Увс аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс хамтран иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Увс нуур болон Хяргас нуурын эргээр морьтой эргүүл ажиллуулж эхэлжээ. Нуурт ойрхон сумдын холбогдох байгууллагын албан хаагчдыг байнгын эргүүлээр ажиллуулахаар болсон байна. Гол мөрөн, нуур ус элбэгтэй Увс аймгийн ард иргэд зуны дэлгэр цаг ирсэнтэй холбогдуулан агаарт гарч амарч зугаалах, архидан согтуурах явдал ихэсчээ. Хууль сахиулах байгууллагууд нойр хоолоо хасан эрчимтэй ажиллаж байгаа ч иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангаж сонор сэрэмжтэй байх шаардлагатай байгаа юм. Усны түвшин өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ эгзэгтэй үед иргэд аль болох нуурт орохгүй байх, зайлшгүй тохиолдол гарахад гүн рүү нь орохгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын хэлтэс болон Цагдаагийн газраас иргэддээ анхааруулжээ.
Month: July 2014
Монголын язгуур урлаг, соёлын биет бус өв болохИх Аксал бий биелгээний хөшөөг Ховд аймагт босгож байгаа юм байна.Эр хүнийг магтан дуулж биелсэн хамгийн анхны бүжиг хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн эл биелгээ Монголын язгуур урлагт бүжгийн “Хаан” хэмээн нэрлэгддэг байна.
Иймд монголчуудын биет бус өв соёлыг хамгаалах зорилгоор 4 метр өндөртэй уг хөшөөг Ховд аймгийн Булган сумын уугууд Бийцээгийн Үнэнбат санаачланбосгож байгаа аж.
Хөшөөнд дүрслэгдэн буй Аксал биелгээ нь том бие галбиртай, Торгууд эр хүний /баатар/ эрхэмсэг чанар, өв тэгш дүр төрх, баатарлаг шийдэмгий дайчин зориг, ухаалаг уужуу сайхан дүр төрхийг бий биелэгийн уран сэтгэмжээр товойлгон гаргасан тайзны бүжгийн сонгодог бүтээл юм.
Энэ нь монголчуудын бахархал, үндэс угсаа, зан заншил, хэл соёл, ахуй,түүхийг өгүүлсэн урлагийн биет бус өвийг харуулсан анхны хөшөө болох юм байна.
Бийгийн өгүүлэмж:
ИХ АГСАЛ
Агсал хул морь нь байдаг
Наян тохой бие нь байдаг
Байдаг байдаг байдаг
Унаган цагтаа уян жороо
Унасан хойноо хурдан жороо
Жороо жороо жороо
Дааган цагтаа даамай жороо
Дам хойноо хурдан жороо
Жороо жороо жороо
Агтны сайн морь нь байдаг
Алтай нутгийн унаган байдаг
Байдаг байдаг байдаг
Есөн эрдэм төгс байдаг
Ерөөл учрал бүрдсэн байдаг
Байдаг байдаг байдаг
Ухаант хүний үр нь байдаг
Эцгээс заяасан бие нь байдаг
Байдаг байдаг байдаг
Хэвлүүн сайхан бие нь байдаг
Хээнцэр ганган төрх нь байдаг
Байдаг байдаг байдаг
Өрхөөр гарам нуруу нь байдаг
Өндөр сайхан халбан нь байдаг
Байдаг байдаг байдаг
Хээнчир торгон хийлэн байдаг
Хэлхээ мөнгөн товч нь байдаг
Байдаг байдаг байдаг
Нарийн хар хөмсөг нь байдаг
Мойл хар нүд нь байдаг
Байдаг байдаг байдаг
Хасын сар дүгрэг царай нь байдаг
Хашийн цагаан шүд нь байдаг
Байдаг байдаг байдаг
Од шиг цэвэрхэн бие нь байдаг
Удам залгах үр нь байдаг
Байдаг байдаг байдаг
Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Хуулийн дагуу наадам дуусангуут сэргээшийн шинжилгээг авч, нарийн лабораторид шинжлүүлэхээр БНСУ руу илгээсэн байна.
Шинжилгээний хариу 21 хоногт багтаан ирнэ гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ. Тэгэхээр одоо арав хоног үлдэж байна.
Шинжилгээний хариу ирснээс хойш хуулийн дагуу 14 хоногт багтаан олон нийтэд мэдээлэх үүргийг Монголын үндэсний бөхийн холбоо хүлээдэг.
Олон улсын үнэлгээний Moody’s агентлагийн Хөрөнгө оруулалтын албанаас пүрэв гарагт манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулж В2 болголоо. Ингэснээр хөрөнгө оруулахад эрсдэл багатай гэх ангилалд хэвээр үлдсэн ч хөрөнгө оруулалт татах зэрэглэлээс даруй таван түвшнээр доогуур боллоо гэсэн үг.
Монгол улсын үнэлгээг бууруулсан явдлыг гадаад валютын нөөц буурсан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларсантай холбон тайлбарласан байна. Монголбанкин дахь гадаад валютын улсын албан нөөц он гарсаар эхний таван сарын байдлаар 28.6 хувиар буурсан юм. Нийт албан нөөц 1604.5 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Moody”s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан энэ үед “ING” банкны Азийн бүсийн судалгааны тэргүүн “10 жилийн хугацаатай бондын ханшийн талаар эерэг мэдэгдэл хийсэн байна. Тэрээр гадаад валютын нөөц буурч, 10 жилийн хугацаатай бондын үнэ 84.5 ам.долларын түвшинд хүрсэн нь худалдан авахад таатай ханш” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Он гарсаар 2 дах удаагаа манай зээлжих зэрэглэл буурч байгаа юм. Мөн HSBC Holdings Plc компаниас гаргасан Азийн бүс нутгийн хамгийн их өртэй 12 улсын 5 дугаарт Монгол орсон байна.
Хүн төрөлхтөн саран дээр хөл тавьснаас хойш 45 жил өнгөрчээ. 1969 оны долдугаар 20-ны өдрийн 16:18 цагт хүн төрөлхтөн анх саран дээр хөл тавьж байсан.
“Аполлон -11” хөлгөөр саран хөл тавьсан Нил Армстронгийг дурсан хүндэтгэх ёслолын үйл ажиллагааг АНУ-ын Сансрын уудам агаарын орон зайг судлах төв (NASA) орон нутгийн цагаар энэ сарын 21-нд Флорида муж улс дахь Кеннедийн сансрын баазад зохион байгуулжээ. Саран дээр төрийнхөө далбааг мандуулсан тэрээр, “Нэг хүний хөлийн мөр төдий боловч хүн төрөлхтний агуу дэвшил” хэмээх алдартай үгийг хэлсэн билээ. 1957 онд дэлхийн анхны хиймэл дагуулыг сансарт хөөргөж, 1961 онд Ю.Гагарин дэлхийд анх удаа сансарт ниссэний дараа сансар судлалын хөгжлөөр ЗХУ-аас хоцорч байсан АНУ-ын Ерөнхийлөгч Кенгеди 1961 оны 10 дугаар сард хүн төрөлхтөн анх удаа сар луу зорчино гэдгийг зарлаж байсан билээ. Удалгүй 1963 онд Кеннеди амь үрэгдсэн боловч түүний мэдэгдэл найман жилийн дараа хэрэгжсэн юм. Тухайн үед дэлхийн 500 сая хүн “Аполлон-11” хөлгийн саран дээр газардах агшныг телевизээр шууд хүлээн авч үзэж байлаа. Судалгааны ажлаа амжилттай гүйцэтгэсэн хөлгийн багийнхан Хавайн ойролцоо Номхон далайд буусны дараа тэд үлдсэн амьдралдаа баатар хэмээн хүндлэгдэх алдрыг хүртсэн юм.
Доллар 1850 давлаа
Монголчууд биднийг найр наадам хэсэх хойгуур ам.доллар 1850 төгрөг давчихлаа. Тодруулбал арилжааны банкууд болон “Найман шарга” зах дээр ам.долларын ханш 1851 төгрөгтэй тэнцэж байгаа бол Монголбанкны хаалтын ханш 1841 төгрөгт хүрчээ. Харин нэг юань 299 төгрөг 60 мөнгөтэй тэнцэж байна.
Тун удахгүй хичээлийн шинэ жилд бэлтгэж, урд хөршөөс дэвтэр номноос эхлээд үзэг харандаа, оймс гутлаа зөөж эхлэнэ. Гэтэл юаний ханшийн өсөлт нь манай иргэдэд тун ч хүндхэн цохилт болох нээ.
Өнөөдрийн байдлаар Засгийн газрын “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн 70 гаруй хоног нь өнгөрчихөөд байна. Юань, долларын ханш тогтмол өсч, бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй хэвээр л байна.
ХАНОЙ. /Ёнхап/. Малайзын онгоц осолдохоос хэдэн цагийн өмнө тухайн агаарын замаар бусад хэд хэдэн улсын онгоц нисэж өнгөрсөн аж.
Онгоц осолдсон “MH 17” агаарын зам нь Олон улсын агаарын зорчигч тээврийн байгууллагаас аюулгүй зам хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд олон улсын агаарын тээврийн компаниудын өргөнөөр ашигладаг зам гэж Малайзын Зам тээврийн яамнаас мэдэгдсэн байна. Ази номхон далайн агаарын тээврийн холбооны гишүүн 16 компанийн 15 нь уг агаарын замыг ашигладаг байна. Харин Малайзын онгоцны ослын дараагаас Олон улсын агаарын тээврийн нийгэмлэгээс тус замыг цуцалжээ. Хятад, АНУ, Австрали зэрэг орны агаарын тээврийн компаниуд сүүлийн үеийн Украины нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын агаарын хилээр нэвтрэн өнгөрөх замаас татгалзаж өөр замыг сонгож ирсэн аж.
Харин ослыг шалгах явцад хөдөлгүүр пуужинд оногдсоны дараа онгоц дэлбэрсэн болохыг тогтоожээ. Онгоц агаарт 10 мянган метрийн өндөрт пуужинд оногдох үед онгоцон доторх даралт унаж, амьсгалах боломжгүй болсноос зорчигчид ухаан балартсан байх гэж шинжээчид таамаглаж байна. 70 килограмм жинтэй пуужингийн хошууны дэлбэрэлт 20 метрийн радиус дахь зүйлсийг дэлбэлж, үүнд онгоцны хөдөлгүүр болон удирдлагын систем өртөж улмаар онгоц дэлбэрсэн гэж Малайзын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. НҮБ-ын зэвсгийн шинжээч Брюс Лозэгийн үзэж буйгаар, онгоц сүйрэх үед эхлээд хөдөлгүүр, удирдлагын систем дэлбэрсний дараа түлшний сав дэлбэрч, онгоцны нэг талын далавч олон хэсэг болон хуваагдсан аж. Түүнчлэн онгоц пуужинд оногдсоноос хэдхэн минутын дараа газарт унасан учир нисгэгч ослын дохио илгээж амжаагүй байх гэж Брюс Лозэ хэлжээ. Мөн онгоцны осолдсон нөхцөл байдлыг нарийн тогтоохыг тулд онгоцны бутарсан хэсгүүдийн тархсан талбайг хэмжих шаардлагатай байгаа боловч Украины салан тусгаарлах хүчнийхэн ослын газрын ойр орчимд шалгалт шинжилгээ хийхэд саад учруулж байна гэж Брюс Лозэ хэлэв.
Израйлийн агаарын довтолгоонд Газын зурвасын Деир ал-Балах дахь Аль-Акса эмнэлэг өртөж, таван хүн нас барж, 70 гаруй хүн шархадсан тухай Палестины тал мэдээлэв. Энэ хооронд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Газын зурвас дахь хүмүүнлэгийн тусламжид 47 сая доллар илгээнэ гэжээ. Газын эмнэлэгт гарсан халдлагад 16 хүүхэд өртсөн гэж Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. Хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн тулаанд 170 цэрэг амиа алдсан гэж Израйлийн тал онцлов. Палестины эмч нарын хэлснээр Израйлийн хуягт танкууд эмнэлгийн хүлээн авах, эрчимт эмчилгээний тасгийг мөргөсөн гэнэ. Улаан загалмай нийгэмлэгийн ажилтнууд шархадсан хүмүүсийг эмнэлгээс гаргаж, түргэн тусламж хүргэж байна. Израйль 131 удаа минёмот, пуужингаар гал нээсний 108 нь байгаа оножээ. Эдгээр халдлагаас үүдсэн хохирлын талаарх мэдээлэл цацагдаагүй байна.
Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жил, Үндэсний их баяр наадмын гурвын даваанд улсын начин Б.Сугаржаргал аймгийн арслан Г.Баасандоржийг амлаж барилдсан боловч барьц сонгуулж унасан юм. Улмаар улсын начин Б.Сугаржаргал унасандаа шаралхан Төв цэнгэлдэхэд хоёр бөхийн барилдааныг шүүж байсан хөлийн цэц, улсын харцага Д.Сэрээтэрт гар хүрч, олныг бухимдуулсан. Энэ барилдааны талаар олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, улсын харцага Д.Сэрээтэрээс тодрууллаа.
-Энэ жилийн наадмаар бөхийн барилдаанд цөөнгүй маргаан гарч үзэгч түмнийг бухимдууллаа. Тухайлбал улсын начин Б.Сугаржаргал, аймгийн арслан Г.Баасандорж нарын маргаан эцэстээ таныг шанаадаж төгсөх шив?
-Бөхчүүд маань жилдээ ганцхан болдог баяр наадамдаа төр, түмнээ хүндэтгэн аль болох хэрүүл, маргаан гаргахгүй байхыг боддог л байлгүй дээ. Гэвч энэ жилийн наадмаар хэд хэдэн бөхийн барилдаанд нэг бус маргаан гарч гар зөрүүлсэн бусармаг зүйл гарлаа. Миний шүүж байсан зүүн урд жигүүрт улсын начин Б.Сугаржаргал аймгийн арслан Г.Баасандорж нарын барилдаан нэлээн удааширч, дүрэмд заасны дагуу барьц сонгоход хүрсэн. Шодолт аймгийн арслан Г.Баасандоржийн талаар буусан юм. Тэгээд Г.Баасандорж өөрийн барьцаа хангалттай аваад болсон гэхэд нь хоёр бөхийг барилдуулсан. Б.Сугаржаргал начин ч гэсэн барьцаа хангалттай авсан шүү дээ. Тэр бүү хэл Б.Сугаржаргал барилдааны явцад барьцаа халах гээд хойшоо хоёр алхсан нь бичлэг нь телевизийн дуранд буусан байна лээ. Сугараа ч гэсэн барьцаа авлаа гэж надад хэлсэн. Тэгээд Г.Баасандорж арслан даваагаа авсан юм. Гэтэл Б.Сугаржаргал начин барилдаан дууссаны дараа над дээр хүрч ирээд хүчтэй нудраад авсан.
-Барилдааныг зогсоосонгүй гэж бухимдсан юм болов уу?
-Мэх үргэлжилсэн бол барилдааныг зогсоох эрх бидэнд байхгүй. Бөхчүүд дүрмээ сайн судлах хэрэгтэй юм шүү дээ.
-Таны хувьд мэдээж гомдолтой байгаа биз дээ?
-Залуу хүн аль бухимдахыг тэр гэхэв гээд орхитол төд удалгүй Б.Сугаржаргалын ах, дүү нар хүрч ирээд намайг “ална, шулна” гээд элдвээр харааж, заналхийлсэн. Бас “хөгшин төгцөг” гэж хэл амаар баахан доромжилсон. Уг нь миний харцага цолыг хүндэлдэггүй юм гэхэд насыг минь хүндэлж болмоор. Гэтэл хэлэхэд ч эвгүй маш бүдүүлэг зан гаргалаа. Ер нь Б.Сугаржаргалд гомдоод сүйд болох юм надад алга. Эрүү амыг минь хугалж сүйд хийчхээгүй болохоор зүгээр орхиё гэтэл янз бүрийн хүмүүс хүрч ирээд намайг элдвээр дарамтлаад байхаар нь гомдол гаргасан.
-Бөхийн холбоонд уу?
-Бөхийн холбоо заавал гомдол гаргах ёстой гэсэн. Тиймээс гомдлоо бичгээр өгсөн. Ер нь залуу хүн олон жил барилдана, унаж давах болгондоо ийм зан гаргаад байвал тун тусгүй юм даа. Ард түмэн, зүлэг ногоон дэвжээгээ хүндлэх ёс жудагт сүүлийн үеийн бөхчүүд маань арай л хойрго хандаад байх шиг.
-Ингэхэд цагдаагийн байгууллагаас Б.Сугаржаргал начинд шийтгэл ногдуулсан уу?
-Б.Сугаржаргалын ах, дүү нар нь цагдаагийн албан хаагчийн нүдэн дээр намайг элдвээр доромжилсон. Тиймээс би “Та харж байгаа биз энэ хүмүүсийг” гээд эрүүгийн цагдаагийн албан хаагчид үнэн байдлаа учирласан юм. Мэдэж байна, ойлголоо гээд толгой дохино билээ. Дараа нь та хоёр зохицчих юм байна гээд яваад өгсөн.
-Б.Сугаржаргал начин тантай нэлээн удаан маргасан байх аа?
-“Хөгшин төгцөг минь гараад үзье, учраа ольё” гэх маягтай юм амандаа бувтнаад л байсан. Би ямар гэм хийсэн биш түүнийг дагаад гарна гэж юу байхав дээ.
-Бөхчүүд дэвжээнд бусармаг авир гаргасан тохиолдолд ямар шийтгэл ногдуулдаг вэ?
-Зодоон хийдэг нөхдүүдэд хариуцлага тооцдог дүрэм журам манай холбоонд бий. Тооцсоор ч ирсэн. Тухайлбал “Нутгаа дуурсгах” барилдааны үеэр Батзаяа начин засуулынхаа нүүрийг дэлссэн тул дүрмийн дагуу тухайн барилдаанаас хассан. Батзаяа ч буруугаа ойлгоод, уучлал гуйсан.
Д.ЖАВХЛАН
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин
NBA-ын “Cleveland Cavaliers”- багийн хүүхдийн ОУ-ын “Континентал Кап-2014” тэмцээнд амжилттай Монголын баг тамирчид амжилттай оролцож гуравдугаар байрт шалгарсан байна. Тэд оролцсон тэмцээн, гаргасан амжилтынхаа талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэхээр болжээ. Хэвлэлийн хурал Спортын Бэлтгэлийн төвийн дөрвөн давхарт 12.00 цагаас болох юм байна.