Categories
мэдээ нийгэм

Амрангаа бясалгаж сурах боломжтой болжээ

Зуныхаа амралтыг үр бүтээлтэй өнгөрөөх нэгэн боломж нээгджээ. Учир нь Цагаан нуга зусланд наймдугаар сарын 1-7-ны хооронд зургаа хоногийн турш гэр бүл, найз нөхөд гэх мэт олуулаа амрах хугацаандаа Чанадаас халих бясалгалыг хөнгөлөлттэй үнээр суралцаж болохоор боллоо. Энэ бясалгалыг сурчихсан хүмүүс зургаа хоног өглөө оройдоо тэр сайхан байгальд бүлгийн бясалгал хийн, гурван өдрийн бясалгалын сургалтандаа дахиж суун мэдлэгээ сэргээж, маш сайхан амарч, стресс ядаргаагаа гүнзгий арилгах боломжтой юм. Явах хүсэлтэй хүмүүс 99661778 утсанд холбогдох боломжтой аж. 

Categories
мэдээ нийгэм

Налайхад “Барилгын материалын үйлдвэр, технологийн парк” байгуулна

Налайхад барилгын материалын нэгдсэн зах худалдааг төвлөрүүлэх тухай яригдаж байгаа.  Энд мөн “Барилгын материалын үйлдвэр технологийн паркийн цогцолбор” байгуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас төлөвлөлт хийсэн байна.

Налайх дүүргийн гуравдугаар  хорооны нутаг дэвсгэрт хамаарах тус бүсэд 21 иргэн, 24 аж ахуйн нэгж байгууллага байдаг байна.  Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулснаар дэвшилтэт технологи үйлдвэрлэлд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй олон улсын шаардлага хангахуйц барилгын үйлдвэрлэл хөгжих юм. Мөн 1500 гаруй ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна. Энэхүү цогцолборыг барьж байгуулахын тулд бэлтгэл ажлыг ханган ажиллах чиг үүрэг бүхий төслийн нэгж байгуулах шаардлагатай  болжээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар дээрхи асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин,  НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихаар боллоо.

Нийслэлийн Засаг дарга, үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажилд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй.   Үүний тулд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай санал солилцож, хувийн хэвшлийн оролцоотой Удирдах хороо байгуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Categories
мэдээ нийгэм

Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Бээжин хотод болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2014 оны 6 сард БНХАУ-ын Бээжин хотод хийсэн албан ёсны айлчлалынхаа   хүрээнд  Бээжин хоттой тодорхой төслүүд дээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. Энэхүү ажлын эхлэл болгож,  БНХАУ-ын Бээжин хотод 2014 оны  09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны хооронд Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах  “Импортын бараа бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар боллоо.  Энэхүү үзэсгэлэн худалдаагаар манай үндэсний  үйлдвэрлэгчид Бээжин хотын томоохон худалдааны төвүүдэд 1000 шоо метр хүртэл талбайд өөрсдийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ 10 хоногийн турш зарж, сурталчлах боломжтой болж байгаа юм. Нийслэлээс үндэсний үйлдэрлэгчдээ  төсвийн бодлогоор дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд хотын  үйлчилгээ, тохижилт, бүтээн байгуулалтын ажилд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг болсон гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчид Канад Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг Япон улсад хийсэн ажлын айлчлалаа дөнгөж өндөрлөж ирээд байхад нь Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд бараалхав.

Төрийн бус байгууллагыг чадавхижуулах талаар Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байхад эхлүүлсэн ажлаа үргэлжлүлэх тухай яриагаар уулзалт эхэлсэн юм.   

Мөн Монгол Улс, Канад Улс хоёр Төрийн албаны шинэчлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулахаар яриа хэлэлцээ эхлүүлснийг сайшаан тэмдэглэв.

Энэ үеэр олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцсон бөгөөд Канадын гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь тус улсын Гадаад хэргийн сайдын манай улсад хийж буй анхны айлчлал юм.

Categories
мэдээ нийгэм

Ж.Батмөнх албанаасаа буугаад энд амьдарч байжээ

Бэлхийн ам.   Монголын төрийг  тэргүүлж  асан Ж.Батмөнх агсан албанаасаа буусны дараа энэ байшинд  амьдарч байжээ.  Монгол Улс буун дуугүй хувьсгал хийхэд  тухайн үеийн  төрийг тэргүүлж байсан Ж.Батмөнхийн үүрэг их билээ.  Хашааг нь буулгаж байна лээ.  Магадгүй энэ түүхэн байшингийн сүүлийн дүрс  ч байж мэднэ.  

Гэрэл зургийг Б.Батдорж

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баталгаагүй газраас мах авахгүй байхыг анхаарууллаа

-Энэ жил боомын өвчлөл гурав дахин нэмэгджээ-

Мал эмнэлэг үржлийн газар, Зоонозын үндэсний  төв хамтран өчигдөр боом өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ оны хагас жилийн байдлаар нийслэлийн Хан-Уул дүүрэг, Завхан аймгийн Дөрвөлжин сум, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Булганы Хишиг-Өндөр, Хөвсгөл аймгийн Мөрөн, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом  болон нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо зэрэг найман аймгийн сум, дүүргийн нутагт боом өвчний 60 гаруй тохиолдол бүртгэгджээ. Жил бүр 4.3 сая малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж байгаа ч энэ онд боомын тархалт өмнөх жилийнхээс гурав дахин өссөн байна.  Мөн боом өвчин хүнд халдсан гурван тохиолдол бүртгэгджээ.  Хан-Уул дүүргийн хоёр, Булган аймгийн нэг иргэн боом өвчний халдвар аван Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлсэн байна. Тэдний хоёрынх нь биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ. Дээрх иргэд лабораторийн шинжилгээгээр боомтой гэдэг нь тогтоогджээ. Дээрх гурван иргэд боомоор өвдсөн мал муулж байгаад халдвар авсан аж. Хан-Уул дүүргийн иргэд болох эхнэр, нөхөр хоёр Төв аймгийн Баянхангай сумаас нийслэлд нүүж ирсэн малчны малыг хариулж байгаад ийм халдвар авчээ. Тус айлын мал зургаан сараас эхлэн тодорхой шалт­гаан­гүйгээр үхэж эхэлсэн юм байна. Гэсэн ч эзэд нь мэргэжлийн хүмүүст хандаагүй гэнэ. Тиймээс дээрх хүмүүс болон Бянхангай сумын малын эмчид хариуцлага тооцох ёстой гэдгийг албаны хүмүүс хэлж байв.

 Боомын халдвар авсан хүний биед үү шиг хар тав гардаг байна. Тэр нь ямар ч өвчингүй гэнэ. Оролдож маажсан тохиолдолд шархалж, хавдан, цэврүү идээ бээр болдог аж. Хэрэв сэжигтэй мах идээд ийм шинж тэмдэг илэрвэл нэн түрүүнд эмчид хандах ёстой гэж албаныхан хэлэв. “Боомоор өвдсөн мал муулах, махыг нь шууд хэрэглэсэн тохиолдолд, мөн боомоор бохирдсон хөрс шороо, өвчтэй малын шүлсээр дамжин энэ өвчин халддаг. Том худалдааны төв, захуудаар зарж буй маханд лабораторийн бүрэн шинжилгээ хийж байгаа. Харин жижиглэн худалдаа, дэлгүүр болгонд хяналт тавих боломжгүй” хэмээн Зоонозын өвчин судлалын төвийн бэлэн байдал, тусламж үйлчилгээний тасгийн эрхлэгч Ш.Агиймаа хэлж байв.

Иймд иргэдийг баталгаагүй газраас мах худалдаж авахгүй байх, сэжигтэйгээр гэнэт үхсэн малын мах идэхгүй, нийтэд худалдахгүй байхыг Зоонозын өвчин судлалын төв, МХЕГ, цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн мах худалдан авахдаа сайн шинжилж өнгө, байдалд нь өөрчлөлт орсон бол авахгүй байхыг анхаарууллаа. Боомоор үхсэн малын махны бүх нүх сүвээр цусархаг шингэн шүүрч, эд эрхтэн нь цусаар дүүрэн нилэнхүйдээ хүрэн улаан өнгөтэй болсон байдаг аж.

Одоогоор боомын голомттой газруудын эрүүл малыг вакцинд хамруулж, хөрсний шинжилгээ хийх ажлыг өрнүүлж байгаа юм байна. 

 Э.Номин

Categories
мэдээ цаг-үе

Германы дасгалжуулагчийг гайхшруулсан монгол хөвгүүд

Өнгөрч буй долоо хоног Монголын хөлбөмбөгийн түүхэнд онцгой өдрүүд байлаа. Улс орныхоо хөлбөмбөгчдийн ирээдүйг тодорхойлох өсвөрийнхөн маань дэлхийн 80 гаруй орны баг оролцсон “Gothia Cup” тэмцээнээс хүрэл медальтай ирэв. Норвеги, Энэтхэг, Швед, Германы багийг төвөггүйхэн хожоод гараад ирсэн бяцхан хөлбөмбөгчдөөр монголчууд бахархаж байна. Бас нэг чухал үйл явдал Гуамд өрнөж буй. Үндэсний шигшээ багийнхан зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглож байгаа. Эхний тоглолтоо Хойд Марины арлуудын шигшээ багтай хийж, хожсон. Зохион байгуулагч орны багт хожигдсон ч гэлээ арвин туршлагатай ирж байгаа. Харин өсвөрийнхөн уржигдар эх орондоо ирлээ. Шведийн Гётебург хотоос хүрэл медаль өвөртлөн ирсэн тэднийг хөлбөмбөг сонирхогчид халуун дотноор хүлээж авсан.

Дэлхийн 80 гаруй орны 1600 орчим клуб оролцсон тэмцээн гэдэг өсвөрийнхний дундах хамгийн том тэмцээн. Швед улсад болж буй 39 дэх удаагийн “Gothia Cup” тэмцээнд манайхаас 12 болон 16 насанд “FC Deren Sumida” клубын “Дэрэн” багууд тав дахь удаагаа оролцсон. 12 насныхан хожигдсон ч гэлээ ах нар нь тэднийхээ итгэлийг алдсангүй.

Дэлхийн хөлбөмбөгийн дэвжээнд монголчууд, монгол тоглогч гялалзаж чадна гэдгийг харууллаа. Хөвгүүдийн 16 насны ангилалд 32 улсын 190 баг оролцсон. 47 хэсэгт хуваагдахад манайхан 15 дугаар хэсэгт Шведийн хоёр баг болон Норвегитой таарчээ. Эхний тоглолтод Норвегийн багтай тоглов. Багш, дасгалжуулагчдынхаа заасан бүхнийг ягштал биелүүлээд өрсөлдөгчөө 3:0-ийн харьцаатайгаар буулгаж авлаа. Эхний тоглолт хөвгүүдэд урам өгсөн хэдий ч Шведийн хоёр багт хоёуланд нь хожигдоод байсан юм. Хэсгийн тоглолтын хоёр хожигдол манай тамирчдад нэгийг бодогдуулчихаж. “Плэй офф-т гараад хожигдох л юм бол тэмцээнээс хасагдана. Гэрийнхэн ч яахав. Намар хичээл орохоор ангийнхандаа юу гэж хэлнээ” гэсэн бодол л толгойд нь эргэлдээд байжээ. Хэсгээсээ гуравдугаар байраар гарсан тэд “В” хэсэгт шалгарав. 1/64-т эхний учраа Энэтхэгийн шигшээ таарчээ. “Хожигдвол гэртээ харина” гэсэн бодолтой хөвгүүд зүтгэсээр 5:4-ийн харьцаагаар өрсөлдөгчөө буулган авлаа. 1/32-т Шведийн багийг 7:5-аар хожиж, улмаар шөвгийн 16-д шалгарав. Яван чангарна гэгчээр 1/16-д Германы “TSV Buchholz 08” багт ямар ч боломж өгөлгүй 2:0-ээр хожсон юм. Уг тоглолтын дараа Германы дасгалжуулагч “Манай баг муу тоглоогүй. Монголын хүүхдүүд үнэхээр чадвартай юм. Ийм өндөр түвшинд тоглодог гэж үнэхээр бодоогүй” гэжээ. Харин зохион байгуулагчид “Өмнөх дөрвөн жилд Монголын багийнхан ирж оролцдог байсан. Тэдний чадвар улам бүр дээшилж байна. Энэ хэвээрээ урагш ахивал тэдэнд асар том боломж бий. Өнөөдөр тэд авьяастай гэдгээ харууллаа” хэмээн онцолжээ. Улмаар шөвгийн наймд Норвегийн “IL Bjarg” багийг 3:1-ийн харьцаатайгаар хожиж шөвгийн дөрөвт шалгарав. “В” хэсгийн хүрэл медалийг халаасандаа хийчихээд тэмцээнийг зохион байгуулагч Шведийн багтай тоглолоо. 2:0-ийн харьцаатай хожигдсоноор манай баг тэмцээнээ өндөрлүүлэв. Гэхдээ тэд шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарч хүрэл медальтай ирсэн. 

Олон улсын хөлбөмбөгийн ногоон талбайд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн “Дэрэн” баг 2008 онд байгуулагдсан. Хөлбөмбөгчдийг бүр багаас нь сургахыг эрхэмлэдэг болохоор авьяас, сонирхолтой зургаан настнуудыг ч элсүүлдэг ажээ. Өвөлдөө зааланд, зундаа гадаа талбайд байнгын бэлтгэл хийснээр өнөөдрийн амжилтад хүрчээ. Харин өөрсдийн гэсэн заалгүй учраас сургуулиудын заалыг түрээсэлнэ. Хичээл эхлэхээс өмнө буюу 07.00 цагаас бэлтгэл хийдэг гэсэн. Гадаа дулаарахаар хүссэнээрээ бэлтгэл хийнэ. Сая тэмцээнд явахын өмнө гадаа талбайд өдөр бүр бэлтгэл хийдэг байж. Мөн хоёр жилийн өмнө Сербээс дасгалжуулагч авчран хичээл заалгасан гэнэ. Гадны дасгалжуулагчаар хичээл заалгаад, дээрээс нь өөрсдөө гадаадад очиж шилдэг тамирчидтай тоглоод байвал манай тамирчдын ур чадвар илт сайжрах нь тодорхой. Тиймээс хүүхдүүд эцэг эхийнхээ тусламжтайгаар тэмцээнд жил бүр оролцохыг хичээдэг болжээ. Олон улсын тэмцээнийг зохион байгуулагчид хоол, байрыг нь даадаг хэдий ч замын зардал 2000 ам.долларыг хүүхдүүд өөрсдөө гаргадаг юм байна. Ингэж олон улсад тоглох хүүхдүүдэд маш том урам өгдөг. 

Учир нь “Gothia Cup” тэмцээнд дэлхийн шилдэг тамирчид хүүхэд байхдаа тоглож байсныг тэд сайн мэднэ. Алдарт Алан Ширер, Андрей Пирло, Златан Ибрахимович, Шаби Алонсо, Жулио Баптиста, Зе Роберто, Эммануэль Дцебайор зэрэг дэлхийн супер одод уг тэмцээнээс гараагаа эхэлж байлаа. Тэгэхээр манай тамирчдыг ч мөн сайхан ирээдүй хүлээж байгаа нь гарцаагүй. 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн хөлбөмбөгийн холбоонд албан ёсны айлчлал хийхдээ 2050 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулна гэх мөрөөдлийн гэрээ хийж байлаа. Бас 2020 оноос эхлэн Монголын хөлбөмбөгчид дэлхийд шуугиан тарьж чадна хэмээн “Дуулиан-2020” тэмцээнийг санаачлан эхлүүлсэн. Ерөнхийлөгчийн мөрөөдөл биелэх боломжтойг “Дэрэн” багийнхан харуулав. “FC Deren Sumida” клубын эзэн нь Г.Мөнхчулуун гэж залуу бий. Тэрээр өсвөрийн шигшээгээ ахалж явсан. “Таван жил зүтгэсний үр дүн өнөөдөр гарч байна” гээд магнайгаа хагартал баярлачихсан яваа юм билээ. 

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тоон системд шилжсэн ч зурагт ажиллагаагүй болохгүй гэнэ

Энэ сарын 31-ний өдөр Монгол орон даяар аналоги системээс нэгдсэн тоон системд шилжихээр болсон. Энэ талаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын мэргэжилтэн Б.Оюунцэцэг “Шууд ирэх наймдугаар сарын 1-ээс энгийн зурагт буюу аналоги систем хүлээн авдаг зурагт ажиллагаагүй болчихгүй. Учир нь бид аналоги болон тоон системээ зэрэг ажиллуулна.Ингэснээр аналоги системийн хэрэглэгчид тоон системийн хүлээн авагчаа аажимдаа худалдан авах боломжтой гэсэн үг. Хөдөө орон нутагт Улаанбаатар хотыг бодвол газрын системийн тоног төхөөрөмж илүү их хэрэглэгдэж байна. Энэ төхөөрөмж нь нэгдсэн тоон системд шууд шилжинэ. Одоогийн байдлаар тус ажлын хүрээнд 360 гаруй газрын системийн тоног төхөөрөмжийг хөдөө орон нутгийн сум суурингуудад суурилуулж дууссан. Улсаас энэ асуудалд зориулж тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөсөн. Үүний  үндсэн дээр хөдөө орон нутаг болон хотын төхөөрөмжүүдийг тоон системийн төхөөрөмжөөр сольсон.Хэрэглэгчид хоёр төрлийн төхөөрөмж авч хэрэглэх боломжтой. Хувиргах “Сэтоб бокс” TK-1 төхөөрөмжийг ашиглан одоо ашиглаж байгаа зурагтаа үзэх боломжтой. Өөр нэг боломж нь өөр дээрээ хувиргагч DBBT-2 төхөөрөмжтэй зурагт худалдан авах боломжтой. Ард иргэдийн дунд заавал зурагтаа солих ёстой гэсэн ташаа бодол байгаа тийм асуудал байхгүй. Төхөөрөмжийн үнийг одоогоор хараахан тодорхойлоогүй” гэсэн юм. 

  С.Энэрэл 

Categories
мэдээ цаг-үе

Төр нэг иргэнд газар өгөх гэж нэжгээд олон хүний өмчид халджээ

-Шог зураач С.Цогтбаяр: Оронд нь зам, цэцэрлэг, тоглоомын талбай баривал би баяртайгаар хамт нураалцана-

Баянзүрх дүүргийн нутаг, Бөхийн өргөөний хойд талд 30 гаруй айлын гараашийг уржигдраас албадан нурааж эхэллээ. Энэ талаар шог зураач, СГЗ С.Цогтбаяр facebook, twitter хуудсандаа мэдээлж, хүмүүсээс зөвлөгөө хүссэнээр олон нийтэд ил болсон юм. Тэрбээр цахим хуудастаа “Манай гараашийн газар жил болгон эзэмшсэн төлбөрөө төлж байсан кадастр дээр тэмдэглэгдсэн газар. Цэрэг цагдаатай ирсэн хүмүүсийн тайлбараар “Улс нийслэл газраа авж байна, урьд нь анхааруулсан” гэнэ. Ажил үүргээ гүйцэтгэж яваа энэ залууст юуны буруу байхав. Газраа авах нь хууль ёсны хэрэг боловч тэнд байгаа 30 гаруй иргэний багаар бодоход 200 сая төгрөгийн өмчийг хэн хариуцаж хохирлыг барагдуулах ёстой бол. Энэ хүмүүсийн хохирлыг зах зээлийн дунджаар бодоод барагдуулж нөхөн төлбөрийг нь өгөөд нураавал угаасаа үхэлдээд байх хүмүүс алга харагдана лээ. Миний хувьд ямар нэг бизнесгүй жирийн нэг иргэний хувьд 10 сая төгрөг бага мөнгө биш. Дээр нь өвөл дөхөж байхад гараашгүй болсон нь жинхэнэ асуудал. Шинээр авахад 20-30 сая төгрөг.

Наддаа л хөөрхөн асуудал биш үү? Тэгээд энэ газар дээр нь зам, цэцэрлэг, тоглоомын талбай баривал би энд оршин суудаг хүний хувьд хоёр гараа өргөөд дэмжинэ. Гэтэл хаа байсан Сонгино хайрхан дүүргийн нэг иргэнд Үйлчилгээний зориулалттай байшин бариулахаар захирамж гарсныг нь өнөөдөр л олж мэдлээ. Энэ чинь шударга ёс уу. Хэсэг иргэдээс хувийн өмчийг трактороор дайрч нурааж аваад танилтай нэгэнд нь өгдөг. Харин ч эндхийн хүмүүс орилж хашгирч дайрсангүй тайван хараад л нураалгалаа. Ихэнх нь эзгүй хөдөө гадаа явсан гэнэ. Амь биш заяа биш хэрэлдэж хэлэлцэх юм алга, зүгээр бухимдал төрж тэрийгээ та нартай хуваалцаж зөвлөх гэсийм. Ингэхэд бид ямар нийгэмд амьдраад байна аа? “Уур минь хүрч байна” гэж бичжээ. 

Өчигдөр түүнтэй уулзахад “Зах зээлийн дунджаар эзэдтэй нь үнийг нь тохироод нураавал эсэргүүцэх хүн байхгүй. Бас оронд нь зам, цэцэрлэг, тоглоомын талбай баривал би баяртайгаар хамт нураалцана” гэсээр угтсан юм. “Би эндэхийн хүн учраас гараашийн газар дээр тоглоомын талбай засч, зам тавибал баярлаад өөрийнхөө өмчийг хамт нураалцана. Төр өөрийнхөө газрыг авахыг эсэргүүцэхгүй. Гэтэл хүн бүр шахам орон нутагт амарч байхад эзгүйчилж хувийн өмчид бүдүүлгээр халдаж байгаад дургүй хүрч байна” гэж шог зураач С.Цогтбаяр ярьсан юм.  

Оршин суугчдын яриагаар уржигдар гэнэт машин техниктэй хүмүүс, цагдаагийн хамгаалалттай ирээд гараашуудыг нурааж эхэлжээ. Ингэхдээ хаалганых нь цоожийг эвдээд дотор нь байсан эд зүйлийг баримтжуулж авсан байна. Машин унааг нь шууд журмын хашаанд хүргэчихээд гараашийг нь нураасан гэнэ. Тэнд байсан хүмүүс “Нүдэн дээр өмчийг минь сүйтгэж байгааг харахад эвгүй юм билээ” гэж ярьсан юм. “Манайх 21 жилийн өмнө энэ гараашаа барьж байлаа. 21 жил гараашийн газартаа гэрчилгээ авъя гэж Баянзүрх дүүргийн газрын албанд хандсан. Тэгэхэд “Энэ газар нийслэлийн өмч. Доогуур нь дэд бүтцийн шугам явдаг тул энэ газрыг ямар ч хүнд өгөх боломжгүй гэсэн. Гэтэл өчигдөр хүний өмчийн газар гээд бидний гараашийг нурааж эхэлсэн. Машинаа гаргаагүй бол яах байсан бол. Баахан хагархай бетон, эвдэрхий төмөр хаалгатай үлдлээ” гэсэн гараашийн эзэн залуу ярьсан юм. 

Биднийг очиход аль хэдийнэ гурван айлын гараашийг нураагаад газрыг нь цэвэрлэчихэж. Газрын албатай гэрээгээр ажиллаж байгаа гэсэн дөрвөн залуу хаалгыг нь эвдсэн гарааш дотор сууж байв. Тэр гараашийн дотор талыг дулаалж багагүй тохижилт хийжээ. Гэтэл дулаалгыг нь хуу татаж хаяад нураахад бэлэн болгочихож. Тэд “Ингэсгээд газрын албаныхан унаа техниктэйгээ ирэх байх. Тэгээд л ажлаа эхэлнэ дээ” гэж ярьсан. Үлдсэн гараашнуудын үүдэн дээр газар албадан чөлөөлөх тухай мэдэгдэл наажээ. Хоёр сарын өмнө ийм мэдэгдэл авсан иргэд орон сууцныхаа СӨХ-той ярилцаж байгаад Баянзүрх дүүргийн газрын албанд очсон байна. Тэгэхдээ чөлөөлөх газрыг нийслэл мэдэлдээ авахгүй, Сонгинохайрхан дүүргийн иргэн үйлдвэр, үйлчилгээний объект барихыг мэджээ. Ингээд 300 гаруй иргэн орон сууцныхаа дэргэд үйлдвэр үйлчилгээний барилга барихыг эсэргүүцэж байгаа утга бүхий бичигт гарын үсэг зурж өгчээ. Мөн өнгөрсөн хугацаанд гараашийн газар ашигласны төлбөрөө цаг тухайд нь төлж байсан баримтаа хувилж өгсөн гэнэ. Ингээд байж байтал гэнэт нурааж сүйтгэх ажил эхэлсэн нь энэ. 

Газар чөлөөлөх мэдэгдэл барьсан төрийн албан хаагчид оршин суугчдад шүүхээр заргалдахыг зөвлөжээ. Гарааш, ТҮЦ-ийн газрыг түр ашиглах дүрэм, журамтай учраас ямар нэгэн гэрчилгээ байдаггүй. Харин газар ашигласны төлбөрөө иргэд тухай бүрт нь төлөх үүрэгтэй. Тиймээс төр газраа авна гэхэд эсэргүүцэх хүн байхгүйг тэд хэлж байсан. Харин газар дээр байгаа хувь хүний өмч хөрөнгийг хуулиар түрий барьж сүйтгэж байгаад бухимдалтай байгаагаа хэлсэн. Төр хуулиар түрүү барьж нэг хүнд газар өгөхийн тулд нэжгээд олон хүний өмчийг сүйтгэж байгаа нь шударга ёс мөн үү гэдэгт иргэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Өчигдөр шог зураач С.Цогтбаярын цахим хуудсаар энэ мэдээлэл түгэхэд олон хүн үзэл бодлоо илэрхийлж байсан юм. Тэдний дунд газар чөлөөлөх нэрийдлээр гараашаа, ТҮЦ-ээ буулгуулсан хүн олон байлаа. Тэд бүгд энэ үзэгдлийг хуулиар далайлгасан төрийн дээрэм гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Зарим тохиолдолд гараашийн газар дээр давхар зогсоол барьж эздэд нь давуу эрхтэйгээр гарааш өгөх зарчмаар тохиролцож байгааг ч онцолж байсан юм. Хэрвээ хүмүүсийн гарааш байсан газрыг өөр нэгэнд өмчлүүлж, эзэмшүүлж байгаа бол ийм тохироо хийх боломжийг төр олгох ёстойг иргэд хэлж байлаа.

Н.Батсүх: Сонгинохайрхан дүүргийн иргэнд олгогдоод удаж байгаа газар

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Бөхийн өргөөний хойно 30 гаруй айлын гараашийг нурааж эхэлжээ. Ямар үндэслэлээр газар чөлөөлж байгаа юм бэ? 

-Төрийн албаны аливаа үйл ажиллагаа нь хууль, журмын дагуу явагддаг бөгөөд ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр тэр тусмаа  иргэнийхээ өмч, хөрөнгөд шууд явж очоод халддаг гэсэн ойлголт хаана ч байдаггүй. Улаанбаатар хотод байгаа эмх замбараагүй зохион байгуулалтгүй, орчны эрүүл ахуй болон хүн амын эрүүл мэндэд нөлөөлөхүйц бохирдолтой, төлөвлөлтгүй автогражуудыг эмхэлж цэгцэлж, нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх нь хуулиар хүлээсэн төрийн өөрийнх нь үүрэг юм. ТҮЦ, Павильон, гарааш, контейнер, өргөтгөл нь түр байгууламж. Уг байгууламжийн эзэн нь төрийн буюу нийтийн эзэмшлийн зам талбай газрыг ашигласны төлбөрт тухайн  нутаг дэвсгэрийн Өмч, газрын харилцааны албатай Газрын төлбөр тогтоох тухай актаар газрыг түр хугацаагаар эзэмшиж хугацаагаа сунгуулаад явдаг бөгөөд шаардлагатай үед нөхөн олговоргүйгээр газар чөлөөлж өгөх үүрэгтэй байдаг. Тухайн гараашийг түр эзэмшигчид газар эзэмших, ашиглах эрх олгосон захирамж гардаггүй. 

-Газар чөлөөлөх нэрийд­лээр хувийн өмчид ингэж халдаж болдог юм уу?

-Төрийн алба хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан тохиолдолд зохих шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргах нь иргэн, хуулийн этгээдэд бүх талаар нээлттэй байгаа. Нэгэнт албадан чөлөөлөхөд өртөгдсөн объектийн эздийн хувьд тухайн объектийнхоо эдийн засгийн өртөгт асуудлыг ту­хайн шатны шүүхэд болон төрийн холбогдох байгууллагад хандах эрх нь хуулиар нээлттэй. 

-Танай албаныхны чөлөөлсөн газрыг хувь хүн авсан гэдэг үнэн үү?

-Сонгинохайрхан дүүргийн иргэнийх гэдэг нь үнэн. Энэ шийдвэр гараад олон жил болж байгаа юм билээ. Лав 2012 оноос өмнө байх. 

-Ямар зориулалтаар ашиглах юм бол?

-Үйлдвэр, үйлчилгээний байгууламж барих зориулал­таар газар авсан байна лээ. 

-Гараашийн эзэд чө­лөөл­сөн газар дээр тоглоомын талбай, зам баривал эсэргүүцэх зүйлгүй. Нэг хүнд газар өгөхийн тулд нэлээд олон хүний хувийн өмчид халдаж байгааг ойл­гохгүй байгаагаа илэрхийлж байсан.

-Олон жилийн өмнө дээрх шийдвэр гарсан гэж хэлсэн шүү дээ. 

-Ядаж гараашаа эвдүүл­сэн иргэдэд нөхөн олговор олгох талаар газрын эзэнтэй холбож, тохиролцоо хийхэд нь туслах боломж байгаагүй юм уу?

-Тэр хүмүүсийн тухайд газар эзэмших ямар нэгэн гэрчилгээ, баримт бичиг авдаггүй гэж дээр тайлбарласан шүү дээ. Гэхдээ шүүхэд хандах эрх хүн бүрт бий гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Холын холд алдар нь түгсэн Хоргын 10-ын “А”-гийнхан


Архангайн аймгийн тэшүүрийн баг улсын аваргад оролцохоор Улаанбаатарт бэлтгэлээ базааж байх үеийн зураг. 1969 он. Арын эгнээнд баруун гар талаас хоёр дахь нь Б.Энхтүвшин гурав дахь нь Алтангэрэл, өвөр эгнээнд баруун гар талаас Я.Сумъяа.


Монгол Улсын Шадар сайд Ч.Пүрэвдоржийн нэрэмжит Архангай аймгийн Тариат сумын Бүрэн дунд сургуулийнхан Хорго нутагтаа саяхан сургуулийнхаа 90 жилийн ойг ёслол, хүндэтгэл дүүрэн тэмдэглэлээ. Улс орныхоо салбар бүрийн торгон жолоог атгалцаж, томоохон ажлын голыг нугалалцдаг чанартай, шийртэй шавь нар төрүүлдгээрээ Хоргын 10 жилийн бүрэн дунд сургууль хол ойрт зартай. Тэр дундаа Даринчулуун, Д.Доржоо багштай нэг ангийнхан, Б.Доржготов пионерийн ахлах удирдагчтай бүлгэмийнхэн, Жимээхүү багштай түүх судлаачид, Мавган, Адьяасүрэн  багштай орос хэл, Пэрэнлиймаа, Мижиддорж багштай “Залуу байгальч”  дугуйлан, Дашдорж багштай “Хоргын цуурай” урлагийнхан, Далантай багштай аймаг улсад нэрээ гаргасан  тэшүүрийн шигшээ багийнхан гээд дурсан санах хамт олон нэгээр тогтохгүй.  

Тэдэн дундаас Тариат сумын арван жилийг Доржоо багшийн удирдлаган дор 1973 онд төгссөн 10-ын “А” ангийнхныг онцолж байна. Учир нь тус ангийнхан конкурсээр аймагтаа тэргүүн байр эзэлж, хэд хэдэн сурагч алтан медальтай төгссөн сайчуудын “цуглуулга”. Тэд дан ганц сурлагандаа гаргуун байгаад зогсохгүй урлаг спортоороо ч манлайлагчид нь байж. 

Эдний ангийнхан өөрсдөд нь төдийгүй Тариат сумын сурагчдад зөв сайхны үлгэр дуурайлал болсон пионерийн удирдагч багш Дорготовоороо бахархдаг юм билээ. Өөрсдийнхөө талаар ярихаас илүү багш нараа ам булаалдан сайшаана. Сайн сайхан амьдарч яваагаа багш нарынхаа зүтгэлтэй холбоотой гэцгээнэ. “Пионерийн идэвхтэн, бүлгэмийн зөвлөлийн дарга гээд бүрээ бөмбөрийн дунд гүйж явсан минь илүү тодхон. Сурагч бид  ихэнх цагаа пионерийн танхим, шугам жагсаалын талбай дээр Доржготов багшийнхаа дэргэд өнгөрүүлдэгсэн.  Багш минь сургуулийнхаа түлшинд явж  байгаад модонд цохиулж ид 25 насандаа нэг хөлнөөсөө хагацсан. Гэвч хэзээ ч хэнд ч ялархахгүй,  “Хөл муутай хүн” гэх өчүүхэн төдий ч бодол төрүүлэлгүй  бага ангийн багш, Пионерийн ахлах удирдагч, монгол хэлний багш, албан бус боловсрол хариуцсан багш… гээд  хөдөөгийн сургуулийн хамгийн ярвигтай, хүнд хүчирт түүртэлгүй зүтгээд гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа домог мэт намтартай эгэлгүй хүн.

Хажуугаар нь нам, эвлэл, сум орон нутгийн хэчнээн ч олон хариуцлагатай ажил албаны ард нь гараа бол. Сурагч бидний хэрхэн сурч хөдөлмөрлөхийн жинхэнэ амьд үлгэрлэл байсан даа. Сэтгэл байвал алхах хөл  бүү хэл  нисэх жигүүр байдгийн биет үлгэр, амьд гэрч, Хоргын 10 жилийн алтан үеийнхний нэг Б.Доржготов багшаараа бахархаад баршгүй” хэмээн хуучилна. 1963 онд Тариат сумын нэгдүгээр ангид элсэн ороход нь “А” зааж, ацаг татуулж гарыг нь зүгшрүүлсэн багш нь Намдалсүрэн аж. Намдалсүрэн багшийн нөхөр Сономдэндэв Хоргын 10 жилийн дунд сургуулийг олон жил удирдсан захирал байж. Хоёулаа боловсролын байгууллагад ажилладаг  байж. 

Эдний ангийнхан өдгөө бүгд л эрхэлсэн ажлаа гаргуун хийцгээж, амжилт бүтээл дүүрэн явна. Сумынхаа засаг захиргааг удирдах амаргүй албанд сүүлийн 20 гаруй жил зүтгэсэн, өдгөө Тариат сумын Иргэдийн хурлын дарга Г.Бямбадагва, Ц.Намсрайн нэрэмжит шагналт сэтгүүлч Я.Сумъяа, Төв, Хөвсгөл, Булган аймгийн цагдаагийн газрыг удирдаж явсан хурандаа Ж.Нарангэрэл, Ардын боловсролын тэргүүний ажилтан Наташ, Аюулаас хамгаалахын эмнэлэгт олон жил амжилттай ажилласан Я.Оюунбилэг гээд бахархах сайчууд олонтой аж. 

“Хоргын цуурай”. Тэд сургуулийн концертоо ийн нэрлэнэ. Монгол хэлний  Ванданбат, биеийн тамирын Лхүмбэ, дуу хөгжмийн Дашдорж гээд заадаг хичээлээрээ овоглуулсан авьяаслаг олон багштай. Тэд дуу хөгжмийн багш Дашдоржоороо дугуйланд гитар, мандолин, баян хуур заалгаж, басхүү концертонд хүртэл бэлдүүлнэ. Энэ дугуйланд Доржоо багштай 10-ын “А”-гийнхан идэвхтэй явна. Тэгээд ч гол цөмийг нь тэд бүрдүүлж байсан гэдэг.  Нэргүй, Сүрэнжав, Аюушрагчаа гээд гуулин хөгжмийн “оркестрт”-той. Тэд сум дотроо Дээд төв, Мөрөн бригад, аймгийн төв, Завханы Их-Уул, Тосонцэнгэлд мөн ч олон удаа сургуулийнхаа ЗИЛ-130 машиныг хөлөглөн очиж байж. Нэг удаа Тосонцэнгэлээс гараад  Дээд төв дээр  шөнө дунд иртэл  тосож авах хүнгүй айлууд цөм унтсан байсанд багш нар гуулин хөгжмөө тоглуулсан гэдэг. Тэгтэл айлуудын гэрэл нэг хоёроороо асан “Хөгжим дуугараад юу вэ” гэсээр хүмүүс хүрч ирж хоол, байртай залгаж байжээ. Бас тоглолтын үеэр нэгнийх нь шагшуур барьдаг үзүүлбэр дээр нэг шагшуур нь ишнээсээ мултарч унаад бөөн инээдэм болсон гэдэг. Харин шагшуураа алдсан Наташ нүүрээ дараад хөшигний араар орсныг их л хөгжилдөн ярьцгаана.  

Тухайн үед Гэгээрлийн яамны дарга нар тэдний бэлтгэсэн “Хоргын цуурай” концертыг үзээд “Танайд яах аргагүй хоолойгоороо хоолоо олж идэх нэг хүүхэд  байна” хэмээн өндрөөр үнэлсэн гэдэг. УИХ-ын гишүүн Б.Гончигдорж гоцлон дуулаачаар орж байсныг хэлсэн хэрэг.  

Одоо ч 1960-1970 оны үеийн Хоргын арван жилийнхнийг “Алтан үеийнхэн” гэж тодотгодог нь учиртай. Чухам энэ л үед Суман голын мөсөн дээрээс Б.Цээсүрэн, Б.Энхтүвшин, Алтангэрэл гээд мөн ч олон сайн тэшүүрчин төрсөн. 1969 оны улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс охидын 1500 м-ийн зайд мөнгөн медаль хүртсэн Я.Сумъяа чухамдаа 1973 оны 10-ын “А”-гийн сурагч. Нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн нь Архангайнхны хувьд анхны тохиолдол нь байсан аж. Мөн тухайн үед ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин 500, 1000 м-ийн ойрын зайд хэдэн жил дараалан аймагтаа аваргалсан удаатай.

“Нутгархаад сүйд болохгүй ч хүнийг их бага гэж ялгахгүй   хүндэтгэл дүүрэн ханддаг тахимдуу зөөлөн зангаараа Хоргынхон ялгардаг. Наад зах нь академич Б.Чадраа гуай л гэхэд хаана ч явсан хүү минь, дүү минь гэх,  хүний  жаахан амжилтыг ч бол магтан өөрийнх юм шиг баярлах нь хэнд ч үлгэр дуурайлтай” хэмээн тэд дурсав.   

М.УУГАН-ЭРДЭНЭ

Я.СУМЪЯА