Categories
гадаад мэдээ

МН17 онгоцны ослоор ДЭМБ-ын ажилтнууд амиа алджээ

Малайзын агаарын тээврийн компанийн МН17 онгоцны ослоор Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Гленн Тхомас зэрэг дэлхийн эрүүл мэндийн салбарын олон мэргэжилтэн нас барлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Женев дэх төвөөс өчигдөр мэдэгдсэн байна. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ талаар ямар ч байр суур илэрхийлээгүй гэж Дэлхийн эрүүл мэднийн байгууллагын эмэгтэй хэвлэлийн төлөөлөгч фадела Чайб хэлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наймдугаар сарын 1-нээс иргэдэд газар өмчлүүлнэ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн дагуу нийслэлийн 52 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр болсон билээ. Шинээр газар өмчлүүлэх  ажлын бэлтгэл ажил дууссан байна.  Энэ талаар өчигдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Өмч газрын харилцааны албанаас мэдээлэл хийлээ.  Иргэдэд үнэгүй өмчлүүлэх 52 байршлаас эхний ээлжинд таван байршлыг сонгон ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн цахим хэлбэрээр өмчлүүлэхээр болсноо зарлалаа.  

Тодруулбал, эхний таван байршил бүхий  1524 га газарт нийтдээ 14954 иргэнд газар өмчлүүлэхээр болжээ. Газрын тухай хуульд иргэн бүр 0.07 га хүртэл газрыг үнэгүй өмчлөх эрхтэй  гэж заасан байдаг ч хүртээмжийг бодолцоод  энэ удаад 0.05 га газар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Эхний ээлжинд өмчлүүлэх таван байршил нь Баянзүрх дүүргийн XX хорооны Хожуулын аманд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны Соёондын аманд 4189 иргэнд, Хан-Уул дүүргийн XII, XIII хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойд 869 иргэнд, Багануур дүүргийн IV хорооны Тариан булагийн I хэсэгт 7504 иргэнд,

Багахангай дүүргийн II хороонд Бор-Үзүүр гэдэг газар 1483 иргэнд тус тус газар өмчлүүлэх гэнэ.Нийслэлийн өмч газрын харилцааны албаны мэдээлснээр иргэдэд газар өмчлүүлэх өргөдлийг  цахимаар хүлээж авах “Газар өмчлөлийн цахим систем” буюу программ хангамжийг боловсруулах ажлыг дуусгасан байна. Цахим хаягийн нэр болон хэрхэн өргөдөл авахыг наймдугаар сарын 1-нээс өмнө зарлах аж. 

Тус системд иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн газрын байршлууд, тэдгээрийн албан ёсны нэр, хаяг, талбайн хэмжээ, төвөөс алслагдах зай, хил заагийг харуулсан тойм зураг, байршил тус бүрийн батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний загвар төсөл буюу хаягийн зураг, өмчлөгдөх боломжтой нэгж талбарын тоо, газар өмчлөхөөр хүсэлт гаргасан нийт иргэдийн тоо, тухайн байршилд газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийн нэрс зэрэг шаардлагатай бүхий л мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод байрлуулсан байх аж. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хэдийгээр газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр хүний оролцоогүйгээр явуулах боловч давхцал гарах магадлалтай байна. Жишээгээр тайлбарлахад Сонгинохайрхан дүүргийн Соёоны аманд 4100 хүнд газар өмчлүүлнэ. Гэтэл тэр байршилд арван мянган хүн өргөдөл өгвөл тодорхой байршлын газруудад давхцаж өргөдөл өгсөн гэсэн үг. Ийм асуудал гарвал давхцсан хүмүүсийг ч сугалаа сугалуулна. Үүнээс өөр аргагүй юм. Зарим хүмүүс хамгийн түрүүнд өргөдөл өгсөн хүмүүст газар өгье гэж байна. Тэгэхээр бөөн маргаан гарах магадлалтай. Тиймээс хамгийн шударга арга нь сугалуулах юм” гэж тайлбарлалаа. Нэмж мэдээлэхэд газар өмчилж авах иргэд нийслэлд 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлийн бүртгэлтэй болсон байх ёстой гэнэ. Энэ ажлыг хянан шалгах ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн цахим системээр газар өмчлөхөөр сонгогдсон буюу газар өмчлөх эрх нь нээгдсэн иргэн тухайн газрын харъяа дүүргийн Засаг даргад ажлын 10 хоногт багтаан өргөдөл гаргах бөгөөд тухайн дүүргийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь өргөдлийг хүлээн авч, газар өмчлөхөөр сонгогдсон иргэнд өөрийн өмчлөх нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт суулгах, тэмдэгжүүлэх тухай мэдэгдлийг өгөх ёстой. 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРИХ ГАЗРЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЭЗЭМШҮҮЛНЭ

Тус хурлын үеэр Нийслэлийн өмч, газрын харилцааны албанаас өгсөн бас нэг мэдээлэл нь нийслэлд барилга байгууламж барих газрыг зөвхөн дуудлага худалдаагаар олгохоор болсныг дуулгалаа. Энэ талаар мэдээлэхдээ “Газрын тухай хуульд юу гэж заадаг вэ гэхээр, гэр бүлийн хамтын хэрэгцээнээс бусад зориулалтын газрыг дуудлага худалдаагаар  эзэмшүүлнэ  гэж заасан байдаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хуулийн энэ заалт зөрчигдөж ирсэн. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн тодорхой эзэмших эрхтэй газруудыг хүчингүй болгож, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгохдоо зөвхөн дуудлага худалдаагаар олгож эхлээд байгаа юм. Эхний ээлжинд ирэх есдүгээр сард 20 байршил бүхий газрыг дуудлага худалдаагаар өгөх ажлыг зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаагаар  эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын талаар 2014 оны  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан. Сая хуралдсан НИТХ-аар эхний ээлжинд арав гаруй автозогсоолын газрыг дуудлага худалдаагаар өгөхөөр шийдвэрээ оруулсан. Өнгөрсөн хугацаанд гарсан бас нэг асуудал төрийн байгууллагатай хамтраад газар эзэмших эрх авдаг байсан. Үүнийг өнгөрсөн 2013 оны Нийслэлийн Засаг даргын 915 тоот захирамжаар дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр болсон. Дуудлага худалдааныхаа анхны үнийг төлөөд газрынхаа эрхийг баталгаажуулж ав гэдэг шаардлагыг тавьж байна. Энэ арга хэмжээг жилийн хугацаанд авахад энэ хугацаанд 91 аж ахуйн нэгж дуудлага худалдааныхаа анхны үнийг төлөөгүй байна. Хэрвээ энэ байгууллагууд дуудлага худалдааны анхны үнээ төлсөн бол нийслэлийн төсөвт 20 шахам тэрбум төгрөгийн орлого орж ирэх байсан. Тиймээс энэхүү шийдвэрийг хэрэгжүүлээгүй 91 аж ахуйн нэгжийн газрыг хүчингүй болгосон. Эдгээр газраа хүчингүй болгосон иргэдээс гурван байгууллага, иргэн эргэж хуулийн байгууллагад хандсан бол бусад нь шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Техникийн нөхцөл зургийн даалгавар нь өгөгдсөн газрыг дуудлага худалгаагаар өгнө” гэж мэдээллээ. 

Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлснээр эдийн засгийн хувьд ямар ашиг олж болох вэ гэсэн судалгааг хийжээ. 2003-2014 он хүртэлх хугацаанд олгосон газруудыг  хуулийн  дагуу дуудлага худалдаагаар олгосон бол 2012 оны нийслэлийн төсвийг 77 дахин үржүүлсэнтэй тэнцүү орлого олох байсан гэнэ. Нийслэлийн 2012 оны төсвийн орлого 359 тэрбум төгрөг бөгөөд үүнийг 77 дахин үржүүлсэнтэй тэнцүү орлого олох байсан гэнэ. Хэрвээ өнөөдрийн нийслэлийн нөөцөнд байгаа газраа дуудлага худалдаагаар өгч чадвал 2012 оны нийслэлийн төсвийг 5 дахин үржүүлсэнтэй тэнцэх орлого хамгийн багадаа орж ирнэ гэсэн тооцоо гаргаад байгаа аж. Энэ нь 1.5 их наяд төгрөгийн  орлого орж ирнэ гэсэн үг. 

ЗУСЛАНГИЙН ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛНЭ

УИХ-аар  2013 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан билээ. Энэ  төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотод хичнээн шугам сүлжээг хаагуур татахыг нарийвчилж баталжээ. Гэтэл одоо гарч байгаа нэг асуудал нь  Дулааны шугамын хамгаалалтын зурвас дээр 8000 айл буужээ. Эдгээр айлууд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа буюу шугамд гэмтэл гарвал асар халуун уур, ус алдаж хүний амь нас эрсдэх эрсдэл байгаа аж. Тиймээс энэ айлуудыг нүүлгэж, газрыг нь чөлөөлөхөөр болсоноо дуулгалаа. Мөн Зуслангийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийж дууссан талаар мэдээллээ. Зуслангийн газрыг өмчлүүлэхээр  бэлтгэл ажил нь үргэлжилж байгаа гэнэ. Сүхбаатар  дүүргийн 25, 20 хороо, Чингэлтэй дүүргийн 19 хороо Жигжидийн зуслан, Яргайтын зуслан гээд нийтдээ 1400 гаруй га газар  6100 зуслангийн  хашаа байдаг. Энэ айлуудын газрыг өмчлүүлэхийн тулд эхний ээлжинд  хаягжуулж байгаа аж. Хаягжуулсаны  дараа газар өмчлүүлэхээр төлөвлөжээ. Жигжид зусланд газрын зөрчил маргаан их учраас дүүргийн газрын албанаас маргааныг арилгаж дуусгахаар ажиллаж байгаа аж. Хаягжилтыг хийснээр,  хашаа хороог татуулж, гудамж зам гаргах, замын трассыг шинээр татах гэнэ. Зуслангийн газрыг өмчлүүлэх ажил есдүгээр сарын 1-нээс эхэлнэ хэмээлээ. Гэхдээ голын ай сав, ой модон дотор байгаа газрыг өмчлүүлэхгүй гэдгийг анхаарууллаа.

Зуслангийн хаягийн зураг батлагдсан байршлууд:

1. Сүхбаатар дүүрэг, 25-р хороо, Ар хустай зуслан  366 га 1478 хашаа

2. Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цээнэ зуслан 173 га         644 хашаа

3. Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цолмон зуслан 391 га         715 хашаа

4. Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зуслан  219 га         2036 хашаа

5. Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Яргайт зуслан  265 га         1313 хашаа

Нийт: 1414 га 6186 хашаа

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
гадаад мэдээ

Уилл Смит халдлагад өртжээ

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смит өнгөрсөн амралтын өдөр гэр бүлийнхээ хамтаар Испани улсад амрахаар ирцгээсэн юм. Тэгвэл жүжигчин залуу өчигдөр бие хамгаалагчийнхаа хамтаар тус улсын Ибаза гэх наран шарлагын газар амрахаар ирэх үедээ халдлагат өртсөн байна. Смитийн бие хамгаалагч хэсэг хугацаанд холдох үед тэнд байсан амрагч нар жүжигчин рүү дайрч, гарын үсгийг нь авахыг оролджээ. Энэ үеэр Смит зугтахыг оролдсон ч бүтэлгүйтсэн аж. Тэрбээр амрагч нарыг өөрийг нь тайван орхихыг хүссэн ч тэд  татгалзсан байна. Тиймээс Ибаза наран шарлагын захирал Лиза гэх бүсгүй жүжигчин залууг ая тухтай амруулахын тулд 200 гаруй амрагчийг хүчээр тараажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Японд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 21- 24-ний өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Ш.Абэтай хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Парламент дахь Найрамдлын бүлэг, Монголтой харилцдаг олон нийтийн байгууллагуудын удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/, Япон, Монголын эдийн засгийн хорооны ерөнхийлөгч нартай уулзалт хийнэ.  КEIDANREN-тай хамтран зохион байгуулах Монгол, Японы Бизнес форумд оролцож илтгэл тавих юм байна. 

Монгол, Японы бизнес форумд оролцох үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтын боломж, Монголын талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын төслийг Японы хувийн хэвшилд танилцуулах юм. Түүнчлэн Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/-тай хамтран “Бизнес нетворкинг” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Categories
мэдээ спорт

Манай хөлбөмбөгчид шөвгийн дөрөвт шалгарлаа

“World Youth Cup 2014” (Gothia Cup) хөлбөмбөгийн өсвөрийн ДАШТ-ний 16 насны ангилалд Монгол улсаа төлөөлөн тоглож буй “Deren sumida FC” баг шөвгийн наймд шалгарсан тухай өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл “Deren sumida FC” багийн хөлбөмбөгчид эзэн орон Шведийн багийг 4:0 онооны харьцаатайгаар буулгаж авснаар шөвшийн дөрөвт шалгарлаа.

Манай баг өнөөдөр орой 21.30 цагт Норвегийн “IL Bjarg” багтай тоглох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно

2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн
байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс
60 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхсөн бол Хэнтэй нурууны ар зүүн
хажуугаас усжих Хурх, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын
савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Хэнтэй нурууны
баруун хажуугийн Туул голын адаг болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх
гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см тус тус давсан
байдалтай байна.

Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин
суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл
ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон
анхааруулж байна.

Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар
автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын
эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа
алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой Ус цаг уур, орчны хүрээлэн байхыг зөвлөж байна.

 

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр говь талын нутгаар халуун салхитай, нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ.

2014 оны 07 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх, баруун болон зүүн зүгийн
нутгийн зарим газраар, говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу
цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар
зүүн өмнөөс секундэд 5-10 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим
газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн зарим газраар секундэд түр
зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг
нутгаар 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 градус,
зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр 26-31 градус,
бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

2014 оны 7 дугаар сарын 20-ноос 2014 оны 7 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

   20-нд төв, зүүн зүгийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар,
21-нд зүүн зүгийн нутгаар, 22-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, 23-нд
төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи 20-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, цаашдаа
дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус,
өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар
шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна. 

Categories
мэдээ нийгэм

Нэг хүүхэд гурван насны морь унаж уралддаг

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд оролцсон унаач хүүхдүүдийн талаарх мэдээллийг Хүүхдийн төлөө үндэсний газраас өгсөн. Энэ жилийн улсын баяр наадамд буюу Хүй долоон худагт болсон хурдан морины уралдаануудад 7-18 насны 511 уралдаанч хүүхэд 1751 морийг унаж уралдсан байна.

Хурдан морины үндсэн зургаан нас болон эрлийз морины гурван насны уралдаанд нэг уралдаанч хүүхэд дунджаар гурван насны морь унаж уралдаж байгаа нь Хүүхдийн төлөө үндэсний газраас хийсэн судалгаагаар тогтоогдсон байна. Мөн энэ жилийн наадамд уралдах хурдан морьдын тоо өмнөх жилийнхээс өссөн боловч уралдаанч хүүхдийн тоот буурсан гэдгийг ХАХНХЯ-ны Хүүхэд, гэр бүр, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай хэлж байлаа.

Баяр наадмын хурдан морины уралдааны үеэр 19 хүүхэд мориноос унаж гурав нь хүндэвтэр, найман хүүхэд хөнгөн гэмтэл авсан бол найман хүүхэд гэмтээгүй аж. Хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсөөгүй уралдах нь хүүхэд гэмтэх хамгийн том шалтгаан болж байна. Энэ жилийн улсын баяр наадмаар уралдаанч хүүхдүүдийн 100 хувь хамгаалалтын малгай, цээживчтэй уралдаанд оролцож, 80 гаруй хувь нь өвдгөвч, тохойвчтой уралдаанд оролцсон гэж Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяр ярьсан.

Үндэсний морин уралдааны унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих MNS:6264:2011 тоот стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэлийг уралдаанч хүүхдүүдэд өмсүүлэх шаардлагыг тавьдаг. Малгай, цээживч, өвдгөвч, тохойвчоос бүрдэх стандартын хувцас хэрэглэл нь дунджаар 180 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

“PLAYTIME -2014” өнөөдөр эхэлнэ

PLAYTIME -2014″ амьд хөгжмийн наадам
өнөөдөр Монгол Шилтгээнд эхэлнэ. Улаанбаатар хотын 375 жилийн ойн
хүрээнд зохион байгуулагдаж буй 13 дахь удаагийн наадмын тоглолтын
хуваарийг хүргэж байна. Мөн наадмын үеэр нийтийн тээвэр уртасгасан
цагаар ажиллах юм. Дүнжингарав худалдааны төвөөс Гачуурт тосгон чиглэлд
“ЭМСИД” болон “Мяралзаа” компаниудын 7 автобус иргэдэд үйлчидэг бөгөөд
жирийн амралтын өдрүүд 45.5 рейс хийдэг  бол энэ өдрүүдэд  49.5 рейс
хийхээр болжээ.

ө

Наадмын тоглолтуудын дэлгэрэнгүйг хүргэж байна.

15.30 – 16.00    Солонго хамтлаг
14.00 – 14.30    Шугам
16.00 – 16.40    Kush & Oyuka
14.30 – 15.10    Berd
16.40 – 17.20    Аадар
15.10 – 15.50    Silent Scream
17.20 – 18.00    Lego
15.50 – 16.30    Motorway
18.00 – 18.40    The Compass
16.30 – 17.00    White Shadow
18.40 – 19.20    The Colors
17.00 – 17.40    One Way
19.20 – 20.00    Marquis On The Radio
17.40 – 18.20    Чойжоо
20.00 – 20.40    The Lemons
18.20 – 19.00    Vatame
20.40 – 21.20    Нисванис
19.00 – 19.40    Оршихуй
21.20 – 22.00    Хонх хамтлаг
19.40 – 20.20    Rec On
22.10 – 23.10    Envy (Japan)
20.20 – 21.00    Jokers Wild (Pink Floyd Tribute)
23.20 –  00.50    Peter Hook And The Light (UK)
21.00 – 21.50    Моханик
22.00 – 22.50    Мумий Тролль (Russia)
Music (during intervals)
15.30 – 17.00  Smooth Operator
13.50 – 16.00    Leather Nation
17.00 – 19.00  Leather Nation
16.00 – 18.00    Metallium
19.00 – 21.00  Hi-Fi Team
18.00 – 20.00    Hi-Fi Team
21.00 – 22.30  Metallium
20.00 – 22.00    Smooth Operator
ДАВАЛГАА ТАЙЗ 
11.00 – 11.20    El Cid
10.10 – 10.30    The Vibes
11.20 – 11.40    Strings
10.30 – 10.50    MonHax
11.40 – 12.10    Sakobs
10.50 – 11.10    Linked
12.10 – 12.40    The Electrics
11.10 – 11.40    Purgatory Destroyers
12.40 – 13.20    Sunderia
11.40 – 12.20    Аясын Салхи
13.20 – 13.50    The Y.O
12.20 – 12.50    The Tourists
13.50 – 14.20    Tangled Wires (USA)
12.50 – 13.20    Amphibian Sphere
14.20 – 14.50    Futurama
13.20 – 13.50    Return (USA)
14.50 – 15.20    Atlantics
DJ Sets 
16.00 – 18.00    Hi- FI Team
14.00 – 16.00   Hi & Lo
18.00 – 20.00    Big Up !
16.00 – 18.00   Big Up!
20.00 – 22.00    Discotheque
18.00 –  20.00   Smooth Operator
22.00 – 01.00    Smooth Operator
20.00 – 22.00   Discotheque
01.00 – 03.00    Leather Nation
НААГЛИХАЦ ТАЙЗ
12.00 – 14.00   DJ Maara
12.00 – 14.00   DJ Maara
14.00 – 16.00   DJ Эрхэм
14.00 – 16.00   D Join Event
16.00 – 18.00   Hi & Lo
16.00 – 18.00   Aural Projects
18.00 – 20.00   D Join Event
18.00 – 20.00   DJ Эрхэм
20.00 – 22.00   Aural Projects
20.00 – 22.00   Deep Music Freakz
22.00 – 00.00   Deep Music Freakz
Categories
мэдээ цаг-үе

“Боорчи” компани улсын комиссын дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн үү

Ургах нарах
хороолол өвөл ийм байсан юм

“UB Town”-НЫ БОХИРЫН ШУГАМЫГ “БООРЧИ” КОМПАНИАС УСУГ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ ГЭВ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг “UB Town”, “Wizard” хотхоны
оршин суугчид бохир дундаа өвөлжсөн билээ. Оршин суугчид “Зайсанд тохилог орчинд
амьдрахаар орон сууц сонготол бохир дундаа, өмхий орчинд өдөр хоногийг өнгөрөөж
байна” гэж ярьсан. Үнэхээр ч тэр хавиар байнга эвгүй үнэр үнэртдэг болсон. Жилийн
өмнө “UB Town” хотхоны бохирын шугам эвдэрч, бохир нь хальснаас хойш өвөлд нь мөсийг
нь ачиж, дулааны улиралд оршин суугчид шавар шавхайтай хутгалдсаар байгаа. Өнгөрсөн
хавар нийслэлээс 15 сая төгрөг гаргаж бохирын дөрвөн ширхэг өргөх станц сольсон.
Дараа нь мөс цэвэрлэх, бохир соруулах зэрэгт Хан-Уул дүүргээс нэмж таван сая төгрөг
гаргасан. Гэвч өнөөг хүртэл бохирын шугам бүрэн засагдаагүй. Хэзээ дахин бохир хальж
өмнөх шавар шавхай дээр нэмэхийг албаныхан хэлж мэдэхгүй байна. Ингэж оршин суугчид
эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлэн хотын төвд бохиртой хутгалдан амьдарч
байгаа нь тэр хавьд шугам хоолой тавьсан компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас
үүдэлтэй аж. Тодруулбал, Хан-Уул, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрладаг Баруун
урд үйлдвэрийн районы бохир ус цуглуулах шугам (бохир усны 24 дүгээр коллектор)-ыг
Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын захиалгаар “Боорчи” компани
2008 оны аравдугаар сарын 28-наас 2009 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн хооронд
хийж гүйцэтгэжээ. Уг ажлыг 912 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ. Гэвч
“Боорчи” компани “Мон-Кузбасс” компанийн боловсруулсан зураг төслийг дур мэдэн өөрчлөн
техникийн горим зөрчин хуванцар хоолой тавьж, шороогоор булсан байжээ. Хуванцар
хоолой нь задарч, бохир нь хальсны дараа оршин суугчдын гомдлоор Мэргэжлийн хяналтын
ерөнхий газар шалгалт хийж дээрх зөрчлийг илрүүлжээ. Улмаар Нийслэлийн захирагчийн
ажлын албанаас бохир усны 24 дүгээр коллекторын ажлыг гүйцэтгэсэн “Боорчи” компани
болон хүлээж авсан төрийн байгууллагуудад хариуцлага хүлээлгэхээр болжээ. Гэтэл
уг шугамыг Ус суваг угсралтын газар (УСУГ) хүлээж аваагүй гэдэг асуудал үүссэн байна.
УСУГ-аас бохир усны 24 дүгээр коллекторын асуудлаар 2009 оны гуравдугаар сарын
30-ны өдрөөс эхлэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт тав, холбогдох төрийн байгууллага,
албан тушаалтнуудад 16 удаа албан бичгээр ханджээ. Өөрөөр хэлбэл, техникийн горим
зөрчин хуванцраар хийсэн шугамаа өөрчилж, албан ёсоор хүлээж авахыг удаа дараа шаардсан
байна. Мөн уг шугамыг УСУГ хүлээж аваагүй учраас засвар үйлчилгээг нь хариуцахгүй
гэдгээ удаа дараа мэдэгджээ. Уг нь УСУГ бохирын шугамыг хүлээж аваагүй бол Улсын
комисс дүгнэлт гаргах учиргүй. Гэтэл “Боорчи” компанийн гүйцэтгэсэн ажлыг Улсын
комисс хүлээж авсан асуудал гарсан байна. Энэ талаар УСУГ-ын горимын инженер Х.Чимгээгээс
тодрууллаа.

 “UB
town” хотхоны хүүхдүүд бохирын хөлдсөн мөсөн дээр тоглож өвөлжсөн

 –Бохир
усны 24 дүгээр коллектор эвдэрч “UB town” хотхон орчмын оршин суугчид агаар, хөрс
нь бохирдсон орчинд амьдраад удаж байна. Үүнд танайхаас ямар арга хэмжээ авдаг вэ?

-УСУГ хариуцлага хүлээхгүй. Учир нь Бохир усны 24 дүгээр коллекторыг
манай байгууллага анхнаасаа хүлээж аваагүй. Энэ тухайгаа 2009 оноос хойш холбогдох
байгууллагуудад удаа дараа албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл ашиглалтад хүлээж аваагүй
шугамыг хэрэглэгчид дур мэдэн холбож, өнөөх шугам нь ачааллаа даахгүй задарсан асуудал
гардаг.

-Ямар
учраас танайх ашиглалтад хүлээж аваагүй юм бэ?

-Анхнаасаа ашиглалтын шаардлага хангахгүй материал ашиглан ажлаа
гүйцэтгэсэн юм билээ. Хуванцар материалаар шугам татсан учраас хүлээж аваагүй.

-УСУГ
ашиглалтад хүлээж авахгүй гэж байхад Улсын комисс дүгнэлт гаргах ёсгүй биз дээ?

-Манай байгууллагаас гарын үсэг зураагүй. Гэтэл Улсын комисс хүлээж
авсан баримт дээр УСУГ-ын инженерүүдийн гарын үсэг зурагдсан асуудал гарсан. Манайхны
өмнөөс гарын үсэг зурсан гэх асуудал ч яригдаж байгаа.

-Цаашид
тэр хавийн бохирын шугамыг яах вэ?

-Хөрөнгө оруулалтын газраас “Боорчи” компанид хийсэн бохирын шугамаа
засах үүрэг өгсөн юм билээ. Тус компанийн барьцаа хөрөнгө болох шугамын ажил хийж
гүйцэтгэсэн хөрөнгийн таван хувь байгаа гэсэн. Үүгээрээ шугамаа зас гэсэн үүрэг
өгсөн ч өнөөдрийг хүртэл засвар хийгдээгүй байгаа бололтой гэв.

Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар Бохирын 24 дүгээр коллекторын
43 дугаар худгаас баруун тийш шугам бөглөрч, бохир усаар худгууд дүүрч хальсан гэдэг
дүгнэлт гарчээ. Зураг төсөлд 78 худаг барих ёстой байхад ачаалал ихэдсэн гэдэг шалтгаанаар
худгийн тоог нэмж 94 болгосон байна. Гэвч тэдгээр худгуудын 47-д нь лаг сууж, хог
их тогтсон, 19 нь таггүйгээс хогонд бөглөрсөн, 26 нь шороонд дарагдаж мэдэгдэхээ
больсон байна. Анхнаасаа хуванцар хоолойгоор шугам барьсан дээр нь худгууд үүргээ
гүйцэтгэхгүйгээр бөглөрсөн, шороонд дарагдсан байхад Бохирын 24 дүгээр коллекторт
38 хэрэглэгч холбогдсон байдаг аж. Тэдгээрийн 29 нь дур мэдэн, зөвшөөрөлгүйгээр
холбогдсон байдалтай байгаа гэнэ.

Бохир усны шугам бөглөрч, бохир нь хальсаар байхад гэмтлийн шалтгааныг
тогтоож, шугам хоолойг засаагүй нь Барилгын тухай хуулийн ”Барилга байгууламжийн
чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас
үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах” гэсэн заалтыг зөрчиж байгааг Мэргэжлийн
хяналтын газар дүгнэлтдээ онцолжээ. Боорчи компани хийсэн ажлынхаа баталгаат хугацааг
дуусгаж, холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгөөгүй аж. Тиймээс засварыг бүрэн
хариуцахаас өөр аргагүй юм байна. Зайсан орчмын буюу “UB town”-ы оршин суугчид бохир
орчинд амьдарч байгаа нь “Боорчи” компанитай шууд холбоотой нь шалгалтаар ил болсон
нь энэ аж.

 

БОХИР НЬ ХАЛЬДАГ “УРГАХ НАРАН” ХОРООЛЛЫН ШУГАМЫГ Ч “БООРЧИ” ГҮЙЦЭТГЭЖЭЭ

Баянзүрх дүүргийн нутаг “Ургах наран” хорооллын оршин суугчид ч бохирын
усан дунд амьдарч байгаа талаар гомдоллодог. Уг хорооллын ойр хавь буюу Ногоон зоорь
орчмын орон сууцны хорооллын бохир усны гадна шугам сүлжээний ажлыг “Боорчи” компани  2008 онд гүйцэтгэжээ. Нэг тэрбум арван хоёр сая
төгрөгийн төсөвтэй уг ажлыг улсын комисс хүлээж аваагүй аж. Улсын комисс хүлээж
аваагүй учраас ашиглалтын байдлыг “Боорчи” компани хариуцдаг аж. Гэтэл тус компани
худагнуудад таг хийх, шугам хоолойд орсон усыг зайлуулах, лаг цэвэрлэх, угаалга
хийх зэрэг ажлуудыг хийгээгүйгээс удаа дараа бохир алдагдсан байна.

 

“БООРЧИ” КОМПАНИ ХАР ЖАГСААЛТАД ОРЖЭЭ

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа “Боорчи”
компанийг нийслэлийн удирдлагууд хар жагсаалтад оруулж цаашид хамтран ажиллахгүй
гэдгээ мэдэгджээ. Нийслэлд ажил гүйцэтгэх эрхгүй болсон тус компани орон нутагт
тендер авахаар ажиллаж байгаа талаар холбогдох албаныхан мэдэгдсэн.

“Боорчи” компани анх 1995 онд зургаан ажилчинтайгаар Улаанбаатар
хотод барилга, сантехник угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаж
байжээ. Тус компани нь бохирын шугам сүлжээний ажил гүйцэтгэхээс гадна Сүхбаатар
дүүргийн II хорооны нутагт Авто угаалга ажиллуулдаг юм байна. Мөн Төмөр бетон эдлэлийн
үйлдвэртэй аж.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

О.Чулуунбат: Өрийн дээд хэмжээгээ нэмэгдүүлсэн ч бид зээл авч чадахгүй

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа.

-Өнөөдөр
эдийн засгийн нөхцөл байдал ямар байна. Сайжрах төлөв байна уу?

-Манай макро эдийн засгийн үзүүлэлтүүд муудах тал руугаа хандчихсан.
Төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларчихлаа. Төлбөрийн баланс алдагдалтай байна.
Төсөв төлөвлөснөөс хамаагүй доогуур үзүүлэлттэй. Үүнийг дагаад төсвийн хөрөнгө оруулалт
багасчихлаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан хэвээр байна. Дотоодын зах
зээл дээр ажиллаж байгаа компаниудын орлого багаслаа. Эндээс харвал эдийн засаг
маань нэлээд тормостой явж байна. Эхний улирлын байдлаар долоон хувийн өсөлттэй
дүн гарсан. Гэхдээ ханш хэдэн хувиар унав гэдгийг сайн тооцож байгаад энэ долоон
хувийн хэд нь цэвэр өсөлт вэ гэдгийг гаргах ёстой. Тиймээс өнөөдөр Монголын эдийн
засаг сайхан байна гэж хэлэхэд хэцүү юм. Энэ хүнд байдлаас яаралтай гарах арга хэмжээг
төр засгаас авч байна л даа. Ер нь бол нэн тэргүүнд хууль эрх зүйн орчныг таатай
болгох хэрэгтэй. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэл одоогийн Засгийн газрын үед бий
болчихсон зүйл биш юм.

-Хэзээнээс  яаж бий болсон гэж?

-Монголчуудын сүүлийн дөрөв, таван жил хамтран хийсэн үйл ажиллагааны
үр дүн.  Хамгийн их хөрөнгө татдаг, орлого
өгдөг, эдийн засгийг тэлдэг уул уурхайн салбарыг сүүлийн тав, зургаан жил чангаллаа.  Жишээ болгоод хэлье, эхлээд Ураны тухай хууль
гарсан. Дараа нь гэнэтийн ашгийн татварын талаар гар мушгисан хууль гарлаа. Урт
нэртэй хуулийг баталж, энэ салбарынхны толгой дээр цохиод авлаа. Стратегийн салбарт
гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулна гээд уул уурхайн салбарынхны тархин дундуур
мунаар цохиод авсан. Үндсэндээ өнгөрсөн жилүүдэд бид ийм л зүйл хийсэн учраас өнөөдөр
үр дүн нь мэдрэгдэж, эдийн засаг дордож байна. Энэ арга хэмжээнүүдийг явуулахад
өнөөдрийн улс төрийн хүчнүүд цөм байсан, оролцсон. Эх орон газар шороогоо хайрласан
тэр их хайрын илчинд энэ хуулиудыг бий болгосон 
шүү дээ.  Тиймээс өнөөдөр хэн нь хэнийгээ
гэх вэ.

-Ингээд
ярихаар таныг эх орноо худалдагч, гадныхны гар хөл гэх байх?

-Өнөөдөр орлогоо бууруулахгүй, хөрөнгө оруулалтаа багасгахгүй байх
нь чухал байна шүү дээ. Монгол Улс мөнгөтэй байж хөгжинө. Тиймээс энэ мөнгө багасч
болохгүй.  Үүний эсрэг байгаа юм шиг сэтгэлгээгээр
улстөрчид хандаад байна. Гэхдээ  улстөрчид
бүгдээрээ ийм биш л дээ. Ялангуяа иргэний хөдөлгөөнүүд улстөрчдийг шийдвэр гаргахад
нь их нөлөөлөөд байгаа юм. Уг нь бол улстөрчид хөдөлгөөнийхнөөс илүү мэдээлэл, мэдрэмжтэй.
Намайг  2008-2012 онд парламентад сууж байхад
сая миний нэрлэдэг хуулиудыг батлахын өмнө гишүүдийн байр суурь өөр байснаа хөдөлгөөнийхний
үгэнд автаад кноп дарахдаа өөрчлөгддөг үзэгдэл олон байлаа. Монгол эх орноо хайрлаж
байгаа сэтгэгдэл төрүүлж, нэг ёсондоо сонгогчиддоо таалагдах үйлдэл хийдэг. Гэвч
тэр бүх шийдвэрүүд нь эх орноо хайрласан биш элэг нэгт монголчууддаа хор болох нь
их байсан. Гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр буурчихлаа.  Гадаадынхантай хийсэн гэрээ хэлэлцээрүүд дээр
бид ухралт хийчихлээ. Тогтвортой байдал, залгамж чанаргүй бодлого явууллаа. Дэлхийн
зах зээл Монголд итгэх итгэлгүй болчихлоо. Үүнээс бид маш том сургамж авч, алдаагаа
засах хэрэгтэй байна. Засаг солигдоод энэ төрийн бодлогод засч залруулах юм байна
гэж үзэж байгаа бол асуудлыг дотооддоо ярих болохоос гадаадтай хийсэн гэрээг өөрчлөх
гэж оролдох хэрэггүй. Тэгвэл хэлсэндээ хүрдэггүй, тогтворгүй бодлоготой улс гэдгээ
гадныханд батална. 

-Та
Оюу толгойг яриад байна уу?

-Энэ гэрээг  УИХ, Засгийн газраараа
ярилцаж байж, хичнээн их маргаан дэгдээж, нийгмээрээ хэлэлцэж байж хийсэн билээ.
Тухайн үед Оюу толгойн гэрээний талаар надад 
шүүмжлэлтэй хандах  ганц, хоёр зүйл
байсан. Гэсэн ч олонхиороо зөвшөөрөөд баталсан учраас яах юм. Энэ чинь ардчилсан
нийгэм биз дээ. Олонхиороо шийдсэн л бол тэр эцсийн шийдвэр шүү дээ.

-“Чалко”-той
хийсэн гэрээг ч өөрчилсөн. Энэ бүхэн таны ажиллаж байгаа Засгийн газрын хийсэн ажил
юм шиг байна…

-“Чалко”-г шууд буруутгаж болохгүй. Манайд наймаа хийх гэж л ирсэн
хүмүүс. Буруутгах гээд байгаа бол “Чалко”-той ярилцаж, хэлэлцээ хийхээр Засгийн
газраас томилогдсон хүмүүстэйгээ тооцоо бодох ёстой. Тэднээс  тайлбар авах хэрэгтэй. “Чалко”-той хийсэн гэрээний
практик бол олон улсын зах зээлд хэрэглэгддэг. Хятадын далайн дөрвөн порт дээр коксжсон
нүүрс ямар үнэтэй байна гэдгийг тооцож, дундаж үнийг нь тогтоогоод  тээврийн зардлыг нь хасаад “ийм үнээр авъя” гэж
л тохиролцсон юм билээ. Энэ бол дэлхийн худалдааны алтан зарчим шүү дээ. Үүнийг
нь бид хүндэтгэж, хүлээн зөвшөөрөх ёстой. Гэтэл гэрээг өөрчилснөөр юу болсон юм.
70 ам.доллараар зарж байсан бол өнөөдөр хадгаа барьж очоод 35 ам.доллараар нүүрсээ
худалдаж байна. Үр дүн ийм байгаа юм. Ер нь гадныхан “Та нар гадны түншүүд рүүгээ
дайраад байх юм. Боловсролтой, чадвартай, мэдлэгтэй хүмүүсээ сонгоод бидэнтэй хэлэлцээ
хийлгэсэн биз дээ. Тэдэнтэйгээ яагаад ярихгүй байгаа юм” гэж хэлдэг. Бизнесийнхээ
зарчмаар ирээд Засгийн газраас томилсон хүмүүстэй хэлэлцээд гэрээ хийгээд явсан
гадаадынхан руу ингэж дайрч болохгүй. Энэ бол монгол хүний зан биш. Монголчууд хэзээнээсээ
тууштай, тогтвортой, залгамж чанартай ард түмэн. Ийм л бодлого өнөөдөр дутагдаад
байна.

-100
хоног юу юугүй дууслаа. Эдийн засаг эрчимжих хандлага ажиглагдаж байна уу?

-Сая хэд хэдэн сайн арга хэмжээ авлаа. Хөрөнгө оруулалтын тухай хууль
баталлаа. Уул уурхайн бодлогын үзэл баримтлалыг баталсан. Газрын тос, Ашигт малтмалын
тухай хууль батлагдлаа. Шилэн дансны тухай хуультай боллоо. Шилэн дансны тухай хууль
маш чухал. Монгол Улсыг авлигад хэт идэгдсэн орон гэж хэлээд байна. Тэгвэл одоо
авлигад хэт идэгдээд байхгүйн баталгаа нь энэ хууль болж байна.

-Хэн
хэний, юуны данс шилэн болох юм бэ?

-Төсвийн бүх данс, төсөв захирагчдын данс шилэн болно. Төрийн өмчит
том  компаниуд хэнтэй, юуны гэрээ байгуулж,
хичнээн төгрөг зарцуулсан нь ил тод болно. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт, төмөр зам,
цахилгаан станциудад дандаа бараа шахсаар ирсэн. Энэ бүхэн алга болно. Эрдэнэт үйлдвэр
ус худалдаж авсан ч түүнийгээ вэб сайт дээрээ тавина. Олон нийтэд хэвлэл мэдээллээр
дамжуулж тайлагнадаг тогтолцоо руу орох юм. Ингэхээр нөгөө шахаанууд алга болно
гэсэн үг. Хоёр төгрөгийн барааг дөрвөн төгрөгөөр авахаа болино. Нэг даргын захиасаар
мянган төгрөгийн барааг хоёр мянган төгрөгөөр авахгүй гэсэн үг. Тэгэхээр ямар ч
байсан хууль эрх зүйн орчноо сайжруулах ажлуудыг сая УИХ, Засгийн газар хийлээ.
Тэрнээс биш эдийн засгийг 100 хоногт эв эрүүл болгоно гэж юу байхав. Бүхэл бүтэн
улс битгий хэл компанийн ажлыг 100 хоногт сайжруулахад бэрх шүү дээ. Энэ хөтөлбөрийн
үр дүн дунд болон урт хугацаандаа мэдрэгдэнэ. Монголын хөрөнгө оруулалт, бизнесийн
орчин аль болох нээлттэй, ил тод болмоор байна. 
Ер нь улс орны эдийн засгийг хэдхэн хүний захиалгаар, цөөн хүний ааш аягаар
удирдаж болохгүй. Мэдээллээр дамжуулж, олон улсын стандартын дагуу удирдах ёстой.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд яг өнөөдрийн бидний энэ замыг туулаад гарсан юм.
Солонгосоос эхлээд Азийн бар гэгдэж буй улсууд цөм дэлхийн стандартаар тоглоод
20-30 жилийн дотор ямар сайхан болсныг хар даа. Бүх иргэнээ байртай, хувцастай,
хоолтой, боловсролтой, эрүүл болголоо. Тэдний хэрэглэсэн тоглоомын дүрэм, стандартыг
бид сайн судалж мэдсэн байх ёстой. Үүний дагуу л явах хэрэгтэй. Тэрнээс биш дэлхий
дээр ганцхан Монголын дүрэм бий болговол тэр зах зээл чинь манайхыг ойлгохгүй.  Монголчууд одоо морин дэл дээр дэлхийг эзэлнэ
гэж байхгүйгээс хойш  олон улсын тоглоомын
дүрмээр  явах хэрэгтэй. 

-Ер
нь бид Монголынхоо дүрмээр тоглоод байгаа юм байна л даа?

-Хууль эрх зүйн орчныг дандаа монгол сэтгэхүйгээр өөрчилсөн шүү дээ.
Манай хууль эрх зүйн орчин хамгийн тогтворгүй байна.

-Эрх
баригчид зээл авч байж улс хөгжинө гэж үзэх хандлагатай. Үнэндээ зээлгүйгээр хөл
дээрээ боссон бизнес ч байдаггүй гэдэг утгаараа энэ нь зөв байх. Гэхдээ хаврын чуулганы
хаалтан дээр УИХ-ын дарга өрийг хязгаарлах нь зөв гэдэг утгатай үг хэлчихсэн. Та
энэ талаар юу хэлэх вэ?

-УИХ-ын даргын хэлдэг зөв. Бид гадаадын хөрөнгө оруулалтаа хөөчихсөн
учраас өр тавиад байна шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт хангалттай байсан бол
Засгийн газар өр тавиад байх шаардлагагүй. Монгол Улс хуульдаа өөрчлөлт хийгээд
өрийн дээд хэмжээгээ нэмэгдүүлсэн ч бид зээл авч чадахгүй. Манай рейтинг найдваргүй,
тогтворгүй гэдэг үнэлгээтэй яваа учраас тэр. Хоёр жилийн өмнөх шиг манайд зээл өгөх
хүн олдохгүй. Монголчууд хэр тогтвортой байх юм, хууль эрх зүйн орчноо олон улсын
дүрмээр тайлбарладаг болох нь уу гэдгийг гадныхан харзнаж  байгаа. Эдийн засгаа муутгая гэсэн бодолтой ямар
ч хүн байхгүй. Бүгдээрээ нэг тоглоомын дүрмээр тоглохгүй бол үр дүн нь өөр тийшээ
гараад байна гэдгийг сүүлийн үеийн туршлагууд харуулаад байна.

-“Чингэс”,
“Самурай” бондын мөнгийг төсөвт тусгах ёстой гэдэг санаа УИХ-ын даргын үгэнд явж
байна лээ…

-Олон улсын практикаа л харах хэрэгтэй. Төсөвт тусгаагүй байхад  үзүүлэлт нь муу гарлаа гэж байна. Төсөвт тусгалаа
ч ялгаагүй шүү дээ. Харин зээлсэн мөнгийг сайн төслүүдэд зарцуулах юм бол төсвөөр
дамжуулаад хэрэггүй. Тав, арван жилдээ мөнгө нь найдвартай төлөгдөх учраас болно
гэсэн үг.  Эргэн төлөгдөх нь нүдэнд үзэгдэхгүй,
урт хугацааны дараа ашиг нь гарах төсөлд тэр зээлийг зарцуулсан бол төсөвт тусгах
хэрэгтэй. Жишээ нь замын төслүүдийг төсөвт тусгах л ёстой байсан. Яагаад гэвэл замд
зарцуулсан мөнгийг бид тав, зургаан жилийн дотор эргүүлээд олчихно гэж байхгүй шүү
дээ.  Төмөр замын төслийг төсвөөр дамжуулаад
хэрэггүй. Энэ бол цэвэр арилжааны ашигтай төсөл.  Үүнийг л хэлж байгаа болов уу.

-Эхнээсээ
ийм бодлого яагаад бариагүй юм бэ?

-Одоо ийм бодлого барих гээд л яваад байна.

-“Bank
of China”-гийн салбарыг Монголд нээх нь Засгийн газрын бодлого  биш гэдэг зүйлийг Ерөнхий сайд хэлжээ. Үүнээс
үүдсэн үү, Хятадын энэ банкийг Монголд оруулж ирэхээр О.Чулуунбат гэдэг хүн улайраад
байгаа тухай яриа дэгдсэн байна. Та юу хэлэх вэ?

-Би бодлого тодор­хой­логч биш. Бодлого то­дорхойлогчдод зөвлөх эрхтэй
хүн. Миний хувьд Н.Батбаяр сайдад зөвлөдөг. Шийдвэрийг тэр хүн гаргадаг. Засгийн
газрын ажилд ч зөвлөмж өгөх журмаар оролцдог. Гэхдээ би банкны салбарт 30 гаруй
жил ажилласан учраас туршлага дээрээ үндэслэж ийм зүйлүүдийг ярьж байгаа юм.  Дэлхийн аль ч улс оронд гадаадын банкууд очоод
тухайн орон сүйрчихсэн  зүйл байдаггүй. Энд
зөвхөн  “Bank of China”-г яриагүй шүү. Гадны
банкууд манайд орж ирнэ гэвэл алгаа ташаад хүлээж авах хэрэгтэй. Учир нь бид мөнгөгүй
байна. Мөнгө агаар ус шиг хэрэгтэй байна. Мөнгө, хөрөнгө орж ирэх бүх цонх, хаалгаа
нээх ёстой. Тэгж чадсан  орнууд хурдан хөгжиж
байна шүү дээ. Куб, хойд Солонгос зэргийн хаалттай орнууд яаж байгааг та нар мэдэж
байгаа шүү дээ.

-Ам.долларын
ханш бараг 1900 хүрлээ. Цаашид өссөөр байх юм уу. Засгийн газар үүнийг  хазаарлах ямар нэгэн арга хэмжээ авахгүй юм болов
уу?

-Төгрөгийн ханш бол эдийн засгийн өнөөгийн байдал ямар байгааг харуулж
буй  үзүүлэлт шүү дээ. Эдийн засаг сайжрах
юм бол Монголд гадаадын хөрөнгө оруулалт, валют орж ирнэ. Тэгж л  ханш тогтворжино.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ