Categories
мэдээ нийгэм

“Turquoise Hill Resources” компани “SouthGobi Resources”-ийн эзэмшлийн хувиа бууруулна

Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани Овооттолгой ордод үйл ажиллагаа явуулдаг “SouthGobi Resources”- ийн эзэмшлийн 29.95 хувиа “National United Resources Holdings”- т худалдах болсон тухай “The Wall Street Journal” мэдээлжээ.

Тодруулбал, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “National United Resources Holdings” компанид “SouthGobi Resources”-ийн 56.1 сая ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 0.455 канад доллараар худалдахаар болсон байна. Ингэснээр “Turquoise Hill Resources” компанийн “SouthGobi Resources” дэх эзэмшлийн хувь 56-аас бууран 26 болох (48.7 сая ширхэг хувьцаа) аж.

“National United Resources Holdings” нь “Turquoise Hill Resources” компанид 12.8 сая канад долларыг бэлнээр, үүнтэй тэнцэх үлдэх хөрөнгийг хувьцаа худалдан авснаас нэг жилийн дараа шилжүүлэх гэнэ. Дээрх үнэт цаасны арилжааг ирэх арваннэгдүгээр сарын 30-наас хойшлуулахгүйгээр хийхээр төлөвлөж буйг “Turquoise Hill Resources” мэдэгдэлдээ бичжээ.

Дашрамд дурдахад, “Turquoise Hill Resources” нь “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг билээ. Тэгвэл “National United Resources Holdings” компани нь коксжих нүүрсний худалдаа, ложистик, хэвлэл мэдээллийн сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байна. Овооттолгой орд БНХАУын хилээс ердөө 40 орчим км зайд байрладаг.

Мөн “SouthGobi Resources” нь манай улсад стратегийн байршилтай гэгддэг нүүрсний Заг сүүж, Сүмбэр, Цагаан толгойн орд эзэмшдэг юм. “SouthGobi Resources” компани нэгдүгээр улиралд 20.8 сая ам.долларын алдагдал хүлээснээ мэдэгдэж байлаа.

Эргэн сануулахад, БНХАУ-ын төрийн өмчит, хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Chalco” компани “SouthGobi Resources”- ийн нийт хувьцааны 60 хүртэлх хувийг 926 сая ам.доллараар (тухайн үеийн нэгж хувьцааны ханшаас 28 дахин илүү үнээр) худалдан авах хүсэлтэй байсан нь 2012 онд бүтэлгүйтсэн билээ.

Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн Залуучуудын Олон улсын тэмцээнээс 5 медальтай иржээ

Олон улсын Жүдо бөхийн кальендарчилсан төлөвлөгөөний дагуу энэ сард Жүдо бөхийн Залуучуудын Олон улсын тэмцээнийг ХонгКонгод зохион байгуулжээ.

Манай улсаас энэ тэмцээнд залуу тамирчид амжилттай оролцсон байна.

Нийт 7 орны 200 гаруй тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн Э.Сумъяабазар /50 кг/ алтан медаль хүртжээ.

Мөн тус аймгийн Н.Амгаланпүрэв, /55 кг/ Б.Адъяасүрэн /48 кг/ нар мөнгөн медаль хүртэж, өндөр амжилт гаргажээ.

Харин Хүч нийгэмлэг төвийн бөх  Г.Баттулга /60 кг/ болон Б.Суъяабазар /66 кг/ нар хүрэл медаль хүртсэн байна.

Энэ тэмцээнд манай улсаас  Олон Улсын Шүүгч Ш.Баясгалан, Тод-Сүх клубын дасгалжуулагч: З.Сүхчулуун нар шүүгчээр ажиллаад иржээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Конгресс Обамаг шүүхийг дэмжжээ

АНУ-ын Конгрессын танхимын гишүүд тус улсын Ерөнхийлөгч Барак Обамаг эрх мэдлээ урвуулан ашигласан, улс орны хууль тогтоомжийг зөрчсөнд буруутгаж, түүнд хариуцлага тооцох тогтоолыг дэмжжээ. Конгрессийн төлөөлөгчдийн танхимын 225 гишүүн дэмжсэн санал өгсөн бол, 201 нь эсрэг байр суурьтай байжээ.

Төлөөлөгчдийн танхимын хуульчид Обамагийн эсрэг шаардлагатай хууль эрх зүйн баримт бичгийг бэлтгэж эхлэх юм байна.

Ерөнхийлөгч Барак Обамаг АНУ-ын хууль зөрчсөн болон Конгрессийн зөвшөөрөлгүйгээр хэд хэдэн удаа шийдвэр гаргасан гэж буруутгаж байгаа юм.

Тэрбээр “ObamaCare” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний хөтөлбөрт өөрчлөлт оруулахдаа АНУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлсэн гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн эсрэг заргыг өнгөрсөн зургаадугаар сард АНУ-ын Конгрессын танхимын спикер Жон Бейнер гаргаж байсан юм. Тэрбээр “АНУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгч хуулийг чанд мөрдөх үүрэгтэй гэж тодорхой заасан. Харин миний бодлоор Ерөнхийлөгч хуулийг дагах биш, зөрчиж байна” гэжээ.

Бейнерийн хэлж буйгаар энэ үйлдэл Обамаг төрийн эрхээс зайлуулах зорилго агуулаагүй гэв.

Барак Обамагийн рейтинг 41 хувиар унажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн рейтинг ойрын хугацаанд хурдацтай унаж байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.

Шалтгааныг нь янз бүрээр тайлбарлаж эхэллээ. Улс төрийн буруу бодлого, гадаад харилцаа, эдийн засгийн уруудалт, сөрөг хүчинтэй тааруу харилцаатай, Засгийн газрын үйл ажиллагаанд доголдол гарсан гэх мэт олон зүйл нөлөөлсөн бололтой.

Хамгийн энгийн жишээ гэхэд өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын Засгийн газар түр хугацаагаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, хаагдсан. Энэ бүхнийг сөрөг хүчнийхэн болон Конгрессийн зарим гишүүн Ерөнхийлөгчийн буруутай бодлого, шийдвэрүүдтэй холбон тайлбарлаж байна.

Олон улсын харилцаанд гаргаж байгаа түүний ааш авир, таагүй уур амьсгал бүрдүүлсэн зэрэг гадаад бодлого нь ч буруу гэж ажиглагчид тайлбарлав. Афганистан улсаас цэргээ татах шийдвэр эртэдсэн эсэх дээр дахин бодолцож, Ойрхи Дорнодод баримталж байгаа Б.Обамагийн бодлого хэтэрхий сул байгаагаас олон улсад АНУ-ын байр суурь ганхаж эхэлсэн гэдэгт Конгрессийн гишүүд санал нэгдсэн талаар “LA Times” онцлов.

БНХАУ болон ОХУ-тай тааруу уур амьсгалтай болж эхэлсэнд Б.Обамагийн таагүй харилцаа нөлөөлсөн гэх бодолтой улс орнууд цөөнгүй байгаа бололтой. Гэвч ОХУ-тай таагүй харилцаатай байх гол шалтгааныг Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас Эдвард Сноудентай холбон тайлбарласан удаатай.

АНУ-ын Ерөнхийлөгч нарын рейтингийн судалгааны түүхэнд сүүлийн 39 жилд 41 хувиар рейтинг нь буурсан үзүүлэлт гараагүй аж. Өөрөөр хэлбэл, судлаачид 41 хувийн рейтингийн уналт цаашдаа 50 хувиас давж магадгүй гэж үзэж байна.

Хэрэв Ерөнхийлөгчийн талаар дахин таагүй мэдээ, мэдээлэл олны дунд цацагдвал түүний бүрэн эрхийг цуцлах санал асуулга явагдах аюултайг зарим улс төр судлаачид онцолжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатарын эхнэр Ерөнхий прокурорт ханджээ

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг АТГ-аас хоёр дахь удаагаа цагдан хориод байгаа билээ. Олон хоног шоронд хоригдсоны улмаас Д.Цогтбаатарын бие нь муудсан бөгөөд яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа гэнэ. Тиймээс түүний эхнэр Ч.Мандах Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавд хандаж хүсэлт гаргажээ. Тэрбээр хүсэлтээ “Миний нөхөр Д.Цогтбаатар гурван сарын турш Төв аймагт хоригдохдоо шулуун гэдэснээс нь цус алдсан, хаван болон даралт нь ихэсдэг болсон. Мөн бөөрний архаг үрэвсэлтэй гэсэн оноштойгоор 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хүргэгдсэн. Эмчийн дүгнэлтээр яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн онош тавьсан. Иймд миний нөхөрт холбогдуулаад байгаа хэргийг онцгойлон анхаарч заавал цагдан хорихгүйгээр батлан даалтад гаргаж, хууль хяналтын байгууллагад харьяаллын дагуу хурдан шуурхай шалгуулж өгөхийг танаас хичээнгүйлэн хүсч байна” хэмээжээ. 

Д.Цогтбаатар шоронд байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандаж захидал бичихдээ өөрийг нь үндэслэлгүйгээр хорьж байгаа тухай дуулгаж, шалгаж байгаа газрынхаа харьяаллыг сольж өгөхийг хүссэн байдаг. Түүний эхнэр нь ч Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисст хандаж, хэргийг хүний эрхийг хохироолгүй, үнэн зөв, шуурхай шийдэж өгөхийг хүсч байсан байна. Мөн Нийслэлийн прокурорын газарт хандаж нөхрөө батлан даалтад гаргаж авах тухай хүсэлтийг хэд, хэдэн удаа тавьж байжээ. Үүний хариуд “Гэмт хэрэг дахин үйлдэх, оргон зайлахаас сэргийлж хорьж байгаа нь үндэслэлтэй байна” гэсэн хариуг өгдөг ажээ. “Манай нөхрийн гадаад паспортыг нь хурааж аваад, хилийн хориг тавьсан. Тэгээд ч тодорхой оршин суух хаягтай хүн учраас оргож зайлах ямар ч боломж байхгүй. Миний нөхөр тагнуулын байгууллагад 20-иод жил нэр төртэй ажиллаж байсан, хуулийн өндөр мэдлэгтэй хүн. Хуулийн байгууллага дуудсан цагт нь очиж байцаалт өгөх, шалгуулах бүрэн боломжтой. Ийм байхад заавал цагдан хорьж, эрүүл мэндийг нь хохироож байгаа нь хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлж байгаагийн тодорхой жишээ болж байна” хэмээн Ч.Мандах сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ. 

Д.ГЭГЭЭ

Categories
мэдээ нийгэм

Сангийн яамнаас Хөрөнгийн биржид чиглэл өгчээ

Хөрөнгийн биржээр дамжин хийгддэг байсан Засгийн газрын үнэт цаасны арилжааг  2012 оноос эхлэн Монголбанкинд шилжүүлсэн. Харин өчигдөр Сангийн яамнаас Хөрөнгийн биржид чиглэл өгчээ. Ингэхдээ УИХ-ын 2013 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрын үнэт цаасны арилжааг Хөрөнгийн биржээр дамжуулахад зах зээлд оролцогч байгууллагууд бэлтгэгдсэн эсэх, програм хангамж, клиринг, төлбөр тооцоо, тайлан бүртгэлийг холбогдох хууль, журмын дагуу гүйцэтгэх боломжтой эсэхэд судалгаа хийж, ойрын хугацаанд эргэн танилцуулахыг Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д. Ангарт даалгасан байна.

Categories
мэдээ спорт

SOS-ын хүүхдүүд олон улсын тэмцээнд оролцжээ

Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотод Асрамжийн газарт хүмүүжигч хүүхдүүдийн Hope for the Mundial олон улсын хөл бөмбөгийн хоёрдугаар тэмцээн  болжээ. Уг тэмцээнд нийт 24 орны 26 баг оролцжээ. Харин манай улсаас Н.Содномдаржаа ахлагчтай, Г.Санчир дасгалжуулагчтай Монголын SOS хүүхдийн хотхоны баг тамирчид улсаа төлөөлөн оролцсон байна. 17 хүртэлх насны 10 хүүхдийн бүрэлдэхүүнтэй манай улсын багийг зохион байгуулагдаж үнэлж, хол газраас зорин ирж тэмцээнд оролцсонд нь талархал илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Атар” талх 1000-1150 төгрөгийн үнэтэй байна

Мах  

“Баянзүрх”, “Хархорин”, “Хүчит шонхор” захуудад үхрийн мах кг нь 7500 төгрөг, “Номин” супермаркет болон “Меркури” хүнсний захад 9800 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа бол хонины цул болон ястай мах 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад 9500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Ямааны мах 6000 төгрөгийн үнэтэй бол адууны мах кг нь 5500-6500 төгрөгийн үнэтэй аж.

Гурил 

Энэ долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, I гурил 900-1100 төгрөг, II гурил 750-1000 төгрөг. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1149 төгрөгийн үнэтэй байна. “Барс” хүнсний зах болон “Оргил” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр худалдаалж байна. Харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 1149 төгрөгөөр худалдаалж байна.Зүссэн талх 1200 төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

З.Пүрэвсүрэн: Богд уулыг нүхэлж, нийслэлийг Төв аймагтай холбосон нүхэн гарц байгуулах цаг нь иржээ

-НИЙСЛЭЛ ХОТОО УТААНААС САЛГАХ ЦОРЫН ГАНЦ АРГА-

Ахмад инженер З.Пүрэвсүрэн Богд уулыг нүхлэн Төв аймгаас Улаанбаатар орох замыг дөтөлж Улаанбаатарын гэр хорооллыг Богд уулын өвөрт гаргах саналыг 1988 онд сэдсэн нэгэн. Тухайн үед энэхүү саналаа өргөн олонд, эрх баригчдад танилцуулж байсан хэдий ч төдийлөн ойшоогоогүйгээр барахгүй дархан цаазтай уулыг хөндөх гэсэн эсэргүү нөхөр гэгдэж явжээ. Харин нийслэлийн хүн ам нэмэгдэж, хот өргөжин тэлэхийн хирээр шинэ суурьшлын бүс байгуулах тухай эрчимтэй яригдах болсон. Дэд бүтцийг нь хамгийн оновчтой, эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар шийдвэрлэх ёстой учраас Богд уулын доогуур нүхэн гарц барих нь хамгийн оновчтой санал болох талаар тэрээр онцолж байна.  

-Богд уулыг нүхэлж, нүхэн гарц барих санаа танд хэрхэн төрөв?

-Барилгын инженер мэргэжилтэй хүний хувьд нүхэн гарц, хоолойн барилгыг сонирхдог юм. Өөрийн энэ сонирхлоо эх орондоо хэрэгтэй, бүтээлч байдлаар ажил хэрэг болгохыг хүссэн учраас Богд уулыг нүхлэх санаагаа сэдсэн хэрэг. Өөрийн энэ санаагаа сонин хэвлэлд нийтлүүлж олны хүртээл болгоё гэсэн ч тухайн үедээ ойшоодоггүй байсан. Харин Монгол телевизийн хамт олон миний энэ санаагаар нэвтрүүлэг бэлтгэж анх олны хүртээл болгож байсан. Харин өнөөдөр дэд бүтцээ сайжруулах талаасаа ч улсын хөгжил талаасаа ч зайлшгүй нүхэн гарц барих цаг нь болчихоод байна. 

Нөгөө талаас энэ асуудал сүүлийн хорь гаруй жил огт орхигдолгүй явсаар ирсэн бөгөөд надаас гадна үе үеийн холбогдох албан тушаалтнууд ярьж хэлсээр ирсэн нь шийдвэрлэвэл зохих ямар амин чухал асуудал болохыг бэлхнээ гэрчилнэ. 

Нүхэн гарц баригдсанаар хүн амын хэт төвлөрлийг сааруулна, суурьшлын шинэ дэд төв байгуулагдана, Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг нийслэлтэй холбох хамгийн дөт зам болох зэрэг давуу талтай. 

-Таныг энэ саналыг гаргаж байх үед нийгмийн сэтгэлзүй арай өөр байсан. Өөрөөр хэлбэл нүхэн гарц байгуулах чухал шаардлагагүй байсан гэдэгтэй санал нэг байна. Харин өнөөдөр яагаад энэ асуудлыг нэн даруй ажил хэрэг болгох ёстой гэж хотын удирдлагуудад энэ саналаа танилцуулав уу?

-Төсөв мөнгө нь батлагдчихвал улс орны эдийн, засаг хөгжилд асар их хувь нэмрээ оруулна. Хамгийн анх НИТХ-д танилцуулж байсан. Тухайн үед хотын орлогч даргаар ажиллаж байсан Гансүх “Хотын хэтийн ирээдүйд ашигтай ч өнөөгийн төсөв хөрөнгөөс хэт давсан ажил байна” гээд хойш тавьсан. Гэхдээ нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгуулж чадсан. 

Түүний дараа Барилга хот байгуулалтын дэд сайдын алба хашиж байхдаа У.Уртнасан миний саналыг хэрэгжүүлэх тал дээр ихээхэн анхаардаг байсан. Тэрээр “Ажлын зургаа бэлэн болго. Хэд хэдэн хувилбартайгаар хий” гэснийг нь ёсоор болгосон. Түүний дараахан Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга намайг хүлээж авч уулзсан. Мөн л гадаадын тусламж дэмжлэгтэйгээр ажил хэрэг болгох талаас нь хөөцөлдье гэж байсан. Энэ мэтчилэн эрх баригчид намайг хүлээн авч уулзаж, миний санааг дэмжиж байгаагаа илэрхийлдэг. Хамгийн сүүлд гэхэд БОНХЯ-ны дэд сайд надтай уулзах үеэрээ “Үүнийг хэрэгжүүлэх цаг нь болсон. Саяхан залуу бизнес эрхлэгчдийн клуб байгуулагдсан. Тэд эх орноо хөгжүүлж, аятай тухтай амьдралыг бий болгох санал санаачлагуудыг жинхэнэ ажил хэрэг болгохоор ажилладаг юм. Клубын гишүүдийн уулзалт дээр таны Богд уулыг нүхлэх санал яригдсан. Ажил хэрэг болгоход бид бэлэн байна” гэсэн. Би түүнд техник эдийн засгийн үнэлгээг нь дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. 

Ерөнхийлөгч П.Очирбатын үед Налайхын уурхайн үйл ажиллагаа зогсонги байдалд орчихсон байх үед тэрээр “Богд уулыг нүхэлдэг арга байна гэнэ. Ажилгүй болсон уурхайчдаа нааш татаад нүхэн замыг ухуулъя” гэж хүртэл байсан. Тухайн үед нь л энэ ажлыг эхлүүлчихсэн бол ажил дуусах шатандаа орчихсон байх байсан даа. 

-Хичнээн эгнээ авто зам бүхий, хэдэн км урт нүхэн гарц байх юм бол? Бас нүхэн гарц байгуулах хоёр ч хувилбар боловсруулсан гэсэн байх аа?

– Аль хувилбараар нь барихаас шалтгаалаад нүхэн гарцын урт харилцан адилгүй байна. Эхний хувилбар нь Зайсангийн ар өврөөс Манзуширын хийд хүртэл 11 км нүхэн гарц.  Нөгөө нь Нүхтийн өмнөх хөндлөн уулыг дөрвөн км нүхэлчих юм бол хуучны Бугын сангийн аж ахуй руу гарах бололцоотой. Энэ замаа цааш нь гуравхан км үргэлжлүүлээд одоогийн баригдаж буй хурдны замтай холбочихно. 

Харин нүхэн гарцын хувьд тус бүр есөн метрийн диаметртэй зэрэгцээ гурван нүхэн гарц байгуулна. Нэг нүхээр нь замаа, нөгөөгөөр нь агааржуулалтаа, гурав дахиар нь инженерийн шугам сүлжээгээ явуулахаар тооцсон. Өрөмдлөгийн аргаар ухах нь байгаль орчинд ямар ч хөнөөлгүй. 

-Энэ ажилд хэдий хэр хөрөнгө зарцуулагдах бол?

-Нэг км, нэг эгнээ газар доогуурх нүхэн гарц барихад 100 мянган ам.доллар хэрэгцээтэй гэсэн жишиг тооцоо бий. Сонирхуулж хэлэхэд 20 гаруй жилийн өмнөх тооцоогоор таван тонн алттай бол Богд уулын нүхийг ухчих юм байна гэсэн тооцоо гарч байсан. Гэхдээ дан ганц эдийн засаг талаас нь л судалсан гэж ойлгож болохгүй. Техник эдийн засаг, улс төр, ёс суртахуун гээд тал талаас нь нарийн судалсан. Баабар улс төр, эдийн засгийн ач холбогдлын талаас нь тайлбарлаж дэлгэрэнгүй нийтлэл бичсэн. Харин би техникийн талаас нь буюу нүхээ ухахад нэг метр тутамд хэдэн төгрөгийн зардал гарах, бусад улс орны уул нүхэлсэн туршлага, манай орны нөхцөлд гарч болох хүндрэл бэрхшээл талаас нь сайтар судалсан. Уулыг нүхлэх байтугай далай тэнгис доогуур 30, 40 км-ийн нүхэн гарц хийчихээд байгаа өнөө үед нүхэн гарц барих технологи улам л боловсронгуй, бага зардал өртөгтэй болоод байна.

-Нүхэн гарц барихад санхүүгийн бэрхшээлээс өөр хүндрэл байна уу?

-Бодит ажил болгохын тулд мэдээж дахин зураг төслөө боловсруулах нь тодорхой. Дотоодын мэргэжилтэн боловсон хүчин энэхүү зураг төслийг бүрэн хийчихэж чадна. Гагцхүү санхүүжилт дээрээ л гацчихаад байна. Ажиллах хүчний хувьд дотоодоосоо бүрэн хангачих бололцоотой. Боломжгүй бол гадаадын ажилчдыг авчрахад нэг их хүндрэлгүй. Улаанбаатарт баригдах метроны төслийн Япон, Солонгосын талын зураг төсөлд хоёуланд нь мэргэжлийн үүднээс оролцсоноос гадна барилгын салбарт маш олон жил ажиллаж багагүй туршлага хүримтлуулсан хүний хувьд энэ ажлыг амжилттай хэрэгжүүлэх бололцоо надад бүрэн бий.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын банкинд Хятадын иргэн мөнгө угаажээ

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэд хоногийн өмнө ЦЕГ-ын дэргэдэх Интерполын үндэсний товчоо БНХАУ-ын иргэнийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ олон улсад тавьсан байна. БНХАУ-ын иргэн Вэнчао Чен нь манай улсад байхдаа бизнесийн хамтрагч нараа залилаж, онц их хэмжээний мөнгөөр хохироосон төдийгүй мөнгө угаасан үйлдлээр шалгагдаж байгаа ажээ. Хуучнаар УМБГ буюу одоогийн Зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх газраас шалгаж үзэхэд Вэнчао Чен нь ор сураггүй алга болжээ. Тэрээр хилээр оргон зайлсан байж болзошгүй юм. Иймээс сэжигтнийг олон улсад эрэн сурвалжлуулахаар Интерполд хандаж, хэргийг түдгэлзүүлээд байгаа ажээ. 

Categories
мэдээ цаг-үе

Зүүн бүсийн наадамд О.Батбилэгийн хул азарга торгон жолоо өргүүлжээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төв, баруун, зүүн, хангай, говийн бүсэд хурдан морины уралдаан болсон. Зүүн бүсийн уралдаан буюу “Дорнод Монголын хурд-2014” энэ сарын 24-26-нд Чойбалсан хотноо үргэлжлэв. Газар газраас ирсэн мянга гаруй хурдан хүлэг тоосоо өргөсөн наадамд түрүүлж, айрагдсан морьдыг танилцуулж байна.

Азарга-150

1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат залуу уяач Ононгийн Батбилэгийн хул. Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу.  2012, 2013 оны улсын их баяр наадамд айрагдаж, Төвийн бүсэд нэг түрүүлж, нэг айрагдсан. Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаанд айрагдсан. Өнөө жилийн төрийн их баяр наадамд зургаалсан.

2. Завхан аймгийн уугуул Дорнын унага галын уяач Д.Баярцогтын хүрэн. Монгол Улсын тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуяг уяж сойсон.

3. Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Эрдэнэчулууны хүрэн. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн зүүн бүсийн уралдаанд тавд хурдалсан.

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Содномцэрэнгийн Цэмбэлийн хүрэн. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат улсын алдарт уяач Ухнын Эрдэнэбилэгийн унаган адуу. Хязааландаа зүүн бүсэд, соёолондоо “Дүнжингарав”-т айрагдсан. Энэ жил улсын баяр наадамд айрагдсан.

5. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Дугарын Цогбаярын хүрэн. Хязааландаа Жавхлант шаргын хурдад айрагдаж байсан.

Их нас-121 

1. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат Түвдэнгийн Энхцогийн саарал.

2. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Баяндүүрэнгийн Мөнх-Одын хул.

3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гончигийн Эрдэнэбилэгийн хээр. Монгол Улсын тод манлай уяач Д.Онон уяа сойлгыг нь тааруулсан.

4. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Г.Чулуунбаатарын хүрэн. Хязааландаа Сүхбаатарын бүсэд, соёолондоо Хэнтийн бүсэд айрагдаж байсан. 

5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Жамбын Мөнхсүрэнгийн хээр. Унаган адуу нь улс бүсийн дэвжээнээ зартай хурдалж байгаа Ж.Мөнхсүрэнгийн хавчиг хээр морь энэ жил аймагтаа түрүүлсэн юм.

Соёолон-130

1. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Р.Зоригтбаатарын хул.

2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ч.Доржцэрэнгийн хүрэн.

3. Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Ч.Батцагааны будан.

4. Төв аймгийн Баянцогт сумын харьяат Сумъяасүрэнгийн Ганбаатарын хүрэн.

5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ц.Мөнхболдын хээр. 

Хязаалан-158

1. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат аймгийн алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн хээр. Энэ жилийн төрийн их баяр наадамд түрүүлсэн. 

2. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Занданбатын Хилийнхүүгийн хул.

3. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Дугарын Цогбаярын хүрэн.

4. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн зээрд. Энэ жил төрийн их баяр наадамд айрагдсан.

5. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат С.Ганбатын шарга.

Шүдлэн-180

1. Улаанбаатар хотын харьяат “Хөх чоно” группийн ерөнхийлөгч Пүрэвбаатарын бор. Энэ жил улсын их баяр наадамд аман хүзүүдсэн.

2. Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат Монгол Улсын тод манлай уяач Гарамжавын Сундуйжавын зээрд халзан

3. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Ононгийн Батболдын оч бор. Өнгөрсөн жилийн Төв аймгийн 90 жилийн бүсийн уралдаан болон энэ жилийн их баяр наадамд айрагдсан.

4. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Занданбатын Хилийнхүүгийн хонгор.

5. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Ц.Эрдэнэцогтын хүрэн. 

Даага-101 

1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн алдарт уяач Цэндсүрэнгийн Цогтбаатарын хонгор.

2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Жалбасүрэнгийн Бат-Эрдэнийн хонгор. Энэ жил төрийн наадамд айрагдсан.

3. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат “Макс” группийн ерөнхийлөгч Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хар бор. Энэ жил төрийн наадамд айрагдсан.

4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Гончигжавын Мөнхсайханы хээр.

5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Будын Дуламсүрэнгийн халиун.

Эрлийз дээд-14

1. Төв аймгийн Баянцогт сумын харьяат Сумъяасүрэнгийн Ганбаатарын зээрд. 

2. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат аймгийн алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн хонгор. 

3. Төв аймгийн Баянцогт сумын харьяат “Итгэлт орших” группийн ерөнхийлөгч Монгол Улсын манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн хонгор.

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Цэвээндоржийн Галбадрахын хүрэн халзан. 

5. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат аймгийн алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн хээр. 

Эрлийз дунд-24 

1. Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат н.Батжаргалын хээр

2. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат н.Сосорбурамын хүрэн.

3. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат Цагаанбандийн Буянбаатарын хээр. Энэ жил улсын их баяр наадмын эрлийз дунд насанд аравт хурдалсан.

4. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Жамцын Энхболдын хээр. 

5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат “Уулс трейд” ХХК-ийн захирал Төмөрбаатарын Галбадрахын хүрэн.

Эрлийз бага-22 

1. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Гүнсэнгийн Ганчулууны халтар.

2. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Цэндсүрэнгийн Цогтбаатарын хүрэн.

3. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Доржийн Алтангэрэлийн бор. Ононгийн Батбилэг уясан. Улсын баяр наадамд хорин хоёрт хурдалсан.

4. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Доржпаламын Ядамын хүрэн халзан. Энэ жил хоёр ч бэсрэг наадамд түрүүлсэн.

5. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Сэр-Одын Нэргүйбаатарын хээр. Энэ улсын баяр наадамд наймд хурдалсан.

С.АЛТАН