Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт бороо орохгүй

Улаанбаатар хотод өнөөдөр үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байх аж. Харин баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшиж, дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Харин говийн аймгуудын нутгаар бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“100 айл”-ын уулзварыг маргааш нээнэ

Шинээр өргөтгөх уулзвар

Маргааш буюу 2014.07.21-ны Даваа гарагийн 12:00цагт Зуун айлын уулзварыг албан ёсоор нээх нээлтийн ажиллагаа болно. Эрхэм сэтгүүлч та бүхнийг урьж байна. “Гудамж” төсөл.

“Гудамж” төслийн хүрээнд энэ жил уулзварыг өргөтгөн шинэчлэхээр болсон. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил юм. Энэ уулзварыг өнөөдөр албан ёсоор нээхээр болжээ. Гудамж төслийн хүрээнд “100 айл”-ын уулзварыг шинэчилснээр  зорчих хэсгийн эгнээг нэмэгдүүлэхээс гадна бүх чиглэлдээ саадгүй зорчих боломжтой болгож, хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчилөлт орж байгаа юм. Тодруулбал, 11 дүгээр хороолол болон 100 айл чиглэлээс аль ч тал руугаа гэрлэн дохиогоор хөндлөн нэвтрэх, 11 дүгээр хорооллоос Их тойруу чиглэлд, гүүртэй талаасаа 11 дүгээр хороолол чиглэлд тус тус зүүн гар тийш эргэх боломжтой болно. 

100 айлын уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Ростов” ХХК болосвруулж, зам барилгын ажлын явцад Японы “Си Ти Ай Инженеринг Интернэйшнл” ХХК хяналт тавин ажиллаж байна.  

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангайд гишүүд баярлаж явна

УИХ-ын гишүүд аймаг, сумдын ой хэсч наадамлаад тунчиг зугаатай амарч яваа бололтой. Өвөрхангай аймагт л гэхэд таван гишүүн амарч байгаа гэнэ. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ойн наадамд оролцож, нутагтаа хэд хоногийг өнгөрөөх гэнэ. Тэрбээр энэ жил хэд, хэдэн аймгаар зочлохдоо хамдынхаа ургийн баярт ч очихоор төлөвлөжээ. 

Энэ жил Өвөрхангай аймгийн есөн сум 90 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа. УИХ-ын гишүүн Г.Батхүү Хужирт сумын 90 жилийн ойд хурдан хүлгүүдээ хөтөлж очжээ. Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Лүндээжанцан нар тус аймагт яваа гэнэ. Д.Сумъяабазар гишүүн ч намынхаа нэрэмжит одон медалиудаас өвөртөлж нутагтаа очсон аж. 

Categories
мэдээ нийгэм

Дархан аварга А.Сүхбат сумынхаа ойд түрүүлэв

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж төрсөн нутаг Хужиртынхаа наадамд зодоглон хүндэтгэл үзүүлсэн билээ. Харин Дархан аварга А.Сүхбат Төв аймгийн Сэргэлэн сумын наадамд түрүүлжээ. Тус сумын 90 жилийн ой, үндэсний их баяр наадам энэ амралтын өдөр болсон юм. Ойд Төв аймгаас төрж гарсан аваргууд зодогложээ. 

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хоёр хүн боом өвчний халдвар авчээ

Энэ сарын 13–нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд малын боом өвчний халдварыг хоёр иргэн авч, тухайн бүс нутагт хөл хорио тогтоогоод байгаа билээ.  Боом өвчин нь мал амьтнаас хүнд халдварладаг, хурц халдварт өвчин бөгөөд хүний тунгалгийн зангилааг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг.  Халдвар авсан хүнд өндөр халуурах, булчирхай хавдах, ихэвчлэн биеийн ил хэсэг нүүр, гарын арьсанд нян орсоноос үүсэх улаан цэг, толбо бий болж богино хугацаанд гүвдрүүтэн, цэврүү үүсч улмаар хар тав болох ба хаван үүснэ. Эдгээр шинж тэмдэг илэрвэл хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэйг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна. Манай улсад сүүлийн 10 жилд боом өвчин хүнд халдварласан тохиолдол 157 бүртгэгдэж, тэдний 7.6 хувь нь нас барсан байна. 

Х.Цэнд

Categories
мэдээ нийгэм

Улсын баяр наадмаар 19 хүүхэд мориноосоо унажээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр хурдан морь унаач хүүхдүүд хэр бэртэж гэмтсэн талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний төвөөс өчигдөр мэдээлэл хийсэн юм. Хүй долоон худагт 7-18 насны 511 унаач хүүхэд 1751 морь унаж уралдсан буюу хүүхэд бүр хоёроос дөрвөн насны морь унажээ. Энэ жилийн хурдан морины унаач хүүхдүүдэд стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэл өмсүүлэх шаардлагыг өндөр хэмжээнд тавьж ажилласны үр дүнд бүгд хамгаалалтын малгайтай уралдсан болохыг Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтэн Г.Ойнбаяр онцолсон юм. Уралдааны үеэр 19 хүүхэд мориноос унаж таван хүүхэд хүнд, гурав нь хүндэвтэр, найм нь хөнгөн бэртжээ. Энэ удаад зөвхөн Хүй долоон худагт морь унаж уралдсан хүүхдүүдийн талаарх судалгааг танилцуулсан бол дараагийн удаад улсын хэмжээн дэх нэгтгэсэн дүнг гаргахаар Хүүхдийн төлөө үндэсний газраас мэдэгдлээ. Дашрамд дуулгахад хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй хоёр унаач хүүхэд мориноосоо унаж биеийн байдал нь хүнд байгаа харамсалтай тохиолдол Ховд аймагт гарсан байна.

М.УУГАН

Categories
мэдээ спорт

Сумогийн их аварга Д.Дагвадорж төрөлх сумынхаа наадамд зодоглов

Өвөрхангай аймгийн есөн сумын 90 жилийн ойн баяр наадам өчигдөр эхэллээ. Сум сумын ойн наадам сонин содон зүйлээр дүүрэн болж байгаа аж. Үүний нэг жишээ нь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн Хужирт сумынхаа 90 жилийн ойд зодогложээ. Тэрээр нутгийнхаа зон олонд ийнхүү хүндэтгэл илэрхийлсэн бол дархан аварга А.Сүхбат Сэргэлэн сумынхаа их ойд мөн барилджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 15.9 хувиар нэмэгджээ

Монголбанк, Тэнхлэг зууч, Актив зууч болон Монголиан Пропертиз компаниуд хамтран өнгөрөгч зургадугаар сарын орон сууцны үнийн индексийн судалгааг танилцуулсан юм. Судалгаагаар орон сууцны үнэ тавдугаар сартай харьцуулахад 2.9 хувиар буурсан бол өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 15.9 хувиар өссөн дүнтэй байна.

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач З.Хатанбаатар “Орон сууцны үнийн индекс гэдэг бол орон сууцны үнийн арифметик дундаж гэж андуурах хүмүүс их бий. Байршил, ашиглалтад орсон хугацаа, талбай, гадаад орчны тохижилт, давхар, машины зогсоолтой эсэхээс хамааран худалдах, худалдан авах үнээ тохирдог. Энэ мэт хуучин орон сууцны үнэд нөлөөлөгч 28, шинэ бол  32 хүчин зүйлсийн өртгийг оруулахгүйгээр үнийн өсөлтийг тооцдог юм. Чухам ингэснээр орон сууцны үнийн цэвэр өсөлт гарч ирдэг учраас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гажуудал болох үнийн хөөсрөл буюу үндэслэлгүй үнийн өсөлтөөс сэргийлэх давуу талтай. Нөгөө талаар орон сууцны үнийн индексийг эдийн засгийн өсөлтийн нэг үзүүлэлт гэж үздэг. Эдийн засаг хурдацтай өсч байвал орон сууцны үнэ нэмэгдэх хандлагатай байдаг бол орон сууцны үнэ буурсан тохиолдолд санхүүгийн орчин сайнгүй байгаагийн нотолгоо болдог. Орон сууцны үнийн индекст бодлого боловсруулагч, бизнес эрхлэгч нар ихээхэн ач холбогдол өгөх болсон. Индексийг тооцохдоо үнийн өсөлт, бууралтыг хувиар илэрхийлэхээс бус тоогоор дүгнэдэггүй. Өөрөөр хэлбэл тэдэн саяас төд болж өссөн эсвэл буурсан нь хувиар илэрхийлбэл ийм болж байна гэж тооцдоггүйд гол онцлог нь байгаа хэрэг” гэсэн юм.

Үндэсний Статистикийн хороо 2009 оноос орон сууцны үнийн индексийг улирал тутам тооцсоор ирсэн ч өнөө цагт сар бүр, улам нарийвчлалтайгаар индексийг гаргах шаардлага зүй ёсоор тулгарсан учраас ингэж сар бүр гаргах болжээ. Монголбанк, Тэнхлэг зууч компанийн байгуулсан гэрээ ёсоор энэ оныг дуустал сар бүр ийн орон сууцны үнийн индексийг тооцох юм байна.

М.УУГАН

Categories
мэдээ спорт

Өсвөрийн хөлбөмбөгчид түүхэн амжилт үзүүллээ

Энэ сарын 13-наас 19-ний өдрүүдэд Шведийн Гётеборг хотноо дэлхийн 80 гаруй орны 1600 гаруй клуб оролцсон “Gothia Cup” тэмцээн боллоо. 39 дэх удаагийн хөвгүүд, охидын “Gothia Cup” тэмцээнд Монгол Улсаас хөвгүүдийн 12 болон 16 насанд “Дэрэн” клубийн хоёр баг оролцож, өндөр амжилтыг үзүүллээ. Хүүхдийн хөлбөмбөгийн клубүүд оролцдог “Gothia Cup” тэмцээний хөвгүүдийн 16 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Монгол Улсын “FC Deren Sumida” баг амжилттай тоглож, “В” хэсэгт Энэтхэг, Швед, Герман, Норвегийн багуудыг хожиж, хагас шигшээд шалгарсан амжилтыг үзүүллээ.

Хөвгүүдийн 12 хүртэлх насанд өрсөлдсөн “Дэрэн” баг хожигдол хүлээснээр цааш өрсөлдөх боломжгүй болсон. Харин 16 насны ангилалд өрсөлдсөн “Дэрэн” клубийн тамирчид өндөр амжилтыг үзүүлллээ. Хөвгүүдийн 16 насанд 32 улсын 190 баг оролцож, 47 хэсэгт хуваагдсан бөгөөд Монгол Улсын “Дэрэн” баг 15-р хэсэгт Шведийн хоёр, Норвегийн нэг багуудтай багтсан. Хэсэгтээ Норвегийн багийг 3-0-ийн харьцаагаар хожиж, Шведийн хоёр багт хожигдсоноор (4-1, 1-0) гурван оноогоор гуравдугаар байрт шалгарав. Энэ хэсгийг зохион байгуулагч Шведийн хоёр баг долоон оноотой тэргүүлж, “А” хэсэгт өрсөлдөх эрхийг авсан.

Хэсэгтээ гуравдугаар байрт шалгарсан “Дэрэн” баг В хэсгийн плэй-оффт дахин тоглосон билээ. “Дэрэн” баг “В” хэсгийн 1/64-т Энэтхэгийн “Phonenix Sports” клубийн багийг 5-4-ийн харьцаагаар хожиж, шөвгийн 32-т багтсан.

Цааш хасагдах шатны 1/32-т Шведийн “IFK Umeе” багийг 7-5-ийн харьцаагаар хожиж, шөвгийн 16-д шалгарсан. 1/16-ийн тоглолтод Германы “TSV Buchholz 08” багийг 2-0-ийн харьцаагаар хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Улмаар Норвегийн “IL Bjarg” багийг 3-1-ийн харьцаагаар хожиж, шилдэг дөрөвт шалгарч, “В” хэсгийн медалийн төлөөх тоглолтод тоглохоор болсон.

“В” хэсгийн шийдвэрлэх тоглолтод “Дэрэн” баг тэмцээнийг зохион байгуулагч орны “IFK Lidingц FK” клубийн багт 0-2-ийн харьцаагаар ялагдлаа. Манай багийг хожсон зохион байгуулагч орны “IFK Lidingц FK” баг нутгийн GAIS багийг 4-2-ийн харьцаагаар хожиж, “В” хэсгийн хүрэл медалийг хүртжээ.

“Дэрэн” багийн тоглолтын үр дүнг танилцуулъя.

Хэсгийн тоглолт: 33 орны 189 баг 47 хэсэгт хуваагдсанаас “Дэрэн” баг 15-р хэсэгт Шведийн хоёр, Норвегийн нэг багтай багтсан.

Долдугаар сарын 14:

Gerdskens BK            –           FC Deren Sumida       4 – 1

Долдугаар сарын 15: 

FC Deren Sumida       –           Eskilstuna City FK     0 – 1

Долдугаар сарын 16: 

FK Lillehammer 1       –           FC Deren Sumida       0 – 3

FC Deren Sumida       –           Phoenix Sports 1         5 – 4 P

“Дэрэн” баг хэсэгтээ нэг хожил, хоёр хожигдол авснаар гуравдугаар байраар шалгарч, “В” хэсэгт өрсөлдлөө. Цааш “Дэрэн” баг Энэтхэгийн багийг хожиж, хасагдах шат буюу 1/64-д шалгарлаа. Улмаар:

Долдугаар сарын 17:  1/32.

FC Deren Sumida       –           IFK Umeе       7 – 5 P

Тоглолтын 19.50 дахь минутад 8 дугаартай тоглогч А.Тэмүүжин эсрэг багийн хаалганд эхний гоол оруулсан бол тоглолтын 21.05 дахь минутад 5 дугаартай В.Мөнхжаргал, 34.30-д А.Нармандах нар гоол оруулсан юм. Тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болсон байна. Ингэснээр “Дэрэн” клубын Д.Билгүүн, Б.Батмөнх, М.Жансерик, Х.Энхзориг нар цохилтоо амжилттай гүйцэтгэснээр Шведийн IFK UMEA багийг буулган авчээ.

1/16:

 TSV Buchholz 08      –           FC Deren Sumida       0 – 2    

Тоглолтын 32.22 дахь минутад довтлогч П.Энхбаяр эхний гоолыг оруулсан бол тоглолтын 41.41 дэх минутад 8 дугаартай довтлогч А.Тэмүүжин хоёр дахь гоолыг орууллаа.

Долдугаар сарын 18:

1/8 финал.

Mеnsarps IF    –                      FC Deren Sumida       0 – 4

1/4-ийн финал.

FC Deren Sumida       –           IL Bjarg          3 – 1

Хагас шигшээ тоглолт:

IFK Lidingц FK         –              FC Deren Sumida       2 – 0

Манай багийг хожсон зохион байгуулагч орны “IFK Lidingц FK” багийн хувьд нутгийн GAIS багийг 4-2-ийн харьцаагаар хожиж, “В” хэсгийн хүрэл медалийг хүртжээ. Ийнхүү Монголын өсвөрийн хөлбөмбөгчид дэлхийн үеийнхээ шилдэг тамирчидтай өрсөлдөж, өндөр амжилт үзүүллээ.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Баянхонгорын анхны 10- ынхан

1963 онд Баянхонгор аймагт.

Тэртээ 1954 оны зуны эхэн сар. Хөх ногооны униар цэнхэртсэн сайхан өдөр байлаа. Баянхонгор аймгийн арван жилийн сургуулийн анхны төгсөгчид тодотголтой, өд сөд нь ургаж гүйцээд үүрнээсээ нисэхийг завдан буй хорин “дэгдээхий” байжээ бид чинь. Төгсөх шалгалтаа амжилттай давчихаад бүрэн дунд боловсролын үнэмлэх, их, дээд сургуульд суралцах эрхийн бичгээ гардсан тэр өдөр. Сургуулийн захиргаа, багш нар маань биднийг хүндэтгэж цэнгүүн зохиож, цайлж дайлж билээ. Бүрэн дунд боловсрол эзэмшиж томчуулын армид шилжсэн бид сургууль багш нараараа бас өөрсдөөрөө бахархаж, багш нар маань биднээрээ бахархаж үнэт сургаалаа хайрлаж, багш сурагчидгүй л огшиж байсан торгон мөчийг яахан мартах билээ.

Цаг хугацаа яасан түргэн нисэн одож, хүмүүний амьдрал ямар амархан хувьсан өөрчлөгддөг юм бэ. Тэр дурсгалт мөчөөс хойш нэгэн жаран биднээс алслан холджээ. Өнөөдөр эргэн санахад 60 жилийн өмнөх сурагч насны амьдрал нүдэнд илхэн, сэтгэлд тов тодхон.

 Наймаас аравдугаар анги төгстөлөө хөгнөөтэй хурга шиг ижилдэн дассан эвсэг найрсгаараа, сурлага сахилга, спорт, урлагийн авьяас чадвараараа гайхагдсан хамт олон байлаа бид.

“Та нар сургуульдаа байтугай аймагтаа юм юмаар аваргалдаг хүүхдүүд байсан. Анхны сурагч та нараараа би үргэлж бахархаж явдаг шүү гэж анги даасан Л.Раднаа багш  уулзах бүртээ ярьдаг юм. Цана, тэшүүр гэдгийг бараг мэдэхгүй байсан Баянхонгор аймагт уулын спортын мастер, тоо физикийн багш Л.Раднаа, малын их эмч, тэшүүрчин Р.Сандаг зэрэг хэсэг сэхээтэн ирснээр өвлийн спортын энэ төрөл тус аймагт дэлгэрсэн юм. Аз болоход уулчин Л.Раднаа манай анги даасан багш болсны ачаар бид аймагтаа анхны цаначид, тэшүүрчид болж билээ. Л.Раднаа багш маань өдгөө УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн аав билээ.

1953 онд Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай аймаг, нийслэлийн “Туяа” нийгэмлэгийн цаначдын бүсийн тэмцээн манай аймагт болсон юм. Уралдааны эрэгтэйчүүдийн 15, 30 км-т манай С.Жамбал, эмэгтэйчүүдийн тав, 10 км-т Ц.Бадамжанцан, трамплейн харайлтад ангийн багш Л.Раднаа, манай ангийн Д.Төмөрбаатар, 1х4 км-ийн буухиа уралдаанд Халзан, манай ангийн гурван охин (Ц.Бадамжанцан, Б.Цэвэл, Д.Дорждулам) нар түрүүлснээр тэмцээний бүх төрөлд ангиараа тэргүүлж аймгийнхаа нэрийг гаргаж байсан юм.

Сурагчдын өвлийн амралтаар хацар нүүр хайрах идэр есийн жавар сөрөн хөгжмөө үүрээд Мандал, Эрдэнэцогт, Өлзийт сумдаар бид багштайгаа цанаар аялж, концерт тоглоод сургуульдаа баярын бичигтэй, өөрсдөдөө чихэр боов, үзэг дэвтрийн шагналтай ирж байсан удаатай. Бид цанаар аваргалаад зогсохгүй тэшүүрээр бусдыг урдаа гишгүүлдэггүй аваргуудтай анги байв аа. Тэд бол Ж.Адъяабазар, С.Давдай нар.

Хагас, бүтэн сайнд бид ангиараа Баруун булгийн мөсөн дээр очиж өнжин хонон гулгацгаана. Эсгий гутал дээрээ дээс, сураар оосорлосон “Какск” тэшүүрээ түлээний модоор тэвхдэж бэхлээд, монгол дээлийн ханцуйг шамлан, хормойгоо эргүүлж бүсэндээ хавчуулчихаад л: 

Ган тэшүүрийн ирэн дээр

Гар хүргэхийн аргагүй ээ

Галтай цогтой залуус бүгдээрээ

Гар гараасаа барилцан хурдалцгаая.

Толь шиг тунгалаг мөсөн дээр

Тоглон наадацгаая бүгдээрээ

Далавчгүй нисэх мэт

Даанч сайхны нь хэлээд яах вэ…

хэмээн хоолой нийлүүлэн дуулж, хөтлөлцөн хөлсөө гартал хурдлахад нүүр, нүд хөмсөг цавцайн цантаад цаанаа л нэг жавхаа төгс байдагсан. Тэр үеэ эргэн санахад,  “Аз жаргал дүүрэн хонгорхон бага нас минь” хэмээн дуу алдмаар болдог юм. Бидэн шиг цанаар аялж, хөдөөгийн хөдөлмөрчдөд урлагаар үйлчилж явсан анги хамт олон өнгөрсөн жаранд гараагүй юм билээ.

Манай ангид урлаг спортын авьяастан олон байсаан. С.Давдай, Ч.Шарав-Арилдий хоёр баян хуурдаж, М.Сүрэнхорлоо аман хуур, хулсан хуураар, М.Сүрэнхорлоо, Ц.Бадамжанцан хоёр мандолинаар хоршиж, Балдангийн Лхагваа пляск товшиж бусад нь дуулна, бүжиглэнэ, шүлэг уншина. Э.Жамъян “Хүрэн толгойн сүүдэр” танхим дүүргэн цангинуулахад үзэгчид алга нижигнүүлэн ташиж, хөгшид нулимс мэлтрүүлэн байж дахиулдагсан. Оюуны спорт шатар, даамаар бол С.Халзан, С.Давдай, М.Сүрэнхорлоо, С.Даваа, С.Жамбал нар аймагтаа дээгүүр ордог шаггүй тоглогчид байсан шүү!

2013.01.09. Улаанбаатар зочид буудалд. Ангийн багш Л.Раднаа, Дорждулам, Б.Цэвэл, С.Халзан, М.Сүрэнхорлоо нар.

Арван жилээ амжилттай төгссөн анхны хорь бид амьдралын хорин өөр замаар алхсан хэдий ч сурагч насны үерхэл нөхөрлөл маань холдож хөндийрөөгүй ээ. Сурлагаар манийгаа манлайлагчийн нэг Ц.Жамбал маань Москвад сурч барилгын материалын үйлдвэрийн инженер болсон. Биднээс гадаадад суралцсан ганц нь. Бас ангиас төрсөн төрийн сайд ганц нь ч Ц.Жамбал. Тэр хорин тавтайдаа Монгол Улсын Барилгын яамны орлогч сайд, хорин долоотойдоо тус салбарынхаа сайд, хоёр ч удаа Ардын Их Хурлын депутатаар сонгогдож явсан “онцгой” эр. Салбаруудын тэргүүнээс эхлээд Ардын хувьсгалын ойн ба Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон түүний энгэрт гялалздаг байв. Хамгийн ажилсаг, ухаантай, нөхөрсөг, даруу болохоор түүнийг маань бурхан арай л эрт аваад явчихсан даа. 

Манай онцчуулын нэг М.Чундар бол арван жилийн боловсролыг долоохон жил сурч Онц төгссөн онцгой IQ-тай нөхөр. Гадаадад сургахаар хуваарилахад “би Монголдоо л сурна” гэж зөрүүдлээд Анагаахыг ангийн найз Ж.Адъяабазар, Ч.Шарав-Арилдий хоёртойгоо хамт сурч төгссөн. Төгсөөд аймагтаа анхны их эмчээр очсон. Ч.Шарав-Арилдий, М.Чундар хоёр маань хоёргүй сэтгэлээр хонгор нутгийнхандаа хорь гучаад жил үйлчилж, олон мянган хүнд эрүүл энхийн жаргал бэлэглээд хорвоогоос одсон хоёр доо. Гурав дахь эмч Ж.Адъяабазар эмчийн диплом өвөртөлмөгцөө алс баруун хязгаарын Баян-Өлгий аймагт хөлгийн жолоо залсан. Казак түмэнд сайн эмч гэдгээ мэдүүлж байтал ЭХЯ төвд дуудаж Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт ажиллуулсан. Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр олон жил ажилласан. Ер нь мэдээгүйжүүлэлтийн талаар бол монголдоо л нэг номер.

Түүнийг Эрүүлийг хамгаалах Яам, нэгдсэн хоёрдугаар эмнэлэг нь хүний гавьяат эмч болгохоор олонтаа тодорхойлж байсан. Тухайн үед шалгуур хатуу байлаа. Ажлаараа болзол хангасан хэдий ч ар гэрийн будилаанаас болоод гавьяатын оосороос атгаад алдчихсан юм аа тэр. Гэхдээ Монгол төрийн хамгийн том нь болох Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, бусад бүх одонг “түүчихсэн” хүн шүү манай Адъяа эмч.

Тоо физикийн хичээлд толгойлдог М.Сүрэнхорлоо, Балдангийн Лхагваа, Г.Даш гурав Их сургуулийн тоо физикийн ангийг төгсцгөөсөн. М.Сүрэнхорлоо Монгол улсын гео-физикийн анхны инженер. 1958 оноос усны системийн байгууллагад 34 жил ажиллахдаа эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист усны цахилгаан хайгуул хийж, хүн ам, малын бэлчээр усжуулах ажилд онцгой хувь нэмэр оруулсан юмдаг. Түүний ажлын үр дүнг хамгийн товчоор, тоон үзүүлэлтээр хэлбэл 34 жилийн 3768 хоногийг хүнд хэцүү нөхцөлд хээрээр гэр, хэцээр дэр хийж явж цахилгаан хайгуулын 459670 цэг хэмжиж, түүнийг хийхийн тулд дэлхийг бүслүүрээр нь дөрвөн удаа тойрсонтой тэнцэх 113840 км замыг туулж, 681 уст цэг тогтоож, 70607 хавтгай дөрвөлжин км талбайг усжуулсан байдаг юм. 1958-1968 онд цахилгаан хайгуулын бригадын дарга, инженерээр ажиллахдаа байгууллага, иргэдийн захиалгаар говь хээрийн бүс, отрын бэлчээр, мал тууврын зам дагуу, төв суурин газарт цахилгаан хайгуул хийж инженерийн хийцтэй гүн өрмийн болон богино яндант худгийн 225 уст цэг илрүүлж 14400 хавтгай дөрвөлжин км талбайг усжуулжээ. Тэр энэ их ажлыг амжуулж явахдаа дуулж, хөгжимдөж, дэмбээдэж ардын язгуур урлагийг ард түмэнд түгээж явсан авьяас билгийн ундарга болсон “этгээд”. М.Сүрэнхорлоо дэмбээгийн, хулсан хуурын улсын аварга цолтой ганц хүн шүү дээ ангийнхан дундаа. Түүний хөдөлмөрийг төр засгаар үнэлүүлж Гавьяат усжуулагч болгохоор усны байгууллага хэд хэдэн удаа тодорхойлсон юм билээ. Гэвч гавьяатын оронд “одон” олгосоор нөгөө гавьяат нь “будаа” болчихсон болохоор үндсэн байгууллага нь гомдолтой байдаг гэсэн.

Балдангийн Лхагваа чинь бидэн дундаа нисэхийн инженер ганц хүн байсан юм. Тэр иргэний нисэхийн төв, орон нутгийн байгууллагад насаараа ажиллахдаа мэргэжил, мэдлэгээрээ улсын урдаа барьдаг инженер байсан. Г.Даш маань Батлан хамгаалах Яаманд цаг уурын инженерээр ажиллахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд шамдаж, газарзүйн шинжлэх ухааны дэд докторын зэргийг 1990 онд хамгаалсан. 1993 онд “Хурын шим” төвийн суурийг тавилцаж, уг төвийн албаны даргаар ажиллаж байсан. Түүний хөдөлмөрийг төр, засаг үнэлж Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнасан. М.Даш маань бүтээн туурвих ид насан дээрээ 1996 онд бурханы оронд явсаан. 

2004 оны тавдугаар сар. Зүүн гар талаас ангийн багш уулчин Л.Раднаа, хичээлийн эрхлэгч Л.Сандаг, М.Сүрэнхорлоо

Бид хориос хамгийн олон буюу долоо нь багшийн мэргэжлийг сонгосон. Тэд бол С.Давдай, С.Халзан, Б.Цэвэл, Баатарын Лхагваа, Ц.Бадамжанцан нар. Арван жилдээ орос хэлийг онцгой сонирхож, түүндээ онцоос өөр дүн авдаггүй С.Халзан сонирхлынхоо дагуу Багшийн дээдийн орос хэлний ангид орж суралцсан. Бас л хонгор нутгаас төрсөн орос хэлний анхны багш. С.Халзан Өлзийт, Баянцагаан сум, аймгийн төвийн сургуулиудад арваад жил багшилж, олон зуун хүүхдийг гадаад ертөнцөд нэвтрэх хөлтэй, хэлтэй болгосон ачтай багш аа. Дараа нь нийслэлд дэвшин ирж, Боловсролын хороо, Яамандаа төв, хөдөөгийн сургуулиуд хариуцсан мэргэжилтнээр насны тэтгэвэрт гартлаа ажилласан Ардын боловсролын Тэргүүний ажилтан билээ.

Манай Б.Цэвэл бас Ардын боловсролын тэргүүний ажилтан цолтой ажил, мэргэжлээрээ явсан газар, уулзсан хүн бүхэндээ багш болсон нэгэн бий. Тэр 1958 онд Багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын ангийг төгссөнөөс хойш насны тэтгэвэрт гартлаа нийслэлийн 14-р сургуульд багшилсан, амьдралдаа ажлын байраа солиогүй ганцхан хүн дээ. Сайн багш, авьяаслаг дуучин, уран үйлчин гээд л Цэвэлийг магтан алдаршуулах зүйл олон.

Манай долоон багшаас С.Давдай бас онцгой авьяас билигтэй нэгэн байв. Түүхийн багшийн мэргэжилтэй түүнд мэдэхгүй чадахгүй ажил гэж үгүй. Бүх төрлийн хөгжмийг чадамгай эзэмшиж, гайхалтай хөгжимдөнө. Гар, сагсан, одон бөмбөгөөр хэнтэй ч өрсөлдөхөд дийлдэж байгаагүй гэвэл худлаа болохгүй ээ. Тэр  наяад он хүртэл хонгор нутагтаа төв, хөдөөгийн сургуулиудад багш, захирлын алба хашиж, очсон сургууль болгоноо тэргүүний болгож байсан юм.

Наяад оны эхээр нийслэлд ирж, МАХН-ын Төв Хорооны ерөнхий хэлтэст бичиг хэргийн ажилтан болоод удалгүй тасгийн даргаар дэвшиж, Монгол Улсын хэмжээний бичиг баримтын үлгэрчилсэн загварыг гаргаж мөрдүүлсэн нь одоо ч хэрэглэгдэж байгаа. Аливаад авхаалжтай, нягт нямбай, хатуу чанд шаардлагатай С.Давдай маань хийж бүтээх ид насандаа хорвоог орхисон нь даанч харамсалтай.

Балдангийн Лхагваагийн амидаа Баатарын Лхагваа бол сурагч ахуй цагаасаа үг дуу цөөтэй, дэндүү даруухан, тэгэхдээ хичээл, ажлын алинд нь ч хувиа тавьдаггүй хөөрхөн бор хүү байлаа. Даруухан болохоороо ярихаас илүү биеэр хийж бүтээж үзүүлэхийг бодсон биз. Тэр зураг хөдөлмөрийн багш болсон. Хот хөдөөд олон шавьтай, олон хүнд амьдралаа авч явах насны мужаан, дархны мэргэжил олгосон гартаа ур дүйтэй, ухааны сум нь урт нэгэн байсан даа, Лхагваа минь. Өнөөдөр бас л биднийхээ дунд алга. Ангийн гурван найз охины хамгийн их авьяастай нь Ц.Бадамжанцан. Урлаг спортын амжилтаар аймагтаа л гайхагдаж байсан. Цана, тэшүүр, гар бөмбөг, одон бөмбөг гээд амжилт үзүүлээгүй спортын төрөл түүнд бараг байгаагүй. Сургуулийн концерт ч манай Бадамжанцангүйгээр болж байсныг санахгүй байна. Тэр дуулна, шүлэг уншина, бүжиглэнэ. Утсан хөгжим сайхан тоглочихно. Тэр их авьяас нь багшийн хөдөлмөрт нь их тустай байсан байж таарна. Хэдэн жилийн өмнө тэнгэрт хальсан найз минь биднийгээ бурханы орноос харж л байгаа байх даа.

54 жилийн дараа уулзав.

Д.Төмөрбаатар гэж манай ангийн цор ганцхан эдийн засагч. Эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэргийг социалист нийгмийн үед амжилттай хамгаалсан нөхөр дөө. Тэр төрөлх аймагтаа төлөвлөгөөний комиссын орлогч даргын алба хашиж байсан. Хожим нь Улаанбаатар зочид буудлын даргаас авахуулаад аль нэг газар, ямар нэг “хурган” даргын алба хашсаар байгаад насны тэтгэвэртэйгээ золгосон. Нэг үгээр хэлэхэд “даргын одонд” төрсөн хүн.

С.Даваа, Ж.Сэрчин хоёр маань орон нутагтаа багш, баг, бригадын дарга “сэтэртэй” явсаар насыг элээсэн. Уулзаж ярилцаж сэтгэл бодлоо хуваалцах хүсэл хэн бүхэнд маань байсан ч газрын хол, усны урт, ажил албаны нөхцөлөөс болоод тэр хоёр минь бидэнтэйгээ ховорхон л уулзаж байж дээ.

Ц.Жамбалын амидаа С.Жамбал бол арван жилдээ цанын аваргаар (бүсийн) шалгарч шуугиулж явсан одтой эр.

-Би цагдаа болж та нарыгаа хамгаална гэж сурагч цагаасаа ярьдаг байсан С.Жамбал маань мөрөөдлөө биелүүлж, цагдаагийн хурандаа, онц сэргийлэгч болтлоо нийслэлийн сэргийлэх байгууллагад хүчин зүтгэсэн. Жаран хэдэн онд нийслэлд тохиолдсон их үер усны аюулаас олон хүний амь аварч, олон зуун саяын өртөг бүхий эд хөрөнгийн хохирол учрахаас хамгаалж, амь биеэ үл хайрлан зүтгэж явсан гавьяатан байсаар идэр залуудаа нарт хорвоог орхисонд нь бид гүнээ харуусаж явдаг юм.

Хүн ардад өдөр тутам амин хэрэгтэй чухлаас чухал мэргэжил эзэмшсэн хүн бол манай С.Цэдэнбалжир байлаа. Тэр нийслэлийн гэр хорооллын цахилгаанчнаар насан туршдаа ажилласан. Уг хүн нь даруухан, ажилдаа үнэнч болохоороо үйлчлүүлэгчид нь түүнд дандаа “онц” дүн тавьж, их сургуульд сураагүй ч инженерийн дайтай цахилгаанчин гэж үнэлдэг байсан юм.

Анх олсон малын эмчийн мэргэжлээ сэтгүүлчийнхээр сольж, ажил мэргэжлээсээ “урвасан” ганц нөхөр бол энэхүү тэмдэглэлийг тэрлэгч би билээ. Хэдийгээр мэргэжлээсээ урвасан “нүгэлтэй ч” анхны 20-ийнхоо нэр, алдрыг цаасан дээр үлдээж байгаадаа мэргэжлээрээ би бас бахархнам.

Улиран одсон жаран бидэнд ихийг өгч бас багагүйг авчээ. Өгөө аваатай хорвоогийн жамыг яалтай билээ. Биднийг төгсөхөд 30 настай байсан төрөлх сургуулийн минь 90 жилийн ой энэ жил тохиож байна. Мянга мянган хүүхдийн оюуны мэлмийг нээж амьдралынх нь чиг замыг заадаг эрдмийн их уурхай-төрөлх сургуульдаа ойн баярын мэнд дэвшүүлж, эрдэм мэдлэгийн далай их амжилтыг анхны 10-ынхны нэрийн өмнөөс хүсэн ерөөе.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч 

Даваагийн Дорждулам