Categories
мэдээ нийгэм

Монгол аялагч гадаадад дунджаар 1620 доллар үрдэг

Mанай улсын иргэд гадагшаа аялалд явахдаа дунджаар 1620 орчим доллар зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. Энэ мөнгөний  30 орчим хувийг дэлгүүрийн худалдаанд бэлэн мөнгөөр төлдөг байна.  “Гадаадад аялж буй монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-ны хүрээнд ийм тооцоо гарсан ажээ. Аялагчид нас, хүйсийн хувьд ялгаагүй ч 30-49 хүртэлх насныхан илүүтэй аялалд гардаг гэж судалгаа хийгчид онцолсон байна. Аялагчдын олонх  нь Хятад, Солонгос, Япон, Энэтхэг, Тайланд, Сингапур, Катарыг зорьжээ. 

Categories
мэдээ нийгэм

Харшлыг дур мэдэн эмчилж болохгүй гэж эмч нар зөвлөв

Ургамлын харшилтай хүмүүс нэмэгдсэн гэх мэдээллийг эмч нар хэлж буй. Модлог ургамлын харшилтай хүмүүс дөрөвдүгээр сарын дунд үеэс зургадугаар сарын эх хүртэл, үет ургамлын харшил зургадугаар сарын нэгнээс долоодугаар сарын дунд үе хүртэл хөдөлдөг байна. Харин шарилж, лууль гэх мэт хог ургамлын харшил долоодугаар сарын дунд үеэс эхэлдэг аж. Ямар ургамлаас харшаад байгаагаа тодорхойлохын тулд хамгийн түрүүнд сорилын шинжилгээнд хамрагдах хэрэгтэйг эмч зөвлөж байна. Энэ шинжилгээг хйихдээ арьсан дор хатгаж сорил тавьж үздэг аж. Гэхдээ тодорхой заалттай, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, хүүхдэд тэр бүр сорил тавьдаггүй байна.  Сорилын шинжилгээний дараа эмчийн заавраар эмчилгээгээ хийлгэх учиртай гэнэ. Эмийн сангаас дураараа эм, дусаалга авч хэрэглэх нь эмийн гаж нөлөөнөөс эхлээд сөрөг үр дагавартай аж. Хүүхдүүдээ харшлаас хамгаалахын тулд  харшил төрүүлдэг хоол хүнс болох гаазтай ундаа, шар өнгийн ундаа, жимс,  халуун ногоо, амтлагчтай хоолыг хэрэглүүлэхгүй  байх ёстой гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

Тавь, жаран онд барьсан орон сууцнуудад шалгалт хийнэ

Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э.Бат-Үүлийн А/632 дугаар захирамжаар 1950, 1960 онд барьсан орон
сууцны барилга байгууламжийн чанар аюулгүй байдлыг шалгах, эрсдлийг тооцох
 үзлэг шалгалтыг 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын
20-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар боллоо.  Шалгалтыг Улаанбаатар
хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн
Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар Цахилгаан
түгээх сүлжээ ХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын холбогдох албан
тушаалтан нар тус тусын үүрэг чиглэлийн хүрээнд хамтран явуулах юм байна.

Тухайлбал,
нийслэлийн Онцгой байдлын газар орон сууцны барилга байгууламжийн 1 дүгээр
давхар болон барилгын зоорийн давхарт өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулж буй
байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилгын ажлын зургийг мэргэжлийн
байгууллагуудаар хянуулж, зөвшилцсөн байдал, объектын цахилгаан шугам сүлжээний
монтаж, цахилгаан тоног төхөөрөмжийн төлөвлөлт нь стандартын шаардлагын дагуу
хийсэн байдал, орон сууцны барилгын гал тэсвэршилтийн зэрэглэл норм дүрмийн
шаардлагад нийцэж байгаа эсэх зэргийг шалгах бол нийслэлийн Ерөнхий
төлөвлөгөөний газар нь орон сууцны барилга байгууламжийг паспортжуулах,
тэдгээрийн чанар, насжилтыг тодорхойлох, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт
хянан баталгаажуулалт хийх, эрсдэлтэй объектуудын зориулалтыг өөрчлөх, хүчитгэх
эсхүл буулгах дүгнэлт гаргах зэрэг  ажлыг зохион байгуулах юм байна.
 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь олон жилийн өмнө баригдаж,
ашиглагдаж байгаа барилга байгууламж, тэдгээрийн хийц бүтээц, инженерийн шугам
сүлжээний ашиглалтын хэвийн байдлыг шалгаж дүгнэлт гаргах юм байна. Шалгалтын
эцсийн дүнг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн цаашид авах
арга хэмжээний санал боловсруулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Худалдаа хөгжлийн банк Токиод төлөөлөгчийн газраа нээлээ

Монгол улсыг дэлхийтэй холбох санхүүгийн гүүр Худалдаа, хөгжлийн банк нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, олон улс дах анхны төлөөлөгчийн газрын нээлтээ Япон улсын нийслэл Токио хотноо 7-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг нээлтийн үйл ажиллагаа нь  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улс дах албан ёсны айлчлалын үеэр зохион байгуулагдсан ба Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Хүрэлбаатар, ХХБ-ны Ерөнхийлөгч Рандольф Коппа, ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, ХХБ-ны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Орхон, Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагийн дарга асан Хатанака Рютаро, “Bank of Tokyo Mitsubishi UFJ” Гүйцэтгэх захирал Ёшикава Эижи, бусад улс төрийн болон бизнесийн хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. ХХБ-ны төлөөлөгчийн газар нь Япон улстай тогтоосон бизнесийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг болох Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүжилт босгох, хөрөнгө оруулагчдыг эдийн засаг, зах зээлийн шаардлагатай мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой юм. Уг төлөөлөгчийн газраараа дамжуулан ХХБ нь Япон дах хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг Монгол улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай холбох санхүүгийн гарц нь болж өгөх юм. 

Төлөөлөгчийн газрын нээлтийн үйл ажиллагаанд зориулж ХХБ, Монгол улсын ЗГХЭГ болон Япон улс дах Монголын ЭСЯ-тай хамтран “Монголын үдэш” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан ба Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Японы парламентын зөвлөхүүдийн танхим дах Монгол, Японы найрамдлын бүлгийн дарга Эда Сацүки, Японы ЗГХЭГ-ын дэд сайд Нишимура Ясутотши болон бусад хүндтэй зочид уригдан ирж, монголын үндэсний гайхамшигт дуу хуурыг сонсон, үндэсний зоог барьж, монгол зан заншилтай танилцан нэгэн сайхан үдшийг өнгөрүүллээ. Мөн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол, Япон 2 улсын цаашдын хамтын ажиллагаа нь үргэлж эв найрамдалтай байхыг бэлэгдэн Японы уламжлалт “Кагами Бираки” буюу японы саке архины торх хагалах хүндэтгэлийн ёслолыг үйлдсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банк 200 сая долларын зээл авна

Монгол  Улсын Засгийн газар баталгаа гаргаж Хөгжлийн банк  200 сая ам.долларын хөрөнгө босгохоор шийдвэрлэсэн гэнэ. Арилжааны дансны бүртгэл хөтлөгчөөр “Credit Suisse” банк ажиллах аж. Арилжааг гурав хувааж хийхээр төлөвлөжээ. Ам.долларын libor (Лондоны банк хоорондын захын суурь хүү) дээр 425-450 суурь нэгж нэмж тооцох гурав, тав, долоон жилийн хугацаатай үнэт цаас гаргах ажээ. Зээлдүүлэгчид баталгаажсан үнэт цааснаас хэсэгчлэн авч болох юм байна.  50 сая ам.доллар болон түүнээс дээш хөрөнгө оруулсан зээлдүүлэгч гурван жилийн хугацаатай үнэт цааснаас 125, таван жилийнхээс 150, долоон жилийнхээс 175 суурь нэгжийн өгөөж авах аж.

Categories
мэдээ нийгэм

Багшаар ажиллах эрх олгох шалгалтыг ирэх сард авна

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй, багш мэргэжлээр их, дээд сургууль төгсөгчдөд эхний нэг жил багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах ажил явагдаж байна.  Шалгалтад шинээр ажилд орох хүсэлтэй багш мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчид хамрагдах боломжтой аж. Багшаар ажиллах эрхийн шалгалтад орох хүсэлтэй иргэдийг энэ сарын 20 – ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн www.itpd.mn цахим хуудсаар бүртгэх юм байна. Шалгалт онлайн хэлбэрээр наймдугаар сарын 10-ны өдөр орон даяар болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.itpd.mn цахим хуудсаар болон 70140056, 97000730, 97008088 дугаарын утсаар лавлаж болох гэнэ. 

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол-Хятадын бизнес форум болно

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Ляонин мужийн хамтарсан бизнес форум энэ сарын 31-нд болох гэж байна. 

Энэхүү хуралдааны хүрээнд хоёр орны хоорондох худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын захирагчийн алба, Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яам, Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран форумыг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна. 

БНХАУ-ын Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Юүэ фү хун, Бүх Хятадын Төрийн зөвлөлийн эдийн засгийн хорооны дарга Ван Вэй жун тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцох юм. 

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлаас сэргийлэх хяналтын цэг ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Хүн, малын гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/634 дүгээр захирамж гаргалаа.

 Захирамжаар нийслэлд байгалийн голомтот болон мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор долоодугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсэг болон 24 цагаар хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулах бүрэлдэхүүнийг баталлаа.  

 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Замын цагдаагийн газрын хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн Сонгинхайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн “Цайз трейд” түүхий эдийн захууд, Баянзүрх, 22, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх-Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад 24 цагаар гурван ээлжээр ажиллах юм.  Мөн хяналтын хөдөлгөөнт эргүүлийг Чингис хаан нисэх онгоцны төв буудалд Иргэний нисэхийн ерөнхий газрын Хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба, Төмөр замын төв буудалд Төмөр замын Мэргэжлийн хяналтын алба, Долоон буудал, Гачууртын нутаг дэвсгэрт дүүргийн цагдаагийн суурин пост хариуцан гүйцэтгэнэ.

Энэ хугацаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар Авто техникийн шалган бүртгэх товчоогоор нийслэлд орж ирэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, тарваганы арьс түүхий эд илэрсэн тохиолдолд хураан авч Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ хийлгэхээр хүлээлгэн өгч, машин тээврийн хэрэгслийг зохих зааврын дагуу халдваргүйтгэл хийсний дараа очих хаягийг тодруулан бүртгэж оруулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврээр үйлчлүүлэх “сарын тасалбар” гаргана

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн давхцал, авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний замналын сүлжээг шинэчлэн сүлжээ-үйлчилгээний зарчимд оруулахаар нийслэлээс төлөвлөж байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөх тогтолцоог боловсронгуй болгож цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэл ажил эхэлжээ. 

Өнөөдрийн байдлаар Энхтайвны өргөн чөлөө, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх авто замаар 26 чиглэлийн 350 их багтаамжийн автобус үйлчилж байгаа бөгөөд нийтийн тээврийн хэрэгслүүд цагийн хуваарийн дагуу явдаггүй, орлогын төлөө тэмцэлддэг гэх шүүмжлэл иргэдийн дунд байсаар байгааг Нийслэлийн тээврийн газраас мэдээлж байна.  

Тиймээс Улаанбаатар хотын төв гудамж замаар давхцан явж байгаа их багтаамжийн автобусны чиглэлийн тоог бууруулах, хотын төвөөр явах чиглэлүүдийг хотын захын болон хот орчмын суурьшлын цэгүүдтэй богино эргэлтээр холбож, замын нөхцөл, оршин суугчдын нягтрал, зорчигч урсгалтай уялдуулан дунд, их багтаамжийн автобусны аль нэг төрлийг сонгон явуулахаар төлөвлөлт хийжээ. Мөн цахим төлбөрийн системийн  эхлэл болгож “Сарын зорчих тасалбар” гаргах юм байна. Сарын зорчих тасалбарын үнийг том хүн 30 000 төгрөг, хүүхэд 10 000 төгрөг байхаар  урьдчилан тооцоолж байна.  Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг төвлөрүүлж, орлогын  төлөөх өрсөлдөөн буурах төдийгүй, нийтийн тээвэр яг цагтаа үйлчилгээндээ гардаг болно гэж үзэж байгаа юм.  

Цаашид нийтийн тээврийн зорчигч бодлого, сүлжээ төлөвлөлт, үйлчилгээний зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, үнэ тариф, санхүүгийн асуудал зэргийг хамтран хэлэлцэн шийдвэрлэх үүрэг бүхий Нийтийн зорчигч тээврийн зөвлөлийг байгуулахаар төлөвлөж байна  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Боом өвчний 60 гаруй тохиолдол бүртгэгджээ

Энэ оны эхний хагас жилд Хөвсгөл аймгийн Мөрөн, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом, Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Булган аймгийн Хишиг-Өндөр зэрэг найман аймгийн найман суманд боомын 60 гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоос гурав дахин их үзүүлэлт аж. Цаашид боом өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ.