Categories
мэдээ нийгэм

Үдээс хойших баяр наадмын хөтөлбөр


12:00-13:40 Үндэсний сурын хасаа харвааны  адаг өрөг /Сурын талбайд/
12:30 Шагай харвааны  харваачдад шагнал гардуулах ёслол /Шагайн асарт/
13:40-14:00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа /Сурын талбайд/
14:30-15:10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
15:20-15:30 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
15:20-16:00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
15:20-16:00 Хүүхдийн барилдааны тавын даваа
16:10-16:40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
16:40-17:10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа
16:40-17:20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
17:25-17:45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
17:50-18:40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа
18:35-19:05 Хүүхдийн барилдааны долоогийн даваа
18:45-19:00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
19:05-19:35 Хүчит бөхийн барилдааны  есийн даваа
19:40-19:55 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.
19:55 Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808,  Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.
20:00 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/
20:00 “Эх орноо хамтдаа дуулъя” урлагийн тоглолт /Их эзэн Чингис хааны  талбайд/

Categories
мэдээ соёл-урлаг

“Улаанбаатарын үдэш” 3D шоу

]

Categories
мэдээ спорт

Улсын арслан П.Бүрэнтөгс уналаа

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын хөл рүү аймгийн арслан Баасандорж дохиод буцав. Гэсэн ч аварга түүнийг төвөггүйхэн өвдөглүүлээд туг тойрлоо. Улсын аварга О.Балжиннямыг Архангайн аймгийн арслан Бадарч давснаар улсын начин цолонд хүрэхэд нэг даваа үлдлээ. С.Мөнхбат амйгийн арслан Пүрэвгарьдыг төвөггүйхэн өвдөглүүлэв. Г.Эрхэмбаяр аймгийн арслан Ганболдыг мушгиад давлаа, улсын арслан Ганбат аймгийн арслан Ганбаатараар дөрөв давав. Улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Золбоотой, Т.Санчир аймгийн арслан Лха-Очиртой, Санжаадамба аймгийн арслан Баатарцолтой, Соронзонболд заан Бадамсүрэнтэй Бат-Орших харцага Сэлэнгийн аймгийн арслан Дэлгэрсайхантай, улсын харцага Содномдорж улсын начин Цэрэнтогтогтохтой, уран барилдаант хоёр бөх оноолт таарсан нь Ө.Даваабаатар улсын начин Б.Пүрэвсайхантай оноолт таарчээ. Улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан Чимэддоржийг давлаа. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Гончигдамба аймгийн арслан Дарханбатын ард нь гарч өвдөглүүллээ. Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба аймгийн арслан Баатарцолоор дөрөв давлаа. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Еркеболанаар даваагаа ахиуллаа. Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ аймгийн арслан Бат-Эрдэнэтэй барилдаж
Улсын харцага Н.Түвшинбаяр улсын начин Одбаяртай барилдаж талбайн зах руу нэлээд хөөж яваа харагдана.
Аймгийн арслан Баасандорж Бүрэнтөгсөөр дөрөв давж олны уухайтай туг тойрсон юм. Аймгийн арслан Золбоо Н.Ганбаатар гарьдад тахим буулган наадмыг өндөрлүүлэв. Аймгийн арслан Лха-Очир Т.Санчир заанаар даваагаа ахиулж тавын даваанд гарахаар боллоо.

Categories
мэдээ спорт

Аймгийн арслангууд давж эхэллээ

Гурвын давааны үргэлжлэлд аймгийн арслан Дарханбат улсын харцага Мөнгөнцоожоор, аймгийн арслан Мөнгөн улсын гарьд Баянмөнхийн Гантогтохоор тус тус гурав давж есөн хөлт цагаан тугаа тойрлоо. Улсын заан Сайнбаяр Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн заан Дагва-Очироор гурав даван тун хурдтай туг тойрч харагдлаа. Аймгийн арслан Тайван улсын өсөх идэр начин Лхагвасүрэнгээр, улсын харцага Найдангийн Түвшинбаяр хөөж элдсээр аймгийн арслан Отгонбаатараар гурав даван туг тойрлоо. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Лха-Очир гурав давсан бол цэргийн арслан Амартүвшин Амартүвшин харцагаар, улсын начин Ганхүү аймгийн арслан Батмөнхөөр, Энхбат начин улсын өсөх идэр начин Жамъянпүрэвийг амлан барилдаж давсан юм. Улсын начин Шүхэртийн Уламбаяр улсын начин Завханы Баянтэсийн Нямсүрэнг амласан юм. Аймгийн хурц арслан Батчулуун улсын өсөх идэр начин Отгонбаяраар гурав давлаа. Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат аймгийн заан Болдбаатарыг ноднин жил харцага цолны босго давсан Оюунболд амлан шахааны барьцнаас мушгин давлаа.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Чимэддорж улсын арслан Н.Бүрэнбаатараар, аймгийн арслан Батжаргал Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын өсөх идэр начин Цогтжаргалаар гурав давж начны даваанд ойртлоо. Итгэлт Орших группын бөх улсын харцага Ө.Даваабаатар Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Оргилыг амлан барилдаж давсан юм. Улсын харцага Арслангийн Бямбажав аймгийн арслан Ганжадыг мөн амлажээ. Харцага Ганжадын араар нь тэвэрч шидсэн нь тохой нь түрүүлж газардаж харагдлаа. Гэсэн ч хөлийн цэц засуулын шийдвэрээр залуу харцага даваа авсан юм. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй шахааны барьцнаас шахаж мордон аймгийн арслан Отгонбаатараар гурав давлаа.

Аймгийн арслангууд гурвын даваанаас эхлэн өөрсдийн багш болон улсын цолтой бөхчүүдийн аманд гарч гар амар гурав давж байгаа юм. Гарьд магнай кинон дээр “Далайцэрээн чи олон хүмүүсийг харж байна уу. Энэ бүх хүмүүс наадам үзэх гэж ирсэн” гэдэг билээ. Угтаа наадамд худлаа барилдаж болохгүй гэдгийг сануулсан үг байсан билээ. Хорьж ч болдоггүй яаж ч болдоггүй начин цолоо гэж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Тэмүүлэнгийн халтар соёолонгийн түрүү магнайд ирлээ

Төрийн их баяр наадмын хурдан соёолон насны морьд дөнгөж сая барианд орлоо. Хамгийн хурдтай морьдын уралдаан гэгдэх 254 соёолон 22 км-ээс эргэсэн бөгөөд зул задрахад Г.Тэмүүлэнгийн халтар үрээ, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат тод манлай уяач Ж.Бат-Эрдэнийн халтар, Завхан аймгийн Яруу сумын харьяат тод манлай уяач Д.Дагвадоржийн хүрэн, Хэнтийн Галшарын Д.Хүрэлбаатарын хүрэн, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Дамбадаржаагийн Ононгийн янзага зээрдийн дүү зээрд соёолон хөтөлж эхлээд байсан юм. Тэгвэл барианд ороход Г.Тэмүүлэнгийн халтар соёолон толгойдоо тоос ч хүргэлгүй ирснээр торгон жолоо өргүүллээ. Аман хүзүүнд Д.Ононгийн зээрд, айргийн гуравт Т.Гантөмөрийн зээрд, Ж.Бат-Эрдэнийн халтар, Цэгмидийн бор тус тус айргийн тавд хурдалжээ.

Categories
мэдээ спорт

Зүүний магнайгийн нулимстай ам буюу А.Сүхбатын элэг бүсээ тайлсан зангарга

Өчигдөр төрийн их баяр наадмын нэгийн давааны эхэнд А.Сүхбат, Г.Өсөхбаяр аварга нарын хэн нь зүүний магнайд босох вэ гэдэг нь хэл амтайхан байсан билээ. А.Сүхбат Г.Өсөхбаяр аваргыг амлан авч барилдах байлаа. Гэсэн ч дархан аварга А.Сүхбат барилдалгүй Г.Өсөхбаярт элэг бүсээ тайллаа. Г.Өсөхбаяр аварга энэ бүхнийг тооцоолоогүй байсан тул тахим авах дургүй байгаагаа илтгэв. Улсын аварга О.Балжинням улсын харцага Чулуунбаатарыг, С.Мөнхбат аварга аймгийн начин Мөнхдоржийг аймгийн начин Баярдамбыг амлан авлаа. Гончигдамба Отгонбатаараар, улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн начин Ариунмөрөнгөөр гурав давлаа. Улсын арслан Ганбат гурав давж туг тойроод байна.

Өчигдөр зүүний магнайд Сүхбат аваргыг гаргахгүй гэхэд тэрээр өмнө нь зодог тайлахдаа малгайгаа нүдэндээ дараад нулимсаа арчиж байсан дүр зургийг бид мартаагүй. Тэгвэл өчигдөр яг ийм зүйл тохиосон билээ. Харин өнөөдөр Сүхбат аварга зангаргыг мэдрүүлж ам даван аварга бөх шиг тахим буулгалаа. Түүний хувьд энэ жилийн баяр наадмаар ганцхан Г.Өсөхбаяр аваргыг амлахаар барилдсан мэт санагдаж байна.

Categories
мэдээ спорт

А.Сүхбат аварга зангарга гаргаж дархан аварга Г.Өсөхбаярыг амаллаа

Үндэсний их баяр наадмын гурвын даваа эхэлж дархан аварга А.Сүхбат, улсын аварга О.Балжинням нарын цолыг дуудаж байна. Энэ давааны хамгийн эхэнд дархан аварга А.Сүхбат дархан аварга Г.Өсөхбаярыг амлан авлаа. Хэн хүний тааварлаагүй ам авсанд хүмүүс ихэд гайхаж байгаа юм. А.Сүхбат аваргын хувьд өчигдөр Г.Өсөхбаяр аваргатай зүүний магнай булаацалдан нэлээдгүй хэл ам хийцгээсэн билээ. Энэ жилийн баяр наадам үнэхээр ярих зүйлтэй, үзүүштэй наадам болох нь гарцаагүй болж байна. Өмнө нь аварга цолтой бөх дээд тал нь арслан цолтой бөхийг амлаж байсан удаа бий. Гэхдээ дархан аварга тэр дундаа гурвын даваанд ам авч байсан түүх үгүй билээ. Г.Өсөхбаяр аварга аманд гарсан тул баруун жигүүрийн ест зогсож байна.

Хоёр аваргын барилдаан ихээхэн сонирхолтой болох нь дамжиггүй биз ээ. Бөхчүүдийн цолыг дуудаж байна.

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр түр зуурын бороотой

2014 оны 7 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр  зуурын  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
                                           
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Categories
мэдээ спорт

Леброн Жеймс хуучин багтаа эргэн ирлээ

NBA-гийн супер од Леброн Жеймс дөрвөн жилийг “Майами Хит” багт өнгөрүүлсний эцэст эргээд хуучин баг “Кливленд Кавалерьс”-таа ирлээ. Флоридагийн багт дөрвөн жилийг өнгөрөөхдөө хоёр удаа NBA-ийн финалд тэргүүлж байсан энэ сагсчин 2014 оны улирал дуусаад чөлөөт агент болоод байсан юм. Иймээс сар гаруй хугацаанд бодсоны эцэст  долоон жилийг өнгөрөөсөн анхны багтаа ирэхээр шийджээ. “Би дөрвөн жилийн өмнө эндээс явахдаа Огайо муж сагсан бөмбөгөөс илүү үнэтэй нутаг юм гэдгийг ойлгоогүй явжээ. Гэхдээ одоо ойлгосоон.” хэмээн тэр хэлэв.

Б.Хулан

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Хурц арслангууд хуйгаараа унасан хоёрын даваа

Төрийн их баяр наадмын хоёрын давааны сүүлчийн барилдаанууд олны анхаарлыг татсан үзүүштэй барилдаануудаар дүүрэн байлаа. Учир нь жил жилийн баяр наадмаар улсын цол хүртэнэ гэгдэж байсан бөхчүүд оноолтоор таарч барилдсан юм. Хоёрын давааны сүүлийн дүйзүүдэд жил бүр начин цолны тааварт багтдаг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан А.Алтанхуяг Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Ц.Чимэддоржид тахим буулган нэлээд харамсаж байгаа харагдсан. Харин Улсын начин Төрөөгийн Баасанхүү аймгийн арслан Бат-Оршихыг хөнгөхөн хонгодчихоод туг тойрлоо. Өнөө жил ногоон дээлээр гангарсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Б.Дэлгэрсайхан бариа зөрүүн дээрээс Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Сүхбатыг тэнгэр харуулан төрийн ёсөн хөлт цагаан тугаа хоёронтоо тойрсон юм. Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуун Отгоннямыг өвдөглүүлсэн бол Баян-Өлгий аймгийн ганц найдвар гэгдээд буй аймгийн арслан Еркеболан улсын начин Багахүүг чанга гэгчийн савчихаад дэвж яваа харагдлаа. Улсын харцага Ц.Содномдоржийн хүргэн Увсын хурц арслан Оюуны Гантулга  Өмнөговийн Дарханбатад, аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар Баянхонгор аймгийн арслан Болдын Эрдэнэхүү нарын барилдаан сонирхолтой болон үргэлжилсэн юм. Хоёр бөхийн барилдааны цаг дуусч барьц сонгоон дээрээс хоёулаа нэг нэг удаа алдан Эрдэнэхүү арслан дахин барьц сонгохын тулд 20 гаруй минутыг зарцуулав. Аргаа барсан гарын даа Хайдав арслан хөлийн цэц Д.Мягмар заан дээр очин “Энэ хоёр барилдахгүй нь ээ. Шууд хасчихъя” гэхэд бөхчүүд дундаа “хорчин” гэгдэх Говь-Алтай Алтай сумын харьяат Доёдын Бадрах начин уг саналыг дэмжиж “хас, хас” хэмээн уухайлав. Шодооны барьцан дээрээ нэлээд удсаны эцэст залуу арслан Мөнгөнбаатар ахыгаа унагачихаад дэвж одлоо. Баян-Өлгий аймгийн арслан Баатарцол аймгийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ Г.Ганзоригийг хонгодож цацчихаад цааш явлаа. Аймгийн арслан Батням ижил цолтой бөх болох Хадбаатарыг аймгийн арслан Б.Батжаргал Ганзоригоор, аймгийн арслан Золбоо засуул, хөлийн цэцийн дэмжлэгтэйгээр аймгийн хурц арслан Бат-Очирын Одгэрэлийг давсан юм. Уг барилдааны дараа хурц арслан нүдэндээ нулимстай хөлийн цэцийн ард сууж байхад нутгийнх нь аймгийн арслан Дэлгэрсайхан ирээд дагуулан явлаа. Жил бүрийн баяр наадмаар баараггүй начин гэгддэг Б.Одгэрэл арсланд хүндхэн байсан нь гарцаагүй. Сүүлийн үед улсын цолтны бүлд багтана гэгдээд буй О.Хангай Занданбат арслангаар, аймгийн арслан Лха-Очир Архангайн Батцэнгэлийн уран барилдаант Шинэбаатар арсланг орхисноор гурвын даваанд барилдах эрхээ авсан юм. 

Үнэндээ хөлийн цэц, засуулууд хэдэн сайхан аймгийн арслангийн хувь  заяагаар тоглосон гэдгийг бөх үзэгчид хэлж байлаа. Хөлийн цэцийн ахлах Д.Мягмар заан аргаа барахаараа урдаа байгаа ногоон дотуур холбоогоороо бөхийн холбооны удирдлагуудтайгаа хэрхэн талаар зөвлөлдөж байгаа харагдсан юм. Тэнцүү шахам унасан барилдааныг дахиулахын оронд үзэмжээрээ шууд тахим ч авахуулахгүй туг тойруулж байгааг харсан үзэгчид бухимдаж байлаа. Хоёрын даваан хурц арслангуудаас Төв аймгийн арслан Батчулуун ганцаараа гурвын давааны босго алхсан юм. 

Э.ЭНХ