Модны 2-ын орчимд “МК интернэйшнл” компанийн байр шатаж аврах гал унтраах 10, 14, 34 дүгээр ангийнхан ажиллаж галыг унтраалаа. Харин яг энэ явдалтай зэрэгцэн Орос элчингийн хажууд Их дэлгүүрийн замын урд талын 4 давхар шар байранд гал гарч Баруун 4 замаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлажээ. Хэргийн газар галыг унтраахаар Онцгой байдлынхан ажиллаж байна. Хэргийн газар түргэн тусламж, цагдаагийнхан иржээ.
Month: July 2014
Баяр наадам болж байгаатай холбогдуулан томоохон худалдааны төвүүд, банкууд богиносгосон цагийн хуваариар ажиллаж байгаа бөгөөд Худалдаа хөгжлийн банкны зургаан салбар өнөөдөр маргааш 10-17 цагийн хооронд ажиллана. Тус банкны Таван шар дахь салбар, Баруун дөрвөн зам, 120 мянгат, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн салбар, нэгдүгээр сургуулийн ойролцоох салбар, Занабазар салбарууд дээрх цагийн хуваариар ажиллаж буй бөгөөд үйлчлүүлж буй иргэдийн оочер дараалал их байна. Харин Хаан банкны орон нутаг дахь зарим нэг салбар ажиллаж байгаа аж. Нийслэлд тус банкны нэгдүгээр хороолол, Баруун дөрвөн зам, Жуков дахь гурван салбар 10-16 цагийн хооронд үйлчилж байна. Ер нь банкууд өнөө маргаашдаа ийм цагийн хуваариар ажиллаад нөгөөдрөөс хэвийн хуваарьтаа орох аж.
Худалдаа үйлчилгээний газруудаас “Номин”-гийн бүх салбар ажиллаж байна. Харин Хүчит шонхор зах ирэх 17-ноос, Нарантуул зах 23-наас, Техникийн захууд 17-ноос ажиллаж эхлэх гэнэ.
Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах “МК интернэйшнл” компанийн байр шатаж байгаа тухай бид мэдээлсэн. Гал одоогоор бүрэн унтраагүй байгаа бөгөөд аврах гал унтраах 10, 14, 34 дүгээр ангийн гал сөнөөгчид хэргийн газар шуурхай ажиллаж байна. Гал асаад хоёр цаг гаруй болж байгаа ч унтраагүй байна.
Наадмын нээлтэд энхийг сахиулагчид оролцож бүжиглэсэн нь үзэгчдэд тийм ч таатай санагдаагүй бололтой. Цахим орчинд “Энэ хэдэн энхийг сахиулагчдыг бүжиглүүлдэг нь ч юучив, ер нь энхийг сахиулагчдыг ямар учиртай нээлтэд оролцуулсан юм бол…” гэх мэт яриа өрнөв. Нээлтэд Өмнөд Судан улсад энхийг сахиулах дөрөвдүгээр ээлжийнхэн оролцсон бөгөөд тэд наймдугаар сарын 10-д гаргаад тус улсыг зорих юм байна. Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар Ерөнхийлөгч энхийг сахиулахаар мордож буй дайчдаа үдэж өгдөг уламжлалтай. Энэ удаагийн ээлжийнхнийг баяр наадмыг тохиолдуулан Төв цэнгэлдэхээс үдэж өгсөн нь тэр байж.
Ц.БАЯР
Өнөөдөр үдэд “МК интернэйшнл” компанийн байр шатаж байгаа дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах тус компанийн галыг унтраахаар Онцгой байдлын аврагчид ажиллаж байна. Гал юунаас болж гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.
Үндэсний их баяр наадамд Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд “Увс нуур” дэвжээний бөх Улсын харцага Намсрайжавын Батсуурь түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн. Түүнд өчигдөр Хүй долоон худагт болсон уяачдын баярын үеэр түрүүлсэн бөхийн бай шагнал болох 15 сая төгрөгийг гардуулжээ. Мөн Увс аймгийн нутгийн зөвлөлөөс “Хүннү” хороололд дөрвөн өрөө байраар мялааж, саяхан гал голомтоо бадрааж, хүүтэй болсон залуу арслангаа тав тухтай амьдрах бололцоогоор хангаж буйгаа хэлэн байрны батламжийг өгсөн байна.
Өчигдөр Хүй долоон худагт уяачдад зориулсан баяр болж, хүчит 64 бөх зодоглосон юм. Энэ барилдаанд Аймгийн арслан Бадарч түрүүлж, улсын заан Д.Соронзонболд үзүүрлэв. Мөн уяачдад зориулсан баярт эрлийз дээд насны морьдын уралдаанд 52 хурдан хүлэг мордож, гарааны зурхайгаас эргэснээс Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Чүлтэмийн Ган-Очирын өсгий цагаан хүрэн аман хүзүүдсэн юм. Харин эрлийз бага насны ангилалд 78 даага бүртгүүлж, 56 хурдан хүлэг мордсоноос Увс аймгийн Зүүнговь сумын уяач МУ-ын Алдарт уяач Бичээрэйгийн Далайн зээрд даага түрүүлж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзоригийн хар бор удаалсан юм.
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд үзүүрлэж, гарьд цол хүртсэн Ш.Жаргалсайханыг Завхан нутгийнхан нь “Lexus-570” машинаар шагналаа. Өчигдөр Хүй долоон худагт болсон уяачдын баярын үеэр Үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэсэн бөхийн бай шагнал болох 10 сая төгрөгийг Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва гардуулсан юм. Үүний дараа Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс “Lexus-570” машинаар шагнаж, гурван өрөө байраар мялаахаа олны өмнө амласан юм.
Ховд аймгийн баяр наадам долдугаар сарын 06, 07-нд болжээ. Ирэх 25-27-ны өдрүүдэд Галданбошигт хааны мэндэлсний 370 жил, баруун бүсийн даншиг наадам болох тул өнөө жилийн наадмаа төсөв багатай, цомхон зохион байгуулсан гэнэ. Аймгийн төв цэнгэлдэхийн их засварын ажил дуусаагүй байсан тул их бага Буянт голын дундах талбайд наадмаа хийжээ.
Энэ жилийн наадмаар Ховд аймгийн Мөст сумын харьяат, Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн, Мянгад сумын харьяат, Улсын харцага Г.Алтангэрэл нараар манлайлуулсан хүчит 256 бөх бяр хүчээ сорин барилдсанаас Ховд аймгийн Дарви сумын харьяат, аймгийн харцага Бальдиржамцын Тайван түрүүлж аймгийн арслан цол хүртжээ. Харин Зэрэг сумын харьяат, аймгийн харцага Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангасан байна.
Шинэ төрсөн начин цолтонгууд аймгийн удирдлагуудын хамт
Шинэ төрсөн харцага цолтонгууд
Шинэ төрсөн аймгийн заан Б.Бат-Өлзий
Энэ жилийн түрүү бөх, аймгийн арслан Б.Тайван
Мөн Эрдэнэбүрэн сумын харьяат аймгийн начин Ганбаатарын Энхбилэг, Булган сумын харьяат, сумын заан н.Анхжаргал нар аймгийн харцага цол авсан аж.
Аймгийн начин цолыг Алтай сумын харьяат, сумын заан Г.Хишигбат, Эрдэнэбүрэн сумын харьяат, сумын заан Ц.Заяатүшиг, Үенч сумын харьяат, сумын заан н.Уртнасан, Говь-Алтай аймгийн харьяат, сумын заан Х.Алтангэрэл нар тус тус хүртжээ.
Морины уралдаанд их насанд Манхан сумын уяач н.Отгонбаатарын хүрэн түрүүлж, Буянт сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач н.Жамсрангийн бор аман хүзүүджээ. Соёолонгийн уралдаанд Монгол Улсын Алдарт уяач Ж.Түвшин-Амарын саарал соёолон өнгөлж, Мөст сумын уяач Д.Энхболдын сарт аман хүзүүнд давхисан байна.
Харин шүдлэн насны түрүүнд В Л.Эрдэнэбаатарын бор, аман хүзүүнд Дөргөн сумын уяач Л.Эрдэнэбаатарын хүрэн халзан, 3-т Буянт сумын уяач Д.Мягмарцоожийн цавьдар, 4-т Дөргөн сумын уяач Т.Жаргалсайханы хул, айргийн 5-д Манхан сумын уяач н.Өсөхбаярын цолмон цоохор тус тус давхижээ.
Дааганы уралдаанд Жаргалант сумын уяач Н.Батцагааны монгол хээр даага түрүүлж түрүү магнайгаа цоллуулсан бол аман хүзүүнд Дуут сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Цэрэнготовын уясан М.Батнасангийн хүрэн, 3-т Жаргалант сумын уяач Жаргалант луу ХХК-ийн захирал Б.Ганзоригийн од хээр, 4-т Мянгад сумын аймгийн алдарт уяач Ч.Алтанхишигийн хээр, 5-д Дөргөн сумын уяач Д.Төртүвшингийн цавьдар даага орж наадамчин түмнийг баясгасан гэнэ.
Мөн наадмаар жороо морины уралдаан болж, аймгийн алдарт уяач Д.Бээжингийн уясан Д.Далхжавын булган хээр өнгөлжээ. Булган хээрийн араас Жаргалант сумын харьяат аймгийн алдарт уяач Ч.Гантулгын даншиг хул орсон бол айргийн 5-д жороогоороо алдартай Булган нутгийн уяач Б.Энхбат, Б.Баасанжав, Б.Ууганбаяр нарын жороо морьд уралдсан гэнэ.
Баярын өдрүүдээр олон хоног амарч байгаа тул иргэд томоохон голын эрэг дагуу амарч зугаалах нь их байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр Сэлэнгэ, Дархан, Хэнтий гэсэн томоохон гол мөрөн урсдаг аймгуудад иргэдийн дуудлагын дагуу онцгойгийнхон ажиллаж байгаа гэнэ. Эдгээр аймагт нийтдээ найман хүнийг эрэн хайж байгаа юм байна. Тэдний осолдсон эсэх одоогоор тодорхойгүй байгаа аж. Харин нийслэл орчимд байдал ерөнхийдөө тайван байна.
Ц.БАЯР