Month: July 2014
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1, долдугаар зүйлийн 7.1.9, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн гуравдугаар зүйлийг тус тус үндэслэн Засгийн газрын Шадар сайд, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагвын өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Улсын даян аварга А.Сүхбат, Улсын даян аварга Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол олголоо.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Улсын дархан аварга цолны болзол хангасан Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, “Шонхор-Олимп” дээд сургууль, “Дүнжингарав” дэвжээний бөх, Улсын даян аварга Агваансамдангийн Сүхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Улсын даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нар өнөөдөр Дархан аварга цол, тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авав.
Цол гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Удахгүй улсын баяр наадам болох гэж байна. Улсын баяр наадмын хийморь нь бяр хүчтэй бөхчүүддээ байдаг. Хурдан морьдоо уралдуулж, эрхий мэргэн харваачдаараа харвуулж нааддаг сайхан уламжлалтай.
Энэ жил Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр өмнө нь чимэг байсан, нэг хэсэг бөхийн цол болж явсан Далай аварга цолыг чимгээр нь үлдээхээр болсон. Мөн Дархан аваргын болзол хангасан хүмүүст энэ цолыг нөхөж өгөх тухай хууль гарсны дагуу энэ цолыг олгож байна.
Манай хэвлэлийнхэн, олон нийт нэг буруу ойлголттой байгаа. Ноднин их олон янзын цолонд өөрчлөлт оруулж, түрүүлээгүй бөхөд аварга цол олгох зэрэг тиймэрхүү өөрчлөлт оруулах төсөл орж ирж байсан. Түүн дээр би хориг тавьсан. Тэр хууль батлагдаагүй. Ганцхан Далай аварга гэдэг цолыг хуучин явж байсан чимгээр нь үлдээхээр болсон. Тэгээд ХХ зуунд явж байсан уламжлалаараа Дархан аварга гэдэг цолыг Даян аварга цолтой бөхөд олгож байгаа юм гэдгийг хуулийнх нь дагуу зөв ойлгох хэрэгтэй юм.
Ингээд өнөөдөр энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн Агваансамдангийн Сүхбат, Гэлэгжамцын Өсөхбаяр нартаа Монгол түмнийхээ нэрийн өмнөөс, бөхөө хайрладаг , шүтдэг, үздэг Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдынх нь үйлсэд улам их амжилт хүсэн ерөөе.
Монгол түмэн минь сайхан наадаарай. Наадам сайхан болно гэдэгт итгэж байна. Баярлалаа” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын холбоо баяр наадмыг угтан дүүргийнхээ залуучуудыг хамруулан “Хоггүй наацацгаая” нийтийг хамарсан их цэвэрлэгээг зохион байгуулжээ.
Дүүргийнхээ 20, 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын ай сав газар, Толгойт өртөөнөөс зүүн тийш төмөр зам дагуу, Хүй долоо худгийн наадмын талбай орох зам дагуух гурван хэсэг газар 500 орчим залуучууд цэвэрлэгээ хийлээ. Мөн “Такси хэрэглэгчдийн нэгдсэн холбоо” нэгдэж 300 гаруй таксигаар үйлчилсэн байна.
Д.САР
Шүүгчийн албан тушаалд томилогдож байгаа хүмүүст шүүгчийн үнэмлэх гардуулах ёслол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Шинээр томилогдсон шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм.
Энэ удаа зарласан 70 шүүгчийн сул орон тоонд 400 гаруй хуульч нэрээ дэвшүүлж, 375 хуульч бүртгүүлж, сонгон шалгаруулалтад 282 хуульч оролцож, 252 хуульч тэнцсэн байна. Сонгон шалгаруулалт нарийн шалгууртай, шалгаруулах үйл ажиллагаа нь хүнээс бага хамааралтай болж өнгөрсөн бөгөөд дээрх хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулж, өнөөдөр анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүх рүү дэвшсэн гурван шүүгч, анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон 43 шүүгч, нийт 46 шүүгчийг нэгэн зэрэг томилж үнэмлэх гардуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Баярхүүг Иргэний хэргийн давж заалдах шатны наймдугаар шүүхийн шүүгчийн, Д.Баатархүү, С.Мөнхжаргал нарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна. Мөн Д.Ганболд, Б.Ундраа, Б.Ууганбаяр, С.Энхбаяр, Т.Энхтуяа нарын 43 хүнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томиллоо.
Ингэж нэгэн зэрэг олон шүүгч томилж байсан тохиолдол Монголын шүүхийн түүхэнд байгаагүй юм. Шүүгчдэд үнэмлэх гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд хандан үг хэллээ.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр 2014 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус байнгын хороо хаврын чуулганы хугацаанд гишүүдийн 72.3 хувийн ирцтэйгээр нийт 11 удаа хуралдаж, 43 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 7, хяналт шалгалтын тайлан нэг, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах яам, агентлаг, харьяа байгууллагуудын тайлан мэдээлэл 4, нийт 55 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Мэдээлэлд дурдагдсанаар “ Тайлангийн хугацаанд Байнгын хороо Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдаж өргөн мэдүүлсэн 15 хууль, Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулж, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт оруулаад байна. Байнгын хороо Хамтын тэтгэврийн тухай, Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг шинэчлэн найруулсан Монгол хэлний тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, намрын чуулганаар хэлэлцэн батлуулахын тулд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Түүнчлэн Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэж, Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлууллаа.
Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэн батлуулахаар оруулаад байгаа бөгөөд Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдлээ. Тогтоолын төслийн хүрээнд хоёр удаагийн томоохон хэлэлцүүлэг хийж , эрдэмтэн, судлаач, багш, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан бөгөөд Байнгын хорооны Ажлын хэсэг гаран ажиллаж байна. Тайлангийн хугацаанд Байнгын хороо 2014 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлж ажиллалаа. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус хүргүүлээд байна.
Түүнчлэн тайлангийн хугацаанд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг сонсов.
Байнгын хорооноос Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогын шинэчлэл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцах, Шинжлэх ухааны академийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхасуудлыг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллав. Ажлын хэсэг шинжлэх ухааны байгууллагуудыг бэхжүүлах зарим арга хэмжээний тухай Байнгын хороонытогтоолыг хэлэлцэж баталж Засгийн газарт хүргүүллээ.
Мөн эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг Улсын 2, 3 дугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын төв, Хавдар судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Мөн ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлэг, Улсын клиникийн төв эмнэлгийн өргөтгөл, Геронтологийн үндэсний төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга, Баянзүрх дүүргийн 3-р амаржих газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын өргөтгөл зэрэг нийт 5 барилга байгууламжийн ажлын явц, үр дүнгийн талаар Үндэсний аудитын газарт хүсэлт тавьж, дүгнэлт гаргуулсан болно.
Тайлангийн хугацаанд Байнгын хороо иргэдийн амжиргааны түвшинх, үнийн инфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлан санал8 дүгнэлт гаргах, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад үүрэг, чиглэл өгч, дүнг Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсэг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамны удирдлагуудтай уулзаж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар яамдаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, баримталж буй бодлого, гаргасан шийдвэр, ажлын явц, үр дүнтэй танилцсан. Мөн ажлын хэсэг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, салбарын мэргэжлийн холбоодтой хамтран уулзалт ярилцлага зохион байгуулж, санал, дүгнэлт гаргалаа. Мөн “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.
Түүнчлэн Байнгын хорооноос Хууль зүйн байнгын хороо, УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Хууль зүйн яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Хохирогч хамгаалал, хуулийн шинэчлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт, үнэлгээг Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, танилцуулгыг хэлэлцэж, цаашид хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй хангах арга замыг тодорхойлж, Зөвлөлдөх уулзалтаас Улсын Их Хурал, Засгийн газарт хандсан санал, зөвлөмж боловсруулан хүргүүлж ажилласан” гэлээ.
Мэдээллийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Монгол Улсын бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2014 оны эхний хагас жилийн байдлаар 33 мянга 900 болж өнгөрсөн оны мөн үеэс 18.8 хувиар буурлаа. Үүнийг өмнөх жилүүдийн эхний хагас жилтэй харьцуулахад 2008 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт болж байна.
Тухайлбал энэ оны эхний таван сарын хугацаанд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 38 мянга байсан бол зургадугаар сарын эцэст 4100 хүнээр буурсан байна. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн дунд боловсролгүй иргэдийн эзлэх хувь харьцангуй бага байгаа юм. Харин дийлэнх буюу 40.1 хувь нь бүрэн дунд, 36.5 хувь нь дипломын болон бакалаврын боловсролтой байна гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Энэхүү бүтэц сүүлийн нэг жилийн туршид хэвээр хадгалагдаж байгаа аж. Харин 2014 оны эхний хагас жилийн хугацаанд хөдөлмөрийн хэлтэст шинээр бүртгүүлсэн иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс буурч 43 мянга 572 болсон нь сүүлийн гурван жилийн дундаж түвшин болжээ.
Нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны сахилга батыг сулруулахгүй байх үүднээс ИНЕГ-ын дарга тушаал гаргаж, баяр наадмын өдрүүдэд Ерөнхий эргүүл томилон ажиллуулахаар боллоо.
Ерөнхий эргүүлийг энэ сарын 10-ны өглөөнөөс эхлэн энэ сарын 16-ны өглөө хүртэл ажиллуулах аж. Ерөнхий эргүүл нь ИНЕГ, түүний харьяа алба салбар, орон нутгийн нисэх буудлуудын нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаа, ажлын сахилга батад хяналт тавьж, гарсан зөрчил дутагдлыг холбогдох удирдлагуудад цаг алдалгүй шуурхай мэдэгдэж байх юм.
Э.Эрдэнэ
“Сайн үйлсийн төлөө нэгдэцгээе, оролцоцгооё” уриан дор зохион байгуулагдаж буй Монголын скаутын холбооны үндэсний тавдугаар цугларалт буюу жембори боллоо. Цугларалт Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Монголын Скаутын холбооны зусланд энэ сарын 04-ний өдөр нээлтээ хийсэн байна. Тус цугларалтад нийт 1000 гаруй скаут цугларсан бөгөөд Монгол орны 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын есөн дүүрэг, мөн Англи, Тайвань, Сингапур, Дани, Малайз зэрэг орны гадны скаутууд ирж оролцжээ.
Скаутууд зун, намар, өвөл, хавар гэсэн дөрвөн хэсэгт хуваагдаж бие даан амьдрах ур чадварт суралцан, майханд амьдарч , хоолоо хээрийн нөхцөлд хийж, салааны зохион байгуулалтанд орж хүүхдийн хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдаж цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлсэн байна.
Э.Номин
2014 оны 7-р сарын 11-нээс 15-ны
өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
– Ногоон орчин буюу авто машингүй бүсийг бүрдүүлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэн
болон Хүй долоон худгийн морь бариан орчинд 100 метрээс дотогш тээврийн
хэрэгсэл оруулахгүй байж, наадамчид явганаар чөлөөтэй баярлах нөхцөл
бүрдүүлсэн.
– Наадамчдад зориулж Энхтайваны гүүрний урд байрлах “Шинэ өглөө”, ”Хурд”
хорооллын баруун, зүүн талд болон Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд
талд таксины зогсоол гаргасан.
– Баяр наадмын үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав,
Мишээл экспо худалдааны төвөөс наадамчдад үнэ төлбөргүй, буухиа чиглэлээр 18
автобус 5-10 минутын зайтайгаар, Рэйлбусын дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх
хүрээлэн рүү 3 автобус тус тус үнэ төлбөргүй үйлчилнэ.
– Хүй долоон худагт эко хавтангаар 500 тээврийн хэрэгсэл зогсох зогсоолын
талбай байгуулсан.
– Хүй долоон худагийн авто машины зогсоолоос үйлчилгээний гэр, бариа
хүртэл явган хүний хатуу хучилттай замыг шинээр хийсэн.
– Хүй долоон худагийн шинэ Рэйлбус явах Давааны өртөө зогсоолоос нийтийн
тээврийн зогсоол хүртэлх замыг шинээр хийсэн.
– Баяр наадам зохион байгуулагдах газруудыг хянах хяналтын камер байрлуулсан.
– Цагдаагийн иргэдэд үйлчлэх төв ажиллана.
– Зөвшөөрөл аваагүй иргэдийн асуудлыг шийдвэрлэж, НЗЦГ, Соёолж, Үндэсний соёл
амралтын хүрээлэнгийн зогсоол болон шороон зогсоол, Авто тээврийн газрын
зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулах боломжоор хангасан.
– 2014 оны 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд Амгалан өртөөгөөс Рэйлбус
Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоол Хүй долоо худаг руу иргэдийг
тээвэрлэнэ.
– 2014.7.13-ны өдөр Хүй долоон худагт болох уяачдын наадамд Улсын наадмын “А,
Ж, ДК, Г, Ү, М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бөгөөд тус тусын
үсгээр тэмдэглэсэн зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна.
– 2014.07.11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс өмнө
2 цагийн өмнө НЗЦГ-ын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун
уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
– 2014.07.12-ны өглөө “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг
уулзвараас “Г, Ү” зогсоол руу эргэдэг гарц хүртлэх замыг зүүнээс баруун тийш,
морьд уралдаж ирсэний дараа “Г, Ү” зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл
баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын
хөдөлгөөнийг зохион байгуулна.
НААДМЫН ЗӨВШӨӨРӨЛ
Баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, хурдан морины бариа
явах тээврийн хэрэгслүүдэд А, Ж, DК, Ү, Г, М, М зөвшөөрөл
олгогдоно.
“А” – Нийслэлийн засаг даргын тамгын газар
“Ж” – Нийслэлийн аялал жуулчлалын газар
“DК” – Гадаад харилцааны яам
“Ү” – Дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс
“М” , “М” ,“Г” –Нийслэлийн Замын цагдаагийн газрын дүүргүүд дэхь
ЗЦТ-аас олгоно.
“А” зөвшөөрөл: \200ш\ “А” зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол
нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу
орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120
мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж “Оюун түлхүүр”
сангийн хашаанд орж зогсоно. Харин хоёр дахь зогсоол нь НЗЦГ-ын баруун урд
уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандийн гудамжаар яваад “DК” зогсоолын
хойд талд барилгын талбайд байрлана.
“Ж” зөвшөөрөл: \120ш\ “А” зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх
боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талд тэмдэгт заасан газар
байрлуулна.
“DК” зөвшөөрөл: \80ш\ “А”, “Ж” зогсоолын нэгэн адил замаар явж,
Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд тэмдэгт заасан газар байрлуулна.
“Ү”, “Г” зөвшөөрөл: \3000ш\ НЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч
Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш Нийслэлийн гудамж руу эргээд
“Хурд” хорооллын урд зогсоол, мөн “Суруга Монгол” компанийн зогсоол дээр
байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн
гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршлын гүүр, Олимпийн гудамж, Их Монгол
Улсын гудамжаар зогсоолын талбайд байрлуулна.
“M” 3000ш, “М” 1000ш зөвшөөрөл: /Зөвхөн Хүй долоон худаг явна./
“М” зөвшөөрөлтэй жолооч нар Эмээлт өртөөгөөр баруун тийш яваад Хүй долоон
худаг руу эргэдэг 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт газар
тээврийн хэрэгслээ байрлуулна. “М” Хүй долоон худаг руу эргэдэг эхний
уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт газар тээврийн хэрэгсэлээ
байрлуулна. “Ү”, “Г” зөвшөөрөл авсан тээврийн хэрэгсэл хүй долоо худагт
“Ү”,”Г” гэсэн үсгээр ялгасан авто зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна. Уг
зогсоол руу Хүй долоон худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж
тэмдэгт заасан зогсоолд хүрнэ.
Нийтийн тээврийн үйлчилгээ:
Нийтийн тээвэр: Нийт 31 чиглэлээс 259 том оврын автобус үйлчилнэ.
Яармаг, Нисэх чиглэлийн том оврын автобус Цэнгэлдэх хүрээлэн ирэхдээ 120 000-ын
уулзвараар зүүн тийш нэвтэрч, Сурын талбай, “Ү”, “Г” зогсоолууд дээр
зогсож, Нийслэлийн гудамж, Их монгол Улсын гудамжаар явж НЗЦГ-ын урд
уулзвараар хойшоо нэвтэрч үндсэн маршрутаараа явна. Буцахдаа Энхтайвны гүүрээр
урагш нэвтэрнэ. Чингэлтэй, Хайлааст, Зүүн зүгээс ирэх том оврын автобус НЗЦГ-ын
урд уулзвараар нэвтэрч, Их Монгол улсын гудамж, Нийслэлийн гудамжаар явж “Ү”,
“Г”, Сурын талбай, 120 000-ын автобусны буудал дээр зогсож Энхтайвны гүүрээр
давж, маршрутад орж явна. Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр
автомашинаа байрлуулаад тэндээсээ “БУУХИА” автобусанд сууж Цэнгэлдэх хүрээлэн
орж, наадмаа үзэх боломжтой.
Дүнжингарав худалдааны төвөөс Шинэ замаар яваад Их Монгол Улсын гудамжны
уулзвараар баруун тийш Нийслэлийн гудамжаар яваад эхний зогсоол “Хурд”
хорооллын урд буюу “Г”, “Ү” зогсоолын талбайн дэргэд, хоёр дахь зогсоол Сурын
талбайн урд тус тус зогсоно. Тэндээс хөдлөөд Гандийн гудамж, Баянмонгол
хорооллын замаар явж, Дүнжингарав худалдааны төвийн зогсоол хүрнэ. /10
автобус үйлчилнэ/ Мишээл худалдааны төвөөс Чингисийн өргөн чөлөө, Нийслэлийн
гудамжаар яваад /120 мянгатын уулзвараар зүүн тийш явна. /эхний зогсоол
сурын талбайн урд, дараагийн зогсоол “Хурд” хорооллын урд буюу “Г”, “Ү”
зогсоолын талбай дээр зогсоно. Дараагийн зогсоолд хүрэхдээ Нийслэлийн гудамж,
Их Монгол Улсын гудамж, Гандийн гудамжаар явж Энхтайваны гүүрэн доогуур
гарч зүүн гарч Мишээл экспогийн зогсоол хүрнэ. /8 автобус үйлчилнэ./
Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойгуур явсан Гандийн
гудамж, “Ү”,”Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зогсох зогсоолоос Хурд хорооллын
урд замаар баруун тийш хуучин танктай хөшөөний уулзвар хүртэлх замыг бүрэн хаах
ба зам хаагдсан тухайн замд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа автобус
зөвхөн зорчино..
Хүй долоон худаг явах автобусны чиглэл: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс
Хүй долоон худаг явах том оврын автобуснууд 4О жилийн өндөрлөгөөс хөдөлж,
Энхтайваны гүүрний доогуур гараад Механик Инженерийн сургуулийн баруун хойд
уулзвараар баруун гар тийш эргэж Нарны гүүрээр давж Нарны зам руу орно.
Хүй долоон худаг руу эргэхдээ эхний гарцаар баруун гар тийш эргэж, Нийтийн
тээврийн зогсоол бүхий тэмдэгт газар автобуснуудаа байрлуулна. Хүй долоон
худгаас буцаж ирэхдээ Энхтайваны өргөн чөлөөгөөр явж байгаад 10 хорооллын
гэрлэн дохиотой уулзвараар баруун гар тийш эргэж Нарны замаар яваад НЗЦГ-ын
баруун урд уулзвараар баруун гар тийш эргэж, Их Монгол Улсын гудамж, Гандийн
гудамжаар яваад 40 жилийн өндөрлөгийн ард зогсоно.
Нийт 20 том оврын автобус үйлчилнэ. \Автобусны нэг эргэлт нь 3 цаг\ Хүй
долоон худаг руу Ханын материалаас-4, 5 шарын уулзвараас-4, МУБИС-иас 20, 7-н
буудлаас-4, Офицеруудын ордноос-4, Хорооллын эцсээс 4 автобус тус тус
явна.
Такси зогсоол \Нийслэлийн Нийтийн тээврийн газрын байцаагч нар ажиллана\
Нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг таксинуудад зориулж 3 зогсоолын талбай
гаргасан. Энхтайвнаы гүүрний урд “Шинэ өглөө” хорооллын зүүн зогсоол, мөн
замын зүүн талын “Хурд” хотхоны талбай, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн
танхимын урд талбайг зөвхөн таксины зогсоолд зориулсан. “Шинэ өглөө” хорооллын
зүүн зогсоол дээр тавигдсан таксинууд буцаж гарахдаа баруун гар тийш эргээд 19
дүгээр үйлчилгээний төвийн арын замаар яваад “Нарны” гүүрээр, “ХУРД”
хотхоны баруун талд байрласан таксины зогсоол дээрээс хөдөлгөөнд оролцохдоо
зөвхөн баруун гар тийш эргэж Энхтайвнаы гүүрээр давж хотын төв рүү орно.
Хүй долоон худаг орчмын тээврийн хэрэгслийн зогсоолын талаар “Г”, “Ү”,
“М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр баруун тийш яваад
Хүй долоон худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт
газар тээврийн хэрэгслээ байрлуулна. “А”, “Ж”, “ДК”, “М” зөвшөөрөлтэй тээврийн
хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр даваад Хүй долоон худаг руу эргэдэг 2 дахь
уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ
байрлуулна.
Анхааруулга: – Наадмын хөтөлбөрт хуваарийн
дагуу цагаа зөв зохицуулах
– Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчихгүй байх
– Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн
хэрэгсэл жолоодохгүй байх
– Авто радио ФМ96.3-радиог сонгон сонсож хөдөлгөөнд оролцох
– Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх
– Жолооч нар явган зорчигчид доо хүндэтгэлтэй хандаж, зам
тавьж өгөх
– Явган зорчигчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
зорчих хэсэг дээгүүр явахгүй байх
– Зөвшөөрлийн ард заагдсан замаар явж, автомашинаа зөв
байрлуулах
– Зохицуулагчийн дохиог биелүүлж хөдөлгөөнд оролцохыг НЗЦГ-аас
анхааруулж байна.
Шаардлагатай албаны утасны жагсаалт
1. 102 -Зам тээврийн осол хэргийн дуудлага хүлээн авна.
2. 93020111 -Нийслэлийн Замын цагдаагийн албатай
холбоотой мэдээлэл хүлээн авна.
3. 93029603 -Авто радио ФМ 96.3 Замын
нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
4. 93021828 -БЗД дэх ЗЦТасаг.
5. 93021203 -ХУД дэх ЗЦТасаг
6. 93021109 -БГД дэх ЗЦТасаг
7. 93057777 -СБД дэх ЗЦТасаг
8. 93021118 -СХД дэх ЗЦТасаг.
9. 93021819 -ЧД дэх ЗЦТасаг.
10. 93021011 -Хүй долоон худагт байрлах НЗЦГ-ын штаб.
Өнөө зун манай орны нийт нутгаар дуу цахилгаантай бороо орж байгаа. Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Хар нүдэн гэдэг газар зусч байсан айлын гадаа аянга бууж 18 настай залуу аянганд ниргүүлж амиа алджээ. Талийгаач н.Таванжин хэмээх айлд хотоос амралтаараар ирээд байсан бөгөөд дуу цахилгаантай бороо орж байхад малаа эргүүлэх гээд явж байсан гэнэ.
Д.САР