МЗХ жил бүр үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалтай. Монгол улсын аварга Д.Сумъяабазар 1994 онд начны болзол хангаж анхны дааганы эзэн болж байсан бөгөөд өдгөө 20 залуу начин хурдан удмын дааганы эзэн болоод байна. Энэ жилийн бөхийн барилдаанд тав давж начны болзол хангасан хамгийн залуу начин Бадамсүрэнд тод манлай уяач Г.Ононгийн адуун сүргийн хурдан удмын даагыг Монголын залуучуудын холбооноос гардууллаа.
Month: July 2014
Баяр наадмын долоогийн даваа үнэхээр үзүүштэй болж байгаа бөгөөд тус даваанд тунасан Улсын гарьд Б.Гончигдамба Улсын заан Ч.Санжаадамба нарын барилдаан маш сонирхолтой боллоо. Хоёр бөхийн барилдаан эн тэнцүү газардсан бөгөөд засуул хөлийн цэцийн шийдвэрээр заан Санжаадамбад давааг өглөө. Үүнд Гончигдамбыг дэмжигчид дургүйцлээ илэрхийлэв.
Улсын гарьд Д.Рагчаа харцага Н.Батсуурь нарын барилдаанд шахааны барьцнаас залуу харцага давснаар Улсын заан цолны болзол хангалаа. Ингэснээр долоогийн даваа өндөрлөв.
Долоогийн даваанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын харъяат Монгол Улсын гарьд Нямдоржийн Ганбаатар харцага цолны болзол хангаад байсан Ховд аймгийн Чандмань сумын харъяат Улсын начин Б.Пүрэвсайханыг шуудагны барьцнаас шахаж татан долоо давлаа. Ингэснээр тэрбээр шөвгийн дөрөвт шалгараад байгаа бөгөөд түүний өмнө өсөх идэр начин Ш.Жаргалсайхан даваад байгаа билээ.
Үндэсний их баяр наадмын өсвөрийн хүчит 128 бөхийн барилдаан сая дууслаа. Уг барилдаанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат сумын заан Б.Лхагвадорж түрүүлж Улсын шонхор цолны болзол хангалаа. Харин үзүүрт Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Б.Өсөхбаяр үзүүрлэлээ.
Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны долоогийн даваанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Монгол Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар Завхан аймгийн Идэр сумын харъяат Монгол Улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайханыг амлаад байсан билээ. Тэгвэл дөнгөж сая өсөх идэр начин Ш.Жаргалсайхан Монгол Улсын начин Мөнхбаатарыг давснаар Монгол Улсын заан цолны болзол хангалаа. Ш.Жаргалсахайн нь өмнө нь начин цолоо гурван удаа батлаад байсан билээ. Харин энэ жил бэлтгэл сайтай байгаагаа харуулж оюутан цагийн нэг өрөөний анд Х.Мөнхбаатараар долоо давсан юм.
Долоогийн давааны ам авсан байдлыг танилцуулъя.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Монгол Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар энэ даваанд тав, зургаагийн даваанд хоёр аваргыг дараалуулан өвдөглүүлсэн Улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханыг, Архангай аймгийн Булган сумын харъяат Улсын гарьд Д.Рагчаа Улсын харцага Намсрайжавын Батсуурийг, Улсын гарьд Н.Ганбаатар шинээр харцага цолны болзол хангаад буй Ховд аймгийн Чандмань сумын харъяат Улсын начин Б.Пүрэвсайханыг тус тус амлаад байна. Харин энэ даваанд Улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Улсын гарьд Б.Гончигдамба нарыг хэн ч амалсангүй туналаа.
Зургаагийн даваанд Архангай аймгийн Булган сумын харъяат Монгол Улсын гарьд Гомбын Рагчаа Завхан аймгийн Алдархаан сумын харъяат аймгийн арслан Лха-Очирыг , Монгол Улсын харцага Намсрайжавын хүү Улсын харцага Батсуурь улсын начин Р.Пүрэвдагвыг давж харцага цолоо баталлаа. Ингэснээр зургаагийн даваа өндөрлөөд байна. Цэнгэлдэхэд түрүүлж айрагдсан зургаан насны морьдыг цоллож байна.
Баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд тавын даваанд Ж.Эрхэмбаяр аваргыг давсан Завхан аймгийн Идэр сумын харъяат Улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайханыг амалсан. Тэгвэл дөнгөж сая Ш.Жаргалсайхан С.Мөнхбат аваргаар зургаа давж Монгол Улсын харцага цолны болзол хангалаа. Улсын арслан Ц.Мөнхбаатар аймгийн арслан Адъяабатыг, Улсын заан Ч.Санжаадамба аймгийн арслан Бадамсүрэнг тус тус даваад байна.
Баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Улсын арслан Д.Азжаргал Улсын начин Б.Пүрэвсайханыг амлан барилдсан билээ. Тэгвэл залуу начин арсланг давснаар Улсын харцага цолны болзол хангалаа. Харин Улсын гарьд Д.Гончигдамба шинээр Улсын начин цол хүртсэн Говь-Алтай аймгийн Суманчулууныг, Улсын гарьд Н.Ганбаатар шинээр Улсын начин цол хүртсэн аймгийн хурц арслан Ч.Батчулууныг тус тус даваад байна.
Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Монгол наадам, Монгол соёл” арга хэмжээ яг одоо явагдаж байна. Энэхүү арга хэмжээнд Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд оролцож байгаа юм байна. Мөн хүүхдүүдийн дунд бэсрэг наадам, шагайн харваа зэрэг арга хэмжээ зохиогдож байна.