Энэ жил зуу гаруй сумын ой тохиож байгаа. Өнөөдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 90 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж байгаа билээ. Наадмын үндэсний бөхийн барилдаанд сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж барилдаж байна. Наадмын өмнөхөн “Хужиртын наадамдаа зодоглодог юм бил үү, хорхой хүрчлээ” гэсэн тайлбартайгаар зодог, шуудаг өмссөн зургаа олон нийтийн сүлжээнд тавьж байсан билээ.
Month: July 2014
Нийгмийн даатгалын сангаас иргэдийн ажилласан жилийг нөхөж тооцох ажил үргэлжилж байгаа юм. Тэгвэл энэ ажлын хүрээнд 1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжтой болсныг УИХ-ын эмэгтэй гишүүд онцлон хэллээ. Одоогоор 38-42 насандаа тэтгэвэрт гарсан 30 гаруй мянган эх байгаа бөгөөд тэд доод тэтгэвэрийг авч байга аж. Тиймээс энэ асуудлыг ХАНХЯ-нд хүсэлт гаргаж, шүүхэд нэхэмжлэл гарган шийдүүлж одоогоор 30 гаруй мянган эхчүүд ажилласан жилээ нөхөх боломжтой болжээ.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын удирдлагууд өнөөдөр иргэдэд цахимаар захиалга авч өмчлүүлэх 52 байршлын талаар мэдээлэл өглөө. Иргэдээс онлайнаар захиалга авч дараах газруудыг олгох ажил ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэх юм байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хожуулын аманд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Соёондын аманд 4189 иргэнд, Хан-Уул дүүргийн 12, 13-р хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойд 869 иргэнд, Багануур дүүргийн 4-р хороо, Тариан булагийн 1-р хэсэгт 7504 иргэнд, Багахангай дүүргийн 2-р хороо, Бор-Үзүүрт 1483 иргэнд тус тус газар өмчлүүлэх ажээ.
Монголбанкны валютын нөөц буурчээ
Монголбанк дахь гадаад валютын улсын албан нөөц он гарсаар эхний таван сарын байдлаар 28.6 хувиар буурсан байна.
Нийт албан нөөц 1604.5 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Монголбанк гадаад валютын улсын албан нөөцийг өмнө нь гурван сарын хоцрогдолтойгоор нийтэд мэдээлдэг байсан бол долоодугаар сарын 1-нээс эхлэн нэг сарын хоцрогдолтойгоор нийтэд мэдээлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын мэдээлэл долоодугаар сарын сүүлчээр гарч байхаар болж байна. Гадаад валютын нөөц буурч байгаа нь валютын ханш чангарах нэг шалтгаан болж буй билээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө голын гүүр орчимд 18-20 насны таван иргэн усанд осолдсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Өчигдрийн байдлаар усанд осолдсон таван иргэний хоёрынх нь цогцсыг олжээ. Онцгой байдлын 100 гаруй албан хаагч урсгал усанд эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна. Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсаар байгаа ч иргэд голд осолдож амь насаа алдсаар байна. Дархан-Уул аймгийн ОБГ долдугаар сарын 15-ны өдөр Орхон голын хавцлын хуучин бирвааз орчим эрэгтэй хүний цогцос урсаж байна гэсэн дуудлагаар очиж цогцосыг гаргаж холбогдох газруудад хүргүүлжээ.
Долдугаар сарын 16-нд Дархан сумын гуравдугаар баг “Монгол катлон Түшиг-Уул” ХХК-ий карьерт хүн алга болсон гэсэн дуудлагын дагуу ажиллаж өчигдөр уг цогцсыг Онцгой байдлын Ерөнхий газрын аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран олжээ.
“De facto” нэвтрүүлгийн зочноор оролцсон УИХ-ын дарга З.Энхболд оролцсон юм. Түүний ярилцлагыг тоймлон хүргэж байна.
–УИХ бол манай нийгмийн багасгасан хувилбар. Гудамжинд хэрэлдэж суухаар наанаа тусгай дэгийн дагуу саналаа гаргаад, биднийг төлөөлөөд бидний асуудлыг шийд гээд явуулдаг.
–“Давхар дээл”-ийн асуудлыг буруу гэж үзээд, Ерөнхийлөгч хууль санаачлаад, хууль яг гардаг дээрээ батлагдаагүй. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёр хоорондоо холилдчихоод байгаа учраас болохгүй байгаа юм. Үндсэн хуульд заасны дагуу ойлгомжтой болгох ёстой.
–Ашигт малтмалын хувьд бид алдаж л явна. Манайд ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа байж болох хамгийн либерал дэглэмээр явж ирлээ. Гэтэл сонгогчид шүүмжилсэн. Тэгэхэд нь сандраад 2008-2010 онд гэнэт бүх хөрөнгө оруулалтаа хаачихсан. Шинээр лиценз олгохоо байж, үндсэндээ уул уурхайн салбарыг зогсоочихсон. Эдийн засаг хямраад болохоо байгаад ирэнгүүт, “Энэ чинь болохгүй юм байна, үүнийгээ нээе ээ” гээд хуучин шиг бүх юм нээлттэй биш, зөвшөөрөгдсөн газар хайгуул хийдэг байх ийм Ашигт малтмалын хууль баталлаа л даа. Үүгээрээ хөрөнгө оруулалтыг татъя, хөрөнгө оруулалт орж ирэхэд валютын ханш буурна гэж тооцож байгаа. Эдийн засгаа сэргээе гэдэг утгаар. Ер нь бол бүгд нээлттэй байсан нэг хязгаараас бүгдийг хаасан нэг хязгаар болсон байсан. Одоо дунджийг нь олж явах гээд байна. Монголын ард түмэн уул уурхайгаа явуулъя аа, гэхдээ хэмжээ хязгаартай, зааж өгсөн газарт үйл ажиллагаа явуулдаг байя гэж байгаа. Энэ дагуу дуртай газраа очоод ухаад байдгаа больё гэдэг ийм шийдэл гаргалаа. Энэ утгаар Ашигт малтмалын хуульд орсон өөрчлөлтийг түүхэн гэж хэлж болно. Уул уурхайгаа яаж ашиглах арга замаа одооноос л олж авч байна. Алдан онон байж.
–Гадаадын хөрөнгө оруулалтыг хааж үзсэн. 2012 оны сонгуулийн өмнө тавдугаар сард. Түүнийг буруу юм гэдгийг 2013 оны сүүлээр ойлгоод буцааж нээж өгсөн.
–“Урт нэртэй хууль”-ийг аваад үзье. Асуудал нэлээд олон жилийн турш хуримтлагдсан болохоор тийм хууль гаргахаас аргагүй байдалд орсон. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд ч гэсэн. Монголчууд өөрийнхөө газар нутаг дээр ингэж амьдраад байхдаа яадаг юм.
–Төрийн өмчийн хороо 1996 оны наймдугаар сарын 1-нд байгуулагдаж, анхны даргаар нь очсон. Цаанадаж 10 жил ажиллаад, хэрэгтэй хэрэггүй өмчөөсөө салаад, төрд хувийн өмч давамгайлаад, баяртай гээд татан буугдах байгууллага гэж тооцож байсан. Өнөөдөр 2014 он, энэ байгууллага байсаар байгаа. Удах тусмаа эдийн засагт саад учруулж эхэлж байгаа. Төрийн оролцох ёстой юм, оролцох ёсгүй юм гэж байна. Энэ мөнхийн сэдэв л дээ.
–“Оюутолгой”-д зээл авч орсноосоо болоод, ороогүй байсан нь дээр юм гэдэг үзэл бодол руу өнөөдөр шилжиж байна.
–Нүүрс бол дэлхийн бүх улсад байна, тэгэхээр энэ нь стратегийн биш юм байна гэж үзэх болж байна. Стратегийн ойлголтыг орд гэдгээр нь биш, бүтээгдэхүүн гэдэг ойлголтоор шинэчилье гэдэг концепц Их хурал дээр яригдаж байгаа. Ер нь алт, газрын ховор элемент гэх мэтийн батлан хамгаалахын чиглэлтэй онцгой бараанууд байна.
–Төрд татвараас цугласан мөнгөөр ямар нэгэн бизнес хийх нь буруу юм байна гэдэг шийдэлд сая “Цагаан суварга”-ыг шийдсэн байдлаас харахад УИХ-ын гишүүдийн олонх нь хүрч байгаа нь өөрөө их том дэвшил болж байгаа юм.
–Бидний зан араншин хэтэрхий туйлшрал руу яваад байна.
–Хөгжлийн банкаа татан буулга, “Чингис”, “Самурай” бондоо төсөвтэйгөө нийлүүлэх шийдвэрийг 76 гишүүнээ хуралдуулахад олонх нь сая л гаргалаа шүү дээ. Хөгжлийн банкны одоо өгсөн зээлийн байдлыг харах юм бол зээлээ төлөх чадваргүй. Чадваргүй учраас хэн төлөх вэ, УИХ-аас өөр төлөх газар байхгүй.
–Улсын төсвийг компаниудаас авсан татвараар бүрдүүлж байгаа юм. Эцсийн эцэст энэ зээлийг төлөх газар нь УИХ учраас УИХ жагсаалтыг батална гэдэг хуультай. Гэтэл УИХ-аар батлуулалгүй хоёр жил явчихсан хариуцлагагүй Засгийн газар байгааг би шүүмжилсэн. Одоо энэ зээлийнхээ учрыг олох ажил хүлээгдэж байна.
–Ханшийг интервенц хийх мөнгөтэй бол багасгаж болдог. Ханш яагаад өсөөд байдаг юм, Монголбанкны ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд яагаад буулгаж болдоггүй юм, ханшийн өсөлт гай болж байна гэсэн яриа, ойлголт яваад байдаг. Энэ талаар тайлбарлах гэж Эрдэнэтэд байдаг “Бэрэн” компанийн дөрвөн бүтээгдэхүүн авчирсан. Эхнийх нь хүн болгоны мэддэг арматур. Хоёр дахь нь Архангайн Төвшрүүлэхэд газар дороос гаргадаг, тонныг нь 40 доллараар зардаг төмрийн хүдэр. Үүний 50 хувьд нь ч юм уу төмөр байна, үлдсэн нь чулуу. Бутлаад одоо бариад байгаа зууханд нь хийхэд ийм ширэм (гурав дахь бүтээгдэхүүн нь) болж байгаа юм, 400 долларын. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэглэдэг ган бөмбөлөг 900 долларын үнэтэй. Жилдээ нэлээд олон арван сая доллараар худалдаж авдаг эд. Өнөөх 6670 доллараар зардаг зэс дотор энэ тодорхой хувь эзэлж байгаа. Гэтэл энэ бөмбөлөг доторхийг хэд ч байдаг юм, тухайлбал 600 долларын орцыг бид биш, оросууд хийж байна шүү дээ.
–Валютын ханш хэзээ буурч, хүмүүсийн хүсч буй түвшинд хүрэх вэ гэхээр Архангайн Төвшрүүлэхийн төмрийн хүдэр явсаар байгаад ган бөмбөлөг болсон үед. Тэр цагт ханш тогтворжино. Уул уурхайн экспортод Монголынхоо оролцоог нэмэх юм бол ханш гэдэг юм баригдана.
–Цариг өргөн нарийн байх нь гуравдугаар асуудал Монгол Улсад үйлдвэрлэсэн 10 сая тонн ширэм дэлхийн зах зээлийн үнээр зарагдах нь царигаас илүү хэрэгтэй. НҮБ-ын далайд гарцгүй орнуудын хэлэлцээрт “Далайд гарцгүй улс далай руу явахад замд нь байгаа улсууд өөрийнхөө компанитай адилхан тарифаар нэвтрүүлэх үүрэгтэй”. Бид тийм эрхтэй, тэр эрхээ гэрээгээр зохицох ёстой юм. Тэгэхээр бид хоёр улстайгаа тэдний нутгаар дамжин далайн эрэгт хүрдэг гэрээнүүдээ байгуулж авах нь чухал. Тэгэхгүй бол бид бус нутгийн худалдаагаар хятадад өгөөд дэлхийн үнийг авч чадахгүй байгаа юм. Манай бүтээгдэхүүн далайд хүрч байж л дэлхийн зах зээлийн үнээ барьж авна.
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн нутагт зургаан айлын долоон адуу нэг малчны нэг ухна боом өвчнөөр үхсэн билээ. Одоогоор тухайн газар нутагт ариутгал хийж хорогдсон малын сэг зэмийг булж устгах ажил хийжээ. Мөн уг голомтын бүс нутагт байгаа гурван өрхийн бүх малд үзлэг хийж Ц.Дамба, Д.Лхаасүрэн нарыг суурийн 52 адуунд боомын ийлдэс тарьжээ.
Аймгийн Мал эмнэлэгт нөөцөд байсан 1.4 литр буюу 2800 бог мал эсвэл 1400 бод мал вакцинжуулах вакцин мөн 600 мал эмчлэн сэргийлэх ийлдсийг багийн малын эмч нар өгөн өнөөдрөөс вакцинжуулалтын ажил эхэлж байна. Уг бүсэд 14 хоногийн хорио тогтоож, аймгийн холбогдох газруудаас ажлын хэсэг гаран ажиллаж байгаа аж.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 17-нд болж хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр 40 мянгатын 40, 42, 44 дүгээр байрны дээврийн хөндийд гарсан гал түймрийн талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Н.Уламбаяр мэдээлэл өглөө. Гал гарсан тухай анхны дуудлага Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 08 минутанд ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 15:09 цагт гарчээ. Тус ангиас гал гарсан барилга хүртэл 6,5 км зайтай юм байна. Тухайн барилгад гарсан галын шаталтын хурд, салхины чиг, гал түймрийн тархалтын байдал зэргээс шалтгаалан авралтын ажиллагааг нэн даруй явуулах үүднээс нэмэлт хүч дуудан ажиллаж, нэмэгдэл хүч хэрэгслийг Баянгол дүүргийн 17 дугаар хороо, МК интернешнл ХХК-ийн барилгын дээвэрт гарсан галыг унтрааж, задаргааны үйл ажиллагаа явуулж байсан Аврах гал унтраах 14, 26, 34 дугаар ангиуд, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 11, 29, 30, 65 дугаар Аврах гал унтраах ангиудын хүч хэрэгслийг гарган төвлөрүүлжээ.
Барилгын зүүн, баруун талд гал унтраах 3 хэсэг байгуулан гал унтраах шийдвэрлэх чиглэлийг барилгын зүүнээс баруун тийш чиглэлд тогтоож, талбайн эргэн тойрны хэмжээгээр унтраах арга хэмжээг авч ажилласны үр дүнд 1 цаг 36 минутын дараа буюу 16 цаг 44 минутанд гал түймрийн тархалтыг зогсоож, 19 цаг 40 минутанд галыг бүрэн унтраажээ. Гал байрны дээврийн хөндийн төв хэсгээс салхины чиглэлийн дагуу гал барилгын зүүн тийшээ дээврийн хөндийгээр нэлэнхүйдээ тархсан, дээврийн хөндий битүү хорт хий утаагаар дүүрсэн, дээвэрт байрлах агааржуулалтын цонхнуудаар утаа их хэмжээгээр гарсан байдалтай байсан байна. Гал барилгын дээврийн хөндийд гарсан тул оршин суугч айлууд руу ус орохоос сэргийлж аль болох усны зарцуулалт бага цацруулагч хушуугаар ус өгч унтраах тактикийг сонгосон ажиллажээ. Тухайн орон сууцны гадна талд шуурхай албаны автомашин орох гарах гарцуудыг хаасан, тээврийн хэрэгсэл зорчих зам нарийн, гал унтраах том оврын автомашин орох эргэх зэрэг боломж хязгаарлагдмал байсан нь галыг унтраахад ихээхэн хүндрэл учирсан гэж хэллээ. Гал түймрийн улмаас тус байрнуудын дээврийн гол хэсгийн шувуу нурууны төмөр, модон хийц бүтээц цөмөрч унасан, гал унтраха үед аюулгүй ажилалгааг хангахын тулд цахилгааныг тасалсан байна. 7 сарын 15-нд зүүн бүсийн цахилгаан түгээх төвөөс бригад гарч 44 дүгээр байрны цахилгааныг хэвийн ажиллагаатай болгосон бол барилгын дээврийн сэргээн босголтын ажлыг зохион байгуулах, барилгын дээврийг борооноос түр хамгаалах арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж ажиллажээ.
Гал гарсан үед 40, 42, 44 дүгээр байруудын гадна зогсоолд болон зам дээх байрласан 21 автомашиныг холдуулж гал унтраах автомашин зорчих зам гарцыг чөлөөлөх арга хэмжээг иргэд болон цагдаагийн байгууллагын албан хаагчидтай хамтран зохион байгуулсан байна. Нийслэлийн Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Энхтайваны өргөн чөлөө Цэцэг төвийн замын гэрлэн дохионы уулзвараас Номин их дэлгүүрийн замын гэрлэн дохионы уулзвар хүртлэх автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, нийслэлийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн гал гарч буй орон сууцны барилгын гадна талыг хамгаалалтад авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ.
Гал гарсан даруйд нийслэлийн удирдлагууд галын нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар удаа дараа хэлэлцэж, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажилласан гэдгийг хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга хэллээ. Мөн хүний амь нас эрсдэх, эд хөрөнгийн хохирол учрах зэрэг ноцтой нөхцөл байдал үүсгэхгүйгээр галыг бүрэн унтрааж чадсанд галын голомтод ажилласан албан хаагчдад талархаж байна гэлээ. Мэргэжлийн байгууллагууд аюулгүй байдлыг ханган ажиллаж байхад мэдэмхийрч, буруу ташаа мэдээлэл өгсөн, хангалтгүй ажилласан зэргээр олон нийтийг төөрөгдүүлсэн иргэд ч цөөнгүй байсан. Мэргэжлийн байгууллагууд батлагдсан дүрэм, журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхад зарим иргэд ийм хариуцлагагүй үйлдлийг хийж байгаа нь үнэхээр харамсалтай гэж онцоллоо.
Одоогоор галын урьдчилсан дүгнэлт гараагүй байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын мэдээлж байгаагаар тус барилга нь шинэчлэн засах шаардлагатай барилгуудын жагсаалтад оржээ. Тус орон сууцууд нь 1959 онд ашиглалтад орсон 118 өрхтэй, нийт 418 хүн оршин суудаг. Барилгын 1 дүгээр давхарт 28 аж ахуй нэгж байгууллага, иргэд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас гал гарсан 40, 42, 44 дүгээр байрны цахилгааны угсралт, мөн галын шатлагад өртсөн дээврийн хийц бүтээцүүдийг цаашид ашиглаж болох эсэхэд мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулж, гал гарсан барилгын дээврийг засах хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэхээр боллоо. Мөн орон сууцны хороолол дунд гал унтраах машин орох гарах гарцыг хааж дур мэдэн хашаа, хайс барих асуудлыг цэгцлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болгов. Нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Захирагчийн ажлын алба, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК зэрэг мэргэжлийн байгууллагуудаар 1950, 1960-аад оны үед баригдсан шувуун оройтой дээвэр бүхий барилгуудын аюулгүй байдлын талаар Засаг даргын баталсан удирдамжаар үзлэг шалгалтын ажил зохион байгуулж, эдгээр барилгуудад мөрдөх аюулгүй ажиллагааны стандарыг боловсруулахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ЦЕГ-ын удирдлагууд Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэж, Монгол Улсын Гарьд цол хүртсэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жолооч Ш.Жаргалсайханд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсны 93-н жилийн ойн баярын өдөр Монгол Улсын Гарьд Ш.Жаргалсайханд цагдаагийн ахмад цол олгожээ. Мөн түүнийг Хэв журмын офицероор томиллоо.
Шинэчлэлийн Засгийн газар энэ сарын 28-нд ээлжит хуралдаанаа Хөвсгөл аймагт хийхээр болсон байна. Тус аймагт хуралдахаар болсон гол зорилго нь Хөвсгөлийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлын явцтай танилцах явдал аж. Тодруулбал, Засгийн газрын гишүүд Булганы Хутаг-өндөр сумын Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлд 88, Тариалангаас Мөрөн хүртэлх 165,3 км авто замын ажлыг хэсэгчлэн гүйцэтгэж байгаатай танилцах юм байна. Уньтаас Тариалан хүртэлх замыг ирэх аравдугаар сард хүлээлгэн өгөх бол Мөрөн-Тариалан чиглэлийн замыг энэ сард багтаан хүлээлгэн өгөх аж.