Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт металын үнэ хаашаа явж байна вэ?

Үндэсний статистикийн газрын мэдээллээс авч үзвэл өнгөрсөн хагас жилийн хугацаанд манай улс 583,5 мянган тонн зэсийн баяжмал гаргасанаас 217 мянган тонныг өнгөрөгч сард экспортлосон нь Хятад улсын гаалийн мэдүүлгээс харагдаж байна. “Оюутолгой” үйлдвэрийн ажил улирлын чанартай өссөнөөр энэ үзүүлэлт 15 орчим хувь нэмэгджээ. Мөн БНХАУ-н бүтээгдэхүүн хүлээн авах тээврийн үйлчилгээ сайжирсан нь нөлөө үзүүлж байна гэж үзсэн байна. 

Нөгөөтэйгүүр өнгөрсөн онтой харьцуулахад 300 мянган тонн өссөн тоо бөгөөд экспортын бүтээгдэхүүний 47 хувийг дангаар бүрдүүлж нүүрсний нийлүүлэлтийг даваад байна. Латин Америкын орнуудын зэсийн нийлүүлэлт өсөлттэй байгааг мөн дурдах нь зүйтэй. Чили улс гэхэд 535,5 мянган тонн зэсийн баяжмал нийлүүлсэн байна. 

Харин алт олборлогчид өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 65,4 хувиар илүү буюу дөрвөн тонн гаруй алтыг төв банкинд тушаасан байна. Үүнээс 2,5 тонныг Их Британид гаргасан тухай Үндэсний статистикийн хороо мэдэгдлээ. Энэхүү өсөлт нь алтанд ногдуулж байсан рояльти 2,5 татварыг тэглэсэнтэй холбоотой гэж эдийн засагчид үзлээ. Мөн алт тушаалтын өсөлт нь Монгол банкны валютын нөөцийг 187 орчим сая доллараар нэмэгдүүлсэн гэх тооцоо байна. 

  Өнөөдрийн зах зээл дээр зэсийн ханш 7025 ам долларын ханштай байна /Bloomberg статистик/


Дэлхийн зах зээл дээр зэсийн хэрэглэгч орнуудын эрэлт өсч байгаа. Харин эрэлт нь үнэд сөргөөр нөлөөлж магадгүй, ирэх таван жилийн хугацаанд буурах төлөвтэй байна гэж “Goldman Sachs”-ынхан тооцжээ. “The Wall Street Journal”-д тэмдэглэснээр зэсийн үнэ доошилж, энэ оны эцэст тонн нь 6200 ам.доллартай тэнцэнэ гэсэн байна. Хөрөнгө оруулалтын банк ч мөн адил зэсийн үнэ буурна гэж үзжээ. Харин “Morgan Stanley”-гийн зүгээс биржүүд дэх нөөц дундарч байгаа учраас оны 2 дугаар хагаст 7055 ам долларт хүрнэ гэсэн эерэг төсөөллийг хийсэн байна. 

  Дэлхийн зах зээлд нэг унц алт 1307 ам.долларын ханштай байна /Bloomberg статистик/


2011 оны ес дүгээр сард алт бүх цаг үеийн дээд ханш буюу 1923,7 ам.долларт хүрч байсантай харьцуулахад өнгөрсөн онд ханш 28 хувиар унасан. Энэ оны хувьд оны эхнээс 9,5 хувийн өсөлт үзүүлсэн байна. “Goldman Sachs”, “Societe Generate” зэрэг банкны шинжээчид алтны үнэ унана гэж үзэж байгаа ба үүнийгээ дэлхийн эдийн засаг сэргэж байгаатай холбон тайлбарлажээ. “Societe Generale”-ын шинжээч Майкл Хэй оны төгсгөлд алтны ханш одоогийнхоос таван хувиар хямд үнэлэгдэнэ хэмээн таамагласан бол “Goldliian Sachs’’-ын Жеффри Кюри энэ оны эцэст нэг унци алт 1050 ам.доллартай тэнцэнэ хэмээн тооцоолсон байна. 

Алтны нөөц гадаад валютын баталгаа болдог учраас валютын хомсдолтой энэ үед Төв банк алтны нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй гэж эдийн засагчид үзэж буй. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй алтны нэгжүүд энэ онд 31 тонн алт олборлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүний гуравны нэг хэсгийг Монгол банк татан төвлөрүүлэхээр ажиллаж байгаа аж.

М.Бүжил 

Categories
гадаад мэдээ

Оросын БХЯ мэдээлэл хийв

-“Боинг” унах агшинд тэр цэгт цэргийн онгоц байжээ-

Malaysia Airlines компанийн «Боинга-777» унах агшинд тэр цэгт Украины байлдааны Су-25 байсан ба хоёр онгоцны хоорондын зай 3-4 километрээс хэтрээгүй байв. Энэ тухай Malaysia Airlines  компанийн «Боинг-777»  онгоцыг 2014 оны долдугаар сарын 17-нд устгасантай холбоотой хэргийн талаарх Оросын Батлан хамгаалах яамны тусгай брифинг дээр мэдэгдсэн байв. Тусгай хэвлэлийн бага хурлыг ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Оперативын төв газрын дарга дэслэгч генерал Андрей Картаполов долдугаар сарын 22-нд хийлгэсэн байна.

Тэр  тэмдэглэхдээ, Су-25 онгоц нь  маш богино хугацаанд 10 мянган метрийн өндрийг авах чадвартай гэв. “ Мөн 12 км-ийн алсын байг барин сөнөөх чадвартай  “агаар-агаар” ангиллын “Р-60”  пуужингууд  байгаа. Байг сөнөөх баталгаатай тусгал нь таван км-ын дотор” гэж генерал мэдэгдэв. Энэ үеэр Цэргийн нисэх хүчний штабын дарга дэслэгч генерал Игорь Макушев үг нэмэн “ Украины албаны хүмүүс тэр өдөр Украины байлдааны онгоцнууд  онгоцны ослын районд байгаагүй хэмээн мэдэгдэж байсан” гэж сануулав.

Үүнээс гадна Боинг задран унах  үеийн 17:21 цагт мөн тэр цэгт байлдааны онгоц байж магадгүй бас нэг нисэх аппаратыг дөрвөн минутын турш Оросын нутаг дэвсгэр дэх Усть-Донецк ба Бутурино дахь радиолокацийн постууд  ажигласан. Өмнө нь тэр онгоцыг  нислэгийнх нь өндрөөс болон  илрүүлж чадаагүй байв. Тэр бүсийн агаарын орон зайг  хянах  жижүүрийн төхөөрөмжүүд нь агаарын орон зайг 5000 метрийн өндрөөс эхлэн хянаж чаддаг  ажээ.

Оросын Батлан хамгаалах яам, Малайзийн онгоц 2014 оны долдугаар сарын 17-ны өдөр сүйрсэн районы хиймэл дагуулын болон радиотехникийн хяналтын зургуудыг танилцуулсан байна. Районд Украины зэвсэгт хүчний зенитийн пуужингийн “Бук” цогцолборын (ЗПЦ) гурваас доошгүй дивизионыг  байрлуулсан байв. Бодит хяналтын  хэрэгслүүдээр 17-ны өдөр зенитийн пуужингийн “Бук” цогцолборын радиолокацийн   9С18 «Купол» станцуудын  ажиллагааны идэвхжилийг бүртгэсэн байлаа.  Нийтдээ есөн станц ажиллаж байжээ.  Харин 15 ба 16-ны өдөр  тус бүр 7 ба 8 радар  9С18, 18-наас эхлэн 2-3 энэ төрлийн станцууд ажиллаж байсан байна.

 Оросын Батлан хамгаалах яам АНУ-ын Цэргийн яаманд хандан хиймэл дагуулын тагнуулын зургуудаа танилцуулахыг хүслээ. Андрей Карталовын мэдээлснээр, Малайзийн онгоц сүйрэх үеэр  районы дээгүүр пуужингийн харвалтыг бүртгэн хянах зориултын АНУ-ын Зэвсэгт хүчний  тагнуулын хиймэл дагуул нисч байсан байна.

Ослын ба өмнөх өдрүүдийн Украины  зенитийн пуужингийн “Бук” цогцолборын байрлалыг харуулсан Оросын цэргийн хиймэл дагуулуудаас авсан гэрэл зургуудыг танилцууллаа. Эхний гурван зураг нь долдугаар сарын 14-ны өдрийнх гэдгийг  Картаполов тайлбарлав. “Эхний зурагт, “Бук” ЗПЦ-ын  харвах төхөөрөмжүүд Луганскаас  баруун хойд зүгт 8 км-ийн зайд байрласан байгаа. Зурагт та бүгд өөрөө явагч төхөөрөмж мөн хоёр цэнэглэн харвагч машинуудыг харж байна. Дараагийн зурагт нь, Донецкийн ойролцоох радиолокацийн станцуудыг үзүүлсэн байгаа” гэж генерал хэлэв.

Донецкийн район дахь Агаараас хамгаалах  техникийн байрлалыг гурав дахь зурагт үзүүлсэн ба тэнд өөрөө явагч галын төхөөрөмж, цэргийн болон тусгай техникийн 60 орчим нэгж сайн харагдана гэж генерал хэлэв. “Эдгээр районуудын зургийг 17-ны өдөр авсан байгаа. Тэнд  пуужин харвах төхөөрөмж  харагдахаа больжээ. Тав дахь зурагт, тэр өдрийн өглөө Донецкаас  баруун тийш 50 км-т, Шахтерсскаас найман км-ын зайтай Зарощинское суурины ойролцоо “Бук” ЗПЦ-ын батарей байгаа нь харагдаж байна” хэмээн генерал тайлбарлав.

“Эмгэнэлт хэрэг гарахын өмнөхөн сайн дурын цэргийнхний хяналтын бүсийн орчим яагаад тэр батарейг байрлуулав? гэсэн асуудал үүсч байна. Энэ  районы зургийг 18-ны өдөр авахад батарей эзэлж байсан байрлалаа орхисон байлаа хэмээн Картаполов тэмдэглэв.

Порошенко Украины дайрагч онгоц “Боингийн” осолд  хамаатайг үгүйсгэлээ


Малайзийн “Боинг”-тай  нэг цэгт  Украины дайрагч Су-25 онгоц онгоц  зэрэгцэн ниссэн гэх Оросын Батлан хамгаалах яамны  мэдэгдлийг  Украины ерөнхийлөгч Петр Порошенко худлаа гэж үгүйсгэсэн тухай ИТАР-ТАСС дамжууллаа. Донбассын тэнгэрт агаарын хөлөг сүйрсний нөхцөл байдлын талаарх асуултад хариулах  баримтууд Киевт байгаа гэж Порошенко мэдэгдэв.

Тэрээр америкийн CNN телевизид  ярилцлага өгөхдөө, Оросын Батлан хамгаалах яамны  мэдэгдлийг “Энэ бол худлаа” гэж Украины ерөнхийлөгч мэдэгджээ. Мөн тэрээр “хэзээ, хаана, хэн гэдэг асуултад хариу өгөх гэрчлэх баримт байгаа гэв. Украины ерөнхийлөгчийн хэвлэлийн алба,  Украин бүх материалуудыг  онгоцны сүйрлийг мөрдөж байгаа олон улсын шинжээчдын  комисст өгөхөд бэлэн  гэж мэдэгдсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Categories
мэдээ нийгэм

Метилийн спиртэд хордсон залуу эмчлүүлж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Баян-Эрч” ХХК-ий нүүрсний уурхайн хамгаалалтын албаны ажилтан 22, 32, 62 настай гурван хүн архины хордлогоор нас барсан хэрэг гарсан. Тэдэнтэй хамт байсан 18 настай нэг иргэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэж байгаа аж. Нас барсан иргэдийн уусан зүйл нь хүнсний зориулалтын бус, метилийн спирт болох нь тогтоогджээ. Энэ хэрэгтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллага хууль хяналтынхантай хамтарч хяналт шалгалтаа үргэлжлүүлж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхбаярыг Зайсангийн хорихын эмнэлэгт авчирчээ

Өнгөрсөн тавдугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих 423 дугаар анги руу ачигдсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө Зайсан дахь 401 дүгээр ангид авчирчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, шүүхийнхэн “Дээрээс ирсэн шийдвэр. Хотод аваачиж эмчилгээ хийнэ” гэсэн тайлбар хэлсэн байна. Ц.Мөнхбаяр Хархорины хориход очсоноосоо хойш эмчлүүлэх тухай хүсэлт гаргаагүй бөгөөд өнгөрсөн баасан гаригт эсэргүүцэл үзүүлсэн ч хүлээж аваагүй аж. Тиймээс “Биеийн байдал нь хэвийн байхад эмчилгээ хийнэ гэсэн нь цаанаа учиртай асуудал” хэмээн холбооны гишүүд нь ХЭҮК-д ханджээ. Ц.Мөнхбаяртай хамт ял сонссон С.Дашцэрэнг биеийн байдлын улмаас хотод шилжүүлсэн байна. Дархан-Уул аймагт хуваарилагдсан тэрээр элэгний өвчтэй хэмээн Зайсан дахь 401 дүгээр ангийн эмнэлэгт хүргэгджээ.

Categories
гадаад мэдээ

“Севол” онгоцны эзний цогцос олджээ

Өнгөрөгч дөрөвдүгээр сард осолдсон Өмнөд Солонгосын “Севол” гатлага онгоцыг эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн эзэн Ю Бён-Онийг эрэн сурвалжилж байсан юм. 73 настай Ю Бён Он онгоцны ослын дараа сураггүй алга болоод байсан бөгөөд түүний цогцос олджээ. Сөүл хотоос урагш Сунчеон хотын ойролцоо чавганы талбайгаас Ю Бён Оны цогцос өнгөрөгч зургадугаар сарын 12-нд олдсон байна. Ю Бён Оны эхнэр болон ахыг нь баривчлаад байгаа бол Парист буй охиныг нь шилжүүлж авахаар ярилцаж байгаа аж. Энэ талаар тус улсын цагдаагийн газраас мэдээллээд байна.

Гатлага онгоцны ослын хэрэгт хөлгийн ахмад 69 настай И Жун-сук болон багийн гишүүн 15 хүнийг шүүх хурал Сөүл хотноо үргэлжилж байна. Уг онгоцонд амиа алдагсадын гэр бүлийнхэн шүүх хурлыг хэтэрхий удааширч байгаа талаар шүүмжилж байгаа билээ.

Хэргийг сануулахад, Инчоноос Чежүг чиглэн далайд гарсан “Севол” гатлага онгоц өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Жиндо арлын ойролцоо осолдож, живсэн. Хөлөгт 476 хүн зорчиж явснаас 172 хүн аврагдаж, 294 хүн амь насаа алдаж, 10 зорчигч одоог хүртэл ор сураггүй байна. Зорчигчдын дунд Ансан хотын Данвон ахлах сургуулийн 17-18 насны 325 сурагчийн 70 нь, тус сургуулийн 14 багшийн гурван нь амь аврагдсан билээ.  

Осол болсноос хойш амиа алдагсадын цогцосыг хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Аврах ажиллагаанд оролцож байсан 53 настай иргэн Ким тавдугаар сарын 6-ны өдөр далайд орсон боловч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан бол өнгөрөгч долоо хоногт дахин таван иргэн амиа алдлаа. Ор сураггүй алга бологсдыг эрэн хайх ажилд 34 хоногийн турш ажиллаад буцахдаа онгоцтойгоо осолдож, хоёр нисгэгч, гал унтраах ангийн гурван гал сөнөөгч амиа алдсан. Долдугаар сраын 17-ны өдөр аврах ажиллагаад оролцоод буцаж явсан уг онгоц Гуанжү хотын өндөр барилгын дээгүүр нисэж байхдаа гэнэт галд өртөж, газарт унан дэлбэрчээ. Ийнхүү амиа алдагсадыг хайх ажиллагаанд оролцож байсан зургаан иргэн амиа алдаад байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр онгоцны ослын дараа сураггүй алга болоод байсан Ю Бён-Оны цогцос зургадугаар сарын 12-нд олджээ. Маш их ялзарч муудсан цогцосны дэргэд хэдэн архины шил байсан бөгөөд түүнийг танихын тулд төрсөн ахаас нь генийн шинжилгээ авч, харьцуулжээ.

“Севол” гатлага онгоцыг эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн эзэн Ю Бён-Он 1984 онд.

Categories
мэдээ нийгэм

Ирина Шейк өөрийгөө монгол цустай гэж мэдэгджээ

Нэрт хөлбөмбөгчин Кристиан Рональдогийн найз бүсгүй, загвар өмсөгч Ирина Шейк монгол цустайгаа мэдэгджээ. Тэрээр саяхан “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би өөрийгөө орос хүн гэж танилцуулахад тэд ер итгэдэггүй. Чи бразил хүн шиг л харагддаг гэцгээдэг. Үнэндээ бол миний аав татар хүн. Өөрөөр хэлбэл аав маань бараг л монгол хүн гэсэн үг. Тиймээс би гадна төрхөөрөө аавыгаа дуурайсан бор арьстай. Хүмүүст “Би оросын тагнуул юм аа” гэж хошигнодог” хэмээн ярьжээ. Дашрамд сонирхуулахад тэрээр энэ сарын 25-нд нээлтээ хийх Грекийн бурхдын нэг Геркулесийн тухай өгүүлэх кинонд гол дүр бүтээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн гэмт хэрэгтний мэдүүлгийг дэлгэв

Дэлхийн хоёрдугаар дайны үед 645 хятад хүний амийг хороож, 724 хүнийг эрүүдэн шүүж байсан Японы цэргийн гэмт хэрэгтний мэдүүлгийг нийтэд дэлгэжээ.

 Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийн 45 мэдүүлгийг Хятадын Засгийн газар цуврал болгон нийтэд дэлгэхээр ажиллаж байгаа. Энэ удаад Хятадын гэмгүй иргэдийг хоморголон хороож, эрүүдэн шүүж байсан цэргийн гэмт хэрэгтнүүдийн нэг болох Оно Тайжигийн мэдүүлгийг цахим хуудсаар дамжуулан олонд дэлгэсэн байна. 1934 онд Манжуурын цагдаагийн ажилд туслахаар томилогдон Хятадад очсон Оно 

Тайжи 1954 онд хэргээ хүлээн мэдүүлэг өгөхдөө , анх 1935 онд баригдсан 20 хятад хүнийг зодож занчиж, усанд дүрж, дүүжлэх зэргээр эрүүдэн шүүсэн гэжээ. Түүнчлэн хүний тархиар эм хийж уудаг байсан тухайгаа ч мэдүүлсэн байна. Оно Тайжи гэгч нь 1945 оноос хойш 10 гаруй жилийн хугацаанд 645 хятад хүнийг хороож, 724 хүнийг эрүүдэн тамлан, энгийн иргэдийн 47 орон сууцыг галдан шатааснаа хүлээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Мотоцикльтэй иргэдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх захирамж гаргажээ

Баянхонгор аймгийн Засаг дарга мотоциклийг замын хөдөлгөөнд оролцуулахыг түр хориглох тухай захирамж гаргажээ. Учир нь тус аймагт энэ сарыг 21-нээс 27-ны өдрүүдэд Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам, Төвийн бүсийн Их хурд-2014″ хурдан морины уралдаан болох юм.

Баяр наадмын үеэр иргэд, наадамчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор наадмын өдрүүдэд Баянхонгор хот, Дуурсахын хөндий болон Эрдэнэцогт сумын Жанжны 4 дүгээр багийн Баянзүрхийн хонхор орчмоор мотоцикльтой иргэдийг замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглосон байна.

Categories
гадаад мэдээ

Малайзын онгоцны талаар мэдэгдэл гаргав

УКРАЙНД ОСОЛДСОН МАЛАЙЗЫН ОНГОЦНЫ ТАЛААР ЕАБХАБ-ын БАЙНГЫН ЗӨВЛӨЛ МЭДЭГДЭЛ ГАРГАВ


Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ гишүүн улсуудын Элчин сайд буюу Байнгын төлөөлөгчдөөс бүрддэг тус байгууллагын Байнгын зөвлөл долоо хоног тутам хуралдаан хийдэг. ЕАБХАБ-ын Байнгын зөвлөл 2014 оны долдугаар сарын 18-ны өдөр хуралдаж, Малайзын МН-17 зорчигч тээврийн онгоц Украинд осолдсонтой холбогдуулан мэдэгдэл гаргав.

Энэхүү мэдэгдэлд ЕАБХАБ-ын 57 гишүүн улс ОХУ, Украин, ЕАБХАБ-ын Гурван талын холбоо тогтоох бүлгийн үйл ажиллагааны хүрээнд гал зогсоох нөхцлийг бүрдүүлж, улмаар Украины зүүн хэсэгт үүссэн хямралыг эцэслэхийн төлөө байгааг илэрхийлэв.

ЕАБХАБ-ын Ажиглагчдын тусгай баг болон олон улсын байгууллагын холбогдох бусад төлөөлөгчдийг ослын газарт цаг алдалгүй оруулах, аюулгүй байдлыг нь хангахыг мөн шаардсан байна. Сүйрсэн онгоцноос үлдсэн хэсэг, тоног төхөөрөмжийн хэсэг, амь үрэгдэгсдийн эд зүйлсд хүрэх, устгах, хөдөлгөхөөс зайлсхийж, осол болсон газрыг хөндөхгүй байхыг уриалав.

Мөн мэдэгдэлд нээлттэй, ил тод, бие даасан олон улсын мөрдөн байцаах ажлыг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-тай хамтран Украин, Малайз, Нидерландын Засгийн газрын болон бусад холбогдох техникийн, шүүх эмнэлгийн болон бүс нутгийн экспертуудын оролцоотойгоор эхлүүлэх уриалгыг дэмжиж буйгаа Байнгын зөвлөл илэрхийлсэн байна.

Дээрх мэдэгдлийг гаргасантай холбогдуулан Вена дахь Монгол Улсын Байнгын төлөөлөгч Г.Батжаргал ЕАБХАБ-ын Гурван талын холбоо тогтоох бүлэг, Ажиглагчдын тусгай баг зэрэг нэгжүүдийн Украин дахь нөхцөл байдлыг намжаах чиглэлээр хийж буй үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу амь үрэгдэгсдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн мэдэгдэл гаргав.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан Голландын сайд асан Х.Блэкэртэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр Голланд улсын Хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Блэкэртэй уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Х.Блэкэр Монгол Улсад урьсанд талархал илэрхийлэн хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгасан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “ Бид сүүлийн жилүүдэд нүүдлийн аж ахуйгаа фермийн аж ахуй болгох ажлыг эрчимжүүлж байгаа. Голланд улсын хувьд хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж чадсан туршлагатай. Голландын хөдөө аж ахуйн салбарын туршлагыг, техник технологийг Монгол Улсад улсад нэвтрүүлж чадвал Орос, Хятад, цаашлаад Солонгос, Японы зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ хамтарч гарган өрсөлдөж боломж байгааг бид харсан. Тиймээс хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах хүсэлтийг санал болгомоор байна” гэсэн юм.

Ийнхүү талууд хөдөө аж ахуйн салбарын талаар харилцан санал солилцсны дараагаар Голланд улсын Хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Блэкэр Монгол  Улсын хүнс хөдөө аж ахуйн талаар нарийн судалгааг хийж хамтарч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм.