УИХ-ын 2014 оны хаврын чуулган өндөрлөсөнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдтой ярилцлaа.
-Удахгүй Үндэсний Их баяр наадам болох гэж байна. Өнгөрсөн жил баяр наадмыг тэмдэглэхдээ Ардын Хувьсгалын 92 жилийн ойг дурсаагүй өнгөрсөн санагдаж байна. Ер нь наадмын зардал, бэлтгэл ажил хэр байна вэ?
-Хэдхэн хоногийн дараа Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх гэж байна. Танай сониноор дамжуулан ард иргэддээ Монголын тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын Хувьсгалын 93 жилийн ойн баярын мэнд¬чилгээ дэвшүүлье. Ардын намын эрэлхэг хөвгүүдийн гавьяа, Ардын хувьсгалын үр дүнг манай ард түмэн, хойч үеийнхэн хэзээ ч мартах ёсгүй түүхэн үнэн. Сүүлийн жилүүдэд эрх баригчид Үндэсний их баяр наадмын нэрээс Ардын хувьсгалын ой гэснийг хасах, Жанжин Сүхбаатарын талбайг Чингэсийн талбай гэж нэрлэх зэргээр түүхийн үнэнийг мушгин гуйвуулах оролдлого хийж байгааг ард иргэд шүүмжлэх боллоо. Нар, хур тэгширсэн сайхан зун болж бид Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлтгэж байна. Өнөө жилийн наад¬мыг тэмдэглэхэд 2,2 тэрбум төгрөг зарцуу¬лахаар төлөвлөж байгаа бөгөөд наадмын бэлтгэл ажил хэвийн явагдаж байна.
-Наадмаар тав хоног амрах асуудлыг та эсэргүүцэж байсан. Ялангуяа улс орны эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайн¬гүй байгаа энэ эгзэгтэй цаг үед УИХ-ын гишүүд асуудалд ажил хэрэгч байдлаар хандах ёстой гэж олон нийт харж байгаа?
-Үндэсний их баяр наадмаар та¬в хоног амрах боллоо. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ УИХ-ын гишүүд жилийн ажлын болон амралт, баяр ёслолын өдрүүдийн баланс, тэнцвэ¬рийг хангах талаар сайн судлах ёстой байсан. Зарим баяр ёслолын өдрүү¬дээр заавал амрах ёстой юу? Манай ажиллагсдын хөдөлмөрийн бү¬тээмж ямар байгаа билээ зэрэг асуудлыг харгалзан үзэх учиртай.Улс орны эдийн засаг сайнгүй байгаа үед УИХ-ын гишүүд хариуцлагатай, ажил хэрэгч байдлаар хандах ёстой гэсэн таны асуулттай санал нэг байна. Яг энэ үндэслэлээр би эсрэг саналтай байсан.
-Улсын Их Хурлын хаврын чуулган завсарлалаа. Намрын чуулган хийх ажлынхаа 30 хувийг ч амжуулж чадалгүй мөн л цагаан сар гээд тараад алга болсон. Та үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Хаврын чуулганы үр дүнг та юу гэж дүгнэж байна вэ?
-УИХ-ын хаврын чуулган өндөрлөлөө. Чуулганы үр дүнг хангалтгүй гэж дүгнэж байна. Ард иргэд, бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээж байсан олон чухал хуулийг баталж чадсангүй. Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийн боловсруулалт хангалтгүй байс¬наас олон хуулийн төслийг УИХ-аас буцаасан. Зарим хуулийн төсөл улс үндэсний эрх ашигт хохирол учруулахаар байсныг УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ-ын гишүүд эсэргүүцэж, олон нийтийн шаардлагаар Засгийн газар аргагүйн эрхэнд буцааж татсан. Ер нь УИХ-ын хаврын чуулганаар 24 хууль батлахаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгаснаас бие даасан 8 хууль баталлаа. Өөрөөр хэлбэл хийх ёстой ажлынхаа гуравны нэгийг л гүйцэтгээд чуулганаа завсарлуулав.
-Чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүдийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Ашигт малт¬малын тухай хуулийн төсөл, Өрийн удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль гэхчилэн. Ер нь хууль тогтооох дээд байгууллага хэрхэн ажиллаж байна?
-Хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан хуулиудын ихэнх нь нийгэмд хүлээлт үүссэн чухал хуулиуд байсан. Харамсалтай нь эрх баригчид хуулийн төсөл боловсруулахдаа улс ор¬ны нийтлэг эрх ашиг, үндэсний аюул¬гүй байдал, ард иргэдийн санал бодлыг харгалзахгүй, зөвхөн өөрсдийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж байгаа нь хууль батлахад ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг тодорхой болгосон хэдий ч 2012 оны 1-р сарын 12-ны өдөр баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болголоо. Ингэснээр 300 гаруй хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж, үүнээс ч олон тооны тусгай зөвшөөрөл шинээр олгох үүд хаалгыг нээж өглөө. Эрх бари¬гчид зарим томоохон ордыг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамааруулж бидний “урт нэртэй хууль” гэгдэх хуулийн хоригоос гаргах арга сэдэж байсныг манай намын бүлэг зогсоож байсан. Үүний нэгэн адил гол усны эх, ойн нөөц бүхий газарт хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эрх нь Засгийн газрын байгууллагуудад нээгдэж байна гэсэн үг. Өрийн удирдлагын тухай хууль Монгол улсад хэрэгтэй, чухал хууль мөн. Гэтэл хууль санаачлагч хуулийн нэр томьёо, ДНБ-д эзлэх өрийн хязгаар гэх мэт олон заалтын хувьд өмнө нь Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлж, нэлээдгүй хөрөнгө, хүч зарж байж боловсруулж баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл заалттай зөрчилдсөн хуулийн төсөл оруулж ирсэн. Монгол Улсын өр гэсэн олон улсад түгээмэл хэрэглэдэг ойлголтыг өөрчилж зөвхөн Засгийн газрын болон аймаг, нийслэлийн өр, Засгийн газрын өрийн баталгааг хамруулах болсноор Засгийн газрын дотоод өр, тө¬рийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын өр, санхүүгийн түрээс зэрэг өрийн хэрэгслүүд Зас-гийн газрын өрөнд тооцогдохгүй болхоор байна. Дотоодын хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээдийн зээллэгийн 85 хүртэл хувьд Засгийн газар өрийн баталгаа гаргах зэргээр улсын өрийг нэмэгдүүлэхээр байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байна гэж заасныг Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд Засгийн газрын өрийн үлдэгдэл ДНБ-ий 70 хувь, Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл ДНБ-ий 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасан нь нийт дүнгээрээ Засгийн газрын өрийг ДНБ-ий 90 хувь хүртэл нэмэгдүүлж, улс орныг өрийн дарамтад оруулах нөхцөлийг бүрдүүлэхээр байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Газрын тухай хуулийн төсөлд бэлчээ¬¬¬рийн газрыг эзэмшүүлэхээр заа¬сан нь уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг манай ард түмний амьд¬рал ахуйд нийцэхгүй байгааг УИХ-ын гишүүд, олон нийт шүүмжилж байлаа. Хуулийн төсөлд гадаадын ир¬гэнд газрыг урт хугацаагаар (60+40 жил) эзэмшүүлэхээр оруулж ир¬сэн нь Монгол орны газар нутгийг гадны иргэнд өмчлүүлэх эрхийг нээж байгаа¬тай агаар нэг болж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчсөн эрсдэлтэй үйл¬дэл болсон. Газрын тухай хуулийн төсөлд газрыг хуваарилах эрх мэдэл, үйл ажиллагаанд илүү анхаарч, ха¬рин газрыг төлөвлөх, газар зохион байгуу¬лах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлууд орхигдсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Товчхон дүгнэж хэлэхэд УИХ-ын үйл ажиллагаа хуулийн дагуу явагдахгүй байна. Гол нь УИХ-д олонх болсон эрх баригчид өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулах гэж хүч түрж байгаа нь хууль тогтоох дээд байгууллагын ажилд хүндрэл учруулж байна.
-Эдийн засгийг идэвхжүүлэх УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн тө¬сөл өргөн барьсан. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд саад болж байгаа татварын дарамт, НӨАТ-ын асуудал энэ хуулиар чөлөөлөгдөхгүй юм шиг байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Манай улс 2007 онд “Татварын зарим хууль болон нийгмийн даат¬галын тухай хуулийг хэрэгжүүлэх ту¬хай” (Татварын ил тод байдлын тухай хууль), 2008 онд Татварын өршөөлийн ту¬хай хуулийг баталж хэрэгжүүлсэн. Тухайн үед манай улс татварын багц хуулиудыг шинэчлэн баталсан тул ир¬гэн, аж ахуйн нэгж сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татвар ноогдох орлого, бараа, ажил, үйлчилгээг татварын албанд мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хариуц¬лага болон албан татвар, нийгмийн даат¬га¬лын шимтгэлээс чөлөөлсөн. Өр¬шөө¬¬лийн тухай хуулиар зарим этгээ¬¬дийг татварын өр, төлбөрөөс тодор¬хой хувиар чөлөөлж, эрүүгийн бо¬лон захиргааны хариуцлага, ялаас нэг удаа чөлөөлсөн. Олон ул¬сын туршлагаас харахад татварын өршөөлийн хуулийг ойр ойрхон олон гаргах нь үр дүн муутай, нийгэмд хүлээлт үүсгэдэг, шударга бус байдлыг бий болгодог зэрэг сөрөг нөлөө ихтэй байдаг байна. Энэ удаа Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл 2007 онд баталснаас илүү их өргөн цар хүрээ хамарсан, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, гааль, нягтлан бодох бүртгэл болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хүртэл хамруулахаар тооцжээ. Ялангуяа Авлигын эсрэг хуулийн дагуу авлигад тооцогдох үйлдлүүдийг энэ хуулийн төслөөр өршөөх, хариуцлагаас чөлөөлөх заалт оруулсан нь нийгэмд эрх баригчид авлигачдыг өөгшүүлж, тэтгэсэн хууль батлах гэж байна гэсэн ойлголт төрүүлж байна. Авлига авсан төрийн албан хаагчид, эрх баригчид энэ хуулиар өөрсдийн хийсэн гэмт үйлдлээ цайруулах, нуун дарагдуулах гэж оролдож байна гэж үзэхээс өөр аргагүй юм. Гэтэл эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ил болсон хэрэг, зөрчил, өр төлбөр, хүү торгууль энэ хуульд хамаарахгүй гэж заасан нь бизнес эрхлэгчдэд учирч байгаа дарамт шахалтыг багасгахад энэ хуулийн төсөл нөлөөлөхгүй нь тодорхой байна. Хуулийн төсөлд нууцлалын асуудлыг чухалчилж өмнөх онуудын тайлан баланс, хөрөнгө орлогын мэдүүлгийг устгана, эдгээр мэдээллийг нууцлаагүй, хэвлэн нийтэлсэн хувь хүнийг 5 сая төгрөг, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгож хатуу хариуцлага хүлээлгэх гэнэ. 2007, 2008 онуудад шинэчилсэн тайлан , мэдээллийг татвар, нийгмийн даатгалын байгууллагууд нууцын журмаар архивлан хадгалж болоод байсан. Өргөн барьсан хуулийн төсөлд шинээр гаргасан тайлан, хөрөнгө орлогын мэдүүлэг болон нуусан хөрөнгө, орлого, тэдгээрийн эх үүсвэр, үнэ өртгийг нууцлан, нотлох баримт болгож ашиглах, хэвлэн нийтлэхийг хориглохоор тусгаж өмнө онуудын тайлан баланс, хөрөнгө орлогын мэдүүлгийг устгана гэж тусгасан нь эрх баригчид гэмт үйлдлүүд нь олон түмэнд ил болохоос айж, 2016 оны сонгуулиас өмнө ямар ч хамаагүй аргаар холбогдох баримтыг устгах гэсэн санаархал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх тухай тогтоолд заасан бизнес эрхлэгчид, ААН-үүдийн үйл ажиллагааг сэргээхэд хамгийн том саад болж байгаа эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтын дарамт, өрийг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулалт хийгдээгүй байна.
-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног дундаасаа өнгөрөөд явж байна. Энэ хугацаанд эдийн засаг сэргэсэн, сэргэх нөхцөл байдал бүрдсэн гэж та бодож байна уу. Ер нь үлдсэн хоногууд, цаашдын дүр зургийг та хэрхэн харж байна вэ?
-Засгийн газар эдийн засаг хямраагүй, эдийн засгийн өсөлт 2 оронтой тоонд гарлаа гэж мэдэгдэж УИХ дахь манай намын бүлгийн удаа дараагийн шаардлагыг үл тоомсорлож байсан. Гэтэл энэ хаврын чуулганы үеэр үнэнд гүйцэгдэж “ Эдийн засгийг идэвхижүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг нэн яаралтай горимоор хэлэлцүүлж батлуулсан. УИХ-ын дарга 2014 оны хаврын чуулганыг хааж үг хэлэхдээ Засгийн газар, Монгол банктай хамтран хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр болон төсвийн гадуур хяналтгүй зарцуулсан их хэмжээний хөрөнгө болон төсөв, мөнгөний бодлогын алдаа өнөөгийн ханшийн огцом уналт, эдийн засгийн хямралын гол үндэс болсныг албан ёсоор хүлээн зөвшөөрч, энэ алдаатай бодлогоо засч залруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэж Засгийн газар, Монгол банкинд хандаж хэлсэн. 100 хоногийн хөтөлбөрийн хугацаа талдаа орж байхад эдийн засгийн сэргэлт гарахгүй байгааг эрдэмтэн, судлаачид хэлж ярьж байна. Валютын ханш 1 ам.доллар 1830 төгрөг хэвээрээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 20-50 хувь өссөн, иргэдийн худалдан авах чадвар 40 хувиар уруудсан хэвээрээ л байна. Монгол улсын зээлжих зэрэглэл 2012 онд (+B) байсан бол өнөөдөр (-B) болж олон улсын түвшинд 2 шат буурлаа. Гадаадын хөрөнгө оруулалт 2014 оны эхний улирлын байдлаар 60 гаруй хувиар буурсан бөгөөд макро эдийн засгийн тогтвортой байдлын үзүүлэлтээрээ манай улс 78 байраар ухарч 130-д бичигдэх боллоо. Монгол банк нэг жилийн дотор гадаад валютын нөөцөөсөө 2.4 тэрбум ам.доллар зарцуулсан хэдий ч төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларлаа. Олон улсын Блюмбэрг агентлаг ханш нь хамгийн их суларсан мөнгөн тэмдэгтээр монгол төгрөгийг нэрлэж дэлхий нийтэд зарлав. Засгийн газрын өр сүүлийн 1 жилд 2 тэрбум 984 сая ам.доллараар нэмэгдлээ. Улсын өр ДНБ-ий 64 хувьд хүрч, хувийн хэвшлийн өрийг оролцуулбал Монгол улсын нийт өр 19.8 тэрбум ам.долларт хүрсэн нь ДНБ-ий 175 хувьтай тэнцэж байна. Эдийн засгийн хямрал банк, санхүүгийн салбарт нөлөөлж эхлэв. Үндэсний статистикийн хороо болон Монгол банкны тайлангаас харахад энэ оны эхний 5 сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 381,2 тэрбум төгрөг болж чанаргүй зээлийн хэмжээ 619,7 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 2 дахин өссөн байна. Өр, зээлээс өөр өссөн дэвшсэн зүйлгүй, өмнөх онуудын ололт амжилтаас ухарсан уруудсан гэдэг нь дээрх хэдхэн тооноос тодорхой байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2013 оны 4-р сараас эхлэн улс орны эдийн засаг хүндэрч эхэлснийг эрх баригчдад удаа дараа анхааруулж, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж ирсэн юм. Эдийн засгийн хямралыг сөрсөн зөв бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа сайд нартай хариуцлага тооцохыг УИХ-д оруулж хэлэлцүүлсэн боловч эрх баригчид тухай бүр хамгаалж хаацайлсаар ирсэн билээ.
-Эдийн засгийн хөгжлийн сайдыг эрх баригчид хамгаалаад аваад үлдчихлээ. Энэ нь хууль зөрчсөн асуудал болж байна уу?
-УИХ бол хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагаас гадна ардчилсан нийгэмд байдаг зөвшилцлийн хамгийн дээд хэлбэрийн байгууллага. Бусад институциуд үүнээс зөвшилцөл болон хамтын шийдвэр гаргах үйл явцыг харж үлгэр авдаг гэж би ойлгодог. УИХ-ын үйл ажиллагаа хар дээр цагаанаар бичигдсэн хуулийн дагуу маш нарийн дэг журамтайг та бүхэн мэднэ. Эдийн засгийн хөгжлийн сайдтай хариуцлага тооцох асуудлыг хамгаалж авч үлдсэн нь илт хууль зөрчсөн үйлдэл мөн. Би Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр эрх баригчид өмнө хэрэглэсэн муйхар аргаа дахин хэрэглэж байгааг хэлсэн. Нөгөө талаар эдийн засаг, бизнесийн орчин муудаж, валютын ханш, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн аж амьдралын түвшин доройтож байгаагийн цаана олон нийтийн эрх ашиг байгаа гэдгийг эрх баригчид олж харахгүй байна.
-АН-ынхан эдийн засаг хямарч байгаа нь МАН Засаг барьж байх үеэс үүдэлтэй гэж ярьж байгаа. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Эрх баригчид өөрсдийн алдаатай бодлогын үр дагавраар эдийн засаг хямарч байгааг өмнөх Засгийн газраас болсон гэж байгаа нь буруугаа бусдад түлхэх гэсэн арчаагүй арга. Манай нам Засгийн эрх барьж байсан 2011 онд ДНБ-ий өсөлт 17.5 хувьд хүрч, төсвийн орлого төлөвлөснөөс 118,3 тэрбум төгрөгөөр давж, улсын валютын нөөц 4.1 тэрбум ам.доллар болсон өндөр өсөлт бүхий тогтвортой эдийн засгийг Шинэчлэлийн гэх энэ Засгийн газарт хүлээлгэн өгсөн билээ. 2011 онд үр тариа 446,1 мянган тонныг хураан авч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадаж байсан.Гэтэл Засгийн газрын алдаатай бодлогын улмаас хоёрхон жилийн дотор манай улсын эдийн засаг, нийгмийн бүхий л үзүүлэлтүүд буурч, эдийн засаг, санхүү хямралд ороод байна.
-МАН ажил хийлгэхгүй байна гэж АН-ынхан шүүмжилдэг. Сөрөг хүчин гэдгээрээ бүх асуудлыг улс төржүүлдэг гэдэг. Энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би МАН-ын намын даргаар сонгогдоод үйл ажиллагаандаа баримтлах зарчмаа тодорхойлохдоо бид бүтээлч сөрөг хүчин байх ёстой гэдгийг хэлсэн. Эрх баригчид засаглаж сурах хэрэгтэй. Засаг барьж байхад сөрөг хүчин болгон л шүүмжилдэг. Өнгөрсөн намар болон хаврын чуулганд бид эрх баригчдын олон бодлого, шийдвэрт байгаа алдааг засаж залруулсан. Харин сөрөг хүчний намын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцдэггүй муухай жишиг манай олонход байна. Энэ тэднийг муухай харагдуулдаг олон зүйлсийнх нь нэг гэж бодож байна.
-Өнгөрсөн хугацаанд МАН засгийн эрхийг барьж байх үед дэлхийн зах зээлээс ихээхэн хэмжээний мөнгө босгож, бүтээн байгуулалт, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах ажлуудыг хийж болох байсан. Одоо бол хийсний араас илүү юм ярьж байна гэх шүүмжлэл МАН руу чиглэж ирдэг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-МАН Засгийн эрх барьж байхдаа олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, дотоодын компаниуд гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах замаар томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх бодлого хэрэгжиж байсан. 2012 оны байдлаар хандивлагч орон, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас авсан хөнгөлөлттэй зээл 1.9 тэрбум ам. доллар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 4,5 тэрбум ам.доллар болж, уул уурхайн томоохон компаниуд хөрөнгийн биржээс олон зуун сая долларын хөрөнгө босгож байсныг манай иргэд сайн санаж байгаа. Эдгээр хөрөнгө нь улс орны бүтээн байгуулалт, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн санхүүгийн чухал эх үүсвэр байсан. “Шинэчлэлийн” гэх Засгийн газар олон улсын зах зээлээс арилжааны нөхцөлтэй, их хэмжээний (2.1 тэрбум ам.долларын) зээл авч, эргэн төлөгдөхгүй, үр ашиг муутай төслүүдийг санхүүжүүлж байгаа нь бидний хэрэгжүүлж байсан бодлогоос тэс өөр, улс орны эдийн засгийг өрийн дарамтад оруулах эрсдэлтэй алхам болж байна. Хамгийн гол нь хэрэгжүүлэх төслүүд нь бэлэн болоогүй, Эгийн голын УЦС-аас өөр ТЭЗҮ нь бэлэн болсон томоохон төслүүд байхгүй байхад их хэмжээний бонд гаргасан нь бодлогын алдаа болсон гэж үздэг.
-МАН дангаараа олон жил төр барьж ирсэн гэдэг утгаараа боловсон хүчний тал дээр асуудалгүй гэж харагддаг. Харин ялагдал хүлээсэн, дотроосоо дахин нам төрүүлсэн, жирийн гишүүд, зарим лидерүүд нь намаа орхисон гээд бараан дүр зураг танай намыг хүчгүй харагдуулаад байх шиг. Магадгүй энэ байдал дараагийн сонгуульд нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй юм шиг.Харин танд намын даргын хувьд ямар итгэл үнэмшил төрж байна вэ?
-Манай нам бэлтгэгдсэн боловсон хүчний нөөцтэй. Манай нам залуу, дунд, ахмад үеийн алтан хэлхээ, залгамж чанарыг хадгалж чадсан улс төрийн ууган хүчин. Намын боловсон хүчний бодлого гишүүд, дэмжигчдээ идэвхижүүлж, тэднийг урамшуулах, намын эв нэгдлийг хангаж, зангидсан гар мэт нэг цул болгоход чиглэж байна. Сонгуулийн ялагдал, талцлын асуудлыг түүхийн хуудаснаа үлдээж урагшаа харж эрч хүчтэй ажиллах цаг болсон.
-2013 оны төсвийн гүйцэтгэлийг Үндэсний аудитын газраас танилцуулсан. Нэлээд зөрчил харагдлаа, энэ тал дээр таны байр суурь ямар байна?
-Саяхан Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайланг УИХ-аар хэлэлцэх үед төсвийн ерөнхийлөн захирагчид батлагдсан төсвийг хэтрүүлэх, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах нь хэрээс хэтэрсэн талаар тодорхой яригдсан. Үндэсний аудитын газрын болон УИХ-ын Төсвийн зардлагын хяналтын дэд хорооны дүгнэлт гарсан. Төсвийн ерөнхийлөн захирагчдын 65 хувь нь гадаад томилолтын зардлыг 2.2-558.3 сая төгрөгөөр, 11 төсвийн ерөнхийлөн захирагч гадаад зочны зардлыг 1 тэрбум гаруй төгрөгөөр батлагдсан төсвөөсөө хэтрүүлсэн байна. Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолд зааснаас бусад автомашин унах эрхгүй 222 албан тушаалтан автомашин ашиглаж байгаа нь тогтоогджээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн 222 албан тушаалтан тутамд жилд 3.3 сая төгрөгийн илүү зардал гарсан байна. Төрийн албанд сүүлийн 3 жилд худалдан авсан нэг бүр нь 83 сая төгрөгөөс дээш үнэ өртөгтэй 61 автомашин байгаагийн 51 автомашинийг буюу 84 хувийг нь сүүлийн 2 жилд авсан байна. Эрх баригчид төсвийн хөрөнгөөр хэрхэн тансаглаж, үр ашиггүй зарцуулж байгаагийн тод жишээ нь энэ. Монгол Улсын 2013 оны төсвийн хуулиар төсвийн ерөнхийлөн захирагчдын үндсэн чиг үүрэгт хамаарах 101 хөтөлбөрийн 304 арга хэмжээнээс 110 нь огт хэрэгжээгүй буюу дутуу хэрэгжсэн байгаагаас үзэхэд 2013 оны төсөв үндсэндээ биелэгдээгүй байна. Төсвийг хэрэгжүүлж чадаагүй, хууль бус олон данс арилжааны банкуудад нээсэн, зөвшөөрөлгүй автомашин хэрэглэсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох шаардлагатай гэсэн дүгнэлттэй санал нэг байна.
-Сүүлийн үед Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг тойрсон асуудал нэлээд хурцаар өрнөж байна. Төрийн чухал алба хашиж яваа хүнийхээ хувьд хэрхэн дүгнэн харж байна вэ? Эрх баригч намын бодлого нь гажуудал ихтэй байгаа учраас зарим хүнийг солиод асуудал шийдэгдэхгүй гэдэг нэг өнцөг харагддаг. Та энэ тал дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Асуудал Н.Батбаяр, Х.Тэмүүжин гэдэг хүнийг л огцруулах гээд байгаад юм биш. Хамгийн гол нь төрийн сайдын ажлыг хийж чадахгүй, улс орны эдийн засгийг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлээгүй учир эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал доройтож байгаад асуудал хариуцсан сайдтай нь хариуцлага тооцдог болох, сайд нь ч өөрөө огцрох өргөдлөө өгдөг зарчим тогтоох нь цаашид Монгол төрийн төлөвшилд зайлшгүй чухал асуудал юм. Улс төрч хүн, төрийн сайдын алба хашиж байгаа хүн төрийн хууль, ёс зүйг эрхэмлэн нэр цэвэр явах учиртай. Төрийн хууль, ёс зүйг чанд сахидаг Япон зэрэг орны Хууль зүйн сайд манай Х.Тэмүүжин сайд шиг хэл ярианд орооцолдсон бол шууд огцрох нь тодорхой шүү дээ.
-Та чуулганы завсарлагаанаар ямар ажлуудыг амжуулахаар төлөвлөж байна вэ. Мэдээж тойрогтоо ажиллах байх?
-Чуулганы завсарлагаанаар сонгогдсон тойргийн сумандаа ажиллаж Төв аймгийнхаа иргэдэд УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаа, ба¬талсан хууль тогтоомжийг сурталч¬лан таниулах ажлыг зохион байгуулна. Намрын ургац хураалт, хадлан тэжээл болон өвөлжилтийн бэлт¬гэл зэрэг цаг үеийн ажлаар аймгийн¬хаа зарим сумдад ажиллана. МАН-ын даргын хувьд зарим аймаг, суманд ажиллаж намын бодлого, шийдвэрийг сурталчилна. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хуулиудтай холбогдуулан эрдэмтэд судлаачид, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.
Л.ОЮУН