Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дөрөвдүгээр багийн Нарангийн гол, нийслэлийн ХУД-ийн 13 дугаар хороонд боом өвчин гараад байгаа. Голомтод 21 өрх, 13528 мал байгаа бөгөөд 80 мал үхэж гурван хүн, 15 мал өвчилжээ. Завхан аймгийн Дөрвөлжин суманд 21 хоног, Говь-Алтай аймгийн Хөхморьт, ХУД-ийн 13 дугаар хороонд тус бүр 14 хоногийн хорио цээр тогтоон ажиллаж байна. Булган аймгийн Хишиг-Өндөр суманд боомоор өвчилсөн гэх сэжигтэй хоёр хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Сумын Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоон, вакцинжуулалт хийж, зургаан адуу, нэг үхрийн сэг зэмийг устган ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Мөн боом өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, зөвлөмжийг нутгийн иргэд болон хил залгаа Могод суманд тарааж, голомтын ойролцоох найман өрхийн 2518 малд үзлэг, тандалт хийсэн байна.
Month: July 2014
Нийслэлийн Налайх дүүрэгт өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө иргэн М-ийг зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид нээлттэй болно. Тэрбээр анхны мэдүүлэгтээ “Талийгаач үргэлж дарамталж, хайртай бүсгүйг минь хүчирхийлдэг байсан учраас гэрийнхэндээ хэлэлгүй нууцаар Хятадаас ирж энэ хэргийг үйлдсэн” хэмээжээ. Гэвч түүний хэлсэн ярьсан нь нотлогдоогүй бөгөөд өс хонзонгийн сэдлээр найзыгаа хөнөөсөн гэдгийг албаныхан тогтоосон юм.
Гол усны түвшин нэмэгдэж, Онцгой байдлын алба хаагчид үер усны аюулаас урьдчилан сэрэмжлүүлсээр байтал ард иргэдийн хайхрамжгүй хэнэггүй байдлаас болж 2013 онд усны ослоор 109 хүн нас барсны 22 нь бага насны хүүхэд, 2014 оны долоодугаар сарын 24-ний байдлаар 56 хүн нас барсны 10 нь бага насны хүүхэд, баяр наадмын амралтын таван өдөрт 18 хүн гол усны ослоор нас барсны хамгийн бага нь хоёр сартай нялх хүүхэд байлаа. Мөн Сэлэнгэ аймагт зугаалгаар явж байсан таван оюутан залуу Ерөө голын усанд живж амь насаа алдсан байна.
Иймд гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлж, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүрээр зорчиж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Цагдаагийн Ерөнхий Газрын дэд даргын өгсөн үүргийн дагуу “Хан-Уул” дүүрэг болон “Сонгинохайрхан” дүүргийн нутаг дэвсгэр болох “Био”-ийн гүүрнээс “Сонсоголон”-ийн гүүр хүртэлх чиглэлд гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор морьт эргүүл ажиллаж байна.
Морьт эргүүл долдугаар сарын 23-ны өдрөөс есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, өдрийн 12 цагаас оройн 18 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэх аж.
М.Эрдэнэ
Олон улсын хөөмийн гуравдугаар наадмыг уржигдар Ховд аймгийн төвд амжилттай зохион байгуулжээ. Ховд аймгийн Чандмань сумыг хөөмийн өлгий нутаг хэмээдэг. Энэ ч үүднээс тус аймагт олон улсын хөөмийн наадмыг гуравдахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн олон улсын наадамд манайхаас гадна АНУ, ОХУ, Бельги, Герман, Голланд, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хөөмийчид оролцжээ.
Наадмыг гоцлол хөөмий болон хамтлаг гэсэн хоёр төрлөөр, тус бүртээ хоёр үе шаттай зохион байгуулсан аж. 47 хөөмийч гоцлол төрөлд өрсөлдсөнөөс тэргүүн дээд шагналыг Чандмань сумын уугуул, “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын хөөмийч М.Саруултөгс авч, таван сая төгрөгөөр шагнуулсан байна. Удаах байрт Увс аймгийн хөөмийч Д.Басан, ҮДБЭЧ-ын хөөмийч М.Цогтгэрэл нар шалгарчээ. 11 хамтлаг авьяасаа сорьсноос ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Ховд аймгийн Хөгжимт драмын театрын “Жангар”, Чандмань сумын “Хоёр Алтай” хамтлаг тэргүүлж, мөнгөн шагнал хүртжээ.
Т.Номин
Зарим УИХ-ын гишүүд, төрийн өндөр дээд албан тушаалтнууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудыг ялгаварласан сурталчилгааг үе үе хийх юм. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлчилсан эхний өдрөө “Монгол Улсын хэмжээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт яг ижил түвшинд очлоо. Та нар Монголд хөрөнгө оруулалт хийвэл дотоодын компанитай адил нэг эрх, нэг үүргийн хүрээнд ажиллах боломж нь бүрдсэн” гэж мэдэгдэж байв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ийн хэлж дуусаагүй шахам байхад гадна, дотны хөрөнгө оруулалтыг ялгаварласан сурталчилгааг УИХ-ын гишүүн хүн хийлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудастаа Б.Бат-Эрдэнэ аваргатай хамт утсаараа оролдож буй зургаа нийтэлж “Би Скайтелийн 3G-тэй учир интернетийн сүлжээтэй. Ккккк. Аварга юутай гэлээ дээ. Сүлжээгүй” хэмээн бичжээ. Энэ нь “Скайтел” компанийг илтэд сурталчилж байгаа хэрэг. Хүн хэдийбээр үгээ хэлэх эрхтэй ч төрийн чухал албанд оччихоод, төрийн нэрээр аль нэг байгууллагыг сурталчлах нь хэр зохимжтой байдаг юм бол.
“Скайтел” нь дотоодын буюу УИХ-ын гишүүн Сү.Батболд, Г.Батхүү нарын хөрөнгө оруулалттай компани. М.Зоригт гишүүнээс өмнө төрийн бас л нэг чухал албан тушаалтан “Скайтел бол Мобикомоос илүү” гэсэн утгатай үгийг твиттертээ жиргэж байсан санагдана. Энэ мэтээр төрийн өндөр албан тушаалтан тэр дундаа УИХ-ын гишүүд найз нарынхаа, УИХ-ын гишүүдийнхээ хөрөнгө оруулалттай компанийг илтэд сайшаан магтдаг нь нууц биш. Энэ бол эмзэглэх асуудал. Төрийн түшээд нь гадаадын хөрөнгө оруулалтыг энэ мэтээр ад үзээд байвал Монгол Улсад хэн итгэж мөнгөө оруулах юм бэ. Эдийн засаг яаж сэргэх юм. Шударга өрсөлдөөний зарчим яаж хэрэгжих юм гэх мэтээр араасаа олон асуултыг дагуулна.
УИХ-ын гишүүд нэг компанийн нүүр царай болж байгаа нь Шударга өрсөлдөөний зарчим, энэ тухай хуулийг зөрчсөн хэрэг болох болов уу. Үүнийг О.Магнай дарга анхааралдаа авч шалгах хэрэгтэй юм. Мөн Үндсэн хуульд энэ асуудал харшлах эсэхийг Цэцээр шалгуулбал зохилтой. Хэрэв УИХ-ын гишүүн хүн ийм хэлбэрээр хууль зөрчиж дотоодын эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлдэг бол гишүүнээс нь эргүүлэн татах хүртэл арга хэмжээг авдаг болъё.
Л.МӨÍÕÒӨÐ
Бээжингээс Улаанбаатар руу аялаж явсан дугуйтай тамирчдын нэг автобусанд дайруулжээ.
Осол өчигдөр өглөө Замын-Үүд Улаанбаатарын зам дээр гарсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр ЦАБ 20-81 улсын дугаартай автобусны жолооч өглөө үүрэглэж яваад замын хажуу руу орж дугуйтай тамирчдыг дайрсан бололтой юм.
Энэ талаар Нийслэлийн Замын цагдаагийн газраас тодруулахад “Орон нутгаас ослын талаар мэдээлэл ирээгүй байна” гэв.
Диснейгээс “Карибын тэнгисийн дээрэмчин” тавдугаар цувралыг 2017 оны долдугаар сарын 7-нд нээлтээ хийх талаар мэдээлэв. Өмнөх мэдээллээр 2016 онд шинэ анги гарна хэмээж байсан ч тус киноны найруулагч Йоахим Роннинг, Эспен Сандберг нар нэг их яарахыг хүсээгүй бололтой.
Карибын тэнгисийн дээрэмчнийг ахмад Жек Спарровгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс киноны гол дүрд Жонни Деп дахин тоглоно хэмээх таамаглал өндөр байна. Мөн түүний хамт гол дүрүүдэд жүжигчин Кристоф Вальц, Жеффри Раш, Жек Дэвенпорт нар тоглоно гэсэн мэдээлэл байгаа юм.
М.Эрдэнэ
“Mongolian hummer club”-ээс санаачлан “Арвайн үндэс” компанитай хамтран зохион байгуулсан “Hummer trophy 2014” спорт аялал тав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. “Hummer Trophy 2014” аяллын багийнхан энэ жил Дорнод аймгийн түүх дурсгалын газрууд болох алдарт Мэнэнгийн тал, түүхт Халх голын дайн болж байсан газрууд, тэдгээрийн түүх дурсгалууд, Дархан цаазат Нөмрөг, үзэсгэлэнт Буйр нуур гэсэн чиглэлээр долоон шөнө, найман өдөр аялаад ирлээ. Тус аялал долдугаар сарын 14-20-нд үргэлжилсэн юм.