Дэлхийн уламжлалт
харвааны аваргаар шалгарсан анхны Монголын Уламжлалт харвааны харваач, уулын
шүхрийн мэргэжлийн тамирчин, багш зааварлагч, Хэт хөнгөн онгоц болон автожирын
нисгэгч А.Александртай ярилцлаа. Тэрээр Төв аймгийн Эрдэнэ сумын Баян давааны ард орших
“Цонжин болдог” хэмээх түүхэн газарт МУ-ын Гавьяат нисгэгч Т.Сугарын нэрэмжит
Хөнгөн онгоцны хөгжлийн “Нислэг төв”-ийг үүсгэн байгуулжээ. Ингээд түүнтэй
ярилцсанаа хүргэе.
-Таныг найзууд
чинь нисч болох бүхнээр л нисдэг гэж ярьдаг юм билээ. Уулын шүхрээр (парагладер)
гадаадад хэд хэдэн тэмцээнд орсон гэл үү?
-Далавчтай, далавчгүй,
дээрээ сэнстэй сэнсгүй гээд маш олон төрлийн онгоцны бараг бүх төрлөөр нисч үзсэн.
Уулын шүхрээр 1996 онд Франц руу явж тэмцээнд орж байсан юм. Бас Болгар явж байлаа. Миний хамгийн дээд амжилт бол 12 дугаар байр.
Олон улсын чанартай тэмцээн байсан юм. Ер нь нисдэг бүх хэрэгслэлийн хамгийн чухал үзүүлэлт бол хурд. Хурдтай байж
л агаарт тогтоно. Шувуу хурдтай байж л
агаарт тогтдогтой адил. Уулын шүхрийн өөрийнх нь хурд цагт 35-45 км байдаг. Тэр хурдыг л барьж явахад асуудал
байхгүй.
-Хэр их бэртэж
байв?
-Газрын хатууг ёстой
нэг үзнэ шүү дээ. Дельтаплан гэдэг гурвалжин далавчтай, хэвтэж нисдэг төхөөрөмж
байдаг юм. Нэг удаа нисч байгаад Хуушийн амны дээр маш хүчтэй агаарын хуйлралтанд
орж огцом эргэн шидэгдэж нэг мэдхэд би өөрөө далавчны дээр байрлалтай унаж байсан
юм. Азаар миний дэргэд миний шавь нар байсан учир намайг тэр дор нь Гэмтлийн эмнэлэгт
аваачсан.
-Тэр үед дахиж
нисэхгүй дээ гэж бодож байсан уу?
-Хүн уначихаад айдаг
даа, зүрх үхдэг. Харин би тэгээгүй. Юунаас
болоод уначихав, дараа нисэхдээ энийг анзаарах ёстой юм байна шүү гэж бодож байсан
/инээв/. Ер нь би хүссэн зүйлийнхээ ард гарч
байж санаа амардаг шиг байгаа юм.
-Таныг дэлхийн
уламжлалт харвааны анхны монгол харваач гэж сонссон?
-Тийм ээ. Анх надад
миний найз орос бизнесмэн хүн нум сум бэлэглэж “тэнгэрлэг дайчин хүн нумгүйгээр
байж болохгүй” гэж хэлж байсан юм. 2006 оны үед санагдаж байна. Гэнэт нөгөө нумаа
татмаар санагдаад гадаа гарч хэд хэд сум
тавилаа. Тэгсэн хажууханд байсан хэсэг хүмүүс инээлдээд явчихсан. Улсын сурын
шигшээ багийнхан бэлтгэлд гарчихсан байж таарсан хэрэг л дээ. Тэгээд сурын талбай дээр очиж бэлтгэл хийж эхэлсэн хэрэг. 2008 оны наадмаар
дээгүүр орох боломж байсан ч аз дутаад ганц хуруудчихсан. Тэр наадамд орж чадаагүй. Гэхдээ тэр жилийн наадмаас
өмнөх бараг бүх харваанд дээгүүр орж байлаа.
-Таны өмсгөл, нум
сум бусдаас арай өөр юм аа?
-Би харваж эхлэнгүүтээ
нум сум анх хаана үүссэн, ямар хэлбэртэй байсан гээд нэлээд нарийн судалсан юм. Тэгээд, 12-13 дугаар зууны манай эртний дайчдын
хэрэглэж байсан нум ямар сайн байж, тэр үедээ гайхамшгийг бүтээсэн болохыг мэдсэн.
Тэр үеийн нумаар 200 сум тавьсан ч яах ч
үгүй, хүйтэн халуунд хувиралт бага байв. Гэтэл одоогийн нум сум бол юун 200 сум
харвах. Дөрвөн сум тавиад л амраахгүй л бол дараагийн сум бол дутаж бууна шүү дээ.
Харамсалтай нь үүнийг манай нум үйлдвэрлэдэг дархад мэддэг хэрнээ яаж ч чаддаггүй
юм. Тиймээс би Тайванийн нум хийдэг маш сайн
дарханаар дээр үеийн нум хийлгэж 331м хол зайнд харваж рекорд тогтоож байсан.
Одоогийн нумнаас огт өөр л дөө. Тэр л нумаараа 2011 онд Солонгосын Пусанд болсон
тэмцээнд тэргүүн байранд орсон. Тэр тэмцээнд 32 орны 370 гаруй тамирчид оролцсон
юм. Дэлхийн бүх орон өөрийн өвөрмөц харваатай. Хоорондоо харвах зай, бай нь хүртэл
ондоо. Энэ тэмцээнд нэг л дүрэм байдаг. Олимпийн нум, сум хэрэглэхгүй. Уламжлагдан
ирсэн эвэр элэгтэй нумаар сум уралдуулан
харвана. Орон орны зай хүртэл өөр. Канад, Америкаас эхлээд сонин нумтай хүмүүс
ирнэ. Солонгосууд чавх шиг, африкийнхан нарийхан гээд их сонин. Унгарын бай
гэхэд л хөдөлдөг гахай байх жишээтэй. Одоо харин нэг их харвах зав ч гарахаа больсон.
-Та багаасаа л
нисэх хүсэлтэй байсан уу. Аав, ээжийн нөлөө байв уу?
-Би Ховдын Буянтын
хүн. Аав маань Фрунзын дээд командлалын академи төгсөж ирээд насаараа цэргийн алба
хашиж тэтгэвэрт гараад буцсан. Харин ээж мань хойд зүгийн хүн, сэрүүн байгаа. Нисэх
бол миний хар багын мөрөөдөл. Би Зөвлөлтийн 14 дүгээр сургууль, Төмөр замын коллеж
дүүргээд 1993 онд Москвагийн иргэний агаарын
тээврийн их сургуульд сурж байсан. Тэгээд эх орондоо ирээд МИАТ-т нэг жил, ЦЕГ-ын тусгай тасагт таван жил ажилласан. Энэ
хугацаанд женерал авиацыг Монголд хөгжүүлье гэсэн бодол толгойноос огт гараагүй.
Тэгээд л гавьяат нисгэгч агсан Т.Сугар багшдаа
шавь орж тэнгэрээр чөлөөтэй нисэж эхэлсэн дээ.
-Цагдаагийн ерөнхий
газарт байхдаа аль ангид нь алба хааж байсан юм бэ?
-Цагдаагийн ерөнхий
газрын 3-р Тусгай тасагт. Хаана ноцтой гэмт хэрэг гарна. Тийшээ явна. 1994 онд
Авдрантаас гурван хоригдол оргож байсан даа. Оргохдоо гурав, дөрвөн хүний амийг
хороогоод, хүн барьцаалж зугтсан айхтар хэрэг. Тэр хоригдлуудын араас манай бүлэг явж байлаа.
-Хэдүүлээ явсан
бэ. Тэр үед яг юу болсон юм бэ?
-Тухайн үед манай
отолтын бүлэгт тав зургаан хүн байдаг байсан. Мөрөөр нь хөөнө. Түгшүүр аваад Төв
аймгийн Жаргалант сум руу явлаа. Хоригдлууд барьцаалсан машинаа ууланд хаячихаад
уулын хяр бариад явсан байсан. Хөөж байгаад мөрийг нь алдчихдаг байгаа. Бугын хэвтэр
орчихсон байсан юм. Гэтэл “Мөр таарлаа” гэсэн
мэдээ гэнэт ирсэн. Мэдээ аваад л модны зах
руу ортол оргосон хоригдлууд өөдөөс гал нээж бага зэргийн буудалцаан болж тэд
баригдсан юм.
-Бусад аялал жуулчлалын
баазаас танайх их содон юм. Агаарын аяллыг манайхан хэр сонирхож байна?
-Женерал авиацын төлөөлөл
болсон хэт хөнгөн онгоцоор иргэдэд агаарын аяллын үйлчилгээ үзүүлээд бараг хоёр
жил болж байна. Нислэгийн баазтай болох санаа надад аль эртнээс төрсөн. Өөрийнхөө
мэдэрч ирсэн тийм сайхан мэдрэмжийг бусдад хүргэхсэн гэж их хүсдэг байлаа. Хаана,
ямар баазтай болох талаар багагүй судалгаа хийж, тохиромжтой газар нэлээд хайсан. Тэгээд 2010 онд “Цонжин болдог”-ийн
зүүн талд газар авахаар хөөцөлдтөл бүгд аль хэдийнэ эзэнтэй болсон байсан. Яг одоо
манай байгаа энэ жалга дагуу хэсэгхэн газар л эзэнгүй байдаг байгаа. Энэ газрын
хаана нь нислэгийн зурвас байх гээд зураг төслөө гаргаад Эрдэнэ сумын Засаг дарга
Жамбалдоржоос зөвшөөрөл авч уг төвөө нээсэн. Хүмүүс сүүлийн үед агаарын аяллыг нэлээд сонирхож байгаа шүү. Ганц манайхан ч биш гадныхан
ч их ирж байна. Ер нь хүмүүс амралтын өдрүүдэд гэр бүлээрээ ирж амрах дуртай.
-Яагаад “Х-ТЕАМ”
гэж нэрлэсэн юм бэ?
-“ТЕАМ” баг гэсэн
утгатай. Харин “Х” гэдэг экстрим буюу эрсдэл. Аливаа үйлдлийг аюултай гэдгийг мэдсээр
байж тэр аюулыг сөрөн давж ялалт байгуулахыг хэлнэ. Манай бааз руу эргэхэд “Хөх
тэнгэрт хүслээрээ” гэсэн хаяг байгааг харсан биз дээ. Тэр үгийн ид шидийг нисч байж
л мэднэ дээ.
-Тэгвэл хүмүүс агаарт гараад хамгийн
түрүүнд юу мэдэрдэг бол?
-Хүмүүс маш бага өндөр,
хурдтай нисч агаараас сайхан зүйлийг мэдэрдэг. Манай онгоц чинь задгай. Задгай
учраас биеэрээ агаартай харьцаж яг л шувуу шиг нисч байгаа мэт мэдрэмж төрдөг.
Битүү том онгоцонд суугаад нисч байгааг нь цонхоор харахаас биш биеэрээ салхи
мэдэрч чадахгүй шүү дээ.
-Одоогоор танайх
хэдэн төрлийн онгоцоор иргэдэд үйлчилж байна вэ?
-Автожир, дельталёт
гээд хоёр төрлийн онгоц байна. Хоорондоо загварын хувьд өөр. Гэхдээ өөр өөрийн
онцлог болон давуу талтай. Дельталёт онгоц нь шувуу шиг далавчтай хэрнээ доороо
гурван дугуйтай тэргэнцэртэй. Анх уулархаг орчмын хүмүүс дельтаплан гэдэг нисдэг
далавч бүтээж ниссэн бол талын хүмүүс уг далавчин дээр хөдөлгүүртэй тэргэнцэр
бүтээж тавиад нислэг үйлддэг болсон. Харин автожир маань хархад нисдэг тэрэг
шиг хэрнээ газраас хөөрөх нь онгоц шиг буух нь нисдэг тэрэг шиг марзан нисдэг
төхөөрөмж юм. Автожирын цорын ганц давуу тал нь маш хүчтэй салхинд ангижрахгүй
нислэг үйлддэгт байдаг.
-Дельталёт онгоц
хамгийн дээд тал нь цагт хичнээн километр хурдтай явах боломжтой вэ?
-Маш ашигтай хурдаар,
маш бага шатахуун зарцуулж зорьсон газраа хүрдэг онгоц. Дельталёт 100 морины хүчтэй
мотортой. Москвагийн “Агаарын гүүр” компанид үйлдвэрлэсэн. “Жи-13” буюу сузуки мотортой. Дээд хурд нь 125 км цаг. Ямар
ч нислэгийн үед Монголын уур амьсгалыг бодолцох хэрэгтэй. Манай аэродром нь далайн
түвшнээс 1400 метрийн өндөрт байдаг учраас маш их сийрэгжилттэй байдаг. Сийрэг
агаарыг хутгаж явахад ямархуу хэмжээний энерги шаардагдах нь тодорхой. Тиймээс онгоцныхоо
хөдөлгүүрийн хүчин чадлыг бодолцож нисэх хэрэгтэй. 100 морины хүчин чадалтай
онгоцоор хөөрөхдөө 60 морины хүчээр нисч байвал цаана нь 40 хувийн хүчин чадлын
нөөц байна гэж тооцоолдог.
-Тэгэхээр үлдсэн
40 хувийн хүчин чадал юунд хэрэгтэй юм бэ?
-Үлдсэн хувийг тооцоолоогүй,
санаандгүй, гэнэтийн үед ашиглах юм л даа. Ер нь бүх хүчин чадлаараа хэзээ ч нисдэггүй.
-Ямар түлш хэрэглэх
үү?
-АИ-95 хэрэглэнэ.
30 литрээр бараг 400 километр явна. 100 километрт 7-8 литр шатахуун зарцуулна. Энэ онгоцыг тариа
будаанд хор цацах ажилд их ашигладаг юм. 1000 га газарт хор цацлаа гэж бодоход
газрын техникээр дор хаяж арван хоног зарцуулахаас гадна хаа холоос усаа зөөнө,
найруулна, хүн хүч, шатахуун тос гээд бөөн асуудал үүсдэг. Нэг га-д гурван тонн ус орно. Манай онгоц бол
эдийн засгийн хувьд авч үзвэл нэлээд хэмнэлттэй. 120 литрийн саванд бэлдмэл хийнэ.
Нэг цацахад 20-40 га-г 15 мин орчим цацна. Нэг га-д дөрвөн литр бэлдмэлийг бүр
хэт тоосруулж цацдаг. Энэ мэт давуу тал ихтэй учраас олон хүмүүс түрээсэлдэг. Харин автожирыг урлагийнхан клип, киноны зураг авахад их хэрэглэдэг. Хамгийн сүүлд “Зэрлэг
цэцэгсийн хүлэмж” киноны зураг авалтын зарим хэсгийг бид хамт явж авч өгсөн.
-Тэгвэл автожирын
хүчин чадал хэр вэ?
-Автожир гэдэг онгоцоо
Германаас оруулж ирээд удаагүй байна. Дэлхий дээр автожирын төрөл, загвар болох
1500 гаруй ийм онгоц нислэг үйлдэж байна. Манайд байгаа энэ автожир бол “МТО спорт”
загварынх. 100 морины хүчтэй. 30-185 километр хурдтай ниснэ. Сүүлийн үед хэт
хөнгөн онгоцны зохион байгуулалт илүү нарийсч даац нь нэмэгдэж байгаа. Хуулиараа
бол гурван хүн суухыг хориглосон байгаа шүү дээ.
-Хэт хөнгөн онгоцны
нислэгийн үед өөр юуг хориглодог бол?
-Энэ онгоц бол задгай
ил харааных. Тиймээс шөнө, цастай, бороотой, манантай зэрэг орчинд нислэг үйлдэх хориотой. Үзэгдэх орчноо харж байх ёстой.
-Тэгэхээр өвлийн
улиралд нислэг үйлдэх боломжгүй гэсэн үг үү?
-Яахав болно л доо.
Автожир бол хасах 30 хэмээс дээш тохиолдолд нисч болохгүй гэсэн дүрэмтэй. Гэхдээ
би дельталётоор өнгөрсөн жил хасах 32 хэмд нисч байсан.
-Тэгээд яасан?
-Яагаа ч үгүй.
-Хэт хөнгөн онгоц
эмзэг гэхээр осол их гардаг юм шиг санагдлаа?
-Хамгийн сонирхолтой
баримт хэлье. Би 1986 оноос хойш нисч байна. Ийм төрлийн онгоц нэг ч удаа техникээс
болж осолдож байгаагүй. Хамгийн найдвартай техникийн шийдлийг гаргасан учраас тэр
гэж хэлэх гээд байна л даа. Харин Женерал авиацид ихэвчлэн мундаг нисгэгчид алдаа
гаргадаг.
-Яагаад?
-Дур мэдэж элдэв арга
туршиж үзэж байгаад осол гаргах тохиолдол цөөнгүй. Түүнчлэн архи, авиац хоёр хэзээ
ч нэг шугамд байдаггүй. Ялангуяа нислэгийн өмнө шарталтын байдалтай байж байгаад
нисэх юм бол нислэг биш там болж хувирдаг. Архи болохгүй гэсэн л бол болохгүй.
Миний шавь нартаа болон өөртөө тавьдаг ганц шаардлага энэ.
-Ийм бааз байгуулахад
чамгүй хөрөнгө орно биз?
-Мэдээж онгоц гэдэг
утгаараа багагүй хөрөнгө зарсан. Нэг автожир дунджаар 120 гаруй сая төгрөгийн үнэтэй.
Гэхдээ миний эцсийн зорилго бол ерөнхий зориулалттай нисэхийн салбарыг хөгжүүлэх.
Өнөөдөр Монголд гадны жуулчид ирээд хэдэн хийд, сүмээр л аяллын маршрут нь хязгаарлагдаж
байна. Хүн нэгэн хэвийн зүйл үзэж хараад байхаар уйддаг. Дахиад манай оронд ирэхийг
хүсэхгүй шүү дээ. Харин агаарын аяллаар огт өөр мэдрэмжийг тэдэнд санал болгож
болно. Одоо манай нөхцөлд женерал авиац
хөгжих шатандаа орчихоод байна. Тэрнээс биш ганц хоёр клубийн хэмжээнд байдаг
байсан.
-Танай онгоцоор
нисэхийг хүсвэл хөлс мөнгөний хувьд ямар байдаг бол?
-10 минут нь 50 мянган
төгрөг. Маш боломжийн үнэ, мэдээж Европд бол илүү үнэтэй шүү дээ.
-Өдөрт хичнээн
хүн үйлчлүүлж байна?
-Хоногтоо арваад хүн
тогтмол ирнэ. Манайд байнгын ирдэг хүмүүс ч бий.
-Үйлчлүүлэгчдээс
хугацаагаа уртасгадаг ч юм уу, арай өөр үйлчилгээ авах тохиолдол байх уу?
-Байлгүй яахав. Эхлээд
хүмүүс чинь нисч үзэхдээ айна. Гэр бүлээрээ ирчихээд эхнэр, хүүхдүүдээ түрүүлж нисгэнэ.
Өөрөө болохоор айгаад нисэхгүй. Их сонин ш дээ. Тэгээд өөрийнх нь ээлж болохоор
больё гэх нь ч бий. Би тэр үед нь “надад итгээд зүгээр суу” гэдэг юм. Нөгөө айж
байсан хүн чинь агаарт хөөрөөд ирэхээр эхлээд дуу нь ч гарахаа байна. Дотоод холбоогоороо “зүгээр
үү, ямар байна” гэхээр хэсэг байж байгаад “Үгүй ээ мөн сонин юм аа. Ниснэ гэдэг
чинь ийм сайхан байдаг юм уу” гэдэг. Арван
минутын дотор тэр хавийг тойроод танилцуулчихаад “одоо газардана” гэхээр
дахиад жаахан нисье гэдэг. Төлбөр мөнгөн дээр санаа зоволтгүй өгнө гээд нисэх тохиолдол
гарч байсан. Бүр тав, зургаан цагаар түрээслээд
явах хүмүүс ч бий. Хосуудад зориулсан үйлчилгээ
ч байна.
-Ямар үйлчилгээ юм бол?
-Найз охиндоо хайраа илчлэх гэсэн залуус их ирнэ. Найз охиныг нь аваад нисэх хооронд
манай шавь нар “Би чамд хайртай” гэсэн бичиг бариад, найз залуу нь бичигний голд
цэцэг бариад суучихна. Тэгээд маршрутын дагуу нисээд буцаж ирэхэд “Тэр доор харагдаж
байгаа бичгийг чамд зориулсан юм биш үү. Ямар гоё юм бэ” гэхээр баярлана гэж жигтэйхэн.
Залуу хосуудын хувьд энэ хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж шүү дээ.
-Шавь гэснээс та хэр олон гарын шавьтай вэ?
-Одоо миний хажууд хамт нислэг хийж байгаа хоёр гарын шавь байна.
Г.Мягмарсүрэн болон А.Билгүүн гээд. Маш
ирээдүйтэй залуучууд байгаа. Манай сургалтаар төгссөн дөрөв, таван залуу бий.
Энэ хэдээ сайн нисгэгч болгочих юмсан гэж их хичээж ажиллаж байна даа.
-Онгоцондоо эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд өөрсдөө засах уу?
-Аливаа гэмтэл үүссэн тохиолдолд нэг л дүрэм бий. Үйлдвэр рүү
нь гэмтлийн талаарх мэдээллийг явуулах. Онгоцны тогтсон цагийн засвар үйлчилгээ
гэж байна л даа. 25 цаг, 50 цаг яваад тосны шүүлтүүрийг солих, 75 цаг яваад тос масло, агаар шүүгчээ солих гээд цагийн үйлчилгээг
өрсдөө хийж болно. Тэрнээс биш мотор хугарсан тохиолдолд үйлдвэр рүү нь явуулна.
Бидэнд тийм эрх байхгүй. Үйлдвэр өөрсдөө цаанаасаа тохиргоог нь хийгээд баталгаа
гаргаж өгдөг. Бид өөрсдөө оролдсон тохиолдолд та нар өөрсдөө оролдсон байна гээд
хүлээж авахгүй.
-Түрүүн та нисэхдээ нэг газартай холбогдоод байсан. Ямар учиртай
юм бэ?
-Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх онгоц нисэхдээ Агаарын
хөдөлгөөний албанд мэдэгддэг. Хаана, ямар нислэг үйлдэх гэж байгаагаа мэдэгдэх
ёстой. Өөр төрлийн онгоц нислэг үйлдэж байгаа онгоцтой агаарын шугамд давхацчих
вий гэсэндээ тэр л дээ. Хувийн онгоцтой хүмүүс дуртай үедээ Чингис олон улсын
буудалд нисэх, буух эрх хаагдмал шүү дээ. Одоохондоо манайд Женерал авиацын
хууль байгаа ч төдийлөн мөрдөж чадахгүй байна.
Д.ДАВААСҮРЭН