Хүний зүрх сэтгэлд төрсөн нутаг ус, төрөлх сум орон нь юу юунаас илүү эрхэмлэгдэн оршдог. Энэ талаар хэн ч маргахгүй биз ээ.
Бид хотоос 900-аад км засмал, шороон зам туулан байж шөнө дүлээр төрсөн сумандаа хүрч аяны дөрөө мулталлаа.
Эрт дээр цагаас Сайн ноён хан аймгийн Пүрэвжав жонон бэйлийн хошуу гэж хангай, тал хээр, говь хосолсон үзэсгэлэнт сайхан нутагт эрдэнэт хүмүүн амьдарч, буянт мал сүрэг өсөж үржсэн заяа тавилант газар нутагт Хүрээмарал сум минь оршдог юмаа. Хөх сүмбэр Мандал хайрхныхаа өвөр бэлд гал голомтоо бадраасан сум маань оноосон Хүрээмандал нэртэйгээр байгуулагдсан ч тэр үед төвдөө тамга сийлэх үедээ босоо монгол бичиг юугаа маруухан мэддэг, юманд хааш яаш ханддаг хэн нэгний балгаар мандал гэдгийн “Д” үсгийг “Р” хэмээн тааж, “Н” үсгийг гээгдүүлэн орхиж тамга тэмдэг бүтээснээр Хүрээмарал гэсэн олдмол алдар нэр хүртсэн түүхтэй билээ.
Нэгэн түүх сөхвөл манай сум тэртээ 1923 оны усан гахай жилийн хавар Цэцэрлэг-Мандал уулын аймгийн Богдмарал уулын хошууны “Цоохор” сум нэртэй байжээ. Цоохор хэмээсний учир Пүрэвжав жонон бэйлийн хошууны өмнөд хэсэг, Жамъяндорж вангийн хошууны Осор тайж, Нацаг тойны хамжлага албатууд зэрэг хоёр хошууны ард нэгдэн нийлснээс ийнхүү нэрлэх болжээ.
1924 оны модон хулгана жил засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар Гурван шар сум гэж нэрлэгдэн даргаараа нутгийн ард Бат-Очирын Нармандал гэдэг хүнийг сонгосон байна.
Ийм учраас өнөө жил сум байгуулагдсаныхаа түүхт ойг тэмдэглэхээр шийджээ.
Хүрээмаралчуудын удам угсааг сайн тунгаавал Чингэс хааны хатан Бөртэ-үжингийн дөрөвдүгээр хүү Тулуйн долоо дахь үеийн Батмөнх (1464-1543) Даян хааны хатнаас төрсөн Гэрсэнз Жалайр хунтайж түүний гутгаар хүү Онох үйзэн ноёны ууган хөвгүүн Автай сайн хааны албат ардуудын үр хойчис юм. Энэ суманд Боржигон, Чинос, Хошууд, Мангуд, Өөлд, Харчин, Харчууд, Хиргэс, Тайчууд, Олхонууд, Долоод, Мянгад, Сартуул,Гурван шарынхан, Бэсүд гээд халх Монголын олон овгийн үр удам амьдарч байна. Хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсч учир замбараагүй болж буй өнөө үед өөр ч үндэстэн ястан бүхний үр удам байгааг үгүйсгэх аргагүй билээ.
Тус сумын Алтангэрэлийн хүрээ хэмээн олноо алдаршсан “Цорж”-ийн хүрээ нь 1925 оны харагчин үхэр жилийн намрын дунд сард зургаан гэртэйгээр Дэлгэрмөрөнгийн Хөх толгой гэдэг газар анх байгуулагджээ. Энэ хүрээг 1926 оны хөх гал бар жилийн хавар Дашзэвэг тавнан үхэр тэргээр нүүлгэн “Цорж” хэмээх буяны үйлс дэлгэрэх, бурхан номын авшиг арвидах өлзий дэмбэрэлтэй өргөн дэлгэр энэ нутагт залж, зуны эхэн сарын шинийн гуравны цогийн наран гийж, өлзий учрал бүрдсэн өгөөмөр сайн өдөр хааны багш Юндэндорж чойр дөвлөсөн тухай түүхийн сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Цоржийн хүрээ хийдийн тэргүүн хамба Юндэндорж нь Сайн ноён хан Намнансүрэнгийн багш нь байсан учир сүсэгтэн ард олон нэрийг нь хэлдэггүй зөвхөн хааны багш гэж нэрлэдэг байжээ. Түүний шавь нар Чойрын номонд нэвтэрхий байсан гэдэг. Тиймээс ч Богдын хүрээний чойрын том лам нар, Төвдийн лхарамбууд ирж, дагсал хаяхад хааны багшийн шавь нарыг чойрын номоор дийлдэггүй байжээ. Хааны багшийн шавь нараас Нацагийн Дагийсүрэн лам төв ганданд сууж, түүний орчуулгын зарим ном судар англи хэл дээр хүртэл хэвлэгдэж байсан юм. 1930-аад онд олон зуун сүм хийдийг устгахад Цоржийн хүрээ мөн л өртсөн ч сүүлийн үед сүсэгтэн олон сэргээн буян үйлдэж, Цоржийн хүрээнд чойр байгуулахад босгосон чулуун суврагыг сэргээсэн явдалд ард олон талархалтай ханджээ. Сүүлийн үед шашнаа сэргээж, шавь нараа сургаж, ном судар цуглуулан баяжуулж, хийдээ сэргээх талаар ихээхэн санаачилга гаргаж, анхаарал тавьж биечлэн зүтгэсэн хамба Лхамжавсүрэн гуайн гавьяа зүтгэл ч их байсныг дурсахгүй өнгөрч болохгүй ээ.
Хүрээмарал сум нутаг дэвсгэрийн хувьд Хангайн нурууны өмнөд хэсэг их уулсын урдах уул толгод, тал хөндий хосолсон хангай говийн завсрын бүсэд оршдог. Нутгийн өмнө хилээс хойд цэг хүртэл 70 км, зүүнээс баруун хил хүртлээ 104 км, хилийн тойрог уртаараа 1000 шахам км юм. Хойд талаараа Баянбулаг сумтай 45 км, Гурванбулаг сумтай 85 км, зүүн талаараа Заг сумтай 118 км, урд талаараа Бууцагаан сумтай 48 км, баруун талаараа Говь-Алтай аймгийн Дэлгэр сумтай 85 км нутгаар хиллэдэг. Сумын төв Дэлгэрмөрөн нь далайн түвшингээс 2000 метрийн өндөр өргөгдсөн дэлхийн бөмбөрцгийн зүүн уртрагийн 98015I, хойд өргөргийн 46021I-ийн солбилцолд оршдог.
Тус сум 1963 онд Цоржийн хүрээ хийд байсан газраас нүүж Дэлгэрмөрөн хэмээх энэ газар суурьшсан түүхтэй. Нутгийн хамгийн өндөр уул нь Мандал хайрхан бөгөөд далайн түвшингөөс 2200 м өргөгдсөн байна.
Хүрээмарал саруул нутаг байгалийн сонин тогтоцтой үзэсгэлэнт газар болох Мандал, Богд хайрхан, Чандмань, Сувараа, Норовлин, Овоо, Өл, Хүнхэл, Бүрэг, Гурван шар, Бараан хад, Хангай улаан уул нурууд, Домбон цохио, Ловон цохио, Дөрвөлжингийн багана хад, Сэрвэн, Мааньт, Майхан, Хэвтээ босоогийн үелсэн хадан хясаа, Наадам толгой зэрэг үзэсгэлэнт газар, Агийн хөндий, Хооног, Чандманийн хоолой, Шилүүстэй, Босоогийн уудам тал цайдмууд үнэхээр хөлгийн шандас сорьсон нутаг билээ. Уртын гол, Ац, Ховолын голууд, Бүрдийн нуур, Дал, Хөлийн нуур, Холбоо, Бор-Овоо, Мандалт, Уст хонхорын нуурууд, Майхан хадны рашаан, Сүүжийн рашаан, Рашаант мухар, Тарвагатайн булаг, Цоржийн булаг гээд эх усны ундарга элбэгтэй. Хэнзийн хөтөл, Холбоогийн дөрөлж, Ангалаг, Хөх энгэрийн даваа, Дөрөө хангинадаг, Ачаа давдаг гээд нутаг олны алтан шар замын хөтөч хөтөл, даваа гүвээ олон бий.
Манай сумын хэмжээнд Хүрэл зэвсгийн үеийн зүйлсээс авахуулаад хиргэсүүр, бунхан булш, хөшөө дурсгал, хадны сүг зураг, бичээс, байгаль түүхийн дурсгалууд арвин. Уул, нурууд, ус бэлчээр хосолсон энэ өргөн уудам нутагт дэлхийд ховор аргаль, янгир, ирвэс, шилүүс, хойлог, шонхор, тас гээд жигүүртэн шувуу, ан амьтан, төрөл бүрийн ургамал, цэцэгс, эмийн ургамал, алтан харгана, ортууз бут сөөгөөс авахуулаад цөм бий. Солир буусан нутаг учраас нарны туяаны өндөр эрчмийн дор алмаз эрдэнэс үүссэн, түүнийг дагаад олон төрлийн нэн ховор элемент ашигт малтмалын орд энд бий гэдэг. Эрдэс баялаг, барилгын материал , хүрмэн чулуу, ашигт малтмал алт, зэс, төмрийн хүдэр, алмаз эрдэнэ хүртэл асар их ашигт малтмалын арвин их нөөцтэйг цухасхан дурдаад өнгөрөхөөс өөр арга боломжгүй байна.
Хүрээмарал сумын өвөг дээдэс, ард түмэн, тэдний үр удмын дотроос Монгол Улсын хөдөлмөрийн баатар, алдар цолтон, гавьяат үйлстэн, эрдэмтэн мэргэд олноор төрж гарсан даа.
Намын төв хорооны тэргүүлэгч гишүүн, Ухуулан боловсруулах хэлтсийн дарга Гомбын Гэндэн нам, төр засгийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхэд өөрийн зохион байгуулах авьяас чадвар, сэтгэл зүрхээрээ тухайн цаг үедээ тодорч “Суртлын Гэндэн”, Хүрээмаралын Гэндэн хэмээн алдаршсаныг ард олон андахгүй мэдэх билээ. Анхны дарга нарын нэг Ойдовын Донёд нь Автономитын үеийн хошууны бичээчээс Цэцэрлэг Мандал уулын аймгийн Улаанбаатар хот дахь жасын төлөөлөгч, сумын дарга, 1932 оны эсэргүүг дарах Амгай захирагчтай хувьсгалт цэргийнхэн тус суманд хувьсгалт түр хороо байгуулахад түүний бүрэлдэхүүнд орж, хүмүүсийг хоморголон баривчлах, хилсээр хороох явдлыг таслан зогсоохын төлөө ухаалгаар ажиллаж, энх цагийн амар тайван амьдралыг төвхнүүлэхэд өөрийн нэр хүнд, зохион байгуулах ур чадвар, ухаалаг бодлогоороо идэвхтэй оролцож тэмцэж явсан жинхэнэ хувьсгалт тэмцлийн зүтгэлтэн байсан юм.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бэгзийн Батчулуун намын уриа, эвлэлийн илгээлтээр Төв аймгийн Угтаалцайдамд очиж атрын сангийн аж ахуй байгуулан 16 жил удирдан, аж ахуй зохион байгуулалтын хувьд бэхжүүлж, хөдөлмөрийн гарамгай амжилт гарган баатар болсон билээ. Атрын хоёр дахь гараанд Төв аймгийн Цээл суманд очиж “Залуучууд” сангийн аж ахуйг байгуулж нэр алдраа дуурсгаж явсныг уншигч та бүхэн мэдэх бизээ.
Монгол Улсын шигшээ багийн гавъяат тамирчин Шагдарын Чанрав тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож самбо бөхийн дэлхийн аваргын алт, мөнгөн медаль хүртэж, Монгол улсаас бөхийн төрлөөр хамгийн анхны дэлхийн аварга болж байлаа. Түүний зэрэгцээ улсын баяр наадам, цагаан сарын үндэсний бөхийн барилдааныг 25 жил тасралтгүй тайлбарлаж үзэгч олноо баярлуулж байсныг хэн бүхэн наадам дөхөж буй энэхэн үед бүр ч тодхон санаж байгаа.
Жамбалын Жамъян 1939-1945 оны дайнд оролцон гавьяа байгуулж, байлдааны гавьяаны улаан тугийн одон, ЗХУ-ын улаан таван хошуу одонт хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний нэг ээ. Баруун хязгаарыг зэвсэгт халдлагаас хамгаалан төвхнүүлэх үйлсэд гар бие оролцож, Хатанбаатар Магсаржав жанжны морин хөтөч, төрийн тугийн дуучнаар арван хэдхэн насандаа явж байсан ахмад дайчин партизан Ундрахын Бямба, 1939 оны халх голын байлдаанд оролцож одон тэмдгээр шагнагдаж олондоо “Одонт” хэмээн алдаршсан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, алдарт уяач Балдангийн Бэгзжав, БНМАУ-ын начин, улсын аварга малын их эмч Жанцангийн Бэгз, 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдож, Монгол Улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан Б.Баярсайхан, Г.Бүдий, Г.Жадамбаа, М.Гантөмөр, Т.Ширмэн, НҮБ-д Монгол улсаа төлөөлөн сууж байсан нэрт дипломатч Цогтийн Нархүү, хүний гавьяат эмч С.Нацагдорж, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Цэдэв, гавьяат эдийн засагч С.Тарва, доктор Б.Базаррагчаа, А.Намхай, Т.Намхайжанцан, Б.Сангидорж, Ж.Заанхүү, Я.Дашжамц, Ц.Батдорж, С.Цэрэнсоном, Ж.Алтангэрэл, БНМАУ-ын сайн малчин цолыг сумаасаа анх удаа авсан нь Ц.Баасан байсан бол дараа нь Улсын аварга, сайн малчин Б.Доржсүрэн, Д.Хаянхярваа, Б.Бэх, С.Маахүү, Т.Намхай, Д.Бямбасүрэн нарын олон алдартан төрж гарсан байна. Ямар ч уран бүтээлч, зохиолч, зураач, яруу найрагч хэний ч сэтгэл зүрхэнд эх нутаг, эх орон, нутгийн зон олон нь байнга л бичигдэж, зурагдаж, дурсагдаж байдаг буй за.
МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Лхагвын Дагийрааз