Month: July 2014
АНУ-ын Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо долдугаар сарын 12-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний Эрх чөлөөний хөдөлгөөний 103 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэжээ.
Алс холын Америк орны баруун эргийн үзэсгэлэнт Сан Франциско хотын Алтан хаалганы цэцэрлэгт хүрээлэнд 17 дахь жилдээ баяр наадмаа ийнхүү тэмдэглэсэн бөгөөд баяр наадмын арга хэмжээг Бэй Аэриагийн монголчуудын холбоо манлайлж, Ерөнхий консулын газар, Хүүхдийн гэр төв болоод бусад байгууллага, хувь хүмүүс хамтран зохион байгуулжээ.
Энэ жилийн манай наадмын түрүүг Цэргийн начин, Дашчойлон хийдийн унзад лам Гомбодорж авсан бол сумын заан, Олон улсын жүдо бөхийн спортын мастер Мөнхбаясгалан үзүүрлэжээ. Мөн шагайн харваанд олон залуус оролцож, хүүхдүүд дааганы уралдаан зохиосон байна. Сонирхуулахад, хүүхдүүдийн унаж уралдсан даагыг Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны наадмын морины комиссын гишүүн н.Бат-Очир урласан гэнэ.
Эх сурвалж: Ширчингийн Баатар, БАМХ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсад зочилж байгаа ОХУ-ын ИТАР-ТАСС агентлагийн сэтгүүлчдэд ярилцлага өгөв. Төрийн тэргүүн ярилцлага өгөх үеэрээ “Орон даяараа монгол түмэн хуран цуглаж, баяр наадмаа тэмдэглэж байна. Наадам бол монголчуудын сайхан баяр юм. Энэхүү наадмын талбай дээрээс би Монголын ард түмний нэрийн өмнөөс, баяр, хөөрөөр бялхаж байгаа хүн бүрийн өмнөөс Оросын ард түмэнд, ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинд халуун сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Айл гэр бүр аз жаргалтай байг. Гудамж талбай болгонд баяр хөөр цалгиж байг” гэлээ.
Эх сурвалж: www.president.mn
Өнгөрсөн ням гарагт орсон хүчтэй борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт усанд автсан тухай 23 удаагийн дуудлага ирж нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги, харьяа дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, гал сөнөөгчид усыг соруулан шуурхай ажиллан аюулгүй байдлыг хангажээ. Усанд автсан дуудлагыг Чингэлтэй дүүрэг 2, Сүхбаатар дүүрэг 5, Баянгол дүүрэг 3, Сонгинохайрхан дүүрэг 3, Баянзүрх дүүрэг 9 удаа ирүүлсэн байна. Тухайлбал Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 11 дүгээр байрны 9 давхарын айлын дээврээс ус ороод байна гэсэн дуудлагыг шөнийн 02:08 цагт өгснөөр дүүргийн ОБХ-ийн Аврах гал унтраах 18 дугаар ангийн 6 албан хаагч хүрэлцэн очиход дээврийг шалгахад ус зайлуулах хоолой бөглөрсөн байсныг хэвийн болгосон байна.
Мөн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 32Г байрны айл амьдардаг суурийн давхар усанд автаад байна гэсэн дуудлагыг шөнийн 02:35 цагт өгснөөр дүүргийн ОБХ-ийн Аврах гал унтраах 18 дугаар ангийн 6 албан хаагч очиж усыг мотопомпоор соруулж, далан хийж усны урсгалыг хаах арга хэмжээ авч ажиллажээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 4 дүгээр гудамжинд айлын гэр усанд автаад байна гэсэн дуудлагыг 03:10 цагт өгснөөр дүүргийн ОБХ-ийн Аврах гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар усыг мотопомпоор соруулж, шуудуу татаж усыг зайлуулсан бол тус дүүргийн 7 дугаар хороо, Далангийн 1 дүгээр гудамжинд байшин усанд автаад байна гэсэн дуудлагыг 03:10 цагт өгснөөр дүүргийн ОБХ-ийн Аврах гал унтраах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 1 автомашинтай цагт гарч усыг мотопомпоор соруулж, шуудуу татаж усыг зайлуулах арга хэмжээ авчээ.
Ус цаг уур орчны хүрээлэнгээс ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно гэсэн урьдчилсан мэдээ ирүүлж байгаа учраас иргэд, олон нийтийг цаг агаарын тухай мэдээллийг тухай бүр хүлээн авч, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлаа сайтар хангаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгахыг анхааруулж байна.
Голын усны төвшин 60-80 см хүрч үерийн аюултай байдалд хүрсэн тул голын эрэгт зорчихгүй байх, орон нутагт баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
ОХУ-ын спортын нийслэл Казань хотноо туялзуур сэлэмний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд 102 улсын 803 тамирчин өрсөлдөж байна. Монгол улсаас эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Батхүү, Э.Дөлгөөн, Ц.Жигжидсүрэн, эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Гэрэлмаа, А.Халиунаа, Б.Цолмон нар хүч үзэх юм.
Монголын багийн ахлагчаар “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, менежерээр О.Эрдэнэбат, дасгалжуулагчаар “Хангарьд” клубын дасгалжуулагч Л.Шинэтулга нар ажиллаж байна.
Худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн байгууллагууд баяр наадмын өдрүүдэд амарч, өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Тодруулбал “Нарантуул-2” худалдааны төв, “Скай” их дэлгүүр, “Хар хорин” худалдааны төв, “Барс” худалдааны төв, “Хүчит шонхор” худалдааны төв, “Да хүрээ ” техникийн зах өнөөдрөөс ажиллах юм. Харин Нарантуул худалдааны төв энэ сарын 23-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн “Дүнжингарав” худалдааны төв 18-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
-Хүүг унах гэж байхад ойр хавьд нь байсан хүмүүс гар утсаараа бичлэг хийж байжээ-
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт энэ сарын 5-ны өдөр цонхноос унах гэж байсан хүүхдийг цагдаагийн хоёр алба хаагч аварсан билээ. Үүргээ амжилттай биелүүлж, хүүхдийн амийг аварсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын алба хаагч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхжаргалтай ярилцлаа.
-Хүүхдийн амь аварсанд баяр хүргэе. Өөрийгөө товч танилцуулаач?
-Баярлалаа. Намайг Энхбаатарын Мөнхжаргал гэдэг. Би цагдаагийн байгууллагад ороод сар гаруй ажиллаж байгаа шинэ алба хаагч.
-Хууль сахиулах их сургуулийн төгсөгчид саяхан тангараг өргөсөн. Тэдний дунд та байжээ?
-Тиймээ. Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст томилогдоод ажиллаж байна.
-Долдугаар сарын 5-ны өдөр цонхоороо унах гэж байгаа хүүхдийг аврахаар дуудлагаар очсон уу?
-Ахлах ахлагч Ө.Батбаатартай хамт Баянзүрх дүүргийн IV, V хороонд машинтай эргүүл хийж байсан юм. Жижүүрийн албанаас 18.30 цагийн орчимд “Ромео Жульетта” хотхонд хүүхэд боомилогдсон байдалтай байна” гэсэн мэдээллийг өгсөн. Мэдээллийн дагуу “Ромео Жульетта” хотхонд яваад очтол хүүхэд цонхноосоо боомилогдсон байдалтай дүүжлэгдсэн байсан.
-Тухайн үед тэр хавьд олон хүн байсан уу?
-Олон хүн байсан. Зарим нь цагдаа, онцгойд дуудлага өгч байсан. Гэхдээ олонхи нь гар утсаараа бичлэг хийгээд зогсч байсан. Тийм үед бичлэг хийгээд зураг дараад зогсч байгааг нь харахад эвгүй юм билээ.
-Та хоёр шууд гэрт нь орсон уу?
-Жижүүрийн албанаас дуудлага өгөхдөө зургадугаар давхрын айлын цонхноос хүүхэд унах гээд байна гэсэн. Дээшээ гарах гэтэл цахилгаан шат ажиллахгүй байсан. Хоёулаа шатаар өгсөж гүйгээд зургадугаар давхрын айлын хаалга эвдэж орсон. Тэр хүүхэд дээд давхрын айлын цонхоор доош унаж зургаа, долдугаар давхрын дунд дүүжлэгдсэн байдалтай байсан юм. Тиймээс Ахлах ахлагч Ө.Батбаатар зургадугаар давхрын айлд үлдээд би хүүхдийн гэрийн хаалгыг эвдэж орсон. Ө.Батбаатар хүүхдийн хөлнөөс өргөж өгөөд би дээд давхраас татах гэтэл гар хүрдэггүй.
-Тэгээд юу болсон бэ?
-Тэгж байтал хөршийнх нь хүмүүс ороод ирсэн. Хөршүүдээр нь хөлнөөсөө бариулж байгаад цонхоор нь доош зүтгэсэн. Бараг өөрөө унах шахаж байж хүүхдийн гараас нь барьж дээш татлаа. Тэр үед Ө.Батбаатар зургадугаар давхарт хүүгийн хөлөөс өргөж байгаад дээшээ гарч ирэхээс аргагүй болсон. Тэгээд хөршүүдийг нь дуудаж хөлийг нь өргүүлээд өөрөө дээшээ гарч ирж надад тусалсан. Дашрамд дурдахад хоёр айлын хаалга эвдэж ороход хөршүүд нь багагүй тусалсан. Бас хүүгийн амийг аврахад тусалсанд баярласнаа илэрхийлмээр байна.
-Болсон явдлыг харсан хүн манай сонинд “Тэр цагдаа нар үнэхээр баатарлаг ажилласан. Нэг цагдаа нь өөрөө унаж ч мэдэхээр байсан” гэж мэдээлсэн. Таны амь насанд ч эрсдэлтэй байжээ.
-Тэгж харагдсан юм байлгүй дээ. Хүмүүс намайг алдсан бол унаж мэдэхээр байсан. Гэхдээ тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч “Надад аюултай” гээд хойш суух эрхгүй. Иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах л үүрэгтэй шүү дээ.
-Амийг нь аварсны дараа хүүхдийн биеийн байдал ямар байсан бэ?
-Цочролд орчихсон байсан. Царай нь цайгаад үг дуугарч ч чадахгүй байсан. Цээжээр нь боосон оосор гулсч хоолой руу орж байсан юм билээ. Хоёр минут л алдсан бол тэр хүү амиа алдаж мэдэхээр байсан. Бид хоёр хүүд анхны тусламж үзүүлээд байж байтал түргэн тусламжийн эмч нар ирсэн. Тэд “Жаахан цаг алдсан бол байдал эвгүйдэх байжээ” гэцгээж байна лээ.
-Тэр хүүхэд яагаад цонхоороо гарсан юм бол. Бас цээжээр нь олс уяатай байсан гэдэг нь сонин байна.
-Унаж, татдаг өвчтэй хүүхэд бололтой юм билээ. Аав, ээж нь гэрээсээ гарахдаа уяж үлдээдэг юм байх. Тэр өдөр бас паарнаасаа уяад гарсан юм билээ. Гэтэл хүү онгорхой цонхоороо гарч, уяандаа тогтож байсан юм байна лээ.
-Хэд орчим насны хүүхэд вэ?
-Арав орчим настай хүүхэд. Бага насны болон өвчтэй хүүхдээ гэртээ ганцааранг нь орхихгүй байхыг эцэг эхчүүдэд сануулмаар байна. Түр орхихоос өөр аргагүй бол цонх, тагтаа сайн цоожилж байгаарай гэж зөвлөе.
-Аав ээж нь хүүхдээ яагаад ганцааранг нь үлдээсэн юм бол. Өөрсдөө юу ярьж байна вэ?
-Аав ээжтэй нь уулзаагүй. Ах нь ирсэн. Ахынх нь ярьж байгаагаар аав, ээж нь Чингэс хаан нисэх онгоцны буудал руу явсан гэсэн. Тэр хүүхэд юм мөргөж унаад байдаг болохоор уядаг гэсэн.
-Тантай хамт ажилласан Ө.Батбаатар цагдаагийн байгууллагад олон жил ажилласан уу?
-Ахлах ахлагч Ө.Батбаатар цагдаагийн ажил-эрх зүйч мэргэжилтэй. Цагдаагийн байгууллагад найман жил ажиллаж байгаа хүн. Олон жил цагдаагийн байгууллагад ажилласан учраас туршлагатай, түшигтэй байдаг юм.
-Сайхан баярлаарай.
-Танай уншигчдад Үндэсний их баяр наадам, тулгар төрийн 2223 жил, Их Монгол улсын 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн мэнд хүргэе.
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
Ц.ӨРНӨХ
Б.САРАНЦЭЦЭГ
Монголын менопауз, андропаузын зохицуулалтын нийгэмлэг (ММАЗН)-ийн нарийн бичгийн дарга Б.Мягмардагватай ярилцлаа.
-Юуны өмнө нийгэмлэгийнхээ үйл ажиллагааг танилцуулахгүй юу?
-Манай нийгэмлэг 2010 онд байгуулагдсан. Нөхөн үржихүйн дараахь насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлгийн даавар буурсантай холбоотойгоор үүсэх эрүүл мэндийн өвчлөл, цэвэршилтийг судалж, эрүүл наслах тэр чиглэлээр эрдэм шинжилгээний ажил, баримт нотолгоо, дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн мэдээлэл, тусламж үйлчилгээ, эмчилгээний шинэ арга аргачлалуудыг Монголд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна. Клиникийн мэргэжлийн эмч нарт зориулсан цэвэршилтийн үеийн тусламж үйлчилгээний талаарх шинэ мэдээ, мэдээлэл хүргэх, эмчилгээний шинэ арга аргачлалуудыг танилцуулж, хамтарч судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажил зэргийг зохион байгуулдаг. Нөгөө талаар олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн мэдээлэл, сургалтын ажлыг зохион байгуулж байна. Яагаад бидний хийж байгаа ажил нийгэмд хэрэгцээтэй тулгамдаад байгаа вэ гэхээр, монгол эмэгтэй хүний дундаж наслалт тогтмол өсч байна. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт өсч байгаа ч бие физиологийн хувьд цэвэршилтийн нас хойшилдоггүй. Нэг ёсондоо эмэгтэйчүүд цэвэршсэнээсээ хойш илүү олон жил амьд байдаг буюу монгол эмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгийг цэвэршилтийн бууралттай буюу цэвэршсэний дараахь үед өнгөрүүлдэг. Гэтэл 40-60 насныхан маань ажил амьдралын арвин туршлагатай, хийж бүтээсэн юмтай, нийгэм, эдийн засгийг хөдөлгөгч гол насныхан байдаг. Энэ хүмүүст тусгайлан зориулсан үйлчилгээ хангалттай биш байна. Тийм учраас энэ дутагдалтай байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж, чанар хүртээмжийг нь сайжруулахаар ажиллаж байгаа юм.
-Саяхан цэвэршилтийн олон улсын хуралд оролцоод ирсэн гэсэн. Дэлхийн чиг хандлага хаашаа явж байна, ямар эмчилгээний шинэ арга барилыг баримталж ажиллаж байна вэ. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Манайх дотооддоо үйл ажиллагаа явуулахаас гадна, олон улсын хэмжээнд идэвхтэй ажилладаг. Нийт 80 гаруй орны цэвэршилтийн нийгэмлэгийг нэгтгэсэн том байгууллага гэж бий. Энэ байгууллагад манайх 2011 онд гишүүнээр элссэн. Олон улсын цэвэршилтийн нийгэмлэг хоёр жилд нэг удаа цэвэршилтийн дэлхийн конгрессыг зохион байгуулдаг. 2012 онд Италийн нийслэл Ром хотод болсон конгрессээс эхлээд олон улсад болсон конгрессуудад оролцоод явж байна. Хамгийн сүүлд 2014 оны тавдугаар сарын 1-4-ний хооронд болсон цэвэршилтийн 14 дүгээр конгресст манай нийгэмлэгээс гурван хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоод ирлээ. Энэ чуулганд 80 гаруй орноос 1700 гаруй эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцож, нөхөн үржихүйн дараахь насны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлага, эмчилгээний аргачлалууд, судалгаа эрдэм шинжилгээний ажлуудыг танилцуулж өргөн хүрээнд хэлэлцсэн. Бидний хамгийн ихээр сонирхол татсан эмчилгээ нь цэвэршилтийн насны даавар орлуулах эмчилгээг дэлхий нийтэд маш өргөн хүрээнд хэрэглэж байгаа явдал байлаа. Монголд хэрэглэгдэж байгаа даавар орлуулах эмчилгээний удирдамж нэлээд хуучирсан, эм, бэлдмэлийн хүрэлцээ, сонголт маш бага байна. Дэлхийн нийтийн даавар орлуулах эмчилгээний шинэчилсэн удирдамж маш чухал ач холбогдолтой зүйл. Энэхүү удирдамжаар цэвэршилтийн хам шинж болон зовиурыг эмчилж, эмэгтэй хүнийг цэвэршилтийн шилжилтийн үед ямар нэгэн шинж тэмдэггүй, зовиургүй, өөртөө тааламжтай байдлаар өнгөрөөх, цэвэршилтийн дараахь амьдралдаа сэтгэл хангалуун байх, өвчин эмгэггүй, сэтгэл тайван насжих нөхцөлийг бүрдүүлсэн тийм бүрэн эмчилгээний удирдамж байна. Манайд тэр удирдамж хараахан батлагдаагүй, дэлхийн хэмжээнд хэрэглэж байгаа эм бэлдмэл орж ирээгүй байгаа. Тиймээс манай нийгэмлэг 2013 онд Олон улсын цэвэршилтийн нийгэмлэгээс баталсан даавар орлуулах эмчилгээний шинэчилсэн удирдамжийг Монголд оруулж ирэхээр боловсруулах ажил дээрээ явж байна. Боловсруулаад хэлэлцэн батлуулахаар ажиллаж байна.
-Дэлхий нийтэд эмчилгээний шинэ чиглэл, эм бэлдмэлүүд нэвтэрсэн байна гэсэн. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Маш нарийн эмчилгээ, оношилгооны шинэ аргууд дэлхий нийтэд нэвтэрчээ. Энэ зүйлүүдийг Монголынхоо эмч нарт бид тайлагнана. Цэвэршилтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухайд өвчин, эмгэг биш учраас нарийн тоног төхөөрөмж багаж шаардахгүй. Харин лабораторийн нарийн оношилгоонууд нэвтэрсэн байна. Цэвэршилтийн эрүүл мэндийн гол эмчилгээ цэвэршилтийн даавар орлуулах эмчилгээ. Даавар орлуулах эмчилгээн дээр маш олон төрлийн шинэ эмүүд бий болжээ. Шинэ эмүүдээс гадна өмнө нь хэрэглэж байсан эмүүдийн тун нь багассан байна. 2010 оноос хойш хэт бага тунгийн даавруудыг хэрэглээд эхэлжээ. Даавар орлуулах эмчилгээг өндөр тунтай хэрэглэснээс болоод хөхний хорт хавдар үүсгэх зэрэг олон эрсдлийг нэмэгдүүлдэг гэдэг. Тэгэхээр нэг хэсэг дэлхий нийтээрээ даавар орлуулах эмчилгээнээс татгалзаад байсан. Тэгвэл сүүлийн үед хэт бага тунтай дааврын бэлдмэл хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд даавар орлуулах эмчилгээ нь аюулгүй даавар орлуулах эмчилгээ рүүгээ шилжсэн байна. Тиймээс Монголдоо шинэ бага тунтай даавар орлуулах эмийг оруулж ирэх нь чухал байна. Одоо Монголд зөвхөн уудаг даавар хэрэглээд байгаа. Дээр нь орж ирж байгаа дааврын эмийн сонголт маш бага байна. Харин дэлхий нийтэд уудаг дааврын эмнээс гадна тарилга, тос наалт, лаа, гель гээд маш олон төрөл байна. Өөрөөр хэлбэл, заавал дааврын эмийг ууж элгэндээ ачаалал өгөхгүйгээр лаа, тос зэргийг хэрэглэж болж байна.
-Монгол эмэгтэйчүүдийн дунджаар хэдэн насандаа цэвэршдэг вэ. Цэвэршилтийн зовиуртай үед ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-2008 онд манай зарим эрдэмтдийн хийсэн судалгаагаар монгол эмэгтэйчүүд дунджаар 49.5 насандаа цэвэршиж байна гэсэн. Энэ нас дэлхийн бусад улс оронд хийсэн судалгаатай ойролцоо байгаа. Цэвэршилтийн нас ойролцоо байгаа боловч, цэвэршилтийн дараахь болон өмнөх үед гарч байгаа дааврын өөрчлөлтүүд их, тэр өөрчлөлтүүдийн үед гарч байгаа хямралууд маш их зовиуртай байгаа юм. Тэгэхээр эмэгтэйчүүд маань зовиуруудыг багасгахад юуны өмнө мэргэжлийн эмчид үзүүлж цусны шинжилгээ хийлгээд хувь хүнд тохирсон хамгийн бага тунгаар дааврын эм бэлдмэл өгөх ёстой. Одоо болохоор манайхан өндөр тунтай дааврыг эмчийн зааваргүй, буруу мэдээллээр хамаа замбараагүй хэрэглээд байгаа. Тэгж буруу хэрэглээд байгаагийн сөрөг үр дагавар маш их. Тиймээс манай нийгэмлэгийн гол зорилгын нэг нь иргэдэд төдийгүй эмч мэргэжилтнүүдэд дааврыг зөв хэрэглэх тэр мэдээлэл өгөх юм.
-Нөхөн үржихүйн дараахь насныханд зориулсан эмчилгээ үйлчилгээ хангалтгүй байдаг гэсэн үг үү?
-Хангалтгүй байдаг. Нөхөн үржихүйн насны хүмүүсийн тусламж үйлчилгээ сайн байгаа болохоос нөхөн үржихүйн дараахь хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээ ерөөсөө орхигдчихсон. Нөгөө талаар эмнэлгүүд ачаалал ихтэй байдгаас болдог байх. Тэгвэл хувь хүн энэ талаар сайн мэдээлэлтэй байж чадвал өөрийнхөө амьдралын хэв маягийг зөв зохицуулаад энэ насандаа өөртөө илүү анхаарал тавьж, дасгал хөдөлгөөн хийж, хоол хүнсэндээ анхаарч, стрессээс хол байж, нийгмийн идэвхтэй байж, өөрөө өөртөө туслах бүрэн боломжтой юм. Харин бие организмд дутагдаад байгаа дааврыг заавал эмчийн заавраар хэрэглэх ёстой. Дэлхий нийтээр баримталж байгаа даавар орлуулах эмчилгээний шинэ удирдамж маань хамгийн гол нь бага тунг хувь хүний онцлогт тохируулж хийнэ гэж заасан байгаа. Надад тохирч байгаа эмчилгээ өөр хүнд тохирохгүй байж болно. Даавар бол тоглоом биш. Гэтэл өнөөдөр манайд дааврын эмийг эмийн санд жоргүйгээр олгодог. Эмэгтэйчүүд найзаасаа юм уу, хамт ажилладаг хүнээсээ асуугаад, “нүүр улайгаад байна, билгийн дур сонирхол буураад байна, нөгөө цэвэршилт гэдэг нь болж байх шиг байна, тэр эм сайн гэсэн” гэх зэргээр ам дамжсан яриагаар даавар аваад хэрэглэчихдэг. Энэ бол маш буруу олон сөрөг дагавартай.
-Сүүлийн үед цэвэршилт залуужиж байна гэж сонссон. Энэ үнэн бол ямар шалтгаантай юм бол?
-Олон шалтгаантай л даа. Дааврыг буруу хэрэглэсэнтэй холбоотой үүсч байгаа сөрөг нөлөө юм. Жирэмснээс хамгаалах эм бэлдмэлүүдийг охидууд маань замбараагүй хэрэглэж байна. Зарим эмнэлгүүд жирэмнээс хамгаалах тариа, арьсан доорх суулгацыг ямарч гаж нөлөөгүй гэж мэдээлж, олон удаагийн дамтамжтайгаар өгч байна. Үүнээс шалтгаалж залуухан охидууд эрт цэвэршиж байгаа. Мөн ямар нэг өвчний улмаас өндгөвч, умай зэрэг нөхөн үржихүйн эрхтнүүддээ мэс засал хийлгэж тайруулж авахуулсны дараа цэвэршилт явагддаг. Хэдэн ч настай байсан ийм мэс ажилбар хийлгэсэн бол үүний дараа шууд цэвэршилт явагддаг. Энэ хүмүүст цэвэршилтийн даавар орлуулах эмчилгээг шууд хэрэглэх хэрэгтэй юм. Энэ эмчилгээ ч гэсэн манайд тааруу байна. Үүнээс гадна амьдралын хэв маяг нөлөөлж байна. Хооллолт дасгал хөдөлгөөн, гадаад орчны нөлөө, стресс зэрэг нөлөөлдөг. Мөн удамшил их нөлөөлдөг. Эмэгтэй хүүхэд ээжийнхээ цэвэршилтийн түүхийг тодорхой хэмжээгээр давтах тохиолдол элбэг байдаг. Тиймээс ээж нь эрт цэвэршсэн бол охин нь мөн эрт цэвэрших ийм тохиолдол элбэг.
Х.ЦЭНД
-ӨГӨӨЖ БАЯН БУГАТ МИНЬ-
Өргөн Сэлэнгэ минь холын замдаа
Ойн дундуур шуугин урсана аа
Өтгөн шаргал тариалан минь
Түүний дэнжээр халиуранхан байна
Манай нутгийн нэрт түүхч, зохиолч, багш Галдангийн Даваацэрэн ахын шүлгээр, XX зууны Монголын дууны хөгжмийн алдарт мастер, сонгодог төлөөлөгчийн нэг, хөгжмийн зохиолч Гончигдамбын Дарамзагдын аялгууг нь зохиосон сайхан дууг сонсох, аялахад энэ хоёр аугаа уран бүтээлчийн сайхан дүр тодорч, Даваацэрэн ахын мандаж, хэлмэгдэж явсныг, Дарамзагд гуайн нийгэмдээ гомдож, гуниж явсаар цэл залуугаараа өргөн Сэлэнгэдээ үйж хорвоогоос буцсаныг санахад нулимс аяндаа асгарч дотор давчиддаг билээ. Улмаар төрж өссөн Сэлэнгийнхээ өтгөн шугуй, мэлмэрэн чимээгүйхэн урсах дөлгөөн Сэлэнгэ, төрүүлж өсгөсөн аав, ээж, ах дүүс, нутгын зон олон минь нүдэнд харагдах шиг болно.
Миний бие төмөр могой жилд Булган аймгийн Цонхлон сумын Хялганат нугад төрсөн билээ. Бага насандаа аавыгаа халтар арвай, хар будаагаа (чангаамал) тарих хавар цагаар Сэлэнгийн хөвөөнд төрсөн газартаа очдог байлаа. Хавар эрт хааяа модны мөчир тас няс хийн хугарахаас өөр анир чимээгүйн дунд ангир, галуу, нугас, алаг ятуу зэрэг жигүүртэн шувууд гангар гунгар дуугаран хэсэг сүргээрээ нисэн буун, зарим нь хагалсан тарианы гуурсан дээр сууж идэш хоолоо эрэн гунганалдаж байдагсан.
Аав минь шар хөллөсөн анжисаар газар хагалж, хамт яваа хүн нь үрээ цацаж явсан нь өчигдөрхөн мэт. Хаврын тариалалт дуусч, бид зусланд буусан гэртээ харина. Зун нь аав тариагаа эргэнэ. Намар айлууд ургац сайн бол будаагаа хурааж авах үеэр хоньдуулах гэгч найр хийнэ. Энэ нь нутгийн хүмүүс цуглаад бие биенийхээ будааг ээлжлэн хурааж байгаа хэрэг. Тухайн айл нь хонь гаргаад түрүүлсэн хүнд ууцыг, удаах хүнд өвчүүг, хамгийн сүүлийнхэд нь богтос өгнө.
УДАМ ДАМЖСАН УРГИЙН АЛТАН ХЭЛХЭЭ МИНЬ
Миний аав Жигжидийн Санжаа 1908 оны тахиа жил Хужирын адагт Санж гэдэг айлын гурав дахь хүү болон мэндэлсэн юм гэнэ лээ. Миний аавын ах өндөр Гунгаажав гэдэг том янхигар биетэй, ан гөрөө их хийдэг, арван гурван хүүхэдтэй, эхнэр Баярын хамт мал маллан үр хүүхдээ энх тунх өсгөсөн нэгэн сайхан буурал байж билээ. Тэдний хүүхдээс Нацагдорж ах сумын эвлэлийн үүрийн дарга, Гүндсамбуу ах сүү тосны заводод ажилладаг, сумын начин цолтой бөх Балдандорж ах нэгдлийн Дундатын саалийн фермд малчин, эхнэр Дугарсүрэн нь сайн саальчин байсан. Хэдэн жилийн өмнө хорвоогоос буцаж билээ.
Миний аав Зад-Барт хавиар нутагладаг Жигжид гэдэг айлд өргөгдөж өссөн юм гэнэ лээ. Үүнээс хойш залуу бага насаа Сэлэнгэ, Зад- Бартын голыг өгсөж уруудан Хайлааст, Өлзийбүрэн, Хялганат, Арцат нуга хавиар малаа маллан, хар будаа, халтар арвай тарин гурил будаагаа хийж амьдарч ирсэн юм.
Миний ах Ёндонжамц нь Бартын голд төрж, долдугаар анги төгсөөд нэгдлийн тоо бүртгэгч хийж байгаад Архустайн трактор комбайны курст суралцан, Зэлтэрийн сангийн аж ахуйн тракторын жолооч, автомеханик, бригадын дарга, Улаанбаатар хотноо мянган машины засварын заводод жолооч зэрэг ажил хийж яваад тэтгэвэрт гарч, 71 насандаа өөд болсон. Түүний хүү Ганбаатар, Ганболд нар нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн билээ.
Миний эмээ Тамжав гэдэг өндөр сайхан биетэй, ач зээ нартаа их хайртай хүн байв. Биднийг буруу хэрэг хийвэл ааваас их нуудаг, өөрөө арга хэмжээ авдагсан. Сайндаа үглэнэ, учрыг нь тайлбарлана. Болохгүй хэрэг хийвэл Санжаад хэлнэ шүү гэж бид хоёрыг айлгадаг, ухаантай сайхан эмээ байж билээ. Ахыг арван настай, намайг дөрвөн настай байхад ээж Лхамсүрэн минь нас барж эмээгийнхээ гар дээр өссөн билээ. Эмээ маань их ажилсаг, ямаа хонио хариулна, цагаан идээ сайхан хийнэ. Хааяа “Замагтай нуур”, “Арван тавны сар” зэрэг дууг амандаа аялна, үлгэр домог ярина, хүнээс үлгэр сонсох их дуртайсан. Манай нутагт айл айлаар явж, хоносон айлдаа үлгэр ярьдаг хүн байсан билээ. Тэр хүн шөнө дунд мичид марал голлотол үлгэр ярина. Эмээ маань төвөгшөөхгүй өвлийн шөнийн хүйтэнд өрхөө татаад гал түлж сүүтэй цай чанаад будаатай ааруул, өрөмтэй өгдөгсөн. Үлгэр хэзээ дууссаныг мэдэхгүй, нэг мэдэхэд өглөө болж эмээ минь хонь ямаагаа бэлчээж байдагсан. Одоо эмээгийн минь ачинцар, зээнцэр нь нутаг усандаа сайхан амьдарцгаадаг юм. Миний эмээгийн Бямбаа охин арван гурван хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Д.Доржсүрэн ах Цонхлон суманд бага сургууль төгсөөд багшилж байв. Мөн Төв аймагт болон Улаанбаатар хотын 33-р сургуульд багшилж байсан.
Миний ээж Лхамсүрэн Хужирын голд нутагладаг Наваанчүлтэм маарамбын охин юм. Тэднийх Самбуу, Гомбо, Цэнд, Лхамсүрэн гэдэг дөрвөн хүүхэдтэй айл байжээ. Миний нагац ах Самбуу аймгийн артельд мужаан, цехийн болон бригадын дарга зэрэг ажлыг насаараа хийсэн хүн байлаа. Нагац эгч Цэнд, хүргэн ах мууран Санжаа нь нэлээд малтай Бороодой, Хүрэн шандаар нутагладаг, нэгдлийн сайн малчин байлаа. Түүний хүү миний үеэл ах шар хочит Д.Сэмжид сампинд гарамгай нэгдлийн нягтлан бодогч гэж магтагдана. Эхнэр Ш.Цэрэннадмид нь уруул дээрээ мэнгэтэй, царайлаг өндөр бор хүүхэн нэгдлийн анхны агротехникч байгаад цэл залуугаараа хорвоог орхиж билээ.
Миний нагац ах Самбуу 1970-аад онд намайг дагуулан одоогийн Ханд вангийн өргөө байсан хоёр давхар байшингийн дэргэд очоод:
-Чиний өвөө Наваанчүлтэм маарамба Ханд вангийн оточ байсан гээд санаа алдаж байж билээ. Бодвол миний дүү эмч болсон чинь тун сайн хэрэг, бидний өвлөж аваагүй мэргэжлийг эзэмшлээ гэж бодсон юм болуу.
НУТГИЙН САЙХАН ХӨГШЧҮҮЛ МИНЬ
1950-1958 оны хооронд Цонхлон сум тарж Бугат сумын “Партизан” нэгдэл үүсэж суманд минь бүтээн байгуулалт хэрхэн өрнөснийг мэдэх гэрчийн нэг нь билээ би.
Ээж минь 1945 онд нас барж аав, эмээ Тамжав, ах Ёндонжамц бид үлдээд Бугат сум “Партизан” нэгдлийн төвийн шавыг тавих тэр үед аав маань нэгдлийн анхны агуулахын сахиул байсан юм.
Сумын төвөөс доош Бугатын хөл, Хужирын голын дагуу тариа тарьж байсан тарианы гуурсны сул шороо явган байтугай морьтой явахад хэцүү байдагсан. Намар болоход ойр хавийн айлууд намаржаа, өвөлжөөндөө дөхөн бууж ах маань сургуульдаа явж, эмээ, аав бид гурваас өөр хэн ч үлддэггүй байсан цаг өчигдөр мэт. Өвөл болоход хаашаа ч харсан ээрэм цагаан цасан дунд ганц гэрээрээ байх шиг уйтгар гуниг байхгүйсэн. Хааяа арслан нэртэй ганц нохой минь хуцахад гараад харвал ганц нэг үнэг, хярс, чоно шогшиж явдагсан.
1951 оны хавар Цонхлон сумыг нүүлгэх ажил өрнөсөн билээ. Боломжийн мал хөрөнгөтэй айлуудаас уналга, ачлага гаргуулан ачлага, уналга муутай айлуудаас хүн хүч гаргуулан, ёстой л хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж байж хуучин сумын хүн, мал эмнэлэг, дэлгүүр зэрэг боломжийн барилгыг буулган ачиж ирж барьж билээ.
Өндөр Ёндон даргатай, мужаан бригадын бүх хүмүүстэй миний бага нас амин холбоотой билээ. Өндөр Ёндон, сул Санжаа, шаахнаа Санжаа (миний аав), хазгар Самдан, гахай Цэдэндамба, Жадамба гэх зэрэг арваад хүн Бугатын хоёр давхар контор, сургууль, эмнэлэг, дэлгүүр, клуб барьцгаасан хойч үеийнхэндээ дурсагдах гавьяатай хүмүүс билээ. Тэд л гаднаа шаттай хоёр давхар сургуулийн конторыг барьсан юм. Өндөр барилга үзээгүй бидэнд их л сонин, сүртэй, дээд давхарт нь хичээллэхийг их мөрөөднө. Аймагтаа л анхны давхар байшин гэдэг байсан санагдана.
Бугат сумын анхны хүн эмнэлгийн эмч бол тухайн үедээ сувилагч байсан Жагзмаа гэдэг намхан цагаан хүүхэн. Гэртээ тариа хийнэ, хүнээ үзнэ, дуудлагандаа явна, эмээ өгнө, бүх юмыг ганцаараа гүйцэтгэдэг байв. Үүний дараа Гэлэгжамц гэдэг бага эмч ирсэн. Энэ хүн тухайн үедээ бүхий л ажлаа ганцаараа хийнэ. Мэдлэг мэргэжилдээ сайн хүн байсан гэж боддог юм. Хожим оюутан болоод халдвартын больницод дадлага хийж байхад тэрбээр өндөр настай болсон, больницын хашаа цэвэрлэж явж байхад нь таарч билээ. Гэлэгжамц эмч маань насны эцэст больницын хашаанд жижигхэн амбаар барин сууж, тэндээ нас барсан гэдэг. Үр хүүхэд, хань ижилгүй байсан юм болов уу даа, больницын хамт олон оршуулсан юм гэнэ лээ.
АЛСЫН ЗАМД МОРДУУЛСАН СУРГУУЛЬ МИНЬ
1951 онд Бугат сумын бага сургуулийн сурагч болж үеийн олон нөхөдтэйгээ тохой зэрэгцэн эрдмийн мөр хөөх анхны зам минь нээгдсэн юм. Сургуулийн байшин баригдаж дуусаагүй тул бид гэрт хичээллэж эхлэв.
Манайх Ё.Дондог, Д.Мөнхөө, О.Давааням, Ц.Амгалан, С.Долгор, С.Нямбуу, Ч.Нямаажав, Ц.Буд, С.Хишигт, Д.Ичинхорлоо зэрэг арваад хүүхэдтэй анхны анги байж билээ.
Манай ангийн багш намуухан дуутай, дөлгөөн сайхан зантай, цагаан царайтай, өндөр нуруутай хөгжилтэй Дашдаваа гэдэг хүн байж билээ. Хожим намайг Анагаах Ухааны Дээд сургуульд оюутан болоод очиход багш маань сургуулийн оюутны байрны жижүүр хийж байсан юм. Анх нийслэлд ирээд хүн танихгүй болоод тэр үү багшийгаа хараад ээж, аавтайгаа уулзсан юм шиг их л элгэмсэг дотно яриа өрнүүлж нутаг усныхаа тухай хуучилж байж билээ.
Хоёрдугаар ангид Санжмятав гэдэг цагаан царайтай залуухан багш хичээл заадаг байв. Тэр багш маань тив дэлхийн хол, ойрын сонин сайхныг, хиймэл дагуулын тухай гэх мэт маш өргөн мэдлэгийг бидэнд өгдөг байлаа. Цэсрэн гэж арай ахимаг насны олон таван үггүй, дуугай томоотой багш сургуулийн захирал хийж байлаа. Мягмаржав, Аюурзана гээд олон сайхан багш нар эрдэм сурах замыг минь зааж өгсөн билээ. Дашзэвэг гэдэг өндөр туранхай залуухан багш маань баян хуур хөгжим тоглоно. Түүний аянд бүх хүн бүжиглэнэ. Багш минь бидэнд урлаг соёлыг түгээсэн анхны ачтан билээ.
Тэр үеийн сумын бага сургуулийг төгссөн Ё.Дондог Дархан хотын шугам сүлжээнд цахилгааны инженер, дарга зэрэг ажлыг хийгээд тэтгэвэрт гарч одоо энх тунх сайхан амьдарч байна. Д.Мөнхөө зоотехникч болж Намын дээд сургууль дүүргэж Булган аймагт том дарга явлаа. Миний авга эгчийн охин Ч.Жавзансүрэн арьс өнгө, гоо сайхны нэртэй, тэргүүлэх зэргийн эмч болж одоо хотод амьдардаг юм.
О.Давааням, Н.Шаандар нар маань жолооч, Ц.Буд залуучуудын байгууллагын дарга, Д.Цэндсүрэн, Ж.Сүхээ, Паламжав нар маань эдийн засагч, Д.Хишигсүрэн Анагаах Ухааны Дээд Сургуульд олон жил ажилласан, Д.Ичинхорлоо, Бор холбооны мэргэжилтэн, Ц.Амгалан оёдолчин, Хөдөлмөрийн баатар болсон, С.Долгор, С.Нямбуу, Ч.Нямаажав, М.Амгалан, Яндаг, Г.Нармандах нар маань нутагтаа малаа малласаар сайхан амьдарцгааж байна.
Тэр үедээ нусаа татсан, ноорхой дээлтэй, маажгий гуталтай тэр олон бор охид хөвгүүд маань сайн эцэг эх, нутгийн сайхан буурлууд, сургуулийнхаа буянаар багш, эмч, инженер, малчин, эдийн засагч, саальчин, хөдөлмөрийн баатар болцгоож үүрээ орхисон шувууд шиг нутаг усаа орхин тал тал тийшээ одоцгоосон билээ. Бид цагийн эрх, насны аясаар настын буурал өтгөс болцгоожээ.
Би 1958 онд Булганы төвд долоо дугаар анги төгсөн, Хүн эмнэлгийн техникумыг дүүргээд Сэлэнгэ аймагт эх баригч, улсын арьс өнгөний диспансерт бага эмчээр ажиллаж байв. Дараа нь АУДээд сургуульд элсэн хүний их эмч болоод Худалдаа Бэлтгэлийн Яаманд мэргэжилтэн, Бактерилогийн төв лабораторид шинжээч эмч насаараа хийж байгаад насны тэтгэвэртээ гарсан билээ. Би дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний том хүү Э.Гантүвшин Сэтгэл мэдрэлийн больницод сэтгэцийн эмчээр ажиллаж байсан, “Байгалийн гайхамшиг” (Москвад хэвлэгдсэн), “Үргэлжийн залуу Адам”, “Үргэлжийн залуу Эва”, “Сувилагчийн сурах” (Москвад хэвлэгдсэн) зэрэг олон ном орчуулсан авьяаслаг хүү байв. Удаах хүү Э.Сүхбаатар хүүхдийн эмч, одоо Эрүүл мэндийн яаманд мэргэжилтэн, охин Э.Дэлгэрмаа эмч “Ач” Анагаахын Дээд Сургуульд багш, отгон охин Э.Мөнгөнсар Монгол Улсын Их Сургуулийн Худалдаа, Үйлдвэрлэлийн Дээд Сургууль төгссөн багш, эдийн засагч мэргэжилтэй, эдүгээ гадаадын компанид ажиллаж байна. Өнчин үлдсэн би өнөр өтгөн болж, хүү, охин, ач, зээ, ачинцар, зээнцэр дөчөөд болж дээ.
Би БНМАУ-ын худалдаа, нийтийн хоолны ариун цэврийн дүрмийг анх санаачлан батлуулж, хэрэгжүүлсэн бөгөөд “Худалдаа, нийтийн хоолны ажилчдын хөдөлмөрийн эрүүл ахуй” (1982 он), “Цэвэрлэгчийн гарын авлага” (1983 он), “Эмнэл зүйн бичил амь судлал” (1988 он) ном бичиж, судалгаа шинжилгээний олон тооны өгүүлэл нийтлүүлж нийтийн хүртээл болгосон билээ.
Санжаагийн Хишигт
Улаанбаатар хот
Арван жил ажиглагчийн статустай байсан Монгол Улс нь Еврази болон Зүүн Азийн улсуудаас бүрдсэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) бүрэн эрхт гишүүн болж магадгүй гэж БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И мэдэгджээ.
“ШХАБ-ыг хөгжүүлэх асар их боломж бидэнд байна. Энэ байгууллага нь одоогоор таван ажиглагч, яриа хэлцээний гурван түнштэй” гэж тус байгууллагын 13 жилийг тохиолдуулан Бээжин хотноо хийсэн хүлээн авалтын үеэр Ван И хэлсэн юм.
“Энэ ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас бид зурвас хүлээн авсан. Үүний агуулгыг бид хараахан нарийвчлан нягтлаагүй байгаа ч сайны дохио гэж үзэж байна. 10 жил хэдийн өнгөрсөн байна. Монгол Улсад ШХАБ-ын бүрэн эрхт гишүүний статусыг олгоход бэлтгэх цаг болжээ” гэж тэрбээр нэмж хэллээ.
ОХУ, Хятад, Казахстан, Киргизстан, Тажикистан болон Узбекистан нь 2001 онд байгуулагдсан, Бээжинд төвтэй ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн юм. Аюулгүй байдлын энэ байгууллага нь гишүүн улсууд дундаа терроризм, хэт давруу үзэлтнүүд газар авахтай тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэж, улс төр болон худалдаа зэрэг бусад салбарт хамтран ажилладаг билээ.
Афганистан, Энэтхэг, Иран, Монгол болон Пакистан улс ажиглагчийн статустай бол, Беларусь, Шри-Ланк болон Турк улс нь тус байгууллагын яриа хэлцээний түнш юм.