Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд 562 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэжээ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж зөвлөгөөнөөр өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг танилцуулаа.  

Өнгөрсөн өдрүүдэд Үндэсний баяр наадам болсонтой холбогдуулан наадам зохион байгуулахад чиглэсэн хэд хэдэн үүрэг даалгаварыг нийслэлийн Засаг дарга  өгсөн юм.

Тодрулбал,  баяр наамдын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах,  нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт  тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн талбайд байрлуулж хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн газарт үүрэг болгосон. Нийслэлийн хэмжээнд баярын болон амралтын өдрүүдэд нийт 2280 тээврийн хэрэгсэл ажиллахаас 2028 тээврийн хэрэгсэл ажилласан байна.   Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Хүй 7 худаг”, “Мишээл экспо”, “Дүнжингарав” худалдааны төв, “Долоон буудал”  зэрэг нийт 5 цэгт диспетчерийн хяналтыг  ажиллуулан бүртгэл, хяналт, шуурхай зохицуулалтын арга хэмжээг авч  ажиллажээ.  Түүнчлэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газарт үүрэг болгсон байна.

Үүргийн дагуу нийслэлийн Цагдаагийн газраас баяр, амралтын өдрүүдэд гудамж талбай, олон нийтийн газарт машинт эргүүл 384 чиглэлд, мотоциклт эргүүл 30, явган эргүүл 186 чиглэлд 2209 офицер, 2491 цагдаа үүрэг гүйцэтгэж, зөрчил гаргасан 1 615  хүнийг 9.804.000 мянган төгрөгөөр торгож, 31 гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоож ажиллажээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гадна орчинд 16 ширхэг теле хяналтын камерийг байрлуусан бол жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд 40 чиглэлд 81 оюутан цагдааг ажиллуулжээ.

Баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон  худагт  200 гаруй зам талбайн үйлчлэгч хоёр ээлжээр ажиллан  нийт 562 тн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ машинаар “ЕС” зөвшөөрлийг олгоно

Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэлд олгох “ЕС” зөвшөөрлийг аж ахуйн нэгж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс “ТҮЦ” машиныг ашиглан олгохоор болжээ. Ингэхдээ нэг машинд зургаан сарын хугацаатай олгох юм байна.

Нийслэл хотын хэмжээнд бүртгэлтэй 70 мянган ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэл байдгаас тэдгээрийн 18 хувь нь л өнгөрсөн онд зөвшөөрлөө авсан байдаг аж. ТҮЦ машинаар зөвшөөрөл олгох бэлтгэл ажил есдүгээр сарын эхээр дуусна хэмээн Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

“Сарлагийн баяр” нөгөөдөр болно

 “Сарлагийн баяр”-ыг жил бүрийн долоодугаар сарын 23-нд тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил уг наадам Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд болох аж. Наадмын үеэр сарлагийн уралдаан зохиож, сарлаг бугуйлдах, булгиулах, дүүгүүр шидэх, поло тоглох зэрэг багийн тэмцээнүүд явуулах юм байна. Мөн сарлагийн шилдэг бүтээгдэхүүн болон хамгийн сайхан сарлагийг шалгаруулах юм. Сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчлах зорилготойгоор зохион байгуулдаг энэхүү баяр Бат-Өлзий сумын Орхоны хүрхрээгээс баруун тийш байдаг Өндөр-Хясаа хэмээх газарт болох юм байна. 

  Э.Номин

Categories
мэдээ цаг-үе

А.Дашпэлжээ: “Сумын маань ойн босгон дээр дахиад нэг ардын жүжигчин төрлөө” гээд нутгийн ард түмэн хөл хөөр болж байгаа гэнэ

Баяр наадмын өмнөхөн Ардын жүжигчин цолоор шагнуулсан  Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдаач А.Дашпэлжээ гуайтай ярилцлаа. 

-Баяр наадмын босгон дээр Ардын жүжигчин цол хүртэж, давхар баяр тохиосон сайхан наадам болсон байх. Нийт уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе?

-Наадам их сайхан өнгөтэй, сонин сайхан ихтэй боллоо. Ёстой л жинхэнэ нар хур тэгширсэн наадам боллоо.  Миний хувьд төрийнхөө  наадмын босгон дээр Ерөнхийлөгчөөсөө Монгол Улсын Ардын жүжигчин гэдэг цол хүртлээ. Тэр болгон хүнд тохиогоод байдаг зүйл биш байх. Үүнээс илүү  би яаж наадах билээ. Энэ цолны ард надад ажил үүрэг, хариуцлага, нэр төрөө хамгаалах гээд зөндөө юм гарах байх. 

Наадмын сонин хачин гэвэл их байна. Ерөнхийлөгч маань наадмын нээлтэн дээр их сайхан үг хэллээ. Монголчуудаа морио уная гэж том уриалга гаргалаа. Бид морь малаа эдлэхээ байснаас болоод том соёл алга болж хаягдаж байгаа нь үнэн. Би өөрөө хөдөө өссөн, адуу мал сайн мэднэ. Тиймээс Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг олон түмэнд хэлж яриад дэмжээд явна даа. Миний наадам дуусаагүй байна. Энэ жил маш олон сум, орон нутгийн 90 жилийн ой тохиож байна. Манай нутаг Дундговь аймгийн Өлзийт сумын 90 жилийн ой мөн тохиож байна. 90 жилийн ойн босгон дээр дахиад нэг ардын жүжигчин төрлөө гээд нутгийн ард түмэн бөөн хөл хөөр болж, бэлгэдэл болгон ярьж байгаа гэнэ. Хэзээ ирэх вэ. Заавал ирнэ шүү гээд захиад байна. Тиймээс би маргааш нутагтаа наадамлаж,  нутгийнхандаа ая дуугаа өргөнө. Энэ дашрамд нутгийнхандаа  маш том баярын мэнд хүргэж амжилт хүсмээр байна даа. 

-Наадмын урт амралтын өдрүүдэд  телевиз болгоноор таны тоглосон кинонууд  гарлаа. “Мандухай сэцэн хатан” киноны Өнөболд ван, Маршал Х.Чойлбалсангийн дүрүүдийг үзэгчид андахгүй.  Та ойролцоогоор хичнээн кинонд тоглосон юм бэ? 

-Дэлгэцийн урлагт 20 гаруй том, жижиг дүрээр орсон  байна. Тайзны урлаг, дэлгэцийн урлаг хоёр өөр юм байна. Дэлгэцийн урлаг тухайн бүтээлийг түмэн олонд хүргэхдээ хамаагүй өргөн дэлгэрээс гадна хувь уран  бүтээлчдийг тухайн цаг үетэй нь, залуу зандан насыг нь мөнхөлдөг ийм өгөөжтэй урлаг юм байна. Ардын жүжигчин цолыг авсан энэ баяр дээр залуу цагийнхаа  20-30 жилийн өмнө тоглосон кино дэлгэцийн бүтээлийг телевизээр гарч байгааг үзэхэд надад сайхан  байлаа. Он жил өнгөрөх тусам бүтээсэн бүх дүрүүд маань өөрийн хүүхэд мэт болдгийг мэдэрч байна л даа.  Үзэгч бол хатуу шүүгч байдаг. Үзэгчид тэр дүр нь  сайн болсон, энэ нь муу болсон гэсэн үнэлэлт дүгнэлтийг өгөх байх. Надад бүх л дүр маань сайхан. 

Кино дэлгэцэнд бүтээсэн хамгийн анхны дүр маршал Х.Чойбалсан. Түүнээс хойш зургаан ч түүхэн кинонд тоглосон байна. Хамгийн сүүлийнх нь хилийн цэргийн ойд зориулсан  кинонд дүр бүтээлээ. Харин дуурийн тайзнаа бүтээсэн түүхэн дүрүүд гэвэл, Манлайбаатар Дамдинсүрэн, Сүхбаатар жанжны дүрийг бүтээсэн. Хамгийн сүүлд “Чингэс хаан” дуурьд Чингэсийн дүрийг бүтээлээ. 

-Дуурийн театраар сүүлийн үеийн сонин сайхан юу байна вэ. Ер нь энэ байгууллагад шинэчлэл хэр хийгдэж байна?   

-Миний бүх л амьдрал Улсын дуурь бүжгийн эрдмийн театртай салшгүй холбоотой юм. 1982 онд Болгарын Софи хотын Консерваторийг дуурийн дуучин гэдэг мэргэжлээр төгсөж ирээд театрт гоцлол дуучин болж байсан юм. Түүнээс хойш одоог хүртэл энэ байгууллагад  ажилласаар байна. Миний жаргал зовлон бүх юм энэ театртай салшгүй холбогддог. Өнөөдөр ч надад энэ том цолыг өгсний үр шим нь театр маань надад өгөөжөө өгч байна гэж би харж байна. Театрын хувьд ажил үнэхээр урагштай байж, чөлөө завгүй ачаалалтай ажиллаж байна. Хагас бүтэнсайн болгоныг  алгасахгүй балет, дуурь тоглож байгаа. Ер нь сүүлийн жил гаруй хугацаанд их зүйл хийлээ.  Өнгөрсөн  оны хавар манай театр 50 жилийн ойгоо хийсэн. Өргөн хүрээтэй сайхан боллоо гэж олон түмэн дүгнэсэн. Уран бүтээлчдийн ажиллах эрч хүч маш их байна.  Нэг үеэ бодвол сүүлийн үед манай театрын уран бүтээлчид залуужсан. Бүхэл бүтэн нэг үе солигдож байна гэж хэлж болно.  22-27 насны шижигнэсэн залуучууд уран бүтээл дээрээ ажиллаад их ачаалал авч байгаа. Нэг  үе бас ч гэж дуучид ховор байж. Мэргэжлийн дуучдыг дандаа гадаадад төгсгөөд авчирдаг байлаа. Одоо бид өөрсдөө дуучдаа бэлтгэдэг болчихоод байна. Бидний үед чинь залуучуудыг болоогүй дээ, 40 хүрч байж л сайхан дуугардаг юм гэдэг байсан. Одоо ид сайхан 20-н хэдэн насандаа дуулаад тодроод гараад ирж байна. Уран сайхны удирдаач байна гэдэг бол дуучидтайгаа ажиллана уу гэхээс өөрөө дуулна гэж дайраад байж болохгүй. Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд, аливаа улсын том театрт гадаад арга хэмжээ маш чухал байдаг. Гадаад улс оронтой харьцаж, тэдэнтэй өөрсдийнхөө бүтээлийг жишиж байж бид хаана яваагаа мэдэж, тодорхойлдог. Өнгөрсөн өвөл Монголын алтай хоолойтнууд Орост очоод бие даасан концертоо хийж  бөөн сенсаци тариад ирлээ. Сая дөрөвдүгээр сард Солонгост Монголын дуучид мэргэжил дээшлүүлээд тэдний уран бүтээлд оролцоод ирлээ. Хариуд нь тавдугаар сард нь Солонгосын дуучид ирж хоёр удаагийн том тоглолт хийлээ.  Якутын филармонийн том оркестр ирээд манайд тоглолт хийлээ. Америкийн  балетын одууд ирээд тоглолоо. Өөрөөр хэлбэл, манай өөрийн гадагшаа тэлэх бодлого эрчимтэй явж байна. Нэг хүн яваад дуулах биш, нэг хэсэг уран бүтээлчид явж гадаадын нэртэй тоглолтуудад оролцож, өөрсдөө тоглолтоо хийнэ гэдэг бол том амжилт.  

-Ойрын хугацаанд төлөвлөсөн гадаад тоглолтууд бий юу?

-Одоо манай дуучид Оросын их театрт тэдний оркестртой хамтран арваннэгдүгээр сард тоглохоор болсон. Манайхан тэнд бие даасан концертыг анх удаа хийж байна гэсэн үг. Энэ бол маш том алхам. Мөн есдүгээр сард олон улсын хэмжээний фестиваль болно. Тэнд дэлхийн том том продюссер, удирдаач, дуучид бүгд цугларна. Манайхаас дөрвөн дуучин явна. Австри улстай манайх  маш өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жил манайд Австрийн  нэртэй удирдаач, найруулагчид, бүжиг дэглээчид ирсэн. Сая энэ хавар гадаа талбай дээр венийн вальсын өдөрлөг зохион байгууллаа. Хариуд нь манай хотын дарга Австрийн Вена хотод  айлчиллаа. Айлчлалын багт манай хүмүүс цуг явсан. Очоод Вена хотод байдаг гурван том театрт очиж гурван дуучнаа мэргэжил дээшлүүлэх, дээр нь нэг хөгжимчинг сургалтад хамруулахаар  боллоо. Австриас гадна Орос, Солонгос улстай онцгой хамтын ажиллагаатай ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл, бид гадныхныг урьдаг байсан бол одоо өөрсдөө гадагшаа алхаж байна. Шинэчлэл гэдэг чинь болохгүй байгаа юмандаа эрс арга хэмжээ аваад, болох талаас нь ямар хөшүүрэг  байна, ямар  арга зам байна гэдгийг гаргаж ирэх ёстой болохоос  хэн нэгнийг халж, хэн нэгнийг ажилд авснаараа  болдог юм биш. Тавьсан зорилго, бодлогодоо хүрэхийн тулд ажлынхаа хариуцлага, чанарыг сайжруулахыг хэлдэг юм.  

-Одоо дуурийн театрт ямар тоглолтууд байгаа вэ. Үзэгчдийн хандлага сэтгэл хангалуун байдал хэр байна вэ?

-Үзэгчдийн хандлага маш сайн байгаа.  Дээр үед Ю.Цэдэнбал даргын үед албан даалгавар гаргаж хүчээр үзүүлдэг байсан. Энэ бол үнэн. Одоо цагт сонгодог бүтээлийг үзэхээр маш их хүн ирж байна. Тэр дундаа үзэгчид маань их залуужжээ. Сонгодог бүтээлээс хүн яагаад уйддаггүй вэ гэхээр,  хүний оюун ухааныг тэлэх, өөрийгөө үнэлж цэгнэх, соёлыг авч үлдэхэд асар их ач холбогдолтой юм шүү дээ. Баярын өдрүүдэд буюу энэ сарын 12, 13-нд “Хунт нуур”, “Учиртай гурван толгой”-г тоглосон. Одоо долдугаар сарын 20-нд “Чойжил дагина” , 26-нд  балет,  27-нд “Чингэс” дуурь гээд долдугаар сарын тоглолт дуусах гэж байна. Энэ бүхэн дээр нөгөө л өдөр тутмынхаа хийдэг ажлыг хийж байна. Есдүгээр сарын 1-нээс улирлынхаа нээлтийг хийнэ. Улирлын нээлтээ “Учиртай гурван толгой” дууриар хийнэ. Мөн төлөвлөсөн том ажил гэвэл “Хөхөө намжил” дуурийг тавина. Энэ дуурь монголчуудын  урлагийн үнэр амт, өнгө шингэсэн уран бүтээл. Морин хуур үүсч хөгжсөн домгийг өгүүлнэ. Хувцас тайз, нот гээд бүх л хуучирсан зүйлүүдээ шинэчлээд тавихаар бэлдэж байна. Гэх мэтээр  яриад байвал манай ажил барагдахгүй дээ. 

-Таны эгч, дүү хоёр урлагийн хүмүүс. Харин хүүхдүүдээс тань урлагийн хүн бий юу?

-Би гэр бүлийнхнийхээ тухай ярихад, аливаа салбарт тодорхой амжилт гаргахад хүний ар тал үнэхээр чухал байдаг юм байна. Сайн хань, сайн үр хүүхэдтэй хүн амжилт гаргадаг гэж боддог юм. Эхнэрийгээ би ингэж л магтах байна. Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань миний мэргэжлийг өвлөөгүй. Тэдний өөрсдийнх нь сонголт учраас би шахахгүй. Удам угсааны хувьд  дуучид, урлагийн хүмүүс бий. Миний эгч А.Дүнжмаа Дундговийн театрын дуучин. Монгол Улсын гавьяат жүжигчин хүн бий. Миний дүү А.Нэргүй Монгол Улсын ардын жүжигчин гэдгийг хүмүүс мэднэ. Дүү бид хоёрыг Ардын жүжигчин аваагүй байхад Дундговийн өлгий нэгтэй Өлзийтийн гурван гавьяат  гэж  дууддаг байсан. Тэр нэрээрээ тоглолт хийж байлаа. Тэрнээс хойш хоёр нь Ардын жүжигчин  боллоо. Манайханд бид гурваас гадна урлагаар явсан хүн байсан. Амьдралын эрхээр өөр ажил хийгээд орхисон болохоос. Манайхан дотроо ярьдаг юм. Бид яагаад ийм амжилт гаргаад  байна вэ гээд. Энэ бол ерөөсөө аав, ээжийн сургааль, хүмүүжлийн үр шим юм шүү дээ гэж бид дүгнэн ярилцдаг. Аав, ээж маань биднийг ямар ч ажилд үнэнч сэтгэлээр, уйгагүй ханддаг, хөдөлмөрч болгож хүмүүжүүлсний үр шим юм болов уу. Сайхан хоолойтой сайхан дуулдаг хүмүүс Монголд олон бий. Тэр дундаас гарч ирнэ гэдэг бол үүнтэй л холбоотой байх. 

Х.Цэнд-Аюуш

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Баасандорж: Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүйгээс хүний амь эрсдлээ

-“Нийслэл өргөө” компани арван давхар барих ётой барилгыг 14 болгож өөрчилсөн-

“Нийслэл Өргөө” компанийн барьж байсан барилгаас гурван хүн унаж амиа алдсан. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандоржтой утсаар холбогдож ярилцлаа. 

-Бямба гаригт барилгаас гурван хүн унаж амиа алдлаа. Ослын талаар мэдээлэл өгөөч?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар “Нийслэл Өргөө” компанийн барьж байсан барилгын 14 дүгээр давхарт цахилгаан шатны хэв хашмал хийх гэж байсан гурван хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. “Нийслэл Өргөө” компани хоёр туслах компани ажиллуулж байсан. Туслах хоёр компанийн нэгийнх нь ажилчид амиа алдсан. 

-Ослын шалтгаан юу байсан бэ. Ажилчдын яриагаар хөдөлмөр хамгааллын хэрэгсэл өмсөөгүй байсан гэх юм.

-Тийм ээ. Барилгын ажил дээр хөдөлмөр, аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүй байсан. Ажилчид хамгаалах бүсгүй ажиллаж байсан юм билээ. Мөн шаардлага хангаагүй тавцан ашиглаж байсан. Тэр тавцан нь ачааллаа дийлэхгүй эвдэрснээс гурван хүн доош унасан байна.

-Цахилгаан шатны хэв хашмал хийж байсан гэж ярилаа. Барилгын давхруудад хаалт хийгээгүй байсан юм уу?

-Цахилгаан шатны хонгилын давхар бүрт хамгаалалт байх ёстой. Гэтэл “Нийслэл Өргөө” компанийн барьж байгаа барилгын 4-14 давхарт огт хамгаалалт байгаагүй. Дөрөвдүгээр давхар хүртлээ хамгаалалт хийгээд дээшээ хоосон хонгил үлдээсэн гэсэн үг. Үүнээс гадна барилгын аравдугаар давхраас дээш гадна ханын хамгаалалт хийгээгүй байсан. Гэх зэрэг маш эрсдэлтэй нөхцөлд хүмүүс ажиллаж байжээ. 

-Мэргэжлийн хяналтын газраас барилгад шалгалт хийж байсан уу?

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас удаа дараа шалгалт хийж байсан. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй байгаа талаар нь удаа дараа шаардлага хүргүүлж байсан. Мэргэжлийн хяналтын газраас маш олон удаа албан бичиг, шаардлага хүргүүлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр гэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус компанийн краныг ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан. Гэтэл өөрсдөө дур мэдэн кранаа ажиллуулаад эхэлчихсэн байсан. Энэ мэтээр төрийн байгууллагын шийд­вэрийг үл тоож, хөдөлмөр аюул­гүй ажиллагааны шаардлага хангаагүй, маш олон зөрчилтэйгөөр үйл ажил­лагаагаа үргэлжлүүлсээр байсан нь хүний амь эрсдэхэд хүргэлээ. 

-Барилгын зураг төслийг өөрчилсөн гэх мэдээлэл бас байгаа. Энэ үнэн үү?

-Анх 10 давхар барилга барихаар зураг төсөл гарсан юм билээ. Гэтэл гүйцэтгэгч компани зураг төслийг дур мэдэн өөрчилж 14 давхар болгосон. Эдгээр асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Арьс ширний үйлдвэрлэгч нарт олгох 140 тэрбумын хөнгөлөлттэй зээл энэ салбарыг хөл дээр нь босгоно

– Ирэх есдүгээр сард жилдээ 150 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадал бүхий гутлын үйлдвэр ашиглалтад орно –

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцлаа. 

-Эдийн засаг сайнгүй байгаа өнөө үед Засгийн газраас 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдэд олгохоор болсныг нүдээ олсон хөрөнгө оруулалт боллоо хэмээн эрх баригчид ам сайтай байна л даа. 

-“Чингэс” бондоос 30 тэрбум төгрөгийг арьс шир боловсруулах тоног төхөөрөмж, технологио сайжруулахад зориулж аж ахуйн нэгжид зээлүүлэхээр болсон. Бусад эх үүсвэрээс гаргах 110.4 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгөөр арьс шир боловсруулах үйлдвэрүүд эргэлтийн мөнгөө босгоно. Өнөөдөр жилдээ Монголоос 150-160 тэрбум төгрөгийн түүхий эд бэлтгэгддэгээс 30 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгчид худалдаж авдаг. Харин үлдсэн 120 гаруй тэрбум төгрөгийн түүхий эдийг хагас боловсруулаад экспортолдог. Өөрөөр хэлбэл таван кг түүхий эд тутмын нэгийг нь л боловсруулдаг үндэсний үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дотооддоо бүгдийг нь боловсруулахын тулд дээрх хөрөнгө оруулалт хийгдэж байна. Өнөөдөр хятад ченжүүд манайхаас арьс ширээ худалдаж аваад, дотоодын үйлдвэрүүдэд маш бага өртгөөр хагас боловсруулалт хийлгэдэг. Бүр өөрсдөө химийн бодис, технологичоо авчирч байгаад шүү. Арьс ширээ дэвтээж гандаад, идээлэхийг л хагас боловсруулна гээд байгаа юм шүү дээ. Харин ингэж хагас боловсруулсан арьсаа хатааж, элдэж зөөлрүүлэн, суурь будаг хийж, сунгаад эмульс зэрэг тусгай зориулалтын бодис түрхээд лакдаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд болгож хувиргахыг гүн боловсруулалт хийх гээд байгаа юм.

Дотоодын үйлдвэрүүдэд жилдээ 22 сая ширхэг арьс хагас боловсруулах хүчин чадал суурилагдчихсан байдаг. Харин түүхий эдийн нийлүүлэлт 8-10 сая. Тэгэхээр бидэнд өнөөдөр түүхий эдийн нийлүүлэлтээсээ хоёроос гурав дахин их хагас боловсруулалт хийх хүчин чадал байна гэсэн үг. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшрууллаа гэхэд хагас боловсруулалтын шатанд ямар ч асуудалгүй. Гагцхүү гүн боловсруулалтын түвшингээ сайжруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тоног төхөөрөмж гаднаас авч байна. 

-Арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд дээрх зээлийг арилжааны ямар банкаар олгох нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?

-Өнгөрөгч хоёрдугаар сард Засгийн газрын тогтоол ёсоор Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо арьс ширний салбарыг сэргээн хөгжүүлэх төслийн хүрээнд олгогдох хөнгөлөлттэй зээл авах аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулсан. Аж ахуйн нэгжүүдээс 90 гаруй төсөл ирснээс 86-г нь ҮХААЯ-ны төсөл шалгаруулах комисст хүлээлгэж өгсөн. Харин санхүүжилтийг нь олгох арилжааны банкаа сонгох гэж багагүй хугацаа алдсан. Төрийн банканд санал тавьсан ч судалж үзээд болохгүй юм байна гэх хариу өгсөн. Голомт банкаар олгуулах гэсэн боловч УИХ-ын байнгын хороо зөвшөөрөөгүй. Ийнхүү Эдийн засаг хөгжлийн яам, ҮХААЯ, УИХ-ын байнгын хороотой хэлэлцэн аж ахуйн нэгж бүрийн харилцдаг банкаар дамжуулан зээл олгохоор тогтсон. Ийнхүү шалгарсан төслүүдийг арилжааны банкууд дээр хянаж үзээд зээл олгохоор болбол ҮХААЯ дээр бодлогын гэрээ хийнэ. Гэрээ ёсоор Хөгжлийн банк тухайн арилжааны банк руу санхүүжилтийг нь шилжүүлэх юм. Ингэж хөрөнгө оруулалтыг чирэгдэлгүй шуурхай шийдэхээр болсон. 

-Төслийн хүрээнд дотоодын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэр төрөл, тоо хэмжээ нь нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Хамгийн эхлээд дотоодынхоо гутлын хэрэглээг хангах нь салбарынхны нэн тэргүүний зорилт болоод байна. Жилдээ зургаан сая гутал Хятадаас импортолдог гэх тооцоо бий. Шууд л Итали, Испани, Туркийн өндөр үнэтэй гутлыг үйлдвэрлээд эхлэхгүй нь тодорхой. Эхний ээлжинд малчид, хүүхдийн болон залуучуудын гутлыг хийхээр төлөвлөж байна. Үнэ ханшийн хувьд ч дундаж давхрагынхан худалдаад авчихаар боломжийн байх нь мэдээж. Өнөөдөр бол цэрэг цагдаагийнхны гутлыг дотооддоо бүрэн хийж байгаа. Орос руу савхин хувцас гаргах боломжтой. Хамгийн гол нь ҮХААЯ-тай байгуулсан бодлогын гэрээний хүрээнд бид 2018 он гэхэд нийт түүхий эдийнхээ 80 хувьд гүн боловсруулалт хийдэг болох зорилт тавиад ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд арьс ширний үйлдвэрүүд шууд эсгээд оёход бэлэн түүхий эдээр хангана гэсэн үг. 

Төслийн хөрөнгө оруулалт шийдэгдэх хүртэлх сүүлийн хоёр жилийн хугацаанд бид мөнгөгүй гээд гараа хумхиад суусангүй. Голландын химийн бодис үйлдвэрлэгчидтэй удаа дараа уулзалдаж зөвлөлдсөнөөс гадна Арьс ширний эрдэм шинжилгээ туршилтын төвийнхөнтэй хамтарч салбарынхныхаа дунд давтан сургалт зохион байгуулсан. Дэлхийд арьс ширний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Хятад, Турк, Италид зохиогддог үзэсгэлэнгүүдийг алгасалгүй үзэж сонирхож, Монголдоо нэвтрүүлж болохуйц шинэлэг технологи, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай химийн бодис зэргийг судалсаар ирлээ. Ирэх есдүгээр сард жилдээ 150 мянган хос гутал хийх хүчин чадалтай гутлын үйлдвэр ашиглалтанд оруулах гэж байна. Энэ бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зээлээ хүлээж гар хумхиж суугаагүйн нэг томоохон жишээ. 

-Байгалийн гаралтай буюу арьс, ширэн эдлэлийн эрэлт нэмэгдэх хандлагатай болсон өнөө үед бидэнд дэлхийн зах зээлд дээрх томоохон тоглогч болох боломж бий юу?

-Энэ боломж бидэнд бүрэн бий. Өнөөдөр дэлхий даяар байгалийн цэвэр түүхий эдээр хийсэн бараа материалыг хэрэглэхийг эрхэмлэдэг болж. Жишээ нь Япончууд номын арьсан хавтас манайхаас импортолдог бол ОХУ руу экспортлох савхин бээлий жилээс жилд нэмэгдэж байна. Түүнчлэн гаалийн мэдүүлэг дээр албан ёсоор тэмдэглэгддэггүй л болохоос Эрхүү, Чита, Тува зэрэг хил дагуух захын хотуудыг өвлийн гутлаар хангадаг. Өндөр татвартай учраас ганзагын наймаачид нууцаар хил давуулдаг. Энэ мэтчилэн цэвэр ширээр хийсэн, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр дэлхийд танигдах боломж бидэнд бүрэн бий.  

-Одоогоос найман жилийн өмнө арьс ширний 30-аад аж ахуй нэгжид шалгалт хийхэд хангалтгүй гэх үнэлгээ авсан байна. Энэ байдал өнөөдөр дээрдсэн болов уу?

 -Мэргэжлийн хяналт, Байгаль орчны яам, Хөдөө аж ахуйн яам, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагууд хамтраад тухайн үед олон талт шалгалт хийсэн байдаг. Энэ нь шалгалт гэхээсээ илүү маш сайн зөвлөгөө өгсөн байдаг учраас маш үр дүнтэй болсон. Өнөөдөр энэ байдал харьцангуй дээрдсэн гэдгийг ам бардам хэлнэ. 

-Засгийн газраас үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн нийлүүлсэн малчдад мөнгөн урамшуулал олгохоор болсон талаар дэлгэрэнгүй яриач?

-Монголын арьс ширний салбарыг сэргээн хөгжүүлэх төслийг манай холбооны зүгээс боловсруулсан. Бог малын нэг ширхэг арьсанд 3000, харин бодод 15 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Энэ бол хятад ченжүүд Монголоос түүхий арьс худалдаж аваад хагас боловсруулж хил давуулж зарахад олдог ашиг. Тэгэхээр үндэсний арьс ширний үйлдвэрлэгчид түүхий эд бэлтгэхдээ хятад ченжүүдтэй өрсөлдөхийн тулд тэр ашгийг нь малчдад өгье л гэж байгаа хэрэг. Ямааны арьс 20 мянган төгрөгийн ханштай бол хятад ченж, дотоодын үйлдвэрлэгчдийн аль аль нь тэр ханшаар нь л худалдаж авна. Харин үндэснийхээ үйлдвэрт ямааны арьсаа тушаавал 3000 төгрөг нэмээд 23 мянгаар худалдаж авна. 

Энэхүү урамшууллаар дамжуулж далд эдийн засгийг ил болгоно. Хятад ченжүүд жил бүр 110 гаруй тэрбум төгрөгийн түүхий эд худалдаж авдаг хэрнээ ямар ч татвар төлөлгүй хил гаргадаг. Монголын талаас түүхий эдээ худалдан авахад зуучлагч ченжүүд ч татвар төлдөггүй. Энэ бол далд эдийн засгийн хамгийн том жишээ. Малчин Доржийн тушаасан ямааны арьсных нь урамшууллыг олгохын тулд тухайн сум багт ажиллаж буй манай холбооны итгэмжит төлөөлөгч албан ёсны тооцооны хуудсандаа зайлшгүй тусгах ёстой. Энэхүү хуудсаа Монголын арьс ширний үйлдвэрлэгчдийн холбоонд авчирч тушаана. Манай холбоо тэрхүү тооцооны хуудсыг нь мал хамгаалах сан руу илгээнэ. Ингэж тооцооны хуудас бичигдэнэ гэдэг санхүүгийн анхан шатны бүртгэлд орсноор бүх тооцоо ил болно. Бүр арьс ширний үйлдвэрлэгчид нэг ширхэг арьс боловсруулахад орсон ус, химийн бодис, ажилчдын цалин зэрэг нь хүртэл тодорхой болно. Ингэснээр улсад 200 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрнө. Өмнө нь энэ хэмжээний татварыг авч чаддагүй байсан гэсэн үг. Энгийнээр бол урамшууллаар дамжуулж далд эдийн засгийг ил гаргаж, санхүүгийн орчноо эрүүлжүүлж байна гэсэн үг. Малчид маань давхар малаа хугацаанд нь тарилга, угаалгад хамруулдаг болох юм. Учир нь мал хамгаалах сангаар дамжиж урамшуулал олгогдох учраас тарилгад хамруулаагүй, угаалгад хугацаанд нь хамруулаагүй бол эхний удаад сануулна. Энэ байдал давтагдвал мэдээж урамшууллыг нь олгохгүй. Өмнө нь малчдын арьсыг сумын ченж, аймаг руу аваачиж бас нэгэн ченжид өгнө. Аймгийн ченж Эмээлт рүү зөөдөг нэгэндээ зарахад нөгөөх нь хотод ирээд агуулах руу ченжүүдэд өгөөд тэндээсээ хятадуудад өгдөг жишээтэй. Ингэж зургаагаас долоон ченжийн гар дамжиж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн гар дээр ирдэг бол одоо малчид арьс ширээ түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчөөр дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдэд шууд нийлүүлэх боломж бүрдэж байна. Дондог гуайн бярууны арьсыг 15 мянгаар худалдаж аваад үйлдвэрт 25 мянгаар өгөх гэсэн чинь эсгэчихсэн, урагдчихсан эсвэл муудчихсан байвал хямд үнээр үйлдвэрт өгнө. Харин дараа нь Дондог гуайд “Таны алаг бярууны арьс муудсан, урагдсан байсан учраас зах зээлийн ханшаар үйлдвэрт өгч чадаагүй. Дараагийн удаа тэгвэл 10 биш найман мянган төгрөгөөр худалдаж авна шүү” гэж хэлнэ. Ингэж зах зээлийн жам ёсоор чанараасаа хамаардаг үнийн тогтолцоо руу шилжиж байна. 

-Арьсыг хагас боловсруулаад зарах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хоёрын ханшийн зөрүү мэдээж хэд дахин гэдгээр яригдах байх тийм үү?

-Таван мянган төгрөгийн ямааны арьсыг 25 мянган төгрөг болгож болно. 50 мянган төгрөгийн арьсыг 250 мянган төгрөг болтол нь өсгөж болно. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд өөрөө эцсийн бүтээгдэхүүн байдаг бөгөөд түүхий эд болдог. Энд нэг сонирхолтой дүр зураг харагддаг л даа. Малчин хамгийн муу малаасаа зардаг мөртлөө мал аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүнээ хамгийн сайнаасаа шилүүлж борлуулдаг. Малчин хамгийн муу арван хонио гаргаад, арьс ширийг нь зардаг бол түүгээр хийсэн 100 түрийвчнээс худалдан авагч өөрөө шилж байгаад авдаг. Энэ өнцгөөс нь харвал шинэлэг техник технологи суурилуулчихвал үйлдвэрлэгчдэдээ ч малч­дадаа ч ашигтай. 

-Гүн боловсруулалт хийдэг болсноор ажлын байр хэр нэмэгдэх бол?

-Манай салбарт дөрвөн мянга орчим ажлын байр бий. Үүнд бэлтгэн нийлүүлэгчид орж байгаа хэрэг шүү дээ. Үйлдвэрүүд гүн боловсруулалт хийдэг болсноор ажлын байр 20-иод мянгаар нэмэгдэнэ. 

-Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргахыг холбооны тэргүүн хэрхэн хүлээж авч байна?  

-Олон улсын жишиг тийм л байдаг. Арьс шир боловсруулах үйлдвэр нь хотынхоо захад л байдаг. Улсаас дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийг нь шийдээд өгчихвөл Эмээлтийн цаахна ч байна уу, Налайхын тийш ч байна уу хамаагүй нүүхэд аж ахуйн нэгжүүд эсэргүүцэх зүйлгүй. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд 2010 оноос цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, засвар шинэчлэлтэд долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Өнгөрөгч наймдугаар сард Харгиа цэвэрлэх байгууламжийг нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгосноор үйл ажиллагаа эрс сайжирсан. 

Манай арьс шир боловсруулах үйлдвэрээс гарах бохир нь ч стандартын хэмжээнд байгаа учраас цэвэрлэх байгууламжийн тал дээр ямар нэгэн асуудалгүй.   

М.Ууган-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл нуур дотоод, гадаадын аялагчдын очих дуртай газруудыг тэргүүлжээ

Аялал жуулчлалын үндэсний төвөөс аялахад хамгийн тохиромжтой газруудыг нэрлэжээ. Зуны дэлгэр цагт манайхан гэлтгүй жуулчдын хөлд дарагддаг газрыг Хөвсгөл нуур тэргүүллээ. Харин Өвөрхангайн Хархорин, Орхоны хөндий, Өмнөговь, Дорноговийн Хамрын хийд удаалсан байна. Мөн Орхоны хүрхрээ, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо, Тайхар чулуу, Төвхөн хийд үзэх харах зүйл ихтэй учраас зуны дэлгэр цагт дотоод, гадаадын жуулчдыг татдаг ажээ. Улаанбаатараас Хөвсгөл хүртэлх аяллыг ихэнх компани зохион байгуулж байгаа.

Аяллын компаниар Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл аялахад дунджаар нэг хүний 450 мянган төгрөг. Үүнд байрлах жуулчны бааз, унаа, аялалын хөтөч, хоол, үзвэр үйлчилгээ зэрэг ордог. Ингэж аялахаар бол долоо хоногийн аялал санал болгодог ажээ. Замдаа Булган аймгийн Хутаг-Өндөрт байх Уран тогоо уулыг сонирхохоос гадна буцахдаа Амарбаясгалант хийдийг сонирхож болох юм. Харин Хөвсгөл далайд очоод тусгай хөтөчтэйгөөр аяллаа үргэлжлүүлнэ. Хэрэв аялагчдад тусгай хүсэлт байвал нуурын эргээс цааш 100 гаруй км аялан цаатнууд дээр зочилж болох ажээ. Тэнд цаа буга унахаас гадна урцанд хонож үзэх боломжтой юм байна. Харин далай дээр байхдаа “Skitboard”-аар аялж болно. Жуулчдыг татах зорилгоор сүүлийн үед хувийн хөлөг онгоц хөлслүүлэх, завиар зугаалах зэрэг сонирхолтой зүйлс нэмэгдэж буй гэнэ.

Д.ДОРЖДЭРЭМ


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Харъяаллын бус өвчтөнд шаардлагатай эмчилгээг хийсний дараа шилжүүлэхийг үүрэг болгов

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 24 дэх удаагийн цахим хурал Эрүүл мэндийн хөгжлийн төвд болсон юм. Уг хуралд  Эрүүл мэндийн сайд Н.Удвал холбогдох албан тушаалтнууд, УБ хотын дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн мэргэжилтнүүд оролцов. Хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг оны эхний хагас жилийн байдлаар товч мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд нийт 1521 төрөлт бүртгэгджээ. Энэ оны эхний 6 сарын нийт төрөлтийг өнгөрсөн оны 6 сарынхтай харьцуулхад 3,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

 НҮБ-ын Дээд хэмжээний Чуулга уулзалтад Эрүүл мэндийн сайд оролцож, халдварт бус өвчний талаар илтгэл тавьсанаа товч танилцууллаа. Мөн Монгол улс ДЭМБ, ХАС, Хүүхдийн сан, Дэлхийн банк, Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагуудын нөхөн үржихүйн хорооны гишүүн орноор сонгогдсоныг дуулгалаа. Өмнөговь аймагт 07 дугаар сарын 01-нд “Уул уурхай ба эрүүл мэнд” анхдугаар чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Орон нутагтаа салбар дундын уулзалтыг өргөн хүрээнд зохион байгуулсан аймгийн засаг дарга, болон эрүүл мэндийн газрын дарга нарт талархал илэрхийлсэн. 

Энэ намар Ерөнхийлөгчийн ивээл дор архины асуудлаар үндэсний хэмжээний чуулга, уулзалтыг Эрүүл мэндийн яам, Хуульзүйн яам, Гадаад хэргийн яам, Үйлдвэр, худалдааны яам хамтран зохион байгуулах юм. Энэ үеэр архины хор хөнөөлийг бууруулах үндэсний хэмжээний хэлэлцүүлэг явагдах юм байна. Дараагийн төлөвлөсөн ажил нь сургуулийн эмч нарын зөвлөгөөнийг ЭМЯ, БСШУЯ-тай хамтран хийхээр болсон явдал юм. Зөвлөгөөнөөр сургуулийн эмч нарын ажлын байрны стандарт, тодорхойлолтыг гаргах, гарын авлагыг бэлтгэх, тэдний тулгамдсан асуудлыг шийдэхэд анхаарал хандуулна гэсэн үг юм. 

Эрүүл мэндийн сайд, нийт эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэхээр ирсэн харьяаллын бус ямар ч өвчтөнд шаардагдах эмчилгээ, үйлчилгээг хийсний дараа харьяаллын эмнэлэгт шилжүүлж байхыг үүрэг болголоо. 

Түүнчлэн Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газрын дарга Т.Ганболд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлын талаар товч мэдээлэл хүргэлээ. “Эх, хүүхэд бүрт үйлчилье ” сэдвийн хүрээнд тус аймгийн өрхийн эмч нар айл, өрхөөр явж 217 хүнд мэдээлэл өгсөн бол эрүүл мэндийн ажилтнууд сум, багт ажиллаж, 564 иргэнд эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа өгсөн. Түүнчлэн 14 эмч, мэргэжилтэн ОХУ-ын Буриад улсад туршлага судалж байна. 

Мөн Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн мэргэжилтэн Б.Дэлгэрмаа  “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Тус дүүргийн эрүүл мэндийн нэгдэл нь 193,689 хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байна. Дүүргийн эмзэг бүлгийн 53 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, дүүргийн ЕБС-ийн сургуулийн 11,899 хүүхдэд амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, оношилгоог хийж, эмчилсэн байна. 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дараах газруудад цахилгаан тасрана

Баянзүрх дүүрэг

10.30-17.00 цагт: 23-р хороо Хужирбулангийн А, Б, В, Г хэсэг, 1-11-р гудамж;

Чингэлтэй дүүрэг

10.00-18.00 цагт: 2-р хороо 2-40 мянгат, 50 мянгат 23, 25, 33/1, 33/3-р байр, Аварга зам, Аэрогеодези пропертиз, Бат-Интернейшнл, Электроникс, Гурван ариун, Дабай, DAI, Дүүхээ, Епуда, Их Харанга, Наран туул шилтгээн, Нийслэлийн ҮЭХ, Next компьютерс, Фото Вест ХХК-иуд, Барилгын коллеж орчимд

10.30-17.00 цагт: 15, 16-р хороо Согоотын 5-31, Жаргалантын 17-35-р гудамж;

Баянгол дүүрэг

10.30-18.00 цагт: 9, 10-р хороо 3-р хороолол ТЭЦ-33, НЭХ-23, ЭХ-22А байрууд, 31, 113-р сургууль, 141, 133-р цэцэрлэг, Горькийн 4, 5, 6, 7, 9, 10, 33, 23-4-р гудамж, 25, 27А, СОТ-3-2, 3-1, 2-2, 2-1 байрууд, тэр орчмын хэрэглэгчид;

Сонгинохайрхан дүүрэг

14.00-18.00 цагт: 21-р хороо Жаргалант тосгоны Шижир худаг, агротехнологи худаг, БОНХЯ-ны нэгж, гэр хороолол;

Налайх дүүрэг

10.00-18.00 цагт: 5-р хороо Городокийн Гандан Уулын хэрэглэгчид;

Төв аймаг

08.30-17.00 цагт: Лүн сумын Батсүх үнээний ферм, Ногоон хэрэм, Мөнх их мандал, Лүн сумын хэрэглэгчид

10.00-13.00 цагт: Батсүмбэр сум 3-р багийн гэр хороолол

14.00-18.00 цагт: Батсүмбэр сум Гачуурт гэр хороолол.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Монголчуудын уучлаарай, баярлалаа гэдэг үг хамгийн үнэ цэнэтэй

Англи, Орос, Америкийн эрдэмтэд хамтарч нэгэн сонирхолтой гэмээр судалгаа хийжээ. Тэд дэлхийн улс үндэстний үг хэллэг, зан төрх, амьдралын хэвшлийг судалсан байна. Ингээд хамгийн нөхөрсөг, алхам тутамдаа уучлал эрж байдаг орнуудын уртаас урт жагсаалтыг гаргаж. Тэгэхэд өндөр хөгжилтэй орнууд буюу Америк, Англи, Япон гээд орнууд жагсаалтыг тэргүүлжээ.

Гэхдээ эрдэмтэд энд нэг зүйлийг чухалчлан онцолсон байгаа юм. Хамгийн нөхөрсөг, найрсаг гэж тодотгогдсон орнуудын уучлаарай, баярлалаа гэдэг үг бүгд хиймэл, товчхондоо хуурамч гэсэн байна. Харин монголчуудын хувьд энэ нь эсрэгээрээ гэнэ. Монголын ард түмэн уучлаарай гэдэг үгийг алхам тутамдаа бус үнэн сэтгэлээсээ хэлдэг аж. Баярлалаа гэдэг үгийг ч ялгаагүй энэ тохиолдолд чин сэтгэлээсээ хэлдэг гэж тодорхойлжээ. Энэ нь хамгийн үнэ цэнэтэй байдаг тухай ч өгүүлж. 

Яагаад гэвэл бидний амьдралын хэвшил, өнгө аяс ийм ажээ. Хэн нэгний өмнө алдаа дутагдал гаргадаггүй, гэмшил төрөхүйц үйл хөдлөл хийдэггүй учраас бид энэ үгийг байнга хэрэглэдэггүй, хэрэглэсэн тохиолдолд үнэ цэнэтэй байдаг байна.

Л.МӨНХТӨР