Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Улаанбаатар хотын гудамж талбайд өнгө нэмэх зорилгоор нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн шонг угаах будах, нэмж байруулах, цахилгааны монтажны холболтын нүхийг тагжуулах зэрэг тохижилтын ажил өрнөж байна. Энэ ажлын хүрээнд хотын гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцсан компаниуд олон ажлууд хийж хэрэгжүүлсэн. Шөнийн дөлөөр харанхуй гудамжаар явсаар гэртээ ордог гэр хорооллын иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор “Би Эм Жи Эл” ХХК СХД-ийн Бага Нарангийн 45 дугаар гудамж, “Филипс” гэрэлтүүлэг ХХК СХД-ийн 8-р хорооны нарийн гудамд шинээр гэрэлтүүлэг тавьж наадмын өмнө оршин суугчдыг нь баярлууллаа. Харин “Холбоо трейд”, “Соёндрим”,”Төгс гэрэл”компаниуд Их монголын гудамж, Чингэлтэй дүүргийн Хувьсгалчдын гудамж, Чингисийн өргөн чөлөөний гэрлийн шонг угааж, хотын гудамжинд гэрэл нэмэх өнгөөр будсан нь олны талархлыг хүлээсэн. Мөн хотын гэрэлтүүлгийг төвлөрсөн удирдлагын системд оруулах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шинжлэх ухааны академийн Информатикийн Хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх гэрээ хийсэн. Энэ гэрээний үр дүнд Чингэлтэй дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг төвлөрсөн удирдлагад оруулах ажил хийгдэж дуусаад байна. Цаашид энэ ажил ХУД, СБД-т үе шаттайгаар хэрэгжинэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Month: July 2014
-Малчид, ард иргэдэд зориулсан цаг агаарын мэдээ-
Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, түр зуурын бороо орно.
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, төвийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Дуу цахилгааны үеэр салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говийн бүсийн зүүн хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Оройдоо хотын баруун чиглэлээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.
Энэ сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 11-нд төв, зүүн, говийн нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төв зүүн зүгийн нутгийн зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.13-нд нутгийн баруун хагаст, 14-нд ихэнх нутгаар өдөртөө хална.
Их Монгол улс байгуулагдасны 808, АХ-ын 93 жилийн ойн баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаан хэдхэн мөчийн өмнө барианд орлоо. Газар газрын 307 хурдан ажнай тоосоо өргөж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бат-Очирын Цэрэнбалтавын хул үрээ түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа. Аман хүзүүнд Улаанбаатар хотын “Хөх чоно” группийн ерөнхийлөгч Пүрэвбаатарын бор үрээ хурдлав. Харин айргийн гуравт ҮХАА яамны дэд сайд Цэвэгдоржийн Тувааны хул, айргийн дөрвөөр Дундговь аймгийн Адаацаг сумын аймгийн алдарт уяач Дашдэлгэрийн Сүхбаатарын хонгор халзан, айргийн таваар Төв аймгийн Сэргэлэн сумын МУ-ын том манлай уяач Д.Ононгийн бор тус тус хурдалж хурсан олон наадамчин түмнээ баясгаад байна.
Д.САР
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр Чингисийн талбайд болсон Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцож үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Манай улсын төрийн алтан соёмбот сүлд, эрдэнийн далбаа тэргүүтэн нь Монголын төрт ёсны нандин уламжлал, гүн утга санааг агуулан өнгөрсөн, өнөө, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ холбоонд мөнхөд мандан бадарч байхыг бэлгэддэг юм.
Ертөнцийн умард, өмнөд туйл, дэлхийн дээвэр Хималай, сансрын уудам, НҮБ-ын ордон, олимп, тив дэлхийн аваргын дэвжээнээ Монголын Төрийн алтан соёмбот эрдэнийн далбаа монгол хүний эрэлхэг зориг, тэсвэр хатуужил, авьяас билгийн бэлгэдэл болон мандаж байдаг нь ард түмэн, төр, улсын маань жинхэнэ бахархал билээ” гэлээ.
Төрийн далбааны өдрийг монголчууд 2008 оноос эхлэн тэмдэглэж, Төрийн тэргүүн 2011 онд Монгол Улсын Төрийн далбааг дээдлэн хүндэтгэх санаачлагыг түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан билээ.
Уг зарлигт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг-Төрийн далбаагаа дээдлэн шүтэх ард түмний хүсэл эрмэлзэл, үүсгэл санаачлагыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ:
Монгол хүний үндэсний бахархал, эх оронч үзлийг хөхиүлэн дэмжих зорилгоор монгол түмний их түүх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбаагаа өргөө гэр, албан тасалгаандаа ёс төртэй залж, гүн хүндэтгэлтэй хэрэглэж хэвшихийг Монгол Улсын нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уриалсугай” гэжээ.
Өнөөдөр болсон Төрийн далбаны өдрөөр 1911 оны Богд хаант Монгол Улсын гурван хэл бүхий бадамлянхуа цэцгийн суурьтай соёмбо тэмдэг, э-бам үсэгтэй төрийн далбаа, 1924 оны бадамлянхуа цэцгийн суурьтай алтан соёмбо, хоёр хажуудаа БНМАУ гэсэн монгол бичигтэй төрийн далбаа, 1940 оны голдоо таван хошуу малын дүрс бүхий Төрийн сүлдтэй, БНМАУ гэсэн бичигтэй төрийн далбаа, 1945 оны оройдоо улаан таван хошуутай, алтан соёмботой төрийн далбаа, 1992 оны Үндсэн хуулиар баталсан одоо хэрэглэж буй алтан соёмбот төрийн далбааг гүн хүндэтгэлтэйгээр залж, мандууллаа гэж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Бразилийн фанатууд ууртай байна
Бразилийн хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод 1:7-гийн харьцаатай Германы шигшээ багт ялагдсан. Уурлаж бухимдсан бразилчууд Сан Паулу хотод эмх замбараагүй байдал үүсгэж, долоон автобус шатаасан байна. Мөн тэмцээн өндөрлөсний дараа герман иргэний биед хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.
Тоглолтын 29 дэх минутад бразилчууд таван гоол алдсаны дараа хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг орхиж, гадна талбайд эсэргүүцлээ илэрхийлжээ. Зарим хөгжөөн дэмжигч дэлгүүрээс хулгай хийж, Германы өмсгөлтэй жуулчдыг дээрэмдэхийг завджээ.
Бразилийн шигшээ багийн тамирчид 1:7 харьцаатай ялагдал хүлээсэндээ хөгжөөн дэмжигчдээсээ албан ёсоор уучлалт гуйсан ч фанатууд нь бухимдсан хэвээр байгаа аж
Д.САР
Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.4 дэх заалтыг тус тус үндэслэн Хууль зүйн сайд олгож байна.
Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан, ял шийтгэлгүй, мэргэшлийн шалгалтад тэнцсэн, нотариатын үйлдэл хийх ажлын байртай иргэнд нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно.
“Нотариатчийн мэргэшлийн шалгаруулалтын журам”-ыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 214 дүгээр тушаалаар баталсан.
2012 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 251 хуульч тусгай зөвшөөрөл авсан байна. Тэдгээрийн 191 нь нийслэлийн нотариатын тойрогт ажиллахаар, 82 нь орон нутгийн нотариатын тойрогт ажиллахаар тус тус тусгай зөвшөөрөл авчээ.
Д.САР
Мянганаар өртөөлсөн Тулгар төрийн их ой, Их Монгол Улсын 808 жил тохиож, Үндэсний их баяр наадмын урь дэлгэрч, эх орны дөрвөн зүг найман зовхист хурдан морины гийнгоо цангинасан энэ мөчид Монголын төрт ёсны их Хүндэтгэл Есөн хөлт цагаан тугийнхаа өмнө хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан эрхэм иргэддээ төрийн өндөр дээд цол, одон медаль гардууллаа.
Нэгэнт цагт “Чингисийн чулууны бичиг” хэмээх Монгол туургатны гайхам сууг дархалсан дурсгалын бичээст “Есүнхэй мэргэн 335 алд” буюу одоогийнхоор бол 500 хол метрт харван онож, дэлхийд дайчин алдраа мандуулсан Монгол эрсийн домгийг бүтээж байсан түүхтэй. Чухамдаа монгол хүн бүр морьтон адил монгол хүн бүр харваач байсан.
Өнөөдөр тэр түүхийн үргэлжлэл болж, Дорнод Монголын алдарт харваач, эх орныхоо төлөө амь бие үл хайрлан дайтаж явсан ахмад дайчин Аюушийн Цэвээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Монголчууд гойд чадварлаг харваач байснаараа дэлхийн цаг тооны бичгийн үлэмж хувийг үндэстнээрээ овоглож чадсан. Харваа бол улс үндэстний тэсэн үлдэх хийгээд мандан бадархуйн түшиг тулгуур байсан, эдүгээ Монгол түмний наадмын үндсэн төрөл юм.
Аюушийн Цэвээн гуай улсад дөрвөнтээ түрүүлж, найм үзүүрлэн, Монгол соёлынхоо бахархалт өв болсон нум сумыг олон жил урлаж, алдар цуутай олон шавь төрүүлсэн нь түүний Монгол Улсын төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсний үр өгөөж юм. Танд чин сэтгэлээсээ баяр хүргэе.
Мөн улсынхаа нэр алдрыг дэлхийн дэвжээнд дуурсгасаар байгаа дэлхийн энтэй шүүгч, спортын зүтгэлтэн Адуучийн Басхүү, Санхүү, эдийн засгийн салбарт хоёр түмэн шавь төрүүлсэн ахмад багш Жамъяны Нямсүрэн, сонгодог урлагийн тайзнаа тод мөрөө дархалсан манай нэртэй уран бүтээлч Адилбишийн Дашпэлжээ нар ардын цолтон боллоо.
Энэ мөчид Монгол Улсын гавъяат цолтнууд ч хүрээгээ тэллээ. Хүн төрөлхтний спорт гэгдэх Хөлбөмбөгийн ДАШТ ид өрнөж буй энэ мөчид Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд олон жил хөдөлмөр зүтгэлээ зорилуж ирсэн Лувсандоржийн Сандагдорж Гавъяат дасгалжуулагч боллоо.
Энд нэгэн хүний гавъяаг онцгойлон дурьдах хэрэгтэй. Манай ахмад үеийн шалгарсан нисгэгчдийн нэг Далайн Баатар Монгол Улсын гавъяат нисгэгч боллоо. Тэрээр агаарт 17 мянган цаг нисч, 6 сая км туулан 111 мянган зорчигч тээвэрлэн мөнгөн цагаан хөлгөөр 4000 гаруй цаг хөөрсөн нэртэй нисгэгч юм.
Түүнийг 1975 онд Улаанбаатар –Дундговийн чиглэлд нисч байсан АН-24 онгоцны нисгэгчээр нислэг үйлдэж явахад нь тас шувуу онгоцны урд шилийг мөргөж онц аюултай нөхцөл үүссэн үед авхаалж гарган онгоцоо аюулгүй газардуулж 50 шахам зорчигчийн амь насыг аварч байсан түүхтэй. Хожим мөн 1983 онд 42 зорчигч тээвэрлэж явсан онгоцных нь баруун хөдөлгүүр агаарт унтарч гарцаагүй ослын аюул нүүрлэхэд мөн л мэргэжлийн самбаа, чин зориг, өндөр чадвар гарган онгоцоо амжилтай газардуулж байжээ. Энэ бол яахын аргагүй гавъяат, эрэлхэг үйлс юм.
Мөн өнөөдөр энэ танхимд мянга мянган шавь төрүүлсэн багш нар, буянт малынхаа тоо толгойг өсгөж, монгол ухаанаа өвлүүлэн яваа малчин ардын маань төлөөлөл гээд механикжуулагч, төмөр замчин, хөгжим судлаач, дуучин, зураглаач, алтан гартай эмч, геологич нарын мэргэжил мэргэжлийн эзэд гавъяатын алдраа хүртлээ.
“Дуудах нэрийг эцэг эх заяаж, дуурсах алдрыг өөрөө олдог” ардын сайхан сургааль бий. Алдар цуугийн торгон хүндэтгэлийг ард олны дэмжлэг, олон жилийн зүтгэл, хөлс хүч, хөдөлмөр туурвил түшиж явдаг аа. Үүний зэрэгцээ хариуцлага, улам илүүг бүтээх итгэл ч дагалдаж байдаг.
Энэ танхимд шагнал хүртсэн болон орон даяар хөдөлмөрөө үнэлүүлсэн нийт иргэддээ, Та бүхний гэр бүл, хамт олон, үйл хэргийг тань түшиж ирсэн тэр эрхэм хүмүүст гүн талархал дэвшүүлье.
Та бүхэн сайхан наадаарай.
Өнгөрөгч
шөнө Бразил улсад зохиогдож байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөө тоглох
хоёр дахь баг тодорлоо. Нидерланд-Аргентиний шигшээ багууд үндсэн ба нэмэлт
цагуудад бие биенийхээ хаалганд гоол
оруулж чадахгүй байсаар хугацааг дуусгасан. Ингээд хүвь заяагаа торгуулийн
цохилт гээч азын сугалаанд даатгахаар болж энэ сугалаанд аргентинчүүд илүү
азтай байлаа. Нидерландын дасгалжуулагч ван Гаал энэ удаа урьдах тоглолтод
хаалгачаа сольж байсан шигээ тактикыг ашигласангүй. Үүнийгээ тайлбарлахдаа
“Мартинс шар хуудастай дээр нь Пересийг гүйцэхгүй байсан. Де Йонгын гэмтэл
сэдрэх аюул бодиттой болсон, ван Перси хэтэрхий сульдсан гээд иймэрхүү
шалтгаануудын улмаас гурван сэлгээгээ хийхээс өөр арга үлдээгүй ээ”гэжээ. Мөн тэрээр
хаалгач нарын талаар “ хэрвээ надад сэлгээ хийх болж байсан бол би Крулыг
талбайд гаргах л байсан . Гэвч боломжит сэлгээгээ нэгэнт хийчихсэн байсан тул
яалтай ч билээ. Ингэхэд Аргентиний хаалгач Ромерог торгуулийн цохилтыг хэрхэн
хаах аргыг би анх түүнд зааж байлаа шүү дээ” гэж хэлсэн байна. Нэмээд
тодотгоход Нидерландын үндсэн хаалгач Силессен мэргэжлийн тоглогч болсноосоо
хойш нэг ч удаа 11 метрийн цохилтыг хааж байгаагүй азгүй нэгэн юм байна лээ.
Аргентинчүүдын хувьд аз жаргалдаа умбасан үдэш
байлаа. Тэд 1990 оноос хойш финалд шалгарч үзсэнгүй, бүр ойрхон дөхөж ч бараг
үзсэнгүй. Гэтэл одоо шигшээд шалгараад зогсож байна. Месси “ ямар гайхамшигтай
өдөр вэ. Аргентиний бүх ард түмнийг тэвэрье. Одоо мөрөөдөлдөө хүрэхэд нэгэн
жижигхээн алхам хийх л үлдлээ.” хэмээн сэтгүүлчид хариулсан нь энэ багийн
бүгдийнх нь сэтгэлийн сэвэлгээ байсан биз ээ.
цохилт – 2:4
04.00 цаг, «Арена Коринтианс» цэнгэлдэх хүрээлэн
Нидерланд –
Силессен, де Врей, Влар, Мартинс Инди (Янмат, 46), Кюйт, Н. де Йонг (Класи,
62), Вейналдум, Блинд, Снейдер, ван Перси (Хунтелар, 96), Роббен.
Аргентин –
Ромеро, Сабалета, Гарай, Демичелис, Рохо, Энцо Перес (Паласио, 81), Маскерано,
Биглия, Месси, Лавесси (М. Родригес, 101), Игуаин (Агуэро, 82).
Торгуулийн
цохилт гүйцэтгэсэн дараалал-1:0, 1:1,
2:1, 2:2, 2:3, 2:4
Д.Бат
Өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг, Буянт гол Ховд хот, Орхон голын дунд хэсэг, Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул гол Улаанбаатар хот, Туул гол Алтанбулаг сум, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг, Хэнтэй нурууны арын Онон гол Дадал сум, Хурх гол Өмнөдэлгэр сум, Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Хангайн нурууны өврийнБайдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд үерийн түвшинг даван тус тус үерлэж байна. Баяр наадмын өдрүүдэд түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа тул гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.
Дархан аварга А.Сүхбат энэ жилийн наадамд зодоглох нь ээ. Аварга Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу наадмаас өмнө дархан аварга цолоо хүртвэл шинэ цол, ард түмнээ хүндэтгэн наадамд зодоглоно гэдгээ хэлсэн удаатай. Гэхдээ бөх сонирхогчдын дунд түүнийг энэ жилийн наадамд барилдах эсэх тухай таавар, тодорхойгүй таамаглалууд явсаар байсан юм.
Тэгвэл өнөөдөр дархан аварга А.Сүхбат энэ жилийн баяр наадамд барилдах нь тодорхой болжээ. Тэрбээр наадмын барилдаанд бүртгүүлээд явж байхдаа телевизийнхны дуранд өртсөн байна.
Хэдийгээр Дархан аварга А.Сүхбатыг наадамд барилдаад өндөр амжилт үзүүлэхгүй гэсэн таамаг байгаа ч наадамчдын хүлээлт түүний давааг бус барилдааныг харахад оршиж байгаа юм.
Д.САР