Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Улсын баярын өмнөх Хүй долоон худаг, Галзуу харын худаг, Цагаан хөтөлийн өнгө

Хүй долоон худаг, Галзуу харын худаг, Цагаан хөтөл наадамчин олны хөлд дарагджээ. Улсын баяр наадам хором, хормоор ойртож буй энэ өдрүүдэд уяа мориныхоо сойлго, давхилыг тааруулах уяачдын хөдөлмөр, гараа, барианы зурхайг тохижуулах ажлын явц Эмээлт тосгоныг өнгөрмөгц ажиглагдана. 

Хүй долоон худаг хурдан морины барианы зурхай орчмыг хөгжиж байна гээд хэлчихэд хилсдэхээргүй болж. Олон жил яригдаж, өнгөрсөн жилээс эхэлсэн бүтээн байгуулалт өнөө жил бүр ч хурдацтай, ахицтай байна. Наадамчин олны тав тухыг хангах үүднээс гурван мянган түшлэгтэй сандал байрлуулах ажил өнгөрсөн баасан гаригаас эхэллээ. Бас автомашины зогсоол, хуушуур, айраг, хорхог худалдаалах талбай, орчин үеийн боловсон жорлон гээд бүхнийг хийж байгаа нь томоохон хотын төв талбайтай жишихүйц өнгөлөг байна. Төмөр замын автобус явах зам, зогсох буудал, автомашины асфальтан зам уулзварууд ч нэгэн өнгө нэмэн байна. 

Хур бороо элбэг, долоон сарын зун дэлгэр байгаагаас орчин тойронд зүлэг ногоо жигдрэн өнгийн цэцэгс алаглан байна. Гэм нь ойр ойрхон бороо орж байгаагаас газрын хөрс зөөлөрч балчиг ихтэй болсон ажиглагдана. Оготно, зурамны нүүдэл энэ хавийг одоохондоо дайраагүй ч өнгөрсөн жилүүдэд үүссэн үлий бас л бэрхшээл дагуулж магадгүй байгаа юм байна. Хүй долоон худагаас Цагаан хөтөл өнгөрч гарааны зурхай хүртэлх газрын өнгө төрх нэг ийм.

Хүй мандалын хөндийд уяачид 200 орчим гал болон айлсчээ 

Бараг 30 орчим км үргэлжлэх энэ хэсэгт улсын болоод аймгийн алдар суут уяачид гал болон гарчээ. Дааганы уяаг онцгой сайн тааруулж олон түмэндээ “Дааган” хэмээн цоллуулах болсон  манлай уяач Ц.Цэнд-Аюушийн гал Галзуу харын худгийн зүүн урд аманд байна. Хуучин “Ноёд” гурппийн гэх тодотголтой М.Буяндоржтой нэг гал болдог байсан бол өнөө жил нутгийн уяачидтай айлсан буужээ. Тэрээр арав гаруй хурдан ажнай уяан дээрээ сойж соёолон, дааган насны морьдоо Цагаан хөтөлд энэ өдөр болох сунгаа руу авч явсан байлаа. Ц.Цэнд-Аюуш уяачийнхтай айл, саахалт гуч гаруй гал байгаа нь бүгд баруун нутгаас ирсэн гэдгийг унаач хүү өгүүлнэ. Айл, саахалтуудынх нь уяан дээр ихэвчлэн 10-20 морь сойсон байх агаад ганц модонд ганц морь уясан айл ч байх. 

Нутгийн залуу Батболд боломжийн үнээр авсан морио сойж байгаа нь энэ гэж хавийн хүмүүс хэлэлцэнэ. Тэрээр хурдан моринд саяхнаас хорхойсч буй шинэ тутам хүн учраас олон алдарт уяачийг бараадан байгаа нь энэ аж. Ер нь Ц.Цэнд-Аюуш уяачийн үйл хөдлөл бүрийг нь ажиглан дагаж хөдөлдгийг хүмүүс мэдэх юм билээ. Гал, галын уяа руу дуран сунган үйл хөдлөлийг нь дагаж хийж үнэ хаяж авсан хээр мориныхоо хөлс, хүчийг тааруулж байгаа гэх. Шөнийн хоёр цагт морио идээшлүүлж, өглөө үүрээр барьдаг эрдэмд саяхнаас суралцаж байна гэх наргиа ч дуулдаж байсан. Хурдан ажнайн хөлсийг тааруулж авахад уяач цалинжуулбал ханш өндөр болсон сураг ч энэ хавиас сонсогдлоо. Зургадугаар сараас намар болж, наадам шингэртэл морь мэддэг, дүйтэй нэгнийг цалинжуулахад арав гаруй сая төгрөг зарцуулдаг тухай яриа байна. Тиймдээ ч Батболд өөрийн арга барилаар хурдан хээр морио сойж буй нь энэ гэнэ.

Энэ амны баруун хойд захын уяан дээр 40 орчим хурдан морь сойсон нүсэр гал байх нь тод манлай уяач, УИХ-ын гишүүн Г.Батхүүгийнх. Тод манлайнхтай бас нэгэн тод манлайнх айлсан буй нь Э.Эрдэнэчулуун. Өвөрхангай гаралтай хоёр тод манлай өглөө Улаанбаатарын зүг хөдөлсөн бөгөөд Г.Батхүү гишүүн Цагаан хөтөлийн сунгаанд оролцоогүйгээрээ онцлог байлаа. Саяхан болсон дунд сунгаанд оролцож их сунгааг хүлээн буй нь энэ аж. УИХ-ын гишүүн Г.Батхүү гал дээрээ байрлаж буй бөгөөд таван ханатай дүнэгэр цагаан гэр барьжээ. Хоолны гэр, унаач, уяачдын гэр гэж барьсны зэрэгцээ том чингэлэг, хэд хэдэн жийп тэдний галыг чимнэ. Зүүн жигүүрийн улаан халзтай таван ханат нь Э.Эрдэнэчулуун тод манлайнх байлаа. Эртлэн боссон томцуул нь үдээс өмнө дугхийж өдрийн ажлыг ихэвчлэн хүүхдүүд амжуулдаг бололтой. Гийнгоо хадаан морьдоо хөдөлгөхөөс эхлээд шавших, услах, ундны ус, түлээ мод бэлтгэх гээд хүүхдүүд тун завгүй. 

Энэ галаас цааш хөдөлбөл манлай уяач Түвдэн агсны хүү алдарт уяач Т.Батцоожийнх ганц гэрээр байх нь тааралдана. Сүүлийн үед бага залуу насны морьдын уяа сойлгийг тун ч сайн тааруулж буй Т.Батцоож алдарт уяач өнөө жил ч нас насны морьд сойжээ. Харин “Налгар” амралтын газрын наад аманд “Талын хүлэгч” галын улсын алдарт уяач Н.Даш-Өлзий ганц гэрээр буусан байна. Цөөн тооны гүү саяхан барьсан бололтой унага нь зэлнээсээ зулран байх. Мөн л нас насны арав гаруй хүлэг сойсон харагдана. “Талын хүлэгч” галыг тарсан тухай мэдээлэл саяхан цацагдаж байсныг түүнээс асуухад мэдээлэл худлаа болохыг баталж байв. Энэ галын уяачид Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь аймгуудад бэлтгэлээ базааж буй бөгөөд энэ сарын наймнаас нэгдэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Жил бүр “Талын хүлэг” гал энэ аманд гардаг байсан бөгөөд галын уяачдын морь олширсноос ийн тарж нүүсэн гэнэ. Харин Н.Даш-Өлзий гуай галынхаа шавыг тавьсан энэ газарт байнга гардаг бөгөөд худаг гаргаж урд уулан дээрээ хийморийн овоо босгон тахижээ. Мөн зарим уяачдынх нь морь өнгөрсөн жил уралдааны замаас хадуурч энэ ам руу гүйсэн болохоор ганц нэг нь Цагаан хөтөлөөс зүүн тийш барианы зурхай хүртэлх зам дагуу зусч байгаа аж.

Галзуу харын худагийн урд уулын бэлээр ийн уяачид 40 гаруй гал болон гарсан байгаа бол Цагаан хөтөл орчимд бараг 100 орчим уяачийн гал байна. Хамгийн баруун талд “Макс”-ын гал байхаас эхлээд сүүлийн үед олны хараанд өртөөд буй аймгийн алдарт уяач Т.Ихбаяр ойролцоогоор 70 орчим морь сойж байна. Тэрээр “Хүй мандал” гал уяандаа нутаг усныхнаасаа эхлээд Монголын томчуулын хурдан ажнайг ийн нэг дор сойж байгаа нь энэ юм байна. Түүний 2013 онд нэг түрүү, 13 айраг авсан амжилт нь залуу гэлтгүй буурь заасан уяачдыг ч эмээхэд хүргэж байгаа гэлцэх.

 Цагаан хөтөлийн баруун хэсгээр Ховд, Баянхонгор, Увс, Завханы зүгийн уяачид улсын алдарт уяач Б.Ерөөлтийг бараадан бууцгаажээ. Мөн хонгор азаргаа Их хурдад айрагдуулж, төвийн бүсийн хурдад торгон жолоо өргүүлсэн Дамбын Баяраа, хурдан хүрэн үрээгээ төвийн бүсэд айрагдуулсан Батмөнхийн Шагдаржав, хурдан буурал морьтой Шаравын Мөнгөншагай нарын уяачид гал, галын тоог нэмэн хол саахалтын зайтай хаяа хатгацгаасан байна. Олноо Дугараа хэмээн авгайлах болсон Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, улсын Манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий өнгөрсөн жил зургаан  түрүү, найман  айраг авсан амжилтаа эвдэхээр бэлтгэж байна. Хурдан мориндоо зориулан сүүдрэвч, асар барьсан ганц айл тэднийх байлаа. 

Даага, соёолонгийн сунгаа будлиантай болж, хэд хэдэн хүүхэд унажээ

Энэ өдрүүдэд хоёр хоногийн зайтай сунгааг уяачид зохион байгуулж буй бөгөөд баасан гаригт уяач Т.Ихбаяр даага, соёолон насны морьдоо сунгах санал гаргаснаар ийн Цагаан хөтөлийн арын дэнжид уяачид нийлцгээжээ. Энэ сунгаанаас бас Хүй мандалын хөндийд айлссан уяачдыг ажиглахад өнөө жилийн наадам тун ч өтгөн болох шинжтэй. Сунгаанд 70 гаруй соёолон, 100 орчим даага уралдаж байгаа нь үүнийг илтгэнэ. Өвөрхангай аймгийн хойд болон Архангай аймгийн урд биеийн сумдын уяачид улсын наадмын түрүүг зүүдэлж ирснээсээ хойш тунчиг амь нэгтэй байгаа гэдгийг хавийн хүмүүс хүүрнэцгээж байна. Тэд гурав хоногийн өмнө ирцгээж гэр ч барилгүй уяа хатган “Портер” машиндаа амьдарцгааж байгаа сураг байна.  Үүнийхээ хажуугаар сунгааны хуушуур зарж бэлээхэн ашиг хайцгааж байхтай нь таарлаа.

Уяачид төвийн хэвлэл мэдээллийн байгууллага, зургийн аппарат, телевизийн камераас нүүр буруулдаг болчихож. Улсын баяр, томоохон уралдаануудаас өмнө олон нийтийн хэвлэлээр өөрөө эсвэл мориных нь дүрс цацагдчихвал хар, цагаан хэл ам хүрэх нигууртай гэнэ. Тиймээс улсын баяр наадам хүртэл зураглаачдын дуранд өртчихгүйг хичээж ойр байгаа гэр, хуушуурын палатка, машины цаагуур зугтан орж байна.  Харин баяр наадмын дүн гарсан тохиолдолд өөрийгөө олонд таниулах сонирхол тун их байдаг учир сэтгүүлчдийг урьж залдаг тухай ч тэд ярьж эхэлсэн байна. 

Цагаан хөтөлөөс зүүн тийш Хүй долоон худаг зүгт 17 км явж байж соёолонгийн уралдааныг эхлүүлэхээр ярилцаж тохиролцоод байв. Бараг 30-40 жийп машин хашиж явсан ч газрын цээжинд хүрүүтээ унаач хүүхдүүд эргэхийг санаархаж эхэлсэн юм. Баруун жигүүрийг захлан явсан арваад хүүхэд мориныхоо амыг эргүүлэн гүүглэхэд унаач хүүхдүүдийн бараг хагас нь дагасан нь морьд хоёр тасрахад хүргэсэн. Эзэд нь аль болох цааш нь шахсан ч төдий л холдолгүй  үлдсэн морьдыг эргүүлэхээр болсон юм. Ингээд хоёр тасарсан морьд уралдаж барианд ороход хэний морь түрүүлж байгаа нь тодорхой мэдэгдсэнгүй. Сүүлд хөдөлсөн хэсэг нь гүйцэж түрүүлсээр утга учраа алджээ. УИХ-ын гишүүн асан Р.Буд соёолон насны хоёр ч үрээ хөтөлж ирсэн нь нэлээд хойгуур иржээ. Унаач хүүхдүүддээ 20 хуушуур авч өгчихөөд Улаанбаатарын зүг шууд хөдөлж байгаа харагдсан. Харин хэний морь түрүүлсэн бэ гэхэд нэг хэсэг нь “Макс”-ын уяанаас гэж байхад нөгөө хэсэг нь тод манлай Э.Эрдэнэчулууны үрээ түрүүлсэн гэцгээж байснаар үзүүр, айргийн тавд хурдалсан морьд ч тодорхой болсонгүй. Дааган насны уралдаан ч мөн л дээрхийн ижил будлиантай боллоо.  Хоёр тасарч эргэснээр хэн гээч уяачийн даага өнгөлж байгааг тэнд очсон хүмүүсийн хэн нь ч мэдсэнгүй. Морьдоо дагаж явсан уяачид л өөрийнхөө ажнай хүлгийн сойлго хэр таарсныг барагцаалж мэдэх шиг боллоо. Энэ үеэр дөрөв таван ч хүүхэд унаж зарим нэгнийх нь даага барианы зурхайд биш гүүн зэл рүүгээ давхиж оджээ. 

Хүүхэд унасан тухай асуудлаар туслах уяачид тойрч суугаад хэсэг хөөрөлдлөө. “Талын хүлэгч” галын бололтой арав орчим насны хүүхэд морьд тасарч эргэхэд унасан тухайгаа өгүүлэхэд “Ийм асуудалтай уралдвал хүүхэд битгий хэл том хүн ч унана. Одоо ч тэгээд хүүхдийн асуудлыг хөндөж, хүний эрх ярьж улс төр хийх гэсэн хүмүүс олон болж дээ. Бага байхад морь унаж байна гэж зүүдэлж босч ирдэг байлаа. Тэр үед чинь одоогийнх шиг хамгаалалт, аюулгүй байдал хангах нь бүү хэл ярьдаг ч үгүй байсан үе. Одоо ч овоо л болоод байна. Хурдан морийг хүүхдээр унуулахгүй гэвэл яах бол. Үс сахал нь өрвийж, дэлэн хөхөө савчуулсан хүүхнүүдээр унуулах гээд байгаа юм байх даа. Хэрвээ тийм зүйл болбол би л лав морь уяж, наадам үзэхгүй. Та нар том хүн бүдүүн хоолойгоор бархирч, хэлээ унжуулсан морьд барианд орж ирж байхыг харах сайхан уу” хэмээн ёжлонгуй ярих нэгэн ч байсан. 

Мэдээж бэсрэг наадам дээр нутаг нутгийн ахан дүүсийн ярилцаж байсан дараагийн асуудал нь “Хэний морь хурдан байх вэ” гэдэг. Уяачдын өгүүлж буйгаар тод манлай Э.Эрдэнэчулуун, “Макс”-ын гал, “Талын хүлэгч” галын морьдын уяа жигдэрч тэр дундаа бага залуу морьдынх нь хөл чанга байна гэцгээж байсан. Тэгвэл улс төрийн хүрээнээс “Мон Уран”-ы буюу УИХ-ын гишүүн Б.Наранхүү, сайд Д.Бат-Эрдэнэ, Ч.Улаан гээд улсын наадмын айргийг авдгаараа уламжлал болчихсон гээд хэлчихэж болох уяач улстөрчдийн морьдыг өнгөтэй байна гэлцэж байсан. 

Хүй мандалын хөндийгөөр бүтэн өдрийн турш бэдчиж “Танайд өнжье” булангаа бэлтгэхэд ийм сонин сайхантай байлаа. Жил жилийн наадмаас өнөө жилийн баяр бүр ч өнгөтэй, өтгөн сайхан болох бололтой. Барианы зурхайд баяр наадмын бэлтгэл ажлыг базаагсад хийгээд хурдан буянаа сойх уяачдын морьд өнөөдөр өнгөтэй байна. Чухам хэн гээч аавын хүүгийн хурдан ажнай торгон жолоо өргүүлэхийг харахад хэдхэн хоног үлдлээ. 

Л.МӨНХТӨР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН  

Categories
мэдээ нийгэм

Наадмаар түр зуурын бороотой байна

Цаг уур орчны шинжилгээний газраас 7 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг гаргасан байна. Бороотой байх тул үер уснаас болгоомжлохыг анхааруулжээ.

Баруун зүгийн нутгаар: 8, 11, 13-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 12-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-нд нутгийн өмнөд хэсгээр, 10, 12-нд салхи зарим газраар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. 8-9-нд бага зэрэг сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 10-11-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Төвийн нутгаар: 8-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд зарим газраар бороо, 11-13-нд мөн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9, 10, 11-13-нд борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа голын саваар шөнөдөө 12-17 градус өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны сүүлээр бага зэрэг нэмж дулаарна.

Зүүн зүгийн нутгаар: 8-нд зарим газраар, 9-11-нутгийн зүүн хэсгээр бороо, 12-13-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 12-13-нд салхи зарим газраар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. 8-11-нд нутгийн зүүн хэсгрээр, 12-13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хэнтийн уулс, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд Хэнтийн уулсаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.

Говийн нутгаар: 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд зарим газраар, 12-13-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 18-13 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Хугацааны эхээр сэрүүвтэр байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баяр наадмын үеэр замын хөдөлгөөнд хэрхэн оролцох вэ?

 Үндэсний их баярын замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар Замын цагдаагийн газраас мэдээлж байна.   7-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.  Ногоон орчин буюу авто машингүй бүсийг бүрдүүлсэн байна. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь барианы орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байж, наадамчид явганаар чөлөөтэй баярлах нөхцөл бүрдүүлсэн гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

“Хавдрын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний тоног төхөөрөмж”- өөр хангагдлаа

 “Итгэл-Хавдаргүй Монгол Үндэсний Сан” ТББ-аас Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хавдарын хөнгөвчлөх эмчилгээний 23 нэр төрлийн 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг гардуулж, хоёр платыг иж бүрэн тохижуулан,  хүлээлгэн өглөө. 

Уг арга хэмжээнд тэргүүн хатагтай Х.Болормаа, “Итгэл хавдаргүй Монгол Үндэсний сан”-гийн нарийн бичгийн дарга С.Нарангэрэл, ХСҮТөвийн хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч эмч О.Мөнгөнцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, НЭ-ийн дарга Ж.Ариунаа болон бусад эмч мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдийн төлөөлөл оролцов.

 Хавдар өвчний эцсийн шатанд орсон өвчтөнүүдэд ая тухтай орчин бий болгож, эмчилгээ, оношилгооны хэрэгцээт багаж хэрэгслүүд бэлэглэсэн “Итгэл хавдаргүй Монгол Үндэсний сан”-д Архангай аймгийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, үйлчлүүлэгчид, тэдний ар гэрийнхэн талархаж байв. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмаар Дүнжингарав, Мишээл экспо, Дунд голоос Төв цэнгэлдэх рүү үнэ төлбөргүй автобус үйлчилнэ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нийт 841 тээврийн хэрэгсэл наадамчин олонд үйлчилнэ. Үүнд: 83 чиглэлд  их багтаамжийн 593 , туслах 21 чиглэлд  бага оврын 165, зуслангийн 7 чиглэлд бага багтаамжийн 7, их багтаамжийн 10, баярын үйлчилгээнд 66 автобус ажиллахаар төлөвлөсөн байна.

7 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд Хүй 7 худаг руу явах иргэдэд зориулан Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-ийн автобусны зогсоолоос нэмэлт автобус гаргана.

Дүнжингарав худалдааны төв рүү 7 дугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд  чиглэлээс нийт их багтаамжийн 120 автобус “Олимпийн гудамж”, “Намъянжугийн гудамж”-аар, “Мишээл экспо” төв рүү хотын баруун болон урд чиглэлээс  их багтаамжийн 54 автобус  “Нарны гүүр”-ээр очиж иргэдэд үйлчилнэ. Мөн нийтийн тээврийн үндсэн чиглэлээр явж, 120 мянгатын автобусны  зогсоолд очих 121 автобус явна.

 “Дүнжингарав” худалдааны төвөөс 10, “Мишээл экспо” төвөөс 8, Дунд голоос 3 том оврийн автобус  Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр  5-10 минут тутамд нийт  21 автобус  наадамчин олонд  үнэ төлбөргүй үйлчилнэ. “Дүнжингарав”, “Мишээл экспо” төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулаад, үнэ төлбөргүй автобусанд сууж Төв цэнгэлдэх хүрээлэн орж, наадмаа үзэх боломжтой.

Харин Хүй 7 худаг руу 7 дугаар сарын 11,12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжин дахь зогсоолоос, 7 сарын 13-нд ”МУБИС”-ийн зогсоолоос  том оврын  20 автобус,  11,12,13-ны өдрүүдэд 3,4-р хороолол, 7 буудал, 5 шар, ХМК, Офицерүүдийн ордон   гэсэн 5 чиглэлээс  тус бүр 4 нийт 20 автобус наадамчин олондоо үйлчилнэ.

 7 сарын 10,11,12,13-ны өдрүүдэд “Дүнжингарав” худалдааны төв, Дунд голын зогсоолоос RAILBUS Хүй 7 худаг руу иргэдэд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус  наадамчин олонд үнэ төлбөргүй үйлчлэх бол Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос такси үйлчлэх иргэдэд  зохицуулалтыг Нийслэлийн Тээврийн газраас хийж байна. Нийтийн тээвэр 07 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарийн дагуу, 7 сарын 13-нд хот дотор ердийн амралтын өдрийн  хуваариар ажиллана гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Улаан тугнууд чинь унаатай ч юм шиг

 “Тусгай салаа”-ны Дэндэв

Онигоо: “-Унаа машинтай юу?

-“Эксел”-тэй ш тэй

-Одоо нэг унаатай болооч…”

Данхар толгойтой, хамаргүй, хөх өнгийн атигар  “Поортер”, мөн цаана нь дөрвөн дугуй нь дотогшоо маажийсан, их утаат үнсэн саарал “Мийкро” гэгчүүд  машины замаар явж байна. Тэд улсын баяр наадмын өдрүүдээр Их Монгол Улсын төрийн алтан соёмбот томоо гэгчийн далбааг мандуулжээ.

Солонгос, япончууд эдэлж дуусаад төмрийн хогонд тушааж байсан эдгээр “Эксел”-үүдийг манайхан оруулж ирээд асаахаар барах уу дахин амь оруулан бүр машинд тооцчихсон.

Гадны хүмүүс тохуурхах нь эдгээр комиссын бараа ямбий техникүүд ба улаан туг хоёр яг таарч дээ гэх юм. Монгол бахархлаа илэрхийлж маш том туг машин дээрээ намируулжээ, овоо доо  гэж бодсон нь эндүүрсэн байна. 2200-аас наашгүй жилийн агуу түүх, суу алдрыг шүншиглэсэн үндэсний их  бэлгэ тэмдэг төрийн далбааг минь муусайн төмрийн хайлш, “пиавар”-ын хог сэгэн дээр аваачаад дур дураараа өлгөчихөж.  Ёс төрөө эрхэмлэгчид энэ зууны хурд хүчний гайхамшиг болсон цоо шинэ “Лаанд, Бээнз”-ээр хөлөглөсөн ч өөртөө төрийн далбаа хүндэдчихээс болгоомжилдог юм билээ. Хүний сор үе үеийн мянга мянган охид, хөвгүүд тив дэлхийн дэвжээнд уралдаад тэр болгон мандуулж чаддаггүй төрийн далбаа цадигаа алдвал улаан даавуу төдийхөн ажээ.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хаана, юу болох вэ?

-Наадмын хөтөлбөр ёсоор буриад сурын харваа 09.00 цагаас сурын талбайд эхэлнэ.

-Монголын үндэсний циркт Монголын циркийн шилдэг үзүүлбэрийн тоглолттой.

-Монголын үндэсний музейд “Талын дайчдын соёл” үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.

-10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн бондын журам батлах тухай, нийслэлийн тээврийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотод ачаа тээврийн нэгдсэн логистикийн цэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан НЗДТГ-ын А танхимд болох юм байна.

– Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссынхон наадмын бэлтгэлтэй танилцана. Тэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт наадмыг бэлтгэл хэрхэн явж байгааг сонирхох аж.

-14 цагт Төв Хаан банкны Улаан гэр галлерид “Playtime” наадмын албан ёсны цахим хуудсын нээлтийн ажиллагаа болон тус наадамд оролцох хамтлаг, дуучдын талаар танилцуулна.. Энэ жилийн уралдаанд АНУ, Орос, Япон Улсаас амьд хөгжмийн хамтлагууд оролцож байгаа гэнэ.

-Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалтын талаар хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгөх уулзалт 11.00 цагт ЦЕГ-ын Хурлын танхимд болно. Уулзалтад ЦЕГ-ын даргын зөвлөл, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, Нийслэлийн Замын цагдаагийн газрын удирдлагууд болон Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран оролцоно. 

-20.00 цагт Үлэг гүрвэлийн төв музейд “Т-Батаар ба сор үзмэрүүд” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болно

Categories
мэдээ

Есөн улаан мэнгэтэй цагаан луу өдөр

Аргын тооллын долдугаар сарын 08. Ангараг гариг. Билгийн тооллын 11. Есөн улаан мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн наран 05.10 цагт мандаж 20.50 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, эд, агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, эрдэнийг гадагш өгөхөд муу. 

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Categories
гадаад мэдээ

Гүржийн ерөнхийлөгч асан Э.Шеварднадзе нас барлаа

1995-2003 оны хооронд Гүрж улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Эдуард Шераднадзе 87 насандаа хорвоог орхилоо. Удаан хугацаанд ЗХУ-ын Гадаад явдалын яамны сайдын албыг хашиж хүйтэн дайныг төгсгөл болгоход өөрийн хувь нэмрээ оруулсан гэгддэг энэ улс төрч Гүрж улсыг тусгаар улс болгохын төлөө  олон жил хичээн чармайн ажиллаж чадсан нэгэн билээ.

Д.Бат

Categories
нэг-өгүүлбэрээр

Герман-Бразилийн тоглолтыг Мексикийн шүүгч Марко Родригес шүүнэ. Яагаав нөгөө Суаресын алдарт хазалтыг анзааралгүй үлддэг шүүгч.