хүн монгол эрийн шийр зааж аваргын алтан медалиа хүртсэн билээ. Энэ нь Монголын түүхэн дэх олимпийн наадмын хоёр дахь алт, Монголын боксын түүхэн дэх анхны алтан медаль байсан нь спортод хайртай ард түмнийхээ сэтгэлийн цангааг ийн тайлж байсан саяхансан. Тэрбээр боксын 54 кг-ын жинд аваргалан рингэн дээр 

“Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог

Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог” хэмээн омогшиж Монголын ард түмнээ баярлуулж, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг нус, нулимстай нь холиод хаячихсан. Түүний хувьд аваргын алтан медалийн төлөө боксын эх орон гэгдэх Пан-Америкийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, 26 настай, Кубын тамирчин Янкиел Леон Аларконыг 15:4-өөр илт илүүрхэн буулган авсан юм. Тэрээр 23 насандаа дэлхийн боксын спортын тавцанд өөрийгөө мөнхөлсөн билээ. Олимпийн аварга болсон жилээ өөрийн ур чадвар, техникээрээ бусдаас илүү гэдгээ нотлон тухайн оны дэлхийн шилдэг боксчин болж байсныг бид мартаагүй. 

П. Сэрдамбын хувьд 48 кг-ын жинд “битүү морь” Бээжингийн рингэнд гарч тулаан бүртээ ялалт байгуулсаар аваргын алтан медалийн төлөө тоглоход түүний баруун гар бэртэлтэй байсны улмаас тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тиймээс БНХАУ-ын нэрт тэмирчин олимп, дэлхийн аварга Зоу Шиминь алтан медалийн эзэн болсон билээ. Энэ мөнгөн медаль бол Монгол улс боксын спортын төрөлд Олимпоос хүртэж байгаа анхны мөнгөн медаль байлаа. Дэнжийн мянгын хүү олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж аавдаа бэлэг барилаа хэмээн монголчууд бахархаж суусан цаг саяхан билээ. Монголын боксын спортын түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан хоёр тамирчин маань олимп, дэлхийгээс хос медаль хүртсэн цөөн тамирчдын нэг билээ. 

Categories
мэдээ соёл-урлаг

“Ээжээ надтай гэрлээч” 56 саяын орлого олжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас кино театруудад гарч буй монголын уран сайхны киноны орлогыг долоо хоног бүр зарладаг. Харин зуны нэг сар кино жагсаалтынхаа мэдээллийг түр зогсоогоод байсан.  Энэ сарын 15-ны байдлаар Тэнгис кино театрт дөрвөн шинэ кино гарч байгаа бол Өргөө кино театр энэ сард “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны кино гарч эхлээд байна. Кинонуудын энэ сарын 15-21-ний өдрүүдэд олсон орлогын жагсаалтыг гаргахад “Ээжээ надтай гэрлээч” монголын уран сайхны кино тэргүүлсэн байна.

Кинонуудын орлогын жагсаалтыг хүргэе. 

Д/д      Нэр                                                Орлого

1.        Ээжээ надтай гэрлээч                56.676.830

2.        Миний хайр                                   1.530.908

3.        Хамгийн сайхан нь                      2.509.091

4.        Дурлалын магистр                       520.000

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“БНХАУ Монгол Улстай хамтран ажиллаж, хамтдаа хөгжихийг хүсэж байна” гэв

БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Жиньпин манай улсад хоёр өдрийн айлчлал хийгээд буцлаа. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхээ зарласан юм. Мөн хоёр орон ажил хэрэгч хамтын ажиллагааны олон гэрээг үзэглэн баталлаа.  Хятад улсын дарга Си Жиньпиний айлчлалыг дагалдан явсан Хятадын Гадаад харилцааны яамны сайдын туслах Лю Жяньчао Бээжингийн Олон улсын радиогийн сурвалжлагчид дараахь ярилцлагыг өгчээ. Тэрбээр айлчлалын үр дүнгийн талаар юу гэж ярьсныг хүргэе. Лю Жяньчао ярилцлагынхаа эхэнд “Хятад, Монголын улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны удаашраад байсан зарим томоохон төсөлд ахиц гаргахаар болсон нь хэлэлцээний чухал үр дүн юм. Хятад улс Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтдаа сэргэн мандаж, хөгжин дэвжихийг хүсэж байна” гэж онцолжээ.

-Энэ удаагийн айлчлалын үр дүнг хэрхэн үнэлж байна вэ?

-Си Жиньпин даргын энэ удаагийн төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэнд тод бичигдэх түүхэн айлчлал юм. Айлчлал дараах гурван чухал үр дүнд хүрлээ гэж үзэж байна. Үүнд: 

Юуны өмнө, улс төрийн талаар хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхийг хоёр орны удирдагч зарласан нь хоёр талын харилцан итгэлцэл улам бүр бэхжиж буйг харуулсан. Өнөө хоёр талын харилцан итгэлцлийн түвшин түүхийн хамгийн дээд хэмжээнд хүрээд байна. 

Хоёрт, хоёр тал өөрсдийн анхаарч буй томоохон бөгөөд амин чухал ашиг сонирхлын асуудлаар, тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Хятад улсын Түвд, Тайванийн асуудал зэрэг дээр харилцан тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Энэ нь хоёр талд маш чухал юм. 

Гуравт, хоёр талын уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүүгийн салбарт цогц хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр болсон. Энэ нь мөн харилцан ашигтай, хамтаар хожих, давуу талуудаа харилцан нөхвөрлөх ач холбогдолтой юм.

Ялангуяа олон талын шалтгааны улмаас удаашраад байсан Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны зарим томоохон төслийн явцад ахиц гаргах хүсэлтэй байгаагаа Си Жиньпин даргын айлчлалын үеэр талууд санал нэгтэй илэрхийлсэн. Цаашид уул уурхай, дэд бүтэц, банк санхүүгийн гэсэн гурван салбарыг нэгтгэсэн цогц хамтын ажиллагаа явуулна гэж тохиролцсон. Энэ нь Монголын байгалийн баялгийг эдийн засгийн хөгжлийн давуу талаа болгох, эд баялаг, хөрөнгийн давуу талаа болгон хөгжүүлэхэд ашигтай бас шаардлагатай юм. Холбогдох томоохон төслүүдэд Хятадын компаниуд мөн оролцох хүсэлтэй байгаа.

-Хоёр тал төмөр зам, транзит тээврийн асуудлаар чухал хэлэлцээр байгуулсан. Энэ талаар? 

-Си Жиньпин даргын энэ удаагийн айлчлалын үеэр Хятад, Монгол хоёр тал төмөр зам, боомт, транзит тээврийн зэрэг асуудлаар хамтран ажиллах олон чухал тохиролцоонд хүрсэн. 

Монгол Улс бол далайд гарцгүй орон. Энэ утгаараа Монгол Улсад Хятадын далайн боомтуудад түшиглэж өөрийн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах хэрэгцээ маш их бий. Хятад улс энэ талаар бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Энэ талын чухал хэлэлцээрүүд нь мэдээж хоёр талын аль алинд ашигтай, Монгол Улсад бүр ч ашиг тустай юм. 

-Хоёр тал соёл хүмүүнлэгийн салбарын чухал санаачилгууд дэвшүүлж байсан. Энэ талаар тодруулж ярина уу. 

-Си Жиньпин дарга Монголын талд эдийн засаг техникийн туслалцаа, боловсон хүчин бэлтгэхэд шаардлагатай туслалцаа зэргийг үзүүлэх цогц төлөвлөгөө санал болгосон. Ер нь хоёр тал соёл хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах олон санал санаачилга дэвшүүлсэн. 

Тухайлбал, Монгол Улсын соёлын төвийг Хятад улсад байгуулах, Монголын соёлыг Хятад улсад сурталчлан таниулах гэх мэт. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, тэр дундаа хил дамнасан халдварт өвчнөөс сэргийлэх, мөн цөлжилттэй тэмцэх зэрэг олон асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн. 

-Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хэрхэн төсөөлж байна вэ? 

-Монгол Улс бол БНХАУ-тай 4700 гаруй км буюу хамгийн урт хилийн шугамаар холбогддог том хөрш юм. Манай хоёр орон маш ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, хамтын сэргэн мандал, хөгжил цэцэглэлтэд хүргэнэ гэж найдаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүндэтгэлийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ

БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Жиньпин, 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, 

Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, 

Хүндэт зочид оо,

Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Жиньпин оролцож байна. 

БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Жиньпин Танд Монгол Улсын Их Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, нарлаг Монгол оронд минь тавтай морилохыг хүсье. 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн босгон дээр БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа нь 1994 онд хоёр орны хооронд байгуулсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ болон хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж буй бусад баримт бичгийг амжилттай хэрэгжүүлж, цаашид хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Энэ удаагийн өндөр хэмжээний айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргаж, хоёр орны Засгийн газар хооронд Төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтыг ашиглах, худалдаа эдийн засаг, нийгмийн салбарыг хөгжүүлэх 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд эрчим хүч, төмөр зам, авто зам, нүүрс, сүү боловсруулах зэрэг хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахаар 10 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгууллаа.

Эдгээр баримт бичгийг хэрэгжүүлэхэд Монголын төр засаг бүхий л анхаарлаа хандуулж хамтран ажиллах болно. 

Байгалийн нөөц баялгийг ашиглах хамтын ажиллагааны хүрээнд нүүрс хийжүүлж шатдаг хий гаргах, төмөр, газрын тос боловсруулах зэрэг томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол орны мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ч харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байна. 

БНХАУ-аас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл, тусламж олгосонд талархал илэрхийлж байна. 

Танд Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд үг хэлсэнд дахин талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Categories
мэдээ цаг-үе

БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлал амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин манай улсад энэ сарын 21-22-нд айлчиллаа.

Түүний айлчлалтай холбогдуулан өчигдөр УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдсан. Уг чуулганд БНХАУ-ын дарга Си Жиньпин үг хэллээ. Мөн хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон  УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад гадаад орнуудаас суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар, албаны бусад хүмүүс, БНХАУ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан зочид төлөөлөгчид оролцов.

БНХАУ-ын дарга Си Жиньпинийг чуулганы хуралдааны танхимд орж ирэхэд УИХ-ын гишүүд болон зочид босч хүндэтгэл үзүүлж байлаа.

Хүндэтгэлийн хуралдааныг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсний дараа БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жиньпин үг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын Их Хуралд зочилж Та бүхэнтэй уулзаж байгаадаа их баяртай байна. Юуны өмнө миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаа энд байлцаж буй та бүхнээр дамжуулан бүх Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе. Миний бие Монгол Улсын удирдагч нартай Хятад, Монголын харилцаа болон хамтран сонирхсон асуудлаар гүн гүнзгий санал бодлоо солилцож өргөн хүрээнд тохиролцоонд хүрсэн. Хоёр тал Хятад Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлэх хамтарсан тунхаглал гаргаж 20 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байна. Хятад, Монголын харилцааны ирээдүйд итгэл төгс байна. Морины сайныг унаж мэддэг, хүний сайныг ханилж мэддэг. 65 жилийн өмнө Хятад, Монгол хоёр улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Улс бол хамгийн эрт шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон улсуудын нэг мөн” гэлээ.

Өнөө жил Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн түүхэн ой тохиож байгаа. Ойн хүрээнд “Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дурсамж” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийв. Энэхүү нээлтийн ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар оролцлоо. Үзэсгэлэнг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 1949 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэлх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн гэрэл зургуудыг дэлгэн тавьсан байв. 

Айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан өөр нэг арга хэмжээ бол бэсрэг наадам байлаа. Манай улсад төрийн айлчлал  хийж буй хүндэт зочдод зориулсан бэсрэг наадам “Чингэсийн хүрээ” жуулчны баазад болсон юм. 

Бэсрэг наадмын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань, албаны бусад хүмүүст монгол үндэсний эрийн гурван наадмаас сонирхуулав. “Алдар” нийгэмлэгийн залуу бөхчүүдийн оролцсон үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын арслан Д.Ганхуяг түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Хурдан морьдын уралдаанд Төв аймгийн Баянцогт сумын уяач Нямдоржийн хээр торгон жолоо өргүүлж, мөн аймгийн Алтанбулаг сумын уяач Пүрэвдоржийн халтар аман хүзүүдлээ.

Бэсрэг наадамд түрүүлж, үзүүрлэсэн хүчит бөхчүүд, түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд, мэргэн харваачдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар гардуулан өгсөн юм.

Наадмын үеэр БНХАУ-ын дарга болон дагалдан яваа эрхэм зочдод “Морьтны гайхамшиг” тоглолт, монгол үндэсний хувцасны загвар болон уран нугаралтын үзүүлбэрүүдийг сонирхууллаа. Мөн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Баярмаагийн хятад хэл дээр дуулсан “Тугийн тухай дуу”-г БНХАУ-ын дарга болон түүний гэргий, Хятадын цэргийн чуулгын нэртэй дуучин хатагтай Фөн Ли-Юань нар алга ташин талархан хүлээж авч байгаа нь содон харагдав.

Ирсэн зочдынхоо гарыг цайлгадаг монгол уламжлалаар БНХАУ-ын дарга Си Жиньпин, тэргүүн хатагтай Пөн Ли-Юань нарт цоохор зүсмийн хос морь бэлэглэв. БНХАУ-ын дарга Си Жиньпин морьдын хүзүүнд хадаг зүүж ижил сүрэгт нь үлдээлээ.

Наадмын дараа хүндэт зочид эх орондоо буцахаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг зорьсон юм. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Ц.Элбэгдорж: Нөхөрлөлийн хүч агуу гэдгийг дэлхий дахинд харуулсан

Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулсан баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хуралд оролцон үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ахмад дайчид, зочид төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, ахмад дайчид, залуу үеийн төлөөллийн бүрэлдэхүүн та бүхэндээ Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Өнөөдөр бид Монгол Улсынхаа тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг бататган бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан ХХ зууны түүхэн үйл явдлын нэг болох Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг улс орон даяар, Оросын ард түмэн, цэрэг, дайчдын элч төлөөлөгчдийн хамт ёслон тэмдэглэж байна.

Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн Монгол-Зөвлөлтийн эгэлхэн дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяагаар гагнагдсан Халх голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойн мэндийг Монголын нийт ард түмэн болон Оросын ахан дүүстээ хүргэн мэндчилье.

Түүнчлэн энэхүү гарамгай ялалтын гэрч, амьд халуун домог болон налайж суугаа эрхэм ахмад дайчид, хүндэт буурлууддаа ялалтын баярын сэтгэл догдлом мэндийг хүргэе.

Тэртээ 1939 оны түгшүүрт өдрүүдийн тэнгэр дор мөнх нойрсч, Монгол эх орны минь хөрсөнд үргэлжийн залуугаараа мөнхөрч, эргэж ирээгүй баатарлаг хөвгүүд, охидоо дурсан санаж мэхийн ёслоё.

Халхын голын байлдаанд оролцож халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан Монгол, Оросын дайчдын гавьяа, дурсгалыг манай ард түмэн, төр, засаг гүнээ хүндэтгэж ирсэн бөгөөд үүний нэг жишээ нь Халх голын байлдааны ялалтын ойг 1940 оноос эхлэн уламжлал болгон тэмдэглэж ирсэн явдал юм.

Ахмад үеийнхээ гавьяа, дурсгалыг алдаршуулан мөнхжүүлэх, хөрш болон найрамдалт орнуудын хамтын ажиллагаа, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх, залуу хойч үеийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд Халхын голын байлдааны ялалтын ойн арга хэмжээ ач холбогдлоо өгч ирсэн. Манай оронд энэхүү түүхт ялалтын ойд зориулан өргөн далайцтай хөтөлбөр хэрэгжиж байгааг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ойг зохион байгуулах ажлын хэсэг ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой олон арван арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна. Энэхүү түүхт ялалтын ойг ёслон тэмдэглэхдээ бид улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгалан байдлыг сахин хамгаалахын төлөө манай ард түмэн, ахмад үеийнхэн яаж амь бие хайргүй тэмцэж ирсэн, үүнд манай умард хөрш ЗХУ хэрхэн тусалсныг өнөө үеийнхэнд ойлгуулах, залуу, өсвөр үеийнхэн, цэрэг, дайчдыг өвөг дээдсийн уламжлал, эх оронч үзэл, сэтгэлээр хүмүүжүүлэх, дайнд оролцогчид, ялалтад хувь нэмрээ оруулагчдын гавьяа, зүтгэлийг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэх, энэхүү ялалт ямар их үнээр олдсоныг үеийн үед сануулж байх ёстой. Энэ бол та бидний ахмад үейинхнийхээ өмнө, дайнаас эргэж ирээгүй эрэлхэг дайчдын өмнө хүлээсэн ариун үүрэг юм.

Бидний өвөг дээдэс, ахмад үейинхний эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, сайн сайхны төлөө зориулсан ариун үйл хэргийг үргэлжлүүлэх нь бидний нэр төрийн хэрэг юм. Энэ уламжлалыг манай өнөөгийн зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тусгай үүрэг бүхий бие бүрэлдэхүүн нэр төртэй үргэжлүүлж байгааг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хоёр чухал түүхэн үйл явдлыг урамшуулан Монголын төрөөс шагнасан. Үүний нэг нь ОХУ-ын Хиагтын хилийн цэргийн алба юм. Халхын голын дайнд оролцсон нийт Зөвлөлтийн дайчдын дөрвөн хүний нэг нь одоогийн Буриадын хязгаараас, мөн Хиагтын хилийн цэргийн албанаас оролцсон байдаг. Хиагтын хилийн цэргийн алба, тэнд байсан бие бүрэлдэхүүн Халх голын дайны эхний өдрөөс эхлэн энэ үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцож, хамгийн баатарлаг гавьяаг байгуулсан түүхтэй юм. Ийм учраас сүүлийн 50 жилд ОХУ-ын Хилийн байгууллагуудын дотроос хамгийн түрүүнд гадаадын өндөр дээд шагналаар, тухайлбал, Монгол Улсын өндөр дээд шагнал болох Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсаныг саяхан гардуулж өгснийг дуулгахад таатай байна.  

Мөн та бүхэнд таатай мэдээ дуулгая. Одоогийн Халх гол сум тэр үед дайны талбарт хамгийн их хүнд ачааг үүрч, тэнд оршин тогтнож, тэнд манай цэрэг, дайчдын хамгийн нэн шаардлагатай зүйлүүдийг гүйцэтгэхэд ар тал нь болсон. Фронт дээр байсан манай эх орны хамгийн хүнд ачааг үүрсэн засаг захиргааны нэгж юм. Ийм учраас Халхын голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Халх гол сумыг Байлдааны гавьяаны одонгоор шагнасныг энд дуулгахад таатай байна.

Монголын зэвсэгт хүчин, өнөөгийн залуус, өнөөгийн залуу үеийнхэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Өнөөдөр Монголын зэвсэгт хүчний албан хаагчид дэлхийн цэрэг гэгддэг ийм сайхан алдар хүндийг хүртэх хүртлээ дэлхийн олон халуун цэгт үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Дэлхийд энхийг сахиулах үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцдог, дэлхийн цэрэг болж арми нь өргөжсөн 20 улсын нэгээр Монгол Улсын зэвсэгт хүчин албан ёсоор тооцогдож байгааг тэмдэглэн хэлэхэд туйлын таатай байна.

Өнөөдрийн баярын хурлын үйл ажиллагаанд дөнгөж саяхан Судан улсад дэлхийн цэргийн үүргээ гүйцэтгэж, төр засаг, командлалын зүгээс өгсөн үүргийг нэр төртэй биелүүлж, НҮБ, олон улсын байгууллагын хүрээнд өндөр үнэлгээ аваад ирсэн энхийг сахиулагчдын төлөөлөл оролцож байна. Сайн байна. Үүргээ сайн биелүүлсэн та бүхэнд баяр хүргэе.

Энэ сайхан өвөг дээдэс, ахмад үеийнхээ эх оронч дайчин уламжлалыг бид өнөө үед болон хойч үедээ өргөжүүлэн хөгжүүлэх сайхан боломжийг нээхээр ажиллаж байгаа. Саяхан Чингисийн талбайд оюутан цэргүүд тангараг өргөснийг та бүхэн сайн санаж байгаа байх аа. Би хувьдаа Монгол Улсын иргэн бүхэн цэргийн алба хаах ёстой гэж боддог. Монгол Улсын иргэн бүхний зүрх сэтгэлд эх орноо хамгаалах эх оронч үзэл дүүрэн байх ёстой. Энэ бол Монголд хүн болж төрсөн хүн бүхний сэтгэл зүрхэнд оршиж байх ёстой үнэт гэж боддог. “Оюутан-цэрэг” хөтөлбөр цаашид улам бүр өргөжинө. Оюутнууд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн суралцагчдын дунд гэх зэргээр улам бүр цааш өргөжинө. Оюутан-хилчин цэрэг, оюутан-цагдаа, оюутан-онцгой байдлын албан хаагч гэх мэт байдлаар өргөжих боломжтой. Энэ чиглэлд бид эрх зүйн талаас нь, хуульд тодорхой өөрчлөлт хийж өргөжүүлэхийн төлөө  цаашид ажиллах болно.

Монголын төрд ажиллах гэж байгаа бол цэрэгт алба хаасан байдаг, улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэж байгаа хүн бүхэн цэргийн мэдлэгтэй байх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэе. Энэ бол бид өвөг дээдсийнхээ эх оронч, баатарлаг цэргийн гайхамшигт уламжлалыг үеийн үедээ үргэлжлүүлэн хадгалж үлдээх хамгийн гол бодлогын нэг юм.

Монгол Улс хоёр хөрштэй, дэлхийн хамгийн том хоёр гүрний дунд оршдог газар зүйн өвөрмөц байршилтай орон. Нэг хоногийн өмнө  БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийгээд буцлаа. Бид олон зүйлийн гэрээ, хэлэлцээр, мэдэгдэл, тунхаглал, хоёр талын эрх ашгийг хангасан хамгаалсан олон баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний дотроос хамгийн гол онцлон хэлэх нь хоёр Төрийн тэргүүний гарын үсэг зурж баталсан хамтарсан тунхаглалд “Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдал, сонгосон замыг БНХАУ үеийн үед хүндэтгэн дагах болно” гэсэн зүйлийг тусгасан явдал бол туйлын чухал юм.

Мөн удахгүй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчлах урилгатай байгаа. Энэхүү айлчлалын бэлтгэл ажил дээр бид хоёр талаасаа эрчимтэй ажиллаж байна. Ерөнхийлөгч Путины айлчлал агуулгын хувьд өргөн, шийдсэн асуудлын хувьд өргөн цар хүрээтэй, ирээдүйгээ тодорхойлсон түүхэн айлчлал болно гэдэгт бид бүрэн итгэн хүлээж байгаа.

Энэ жил бид Халх голын ялалтын 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа. Энэ өдөр бол ойн хамгийн гол тэмдэглэлт өдрүүдийн нэг юм. Цаашдаа ирэх өдрүүдэд ч гэсэн бид ойн үйл ажиллагааг тэмдэглэх, сурталчлах ажлыг үргэлжлүүлнэ.

Энд нэг зүйлийг дурсах хэрэгтэй. Тэртээ 1930-аад оны сүүлээр эхэлсэн тэр дэлхийн дайны дарийн утаа Монголын газар нутагт уугиж, дэлхийн дайныг дуусгах гарын үсэг зурахад Монголын дайчид оролцож, төгсгөж байсан юм. Үүнийг түүх мартах ёсгүй. Үүнийг бид үргэлж санан дурсч явах ёстой.

Ирэх жил 2015 онд цэрэг дайны холбогдолтой чухал ойг тэмдэглэнэ. Манай хойд хөрш агуу эх орны дайны ялалтын 70 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр ажиллаж байна. Энэ ойд миний биеийг албан ёсоор урьсан. Энэхүү ойн үйл ажиллагаанд оролцоно. Мөн 1945 оны чөлөөлөх дайны 70 жилийн ой бас ирэх жил давхцаж тохиож байгаа юм. Энэ ойг бид хоёр хөрштэйгөө хамт өргөн дэлгэр тэмдэглэх ёстой. Дипломат шугамаар болон бусад шугамаар энэ асуудлыг бид тавьж, ярилцаж байна.

Монгол Улсын тусгаар тогтнол болон бие даасан байдал сайн сайхан амьдралын төлөө Зөвлөлтийн хүмүүс, ОХУ-ын иргэд халуун амиа зориулсан. Олон арваараа, хэдэн зуугаараа, олон мянгаараа халуун амиа зориулж, бүлээн цусаа Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө урсгаж явсан юм. Бид манай хойд хөршийн ард түмний, төр засгийн, та бүхний энэ гавъяат үйлсийг хэзээ ч мартахгүй. Үүнийг Монголын ард түмэн, төр засаг үеийн үедээ санан дурсаж явах болно. Энэ үгийг би төр, ард түмнээ төлөөлөн энэ хүндэт индрээс хэлэхдээ туйлын баяртай байна.

Мөн энэхүү чөлөөлөх дайны үеэр Монголын олон мянган цэрэг дайчид БНХАУ-ын тусгаар тогтнол, сайн сайхны төлөө тэмцэн халуун амь, бүлээн цусаа урсгаж Жанчхүүгийн даваа, Хамар даваа гэх зэрэг газруудад ширүүн тулгаралтад орж, манай олон баатрууд тэнд амь насаа өгч, үүрд нойрссоныг та бүхэн мэдэж байгаа. Ийм учраас энэ жилийн болоод ирэх жилийн ой, түүхэн үйл явцыг үнэнээр нь үлдээх, түүхэн үйл явцыг санан дурсах, ирээдүй үедээ энэ бүхнийг зөв үнэнээр нь үлдээх шаардлагатай байгаа юм. Түүх өөрөө гуйвдаггүй, хүмүүс л түүхийг гуйвуулдаг. Ийм учраас бид түүхийг гуйвуулахын эсрэг байдаг. Түүхэндээ хийсэн энэ гавъяатай сайн сайхан үйлсийг бид аль аль талдаа санан дурсах ёстой.

Халх голын дайн бид бүхний хамтын ялалтаар дууссан. Бид энэ дайнд ялснаар зөвхөн зэр зэвсгийн хүч төдийгүй дайчин нөхөрлөлийн хүч агуу юм гэдгийг дэлхий дахинд харуулж чадсан юм. Чухамхүү хүнд цаг үе, эгзэгтэй түүхэн мөч бүхэнд хамт байсан Оросын ард түмэнд бид үеийн үед талархаж явах болно. Халхын голын байлдаанд оролцож, эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд залуу халуун нас, амь биеэ зориулан баатарлаг гавъяа байгуулсныхаа төлөө ялалтын 75 жилийн ойн энэ өдөр төр, засгийнхаа хайр энэрлийг хүртэн суугаа ахмад дайчид та бүхэндээ баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол эх орон минь өнө мөнхөд орших болтугай.

Баярлалаа та бүхэнд.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бодоо, Чагдаржав нараас макстенект гардуулсан бичиг

Монголын ард түмэн ба гадаад Монголын Ардын намын төлөөлөгчдийн бичиг

Монголын ард түмний нэр бүхий төлөөлөгчид бид бүрэн эрхийн дагуу доорхи зүйлийг мэдэгдэж гуйх нь:

Орос улсын цагаан хааны ба түүний Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын автономит эрхийг тунхаглан зарласан цагаас хойш Оросын Засгийн газрын эзлэн түрэмгийлэх зорилго хийгээд ард иргэдийнхээ нийгэм, эдийн засгийн түвшинг дээшлүүлж эс чадсан феодалын хэмжээгүй эрхт ёсны байгуулал нь Монголын ард түмэнд хөнөөлт шинжтэй болохыг мэдсэн хэсэг хүн монголчуудын дотор байсан билээ. Эл хүмүүс тэр үеийн нөхцөлд өөрсдийгөө ил харуулж чадахгүй байсан бөгөөд гагцхүү Оросын хувьсгалын байлдан ололтын нөлөө, ялангуяа хятадууд Монголын автономит эрхийг устгасны дараа ардчилсан бүгд найрамдах агуулга бүхий улс төрийн мөрийн хөтөлбөр боловсруулан сэтгэлэг адил хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлж, ард иргэдийн дунд үндэсний хувьсгалт үзэл санааг дэлгэрүүлж, юуны өмнө Монгол орны бие даасан байдлыг сэргээхэд Зөвлөлт Орос улсаас тусламж эрэхээр шийдсэн билээ. Хуучныг баримтлагч-үндэсний үзэлт ноёдын ба жижиг түшмэдийн нам Хятадын эзэрхэг түрэмгий нарын эсрэг нэгдэн тэмцэх санал тавьсанд Ардын нам үндэсний бие даасан байдлын төлөө тэмцэлдээ амжилт олохын үүднээс дарлагдан зовсон Монголын ард түмэнд чин сэтгэлээр тусалж чадах гагц орон Зөвлөлт улсад хандах болзолтойгоор уг саналыг хүлээн авсан бөлгөө. Ийнхүү тохиролцсоны үр дүн нь Монголын бүх ард түмний нэрийн өмнөөс бүрэн эрх бүхий төлөөлөгчдийг Зөвлөлт Засгийн газарт илгээсэн явдал мөн. Бидний төлөөлөгчдийн зорилго нь Бүгд найрамдах Орос улсын хувьсгалт ард түмэн болон Монголын хооронд бат холбоо тогтоох, зөвлөлт засаг Монголд хэрхэн хандаж буйг тодорхой мэдэх, Монголд идэвхтэй тусламж үзүүлэх боломжийн талаар Оросын төв Засгийн газартай хэлэлцээ хийхэд оршино.

Манай ард түмний хүсэл эорилгыг мэдэгдэхдээ, бидний эрмэлзлэлийг гүйцэлдүүлэхэд бололцоотой бүхнийг хийхээс Та бүгд үл татгалзах буй заа хэмээн найдаж байгаагаа илэрхийлье.

“Монгольский сборник. (Экономика, история и археология. Москва. 1959. 110-111 дэх талаас)

Ардчилсан бүгд найрамдах агуулга бүхий улс төрийн мөрийн хөтөлбөр боловсруулсан нь

Хуучныг баримтлагч үндэсний үзэлт ноёдын ба жижиг түшмэдийн нам, Хятадын эзэрхэг түрэмгий нарын эсрэг нэгдэн тэмцэх санал тавьсан гэж  бичигдсэнийг та харж байна.

Марксист түүхчид 1919-1920 онд дан ганц Ардын нам байгуулагдсан, тэд л 1921 оны хувьсгалыг хийсэн гэж өдий хүртэл номлосоор ирсэн. Тэгвэл тэр үеийн Монголд олон нам байсан байна. Ноёдын ба түшмэдийн нам гэж байсан. Ноёд түшмэдийн нам Ардын намд Зөвлөлт Оросоос тусламж гуйх  хүсэлт тавьсан улаан Орос тусламж өгсөн байна гэж ойлгож болмоор. Ийм  учраас 1921 онд байгуулагдсан Ардын намын анхны Засгийн газар буюу Бодоогийн Засгийн газар бол яах аргагүй ноёдын нам, түшмэдийн намд зохих суудал өгсөн, Ардын намаас Ерөнхий сайд тавьсан эвслийн Засгийн газар байж гэж дүгнэж болохоор.

Цаг хугацааны хувьд авч үзвэл Бодоо энэ бичгийг коминтернд өгүүтээ тун удалгүй хүрээ рүү эргэсэн гэж Х.Чойбалсан бичсэн байна. Бодоо намын нөхөдтэйгөө цуг байх үедээ МАН-ын бүх бичиг баримтыг боловсруулдаг байсан. Түүндээ эрдээд ч юм уу, бусдыгаа дарангуйлдаг байсан талаар намын нөхөд нь тэмдэглэн үлдээжээ. 

Ардын намынхан Эрхүүд байхдаа хоорондоо санал зөрөлдөн муудалцсан. Бие биетэйгээ дуугарахгүй болж, нэг гудамжны хоёр талаар явсан тухайгаа Х.Чойбалсан нарын номонд тэмдэглэн үлдсэн байдаг. Богдын тамгатай бичгийн талаарх маргаан дээр Данзангаас  Бодоогийн зан харьцааны талаар ийм үг хэлсэн байна. 

Данзангаас Бодоод хандан их л уурсангүйгээр энэ үгийг хэлжээ. “Ер нь Бодоо бол хэзээнээс Консулын дэнж дээр анги бүлэг болж, Орос талаар ийм тийм хэмээн бидэнтэй нийлж хамтрахыг бодохгүй ДЭЭРЭНГҮЙЛЭН, МЭДЭЭРХЭЖ явдаг шүү” хэмээн уурсахад,

Бодоогоос: -Юу гэнэ ээ. Ер чи хүрээнд анги бүлгийн чанартай сууж, хэрэг ажлын эцсийн бүтээлт чанарыг хянахгүй, тус ангид үл бүтэх этгээдийг авч байсан учраас, гүн Нямжав урваж Хятадад ажлыг хийж байгаа шүү. Энэ үгийг танай нам нь түшмэдийн нам шүү гэж ойлгож болмоор доо гэж Бодоо уурсчээ.  

Марксизм, Ленинизмын түүх бичлэгийн арга барилаар зохиогдсон Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын бичсэн Монголын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх номоос үзэхэд Бодоо, Данзан нар хүрээнд байхдаа л зөрчилдөж эхэлсэн гэж болохоор. Данзан Бодоог нөхдөдөө дээрэлхүү гэдгийг мэддэг, Бодоогийн сээрдүү зантай үндэсний үзэлтэйг оросууд ч ажиглаж байжээ. Шумяцкий Бодоогоос болгоомжилж “Бодоо гэдэг чинь хашир чоно” гэж байсан баримт байна. Үнэхээр Бодоог улаан Оросын талаар “тийм ийм” гэж анхнаас нь дүгнэн ярьж явсныг коминтерн мэдэж, бас түшмэдийн намын толгойлогч Данзан, Ардын намын толгойлогч Бодоо хоёрын хоорондын зөрчлийг ашиглахаа Оросын чекистүүд тооцож суусан байж магадгүй. Тэгээд коминтерн Бодоо, Данзан нараас жийрхэж мэдлэг, боловсрол нимгэнтэй, залуу халуун зүрх зоригтой Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нарыг олзлон авсан байх магадлалтай. Оросууд Бодоог Кремльд аваачих гэж хэд хэд ятгасан. Мөн Орос явах бололцоо Бодоод олдсоор байхад  яаж ийгээд мултарч үлдээд байсан  нь их сонин. 

Оросууд коминтерний III их хуралд Бодоог онцлон оролцуулахаар урьжээ. Бодоо бас л хойш суужээ.

Бас нэг ийм бичиг МАХН-ын төв архив. Ф-4, Д-1. 69 дэх талд хадгалагдаж байх юм.

Монгол Ардын Засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газрын 13 дугаар хурлын бичиг 

“…Коминтерний III хуралдаанд Бодоо, Бегзеев /Цэвээн Жамсрановын орос нэр Г.Д/нарыг намын Төв хорооноос төлөөлөгчид тохоон тавьж, томилон гаргах ажаамуу хэмээн Эрхүүгийн Шумяцкийгээс тавдугаар сарын 7-ны өдөр 355 тоот цахилгаан мэдээ ирснийг байцаан үзээд, одоо цаг чухал бөгөөд улсын албан хэрэг үлэмжхэн тул Москва хотод дарга Бодоогийн оронд Хорлоог, Түшмэл Бегзеев нарыг Монгол ардын засгаас бүрэн эрх олгож, томилон гаргахаар тогтов.

Засгийн газрын дарга Бодоо 

Олноо өргөгдсөний 11 дүгээр он. таван сарын 3” гэжээ.

Ингээд Бодоо Москва явахаас хоёр удаа  мултран үлдсэн баримт энэ. Гурав дахь удаагаа бол Данзан тэргүүтэй төлөөлөгчид Москва явж Ленинтэй уулзсан домогт уулзалтыг Монголын түүх их л тодорхой өгүүлдэг.  Гэхдээ төлөөлөгчдийн ахлагч нь Д.Сүхбаатар байсан мэтээр түүхийг гуйвуулдаг юм. Коминтерний тооцоолсноор Монголын төлөөлөгчдийг Ерөнхий сайд нь ахалж очих ёстой байлаа. Тэгээд Лениндээ хувьсгалыг Монголд ингэж хийсэн гэж ажлын тайлангаа тавих цаг үе.  Гэтэл Монголын Ерөнхий сайд Бодоо ажилтай гэж Москвад очихоос өөрөө татгалзсан байна.

Харин Алс дорнодын Монгол, Хятадыг хариуц­сан комин­терний төлөө­лөгч Кремльд Мон­голын төлөөлөгчдийн бүрэл­дэхүүнийг танилцуулахдаа Д.Сүхбаатарыг Монголын Ардын намын Засгийн газрын Ерөнхий сайд гэж “зориудаар андууран”, Данзанг Сангийн сайд гэж танилцуулсан байдаг. Орос гэлтгүй Монголын түүх бичигчид энэ үеийн Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Д.Сүхбаатар ч байсан юм шиг, Ерөнхий сайд Д.Сүхбаатар Орост айлчилж, Ленинтэй уулзсан юм шиг болгон кино, ном, шүлэг, найраглал бүтээчихсэн. Социализмын үеийнхэн Д.Сүхбаатар Москваг зорьж, Ленинтэй уулзсан Д.Сүхбаатар Ерөнхий сайд байсан гэсэн ойлголттой үлдсэн. Эрхүүд суурьшсан коминтернийхэн Д.Сүхбаатарыг Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын төлөөлөгчдийн тэргүүн гэж танилцуулж, Ленинтэй уулзуулсан гэж бичиж байна. Ленин Д.Сүхбаатар хоёр уулзсан уулзаагүй гэж олон түүхчид маргалддаг. Харин Ленин Д.Сүхбаатар хоёр уулзсан бол Ленин Монголын төлөөлөгчдийн тэргүүн Данзанг хүлээн авч уулзсан баймаар. Харин Шумяцкий өөрийнхөө бичсэн номонд Д.Сүхбаатар Ленинтэй уулзаад дараа нь “Монголчууд “Ерөнхий сайд Бодоогоо Орост суух элчин сайд болгоод өгөөч” гэж хүсэлт тавьсан гэж тэмдэглэжээ. Орос явах төлөөлөгчдийг Ерөнхий сайд Бодоогоор ахлуулж, ирүүл гэсэн цахилгаан утасны ха­риуд Бодоо “Төрийн ажил барагдахгүй тул эрхбиш Сан­гийн сайд, цэргийн сайд нар Москва явах буй за. Өчүүхэн би шинэ тулгар төрийн их ажлыг та нарыг иртэл амжуулж ява­хыг хичээсүгэй” гэж байжээ. Ямар ч байсан Бодоо Москва явахгүй мултарч үлдсээр нэгэн биеийг дуусгасан нь ямар учиртайг хэн ч үл тайлна. Тэр үеийн Москвад улаантны аллага ид гаарч байлаа. Коминтернд элссэн хэн боловч коминтерний үзэл суртлыг дагаж, нийтийн дайсны эсрэг тэмцэнэ. Эс биелүүлбэл буудан хорооно. Эсвэл баривчлан цэргийн гэмт хэрэгтэн болгон Москвад аваачин шүүнэ гэдэг хууль үйлчилж байв. Москва аллагын газар, Эрхүү хавь цөллөгийн газар болж оросууд хоорондоо орос хэлээр биш гар буугаар ярьж байсан хэцүү цаг.

Аллагын яг ийм механизм коминтерний туршлагаар Монголд хэрэгжиж байсан баримт оллоо. Албан бичгийн журмыг чандлах тухай Засгийн газрын Ерөнхий дарга Бодоогийн гэсэн нэг ийм бичиг МАН-ын архивт үлджээ. Уг бичигт “Энэхүү өдрөөс эхлэн ардын хэргийг мөчийн төдий саатуулан боогдуулах явдал гаргагчид байх ахул коминтерн буюу бусад нэгэн аргаар Москва хотын хорооноо мэдэгдэн шийтгүүлэх арга хэрэглэнэ. 

Засгийн газрын Ерөнхий дарга Бодоо

Нарийн бичгийн дарга Батхаан” гэжээ.

Бүх шийтгэлийг коминтерн оногдуулна. Коминтерн юу гэнэ тэр бол хууль. Улаан оросын нэгэн адил Ардын засгийн явдлыг эсэргүүцсэн хэнтэй ч буугаар ярьдаг ярга­лал эхэлж байсан эрх зүйн баримт Бодоогийн нэрээр гарчээ. 

Иймэрхүү бичгийг Ерөнхий сайд Бодоо үйлдээд зогсож байлаа гэж үү гэж гайхмаар.  Ер нь Бодоо, Чагдаржав нарыг баривчилж, буудан алсны дараа гэзэг үс хяргах, өмч хөрөнгө хураах зэрэг төр засгийн хамаг муу муухай, соёлгүй бүдүүлэг хэт хувьсгалжсан, зүүнтэн болгох ажлыг Бодоо нарын хийсэн жүжиг болгон тавьжээ. Архивт байгаа Бодоогийн цуглуулга баримт бичигт Бодоо гэгч нь ядаж Ерөнхий сайдынхаа албан тушаалыг ч нэг янзаар бичиж чаддаггүй хүн гэж ойлгогдохоор янз бүрийн бичгүүд Бодоогийн нэртэй үлджээ. 

Жишээлбэл: Шавь сайд Бодоо, Засгийн газрын Ерөнхий дарга Бодоо, Засгийн газрын дарга Бодоо, Ерөнхий Гадаад яамны тэргүүн сайд Бодоо, Ерөнхийлөн шийтгэх бөгөөд Гадаад яамны сайд Бодоо, Монгол ардын засгийн хэргийг бүгдэд  захиран шийтгэх газрын ерөнхий дарга Бодоо, МАН-ын төв хорооны бошгыг халах тэргүүлэх дарга Бодоо, Засгийн газрын гишүүн Бодоо гээд ганц албан тушаалыг хичнээн янзаар бичжээ. Аль нь ч түүхэн баримт аль нь зассан, хассан, нэмсэн баримт гэдэг нь мэдэгдэхээ больжээ.  

Бодоо Чагдаржав нар 1922 оны есдүгээр сард алагдсан. Зарим түүхч наймдугаар сард алагдсан гэж мэдээлдэг. Алуулсан сар, өдрийг нь хүртэл олон янзаар бичиж үлдээжээ. 1935 оноос МАН-ын түүхийг марксист ёсоор анх оросууд бичиж өгсөн. Түүнээс хойш түүхийг монголчууд бичсэн боловч бүгдийг оросууд, Зөвлөлт холбоот улсын коммунист нам зөвлөж, МАХН үзэл сурталдаа зориулж засч, редакторлаж хэвлүүлдэг байсан. МАХН-ын түүхийн архивыг үзэхэд бүх сайн сайхныг Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар хийсэн гэж мандуулахын тулд Бодоог гол дайснаар тодруулж түүхэн баримт бичгийг хүртэл энэхүү үзэл сурталдаа зориулан бэлтгэсэн гэлтэй. 

Бодоогийн тухай түүхэн баримтын цуглуулга гэгчид ядаж он сарын хувьд дэндүү ал­даатай, улс төрийн үйл явдлын дараалалгүй болго­жээ. Ерөнхий сайд Бодоог  бие муу учир ажлаас чө­лөөлж өгнө үү гэж намын төв байгууллагадаа, Засгийн газартаа өргөдлөө гаргаагүй байхад коминтерн Бодоогийн Ерөнхий сайдын ажлыг өөрчилж, Зөвлөлт Орост суух элчин сайдаар томилчихсон инээдэмт түүх байна.  Бодоо тэр үед Ерөнхий сайдын ажлаа үнэнч хийж байсан.

Categories
мэдээ цаг-үе

“Мөнхийн аялгуу”-гаас “Говь хангай”-г бүрдүүлсэн ангийнхан

1973 он. Хоёрдугаар ангид орлоо

Нийслэлийн 23 дугаар сургуулийг 1982 онд төгссөн 10в ангийнхныг “Нэг ангийнхан” буландаа урилаа. Тухайн үед тусгай дунд сургууль хэмээн нэрлэгдэж байсан тус сургууль нь орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гэдгээрээ онцлогтой билээ.  

Энэ ангиас төр нийгэм, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, боловсрол, хөдөө аж ахуй, физик электроник, барилга, уул уурхайн гээд бүхий л салбарын нэр хүнд бүхий хүмүүс төрөн гарсан аж. 43-уулаа төгсөж байсан тэдний 42 нь дээд сургуульд шууд элсэн суралцаж байсан түүхтэй. 

Энэ ангиас УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, Эрүүл мэндийн дэд сайд асан, “Хатагтай” эмнэлгийн захирал А.Отгонболд, Нийс­лэлийн шүүхийн дарга, Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан С.Батдэлгэр, ИНЕГ-ын дэд дарга асан М.Мэндбаяр, Бат­лан хамгаалах яамны орон сууцны албаны дарга, хошууч Ж.Оюунгэрэл, цахим иргэний үнэмлэхийн мэдээлэл уншигч программыг зохиогч, “Инженер софт” компанийн захирал Ж.Батболд, “Оюутолгой” ком­­па­нийн монгол талын тэргүүлэх механик инженер Б.Алтантуяа, Европын сэр­гээн босголт, хөгжлийн банк­ны захиргааны ажилтан Ариунтунгалаг, Япон улсын “Шуняда” компанийн монгол дахь захирал Б.Сарангуа, “Орчлон” сургуулийн захирал Ц.Жаргалмаа, Хэвлэлийн хү­рээлэнгийн дарга асан н.Галсандорж зэрэг тухайн ажиллаж буй салбарынхаа нэр хүнд бүхий тэргүүлэх мэргэжилтнүүд төрөн гарсан юм. Тэднээс гадна гадаадын олон улс оронд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллан эх орныхоо нэрийг гаргаж яваа олон хүмүүс бий.

10в анги таван доктортой болжээ. Тэднээс Ё.Байгалмаа ОХУ-ын Ленинград хотноо докторын зэрэг хамгаалан одоо АНУ-ын Вашингтон хотын хавдар судлалын хүрээлэнд ажиллаж байгаа бол С.Отгонбаяр тухайн үеийн АУИС төгсч, сургуулийнхаа дэд захирал хийж байв. Харин П.Саруул биологийн чиглэлээр Болгарт докторын зэрэг хамгаалан Шанхайд ажиллаж, амьдарч байгаа юм.  

10в ангийн анги даасан багшийг Т.С.Коломиец гэдэг. Тэр үед 23 дугаар сургуулийн ихэнх багш нар нь Зөвлөлт холбоот улсын иргэд байлаа. Эдний ангид л гэхэд монгол хэл, биеийн тамирын хичээлээс бусад хичээлийг орос багш нар заадаг байсан гэдэг. 

Нэг ангийнхан өнөөдөр ч гэсэн фэйсбүүк болон цахим шуудангаар үргэлж холбоотой байдаг бөгөөд ирэх жилийн есдүгээр сард багшийгаа Монголд ирэхийг урьжээ. Хэдийгээр төгсөөд 30 гаруй жил болж байгаа ч ангийн багш Т.С.Коломиец нь яг л мөнгөн хонхны баяр хийгээд ангийн сурагчдаа үдэж байсан үе шигээ залуугаараа байгаа тухай ангийн нөхөд хуучлан ярьж, гэрэл зургийг нь үзүүлж байсан юм. 

10в-д монгол хэлний хичээлийг гавьяат багш Д.Хишигсүрэн, биеийн тамирыг Монгол Улсын шилдэг дасгалжуулагч С.Базарсад, эрхзүйн хичээлийг н.Мижиддорж нар тус тус заадаг байсан бол Ж.Дагвасүрэн багш хичээлийн эрхлэгч хийж байжээ.

Аравдугаар ангиа төгсөх үед ангийн дарга хэмээх бас ч үгүй томоохон “албан тушаал”-ыг Х.Ариунтуяа хашиж байв. Бүх хичээлдээ онц, сайн гэсэн үнэлгээг авдаг тэрээр спорт, урлагтаа сайн байж. Тиймээс ч хожим өөрийн сонирхлоо дагаж волейболын спорттой амьдралаа холбосон юм гэнэ. Үүнээс гадна Оросын томоохон компанийн төлөөлөгчийн ажлыг давхар хийж байна. 

1973 он. Хоёрдугаар ангид орлоо

Харин энэ ангийн эвлэлийн үүрийн даргыг Д.Оюунцэцэг хийдэг байжээ. Зарчимч, ажилд шаргуу байдлаараа үлгэр дуурайлал болсон тэрээр өдгөө ШУТИС-ийн геологи, уул уурхайн сургуулийн Геодези зурагзүйн сургуулийн захирал хийж байна. Түүнийг ангийнхан нь “Манай ангийн алдарт уяач” хэмээн тодотгосон. Морь уядаг нөхөртөө туслах нэгнийгээ ийн нэрлэсэн хэрэг л дээ.

Тус ангид олны танил хүмүүсийн хүүхдүүд нэлээд олон байжээ. Тухайлбал, ардын жүжигчин Л.Цогзолмаагийн бага охин Н.Энхтүвшин энэ ангийн сурагч. Орос ардын дууг маш сайхан дуулахын зэрэгцээ онигоо ярьж ангийнхныгаа инээлгэдэг байсан тэрээр хожим Орос улсад урлаг судлаач мэргэжил эзэмшсэн юм. Түүнийг Монголын анхны реалити шоу болох 25 дугаар суваг телевизийн “Миний гэр”-ийн продюссерээр ажилласан гэхээр хүмүүс андахгүй танина.

Түүнээс гадна алдарт “Хүрэн морь” найраглалын эзэн Ч.Лхамсүрэнгийн хүү Б.Отгончулуун мөн энэ ангийн хүүхэд. Тэрээр өдгөө Герман улсад Хүүхдийн согог судлаач мэргэжлээр ажиллаж байгаа гэнэ. 

“Мөнхийн аялгуу” ба урлаг, спортод манлайлсан нь    

Нэг ангийн найзууд уулзах бүртээ “Мөнхийн аялгуу” хамтлагийнхаа талаар ярина. “Улс төрийн дууны” гэх тодотголтой тус хамтлаг нь ангийн охидоос бүрдэнэ. Бас ч болоогүй тэд нөгөө ангийн мөн улс төрийн дууны “Улаан сарнай” хамтлагтай өрсөлддөг байсан гэж байгаа. Сонирхуулахад, “Улаан сарнай” хамтлагт хожим “MCS” группийн ерөнхийлөгч болсон Ж.Од гишүүн нь байсан бөгөөд чамгүй сайн дуучин, хөгжимчин байсан гэнэ.

“Мөнхийн аялгуу” хамтлагийн онцлог нь орос дуу ихэвчлэн дуулна. Тиймдээ ч тухайн үеийн нийгмийн нөхцөл байдлаас үүдэн оролцсон тэмцээн уралдаандаа үргэлж тэргүүн байр эзэлнэ. Бүр дүүрэг, хотын тэмцээнд түрүүлээд Герман улс руу явах эрх авч байсан удаатай. Ийнхүү хол газар явж, олон сайхан зүйл үзэх сайхан боломж олдсон ч ангийн охин, хамтлагийн гишүүн С.Бадамхандаас болж явж чадаагүй гэдэг. Учир нь тэрээр “Аравдугаар ангиа төгсөх чухал үе ирчихээд байхад юун дуу хөгжим болж гадагшаа явах. Хичээлдээ анхаарлаа хандуулж, шамдацгаая” хэмээсээр больж байсан гэдэг. Гэхдээ тэрээр үүнийг өөрөө ч хэлсэн юм биш л дээ. Ангийн найз Ё.Байгальмаагийн ээжийг ийн ярьж утсаар загнахаар нь ангийнхандаа дамжуулж, хамтлагийн нөхөд нь ч түүний үгээр болжээ. Ингэж “шавар хаагч” хэмээх нэр авсан С.Бадамханд өдгөө мэргэжлийн гэрэл зурагчин болсон. Тэрээр “Моннип” компанийн захирлаар ажиллаж, өөрийн авсан хүмүүний амьдралын нэг агшин, байгалийн үзэсгэлэнг буулгасан гэрэл зургуудаараа хэд хэдэн удаагийн үзэсгэлэн гаргаад амжжээ. Тухайлбал, эмэгтэй гэрэл зурагчидтай хамтран гурван ч үзэсгэлэнгээ дэлгэсэн бол Япон улсад хоёр удаа олон нийтэд бүтээлээ үзүүлсэн юм. 

Урлаг, уран сайхны үйл ажиллагааг ийнхүү “Мөнхийн аялгуу”-гийнхан “авч гардаг” байсан бол ангийн спортын арга хэмжээг А.Отгонболд, Х.Ариунтуяа, С.Лувсанжамц, Б.Түмэннаст нар хариуцна. Ангийн өмнөө барьдаг сагсчин, волейболчин Б.Түмэннаст, Х.Ариунтуяа нар өдгөө ч ахмадын аварга шалгаруулах спортын тэм­цээн, уралдаануудад үргэлж оролцдог юм билээ. Б.Түмэннастын хувьд барил­гын зөвлөх инженер болж, “Buildings technology” компанийн менежерээр ажиллаж байна. Тэрээр Монголын анхны ногоон бай­шин барих хүнд бөгөөд нэр хүндтэй ажлыг эхлүүлээд байгаа. Газрын гүний дулаа­наар халж, хөрөх тус барилгын зураг төслийг Швейцарийн архитекторчидтой хамтарч хийгээд, ирэх жилээс барилга барих ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм билээ.  

   

“Один за всех и все за одного” гэв үү…

Эдний ангиас таван эмч төрсний нэг нь А.Отгонболд. “Хатагтай”-н гэхээр хүмүүс андахгүй. Тэрээр ангийнхаа хүүхдүүдийн гурван үеийг эх барьж авч буй эмч. Ангийн охин эсвэл ангийн хөвгүүний гэргий, тэдний хүүхдүүдийн хүүхэд гээд л үргэлжилсээр байгаа. А.Отгонболдод үзүүлэхээсээ ичдэг байсан тухайгаа ангийн охид нь хөгжилтэйгээр хуучилна. Тиймээс ч А.Отгонболд сувилагч бүсгүйчүүдээрээ камертай үзлэг хийлгээд өөрөө хажуу өрөөнөөс нь харж, зөвлөгөө өгдөг болсон гэсэн. А.Отгонболдын хувьд 57 улсын эмэгтэйчүүдийг эх барьж авсан гэдгээрээ бахархдаг гэсэн. Түүгээр ч зогсохгүй өөрийн дөрвөн хүүхдээс гадна энд тэнд эхдээ гологдон хаягдсан 12 хүүхдийг өөр дээрээ авч өсгөн өдгөө 16 хүүхдийн аав болжээ. Ангийн хүүгийн энэхүү энэрэнгүй үйлсээр нөхөд нь ч тун бахархаж явдаг тухайгаа ярьж байлаа.

Арван жил тохой нийлүүлэн суу­сан нэг ангийнханд тохиолд­сон хөгжилтэй, хөгжөөнтэй явдлууд тун олон. Бие биедээ нэр хоч өгч байсан нь өдгөө өөрийнх нь нэр шиг болжээ. Тухайлбал, ангийн хөвгүүн Ц.Мөнх-Оргилыг ангийнхан нь Жак гэдэг байжээ. Ц.Мөнх-Оргил багадаа тун ч томоотой, дуу цөөнтэй нэгэн байв. Бүр нэгдүгээр ангидаа өөр анги андуурч орсноосоо болоод уйлж орж ирсэн удаа бий. Тэрээр үсээ дандаа хусуулдаг жаал хүү байж. Тийм болохоор ангийнхан нь “Жа лам” гэнэ. Энэ нэр явсаар Жак болж дээ. Жак ангийнхаа уулзалт бүрт ирэхдээ энэ нэрээрээ дуудуулах тун дуртай байдаг гэсэн. 

А.Отгонболдыг харин Орилоо гэх. Тэрээр сагс, волейбол тоглохдоо үргэлж хашгирч, орилж байдаг тул ийн нэр авсан байх юм. Одоо ч гэсэн ангийнхан нь “Хүүе, Орилоо” гэж ирээд л ярих ажээ. Тэднээс гадна Яблоки Оюунтунгалаг, Местны Баяраа, Сок Баяраа, хулгана Батчулуун гээд л явж өгнө дөө. 

Тус ангийнхан багаасаа л орос хэлээр дагнан суралцаж, А.С.Пушкин, М.Ю.Лермонтов зэрэг Оросын сор болсон зохиолчдын бүтээлүүдийг уншиж өссөн болоод  тэр үү ихэвчлэн оросоор ярина. Монголоор ярьж байгаа үедээ ч орос үг хавчуулан ярих ажээ. Ямартаа л ангийнхаа уриаг “Один за всех и все за одного” гэжээ. Энэ нь “Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” гэсэн үг билээ. 

Үүнээс гадна дээр хэлсэнчлэн нэгэндээ өгсөн нэр хочуудад орос үгс олонтаа сонсогдоно. Түүнчлэн өдгөө анги хамт олноороо караокед орвол монгол дуу гэхээсээ илүүтэйгээр орос дууны цомог булаацалддаг гэж байгаа. Бүр “Оросын төлөө” гэсэн нам байгуулна хэмээн улстөржин хөгжилдөцгөөх ажээ.

Ангийн хөвгүүд өглөө бүрийн 7.30-д тусгай уулзалт хийдэг нь сайхан дурсамжуудын нэг. Энэхүү уулзалтаар өмнөх орой нийслэл хот болоод дэлхий дахинд болсон үйл явдал, хөлбөмбөг гэх мэт тэмцээн уралдааны талаарх сонин содон мэдээллүүдээ хуваалцана даа. Тун чиг хөгжилтэй шүү. Тухайн үедээ л тоймчид байжээ хэмээн хожим өөрсдийгөө тодорхойлон ярилцаж, инээлдэцгээнэ.

Ангийн хөвгүүдийн өөр нэг хөгжилтэй дурсамж нь “түгшүүр” хэмээн хашгирчихаад уралдан гарч одох явдал. Ингэж гарахад хамгийн удаан нэг хөвгүүн нь охидуудтай үлдэнэ. Түүнийг гаргахгүйн тулд ангийнхаа хаалгыг бүгдээрээ дарж, охид нь ч хажуунаас нь “Шараа, шараа” хэмээн гоочлох нь бага насны томоогүй явдал байж.

Тухайн үеийн ч юм уу эсвэл зөвхөн энэ 10в-гийнхний ч юм уу нэг сонин гэмээр зан бий. Тэр нь өөрийнхөө “дурласан” охиноо шоглодог зуршил. Тэр үед “Хөдөлмөр амралтын зуслан” гэж байв. Аравдугаар ангийн охид, хөвгүүдийг ажил амьдралын уртаас урт аялалд бэлтгэх дамжаа энд явагддаг байсан гэхэд болно. Энд хүүхдүүд зөвхөн ажил хийгээд зогсохгүй, бусадтай харилцах харьцаа, зан байдлын төлөвшил басхүү хүүхэд насны гэнэн томоогүй үерхлийн харилцаа бий болдог байжээ. Тиймээс ч дээрх “зуршил” энэ үед маш тод харагдах бөгөөд ангийн хамгийн хөөрхөн охин С.Бадамханд зусланд байхдаа хамгийн их шоглуулдаг байсан гэдэг. 

2012 он. Нэг ангийнхан 30 жилийн дараа

Хөвгүүдэд шоглуулдаг байсан өөр нэг охин бол ангийн дарга Х.Ариунтуяа. Ангийн багш Б.Түмэннастыг Х.Ариунтуяатай нэг ширээнд суулгахад Б.Түмэннаст ихэд дургүйцэж байсан удаа бий. Тэгснээ хэдхэн хоногийн дараа “Үерхье” гэсэн захидал өгсөн нь тун хөгжилтэй. Гэхдээ өдгөө тэд гэр бүлийн сайхан найзууд болжээ.

Эвлэлийн үүрийн дарга Д.Оюунцэцэг Ц.Мөнх-Оргилтой нэг ширээнд сууна. Онц сурлагатай Д.Оюунцэцэг харин шалгалт болоход Ц.Мөнх-Оргилоос хичээлээ нууна гэж жигтэйхэн. Гараараа хав дараад суучихдаг байсан гэж байгаа. Үүнийг нь хожим Ц.Мөнх-Оргил “Д.Оюунцэцэг ээ, чи яагаад тэгж нуудаг байсан юм” хэмээн ихэд ичээж байсан удаатай гэнэ лээ.

Ангийн охид ерөөс их зарчимч байжээ. Ямартаа л сургууль төгсөх хонхны баяраараа архи уухгүй хэмээж, нэг ч архигүй өнгөрөөж байхав дээ. Тухайн үед бар, караоке энэ тэр байгаагүй тул хонхны баяр болсон өдрийн оройжин хотын төвөөр ангиараа алхацгаасан гэдэг. Анх удаа өндөр өсгийтэй ботинк өмссөн охид хөвгүүдээрээ үүрүүлэн байж баяраа тэмдэглэсэн нь энэ билээ.

Эрүүл мэнддээ анхаарсан анги болжээ

Нэг ангийнхан маань өдгөө  болж өгвөл ойр ойрхон уулзалдахыг хичээх болжээ. Тэмдэглэлт баяр ёслол, найр хурим, төгсөлтийн тэгш ойн уулзалт гээд олон уулзалтаас гадна нэгнийхээ амьдралд тохиолдох гунигт үед нь ч хамт байж чаддаг нь энэ ангийнхны нийтэч занг илтгэнэ.

1982 онд 23 дугаар сургуулийг гурван анги төгсөж байжээ. Төгссөнөөс хойшхи хэдэн жил ангийн уулзалтууд тус тусдаа болдог байсан ч өдгөө бүгдээр бараг нэг анги болчихжээ. Энэ нь шинэ жилийн баярыг анги бүр ээлжлэн зохион байгуулдаг болсноос харагдана. Өнгөр­сөн жил гэхэд булангийн маань зочин 10в анги зохион байгуулсан бөгөөд “Мөнхийн аялгуу” хамтлагийнхан нэг сар орчим хугацаанд тусгайлан бэлдсэн ая дуугаа өргөж, төгсөлтийнхнийгөө доргиож чадсан гэсэн. 

10в ангийнхны уламжлал болсон өөр нэг зүйл бол явган аялал. Ангийн хөвгүүн Ж.Батболд буюу Очкигийн санаачилсан уг арга хэмжээ өдгөө долоо хоног бүрийн ням гаригт болдог. Үүнээс үүдэн нэг ангийнхан маань бүр “Говь хангай” хэмээх клуб хүртэл байгуулаад амжсан гэж байгаа. Ингэж аялалд явахдаа “Өвчин, улс төр, ажил гурвыг ярихгүй байх” гэсэн маш хатуу зарчим баримталдаг гэнэ лээ. 

Т.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ нийгэм

Монголын залуус нэгдэнэ

Ирэх даваа гаригт Монголын залуучуудын өдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл, жил бүрийн наймдугаар сарын 25-ныг Монголын залуучуудын өдөр хэмээн тэмдэглэсээр ирсэн. Энэ өдрийн хүрээнд  МЗХ-ноос хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээний ерөнхий уриа нь  “Залуусаа нэгдье”. Энэхүү уриан дор “Залуус бид нэгдэж хандиваар тусална”, “Залуус бид нэгдэж сайн сайхан үйлсийг дэлгэрүүлнэ”, “Залуус бид нэгдэж хүний амийг аварна”, “Залуус нэгдэж оролцоно” сэдэвт ажлуудыг  зохион байгуулахаар болсон байна. Наймдугаар сарын 23-нд буюу өнөөдөр өглөө  07.00 цагт унадаг дугуйтай залуус нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн зүүн бүсийн ажилчдыг өөрсдийн хийсэн өглөөний хөнгөн цайгаар дайлж, ажилд нь тусалж,  хог цэвэрлэн, явган хүний зам дагуух бордюрийг будах ажлыг өрнүүлээд байгаа юм. Мөн энэрэл нигүүсэл Ажиа Ринбүүчий гэгээнтний санаачилгаар сайн санаат хүмүүсийн хандиваар боссон “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн бүтээн байгуулалтын ажилд нэгдэн, гадна талбайд нь сандал байрлуулах, гадна дотор цэвэрлэгээг хийх бөгөөд энэхүү цэвэрлэгээнд ашиглахугаалга цэвэрлэгээний зүйлсийг  “Нарантуул” захад үйлажиллагаа явуулдаг иргэд хандивласан байна. Мөн Монголын залуучуудын өдрөөр байгууллага хамт олон, оюутан залуус цусаа хандивлах бөгөөд энэхүү аянд “урлаг,  соёлын одууд, сошиал ертөнцөд идэвхтэй байдаг залуус нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Цус хандивлах үйл ажиллагаа 25-ны 09.00-13.00 цагт МЗХ-ны Залуусын нээлттэй танхимд болно. Усанд урссан ээжээсээ өнчирч хоцорсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат 7 настай У.Ууганбаатар, 5 настай  У.Батсүх нарын хичээлийн хэрэгслийг МЗХ-ынхон  таван  жилийн турш бэлтгэж өгөхөөр батламж гардуулсан билээ. Тэд амлалтынхаа дагуу энэ өдөр хүүхдүүддээ хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгөх бөгөөд “Төмөр трейд” ХХК нь таван жилийн турш хичээлийн дүрэмт хувцас болон биеийн тамирын хувцасны хослолыг үнэ төлбөргүй хандивлахаар болсон сайхан мэдээ дуулгасан байна. байнгын ажил хийх боломжийг олгох зорилгоор “Цагийнажил-II” хөдөлмөрийн яармагийг энэ сарын 25-нд МЗХ-ны гадна талбайд зохион байгуулах гэж байна. Одоогоор 20 гаруй ажил олгогч байгууллагууд энэхүү яармагт оролцох хүсэлтээ ирүүлжээ. Тэрчлэн залуучуудынхаа дуу хоолойг сонсох уулзалт ярилцлага, чуулгшан зохион байгуулах зэргээр олон ажлуудыг зохион байгуулах ажээ.