Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Батаар ясанд атаархаад баршгүй

Энэ хувьтай яс 70 сая жилийн тэртээ ямар буян хийчихсэн болоод энэ цагт бурхан болоод байгаа юм гэж бодохоос атаа хөдлөөд байх юм. Өнгөрсөн жил Батаар АНУ-аас яаж ирснийг уншигчид мартаагүй биз ээ. Эгээтэй л хүндэт харуул жагсаж, төрийн сүлд дуулал эгшиглүүлэн байж угтаж авсангүй. Авчирснаасаа хойш хав дарж, хэдэн сар сурталчилсны эцэст нэг сарын хугацаатай Чингэсийн талбайд байрлуултал Монголын бүх музейн арван жилийн нийт орлоготой тэнцэхүйц мөнгийг хамсан сураг дуулдана билээ. Үндэсний түүхийн, Байгалийн түүхийн, Богд хааны гээд олон арван бусдад гологдохооргүй үзмэртэй музейг сонирхож, шагайдаг ч үгүй монголчууд энэ л ясыг харахаар халаасан дахь хэдээсээ сарвайсан нь энэ. Бас болоогүй аялалд гаргаж, хүн ам шигүү суурьшсан хотуудаар авч яваад ирнэ билээ.   

Хаа хол Америкаас хөөцөлдөн байж олж ирлээ хэмээн өөрсдийгөө сурталчлах Соёл спорт, аялал жуулчлалын яамныхнаас эхлээд толгойтой бүхэн Батаарыг байртай болгоно гэж гүйсээр Лениний музейг олон нийтийн байгууллагын мэдэлд байхад нь булааж авав. “Энэ үйлдлийг төрийн луйвар байсан гээд хэлчихэд хол зөрөхгүй үйлдэл” хэмээн тухайн үед онцлох хүн олон байсан. Тэнд олон иргэн скайтелийн нэгж зарж, нийтийн хоолны газар, кино прокат, гэрэл зургийн студи ажиллуулж амин зуулгаа залгуулдаг байсан. Тэр байрыг Батаарын гэр болгох шүүхийн шийдвэр гарч, албадан гүйцэтгэснээр олон арван иргэн бизнесгүй, амин зуулгагүй үлдэж гудамжинд гарсан нь саяхны үйл явдал хэрнээ түүх болжээ. 

Батаарын гэх өгөр ясанд үзүүлэх монголчуудын хүндэтгэл үүгээр дууссангүй. Эцэст нь марканд мөнхөлж, ил захидлын нүүрийг чимнэ билээ. Өнөөдрөөс цааш өөр ямар хүндэтгэл үзүүлэх юм бүү мэд, түүнд. Ингээд харахад Соёл спорт, аялал жуулчлалын яамыг зөвхөн Батаарт зориулж, тэр ясыг сурталчлахын тулд байгуулсан бололтой. Соёлын яам Батаар ясны төлөө л ажиллах чин зорилготой юм шиг байна. 

Энэ яс Монголд ямар гавьяа байгуулсан болоод бид ингэж байдгаа барьж гүйнэ вэ. Мэрэхэд мөлжүүргүй, чанахад шөлгүй энэ өгөр яс валютын ханшийг тогтвортой барьж байгаа юм болов уу. Инфляц гэдэг зүйл Батаарын нуруун дээр тогтож байгаа хэрэг үү. Энэ ясыг тахин шүтсэнээр ард түмний аяган дахь боорцог нэгээр ч болов нэмэгдэж байна уу. Будаа ширхэгээр бус шанагаар өсч, шүдлэн үхрийн гуянаас шарын өрөөлтэй дүйхүйц мах авдаг болчихсон юм уу. Эсвэл Батаар хэмээх нэр дуулдаж, яс нь олдсоноор Монголын ард түмэн жаргаад эхэлчихэв үү. Ийм сайхан өсөлт, өнгө, жаргал нэмчихээд байгааг нь бид мэдэлгүй, зөрж өнгөрөөд байна уу. 

Яачихсан яс болохоор яам хүртэл байгуулж өгөөд өдөр шөнөгүй сурталчилна вэ. Энэ яс хэрвээ амьтай хийгээд оюун ухаантайсан бол “Зүүдэндээ ч зүрхэлж үзэхээргүй хүндлэл хүлээлээ. Амьдрал гэж сонин юм даа” гэх байсан биз. Монголчууд нэг зүйлд анхаарч, түүнийхээ хойноос туйлшрахаараа хэзээд үнэнч бас хөдөлмөрч байж, эцсийг нь үзэж чаддагийг эндээс харж авлаа. Олон олон асуудалд ийм шаргуу байж хийж бүтээвэл сайнсан.  

Бид Батаарт анхаарч байгаа шигээ бусад асуудалдаа анхаарч ажиллавал яасан юм. Нефтийн салбарт санаа бодлоо чиглүүлж өөрийн үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангадаг болоход сэтгэл шулуудвал яадаг юм бол. Хөлөө хугалах шахам гүйж байгаа шигээ  тавдугаар цахилгаан станцыг барихын төлөө, шавыг нь тавьж, ажлыг эхлүүлэхээр хөөцөлдөцгөөвөл ямар вэ. Тэртээ 70 сая жилийн өмнө үрэгдсэн махчин араатны ясыг орон гэрээр хангах гэж гүйлдэхийн оронд тэнд байсан бизнес эрхлэгчид, хөдөлмөрчдийг дэмжиж ард иргэдээ орон сууцжуулах ажлыг эрчимжүүлбэл яасан юм. Яс бөөцийлж ямбалахын оронд ямар нэгэн ажил сэдэж ард түмнийхээ амьдралд анхаарах цаг нь болсон бус уу.

Хэрээ ч тоож тоншихооргүй болсон өгөр ясыг харж, барьж, шүтэж, хөөрцөглөж байх зуурт монголчуудын амьдрал улам л хүндрээд, хэцүүдээд байна. Энэ бүхнийг, өгөр яс сурталчилж байгаа яамыг, түүнийг нь хүлээн зөвшөөрч байгаа ард түмнийг харахаар атаа, зэвүү хоёр зэрэг төрөх юм. Зурагт руугаа аягатай цайгаа шидчихмээр санагдах үе олон тохиох боллоо.

Цаана нь ямар их чухал, ач холбогдолт ой, улс оронд хэрэгтэй ажлууд байна вэ. Тусгаар улс байхын тулд өгөр ястай хөөцөлдөх бус амин чухал гэсэн асуудлуудаа шүүрч аваад шийддэг, ажил хэрэг болгодог байлтай.  Нэг ёсондоо өгөр ясны хойноос хоёр жил хөөцөлдөх бус ажил хийж байж, зөв бодлогын дагуу зөв зам дээр гарч байж тусгаар гүрэн гэдгээ бататгах, ард иргэдийнхээ сэтгэлийг тэнэгэр байлгах бус уу. 

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ

Өнөөдөр шарагчин гахай өдөр

Аргын тооллын долдугаар сарын 27. Адъяа гариг. Билгийн тооллын 1. Найман цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн наран 05.28 цагт мандаж 20.32 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйл эхлэх, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавихад муу. 

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын төсөв алдагдалтай гарчээ

Сангийн яамнаас Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн эхний зургаан сарын гүйцэтгэлийг гаргажээ. Үүгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 240.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Тодруулбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2014 оны эхний зургаан сарын байдлаар 2,729.4 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2,970.0 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 240.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөсөн хэмжээний 26.6 хувьтай тэнцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Зүрхний хавсарсан гажигтай хүүхдүүдийн хагалгааг эх орондоо амжилттай хийлээ

Сөүлийн их сургуулийн Синчо эмнэлгийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг манай эмнэлгийн эмч нарын багтай энэ сарын 20-25-ны өдрүүдэд  хамтран ажиллаа. Солонгос эмч нарын баг Монголд хүрэлцэн ирж 70 гаруй төрөлхийн зүрхний гажигтай хүүхдэд үзлэг хийжээ. Энэхүү үзлэгээсээ нэн яаралтай хагалгаанд орох зүрхний хавсарсан гажигтай 7 хүүхдэд дөрвөн өдрийн турш хагалгааг хийжээ.
Энэхүү хагалгааг Монголд анх удаа хийж байгаа ч амжилттай болсон байна. Монголын эмч нар маань зүрхний цоорхойн хагалгааг хийчихдэг. Харин хавсарсан зүрхний  гажигтай хүүхдүүдэд хагалгаа хийх боломж тун хязгаарлагдмал байдаг аж. Учир нь багаж тоног төхөөрөмж, эм тарианы хангалтгүй байдлаас үүдэн хийгдэггүй юм байна.

М.Ууган

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ тархины даралттай эсэхийг мэдэх арга

Нярай, нялх хүүхэдтэй хүмүүс рахитын шинж тэмдэгийг ажиглаж байх нь өвчнийг эрт илрүүлэн төгс эмчлэхэд нэн чухал.
Шинж тэмдэг: Хүүхэд цочимхой, уйламхай, нойр хөнгөн, унтаж байхдаа татвагнаж сэрдэг. Хөхөх, хооллох үедээ хүүхэд их хөлрөх, заримдаа бүр хөлсний дусал бурзайж харагдана. Толгой, дагз орчмоор илүү хөлрөх ба тэр хавийн арьс загатнаж, толгойгоо шөргөөсөөр үс нь халцарч хоёр нүүртэй юм шиг болдог. Хөлс зунгааралдсан, цуу шиг эхүүн үнэртэй болно. Харамсалтай нь рахитын энэ мэт анхны шинжүүдийг эцэг эх муу анхаардаг. Энэ л үед эмчлэхгүй аваас 2-3 долоо хоногийн дараа яс зөөлөрч ирнэ.Рахит-ын хурц үед яс зөөлрөх шинж давамгайлах ба үүнээс болж хүүхдийн толгой, цээжний хэлбэр өөрчлөгдөн хүүхэд хожим нь үеийнхнээсээ өвөөлжин толгойт, далиу толгойт, данхар, майжгий, дугуй хөлт гэх мэт цол хоч авдаг.
Булчингийн хүчдэл болон үений холбоос суларснаас хүүхэд толгойгоо даах (1-1.5 сар), суух (4-5 сар), мөлхөх (5-6 сар), явах (10-12 сар) хугацаа оройтож, шүдлэхгүй буюу шүд нь буруу ургана. Рахиттай хүүхэд бүгд цус багадалттай, хоолны шингэц муу байдаг

Categories
мэдээ эдийн-засаг

Коксжих нүүрсний худалдаа 3.2 хувиар өснө гэв

Ашигт малтмалын газрын мэдээлснээр дэлхийн коксжих нүүрсний худалдаа энэ онд 3.2 хувиар өсч, 320 сая тоннд хүрэх аж. Үүний тал хувийг нь бүрдүүлэх Австралийн нийлүүлэлт энэ онд 3.9 хувиар өсөх төлөвтэй байна. Тус улсын хувьд “Queensland”-ийн төмөр замын тээвэрлэлт болон “New South Wales” мужийн далайн боомтын хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Харин Австралийн нүүрсний олборлолт 2020 онд 550 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн коксжих нүүрсний нийлүүлэлтийн 54.9 хувийг Австрали улс дангаараа бүрдүүлж байсан.

Categories
мэдээ нийгэм

Хольж идэж болохгүй хүнснүүд

1.    Шарсан үхрийн мах болон төмсийг холиж идэхгүй байх: Шарсан үхрийн мах болон төмсийг хольж идвэл ходоод гэдсэний чадавхыг муугаар нөлөөлдөг.

2. Сонгиныг дүфүтэй хольж идэхгүй байх: Дүфүнд хадгалагдаж байгаа кальц болон сонгинын дотрох өвсний хүчил нийлээд өвсний хүчлийн кальц болж ходоодны шингээлтийг харшилдаг

3. Буурцгийн ээдмийг өндөгтэй хольж идэхгүй байх: Өндөгний уураг болон буурцгийн ээдэм дэх инсулин нийлбэл энэ хоёр эдийн шим тэжээл алдагддаг.

4. Өндгийг цайнд чанахгүй байх: Цайнд амьд бодисын шүлт байхаас гадна бас хүчлийн эд агуулагдаж байгаа тул эдгээр нийлмэл эд нь өндөгний төмөрийн элементтэй нийлбэл шингээлтэд муу.

5. Шарсан өндөгөнд амтны охь үйхгүй байх: Тахианы шарсан өндөгөнд амтны охь үйвэл тахианы өндөгний жинхэнэ үнэр амт нь өөрчлөгдөх буюу дарагддаг юм.

6. Улаан лууван болон цагаан лууванг холиж идэхгүй байх: Цагаан лууванд маш их амин дэм С агуулагдаж байдаг, гэвч улаан лууванд агуулагдаж байгаа чийг бамыг эсэргүүцэх хүчлийн эд нь амин дэм С-д харш нөлөө үзүүлдэг байна.

7. Лууван болон жимсийг холиж идэхгүй байх: Лууван зэрэг хүнсний ногоо нь ходоодонд янз бүрийн хүчил бий болгодог. Энэ үед жимс идэх юм бол жимсэнд агуулагдаж байдаг гуулийн өрлийн эд нь гэдэс ходоодны бактерт задарч хүний бие цогцыг таргалуулах юм уу бамбай булчирхайг том болгодог байна.

8. Далайн гаралтай хүнсний зүйлийг жимстэй холиж идэхгүй байх: Далайн гаралтай хүнсний зүйлд уураг болон кальц зэрэг шим тэжээлтэй зүйл элбэг байдаг, хэрэв хүчиллэг зүйл их агуулагдсан жимстэй холиж идвэл гэдэс өвдөх, бөөлжих, дур гутах зэрэг илрэл гардаг юм.

9. Үнээний сүүг жүржтэй холиж идэхгүй байх: Сүүний уураг нь жүржинд агуулагдаж байгаа жимсний хүчил болон амин дэм С-тэй нийлбэл эгшин хатуурч ходоод гэдэсний шингээлтийг нөлөөлдөг.

10. Шар лууванг архитай холихгүй байх: Шар луувангийн В эд нь спирттэй холилдвол хэн хүнийг элэгний өвчинд нэрвэгдүүлэх аюултай.

11. Цагаан архийг хийжүүлсэн ундаатай холиж уухгүй байх: Энэ хоёр хатуу зөөлөн ундааг холивол, нүүрсхүчлийн хий бий болж, ходоод, элэг, бөөр зэргийг хүнд ноцтой нөлөөлж, зүрх тархины судасыг гэмтээдэг байна.

12. Мах идсэнийхээ дараа цай уухгүй байх: Мах болон далайн гаралтай хүнсний зүйл зэрэг уураг ихтэй идээ будааг идсэнийхээ дараа цай уухгүй бол биед ашигтай, цайнд агуулагдаж байдаг үлэмж хэмжээний даннийн хүчил нь уурагтай нийлээд даннийн хүчлийн уураг бүрдүүлж, гэдэсний ажиллагааг удаашруулдаг байна.
М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Монгол Хятад руу газ нийлүүлэх тухай хэлэлцэнэ

Монгол Улс Хятад руу газ нийлүүлэх тухай хэлэлцээрийг ирэх сард хийхээр төлөвлөж байна. Ингэснээр гадаад худалдаанаас гадна гадаадын шууд хөрөнгө оруулалтыг өсгөх боломжтой гэж үзэж байгаа юм. Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган хэлэхдээ “Нүүрснээс газ гаргах үйлдвэр барьж, Хятад руу нийлүүлэх тухай гэрээ байгуулахаар төлөвлөж байна” гэжээ. Тэрээр үйлдвэрлэл 2019 онд эхлэхээр төлөвлөгдсөн байгаа гэлээ.
Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Ирэх сард Монголд болох Хятадын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Sinopec Group-тэй урьдчилсан гэрээ байгуулахаар зорьж байна. Харин зардал, хэмжээ, хэн нь нүүрс олборлох вэ гэх зэрэг нарийн асуудал хараахан шийдэгдээгүй байна” гэв.

М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэл амиа хорлохыг завджээ

Categories
мэдээ спорт

Монгол Оросын дрифтийн тулаан 27-нд болно

Орос Монголын дрифтийн халз тулаан энэ сарын 27-нд ОХУ-ын Эрхүү хотноо болох гэж байна.
Тулаанд ОХУ-ын Буриад, Эрхүүгээс 40 гаруй тамирчин оролцох бол Монголын талаас шилдэг найман тамирчин өрсөлдөх юм.
Хэдийгээр манайхаас наймхан тамирчин оролцож байгаа ч зохион байгуулагчид Монголын “Дрифтийн хаан” Д.Зоригтсайханаас эмээж байгаагаа дурдсан байна.
Тэмцээний талаар гарсан зарлал, самбар, сурталчилгааны хуудсан дээр Монголын “Дрифтийн хаан Эрхүүд ирлээ” хэмээн бичиж байгаа аж.