Categories
мэдээ спорт

Өсвөрийн хөлбөмбөгчид Gothia Cup-д амжилттай оролцлоо

Шведийн Гётеборг хотноо болсон хүүхдийн хөлбөмбөгийн клубуудын Gothia Cup тэмцээнд манай улсаас “Дэрэн ФС Сумида”-гийн 12 настай болон 16 настай хөвгүүд амжилттай оролцлоо.

Эхлээд 12 насны ангиллынхан хасагдсан бол  16 насныхан ангилалынхаа шөвгийн дөрөвт хүртэл үлдэж чадсан байна.

Хөвгүүд эхлээд Германы багийг 0-2, Шведийн багийг 0-4 харьцаатайгаар хожин “Б” плэй оффын шилдэг наймд үлдсэн. Улмаар тэд өчигдөр орой 21.30 цагт Норвегийн багтай тоглон мөн л 3-1 харьцаатайгаар хожиж Б бүсийнхээ шилдэг 4-т шалгарсан юм.

Харин өнгөрсөн шөнө 02:15 цагаас Б бүсийн хагас шигшээд талбайн эзэн Шведийн багтай тоглон, 2-0 харьцаатайгаар хожигдсоноор тэмцээнээ өндөрлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нийтийн тээвэр уртгасан цагаар ажиллана

Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Play time-2014” амьд хөгжмийн наадмыг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулж буй. 13 жилдээ болж буй энэхүү наадамд ОХУ, Япон зэрэг орны хамтлаг дуучид оролцохоос гадна наадмыг үзэх үзэгчдэд зориулан нийтийн тээврийн хэрэгслүүд уртасгасан цагаар  ажиллахаар болжээ.

Дүнжингарав худалдааны төвөөс Гачуурт тосгон чиглэлд “ЭМСИД” болон “Мяралзаа” компаниудын 7 автобус иргэдэд үйлчидэг бөгөөд жирийн амралтын өдрүүд 45.5 рейс хийдэг  бол энэ өдрүүдэд  49.5 рейс хийхээр болсон байна.

Categories
гадаад мэдээ

Сүүлийн 30 жилд гарсан онгоцны томоохон ослууд

Нэг өдрийн өмнө Малайзын зорчигч тээврийн “Боинг-777” онгоц Украины зүүн нутагт осолдон 298 хүн амиа алдсан хэрэг гарсан. Украин улс онгоцыг пуужинд оногдож сүйрсэн гэж үзэж буй. Энэ он гарсаар дөрөвхөн сарын зайтай хэдэн зуун хүний амийг авсан онгоцны ослууд дараалан гарч, түүхэнд хараар бичигдэн үлдлээ. 1980-аад оноос энэ оны гуравдугаар сарыг хүртэл дэлхийн түүхэнд гарсан онгоцны томоохон ослуудыг “Ёнхап” жагсаасан байна. Үүнд:

-БНСУ-ын “Korean Air” компанийн “KAL007” нислэгийн дугаартай “Боинг 747” нисэх онгоц Сахалины дээгүүр нисэж байхдаа ЗХУ-ын цэргийн пуужинд оногдон сүйрч, онгоцонд сууж явсан 269 зорчигч амиа алдсан байна.

-1987 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр БНСУ-ын “Korean Air” компанийн “Боинг 707” онгоц Энэтхэгийн далай дээгүүр нисэж байхдаа БНАСАУ-ын тагнуулын ажилтан Ким Хён Хыгийн халдлагад өртөн дэлбэрч, 115 зорчигч амиа алджээ.

-1994 оны дөрөвдүгээр сарын 26-нд Хятадын “China Airlines” компанийн “Аэробус А300” онгоц Японы Нагоягийн нисэх буудалд газардах үедээ шатаж, 264 зорчигчийн амийг авсан осол гарсан.

-1996 оны долдугаар сарын 17-нд АНУ-ын “Trans World Airlines” компанийн “Боинг 747” онгоц агаарт дэлбэрч, Нью-Йоркийн Лонг-Айлендын ойролцоо далайд унаж, онгоцонд сууж явсан 230 хүн амь үрэгдсэн.

-1996 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Саудын Арабын “Saudia Airlines” компанийн “Боинг 747” онгоц Энэтхэгийн нийслэл Шинэ-Дели хотын ойролцоо Казахстаны ачааны онгоцтой мөргөлдөж 349 хүн амь эрсэджээ.

-1997 оны наймдугаар сарын 6-ны өдөр БНСУ-ын “Korean Air” компанийн “Боинг 747” онгоц Гуамд осолдож 228 хүн амь насаараа хохирсон.

-1997 оны есдүгээр сарын 26-ны өдөр Индонезийн “Garuda Indonesia” компанийн “Аэробус А300” онгоц Индонезийн Медан нисэх буудлын ойролцоо осолдож 234 хүн амь эрсэдсэн.

-1998 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Хятадын “China Airlines” компанийн “Аэробус А300” онгоц Тайпэй хотын нисэх буудалд газардах үедээ осолдон 203 хүн амь үрэгджээ.

-1998 оны есдүгээр сарын 2-ны өдөр “Swissair” компанийн “MD-11” онгоц Канадын Нова Шотландын ойролцоо Атлантын далайд унаж 229 хүн амь үрэгдэв.

-1999 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Египетийн “Egypt Air” компанийн “Боинг 747” онгоц АНУ-ын Массачусетс муж улсын “Nantucket Memorial” нисэх буудлын ойролцоо осолдож, 217 хүн амь насаараа хохиров.

-2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “American Airline” компанийн “Аэробус А300” онгоц Нью-Йоркийн “John F. Kennedy” нисэх буудлаас хөөрч байх үедээ осолдон 265 зорчигч амь үрэгджээ.

-2002 оны тавдугаар сарын 25-ны өдөр “China Airlines” компанийн “Боинг 747” онгоц агаарт хуваагдан Таиваны далайн эргийн ойролцоо унаж, 225 хүн амиа алдсан байна.

-2003 оны есдүгээр сарын 19-ны өдөр Ираны цэргийн онгоц осолдон 275 хүн амь үрэгджээ.

-2009 оны зургадугаар сарын 1-ний өдөр “Air France” компанийн “Аэробус А300” онгоц Бразилын Рио-Де-Жанейро хотын нисэх буудлаас хөөрч Атлантын далайд осолдон 228 хүн амь үрэгдсэн байна.

-2009 оны зургадугаар сарын 30-ны өдөр Йемений  төрийн өмчийн агаарын тээврийн “Yemenia” компанийн “Аэробус А300” онгоц  Йемений нисэх буудлаас хөөрч, Коморын холбооны арлуудын ойролцоо далайн усанд осолдсоны улмаас 153 зорчигчийн дөнгөж нэг нь л амьд гарчээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн өсвөрийн ДАШТ үргэлжилж байна

Бөхийн чөлөөт барилдааны 2014 оны өсвөрийн ДАШТ долдугаар сарын
15-20-ны өдрүүдэд Словак улсын Сина хотын “Hockey Stadium” спортын
ордонд болж байна. Энэ тэмцээнд 46 орны 550 өсвөрийн бөхчүүд 30 багц
медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний охидын төрөлд өсвөрийн гурван удаагийн дэлхий аварга, Японы
тамирчин Кика Кагат, өсвөрийн хошой дэлхийн аварга, Японы бөх Маю
Мукаида, дэлхийн болон европын өсвөрийн аварга, Украиний тамирчин Оксана
Ливач, Оросын тамирчин Зайнаб Магомедова, Украины шилдэг бөх Олёна
Кремзер, Европийн өсвөрийн аварга, Азербайжаны бөх Лейла Гурбанова нарын
зэрэг шилдэг бөхчүүд оролцож байна.

Охидын тэмцээн энэ сарын 17-нд эхэлж, манай дөрвөн бөх дэвжээнд
гарснаас 43 кг-ын жинд өрсөлдсөн Б.Мөнхнар хүрэл медаль хүртэж, медалийн
тавцанд зогссон.

Өчигдөр охидын чөлөөт бөхийн 40, 46, 52, 60, 70 кг-ын жингүүдийн
барилдаан болж манай охидууд медальд хүрсэнгүй. Өнөөдөр хөвгүүдийн
чөлөөт бөхийн тэмцээн эхэлж 42, 50, 58, 69, 85 кг-ын жингийн барилдаан
болж манай 4 бөх барилдана.

Өнгөрсөн жил Серб улсын Сержанин хотод болсон өсвөрийн ДАШТ-нд З.Занабазар 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан.

Охид

46 кг              1. Ал Таугучи /Япон/

                                    3. Кристина Елена Золтан /Румын/

                                    3. Вероника Ряболова /Украин/

                                    3. Сужиата Сужиата /Энэтхэг/

7. Цэдэндамбын Лхамхүү /Баянхонгор аймаг/ 

Энэ жинд 10 бөх өрсөлдсөнөөс манай бөх Ц.Лхамхүү нэгдүгээр тойрогт
японы бөх Ал Таугучитэй таарч 2:13 онооны харьцаагаар ялагдаж дагах
барилдаанд казахстаны бөх Лаура Алмаганбетовад 12:14 онооны харьцаагаар
дийлджээ.

40 кг               1. Юмека Танабе /Япон/

                        2. Оксана Ливач /Украин/

                        3. Александра Скиренко /ОХУ/

                        3. Динара Сулейманова /Киргиз/

10. Нямхүүгийн Азжаргал /”Алдар” спорт хороо/ 

Энэ жинд 13 бөх барилдсанаас манай бөх Н.Азжаргал нэгдүгээр тойрогт
хийлж хоёрдугаар тойрогт украиний бөх Оксана Ливачтай барилдаж 0:10
онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд оросын бөх Александра
Скиренкод 4:14 онооны харьцаагаар хожигджээ.

43 кг               1. Юи Сусаки /Япон/

                        2. Сону Сону /Энэтхэг/

3. Бямбасүрэнгийн Мөнхнар /”Алдар” спорт хороо/ 

3. Вероника Гурская /ОХУ/

Энэ жинд 13 бөх өрсөлдсөнөөс манай бөх Б.Мөнхнар нэгдүгээр тойрогт
украиний бөх Евгения Павловаг цэвэр ялж хоёрдугаар тойрогт энэтхэгийн
бөх Сонуд 6:10 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд польшийн бөх
Магдалина Мажосыг цэвэр дарж ялж хүрэл медалийн төлөө грекийн бөх Лиза
Эрселтэй барилдаж 1.41 минутанд цэвэр ялжээ.

46 кг               1. Михо Играши /Япон/

                        2. Мариана Колос /Украин/

                        3. Туркан Насырова /Азербайжан/

                        3. Морган Герард /Итали/

Энэ жинд 17 бөх барилджээ.

49 кг               1. Кики Кагата /Япон, өсвөрийн дэлхийн хошой аварга/

                        2. Лейла Курбанова /Азербайжан, европийн өсвөрийн аварга/

                        3. Виктория Ваулина /ОХУ/

                        3. Сузанна Сезарио /Румын/

10. Амгаланбаатарын Наранцацрал /”Алдар” спорт хороо/

Энэ жинд 18 бөх өрсөлдсөнөөс манай бөх А.Наранцацрал нэгдүгээр тойрогт
хийлж хоёрдугаар тойрогт азербайжаны бөх, европийн өсвөрийн аварга Лейла
Гурбановад 2:4, дагах барилдаанд польшийн бөх Анна Кролд 1:3 онооны
харьцаагаар дийлджээ.

52 кг               1. Олёна Кремзер /Украин, өсвөрийн дэлхийн аварга/

                        2. Алёна Казымова /ОХУ/

                        3. Харуно Окуно /Япон/

                        3. Елена Брюггер /ХБНГУ/

16. Сэдбазарын Энхтунгалаг /БТСДуС/

Энэ жинд 19 бөх барилдсанаас манай С.Энхтунгалаг эхний тойрогт хийлж
хоёрдугаар тойрогт германы бөх Елена Бругерртэй таарч 2:3 онооны
харьцаагаар хожигджээ.

            56 кг               1. Ало Теша АНУ

2. Ксения Незговорова /ОХУ/

                                    3. Александра Волчанска /Польш/

                                    3. Куми Ирие /Япон/

            Энэ жинд 19 бөх өрсөлджээ.

60 кг               1. Буллен Грейс /Норвег/

                        2. Кумба Ларок /Франц/

                        3. Ангалена Лысак /Украин/

                        3. Юкако Каваи /Япон/

Энэ жинд 20 бөх барилджээ.

65 кг               1. Ханум Вилиева /ОХУ/

                        2. Ирина Капитонова /Казахстан/

                        3. Нелли Бринк /Швед/

                        3. Юлиана Янева /Болгар/

7. Энх-Амарын Даваанасан /БТСДуС/

Энэ жинд 15 бөх өрсөлдсөнөөс манай бөх Э.Даваанасан нэгдүгээр тойрогт
румыний бөх Магалин Гуятай барилдаж 12:6 онооны харьцаагаар дийлж
хоёрдугаар тоййрогт шведийн бөх Нейли Бриктэй барилдаж 0:2 онооны
харьцаагаар дийлджээ.

            70 кг               1. Николь Амманн /ХБНГУ/

                                    2. Наталья Стржалка /Польш/

                                    3. Кристина Дудаева /ОХУ/

                                    3. Волха Зенина /Беларусь/

                                    16. Төмөр-Очирын Наранчимэг Сэлэнгэ аймаг, Ерөө сум,

 “Шинэ давалгаа” клуб/

Энэ жинд 17 бөх барилдсанаас манай бөх Т.Наранчимэг оросын бөх Кристина Дубаеватай таарч 0:7 онооны харьцаагаар дийлджээ.

Багийн дүн

Нэгдүгээр байр                     Япон, 77 оноо

Хоёрдугаар байр                   ОХУ, 65 оноо

Гуравдугаар байр                  Украин, 62                                             

Арван хоёрдугаар байр      Монгол, 18 оноо

Categories
мэдээ спорт

Шилдэг сүмочдын халз барилдаан болно

Америкийн сүмо бөхийн холбооноос дэлхийн шилдэг арван тамирчдын дунд халз барилдааныг зохион байгуулах гэж байна. Шилдэг тамирчид оролцсон “All star sumo” тэмцээн өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болно.

Халз тэмцээнд Японоос дөрөв, Монгол Улсаас хоёр, ОХУ, Египет, Польш болон АНУ-аас тус бүр нэг сүмоч оролцоно. Монгол Улсаас дэлхийн сонирхогчдын хошой аварга У.Бямбадорж, мэргэжлийн сүмогийн Маэгаширагийн 8 хүртэл дэвшиж явсан Э.Санчирболд нар оролцох юм.

Шилдэг арван тамирчин тойргийн журмаар барилдаж, ялагчийг тодруулна. 

Categories
мэдээ спорт

“Говийн бүсийн Их хурд-2014” морин уралдаан болно

Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, “Говийн бүсийн” уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу Баянхонгор аймагт  зохион байгуулагдана.

XVII зууны Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, монгол маарамбын оройн чимэг, ууган зурхайч, Хамба номун  хан, Эрдэнэ  бандид хутагт, ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 375 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд энэ сарын 22-26-нд Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам, “Говийн бүсийн Их хурд -2014” хурдан морины уралдааныг тус бүр зохион байгуулахаар бэлтгэл хангаж эхэлжээ.

Энэ үеэр  “Дээлтэй Монгол-375” арга хэмжээ давхар зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Завьтай эргүүл ажиллаж байна

Энэ сарын 18-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 60 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхсөн бол Хэнтэй нурууны ар зүүн хажуугаас усжих Хурх, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Хэнтэй нурууны баруун хажуугийн Туул голын адаг болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см тус тус давсан байдалтай байна.

Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар хамтран Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин урсаж байгаа Туул голын ай сав газраар ирэх есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл завьт эргүүл ажиллуулж эхэллээ.

Завьт эргүүл Туул голын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэлх маршрутын дагуу ажиллаж байгаа юм. Мөн голын ай сав газарт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн архи согтууруулах ундааны худалдаанд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохион байгуулна. Голын сав газраас хайрга олборлох, мод бутыг сүйтгэх, ахуйн хэрэгцээнд бэлтгэж ашиглах, голын усанд авто тээврийн хэрэгсэл угаах зэрэг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зэрэг хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. 

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В2 болгон бууруулжээ

Олон улсын үнэлгээний Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл В1 байсныг бууруулж, В2 болгосон байна. Ийнхүү зээлжих зэрэглэл нэг пунктээр доошилсон ч хөрөнгө оруулахад эрсдэл багатай гэсэн ангилалд хэвээр үлджээ. Монгол Улсын үнэлгээг бууруулсан шалтгаанаа тус агентлаг гадаад валютын албан нөөц буурсан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларч байгаатай холбон тайлбарласан байна. Мөн төсөв болон мөнгөний бодлого эрэлтийг дэмжсэн байдалтай байгаа нь төлбөрийн тэнцэл, банкны системийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж үзжээ. Хэдийгээр Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан боловч “ING” банкны Азийн бүсийн судалгааны тэргүүн 10 жилийн хугацаатай бондын ханшийн талаар эерэг мэдэгдэл хийсэн байна. Тэрээр гадаад валютын нөөц буурч, 10 жилийн хугацаатай бондын үнэ 84.5 ам.долларын түвшинд хүрсэн нь худалдан авахад таатай ханш гэж үзжээ. Энэ дүгнэлтэд Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, Хятадын эдийн засгийн ерөнхий төлөв сайжирч байгаа зэрэг үзүүлэлт гол нөлөө үзүүлсэн гэж тус банкнаас мэдээлсэн байна. 

Categories
гадаад мэдээ

Дөрвөн далавчтай динозаврын үлдэгдэл олджээ

“Changyuraptor yangi” хэмээх цэрдийн галвын үеийн нисдэг, махчин динозаврын үлдэгдэл Хятадын Ляонин мужаас олдсон талаар BBC агентлаг мэдээллээ. Урт сүүлтэй энэ динозавр дөрвөн далавчтай байсан гэж судлаачид үзэж байна. Дөрвөн далавч нь аюулгүй газардахад тусалдаг, бас бусад махчин динозавруудаас хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг байж болох юм хэмээн палеонтологичид таамаглаж буй аж. Түүний хоншоор нь л гэхэд 132 см, сүүлэн дээрх өд нь 30 см хэмжээтэй байсан бөгөөд нисдэг динозавруудаас хамгийн урт нь дөрвөн далавчит энэхүү үлэг гүрвэл юм байна. “Changyuraptor yangi”-ийн сүүл хэсэгт байдаг хоёр далавч нь аварга том динозаврыг нисэхэд тусалдаг, мөн динозаврын урт сүүл нь нисч, тэнцвэрээ олоход нь хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг байжээ. Эртний нисдэг амьтдаас одоогийн шувууд үүссэн байна.

Categories
мэдээ спорт

Монгол туургатнууд Москвад наадав

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Москва дахь Монгол Улсын ЭСЯ-наас тус хотод оршин суудаг буриад, халимаг, тува, монголчуудын нутгийн зөвлөлтэй анх удаа хамтран долдугаар сарын 12-ны өдөр “Тал нутгийн эртний уламжлал, хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн дээжис” нэртэй “Угсаатан, соёлын бэсрэг наадам”-ыг Монгол Улсын ЭСЯ-ны төв байранд зохион байгуулсан байна.

Арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нээж эхлүүлсэн бөгөөд наадамд ОХУ-ын Холбооны зөвлөл, Төрийн Думын гишүүд, ГХЯ-ны ажилтнууд болон буриад, халимаг, тувагийн төлөөлөгчид оролцжээ.

Хүн төрөлхтөний биет бус соёлын өв болох наадам, уртын дуу, хөөмий, үндэсний бөх, монгол гэрээ монгол туургатнуудын төлөөлөгчдөд сурталчилсан байна. “Угсаатан, соёлын бэсрэг наадам”-д буриадын хоёр, халимагийн гурав, монголын 7 бөх нийтдээ 12 бөх зодоглосноос сумын заан С.Пүрэв-Очир түрүүлж, аймгийн начин П.Ганзориг үзүүрлэжээ.

Мөн Монголоос уригдан ирсэн “Улаанбаатар” чуулгын уртын дуучин О.Анхчимэг, морин хуурч, хөөмийч И.Тэрбиш нар ая дуугаа өргөсөн байна. Буриадын дуучин Чингиз Аюшеев, Елена Аюшеева, Дашдондок Надцалов, Халимагийн Соёлын яамны сайд асан, хөгжмийн зохиолч Аркадии Манжиев нар нутгийнхаа дууг дуулж, халимагийн бүжигчид ардын бүжгээ бүжиглэж наадамчин олноо баясгажээ. 

ОХУ-ын Байт сурын харвааны дасгалжуулагч, спортын мастер Баяр Гынинов буриадын “Сур харбаан”-ны үзүүлэх сургууль хийсэн нь олны таашаалд нийцсэн байна. Наадмын эхэнд зочиддоо монгол цагаан идээ, айраг сөгнөж, монгол цайгаа чанаж, монгол үндэсний хоол хуушуур, хорхог хийж дайлав. Тувагийн нутгийн зөвлөл дарга, 88 настай Ондор Чимэддорж гуай сургаалтай сайхан үг хэлж хөөмийдөж, тува дуу дуулж наадамчин олноо хөгжөөжээ.

Наадмын төгсгөлд ЭСЯ-ны ажилтнууд болон уригдан ирсэн монголчууд таван ханатай монгол гэрээ барьж үзүүлсэн нь монгол туургатнуудын сонирхлыг ихээр татсан байна. ЭСЯ-ны зүгээс энэ гэрийг Халимагийн нутгийн зөвлөлд бэлэглэжээ.