III, IV хорооллын Ахуйн үйлчилгээний ордны уулзварын авто замын засврын ажлын хүрээнд Тасганы овооны аюулгүйн тойргоос Ахуйн үйлчилгээний ордон хүртэлх хойд урсгалын замыг энэ сарын 27-ны 22:00 цаг хүртэл хаасан. Уг зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлийн заримд чиглэлд өөрчлөлт оржээ. Тухайлбал, ахуйн үйлчилгээний ордноос хойш эргэн хорооллын хойд замаар явдаг М:43, М:50, М:21 чиглэлийн автобуснууд урд замаар зорчих бол “Цахилгаан тээвэр” компанийн троллейбус тус чиглэлд дээрх өдрүүдэд иргэдэд үйлчлэхгүй юм байна.
Month: July 2014
Манай сонины тусгай сурвалжлагч Я.МӨНГӨНЦЭЦЭГ Япон улсаас мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийж байгаа айлчлал үргэлжилж байна.Уржигдар орой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.Эрхэм Ерөнхий сайд Шинзо Абэ манай Ерөнхийлөгчтэй “Тантай утсаар ярьсныг оруулбал бид нийтдээ таван удаа уулзаж байна. Монгол, Японы харилцаа тасралтгүй хөгжиж байгаад баяртай байна.Монголын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа улам хөгжөөсэй гэж хүсч байна.Таны манлайлал дор Япон, Монголын бизнес форум зохион байгуулсанд баяртай байгаа” гэсээр уулзав. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Таныг Монгол Улсад айлчилснаас хойш хоёр орны Засгийн газар тууштай харилцсаны хүчинд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тохиролцлоо. Энэ хэлэлцээрийг хийснээр Монголд эдийн засгийн таатай орчин бүрдэнэ. Эхний улиралд багтаан хэлэлцээрийг соёрхон батлуулах боломж байна” гэсэн юм.Тэд уулзалтынхаа дараа хэвлэлийн бага хурал хийлээ.Монгол, Японы Засгийн газар хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээг зарчмын хувьд үндсэндээ тохиролцсоноо зарлалаа.
Энэ үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ”Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг халуун дотноор хүлээж авч байна. Манай хоёр орон стратегийн хүрээнд эдийн засгийн харилцааг улам нягт болгох нь чухал гэдэгт санал нэгдлээ.Доорх гурван зүйлийг агуулсан хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.Юуны өмнө эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ үр дүнтэй болсныг сайшааж байна. Энэ нь манай хувьд гадаад улстай хийж байгаа 15 дахь хэлэлцээр. Монголын хувьд анхных бөгөөд бие биеэ харилцан дэмжсэн эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Цаашид энэхүү гэрээг соёрхон батлах асуудлыг түргэвчлэхийг зорьж ажиллана. Хоёрдугаарт Монгол Улсын үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр эрч нэмэх санаачилгыг миний хувьд санал болгосон. Өнгөрсөн гуравдугаар сард Монголд айлчлахдаа дэвшүүлсэн санаачилга юм.Энэ нь хамтын ажиллагааны үр шимийг нэмэгдүүлэх зорилготой.
Олон улсад чадвартай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг өргөтгөхөд манай талаас дэмжлэг үзүүлнэ.Гуравт эдийн засгийн бүтцийг шинэчлэх, ил тод, тогтвортой эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, манай улсаас эдийн засгийн зөвлөх томилох ажлын тухай ярьсан.Монгол Улсын дунд болон урт хугацааны эдийн засгийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх болно.Аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлэх талаар Засгийн газрын шийдвэрийн талаар тайлбарласан.Үүнийг ноён Ерөнхийлөгч ойлгосноо илэрхийлсэн.Бүс нутгийн болон олон улсын хамтын нийгэмлэгийн хөгжлийн төлөө хамтран ажиллахаар санал нэгдсэн. Харилцан ашигтай, бие биеэ харилцан нөхөх харилцааг улам хөгжүүлэх бодолтой байна” гэсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ноён Шинзо Абэ гуайтай чин сэтгэлийн найрсаг байдалд яриа өрнүүлсэндээ баяртай байна. Манай хоёр орны стратегийн харилцаа эдийн засгийн түншлэлийн харилцаагаар бэхжих болж байгаад баяртай байна.Хоёр талаас тохиролцсон эдийн засгийн түншлэлийн харилцааг эдийн засаг хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх тогтвортой эрх зүйн орчин болж чадна гэдэгт итгэж байна.Ер нь бидний эдийн засгийн харилцаанд гаргаж ирж байгаа санал бол хамтарч бүтээе, зах зээлд гаръя гэдэг байр суурь.Энэ саналын хүрээнд Япон улсад өргөн хүрээтэй эдийн засгийн чуулга уулзалт боллоо.Энд Монголын эдийн засаг хөрөнгө оруулалтын орчны талаар тодорхой ярьсан байгаа. Хоёр талаас чуулга уулзалтад оролцсон төлөөлөгчийн тоо 500-д хүрснийг тэмдэглэх хэрэгтэй. Япон улсын Засгийн газраас дэвшүүлсэн ардчилал, энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн төлөөх санаачилгыг бид ойлгож хүлээж авч байгаа” гэв.
Эх сурвалжийн хэлж байгаагаар энэхүү түншлэлийн хэлэлцээрийг намрын чуулган эхлэхээр УИХ-аар батлуулах л үлдэж байгаа юм байна.Хэлэлцээрийн дагуу Япон, Монголын хооронд экспортолж, импортлох зарим бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй болох асуудал тусгагджээ. Тухайлбал, Японы хуучин автомашиныг Монгол руу гаалийн татваргүйгээр оруулах асуудал дээр үндсэндээ тохиролцсон гэдэг мэдээлэл байна. Ийнхүү олон жил яригдсан Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг батлахад зарчмын хувьд тохиролцлоо.Энэ тухай сайхан мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр мэдэгдлээ.
Айлчлалын хүрээнд Япон улсад болсон Монгол, Японы бизнес форумын үеэр Монголоос жамц давс импортолдог Японы бизнесмэн Котабэ Мицүноригоос дараахь тодруулга авсныг толилуулъя.
-Монголоос жамц давс авахад хэр хүндрэлтэй вэ?
-Ямар ч хүндрэл байхгүй. Давс өөрөө хүнсний бүтээгдэхүүн учраас тэр шүү дээ.
-Монголоос өөр ямар бүтээгдэхүүн оруулж ирэх бодолтой байгаа вэ?
-Арваад жилийн өмнөөс Монголоос жамц давс оруулж ирж байгаа. Анх оруулж ирэхэд жамц давс чулуу, хог ихтэй байсан учраас хүндрэлтэй байлаа.Монголоос энэ мэт давс оруулж ирдэг олон компани байсан, гэвч ихэнх нь дампуурсан даа.Одоо хийж байгаа гол хүн нь би байна.Монголоос өөр бүтээгдэхүүн импортолъё гэж бодож байгаа ч хүндрэлтэй байна.Японы нийгэмд хүний сонирхол татахаар зүйл байвал хүмүүс худалдаж авна. “Өө ямар сонин юм бэ. Хэрэглэж үзье” гэх бараа байвал оруулж ирмээр байна. Гэтэл Монголд одоохондоо тийм зүйл ховор байна. Мах бол манайд ч байгаа” гэсэн юм.
Ер нь хуралд оролцож байгаа япончуудын сэтгэгдэл дийлэнхдээ ийм талдаа байлаа. Голдуу “Дэлхийн зах зээлд өрсөлдөх том төслүүд дээр хамтарч ажиллая” гэдэг саналтай байгаа нь анзаарагдаж байв. Япончууд тийм ч хурдан “За” гээд хэлчих хүмүүс биш “хамтарч ажиллах талаар бодъё” гэдэг хашир үг унагацгааж байх нь олонтаа.Ямартай ч Японд болсон эдийн засгийн форумын үеэр Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид Монгол Улсын уул уурхайн салбарын бодлогын талаар танилцуулсан юм.Тэрээр “Монгол бол уул уурхай, аж үйлдвэрийн 100 гаруй жилийн түүхтэй. Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван жилийн байдлаар уул уурхайгаас ихээхэн хамааралтай болсон.Монгол Улс эрдэс баялгийн арвин нөөцтэй.1900 гаруй орд, 8100 нөөц бүртгэгдсэн боловч дөнгөж 300 гаруйг нь бид ашигласан байна. Алт, зэс, хайлуур, жоншны нөөцөөр дэлхийд тэргүүлэхээр байна. Монгол уул уурхайн салбарт Японы өндөр технологийг ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллах зорилготой байна.Нүүрсний салбарт Монгол, Японы харилцааг хөгжүүлэх бүрэн боломжтой” гэсэн юм. Японтой хамтарч утаагүй түлш үйлдвэрлэх, нүүрсийг хуурай аргаар баяжуулах аргыг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байгааг танилцуулж байлаа.Газрын тосонд тулгуурласан үйлдвэр барих бодлого барьж, 30 гаруй талбайд хайгуул хийж байгаа, үүнийг Японтой хамтран хэрэгжүүлэх саналтайгаа уламжиллаа. Төмөрлөг, гангийн үйлдвэрийн чиглэлээр Японы өндөр технологийг нэвтрүүлмээр байна, зэс хайлуулах үйлдвэр байгуулахад хамтран ажилламаар байна гэдгээ ч хэлэв.Газрын ховор элемент илрүүлэхэд, алт хайлах, цэвэршүүлэх чиглэлд хамтран ажилламаар байгаагаа илэрхийллээ. Мөн Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “Монгол Улс эрчим хүчний нөөцөөр баян. 15 сав газарт 300 гаруй орд газар бий. Нүүрсний экспорт сүүлийн үед өсч байгаа. Нар, салхины эрчим хүчний нөөц өндөр байгаа.АНУ-ын үндэсний сэргээгдэх эрчим хүчний лабораторийн судалгаагаар энэ нь тогтоогдсон. Энэ нөөцөө ашиглавал дэлхийн эрчим хүчний хэрэглээний 66 хувийг бид хангах боломжтой” гээд энэ салбарт хамтарч ажиллах бүрэн боломж байна гэдгийг хэлсэн юм.
Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Таатай орчин бий болгож, Японы хөрөнгө оруулалт, менежментийн урлагийг Монголд оруулъя гэсэн зорилго бидэнд бий. Бид урд, хойд хоёр хөршийнхөө эдийн засгийн интеграцийн нэг хэсэг болж байгаа. Монголын бизнесмэнүүд Японы зах зээлд гарах чадвартай болно.Японы зах зээлд биш юм аа гэхэд Хятад, Оросын зах зээлд гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болохын төлөө ажиллана” гэлээ.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өчигдөр Японы парламентын зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхсан юм. Мицүй Сумитомо корпорацийн удирдлага, Шизүока мужийн захирагч Х.Кавакацү нар бараалхав. Дараа нь Ерөнхийлөгч Фүрэай сэтгүүл, Никкей сонинд ярилцлага өглөө. Мөн Худалдаа хөгжлийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк Японд төлөөлөгчийн газраа нээж байгаа юм байна. Энэ арга хэмжээ ч өчигдөр боллоо.
“ETV” телевизийн зураглаач Н.Батбаяр Баянхонгор аймгийн Түйн голоос таван настай хүүгийн амийг аварчээ. Тэрбээр Баянхонгор аймагт ажиллаж байгаа юм. Н.Батбаяртай утсаар холбогдож ярилцлаа.
-Хүний амь аварч, сайн үйлс бүтээжээ. Баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Нэг их онцлоод байх зүйл биш шүү дээ. Хүн бүр эрхээ ярьдаг болсон энэ цагт иргэн хүний үүргийг л биелүүллээ. Би өмнө нь TV9 телевизэд ажиллаж байсан. ETV телевизэд хоёр дахь жилдээ ажиллаж байна.
-Баянхонгор аймагт томилолттой яваа юм уу?
-ETV телевизийн хамт олон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, “Говийн бүсийн” уралдааныг шууд дамжуулж байгаа. Тэр ажлаар Баянхонгорт байна.
-Тухайн үед юу болсныг яриач. Голын эрэг дээр олон хүн байсан уу?
-Өчигдөр (уржигдар) шүү дээ. Баянхонгорт нэлээд халуун байсан. Тиймээс манай телевизийнхэн сэрүүцэх санаатай Түйн голын эрэг дээр сууцгааж байсан юм. Наадамчид ч голоо бараадсан байсан үе. Маш олон хүнтэй, голын эрэг ер нь битүү байлаа. Тэгтэл нэг хүүхэд урсч явсан. Хүүг харсан бид сандарч, нэг л мэдэхэд гол руу харайгаад орчихсон.
-Өөрөөс чинь өөр хүмүүс орсон уу?
-Үгүй.
-Та сайн сэлдэг үү?
-Би Орхон голынхоо хөвөөнд өссөн хүүхэд шүү дээ. Өөрийнхөө хэмжээнд сэлчихнэ.
-Хүүхдийг уснаас гаргахад ухаан алдчихсан байсан уу?
-Ухаан алдчихсан байсан. Зүрхнийх нь цохилтыг сонсоход цаана, их сул сонсогдож байсан. Хиймэл амьсгал хийж байтал ухаан орсон.
-Жаахан л хугацаа алдсан бол хэцүү юм болох байж дээ?
-Түйн гол ширүүн урсгалтай шүү дээ. Тэр хүүхдийг их холоос урсч ирсэн, бараг нас барчихаж гэж айсан. Зүрхний цохилтыг нь сонсоход ч тун эвгүй байлаа. Хүү азаар бага ус залгисан бололтой юм билээ.
-Түргэн тусламж хэзээ нь ирсэн бэ?
-Хүүг ухаан орсон даруйд тэнд байсан хүмүүс түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж 20-иод минутын дотор ирсэн байх. Ямар ч байсан хүү ухаан ороод, биеийнх нь байдал дээрдчихсэн байсан.
-Гэрийнхэн нь голын эрэг дээр байгаагүй юм уу?
-Байгаагүй. Гэхдээ аав ээж нь түргэн тусламжийнхнаас өмнө ирсэн. Аав, ээжийнх нь ярьснаар хүү хашаандаа тоглож байгаад гол руу гүйчихсэн бололтой юм билээ. Аав ээж нь хүүгээ гол руу явсныг мэдээгүй гэж байсан.
-Аав ээж нь танд баярласнаа илэрхийлсэн биз дээ. Хүү өөрөө юу ярьж байна вэ?
-Мэдээж баярлаж байгаагаа хэлсэн. Хүү цочролд орчихсон байсан учраас юу ч хэлээгүй ээ.
-Хүүтэй дахин уулзсан уу. Бие нь ямархуу байгаа бол?
-Эмнэлгийнхэн ирээд аваад явснаас хойш уулзаагүй ээ. Шууд нэвтрүүлэгтэй нэлээд завгүй байгаа учраас эргэж очиж амжаагүй л байна.
-Та өмнө нь хүнд түргэн тусламж үзүүлж байсан уу. Хиймэл амьсгал хийсэн гэхээр түргэн тусламж үзүүлэх талаар багагүй мэдлэгтэй бололтой?
-Ер нь хүн бүр мэдэж байх ёстой зүйл шүү дээ. Хаана, ямар ч тохиолдолд анхны тусламж үзүүлэх шаардлага гарч мэднэ. Тэр тусмаа хэвлэл мэдээллийн салбарынхан хөдөө гадаа их явдаг. Мэдээллээ бэлтгэж явахад тал бүрийн мэдлэг шаардагддаг шүү дээ. Энэ зун цөөнгүй гол үертэй байгааг онцгой байдлын аврагчид, цагдаагийн алба хаагчид сануулж байгаа. Тиймээс хүн бүр гол, уснаас сэрэмжтэй байхыг зөвлөмөөр байна.
Ц.ӨРНӨХ
АНУ-д Монгол судлалыг үндэслэгчдийн нэг, Монгол улсыг НҮБ-д элсүүлэх, АНУ-аар хүлээн зөвшөөрүүлэх үйл хэрэгт гарамгай хувь нэмрээ оруулсан, нэрт монголч эрдэмтэн, хэл шинжлэлч, сурган хүмүүжүүлэгч Хангины Гомбожав агсны талаар та бүхэндээ цуврал нийтлэл хүргэх гэж буйдаа таатай байна. Го багшийн талаар өмнө бичсэн зүйл, дурсамж яриа олон байдаг боловч чухам намтар бүтээлийг нь дэлгэрэнгүй задлан үзсэн бичлэг ховор байдаг тул энэ хүний үндэслэсэн байгууллагад ажиллаж буй, хичээлээ зааж байсан сургуульд нь судалгаа хийж явсан хүний хувьд энэхүү цувралыг бичиж, монгол уншигчдадаа танилцуулахыг өөрийнхөө үүрэг хэмээн үзлээ. Ингээд юуны өмнө их эрдэмтний намтрыг танилцуулъя.
1. Эх нутагтаа
Гомбожав нь 1921 оны тавдугаар сарын 10-ны өдөр Цахарын Шилийн гол аймаг, Тайвас Зүүн хошуунд, Фүллэхэнгэ (1897-1936), Галиндари (1899-2001) нарын хоёрдугаар хөвгүүн болон мэндэлжээ. Эцэг эхийнх нь төрсөн, нас барсан оноос та бүхэн нэгэн зүйлийг анзаарсан бол, Гомбожавын ээж Галиндарь гуай нэн урт насалж, 102 хүрээд, дөнгөж саяхан буюу 2001 онд бие барсан байна. Гомбожав ах дүү дөрвүүл байснаас ах нь эрт нас барж, харин эмэгтэй дүү Сайчингуа нь Калифорнид, Баадай нь Тайваньд аж төрж байна.Мөн нэрт эрдэмтний гэргий Сарангэрэл гуай өнөөг хүртэл Индиана мужийн Блүүмингтон хотдоо энх тунх аж төрсөөр буй.Гомбожав, Сарангэрэл нар Эрдэнэ-Уул, Эрхэмбат гэж хоёр хүүтэй, Гэрэлтэй хэмээх охинтой айл бөлгөө.
Зураг, тайлбарыг сонирхуулбал:
Тайлбар:
Юнайтед Эйр Лайнзын
Мэдээллийн товчооноос
Монгол зочид: Хатагтай (эхлээд Ноён гэж алдаж бичээд харандаагаар дээр нь засжээ. М.С.)Куо Тай Юү Цэ (Сарангэрэлийн хятад нэр.“Тайчууд” гэдгийг нанхиаджуулж.М.С.)хүү Эрдэнийнхээ хамтаар дэлхийн бөмбөрцгийн бараг хагасыг туулан ирлээ. Тэд эхлээд Сиэттлд буугаад дараа нь Юнайтед Эйр Лайнзын онгоцоор Балтиморыг зорьсон юм.Онгоцны үйлчлэгч Дорис Торрей хөвгүүнд зурагтай ном үзүүлж байна.Эх хүү хоёр Жонс Хопкинсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Сургуульд багшилдаг нөхөр дээрээ очихоор яваа юм.Бүсгүй хэдийгээр англи хэлээр ярьдаггүй боловч Юнайтедийн хятад хэлний орчуулагч нарын тусламжтайгаар юу хүсэж байгаагаа ойлгуулсаар, зорьсон газраа саадгүй хүрлээ гэжээ.
Хангин Гомбожав гуайн өвөг дээдэс олон үеэрээ Манжийн төрд хүчин зүтгэсэн язгууртнууд байжээ.Са амбан хэмээн алдаршсан Самданлхүндэв болбоос Гомбожав гуайн өвөг эцэг юм. 2005 онд манайд хэвлэгдсэн “Их эрдэмтэн Дандаа хэмээх Дэмчигдорж” номд “Мөн Цахарын Са амбан гэгч Дандааг Нийслэл Хүрээ явсан тухай дуулаад “Хүний доторх жигүүртэй хүн, морины доторх далавчтай морио халхчуудад алдав” хэмээн харамсан өгүүлсэн…” хэмээн дурдсан байдгийн тэрхүү Са амбан нь Гомбожав гуайн өвөө билээ.
Хангины Гомбожав бага наснаасаа монгол, манж, хятад гурван хэлэнд нэвтэрхий суралцан өсчээ.Энэ нь хожмоо хэл шинжлэлч болоход нь, олон том толь бичиг бүтээхэд нь нөлөөлсөн буй заа.
Нэрт эрдэмтний амьдралд хамгийн чухал нөлөө үлдээсэн хүн бол эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Дэмчигдонров ван юм.Дэ ван гучаад оны үед Өвөр Монголыг Монгол улстай нэгтгэх их үйлд хүчин зүтгэж байхдаа Япон улсын тус дэмд ихээхэн түшиглэж байсан тул ирээдүйтэй залуусыг боловсролтой болгохоор Япон руу олноор нь явуулсан байдаг.Залуу Гомбожав тэдний нэгэнд тооцогдож, 1937 онд Япон улсад их сургуулийн бэлтгэл ангид сурахаар явсан байна.
1938 онд бэлтгэл ангиа төгсөөд их сургуульд элсэхэд нь харин өөр нэг эх оронч Үнэнбаян нөлөөлсөн гэдэг.Үнэнбаян нь Дэ вангийн Засгийн газар Зөвлөлийн дарга, Улс төрийн хэргийг эрхлэх дарга, Японд суралцагчдыг бэлтгэх сургуулийн захирал зэрэг албан тушаал хашиж байсан улс төрийн зүтгэлтэн юм.Чухам энэхүү Үнэнбаянгийн зөвлөгөө, ятгалгаар Хангин Гомбожав 1938 онд Хоккайдогийн Их Сургуулийн Ойн аж ахуйн ангид элсэн оржээ. Үнэнбаян Гомбожавыг ой судлалаар сургасан нь бас учиртай байх.Учир нь Дэ вангийн захиргаанаас явуулж байсан олон шинэлэг үйлийн нэг нь нутаг усаа сэргээх, ой мод нөхөн тарих ажил байсан юм.1941 онд сургуулиа төгсөөд арванхоёрдугаар сард нутагтаа эргэн иржээ.
Ингээд тэр үеийн Өвөр Монголын боловсрол, соёлын сэргэлтийн бэлгэ тэмдэг болж байсан Шинэ Монгол сургуулиудад багшлах болсон байна.Тухайлбал Жанчхүү буюу Хаалган дахь Монгол сургууль, Шилийн гол дахь Охидын сургуульд тус тус хичээл зааж байжээ.
Дэмчигдонров ван мэдлэг боловсролтой сэхээтнүүдийг дэмжин, тэднээр өөрийгөө хүрээлүүлж байсан учраас 1944 онд Хангин Гомбожавыг ч мөн татан авч, Тамгын газартаа ажиллуулсан байна.Энэхүү Тамгын газар буюу Нарийн бичгийн дарга нарын албаны гол ажлыг нугалж байсан Хангин Гомбожав, Өргөнгөө Онон, Жагчид Сэцэн нар бүгд хожмоо алдартай эрдэмтэд болсон нь Дэ вангийн хүн таних алсын харааг харуулах мэт.1947 онд Хангин Гомбожав Хятадын хуучин засгийн Үндэсний Ассемблей буюу Их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байлаа.
Япон дайнд ялагдаж, Хятадад дотоодын дайн дэгдсэнээр Дэ вангийн үйл хэрэг ч мөхөх замдаа орсон тул Хангин Гомбожав амьдралынхаа ирээдүйг өөрөөр харах хэрэгтэй болжээ.Энэ үед түүний амьдралд гүнзгий нөлөөгөө үлдээсэн хоёр дахь хүн болох, нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор гарч ирэв.
2. АНУ-д
Зорьсон хэрэг нь бүтэхгүй болсон Хангин Гомбожав 1947 онд Оуэн Латтиморын тусламжтайгаар АНУ-д гарчээ.Энэ нь АНУ дахь Монгол судлалын хувьд тун золтой явдал болсон гэж хэлж болно.
Хангин Гомбожав АНУ-д ирээд Жон Хопкинсын Их Сургуульд Оуэн Латтиморын үүсгэн байгуулсан “Монгол хөтөлбөр”-т Дилов хутагт, Онон Өргөнгөө нарын хамт, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж эхлэв. Харамсалтай нь тун удалгүй МкКартигийн хэмээх тодотголтой хилс хэрэг өрнөж, Оуэн Латтимор АНУ-ын Сенатад олон удаа очиж мэдүүлэг өгөх болсноор “Монгол хөтөлбөр” нь ч мөхөж, Жон Хопкинсын Их сургуульд ч монгол судлал төгсгөл болжээ. Хангин Гомбожав ингээд ажилгүй болж, гэр бүлээ санхүүгийн хувьд тэтгэн тэжээхэд нэн хүнд болж эхэлсэн байна.Байнгын ажилгүй болсон тэрбээр баруун зүүн эргийн их сургуулиудад ээлжлэн очиж, Жоржтаун, Берклийн их сургуулийн судалгааны төслүүдэд хамрагдаж байв.
Харин 1960-аад он бол Гомбожав гуайн ид сэргэн мандлын үе байлаа.Юуны өмнө, нэрт эрдэмтэн Денис Синьор Индианагийн Их Сургуульд Монгол судлалыг үүсгэн байгуулахдаа Хангин Гомбожавыг урьснаар гэр, ажил нь суурьшин, тогтворжиж авав. Нөгөө талаар Хангин Гомбожав Монгол улсыг НҮБ-д элсүүлэхийн тулд яриа сурталчилгаа хийх, захидал бичих кампанит ажлаа уйгагүй гүйцэтгэсээр байсан нь 1961 онд биеллээ олж, Монгол Улс бүрэн эрхт гишүүн болсон билээ. Энэ баярт явдлын дараа Хангин Гомбожав АНУ дахь анхны Монгол судлалын ТББ болох “Монгол нийгэмлэг”-ээ үүсгэн байгуулсан юм. Ингээд анхных нь Ерөнхийлөгч болооч хэмээн хуучны анд Латтимороо урьжээ.
“Монгол нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулсныхаа дараа Хангин Гомбожав тус нийгэмлэгийн мэдээ болох “Mongolia Society Newsletter”-ийг 1962 онд, “Mongolia Society Bulletin”-ийг 1965 онд, эрдэм шинжилгээний сэтгүүл нь болох “Mongolian Studies Journal”-ыг 1974 онд тус тус санаачлан эхлүүлсэн нь олон жилийн туршид АНУ-д Монголын талаарх хамгийн гол, найдвартай эх сурвалж болж өгсөн билээ. Ялангуяа тэр сүүлчийн “Монгол судлал” сэтгүүл бол өнөөдөр АНУ-д хэвлэгдэж буй, Монгол судлалын цорын ганц сэтгүүл болон үлджээ.
1967 онд тусгаар тогтносон Монгол Улсад анх удаагаа зочилсон байна.Элэг нэгт монголч эрдэмтэдтэйгээ уулзан танилцаад сэтгэл их өндөр ирсэн байдаг.Үүнээс хойш байнга Монгол Улсад зочлон, хэлний баримт сэлт цуглуулах, ном сэтгүүл солилцох, эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх гээд олон ажил хөөцөлдөж байсан байна.АНУ-д байхдаа бол Нью-Йорк дахь НҮБ-ын Төлөөлөгчийн газрын монголчуудтай холбоотой байхыг эрмэлзэж байв.Ер нь явсан газар бүрээ монгол хүнтэй уулзахыг хүсдэг байсан нь ХБНГУ-д судалгаа хийж байхдаа, Мюнхений Олимпод хэрэг болгон очиж, монгол бөхчүүдээ дэмжиж байснаас нь харагдана.Төмөр хөшиг татаастай үзэл суртлын тэр жилүүдэд монгол хүн гэдгээрээ, бас улс төрч бус судлаач гэдгээрээ яах аргагүй хоёр улсын хоорондох нарийхан ганц гүүр нь Хангин Гомбожав гуай болж байлаа.
Индианагийн Их сургуульд багшлангаа 1970 онд докторын зэргээ хамгаалжээ.1972-1973 онд Боннын их сургуульд, 1979-1983 онд Токиод, Тэнри их сургуульд зочин судлаачаар ажиллаж байв.
1987 онд нутгаасаа гарснаасаа хойш анх удаа эх нутагтаа, Өвөр Монголд хөл тавьж, садан төрлүүдтэйгээ уулзсан байна.1987 онд Хангин Гомбожавын удаан хугацаанд хөөцөлдөж, тэмцэж явсан бас нэгэн чухал үйл бүтэж, АНУ-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтлоо.АНУ-ын Төрийн Департамент 1987 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтсоны ёслолыг хийхдээ төрийн томчуудаа урьсан бөгөөд энэхүү арга хэмжээнд хоёрхон энгийн иргэн уригдсаны нэг нь Хангин Гомбожав гуай байлаа.
1961 онд НҮБ-д Монгол Улсыг элсмэгц урт амьсгаа аваад “Монгол нийгэмлэг”-ээ байгуулсан шигээ 1987 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтонгуут Америкийн Монголчуудын Соёлын Нийгэмлэгийг Сөнидөөс ирсэн Цорж ламын хамт байгуулжээ. Тус байгууллагын хамгийн анхны томоохон үйл ажиллагаа нь АНУ-д анх удаа яг дүрэм жаягийнх нь дагуу явуулсан Чингэс хааны тахилга болсон юм.Хангин Гомбожав гуай өөрөө Өвөр Монголын Эзэн Хороон дахь тахилгын зан үйл, судартай танилцан, Америкийн нөхцөлд тохируулан авч хэвшүүлжээ.Хангин Гомбожавын энэ үйл хэргийг доктор Санж Алтан гуай залгамжлан авч, өнөөг хүртэл Чингэс хааны тахилгыг жил бүр амжилттай хийсээр байна.
1989 онд Хангин Гомбожав багш толь бичгийн төсөл авч, Улаанбаатарт ажиллахаар ирэв. Наймдугаар сарын сүүлчээр Залуу монголч эрдэмтний зуны сургуульд оролцож, хойч үедээ үг сургаалаа айлдсан байдаг.Үүнээс тун удалгүй аравдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар зочид буудал дахь өрөөндөө зүрх нь хаагдан таалал болсон билээ.Насаараа АНУ-д амьдарсан хүн гэхэд чухам Монгол нутагтаа ясаа тавьсан нь урьдаас зурсан зураг, Монголын төлөө зүтгэсэн монгол эрдэмтэнд л оногдсон хувь тавилан гэлтэй.
3. Шигтгээ зураг
Аливаа хүний намтар сэлтийг элдэв сонин шинэ мэдээлэл, зураг хөрөггүйгээр цулгуй дурдаад өнгөрөх нь сонирхолгүй.Тиймээс та бүхэндээ Хангин Гомбожавын амьдралтай холбоотой нэгэн сонирхолтой зургийг танилцуулъя.
Хангин Гомбожав гуай Оуэн Латтиморын тусламжаар АНУ-д гарч ирснийхээ дараа эхнэр хүүхдээ татаж авах нь хамгийн чухал ажил болоод байжээ.Гомбожавын эхнэр Тайчууд овогт Сарангэрэл нь мөн л Өвөр Монголын боловсролтой сэхээтний охин байлаа.Тэрбээр өдгөө хүртэл Блүүмингтон хотод энх тунх аж төрж буй.АНУ-д оргон ирсэн үүх түүхээ “Энхтүвшингийн охин” нэртэй ном болгон хэвлүүлсэн юм.1949 онд нөхрийнхөө араас гарсан тэрбээр Юнайтед компанийн онгоцоор Хонг-Конгоос гарч Сиэттл хүрээд, тэндээсээ Балтимор луу Чикагогоор дамжин нисчээ. Номынхоо 123 дугаар талд Сарангэрэлийн бичсэн нь:
“1949 оны гуравдугаар сарын 5-ны өглөө 9 цагт онгоц Чикагод газардлаа.Онгоцны үйлчлэгч хүүг маань онгоцноос буухад туслав.Үйлчлэгч хүүг маань аваад бууж байхад Чикаго Трибюн сонины сурвалжлагч ирчихсэн зураг авч байгаа харагдана.Чикаго Трибюны сурвалжлагч гэдгийг нь би хожим мэдсэн л дээ.Хүү маань сүүлд Чикаго хотын бүх том сонинуудыг шүүж байгаад тус сонины 1949 оны гуравдугаар сарын 5-ны дугаарын микрофишийг олсон юм.Бүр нүүр хуудсан дээр нь хүүгийн маань зураг дурайж байлаа.Нэг залуу биднийг тосож аваад буудлын цайны газар хүргэв.Өглөөний цай бэлдчихэж.Би юм идэж ч чаддаггүй, хүү харин намайг идэхээс нааш иддэггүй болохоор хоёулаа хоолоо боолгож авлаа.Дараа нь бид хоёрыг нэг албан өрөөнд оруулав.Тэнд нэг залуу утасны харилцуур барьж байснаа надад өгч байна.Харилцуурыг нь аваад сонсвол нэг хүн надтай мандарин хятад хэлээр ярьж байна. Намайг Чен Чиао Чу гэдэг, би Чикагогийн Их Сургуульд хятад хэл заадаг юм.Та Хятадаас оргон гарч ирсэн анхны хүн боллоо.Яагаад та АНУ-д ирж байгаа юм бэ? хэмээн асууж байна…”
Хүү гэдэг нь Хангин Гомбожав гуайн ууган хүү Эрдэнэ-Уул юм.Сонирхолтой, бас азтай зүйл юу хэмээвээс яг энэхүү номд өгүүлж буй тэр түүхэн зургийн уг эхийг үүнийг тэрлээч олж авсан юм.Зургийн ар талд Мэдээллийн товчооноос тайлбар хийн хавсаргажээ.
“Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч
М.САРУУЛ-ЭРДЭНЭ
БНАСАУ-ын албаны хүмүүс эх нутгаасаа дүрвэгдэгсдийг эргэн ирвэл орон сууц бэлэглэж, ажлын байраар хангана хэмээн ухуулах болсон байна. Түүгээр ч зогсохгүй гадаадад дүрвэсэн иргэдийг эргэн ирэхийг ятгаж ухуулсан тохиолдолд их хэмжээний шан харамж олгохоо амлажээ. Гэхдээ буцаж очсон хүмүүсийг тариалангийн талбайд ажиллуулах, уурхайд хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлэх зэргээр “хүмүүжүүлэх” учраас тэдний энэ амлалтанд хүүртэхгүйи байхыг Умард дүрвэгдэгсдийн асуудал эрхэлсэн хэд хэдэн төрийн бус байгууллагынхан анхааруулжээ.
М.Ууган
Баянгол дүүргийн 16-дугаар хороо буюу Гандангийн дэнжид амьдардаг Б-гийн хуучин байшингийн сууринаас их хэмжээний зоос, мөнгөн ембүү олджээ. Энэхүү олдворыг хуулийн дагуу холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд эдгээр зоос нь Хятад худалдаачдын хэрэглэж байсан ёншхойд байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. Энэ талаар албан ёсны мэдээллийг ирэх даваа гаригт хийх юм байна.
М.Эрдэнэ
Архангай аймагт 30 мегаваттын хүчин чадал бүхий төвлөрсөн дулааны станцын шав тавих ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Ёслолд Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сонопил, ҮХААЯ-ны дэд сайд Ч.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөл, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ болоод албаны бусад хүмүүс оролцсон юм.
Энэхүү станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэхээр Эрчим хүчний яаманд тендер зарлан гүйцэтгэгчээр “Эх голомтын элч” компани шалгараад байгаа аж. Станцыг ирэх жил ашиглалтад оруулах зорилготой бөгөөд түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр ажлыг эхлүүлж буй нь энэ гэнэ.
Дашрамд дуулгахад Архангай аймагт энэ онд онцлох олон бүтээн байгуулалтууд хийгдэж байгаагаас дурдвал “Гудамж” төсөл, “Булган хангай” шинэ хороолол, орон сууцны 9,10 давхар барилгууд, барилгын лаборатор, зочид буудал, спортын сургууль зэргийг нэрлэх байна.
Хэдхэн хоногийн өмнө Эммануэль Мюдай хэмээх Америкийн Соутэрн Методист их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Хятадын сагсан бөмбөгийн холбоотой гэрээ хийжээ. Тодруулбал Гуандо мужийн сагсан бөмбөгийн шигшээ багт хүчин зүтгэхээр жилийн 1.2 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Энэ нь 19-хөн настай залуу тоглогч ийм өндөр цалинтайгаар сагсан бөмбөг хилийн чанадад тоглохоор болсон анхны тохиолдол юм байна.
Гэрээгээ дуусмагц буюу ирэх онд NBA-ийн драфт шалгаруулалтад оролцох болов уу хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байна.
М.Эрдэнэ
Эмээлтэд “Хөнгөн үйлдвэр, технологийн паркийн цогцолбор” барих, уг паркийг эзэнжүүлэх асуудал Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны гол сэдэв болов. Хөнгөн үйлдвэр, технологийн паркийн асуудал 2010 оноос хойш яригдсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй. Энэ зуур төрөөгүй паркийг Дархан, бас Баганнуур руу “нүүлгэж” зөндөө эргэж буцсан шийдвэр гарсаар эргээд Эмээлтэд төвхнүүлэхээр яригдаж байгаа аж. Уг нь 2017 гэхэд арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах шийдвэр гарчихсан. Одоо харин Эмээлтэд бат бэх байрлуулах тухай ярьж байна. 214 га газарт цогцолбор босгох ТЭЗҮ хийсэн гэнэ. Тогтмол ажиллаж байгаа 20 гаруй арьс ширний үйлдвэр нийслэлд байгаа аж. ТЭЗҮ-д нэмэлт өөрчлөлт оруулах, байгаль орчны үнэлгээ хийх, тусгай зөвшөөрлөө авах ажлууд хүлээгдэж байна. Энэ намартаа Эмээлтэд усны нөөц тогтоох судалгаа хийнэ. Э.Бат-Үүл дарга парк байгуулах ТЭЗҮ боловсруулах ажилд хэрэглэгчдийг оролцуулахыг зөвлөв. “Захиргааны аргаар байгуулсан үйлдвэрлэл технологийн паркууд үндсэндээ дампуурдаг. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтгүй бол өнгөрнө” гэж хотын мэр сануулсан. “Бид хаширлаад Хонхорын ложистик дээр удаан ч гэсэн хувийнхныг оролцуулаад, хэлэлцээд явж байгаа” гэж тэр ярилаа. Хотын дарга бас усны хайгуулын судлагаагаар бүтэлгүй дүн гарах вий хэмээн эмээв. “Бид тавдугаар цахилгаан станц дээр ингэж алдсан. Пижигнээд очтол хайгуулын судалгаагаар өөр дүн гарсан” гэж сэрэмжлүүлэв. Усны хайгуул хараахан хийгээгүй ч тагнуулын байгууллагын болон бусад мэдээгээр ойролцоох усны судлаас ус олборлох боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасныг орлогч нь дуулгана лээ. Гарал үүслийн бичиг, элдэв зөвшөөрөл, хяналтаас авахуулаад төрийн бүх үйлчилгээг Эмээлтэд нэг цонхноос авах боломж олгох нь бизнес эрхлэгчдийг болон хэрэглэгчдийг татах боломж гэж хотын дарга зөвлөв.
Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, экологи хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ уг хуралдаанд хоёр паркийн асуудал танилцуусан. Нөгөө нэг парк нь Налайхад байгуулах Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк юм. Гэсэн ч хуралдаанд оролцогчид эхний паркад илүү анхаарал хандуулсан. Хөнгөн үйлдвэр технологийн парк гэдэгт ноос ноолуур, арьс шир ер нь л хөдөө аж ахуйн гаралтай бүх бүтээгдэхүүн хамрагдана. Муу нэртэй луу данстай арьс боловсруулах үйлдвэрүүдийн хаягдлаас болоод Туул гол мөн ч их бохирдсон доо. Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнийн яриагаар бол асуудлыг их л хялбархан шийдчих юм байх. “Цэвэрлэх байгууламжийн асуудлаар Европийн сэргээн босголтын банктай эхний ойлголцолд хүрсэн. Орчин үеийн дэвшилтэт цэвэрлэх байгууламжийг барих 30 сая еврог боломжийн хүүтэй, 12 жилийн хугацаатай зээлж болно. Японы цэвэрлэх байгууламжийн технологитой ч бид танилцсан. Цэвэрлэх байгууламжаас ялгарах лагийг засмал зам тавих суурь түүхий эд болгох технологи гараад жил гаруй болж байна. Зам хагарахгүй, бат бөх болдог юм байна. Япончууд бид санхүүжилтээ гаргаад хийсэн ч болно гэсэн. Наймдугаар сарын аравдаар энэ хүмүүс ирж яриа хэлэлцээр хийнэ” гэж тэр танилцууллаа. Харин бизнесийн үр ашигтай гэгдээд буй уг паркийг Дарханыхан бас Багануурынхан нутаг орондоо байгуулахыг хүсээгүй юм билээ. Арьс ширний үйлдвэрийнхэн ч бид нүүж болно. Гэхдээ Дархан руу биш, Багануур руу биш гэснийг Т.Бат-Эрдэнэ уламжлав. Арьс шир боловсруулагчид Эмээлтийг хамгийн боломжийн хувилбар гэж үзэж байгаа гэнэ. Хот төлөвлөлтийн дагуу Эмээлт 80 мянган хүнтэй хот болох учиртайг Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Н.Батаа сануулав. Парк ирээдүйн үйлдвэрлэлийн хотын зөвхөн жижиг хэсэг. Харин хот байгуулах асуудлыг хэн хариуцахыг тэр лавлав. Одоохондоо хотыг хэн босгох талаар сонсогдсонгүй. Харин Хөнгөн үйлдвэр, технологийн парк байгуулах төслийн нэгж байгуулах талаар их ярилаа. Нэгэнт УИХ-ын тогтоол гарсан, хотын ерөнхий төлөвлөгөөнд суусан асуудал учраас эргэлзэх хэрэггүй гэж хотын мэр хэлж байна лээ.
“Хурдал, хичнээн жил ярив” гэж Э.Бат-Үүл дарга шавдуулж байна лээ.
Б.ЯНЖМАА
“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаарт сэтгүүлч Д.Оюунтуяа “Явдаг хогийн цэг” ажиллуулъя” гэж бичсэн. Хогны машин яваад, хогийг нь авч үйлчилдэг болъё гэсэн түүний санааг олон уншигч дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хогийн цэг ойр харагдахгүй л бол хогоо хаячихаад явчихдаг залхуу хүмүүст яг таарсан үйлчилгээ учраас хэрэгжүүлж, ажил болгоё гэх хүн олон байна. “Явдаг хогийн цэг” ажиллаад иргэдээс хогийг нь худалдаж авдаг бол нийслэл минь цэмцийгээд явчихна даа. Эх, үрсийн баяраар “Эрүүл мэндээрээ гоёцгооё” төрийн бус байгууллагынхан Чингэсийн талбайд “Нэг хог нэг амттан” аян өрнүүлсэн. Тэд явуулын 20 хогийн цэг ажиллуулаад хогоо өгсөн хүүхэд бүрт амттан өгсөн. Үр дүнд нь Чингэсийн талбай цэмцийж үлдсэн. Энэ ажлыг нийслэлд хэрэгжүүлмээр байна. Нэг уут хог өгсөн хүнд тэдэн төгрөг өгнө гээд журам гаргачихъя. Тэртэй тэргүй хог ачих ажилд жилд хоёр тэрбум төгрөг зарцуулдаг шүү дээ. Дээр нь хог ачдаг компаниудад урамшуулал олгодог гэнэ лээ. Үүний оронд хогийг мөнгөөр худалдаж аваад эхэлбэл хогонд зардаг их мөнгө хэмнэгдэнэ. Туулын эрэг дагуу хог түүдэг хүмүүс анаж байгаад иргэдийн хаясан ууттай хогийг авч задлаад хэрэгтэйг нь аваад бусдыг нь хаячихдаг. Тэдэн шиг анаж байгаад хогийг нь худалдаж авдаг “Явдаг хогийн цэг” байгуулбал хогондоо хөглөрөхгүй, залуусын ярьдгаар цэмцгэр Улаанбаатар болно доо.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР