Categories
мэдээ нийгэм

ЭМ-ийн сайд НҮБ-ын өндөр түвшний уулзалтад оролцов

Нью-Йорк хотноо энэ сарын 10-11-ний өдрүүдэд болсон Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах асуудлаарх Улс төрийн тунхаглалын хэрэгжилтийг хянан хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцлоо.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Халдварт бус өвчинтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, байр сууриа илэрхийлж үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас 2011 онд баталсан Халдварт бус өвчинтэй тэмцэх, хяналт тавих тухай Улс төрийн Тунхаглал, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Үйл ажиллагааны 2013-2021 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангахад Монгол Улсын Засгийн газар тэргүүлэх ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэв. Тухайлбал, Ерөнхий сайдаар ахлуулсан  Үндэсний хороог байгуулж, бодлогын баримт бичиг батлуулах, салбар хоорондын үйл ажиллагааг эрчимжүүлэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх зэргээр бодит арга хэмжээ авч, тодорхой үр дүнд хүрч буйг танилцуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2009 онд санаачилсан  “Архигүй Монгол” хөдөлгөөн, Тамхины хэрэглээнд хяналт тавих хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулсан зэргийг танилцуулж, халдварт бус өвчнөөс урдьчилан сэргийлэх чиглэлд тодорхой ахиц гарч буйг дурдав.

Архины зохистой хэрэглээний тухай Олон улсын хүрээ конвенци байгуулж хэрэгжүүлэх тухай манай улсын санаачлалыг урагшлуулах чиглэлээр үндэсний болон олон улсын түвшинд өрнүүлж буй яриа хэлэлцээгээ тууштай үргэлжлүүлэхээ илэрхийлж, нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа сайд Н.Удвал хэлсэн үгэндээ мөн онцлов.

Түүнчлэн Нью-Йорк хотноо ажиллаж буй сайд Н.Удвал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 7 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан Сайд нарын түвшний хэлэлцүүлэгт Ази, Номхон далайн орнуудын бүсийг төлөөлөн үндсэн илтгэгчээр мөн оролцож, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиглэлээр Монгол Улсаас төдийгүй бүс нутгийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал доктор М.Чантай уулзаж санал солилцсон болно.

Categories
гадаад мэдээ

Москвад гашуудал зарлалаа

Москва хотын метронд гарсан осолтой холбогдуулан өнөөдөр тус хотод гашуудал зарлажээ. Өчигдөр өглөөний “оргил цаг” буюу 08.35 цагийн үеэр “Славянский бульвар”, “Парк Победы” станцуудын хооронд хурдтай явж байсан метроны гурван галт тэрэг замаас гарсны улмаас 22 зорчигч амь эрсдэн, 140 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн зорчигчдоос 63 нь маш хүнд байдалтай, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж. Ослын улмаас эвдэрч гэмтсэн галт тэргүүдийг задалж, метроны хонгилоос гаргах их ажил өрнөж байна гэж “Итар тасс” мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

Үер гүүр даваад ороод ирлээ, энэ олон автомашин холдож амжих болов уу /Бичлэг/

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний сайд түрүү бөхөд хүндэтгэл үзүүллээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, ДЦС-3 ТӨХК-ийн болон “Увс нуур” дэвжээний бөх Улсын арслан Намсрайжавын Батсуурьт өнөөдөр Эрчим хчүний сайд М.Сономпил хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг, мөнгөн аяга өргөн барилаа.

Энэ үеэр түүний гаргасан амжилтыг үнэлж, Эрчим хчүний яамны Хүндэт жуух бичгээр шагнасныг гардуулж, баяр хүргэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Алтаргана наадмын түүх, үр нөлөө” хурал болж байна

Олон улсын “Алтаргана-2014” наадмыг угтаж “Буриадын Алтаргана наадам, түүний түүх, үр нөлөө” сэдэв олон улсын эрдэм шинжилгээний хурал Гадаад харилцааны яамны хурлын Зөвшилцөл танхимд болж байна. Энэхүү хуралд ОХУ, БНХАУ болон манай орны  нийт 100 орчим эрдэмтэн судлаач оролцон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлж байгаа юм.

Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилго бүхий “Алтаргана” наадам энэ сарын 18-21-нд болно. 1994 оноос хойш хоёр жилд нэг удаа зохиогдож ирсэн “Алтаргана” наадам 20 дахь жилдээ болно. Нэгдүгээр шат тухайн улс орон, муж тойрог, аймгуудад тавдугаар сарын 30-ны дотор болох бөгөөд хоёрдугаар шатны төвлөрсөн арга хэмжээ нь Хэнтий аймгийн Дадал суманд болох юм.

Categories
мэдээ нийгэм

Дархан аварга А.Сүхбат жагсав

Categories
мэдээ нийгэм

68-80 сая жилийн настай үлэг гүрвэлийн 18 олдворыг хүлээлгэн өгчээ

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн 18 олдворыг АНУ-ын Засгийн газраас манай Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслол энэ сарын 10-ны өдөр АНУ-ын Хууль зүйн яамны Нью Йорк хот дахь салбарын байранд болсон байна. Олдворыг хүлээн авахтай холбогдсон АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг хүлээлгэн өгөх тухай Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын Гэрээнд 2014 оны 6 дугаар сард Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл гарын үсэг зуржээ.  

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Нью Йорк хотын Өмнөд дүүргийн Прокурор Прийт Бхарара болон албаны бусад хүн оролцсон байна. Элчин сайд О.Оч хэлсэн үгэндээ, Монголоос гаралтай нэн эртний олдворуудыг олж буцаахад тусалж буй Америкийн хууль сахиулах албаныханд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, манай хоёр орны энэхүү  хамтын ажиллагаа нь зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд чухал туршлага болж байгааг онцлон тэмдэглэжээ.

Прокурор П.Бхарара “Бид үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь буцаах түүхэн үйл явдалд оролцож байгаадаа баяртай байна” гэсэн бол Тусгай төлөөлөгч Ж.Хейз “Өнөөдрийн бидний буцаан өгч байгаа олдворууд хэн нэгний хувийн цуглуулгад байгаагүй зүйл. Эдгээр нь монголын ард түмний өмч бөгөөд өнгөрсөн жилийн бидний буцаасан Батаарын хамт үндэсний байгалийн түүхийн музейн үзмэрт тавигдах юм” гэжээ.

Олдворуудын дотор бүтэн шахуу Батаарын араг яс, Овирапторын чулуужсан өндөг, 5 үлэг гүрвэлийн хамтдаа чулуужсан яс зэрэг зүйл байгаа аж. Эдгээр нь 68-80 сая жилийн настай бөгөөд Монголын говиос олдсон гэдгийг судлаачид тогтоожээ. Судлаач Марк Норелл ийм төрлийн олдворууд нь нэн ховор бөгөөд шинжлэх ухааны чухал судлагдахуун болохыг тэмдэглэжээ.

АНУ-ын Засгийн газар 2007 оноос хойш л гэхэд уран зураг, гар бичмэл, олдвор зэрэг 7000 гаруй соёлын үнэт зүйлс, эртний эдлэлийг Австри, Герман, Камбож, Ирак Итали, Монгол, Перу Польш, Хятад, Франц зэрэг 30 шахам оронд буцаагаад байгаа аж. Ёслолын үеэр Элчин сайд О.Оч АНУ-ын Цагаачлал, гаалийн хууль сахиулах албаны зарим төлөөлөгчид ССАЖЯ-ны хүндэт өргөмжлөлийг гардуулжээ.

Ёслолын ажиллагаанд мөн Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Гансүх, Консул З.Эрдэнэбаяр, ССАЖЯ-ны Палеонтологи, археологийн музейг шинэчлэх төслийн зөвлөх Др. М.Болорцэцэг, АНУ-ын Цагаачлал, Гаалийн хууль сахиулах албаны дотоод аюулгүй байдлын тусгай төлөөлөгч Жеймс Хэйз, мөн Албаны Олон улсын ажиллагааны газрын тусгай төлөөлөгч Люси Эскамилла, Эртний эдлэл, урлаг, соёлын өвийн асуудал хариуцсан төлөөлөгч Дебора Хардос, АНУ-ын Байгалийн түүхийн музейн палеонтологийн тасгийн дарга Марк Норелл, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Хаягдал шилээр хийсэн гэрэлтдэг сандал Чингисийн талбайг гоёно

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын хог хаягдлыг боловсруулах холбоо хамтран хотын тохижилтыг сайжруулахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Чингисийн талбайд хаягдал шилээр хийсэн,  харанхуйд гэрэлтдэг 20 сандлыг байршууллаа. Эдгээр сандлын эргэн тойронд цэцэг тарьсан бөгөөд иргэд амран суух тухтай орчныг бүрдүүлсэн юм. Цаашид шилний хог хаягдлаар өвөрмөц загвар бүхий тохижилтын ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна. Шилэн сандлуудын дээр бүтээлийн нэр, хийц загварын талаарх мэдээллийг байршуулах юм.

Categories
гадаад мэдээ

Москвагийн метроны ослоор амиа алдагсдын тоо 20-д хүрчээ

Москвагийн Арбатско-Покровская чиглэлийн гүн цэнхэр өнгөтэй метро замаасаа хазайж осолджээ. Ослоор амь үрэгдэгсдийн тоо 20-д хүрээд байна. Гэмтэж бэртсэн 160 хүний 120 нь эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа ажээ. Ослын шалтгааныг цахилгааны хэлбэлзлээс болсон гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа аж. Зорчигчдын ярьснаар метроны хурд огцом саарч гэрэл унтарсны дараа галч гарч эхэлсэн бөгөөд хаалга түгжигдсэн гэжээ. Оросын төмөр замын түүхэнд 80 жил гараагүй ноцтой осол боллоо гэж Итар-Тасс агентлаг мэдээлэв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Сарангэрэлийг өнөөдөр шүүнэ

Хар тамхи хэрэглэж, хадгалсан, борлуулсан гэх хэрэгт шүүгдэгчээр татагдсан Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох шүүх хурал энэ сарын 07-нд болсон билээ. Тухайн үед шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүгчдээс татгалзсаны улмаас шүүх хурлыг хойшлуулж, шүүгдэгчдийг цагдан хорьсон. Тэгвэл тэднийг шүүх хурал өнөөдөр 13.00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох гэж байна. Шүүгдэгчдийн хоёр нь насанд хүрээгүй учраас шүүх хурлыг хаалттай үргэлжүүлэх юм.

Өнөөдрийн хуралдаанд өмгөөлөгч нар мөн шүүгч Б.Мөнх-Эрдэнээс татгалзах хүсэлт тавина гэж эх сурвалж мэдээллээ.