Categories
мэдээ нийгэм

Баяр наадмыг албан ёсоор нээлээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа ийнхүү ёслол төгөлдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж албан ёсоор нээлээ. 

Categories
мэдээ нийгэм

Наадмаар анхны олимпод оролцогчдод хүндэтгэл үзүүлнэ

Монголчууд 1964 оны Токиогийн наадмаас олимпийн түүхээ бичиж эхэлсэн. Өнөө жил олимпод оролцож эхэлсний 50 жилийн ой болж байгаа юм. 50 жилийн ойн хүрээнд дэлхийд Монголын нэрийг гаргаж байсан ахмад тамирчид баяр наадмын парадад оролцох юм байна. 1964 оны өвөл, зуны олимпод оролцож байсан 30 таримчин наадамчин олонтой мэндчилэх ажээ. Тэднийг олимпийн аварга Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Н.Түвшинбаяр нар тэргүүлэн оролцох юм байна. Энэ тухай Монголын олимпийн медальтнуудын холбооны нарийн бичгийн дарга Н.Баярсайхан “Баяр наадмын парадад хэдэн пүүс, компани гарч жагсаад байх нь сонин биш. Монгол Улсын нэрийг дэлхийд мандуулж байсан ахмад тамирчдадаа хүндэтгэл үзүүлж байх ёстой” хэмээв. Уг арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх бөгөөд энэ жил 1964 оны тамирчид жагсаж, дараа жил 1968 оныхон оролцох гэнэ. Цаашлаад дэлхийн аваргаас медаль авсан, олимпоос медаль авсан гэхчлэн спортын  алдартнуудад хүндэтгэл үзүүлж байхаар болжээ. 

С.Ариун

Categories
мэдээ нийгэм

Азарга зурхайнаас эргэлээ

Үндэсний их баяр наадмын хурдын морьдын салхийг хагалж хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан өчигдөр болсон. Тэгвэл яг одоо Хүй долоон худагт азарга шандсаа сорьж байна. Энэ жил 223 азарга бүртгүүлж 220 азарга уралдаж байгаа юм байна. Азарга барианд 11:20 цагт ирэх юм. 

Categories
мэдээ нийгэм

Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол болж байна

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэн  рүү залах  ёслол болж байна. Тун удахгүй баяр наадмын нээлт болно. 

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан машинаар хүүхэд, хөгшид үйлчлүүлнэ

“Цахилгаан тээвэр” компанийн Монголдоо угсарсан таван цахилгаан машин Хүй долоон худагт наадамчдад үнэгүй үйлчилж байна. 12 хүний суудалтай энэ машинаар өндөр настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилнэ.

 Хүй долоон худагт наадамчдын машинаа тавиад явган зорчдог талбайд энэ жил баруунаас зүүн тийш хөндлөн 2.6 км хатуу хучилттай зам тавьжээ.

Энэ замаар цахилгаан автобус явна. Дээрх иргэд нийтийн тээврийн автобусны зогсоолоос буугаад шууд цахилгаан автобусанд суухаар зохион байгуулжээ. Задгай талбайд морь барианы газар хүртэл хол зайд явган алхах нь хүүхэд, хөгшдөд амаргүй байдаг. Тэгвэл энэ жил иргэддээ бага оврын олон суудалтай машинаар үйлчлэх болсонд наадамчид сэтгэл хангалуун буйгаа хэлж байв.

220 вольтод цэнэглэн өдөржин явах боломжтой, задгай бүхээгтэй цахилгаан машин Хүй долоон худагт 08.30-17.30 цаг хүртэл наадамчин олонд үйлчилнэ.  

Шинэ сонин, дээр нь алхаж ядрахгүй зорьсон газартаа хүрэх цахилгаан машинд суухаар залуус гар өргөх ч цөөхөн суудалтай учир машин зогсохгүй байв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Дуу цахилгаантай бороотой үед зурагтын антеннаараа оролдохгүй байхыг зөвлөв

Ус, цаг уур орчны шинжил¬гээний газрын мэдээлснээр энэ сард дуу цахилгаантай бороо ихээр орох төлөвтэй байна. Ялангуяа сарын эхний болон сүүлийн арав хоногт дуу цахилгаантай, ширүүн бороо ихээр орох аж. Бороо хур ихтэй байгаагаас ихэнх гол үерлэж байгаа мэдээ ч байна. Уржигдрын байдлаар Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинд хүрчээ. Мөн Буянт, Ховд хот, Хөвсгөлийн уулсын Дэлгэрмөрөн, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг, Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Туул гол Улаанбаатар хот, Хэнтийн нурууны арын Хурх гол Өмнөдэлгэр сум, Барх гол Батширээт сум, Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд үеэрлэж байгаа аж. Тиймээс үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Сүүлийн өдрүүдэд дуу, цахилгаантай бороо ихээр орсноос цөөнгүй газар аянга буужээ. Тодруулбал, Энэ сарын 2-нд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо хуучнаар Дэнжийн 1000-ын  авто баазын хойд хэсэгт байдаг байшингийн дээвэр дээр аянга бууж, гэрлийн залгуур нь бууджээ. Үүний маргааш нь Хан-Уул дүүрэгт нэг айлд аянга бууж гэрийнх нь бүрээс, цахилгаан хэрэгсэл нь шатсан байна. Дуу цахилгаантай бороо орсон үед гар утас, цахилгаан хэрэгслээ унтраахыг зөвлөдөг. Гэтэл хүмүүс хөлбөмбөг үзэхээр бороон дунд антеннаа оролдож, цахилгааны хэлбэлзэл үүсгэх болжээ. Тиймээс дуу цахилгаантай бороо орох үеэр цахилгаан хэрэгслээ түр зуур салгаж, гар утсаа унтраахыг онцгойгийнхон зөвлөсөн юм. 

Мөн аялал, зугаалганд явахдаа гүүр, гармаар гол гаталж байхыг санууллаа. Өнгөрсөн долоо хоногт Туул голд машинаа урсгасан дуудлагын дагуу онцгойгийнхон очиж арав гаруй залуусыг аварчээ. Гүүр, гармаар гарахаас гадна голын ойролцоо амарч, зугаалахдаа болгоомжтой байж бага насны хүүхэд,  согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг усанд ойртуулахгүй байхыг зөвлөлөө. 

Б.САРАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ө.Уянга: Төв цэнгэлдэхээ тойрч хуушуур идсэн шигээ наадна даа


Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянгатай ярилцлаа.

-Наадам боллоо. Хаагуур, яаж баярлахаар төлөвлөж байгаа вэ?

-Монгол түмний үндэсний их баяр наадам хаяанд ирчихлээ. Олны адил наадмыг догдлон хүлээж байгаа хүний нэг би. Хичнээн завгүй байсан ч Төв цэнгэлдэх хүрээлэнгээ бүтэн тойрч наадмынхаа хуушуурыг иднэ. Ерөнхийдөө гэр бүлийнхэнтэйгээ баярладаг. Ээж минь надтай хамт хотод байдаг юм. Тиймээс гэрийнхнээ дагуулаад наадамлана даа. Бас Дундговийн наадамд уригдсан байгаа. Тийшээ хурдхан шиг явчихаад маргааш орой гэртээ ирчих болов уу. Нээлтийн ёслолыг гэртээ үзчихдэг юм. Харин 12-ны өглөө эрт соёолон руу явна. Хурдан соёолонгийн тоосонд даруулах дуртай. Энэ жилийн тухайд наадмын нээлт болон хүндэтгэлийн тоглолтод оролцоогүй. Уржигдар талбай дээр болсон сонгодог үдшээр ард түмэнтэйгээ уулзлаа. Сайхан байна. 

-Наадмын гоёлоо бэлдэж амжсан уу?

-Наадмаар дээл өмсөнө. Үндэсний баяраар монгол дээлээ өмсөхийг чухалчилдаг. Тиймээс энэ жилийн дээлээ захиалчихсан байгаа. Зуны дэлгэр цаг учраас тод өнгөөр гангарна. Гэхдээ тайзан дээр гарахгүй учраас энгийн дээл өмсье гэж бодож байна. Загварынх гэвэл “Торго” салоны хийж өгсөн арав гаруй дээл бий. 

-Багадаа хэрхэн нааддаг байв. Хөдөөний хүүхэд учраас хурдан морь унадаг байсан уу?

-Моринд хорхойтой шүү. Манай өвөө уяач хүн байлаа. Аавын талынхан эрэгтэй хүүхэд ихтэй болохоор тэднээрээ унуулна. Өвөө намайг охин хүүхэд гэж хайрлаад уралдуулдаггүй байсан. Гэхдээ моринд сайн шүү. 

-Санаанаас гардаггүй наадам хэзээ болж байв?

-Би чинь Хөвсгөлийнх. Аав маань Бүрэнтогтох сумын хүн. Тиймээс сумандаа нааддаг байсан. Хамгийн сайхан наадам гэвэл сумынхаа наадмыг хэлнэ дээ. Сайхан монгол дээлээ өмсчихсөн, хаашаа л харна нүүрэнд нь мишээл тодорсон хүмүүс. Аав, ээжтэйгээ хамт тэмдэглэсэн баяр бүхэн сайхан юм даа. Ялангуяа хүүхэд байхад юм бүхэн гэгээн. Тоглож наадаад, морь үзээд баярладаг байлаа. 

-Наадмын дараа амрах уу. Хаагуур амрахаар төлөвлөсөн бэ?

-Зун амарч байгаа ч гэлээ хажуугаар нь ажлаа амжуулаад явдаг. Сайхан байгальтай газраар явахдаа клипний зураг авалт хийчих жишээтэй. Уран сайхны зураг бас авахуулна. Амарч байхдаа ажлаа амжуулаад явдаг гэсэн үг. Машиныхаа ард том цүнхтэй тоглолтынхоо хувцсыг ачиж аваад л гардаг юм. Түүнээс биш юу ч хийхгүй амарна гэж байхгүй. 

-Яг нэг жилийн өмнө та Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм цолыг хүртэж байжээ?

-Нээрээ тийм байна шүү. 2013 оны долдугаар сарын 9-нд гавьяат болж байлаа. Тэр үед наадмын тоглолтод оролцох гээд үүрээр бэлтгэл хийдэг байсан. Нойр, хоолгүй явж байсан үе. Хоёр, гурван өдөр маш их бэлтгэлтэй байсан. Бараг л унтаагүй. Гавьяат болж байгаа гэдгээ дуулаад сэтгэл хөдлөөд унтаж чадаагүй. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр бас дуулах ёстой байсан учраас асар их ажилтай байсан. 

-Гавьяат болсныхоо дараа талархлын тоглолт хийж байсан даа?

-Тэгсэн. Намар нь талархлын тоглолтоо ДБЭТ-таа хийсэн. Урлагийн буянаар ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн болохоор уг тоглолтоо хийсэн юм. “Монгол” нэртэй, сонгодог урлагийн тоглолт. Мэргэжлийн дуучин хүний хувьд сонгодог бүтээлүүдийг ард түмэндээ хүргэж байхыг хүссэн. Урлагаа сурталчлах зорилготой. Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээлээр дагнасан.

-“Монгол” тоглолтоо үргэлжлүүлэх үү?

-Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээлийг эгшиглүүлэхийг хүсэж байна. Үүнийгээ ч Н.Жанцанноров гуайд хэлсэн. Наймдугаар сараас бэлтгэлдээ гарах байх. Одоогоор судалгааныхаа түвшинд явж байгаа. тоглолтоо намраас хийнэ. Гэх мэтчилэн зүгээр суух арга алга. V.I.P тоглолтоо төлөвлөсөн байгаа. 

-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-Сонгодог урлагийн дүр дээрээ ажиллаж байгаа. Гадагшаа уригдсан. Намраас олон улсын тэмцээнд бас явах байх. Долдугаар сард хэд хоног амарчихаад бэлтгэлдээ хурдан орохгүй бол төлөвлөгөө ихтэй байна. Бас Банди багшийнхаа нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын конкурст оролцоно. 

-Италид нэг хэсэг сурч байгаад ирсэн. Тэндхийн театраас урилга ирж байна уу?

-Итали руу ойрын үед явахгүй байх. Одоо ч ерөнхийдөө сурах ажлаа өндөрлөөд хийж бүтээе гэж бодож байгаа. Уран бүтээл рүүгээ түлхүү анхаарна гэж бодож байна.

-Долдугаар сарын хорьдоор Хөвсгөлд томоохон уралдаантай байх аа?

-Манай нутагт Хотгойдын хурд гэж том наадам болно. Би “Хотгойдын шадар ван Чингүнжав” гэж сайхан дуу хийсэн. Уг дуугаа дүрсжүүлэх бодолтой байгаа. Хотгойдын хурдын үеэр л амжуулах санаатай байна.   

-Нутгийнхаа бөхчүүдийн галаар очсон уу. Хэр өнгөтэй байна?

-Бөхийн галаар бол очиж амжаагүй. Гэхдээ сайхан барилдаж, шинэ улсын цолтон олон төрөөсэй гэж бодож байна. Юмыг яаж мэдэх вэ аварга, арслан ч төрөх юм билүү. Бөхийн барилдааныг ер нь их догдолж үзнэ шүү. Нутгийн бөх барилдвал нэг нэг рүүгээ утасдаад л. Манай Хөвсгөлийнхөн чинь хоорондоо амь нэгтэй. Хотод байхгүй, зурагт үзэж чадахгүй бол манай тэр яаж байна гээд утасдана. Морь ч ялгаагүй. Нутгийнхаа уяачдын галаар орно. Ямар ч байсан “Макс”-ын галаар орж баярлах байх. Хуурай ахынхаа галаар мөн орно.

-Наадмынхаа айргийг хөдөө рүү захих уу. Эсвэл худалдаанаас авчихдаг юм уу?

-Айргаа Булганы Өлзийтөөс авдаг. Тэнд манай найз хүүхэн байдаг юм. Үнэхээр сайхан айрагтай. Жил бүр явуулдаг. Амт гэж янзын шүү. Нэг уучихад амт нь мөддөө арилахгүй. Амтагдаад л байна. Нэг уугаад эхэлсэн байхад өөр газрын айраг ууж чадахгүй болчихдог.

-Айрганд ер нь хэр вэ?

-Яахав боломжийн уучихна. Манай Хөвсгөл айраггүй. Гэхдээ сайхан айраг бол ууна. Нэг дор гурав, дөрвөн литрийг уучихдаг л юм. 

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Г.Баярсайхан: МАН-ынхан Их хурлыг тарааж чадахгүй дээ, чадахгүй

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны
дарга Г.Баярсайхантай ярилцлаа.

-УИХ-ын
хаврын чуулган хөшгөө татлаа. Хаврын чуулган хаалтын өдрөө “хуушуур”-ын үнэртэй
хууль бөөндлөө гээд байгаа. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын төлөвлөгөө гэж байдаг. Бид төлөвлөгөөний дагуу хуулиудаа
батлаад явж байвал болж байна гэж ойлгох ёстой. Гэтэл төлөвлөгөөний дагуу хуулиудаа
баталж чадсангүй. Сайд нарыг огцруулна, огцруулахгүй, дан, давхар дээл гэх мэтээр
нэлээдгүй цаг хугацааг авсан. Үүнийхээ оронд ЭЗЭН 100 хөтөлбөрийнхөө хүрээнд эдийн
засгийн идэвхжүүлэх хуулиудаа батлаад явчихсан бол илүү үр дүнтэй болох байлаа.
Сөрөг хүчин асуудлыг цэгцэлж, зөв голдиролд нь оруулахын тулд асуудалд хандаж байгаа.
Гэсэн ч зарим зүйл дээр сөрөг хүчин хэт муйхарлаж, эрх баригчдын зүйлс унаж байвал
бидэнд сайн гэх маягаар асуудалд хандаад байгаа нь буруу. Нэг сайдын асуудал оруулаад
түүнийгээ огцруулах гээд улайраад байгаа нь, эдийн засаг хямралтай үед үүнээс гаргахын
тулд Н.Батбаяр сайдад хариуцлага тооцно гэж байгаа нь зөв. Нэгэнт эрх баригчид нь
сайдаа аваад үлдье гэж байхад түүгээр нь улс төр хийж, цаг алдуулж, ажил уясан нь
зохисгүй үйлдэл. Хаврын чуулганаараа эдийн засагтай холбогдуулан Ашигт малтмалын
тухай хууль, Газрын тосны хуулийг баталсан ч төмөр замынхаа асуудлыг шийдэж чадаагүй
нь харамсалтай. Уг нь хэлэлцээд явчихсан бол эдийн засагт эерэг үр дүн өгөхөөр байлаа.

ЭЗЭН 100 хөтөлбөр хэрэгжсэнээр 70 гаруй хоногийн ард гарлаа. Үр дүн нь
хэр байх бол. Парламентын зүгээс хуулиудыг нь бүрэн гүйцэд баталсангүй?

-Нүүрсний асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх байсан ч “нөхцөлөө
шийд” гэсэн чиглэл өгсөн. Түүний дараа төмөр замын асуудлаа шийдье гэж байгаа нь
зөв ч байж магадгүй. Ерөнхий сайд “ЭЗЭН 100” хөтөлбөрөө 100 хоногт эдийн засгийн
үндсийг сайжруулъя гэж оруулж ирсэн болов уу гэж хувьдаа бодоод байгаа юм. Түүнээс
биш 100 хоногт 17.5 хувийн өсөлттэй эдийн засгийн маргааш нь бий болгочихно гэсэн
ойлголт байхгүй. Ирэх оны хавраас харин эдийн засаг сайжрах болов уу гэсэн бодолтой
байгаа.

-Яаж?

-Ирэх оны хавраас уул уурхайн хөрөнгө оруулалтууд нэмэгдэх болов
уу гэсэн урьдчилсан таамаг байна. Анхнаасаа ч би 2015 оноос эдийн засаг сэргэнэ
гэж хэлж байсан.

-УИХ-ын
дарга З.Энхболд хаврын чуулганыг хаахдаа хэлсэн үгс нь “хатуу” байлаа. Таны хувьд
Их хурлын даргын хэлсэн үгийг чухам хэрхэн хүлээж авсан бэ?

-Бид бодит зүйлсийг л ярих хэрэгтэй. Их хурлын даргын хэлсэн үг үнэн.
Нэгэнт л үнэн зүйлийг хэлсэн болохоор гашуун ч гэсэн биш хүлээж авах ёстой. Өөр
арга байхгүй. Төр засаг данхайж, хэтэрхий олон яамтай болчихлоо. Ямар ч баталгаагүй
цаасан төгрөг зах зээлд гаргаж байна. Зүй тогтлоороо хямралын үед ямар арга хэмжээ
авах ёстой вэ түүнийг нь хэрэгжүүлэх шаардлагатай. Бид тодорхой хэмжээнд төсвөө
хумих хэрэгтэй байгаа. Мөн баталгаагүй мөнгө гаргаж байгааг багасгах шаардлага байна.
Миний хувьд Их хурлын даргатай 100 хувь санал нэг байгаа шүү. Тэгэхгүй бол нэг л
өдөр цаасан төгрөг эрээн цаас болж хувирна. Ард түмэнд таалагдахгүй ч гэсэн төр
арга хэмжээгээ авах ёстой газар нь авах л учиртай.

-Хаврын
чуулганы үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ. Намрын чуулганы өнгийг та тодорхойлохгүй
юу?

-Хаврын чуулганаар хэлэлцэж буй асуудлуудыг Ардын нам гацаах гэж
их хичээлээ. Бид ч гэсэн ажиллах гэж их хичээсэн. Ардын намынхан улс төрийн тоглолтыг
арай л их хийсэн. Аливаа юманд хэмжээ хязгаар байх ёстой. Тэр хязгаарыг ардын нам
давчихсан юм. Засгийн газар бүтээн байгуулалтын ажлаа хийх гэхээр нэг сайдыг нь
шүд сугалж байгаа юм шиг сугалах гээд, давхар дээлийн асуудлыг улс төржүүлээд, олон
хуулийн төсөл дээр завсарлага аваад ажил хийхэд үнэхээр хүнд байлаа. Ийм нөхцөлд
ажиллах хэцүү шүү дээ. Гэхдээ бид гол хуулиудаа баталж чадсан.

-Хоёр
хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалыг та хэрхэн харж байгаа вэ. Бидэнд үзүүлэх
нөлөөлөл ямар байх бол?

-Халх голын түүхэн ялалтын 75 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ
хүрээнд хоёр хөршийн төрийн тэргүүн айлчилна гэдэг нь Монгол Улсад хэрэгтэй. Айлчлалын
үеэр эдийн засагт түлхэц өгөхүйц чухал асуудлуудаа ярьж, тохирон шийдүүлэх нь зүйтэй.
Хоёр хөршийн эдийн засгийн харилцаа улам бэхжиж байна. Бид энэ интеграцид нь ороод
үр шимийг нь хүртэх ёстой. Тиймээс ОХУ-аас урагш хийн хоолой, эрчим хүчний шугам,
транзит тээврийн асуудал, төмөр зам гэх мэт зүйлсээ хоёр хөршөөрөө шийдүүлээд ямар
нэг шийдэлд хүрэх нь зүйтэй. Бид эх орноо аваад нүүгээд явж чадахгүй тул эдийн засгийн
интеграцид нь заавал орох ёстой. БНХАУ-ын даргын айлчлалын үеэр нүүрс боловсруулан
хий гаргах үйлдвэрийн асуудлаа шийдчих болов уу гэж хувьдаа бодоод байгаа. Үйлдвэрээ
байгуулаад авчихбал Улаанбаатарын агаарын бохирдол ихээхэн хэмжээгээр багасах юм.
Айлчлалын үеэр бид ашиглаж болох бүхий л боломжийг эрэлхийлэх л хэрэгтэй.

-Танай
байнгын хорооны харьяа БОНХ-ийн сайд С.Оюун НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгчөөр
сонгогд­лоо. Энэ боломжийг ашиглаад ямар асуудлуудыг шийдвэрлүүлэх бодолтой байгаа
вэ?

-НҮБ-ын Байгаль орчны ассамблей
гэдэг нь байгаль орчны чиглэлийн НҮБ гэсэн үг. Дэлхийн хэмжээний энэ том байгууллагын
тэргүүнээр С.Оюун сайдыг маань сонгосон нь нэр төрийн хэрэг байлаа. Үүнд үнэхээр
баяртай байна. Ассамблейн ерөнхийлөгчид олон улс орон хүмүүсээ нэр дэвшүүлсэн юм
билээ. С.Оюун сайд маань үнэхээр илүү байлаа. Юугаар илүү байсан бэ гэхээр УИХ Засгийн
газар, БОНХЯ манай байнгын хороо хоорондын уялдаа сайн байсан юм. Ногоон хөгжлийн
бодлогоо оруулж ирэхэд нь бид зохих хугацаанд нь маш нухацтай авч үзэн баталсан.

Үүнд С.Оюун сайдын асар их хүчин чармайлт орсон. Ногоон хөгжлийн
бодлоготой улс орон дэлхий дээр цөөхөн байдаг. Бид уг бодлогоороо дэлхийд айргийн
тавд яваа. Дээр нь төр засаг нь дэмжиж байгаа тул С.Оюун сайд олонхийн санал авч
сонгогдсон. С.Оюун сайдын нэр төр олон улсад өндөр байгаагийн нэг илрэл л дээ.

-Та
байнгын хороогоо хоёр жил дараалан даргаллаа.
Энэ хугацаанд ямар ажлууд амжуулсан бэ?

-Засгийн газраас оруулж ирж буй
хуулийн төслүүдийг хугацаанд нь хэлэлцэн батлаад явж байна. Байгаль орчны яамнаас
оруулж ирсэн санал, тогтоолын төсөл, хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулан ажилласан.
Би өөртөө дүн тавьж, сайн муу ажилласан гэх нь илүүц. Тэгээд ч би өөрийгөө рекламдаад
байдаг хүн биш. Харин хийх ёстой ажлаа бол хийсэн шиг хийгээд явж байгаа. Улаанбадрах
суман дахь “Арева” компанитай холбоотой асуудал гарсны дараа ажлын хэсэг байгуулан
одоо ч нухацтай ажиллаж байна. Энэ зуны турш ажлын хэсэг ажиллахаар болсон. Хулгайн
мод бэлтгэх асуудал, шонхорын наймааны талаар тогтоол гаргалаа. Хувиараа алт олборлогчдын
тал дээр ажлын хэсэг гаргаад ажиллаж л байна. Газрын тухай хуулийг Засгийн газар
оруулж ирээд эргүүлэн татсан. Хуулийн төслийн ажлын хэсгийг Б.Гарамгайбаатар гишүүн
ахалсан. Хуулийн төсөл дутуу дулимаг болсон гэх мэтээр шүүмжлэл их ирсэн. Би байнгын
хорооны даргын хувьд хуулийн төслийн алдаатай зүйлсийг харж, анхааруулж ирсэн юм.
Миний ярьж байсан яг тэр асуудлаар  эргүүлэн
татсан. Би энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Ерөнхий сайдад Үндсэн хуулийн ийм
заалтуудыг зөрчиж байна. Хуулийн төслийг эргүүлэн татаж сайжруулан оруулж ирнэ үү
гэсэн албан тоот явуулсан. Ерөнхий сайд миний гарын үсэгтэй явуулсан албан тоотыг
үндэслэн Засгийн газар Газрын тухай хуулийг эргүүлэн татсан гэж бодож байгаа. Байнгын
хороо хяналт тавих ёстой зүйл дээрээ хяналт тавиад явж байсан.

-МАН-ын бүлгийн зарим гишүүдийн зүгээс энэ парламент тарах
ёстой гээд байгаа. Начир дээрээ тэд кнопоо дарж чадах уу?

-Чадахгүй дээ, чадахгүй. Тэд Их
хурлыг тарааж чадахгүй. Би бол ард түмнээс санал авч сонгогдсон, жагсаалтын хүн
бол биш. Тийм болохоор хариуцлагатай ажиллах ёстой. Сөрөг хүчин иймэрхүү популист
зүйл яриад байх нь зохимжгүй л дээ.

-Газрын тухай хууль болон төмөр замын асуудлуудаа шийдэж чадсангүй
хаврын чуулган
завсарлалаа. Үүн дээр нэг шийдэлд хүрч чадаагүй нь танай бүлгийн гишүүн
Х.Баттулгын захиалгат нэвтрүүлэг болчих шиг боллоо гэж байна. Түүнээс болж иргэд
УИХ, Засгийн газарт дарамт, шахалт үзүүлэх шиг боллоо?

-Монгол Улсын Их хуралд ард түмний төлөөлөл болон сонгогдсон хүмүүс
суудаг. Ард түмний төлөөлөл болсон гишүүд тэдний өмнөөс шийдвэр гаргах эрхтэй. Гэхдээ
бид ард түмнийхээ үгийг сонсох ёстой. Яахав Х.Баттулга гишүүн өөрийн үзэл бодлоо
илэрхийлсэн. Бид Баттулга гишүүний байр суурийг сонсох ёстой. Хэн хэнийхээ үгийг
сонсож сурах хэрэгтэй. Тэр нэвтрүүлгийн хувьд хувь хүн өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн
байх. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг бид баталсан. Энэ хүрээнд Засгийн
газар Их хуралд асуудлаа оруулж ирэн олонхийн хүрээнд шийдэх ёстой. Сая бол арай
түүхий байгаа тул боловсронгуй болгочихоод ороод ир гэсэн юм. Ачаа тээвэрлэх нөхцөлөө
хүртэл тохироогүй байхад батлах нь зохимжгүй гэж үзсэн. Бид их далайд хүрэхийн тулд
нөхцөлөө эхлээд тохирох ёстой.

-Иргэдийн
хүлээж байсан Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн тухай хууль, Эдийн засгийн
ил тод байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх болов уу гэсэн ч тэгсэнгүй.
Эдгээр хуулиуд хэзээ батлагдах бол?

-Сөрөг хүчин хэтэрхий дүрдээ ороод бүх асуудалд саад тавиад байна.
Тэд 2016 оны сонгуульд ялах талаар бодож байгаа бол бид том эрх ашгийг харж байгаа.
Тэгэхээр намрын чуулганаар ч гэсэн энэ асуудал давтагдах болов уу. Их хурал дээр
гол хуулиуд хоёр гурван гишүүний зөрүүтэй л батлагдаж байна. Бид үнэмлэхүй олонх
биш. Хань болж яваа Шударга ёс эвсэл, гурван бие даагч гишүүн нь ихэнх тохиолдолд
сөрөг байр суурьтай болчих юм. Сонгуулийн болон Улсын төрийн намуудын тухай хууль
энэ байдлаараа явбал төмөр замаа ч баталж чадахгүй хэмээнд хүрнэ. Өмнөө тавьсан
зорилгынхоо төлөө хамтдаа явж, хариуцлагаа хамтдаа хүлээцгээе.

Э.ЭНХБОЛД

Categories
нэг-өгүүлбэрээр

Хорват ба “Байер”Мюнхений довтлогч Манжукович “нутаг сэлгэн” Испаний “Атлетико”М багт очлоо.

Categories
мэдээ спорт

Хязаалан насанд 300 гаруй хурдан хүлэг шандас сорилоо

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны уралдаанд газар газрын 307 хурдан үрээ мордож, шандас юугаан сорилоо. Гарааны зурхайгаас морьд эргэснээс 878 дугаартай, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Батзоригийн хурдан хээр үрээ тод магнай торгон жолоо өргүүлсэн юм. Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Ш.Баянбатын халзан үрээ, гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн зээрд үрээ хурдлав. Дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, зууны манлай уяач Д.Даваахүүгийн хүү Д.Баянбатын хонгор үрээ, айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Эрдэнэбилэгийн хурдан хээр үрээ хурдалж, уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа. Зургаад Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Н.Баасанжавын бор, долоод Өвөрхангайн Тарагтын Ч.Хишигбаатарын хүрэн халзан, наймд П.Энхмөнхийн бор морь, есд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын сартай зээрд, аравт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Дамбын Хишигжаргалын цагаан морь хурдалж, монгол түмнээ баярлууллаа.

С.АЛТ