Categories
мэдээ нийгэм

Өмчлүүлэх газрын 20 байршлын хаягийн зургийг баталлаа

Иргэнд өмчлүүлэх газрын 52 байршлаас 20 байршлын
хаягийн зургийг баталлаа

НИТХ-ын Тэргүүлэгчид 6 дугаар сарын 26-нд хуралдаж гэр бүлийн
хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршлаас 20 байршил болон
зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн эхний таван амны
газрын хаягийн зургийг баталлаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 05 сарын 30
өдрийн 10/39 дугаар тогтоолоор “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд
өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон бөгөөд эдгээр байршлуудад газар
өмчлөх эрхийг цахимаар олгох шийдвэр өнгөрсөн сард гарсан юм. Нийслэлийн
Ерөнхий төлөвлөгөөний газраас эдгээр байршлуудаас 20 байршилд хаягийн зураг
гаргажээ.  Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газруудад
хаягын зураг гаргаснаар таны өмчлөх газар тодорхой хаягтай болж байгаа юм.

Хаягийн зургийг гаргахдаа УИХ-аас баталсан Хаягжуулалтын тухай
хуулийн дагуу Засгийн газраас гаргасан журмыг үндэслэсэн байна. Журамд хаягжуулахдаа
гудамжны нүүрэн талдаа байршлыг тухайн гудамжны баруун зүүн гар талд сондгой,
тэгш гэсэн дараалсан хувьсах дугаарлалтын аргаар харъяалах газар зүйн нэршил
дотроо дахин давтагдахгүйгээр дугаарлана, гудамжны нүүрэн талдаа бус байршилтай
үл хөдлөх эд хөрөнгийг тухайн орц буюу хаалга нь харсан талын гудамжинд
хамааруулна, хаягжуулсан үл хөдлөх эд хөрөнгийн бүх нэрийг хаалт, хашилтгүй
бичнэ гэх зэргээр стандартуудыг нарийн тусгасан байдаг байна.

Ийнхүү НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар гэр бүлийн хэрэгцээний
зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршлын хаягийн зураг болон зуслангийн
газрын хаягийн зургийг баталлаа. Батлагдсан хаягийн зургийн дагуу гэр бүлийн
хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх 8 дугаар сараас эхлэн зохион байгуулна
гэж Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар хэллээ. НИТХ-ын
Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд
өмчлүүлэх газрын байршлын хаягийн зураг болон  Зуслангийн батлагдсан
ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдсэн эхний 5 амны хаягийн зургийг дэлгэрэнгүй
танилцуулж байна
 гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтсээс мэдээллээ.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд
өмчлүүлэх газрын байршлын хаягийн зураг

·        
Баянзүрх дүүргийн 20
дугаар хороонд Их цуурайн ам, 71 га

·        
Баянзүрх дүүргийн 20
дугаар хороонд Бага цуурайн ам, 49 га

·        
Баянзүрх дүүргийн 9, 24
дүгээр хороонд Баруун цагаан давааны урд ам, 25 га

·        
Баянзүрх дүүргийн 20
дугаар хороонд Хадатын ам, 87 га

·        
Хан-Уул дүүргийн 12, 13
дугаар хороонд Эрдэнэтолгой, 155 га

·        
Сонгинохайрхан дүүргийн
32 дугаар хороонд Эмээлт уулын баруун хоолой, 565 га

·        
Сонгинохайрхан дүүргийн
32 дугаар хороонд Эмээлтийн дөрөлж, 180 га

·        
Сонгинохайрхан дүүргийн
32 дугаар хороонд Шар хөв, 76 га

·        
Сонгинохайрхан дүүргийн
32 дугаар хороонд Түрүүний хөндий, 227 га

·        
Сонгинохайрхан дүүргийн
22 дугаар хороонд Тахилтын хөндий, 184 га

·        
Сонгинохайрхан дүүргийн
21 дүгээр хороонд Долоон худгийн хөндий, 71 га

·        
Сонгинохайрхан дүүргийн
21 дүгээр хороонд Соёондын ам, 517 га

·        
Сонгинохайрхан дүүргийн
21 дүгээр хороонд Өндөр хаан уул, 69 га

·        
Сонгинохайрхан дүүргийн
21 дүгээр хороонд Цагаан чулуут, 576 га

·        
Баянзүрх дүүргийн 20
дугаар хороонд Хожуулын ам, 166 га

·        
Сүхбаатар дүүргийн 16
дугаар хороонд Тоосгоны 1-р хэсэг, 64 га

·        
Сүхбаатар дүүргийн 16
дугаар хороонд Тоосгоны 2-р хэсэг, 64 га

·        
Багануур дүүргийн 4
дүгээр хороонд Тариан булгийн 1-р хэсэг, 526 га

·        
Багануур дүүргийн 4
дүгээр хороонд Тариан булгийн 2-р хэсэг, 376 га

·        
Багахангай дүүргийн 2
дугаар хороонд Бор үзүүр,160 га  

Зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний
дагуу хийсэн эхний 5 амны хаягийн зураг

·        
Сүхбаатар дүүргийн 15
дугаар хорооны Ар хустай,

·        
Сүхбаатар дүүргийн 20
дугаар хорооны Цолмон,

·        
Сүхбаатар дүүргийн 20
дугаар хороо Цээнэ,

·        
Чингэлтэй дүүргийн 19
дүгээр хорооны Жигжид,

·        
Чингэлтэй дүүргийн 19
дүгээр хорооны Яргайт,

Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхбаяр нарын ялыг хэвээр үлдээв

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан гэх “Гал үндэстэн” холбооны гишүүдийн хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэн шийдээ гаргалаа. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт 6.11 жил, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, н.Дашцэрэн хоёр жилийн хорих ял тус тус оноосон байсан бөгөөд Улсын дээд шүүхээс ийн ногдуулсан ялыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Манзушир хутагт Данзанжамъяандорж төрөлх аймагтаа айлчилна

Долдугаар Манзушир хутагт Данзанжамъяндорж төрөлх аймагтаа 2014 оны 06 сарын 28-нд морилон  ирж төрөлх нутгийн сүсэгтэн олондоо адис жанлаваа хайрлахаар болжээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 323 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг 06 сарын 24-ны мягмар гарагт хуралдсан юм. Хуралдаанаар түүнийг хүлээн авах бэлтгэл ажил, сүсэгтэн олонтой уулзаж адис жанлав хайрлах хөтөлбөрийн тухай ярилцжээ. Данзанжамяндорж хутагт хамгийн эхлээд Дашчойнхорлон хийдийг зорих гэнэ. Үүний дараагаар Манзуширын ам руу очих юм байна. Ингээд Спортын ордонд  11 цагийн үед сүсэгтэн олныг  хүлээн авч уулзаад  зон олныхоо буян заяаг ерөөж ном унших ажээ.

Дашчойнхорлон хийдийн бага гэсгүй Д.Дашням Манзушир хутагтын тухай хэлэхдээ, ”Дээрхийн Гэгээнтэн есдүгээр Богд: Зургадугаар Манзушир хутагт Цэрэндорж ламтны бодитой хувилгаан дүр нь Манзушир хутагт Данзанжамъяандорж эндүүрэлгүй мөн болно” гэсэн утга бүхий батламж бичгийг айлдсанаар түүнд дээдийн олон ном буулгасан юм. Улмаар 2010 онд Энэтхэг орныг зорьж бурханы ном заалгах болсон хэмээв. Хутагтыг хүлээж авах ажлын хэсгийн ахлагч С.Цогбаяр,  Данзанжамъяндорж хутагтад аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ ахуй амьдралыг даатгах тул сүсэгтэн олныг өргөнөөр хүрэлцэн ирэхийг уриаллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Хөрөнгө оруулагчид жижиг албан тушаалтнуудын далд дарамтад нүд үзүүрлэгдээд байвал хууль өөрчилсний үр дүн гарахгүй

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.

 -Та
ойрд гадагшаа яваад завгүй байх шиг байна. Ямар ажил амжуулж явна даа?

-Багагүй л ажилтай байна. Гадагш ойр ойр явах хэрэг гарах л юм. Суусан
цэцэн хоолгүй үлдэж, явсан нохой яс зуудаг гэдэг дээ. Тэгэхээр гадаадын хөрөнгө
оруулалт хомсдсоор буй энэ үед хөдөлж суухгүй бол бизнес урагшлуулах нь амаргүй
болж. Төрөл бүрийн бизнесүүдэд зөвлөгөө өгч, хөрөнгө босгоход нь тусалж байна. Технологийн
чиглэлийн, ялангуяа, цэвэр технологийн чиглэлийн бизнесүүд байвал дуртайяа хамтран
ажиллахыг эрмэлзэж байна. 

-Гадаадын
хөрөнгө оруулагчдыг татахын тулд яах ёстой вэ. Намрын чуулганаар хэд хэдэн хууль
баталж, хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлсэн. Гэвч манайхыг
чиглэх хөрөнгө оруулагчдын урсгал зогсонги хэвээр байна. Гацаа нь юунд байна вэ?

-Бүх нийтийг хамарсан хийрхлээсээ салах хэрэгтэй. Одоо нүүр засал
хийгээд гадны хөрөнгө оруулагчдыг хуурах боломжгүй. Бид нэг л зүйлийг ойлгож газардангүй
зөв сэтгэлгээтэй болох ёстой. 70-80 их наяд ам.долларын дэлхийн эдийн засгийн дэргэд
10 тэрбум ам.долларын эдийн засагтай бид 7-8 мянга дахин жижиг тоглогч юм. Дэлхийн
бүх өнцөгт мөнгө, мэдлэг, технологи хэрэгтэй. Эдгээрийг эзэмшигч хөрөнгө оруулагчид
сонголтоо хийнэ, бид биш. Эдний төлөө Америк, Хятад хоёр өрсөлдөөд байгаа юм шүү
дээ. Гэтэл бид тэдгээрийг нүд үзүүрлэж хөөх гээд байдаг. Манай эдийн засаг хөрөнгө
оруулагчдын нүдэнд өртөхөө байчихад тэд анзаарах ч үгүй, биднээр дутах ч үгүй. Харин
манайд хөрөнгө оруулалт зогсчихвол бид мөнгө, мэдлэг, технологийн шууд хомсдолд
орно. Бид өөрийн шөлөндөө л буцалж агшина. Тэгэхээр эндээс хэн нь хэндээ хэрэгтэй
байгаад байна вэ гэдэг асуулт ургана. Ганц хоёр хуулиа өөрчилсөн ч гадны хүмүүс
нь төрийн захиргааны бүх түвшинд жижиг албан тушаалтнуудын далд дарамтыг амсаж,
гудамжинд нь нүд үзүүрлэгдээд байвал хууль өөрчилсний үр дүн гарахгүй.

Гэхдээ нэг зүйлийг энд хэлмээр байна. Би гадныхны өмнө нялганаж,
бөхөлз гээгүй. Тэд буруу авирлаж байвал ажил хэрэгчээр түүнийг таслан зогсоож, арга
хэмжээ авч байх хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагууд нь шударга, цэгц, мэргэжлийн
түвшинд тэдгээртэй хандаж байх нь чухал. Манай төрийнхний зүгээс тавьж буй шаардлагууд
нь хэдэн төгрөг айлгаж салгах зорилготой биш, харин үндэслэлтэй, шударга ёсонд нийцсэн
байвал байдал их өөр байна. Түүнээс нэг асуудлыг ярих гэж даяан дэлхийгээр хар
PR цацаж, ард түмнээрээ нийлэн үзэн ядах уур амьсгалыг бүрдүүлчихээд тэднийг Монгол
руу татна гээд байхаар чинь утга, авцалдаа байхгүй болчихоод байгаа биз дээ.

Гадаад бодлогын салбарт олон жил ажилласан хүний хувьд нэг зүйлийг
хэлэхэд шударга, сайн боловсруулсан үндэслэлтэй шаардлагыг мэргэжлийн түвшинд тавихад
гадныхан нэг их хэдэрлээд байдаггүй л юм даа.

-Улс
орны эдийн засаг хүндэрлээ гэж МАН-аас салбарын сайд нарыг огцруулахыг шаардаад
байгаа. Таны хувьд сайд огцорсноор эдийн засаг сэргэнэ гэж бодож байна уу?

-Бид чинь сөрөг хүчин юм чинь болохгүй байгаа зүйлсийг онцолж сануулж
байх л үүрэгтэй. Тэр үүднээсээ эдийн засаг чинь болохгүй байна гэдэг цочроог сайд
нарынх нь албан тушаалтай зууралдаж өгөхөөс өөр аргагүй. Харин эндээс цочроо аваад
цааш шаардлагатай байгаа цогц арга хэмжээг урт хугацаанд тогтвортойгоор авч явуулбал
сайдыг огцруулах нэг алхам үр дүнд хөтлөх эхлэл болж болно. Түүнээс “за, унагахыг
хүсээд буй хүнийг нь унагаад өглөө, одоо боллоо” гээд цааш өөр арга хэмжээ авахгүй
юм бол, үнэхээр сайдыг унагаснаар юу ч өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл сөрөг хүчин
чадахаа л хийж байгаа юм. Харин үр дүн гарах эсэх нь эрх баригчид манай эл үйлдлээс
ямар сургамж авахаас л шалтгаална.   

Яг үнэнийг хэлэхэд эрх баригчдын хувьд өнөөдөр анхаарах зүйл бол
бид улс үндэстнээрээ аливаа асуудалд хүлээцтэй, эрүүл, тооцоо судалгаан дээр тулгуурлан
ханддаг болсон цагт л хөгжлийн салхи бидэн рүү буцаж эргэнэ. Хийрхэж, хөөрч, харанхуй
цээжээ дэлдэж байгаа цагт нэг хоёр сайд солигдлоо гээд эдийн засаг сайжрахгүй. Одоо
хийрхэх өвчин бүх нийтийнх болсон. Нэг хүнээр туг тахилаа гээд “халдвар” татрахгүй.
Бусад буруу зөв болохгүй. Харин хүн бүр дор дороо хичээж, монгол хүний уужуу саруул
ухаанаар юманд хандаж эхэлвэл сая эдийн засагчдын санал болгоод байгаа бодлогууд
аажмаар хэрэгжиж эхэлнэ. Буруу зүйлс нь олширчихсон ийм үед ганц таталтаар бүхнийг
цэгцэлнэ гэж байхгүй. Өргөс авчихсан юм шиг эдгэдэг босгыг бид аль хэдийнээ давчихсан.
Сүгсэлзүүр, харанхуй сайд нар байгаад байгаа бол тэд ард түмэн бидний толинд туссан
тусгал л гэж хүлээн авах хэрэгтэй.

-“Эдийн
засгийг идэвхжүүлэх 100” хоног хөтөлбөрийн тоолуур гүйснээс хойш талдаа орж байна.
Энэ хөтөлбөрийн хэрэгжилт болоод үр дүнгийн талаар ямар төсөөлөлтэй байна вэ?

-Ганц далайлтаар бүхнийг шийдэх боломжгүй байдалд бид нэгэнт орсон
гэж өөрийн бодлыг дээр хэлсэн. 100 хоног байтугай 100 долоо хоногт ч асуудал шийдэгдчихгүй.
Ийм юм сэдээд яриад байгаа чинь бид нөгөө хийрхэх өвчиндөө л дарлагдаад байгаагийн
шинж юм даа.

Тэгэхээр ийм дэмий юмны талаар санал бодлоо хэлж цаг алдмааргүй байна.
Гэхдээ үүний хор уршгийг харин бодолцох хэрэгтэй. 100 хоног гэсэн хугацаа заангуут
зах зээл өөрийн эрхгүй үүнийг ажиглаж эхэлнэ. Мэдээж үр дүнгээ өгөхгүй. Тэгэхээр
“За, энэ засгийн хүчин чармайлт үр дүн өгөхгүй нь байна” гэдэг дохио хөрөнгө оруулагч,
бизнесүүдийн санаанд бууна. Энэ нь эдийн засгийн өсөлтийн амин судас болсон итгэлийг
унагана. Тэгээд агшилт эрчимжинэ. Тэгэхээр ийм эгзэгтэй үед хариуцлагатай албаны
улсууд юу ярьж, санаачлахаа бодож байх хэрэгтэй. Одоо нэг алдаа хоёр алхам ухраасаар
байх болно гэдгийг л мартаж болохгүй.

-Манай
улс энэ байдлаараа явбал Украйн шиг болоход ойрхон байна гэж гишүүд чуулганы танхимаас
хэдэнтээ дуугарсан. Та судлаач хүний хувьд Украйнд өрнөж буй үйл явдлыг бүхэлд нь
хэрхэн ажиглаж байна вэ?

-Украинд болж байгаа бусад завхрал, дотоод эвдрэл бол манайхаас хол
ялгаатай биш. Иймээс энд өрнөж буй үйл явдлуудаас сургамж авах нь зөв. Бусдын алдааг
давтахгүй байвал ухаалаг л байна гэсэн үг.

Украинд өрнөж буй үйл явдлуудыг дүгнэхдээ нэг зүйлийг анхаарах нь
зөв болов уу. Түүх, улс төрийн соёл ойролцоо улс орнуудад ижил үйл явдлууд адилхан
үр дагавар дагуулах магадлалтай. Тэгэхээр манайд болон Украинд өрнөж буй үйл явдлууд
ойролцоо. Харин аз болоход үр дагаврууд нь өөр өөр байгаад байгаа. Үүнийг бодолцож
урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхгүй бол үр дагавраараа ижилсэж болзошгүй.
Тэгвэл аюултай.

Ер нь Монгол Украин ямар төсөрхүү байх магадлалтайг нэг л жишээн
дээр хэлье. Украины Ерөнхийлөгч Кучма бүрэн эрхийнхээ хугацааг дуусахын өмнөхөн
Монголд айлчилсан.

 

Айлчлалын үеэр манай Үндсэн хуулийн тогтолцоог сонирхож, Ерөнхийлөгчөөс
зарим ачааллыг авч Ерөнхий сайддаа өгөх нь эрх мэдлийн зөв хуваарилалт юм байна
гэж дүгнэж байсан. Тэднийх ерөнхийлөгчийн, манайх парламентын засаглалтайг тэрээр
мэдээгүй байх учиргүй. Тэгэхээр энэ ялгааг мэдэж байсан ч эрх мэдлийг задлах нь
зөв гэж дүгнэсэн юм болов уу гэж би боддог. Ингээд Ерөнхийлөгч Юшенког гарч ирэхэд
Украины Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэж, харьцангуй хараат бус өөрчлөлтүүд орсон
байсан. Үүнээс хойш Юшенко, Тимошенкогийн тэмцэл дуусашгүй байдалд орж, яг манай
парламентад өрнөдөг талцал, “савангийн дуурь” өдөр тутмын шинжтэй болсон. Үүнээс
улбаатай тэмцэл даамжирсаар өнөөгийн байдалд хүргээд
байгаа. Социализмын үед нэг нь тусгаар тогтносон нөгөөх нь өөр орны бүрэлдэхүүнд
байсан ч гэсэн 90-ээд онд шинэ тогтолцоо руу хөдөлсөн гарааны нийгэм, улс төрийн
нөхцөлүүд их төсөрхүү тул болж буй түүхэн үйл явцууд далд холбоотой байгааг анхаарах
хэрэгтэй. Иймд манайд өрнөж буй талцал, олигархиудын төр хэмээх хурц үзүүртэй жадыг
барьсан мөнгө, нөлөөлөл, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнийг зогсоохгүй бол үр дагавар
ойролцоо л гарна.

Бас өөр нэг сургамж байна. Жижиг
улс том хөрштэйгээ мартахгүй байх. Ухаанаар ярихаас бяраар ярих гээд барахгүй гэдгээ
бодолцох. Тиймээс хэт үндэсэрхэг, “хэт эх орончдоосоо” өөр бодлого, бодолтойгоо
төр илэрхийлж байх хэрэгтэй. Нэгэнт эрх чөлөөг эрхэмлэж байгаа юм бол тэд үзэл бодлоо
илэрхийлнэ л биз, харин төр бас эрх чөлөөгөө эдэлж өөрийн өөр, XXI зуунд нийцсэн
үзэл бодлоо тунхаглаж л байх хэрэгтэй. Тэгэхгүй бол халдаагүй, хээрийн сургууль
хийхэд л хамаг байдгаа тавиад туучихдагийг бид харлаа шүү дээ. Ер нь бол өөрсдийнхөө
сулыг хүнээр дохиулан байж яс махан дээрээ гарцаагүй мэдрэх хэрэггүй ш дээ. Эвийг
нь олоод амьдарвал ихийг бүтээдэг ертөнцөд бид амьдарч байна. Сингапур, Австри,
Швейцарь, Монако гээд олон орон нэр хүндтэй, хэлсэн үг байр суур нь жинтэй байж
болоод л байгаа юм даа. Манайх ч хаа очиход тийм бодлоготой явж ирсэн шүү. Үүнийгээ
лавшруулахгүй бол алдах ч тун амархан.   

-Манай улс хоёр хөрштэйгээ харилцаагаа шинэ шатанд ахиулж,
найрсаг уулзалт, албан айлчлалууд ч ойр ойрхон боллоо. Монгол Улсын гадаад харилцаа
ямар түвшинд байна гэж хэлэх вэ?

-Сүүлийн 20 жилийн түүхтэйгээ харьцуулбал нилээд салхилах янзтай
болсон байсан нь үнэн. Одоо буцаагаад Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан хэлбэрт
авчрах гэж оролдож байгаа нь зөв. Тэнд харилцах хэмжээ, зайг нь заагаад өгсөн байгаа.
Түүнийгээ л бариад ажиллахад алзахгүй.

Манай гадаад харилцаа уг нь их дажгүй шүү дээ. Харин сүүлийн үед
дипломатуудынхаа дуу хоолойг сонсохгүй байх шиг байна. Уг нь гадаад бодлого дээр
мэргэжлийнхээ хүмүүсийн дууг хоолойг гололгүй сонсож л байх хэрэгтэй юм даа.

-Сүүлийн
үед хоёр хөрштэй холбоотой асуудлаар хүмүүс их дуугарах боллоо. Хэрэв Орос Хятадын
харилцаа сайжирч, бат бэх болбол манай улсын тусгаар тогтнолд халтай ч гэх шиг.
Энэ талаар дипломатууд ч тоймтой мэдээлэл өгдөггүй. Ер нь бид яаж хандах ёстой юм
бэ?

-Юу гэмээр юм бэ дээ. Ийнхүү яриад буй нь бид асуудлыг өөрөөсөө огт
томдсон онцгоос хараад байгааг илэрхийлээд байгаа юм. Энэ хоёр орон сайндах муудахаа
биднээс асуухгүй. Тэгэхээр манайд ашиггүй байлаа гээд яах вэ. Бид яаж ч чадахгүй
биз дээ. Иймд ашиггүй байлаа гээд үүнийг бид өөрчилж чадахгүйгээс хойш асуудалд
огт өөр өнцгөөс хандах хэрэгтэй биз дээ. Нар гарах, бороо ороход бид ашигтай ашиггүй
талаас харалгүй, харин түүндээ зохицдог шиг, бид дэлхийн улс төр, эдийн засгийн
нөхцөл байдал өөрчлөгдөхөд түүнд дасан зохицож, өөрийн байр суурийг ашигтай өнцөг
рүү нь эргүүлж байх учиртай.

Манай хоёр том хөрш сайндсаны дүнд л бид чинь Орос, Хятадын хооронд
наймаа өрнүүлж, эхний хуримтлалаа бий болгосон. Бид ч аль нэг талыг барих ацан шалаанд
орохгүй амар жимэр байгаа. Иймээс хэт хардах сэтгэлгээгээ орхиж урьд урьдах ажлаа
хийцгээдэг баймаар байна. Тэгэхгүй бол ГХЯ, БХЯ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,
тагнуул зэрэг байгууллагууд дуугүй байхад л урдуур нь орж ирж аюулгүй байдлын талаар
ам булаалдан ярьдаг болсон нь харин аюул дагуулаад байх шиг санагддаг.

-Танай
намын амьдрал руу яриагаа чиглүүлье. МАН сөрөг хүчин шиг ажиллаж чадахгүй байна.
Уг нь эрх баригчдад ташуур болох ёстой атал аливаа үйл явдлыг хэт дэвэргэж, хов
живээр жийргэлж, ажил хийхэд саад боллоо гэж эрх баригчид үзэх юм. Үүнтэй та санал
нийлэх үү?

-Санал нийлэхгүй. Эрх баригчид сөрөг хүчин байхдаа адилхан л өчүүхэн
гэхгүй бүх зүйлийг барьж шүүмжилдэг байсан. Бүр зөв юмыг ч улаан цайм буруу гэдэг
л байсан. Гэхдээ эд нар тэгдэг байсан гээд яг түүнийг нь дуурайгаад байвал явуургүй,
тулхгүй зүйл л дээ. Манайх хамгийн төгс сөрөг хүчин байж чадахгүй байгаа нь үнэн.
Гэхдээ буруутай нь эвлэрэх хүсэлгүй байгаа нь чухал. Бид одоо байгаагаасаа дээр
сөрөг хүчин байхын тулд өөрсдөө хүний итгэл даахуйц байдал руу шинэчлэлээ хийх хэрэгтэй.
Нэгэнт хүмүүсийн итгэлийг алдсан аргаараа, бахь байдгаараа зүтгээд байвал итгэлийг
буцааж олж чадахгүй л дээ.

-МАН-ын
гадаад харилцаа гишүүдэд болон олон нийтэд ил тод биш байна гэдэг. Танай нам гадаад
харилцаагаа өргөжүүлэн тэлэхийн тулд ямар ажил хийж байна. Намдаа хөрөнгө босгох
ажлыг хэр зохион байгуулж байгаа вэ?

-Миний л мэдэхээр манай гадаад харилцаа лав далд биш. Юуг нь ил болгох
гэсэн юм бол. Харин манай намын шийдвэрүүд, дотоод улс төр бол үнэхээр далд. Тиймээс
би ил тод нийгэмд хаалттай нам зохихгүй гэж байнга хэлдэг. Хөрөнгө мөнгөний хувьд
бол тун амаргүй л байгаа байх.

-Аль
ч нам дотор фракц бий. Таныг Сү.Батболдын фракцийн хүн гэдэг. М.Энхболд намын болсноор
Сү.Батболдын фракцийн рейтинг доошилсон юм шиг анзаарагддаг. Энэ тухай таны бодлыг
хуваалцмаар байна л даа…

-Би урьд өмнө нь олон удаа хэлж байсан. Би хэний ч хүн биш. Толгойгоо
хүнээр мэдүүлэх дургүй. Харин үзэл бодол ойрхон хүмүүс гэж яривал Сү.Батболд даргаас
эхлээд олон сайхан найз нар энэ намд бий. Үүнийгээ ч нуудаггүй.

-Намынхаа
шинэчлэлийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Ер нь МАН яавал шинэчлэгдэх бол?

-Яривал дуусашгүй олон юм бий. Том нам болохоор болж буй нь ч бий,
болохгүй байгаа нь ч бий. Харин би нэг зарчим барьж ажиллахыг боддог.

Муу зүйл багаддаггүй, сайн зүйл ихэддэггүй. Тогоотой сүүнд дусал
хор хийхэд сүү хор болно. Харин тогоотой хоронд дусал сүү хийхэд хор сүү болдоггүй.
Тэгэхээр манайд буй сул талуудаа шударгаар яриад ойлголцоод арилгах л хэрэгтэй.
Тэгэхгүй, өөрөө өөртөө шударга хандахгүй бол, ард түмэн бидэнд шударгаар хандана,
саналаа өгөхгүй. Иймд олон юм хиймээр байгаа. Эн тэргүүнд ёс суртахуун, шударга
ёс, хөдөлмөр, мэдлэг боловсролыг дээдэлдэг болох хэрэгтэй байгаа юм.

-Та
МАН-ын генсект нэрээ дэвшүүлж байснаа буцаагаад татсан. Яагаад нэрээ буцааж татсан
юм бэ?

-Өнгөрснийг яримгүй байна. Шинэ генсекээ харин шууд дэмжиж байгаа
шүү.

-Хэрэв
та МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан бол юу хийх байсан бэ. Одоогийн удирдлагуудын
үйл ажиллагаанд хэрхэн дүгнэлт өгч байна?

-Болоогүйгээс хойш одоо юу ярих вэ дээ.

-Та
бизнес эрхэлдэг хүн. Эдийн засгийн өнөөгийн байдал бизнесийн салбарынханд хэрхэн
нөлөөлж байна вэ. Юу нь болохгүй, яавал сэргэх юм шиг байна вэ?

-Одоо болоод өнгөрсөн зүйлсийг засахад багагүй хугацаа, олон багц
арга хэмжээ, нөр их хөдөлмөр хэрэгтэй. Туйлшралаас зайлсхийх шаардлагатай. Гол нь
эрдэмтэн мэргэдээ сонсох нь зөв. Манайх шиг ийм байдалд орсон улс орон түүхэнд зөндөө.
Иймд үүнээс гарах жор ч зөндөө.

 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өгий нуурын загасыг хэдэн солонгос дуусгаж байна

-ХӨДӨӨ ОРОН НУТАГ
ЭЗЭНГҮЙДЭЖ, ГАДААДЫН ИРГЭД ХУУЛЬ ЗӨРЧИН  ЮУ
ДУРТАЙГАА ХИЙДЭГ БОЛЖЭЭ-

Устаж үгүй болох дээрээ тулаад байсан Өгий нуурын загас сүүлийн хэдэн
жилийн дотор тоо толгой нь нэмэгдэх болсон гэнэ.  Өгийнуур сумын иргэд нуурынхаа загасыг тор тавиад
тонн тонноор нь бариад хятадуудад өгдөг байсныг Амьтны тухай хуулийн 10.1.7-д ахуйн
хэрэгцээнд загас барихад тор хэрэглэхийг хориглоно гэсэн заалт хэрэгжиж эхэлснээс
хойш таслан зогсоож чаджээ. Өгий нуурын загасыг аялагчид болон загасчлах сонирхолтой
цөөн хэдэн хүмүүс дэгээ шидэж барьж байгаа гэнэ. Гэтэл сүүлийн үед солонгосчууд
нууранд тор тавьж  Өгий нуурын загасыг үй
олноор нь барих болсон байна. Долоо хоног бүр ирээд тор тавьж нуурын загасыг хууль
зөрчин бариад явдаг байна. “Ланд круйзер-80”, “Лексус-470” маркийн автомашин хөлөглөсөн
зургаан солонгосын хууль зөрчсөн үйлдлийн талаар нутгийн иргэд мэддэг болжээ. Бүр
хууль зөрчин загас барьж байгаа солонгосчуудыг андахгүй таньдаг болсон байна. Энэ
талаар Өгий нуур сумын иргэнтэй холбогдож цөөн асуултад хариулт авсан юм. Тэрбээр
сонин дээр нэр гарвал сумын цагдаагаас эхлээд дарамтлах хүн олон байгаа хэмээн нэрээ
хэлэхээс татгалзсан юм.  

 

САР ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД ТОР ТАВИХАД ӨГИЙ НУУР ШИРХЭГ Ч ЗАГАСГҮЙ БОЛНО
ГЭВ

-Өгий
нуурын загасыг хэдэн солонгос тороор бариад дуусаж байна гэж сонслоо. Танд сонсож
дуулсан зүйл байна уу?

-Манай сумын хүн болгон л Өгий нуурын загасыг хэдэн солонгосчууд
бариад дуусаж байгааг мэддэг. солонгосчууд долоо хоног болгон манай энд ирээд загас
бариад явдаг.  Үүнийг мэдэхгүй хүн байхгүй
шүү дээ. Манай Өгий нуурын загасыг хотын солонгос хоолны газар болгон авч хоол хийдэг
гэсэн. Гэхдээ бүр шинэ загас гээд өндөр үнэтэй хоол бодог гэсэн. Тэр үнэтэй хоолыг
нь хотынхон худалдаж аваад л иддэг гэж байсан. Солонгосчууд Өгий нууранд ирээд тор
тавиад олон загас бариад явдаг.

Уг нь тэдний хууль зөрчиж байгааг сумын байгаль
орчины байцаагч мэдэж байгаа. Тэр хүн Өгий нууранд аялахаар, загас барихаар хүн
болгоныг сайтар шалгаж явдаг хүн. Ирсэн хүн болгон муухай ааштай хүн байна гэж хэлээд
явдаг. Гэтэл манай сумын байгаль орчны байцаагч нөгөө хэдэн солонгосчуудад хөл алдаж
гүйгээд байдаг болчихсон. Тэднийг тор тавиад загас барьж байгааг огт анзаарахгүй
яваад өгдөг. Бүр нөгөө хэдэн Солонгосчуудын 
тарьсан хогыг өөрөө цэвэрлэж байгаа харагддаг.

-Солонгосчууд
загас бариад байхад сумын цагдаа огт мэдээгүй сууж байх юм уу?

-Сумын цагдаад хэд хэдэн хүн очиж хэлсэн гэж байна лээ. Бид шалгаж
байгаа гэж өөдөөс нь хэлдэг гэсэн.  Өгий нуурын
ус өдрөөс өдөрт багасч байгаа. Загас нь ч гэсэн цөөрсөн. Цөөн хэдэн загасыг солонгосчууд
бариад дуусаж байна. Хэрэв хууль хяналтынхан анхааралдаа авахгүй бол Өгий нуур ширхэг
ч загасгүй болох аюул нүүрлээд байна. Хэрэв хууль хэрэгжихгүй байсан юм бол нутгын
иргэд тэр загасыг нь солонгос хоолны газруудад зарж мөнгө олмоор байна. Солонгосчууд
манай Өгий нуурыг өөрсдийнхөө загасыг барьж байгаа юм шиг л эрх дураараа аашилж
байна. Сар хүрэхгүй хугацаанд тор тавихад Өгий нуур ширхэг ч загасгүй болно гэв.

Өгий нууранд солонгосчууд загас бариад байгаа хууль бус ангийн талаар
Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчины гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөгч нараас
тодруулахад “Хөдөө орон нутагт гарч байгаа хууль бус ангийн гэмт хэргийг нутгийн
иргэд цагдаагийн байгууллагад хандаж мэдээлэл өгөх ёстой. Сумын анхан шатны газрууд
шалгах ёстой. Байгаль орчны байцаагч, сумын хэсгийн төлөөлөгчид. Тэгээд шат шатаараа
дээшээ явсаар манайд ирдэг юм” гэв. Хууль хяналтынхан энэ мэт  ямар ч мэдээлэлгүй сууж байна.

 

ЭЗЭНГҮЙДСЭН ХӨДӨӨ НУТАГТ ГАДНЫ ОРНЫ ИРГЭД ЭРХ ДУРААРАА ААШИЛЖ БАЙНА

Сүүлийн үед гадаадын иргэд манай улсад аялал жуулчлалын чиглэлээр
ирээд хууль бусаар ан хийх гэх мэтээр олон бусармаг үйлдэл гаргах болсон гэнэ. Зохион
байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар Гадаадын иргэдэд хууль бус ан хийлгэх,
баавгай агнах, гөрөөс, буга, хулан, хавтгай, цоохор ирвэсийг өндөр үнээр агнуулдаг
. Мөн охид, бүсгүйчүүдэд зуучилж өгдөг компани, хувь хүмүүс бий болоод байгаа талаар
мэдээлэл иржээ. Үүний дагуу хэргийн араас шалгаж эхлээд байгаа аж. Гадаадын иргэд
манай оронд  аялахаар ирэхдээ хууль журмыг
уландаа гишгэж юу дуртайгаа хийдэг болсон. Хотоос гарангуутаа л хогоо замбараагүй
хаяж тэр ч бүү хэл ил гал түлээд түүнийгээ унтраалгүй явсан тохиолдол ч хэд хэдэн
удаа гарчээ. Хөдөө орон нутаг эзэнгүйдэж анхан шатны байгууллага ажлаа хийхгүй байгаагаас
үүдэн гадны орны иргэд манай улсад өөрийнхөө эх оронд байгаагаас илүүтэй  эрх чөлөөтэй байдаг болсон. Тэд усны эх бохирдуулж,
дуртай ан амьтнаа агнаж, байгалийн баялгийг хүртэл өөрсдийнхөө дураар судалж шинжилж
байна. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутгаар сүүлийн үед урд хөршийн иргэд алтны
судалгаа хийгээд явдаг болсон талаар ч мэдээлэл ирэв. Өгий нуурнаас загас бариад
явдаг БНСУ-ын иргэд Улаанбаатарын Солонгос хоолны газруудад загас нийлүүлдэг шинэ
бизнесийг эхлүүлжээ. Тэд хуулийг уландаа гишгэж байгааг зогсоох хүн Монголд алга
байна. Анхан шатны байгууллага ажлаа хийхгүй байгаагийн гор энэ мэтээр илэрч байна.
Солонгосчууд энэ долоо хоногийн бямба гаригт загас ирж барина гэж хэлээд явсан гэнэ.

Э.БААТАР   

 

Categories
мэдээ цаг-үе

Төрийн есөн хөлт цагаан туг залах бэлтгэл Шажин хурахын аманд болж байна

Монгол төрийн их баяр наадмаар есөн хөлт цагаан туг залах торгон
цэргүүд бэлтгэлдээ гарчээ. Богд уулын энгэр Шажин хурахын аман дахь бэлтгэл эхлээд
долоо хонож байгаа юм байна. Төрд данстай адуу Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд
байдаг бөгөөд наадам эхлэхээс нэг сарын өмнө энд авчирдаг. Төрийн их сүлдийг өмнө
нь есөн шарга мориор залж, урд нь яваа хонжин (хөтөчлөн яваа хүн) ганцаараа цагаан
морь унадаг байсан. Тэгвэл өнөө жилээс их тугийг цагаан мориор залах болжээ. Учир
нь 1992 онд баяр наадмаар төрийн есөн хөлт цагаан тугийг залахдаа найман шарга,
хоёр цагаан морь байна гэж заасан байдаг гэнэ. Чингэсийн эр хоёр загалыг бэлгэдэж
хоёр цагаан байхаар хуульчилж. Уг хуулийг өнөө жилээс хэрэгжүүлж буй ажээ. Тиймээс
шарга морьдын сүрэгт цагаан морь шинээр орж байгаа гэнэ. Төрийн наадмын хамгийн
хүндтэй энэхүү ёслолыг зэвсэгт хүчний 032 дугаар ангийнхан гүйцэтгэдэг. Тэд бэлтгэлдээ
гараад удаагүй байгаа ч туг залах, мориндоо мордох гээд бүх гүйцэтгэл ерөнхийдөө
жигдэрчээ. Өмнө нь уг ажилд шинэхэн цэргүүд голдуу дайчлагддаг байсан бол энэ жилээс
тус ангид ажиллаж байгаа офицерууд түлхүү байна. Сонгож авахдаа хамт олноо манлайлдаг,
үлгэр жишээч алба хаагчийг сонгож авдаг гэсэн. Энэ жилийн тухайд тус ангиас энхийг
сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн офицеруудаар туг бариулахаар болжээ.

Биднийг очих үед цэргүүд хоёр эгнээ болон жагсаад гар дээрээ суниаж
байсан юм. Удалгүй морьтой бэлтгэлээ эхлэхээр боллоо. Туг залах морьдоос гадна морин
салааны нийт бүрэлдэхүүн хамт бэлтгэл хийнэ. Яг л Төв цэнгэлдэх хүрээлэнд байгаа
мэтээр туг залж орж ирэх, нэг эгнээнд жагсан мориноосоо буух, эргээд мордох, есөн
хөлт цагаан тугийг залах зэрэг бэлтгэл хийнэ. Морьтой бэлтгэлээ өдөрт гурван удаа
хийдэг гэсэн. Бусад үед морьтой байна гэж бодоод ажиллана. Мориндоо гэвэл нэг хөлөө
дөрөөн дээрээ тавилаа, өндийлөө, мордлоо гэж төсөөлөөд дотроо тоолоод л хийчих юм.

Торгон цэргүүд өглөө 06 цагт босно. Эхлээд өглөөний гүйлттэй. Дөрвөөс
таван км гүйгээд анги дээрээ ирж өглөөний цайгаа ууна. Үргэлжлээд биеийн хүчний
бэлтгэл хийдэг. Өөрсдийнхөө бие хааг ингэж бэлдсэний дараа морьтой бэлтгэлдээ гарна.
Хоёроос гурван цаг морьдоо дасган бэлтгэл хийсний дараа өдрийн хоолтой. Тогооч нар
хээрийн бэлтгэлд хамт гардаг учраас нэг, хоёрдугаар хоол хийж өгнө. Дараа нь бас
л бэлтгэлээ хийнэ. Морьтой бэлтгэлийг өдөржин хийгээд байж болохгүй. Адуу хэт удаан
бэлтгэл хийвэл залхуураад байдаг гэсэн. Ер нь энд байгаа адуу өвөлдөө Хэнтийд байх
цэргийн ангийн адуун сүрэгтэй нийлдэг учраас хүн амьтан барьж унаад байхгүй. Тиймээс
энд ирэхдээ нэлээн эмнэгшчихсэн ирдэг ажээ. Түүнийг нь цэргүүд унаж номхруулах ажилтай
болдог юм байна. Гэхдээ олон жил туг залж яваа морьд үүргээ сайн мэддэг болчихдог
гэнэ. Бэлтгэлийн үеэр ийш тийшээ өвс зулгаагаад явчихгүй. Яг л уяан дээрээ байж
байна. Харин наадам дөхөөд ирэх үед буюу долдугаар сарын 9, 10-ны үед Туул гол дээр
аваачин усанд оруулж өнгө зүсийг нь сэргээдэг гэж байлаа. Мал угаадаг тусгай шампунь
гарчихсан учраас түүгээр угаана. Өнгө ороод л явчихдаг гэсэн. Харин хоол тэжээлийн
тухайд тусгай идэш тэжээл хэрэглэхгүй. Бэлчээрлэнэ. Яг наадмын өдөр харин гэдсээ
татчихдаг гэсэн. Цэнгэлдэх дотор ороод учиргүй бааж шээгээд байхгүй. Ялангуяа олон
жил болж байгаа хөгшин морьд ийм асуудал гаргахгүй. Ганц нэг жил болсон шинэ морьд
л цэнгэлдэх дотор “асуудал” гаргадаг юм байна. Морьтой цэргүүдийг 032 дугаар ангийн
захирагч, хурандаа Л.Батболд командлахаас гадна цэргүүдийн бэлтгэлийг ахмад Д.Хашхүү
удирдан явуулдаг ажээ. Д.Хашхүү их тугч бөгөөд зургаа дахь жилийнхээ бэлтгэлийг
хийж байгаа юм байна.

Хүндэт харуулын гэгддэг зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 90 жилийн
ой өнөө жил болж байгаа ажээ. Ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн гэсэн. Бас
алба хаагчид ангийнхаа ойн жилд зориулан олон бэлэг барьж байгаа. Тэдний нэг нь
Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байр. Бас оны мэргэжлийн аварга
салаа, рот, бательоны захирагч шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Өнгөрсөн
жил Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилсан
“Монгол цэргийн жавхаа” анхдугаар уралдааны тэргүүн байрын шагналт. Энэ мэтчилэн
салбарынхаа хүрээнд зохион байгуулагдсан бүхий л уралдаан тэмцээнд тэргүүлдэг нь
тус ангийн жагсаалтай холбоотой. Тэд жагсаалын бэлэн байдалд байнга байдаг. Шаардлагатай
тохиолдолд жагсаалын бэлтгэлийг өдөрт 4-6 цагаар хийнэ. Жирийн үед өдөрт гурван
цагаас доошгүй хугацаагаар бэлтгэл хийдэг ажээ. 90 жилийн түүхтэй тус ангиас 10
генерал төрөн гарсан. Мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, далай даян дархан аварга
Дарийн Дамдин, Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат, гарамгай баатар
Л.Дандар, гавьяат багш, хурандаа Б.Түмэн зэрэг алдартнууд 032 дугаар ангид алба
хааж байжээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Эмнэг булгиулагчид наймдугаар сард аваргаа тодруулна

Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын 2014 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 1-3-нд Увс аймагт болно.

Залуу үеийнхэн мал аж ахуйгаас хөндийрөх, уламжлалт ахуй, соёлоо гээх хандлага гарах болсон 1980-аад оноос адууг уургалах, бугуйлдах, эмнэг хангал бугуйлдах, хазаар, ногт, эмээл, түүний хэрэгсэл, уурга, бугуйлаа бэлтгэж уралдаан, тэмцээний төрөлд оруулах хөдөлгөөн өрнөж байсан юм. Энэ үед сум, аймаг, хот, улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах шийдвэрийг Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төв зөвлөл /БХТНТЗ/-ийн анх санаачилж уг тэмцээнийг Булган аймгийн Могод суманд 1989 онд зохион байгуулж байсан түүхтэй.

Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын тамирчид 1989 оноос жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. УАШТ-нд түрүүлсэн тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, улсын уран уургач, бугуйлч, шилдэг булгиулагч цол олгож ирсэн. Одоогийн байдлаар уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын төрлөөр спортын мастер 25, дэд мастер 10 тамирчин хүртээд байна.

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Буриад Монголын нийслэл Улаан-Үдийн зун

8Түрүүч нь ¹ 154 (4794) дугаарт8

Улаан-Үдэд ирсэн хүмүүсийн заавал ч үгүй очдог газар нь Ринбүчи багшийн
дацан. Хотын хойморт байрлах уг дацанд буриадууд амралтын өдөр, баяр ёслолын үеэр
байнга ирнэ. Дацан цагаан сараар, шинийн хоёронд олны хөлд дарагдана. Цагаан сараар
хүн бүр тусгайлан зассан газарт хийморийн дарцгаа өлгөнө. Дацангийн баруунтаа дарцаг
уяж байрлуулдаг газар бий. Салхин талдаа болохоор дарцгууд бүтэн жилийн турш намирна.

Эндхийнхэн цагаан сарыг тийм ч өргөн тэмдэглэдэггүй юм байна. Шинийн
нэгний өглөө ахан дүүсээрээ нэгний­дээ цуглана. Айл болгон хүн тус бүрт бэлэг зэхэж,
сүү авчирцгаана. Нэг нэгэндээ сүүгээ барьж, бэлэг сэлт өгнө. Орой болтол ууж дуулж,
сайхан зүйлсээ хэлэлцээд тарцгаана. Түүнээс биш айл айл хэсч хамаатан, садан, танилуудынхаараа
орно гээд яваад байдаггүй гэсэн. Гэхдээ сүүлийн үед Улаан-Үд гэлтгүй Буриадын бусад
аймгуудад монголчууд цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэх хандлагатай болжээ. Түүгээр
ч барахгүй 25-аас дээш насныхан буюу залуу эцэг эхчүүд үр хүүхдэдээ монгол нэр өгөх
болсон гэнэ. Залуус эцэг эхдээ хандан “Надад яагаад монгол хэл заагаагүй юм бэ.
Яагаад та буриад хэл мэддэг мөртлөө буриадаар ярьдаггүй юм бэ” гэж асуух болсон
гэсэн. Буриадууд гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхдаа аль болох буриадаараа
ярихыг хичээх юм. Гэхдээ хэлж байгаа арван
үгний гурав дөрөвхөн л буриад байх жишээний.

Нэгэн бяцхан охин эмээ­дээ “Эмээ би та нарыг буриа­­даар ярихыг сонсоод
ойлгоод байдаг хэрнээ өөрөө ярихаараа оросоор ярьчихаад байх юм. Миний чих буриад,
хэл орос байх аа” хэмээн гайхжээ. Үүнээс нь үзэхэд буриадуудад монгол хэл, буриад
аялгуу яс маханд нь шингээстэй ч орчин нь орос учир оросоор сэтгэхээс өөр арга ч
үгүй юм уу гэж бодогдох.

Улаан-Үдэд ямарваа нэг байгууллага, тэр дундаа соёл урлаг, шашны
байгууллагууд нь буриад, орос гэсэн хоёр тодотголтой. Буриадын сонгодог урлагийн
театр гэж байхад Оросынх гэсэн тодотголтой том сайхан театр ч байна. Буриадын түүхийн
музей, буриадаар гардаг сонин, хүүхэлдэйн театр гээд буриадуудад зориулсан газрууд
олон байдаг аж.

Пүрэв, баасан гаригуудад хотын төв талбай хүнээр дүүрнэ. Талбайн
баруун талд хосуудыг бүртгэж, гэрлэлтийн баталгаа олгодог газар бай­даг. Батлуулаад
гарч ирсэн хосуудыг найзууд нь угтан сар­найн дэлбээ, задгай зоос шидэж баяр хүргэнэ.
Шинэхэн гэрлэсэн хосууд тагтаа нисгэдэг уламжлалтай. Тагтаа үржүүлж, тагтааны ийм
төрлийн бизнес эрхлэгчид, цэцэг зардаг хөгшид хурим хийж байгаа газрын ойр хавьд
нь зогсоцгооно. Эхний хоёр хос батлуулаад гарч байхад дараагийн хосууд нь машин
дотроо хүлээж сууна.

Төв талбайд хурим болж байхад хүүхдийн хувцасны дэлгүүр гэсэн тодотголтой
байсан том барилгын хойд талбай хүүхдээр дүүрчихнэ. Паркт байдаг эргэлддэг элдэв
төрлийн тоглоомуудад хүүхдүүд сууна. Одой моринд хөлөглөсөн сүйх тэрэг, одой морь
унуулах үйлчилгээ ч байна.

Улаан-Үдийнхэн ихэвчлэн Эрээн болон Улаанбаатараас бараагаа татдаг.
Барааны зах, дэлгүүрээр нь явбал манай “Бөмбөгөр”, “Нарантуул” захаар явж байгаагаас
ер ялгагдахгүй, барааны үнэ нь манайхаас үнэтэй. Улаан-Үдийн буриадууд “Монголд
бараа хямдхан гэдэг үнэн үү. Монголоос дуучид, уран бүтээлчид ирж тоглолт хийж болдоггүй
юм байх даа. Ирвэл бид үзмээр байна. Бас яармаг, худалдаа зохиогоосой. Улаан-Үдэд
монгол дэлгүүр байгуулж болох уу. Далай лам Монголд ирнэ гэнэ үү. Ирнэ гэвэл тосч
золгохсон” гэх мэтээр сураглаж байлаа.

Эндхийн брэнд бараа бол булган шуба, малгай, унты буюу цаа бугын
арьсан гутал.

Зун боллоо гээд шуба, малгай, гуталныхаа үнийг навс буулгачихдаггүй.
Зун ч гэсэн гүйлгээтэй. Наймаачид өдийд гутал их хэмжээгээр худалдан авч дараад
намар гаргаж үнэ хүргэнэ. Тийм болохоор үнийг нь хямдруулахгүй. Саяхан Монголоос
хэсэг наймаачид ирээд гутал бөөндөөд яваад явжээ.

Төв зах дээр нь булган малгай загвар, хийцээсээ хамаарч
5500-13000 рублийн үнэтэй байна. Харин шубанууд 75 мянган рублиэс эхлэх аж. Гэхдээ
улирлаас хамаарч хямдарчихаад байгаа нь энэ гэнэ.

Харин цаа бугын арьсан гутал сувдан чимэглэлтэй бол 11000 рубль,
сувдан чимэглэлгүй, энгийн нь 10000 рублийн үнэтэй байлаа. Өвөл бол ийм гутлуудыг
13-15 мянган рублиэр худалдана. Цаа бугын шилбэний арьсаар гутал хийдэг юм байна.
Эмэгтэй хүний нэг гутланд дөрөв буюу нийт найман шилбэний арьс ордог бол эрэгтэй
хүний гутал хийхэд арав хэрэгтэй.

Арьсыг нь технологийн төвд өгч боловсруулдаг аж. Гут­лын гадар, дотор,
ул, чимэг­лэлийг тус бүрт нь мэр­гэш­сэн оёдолчид оёж шиддэг бөгөөд гутлыг хэвлэж
бэлэн болгоход таван өдөр зарцуулдаг гэсэн. Бор арьстай гутал бол гэрийн тэжээмэл
цааны арьсаар хийсэн нь. Харин цагаан нь уулын зэрлэг цааных. Эдэлгээний хувьд бор
цааны гутал ус, чийг даахдаа сайн, илчээ алддаггүй, бөх юм байна.

Унты зардаг хүмүүс ихэвч­лэн гэр бүлээрээ энэ бизнесийг эрхэлнэ.
Унтыны наймаачид “Бид чинь олон монгол найз­тай. Байнга ирж гутал авдаг найз олон
шүү. Тэд чинь нэг ирэхээрээ бөөндөөд аваад явчихдаг. Улаанбаатартаа цаа бугын арьсан
гутлын дэлгүүр нээчихсэн байдаг гэсэн” гэцгээнэ. Нутгийнхан “Унтытай өвөлжсөн хүн
өөр гутал өмсөх дургүй болчихдог” хэмээн ярих дуртай.

Жимсний худалдагчид “Дол­дугаар сарын эхээр ихэнх жимс боловсорчихдог
юм. Гэхдээ одоо жимснүүд түүхий гэсэн үг биш. Лийр боловсорч гүйцэхээрээ ямар эмзэг
зөөлхөн болдог гэж санана. Тэр үед нь амтархвал дахиж идмээр санагдаад байдаг” гэлээ.
Хүнсний зах нь жимс, ногоогоор элбэг. Зүсэн зүйлийн жимстэй.

Буриад улсын газар нутгийн 90 орчим хувь нь ой модтой учир модны
эх орон гэж хэлж болно. Бүх эд зүйлс нь мод, модтой холбоотой. Модны давирхайнаас
гаргаж авсан бохинд Улаан-Үдийнхэн дуртай. Чанаж, жигнэсэн гээд боловсруулсан аргаасаа
хамаарч бохины өнгө хул шар­галаас кофены бор хүр­тэл өнгөтэй. Эрхийн чинээ хэмжээтэй
бохь 10 рублийн үнэтэй байлаа. Модны давхир­хай амтагдах бөгөөд шүдэнд наалдахгүй.

Эндхийн мал яагаад ч юм айхавтар тарга авдаггүй гэнэ. Монголын малтай
харь­цуул­бал өөхөн давхарга багатай. Буриадууд зуны цагт хааяа нэг ах дүүстэйгээ
нийлж хонь гаргаж, шинэ шөл ууна. Төлгийг 6000-7000 мянган рублиэр авдаг аж. Энд
хонины нэхий, өлөн авдаг ченж гэх хүмүүс байдаггүй болохоор нэхий, шийр, толгой
зэргийг нь хаячихна.

Хүнсний захын махны тасгаар нь оров. Хүмүүс ихээр дугаарлаж зогссон
хэсэг нь дайвар бүтээгдэхүүний тасаг. Үхрийн уушги, гүзээ, сархинаг, цус, адууны
умс, китаа, гахайн шийр, чих зэргийг ангилаад таваглачихаж. Борлуулалт сайтай байдаг
гэсэн.

Захын гадуур цэцэг, урга­­мал, үр зарна. Оросууд цэцгэнд их дуртай.
Ямар ч баяр ёслол, цайллагад оролцсон бай цэцэг барьж очно. Оросуудын хурим найр,
баяр цомхон хүрээнд болж өнгөрдөг бол буриадууд өргөн дэлгэр тэмдэглэнэ. Оросууд
“Танайд хурим хийгээд “шатна” гэж байхгүй шүү. Зарснаасаа илүүг л олно уу гэхээс
биш дутаана гэж байдаггүй байх” гэдэг гэнэ. Буриадууд ямар ч баярт  очсон бүгдээрээ бэлэг бэлдэнэ. Эсвэл бултаараа
нийлээд ядруухан яваа нэгэн­дээ тусламж үзүүлж “Дараа тэднийд тийм юм авч өгнө”
гэж төлөвлөдөг аж. Бие биенээ гэдэг энэ занг нь оросууд ихэд магтдаг гэнэ лээ.

Д.ГАНСАРУУЛ

Үргэлжлэл
бий

Categories
мэдээ цаг-үе

Д.Сосорбарам: Надад багахан төсөв өгсөн ч Монгол төрийн наадам омогшмоор сайхан болно

Үндэсний их баяр наад­мын нээлт, төрийн их ёсло­л хүндэтгэлийн
тоглолтын ерөнхий най­руулагч, Монгол Улсын төрийн шагналт, гавь­яат жүжигчин Д.Сосор­барам­тай
уулзаж ярилцлаа.

-Үндэсний
их баяр наад­мын нээлт болоод төрийн хүн­дэт­гэлийн ёслолын ерөн­хий найруулагчаар
та ажил­лах юм байна. Та өмнө нь хэд хэдэн удаа төрийн энэ их ёслол хүндэтгэлийн
баярыг найруулсан байх аа?

-Наадмын ерөнхий най­руу­лагчаар хоёр дахь удаа­гаа ажиллах гэж байна.
Өмнө нь төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар, хөгжмийн зохиолч, “On
&  of”-ын Ононбат хоёрын зөвлөхөөр ажиллаж
байсан. Өнгөрөгч жилийн наадмыг өөрийнхөө багийнхантай, шавь нартайгаа хийсэн. Энэ
жилийн Төв цэн­гэл­­дэх хүрээлэнгийн ёслолын ажиллагаа, төрийн хүндэтгэлийн уран
бүтээлийн цэнгүүн хоёрыг ерөнхий най­руу­лагчаар зангидаж ажиллах болсон. Ноднин
надтай хамт ажилласан багийнхан, авьяастай уран бүтээлчид ажиллана. Тайз болоод
төв цэнгэлдэхийн уран бүтээлийг найруулан дэглэхээр соёлын тэргүүний ажилтан, бүжиг
дэглээч Д.Баярбаатар, Сономын Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн” дээд шагналт
бүжиг дэглээч Энх­гэрэл хоёр ажиллах боллоо. Би энэ хоёрт энэ жил илүү итгэл хүлээлгэж
“Бүжиг дэглэхээс гадна найруулагчаар ажилла. Та нарын найруулгын галбирыг харж өөрийнхөө
санаа оноог нэмнэ” гэсэн болохоор хүүх­дүүд маань урамтай ажиллаж байгаа. Ажил маань
харин түрүү жилийнхээсээ овоо өмнө эхэлчихлээ. Ноднин Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар
сарын 26-нд бол­сон. Тиймээс бидний бэлтгэл үндсэндээ долдугаар сарын 2-ны өдрөөс
эхэлж байсан. Төв цэнгэлдэхийн нээлтийн ажиллагааг тав хоног дотор найруулж, гурван
мянга орчим хүн оролцсон. Энэ жил нээлтийн ажиллагаанд таван мянга гаруй хүн оролцоно.

-Энэ
жилийн баяр наад­мын нээлтэд урлагийн ямар төрлийг гол болгон най­руу­лан барих
бодолтой байна?

-Сонгодог, үндэсний гэсэн Монголд үүсэн хөгжиж байгаа урлагийн бүхий
л төрөл орол­цоно. Ер нь цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн ёслолыг олон хүмүүсээр
дүүр­гэх­гүй бол горьгүй байдаг. Тиймээс Батлан хамгаалах яамтайгаа хамтарч ажиллаж
байгаа. Ноднин ч хамтран ажилласан. 

Батлан хамгаалах яамнаас дэлхийд Монголын нэрийг
гаргаж байгаа мянган хүнээ надад өгч байгаа. Ямар мянган хүнийг нь би хэлэхгүй.
Наадмын өдөр үзэцгээг. Цэргийн сүрт жагсаалд дээд байр эзэлсэн багуудаа өгч байгаа.
Мэдээж, төрийн есөн хөхөлт цагаан тугаа залах ёслол болно. Нууцаа би тэр бүр дэлгэхийг
хүсэхгүй байна. Харин нэг зүйлийг ард түмэндээ дэлгэх учиртай гэж бодож байна.

-Таны
дэлгэхийг хүсэж байгаа тэр зүйл чинь юу билээ?

-Ноднин наадмын соёл урлагийн үйл ажиллагаанд нэг тэрбум төгрөг зарцуулсан
гэж зарласан. Тэрбум төгрөгөөр дэндүү аятайхан наадам хийж болно. Харамсалтай нь
нэг тэрбум төгрөг зарцуу­лаагүй л дээ. Энэ жил 900 сая төгрөг зарцуулна гээд зар­лачихлаа.
Энэ чинь Чингис хааны талбай, Хүй долоон худагт болох урлаг соёлын тоглолтуудын
нийт зардал ороод тэр. Миний багийнханд Төв цэнгэлдэхийн нээлтийн үйл ажиллагаанд
250 сая төгрөг, Соёлын төв өргөөнд болох төрийн хүндэтгэлийн тоглолтод 50 сая төгрөг
л төсөвлөсөн байгаа. Үүнийг олон түмэн наадамчдадаа зориудаар зарлахгүй бол “Сосорбарам
гэдэг хүн тэрбум төг­рөгөөр наадам хийсэн нэртэй зулаад байна” гэж ойлгож магадгүй
юм. Таван мянган хүн цэнгэлдэхэд, мянга гаруй уран бүтээлчид тайзан дээр ажиллана.
Энэ жилийн тайзны уран бүтээлийн нэг онцлог нь 21 эмэгтэй уртын дууч, 21 эрэгтэй
хөөмийч, арав гаруй товшуур хөгжимчин оролцохоос гадна 33 биелээч урьд өмнө бүжиглэж
байгаагүй их хурдтайгаар биелнэ. Эвэр бүрээ, цордон, бишгүүр зэрэг жаран хүний бүрэлдэхүүнтэй
Монголын жинхэнэ үндэсний их үлээвэр найрал хөгжим тоглоно. Үүнийг би шинээр бий
болгож анх удаа тавьж байгаа юм. Цаашдаа Монгол үндэстний төрийн их найрал хөгжмийн
эх үндэс энэ болно. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Соронзонболдын судалгаа ч их
нэмэр болж байна. Төрийн их найрал хөгжим 500-800 хүний бүрэл­дэ­хүүнтэй байсан
гэдэг. Энэ наадмын уран сайхны удир­дагчаар “Хөсөгтөн” хамт­ла­гийн хөөмийч Ариука
буюу Ариунболд, туслах най­руу­лаг­чаар Божо, миний туслах найруулагчаар Жавхлантөгс
гэсэн авьяаслаг залуус ажиллаж байна. Би эд нартаа “Өөрсдийн шавь нараа бэл­дээд
ажилла” гэж итгэл үзүүлж байгаа. Энэ жилийн наадам сайхан болно. Монгол хүн бүхэн
монголоороо бахадтал “Босоо заяатай Монгол” гэсэн цогц ёслол хүндэтгэл байх болно
гэж би ам бардам хэлж чадна.

-Оролцох
уран бүтээлч­дийг сонгох тал дээр бэрх­шээл гарч байна уу?

-Онцгойлж хэлэхэд АНУ, Японд урилгаар ажиллах гэрээтэй, дэлхийд нэртэй
балетчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Алтанхуяг маань “Ах аа, би “Алтан бур­хан”
гэдэг бүжгээ төрийнхөө наадамд бүжиглэж болох уу” гэж саналаа ирүүлсэн. Болохуугаар
барахав дээ, би үнэн зүрхнээсээ баярлаж хүлээж авсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн
Баатаржав гэж манай урдаа барьдаг алдартай удирдаач байлаа. Бурхан болооч найз маань
“Миний хүүгийн найрал хөгжим удирдахыг чи хараасай, уран бүтээлдээ оруулаасай” гэж
хүсдэг байсан. Найзынхаа хүсэлтийг амьдад нь биелүү­лээгүй ч энэ жил хүүг нь урьж
байгаа. Дэлхийн шилдэг арван удирдаачид багтсан Баатаржавын Энхбаатар гэж мундаг
хүү бий шүү дээ. Долдугаар сарын 2-нд ирнэ гэсэн. 

Тэр хүүг би урьд нь харж байгаагүй
л дээ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Хангал, Нацагдорж нарын шилдэг бүтээлүүдийг
удирдаж тог­луулна. Удирдаачдаас Бүтэн­баяр, ҮДБЭЧ-ын удир­даач Ганбат, “Баян Монгол”
чуул­гын дагшаа найрал хөгж­мийн удирдаач Нямдорж нарын сэтгэлтэй, сэтгэлгээтэй
удирдаач нартай хамтран ажиллана.

-Таны
удирдлагад урлаг соёл, олон нийтийн олон байгууллага хамтран ажиллах уу?

-Улсын филармони, ДБЭТ, ҮДБЭЧ, ҮДЭТ зэрэг манай улсын мэргэжлийн
урлагийн байгууллагуудаас гадна Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас орон
нутгийн бүжигчдээ оролцуулахаар болоод байна. Тэрчлэн олимпод ордог цэнгээнт бүжгийн
төрлийн 500 гаруй бүжигчид оролцоно. Тиймээс миний багцад байгаа 300 сая төгрөгийн
төсвөө мөчиг тачигхан л хүргэнэ дээ. Өөр яалтай билээ.

-Ноднингийнхоос
энэ жилийн наадамд зарцуулах таны богцон дахь мөнгө тийм ч их өсөөгүй юм байна.
Та болохоор бараг хоёр дахин олон хүн хүчээр наад­мыг “зодох” гээд байна шүү дээ.
Гэтэл өнгөрөгч нэг жилийн хугацаанд аливаа зүйлийн үнэ хэд дахин нэмэгд­сэн байгаа.
Яаж болгоно гэж бодож байна. Уран бүтээлчдийн үнэ ханш эсвэл навс уначихсан юм уу?

-Уран бүтээлчдийн үнэ цэнэ гэдэг мөнхөд гайхамшигтай байсаар байх
болно. Ер нь би уран бүтээлчдийн авьяасыг өндөр үнэлэх гэж оролддог. Омог бардам
хэлэхэд ямар ч найруулагчдаас миний бүтээл орсон уран бүтээлчид нэлээд дөнгүүр үнэлгээ
авдаг. Гэхдээ миний багцад 900 сая төгрөг байгаа гэж бодоод байвал үнэхээр хэцүү.
Тэгж сонссон манай зарим нэг хамтлаг, дуучид “Нэг дуугаа зургаан сая төгрөгөөр дуулна”
ч гэх шиг том том үнэ ханш хэлж байна лээ. Тэгж тооцвол миний биш төрийн бяд хүрэхгүй.
Хэрвээ миний хувийн тоглолт байсан бол энд тэндхийн дүү нараасаа мөнгө цуглуулж
байгаад хэлснийг нь өгч болно. Монгол төрийн наадам учраас төр л санхүүжүүлэх учиртай
биз дээ. Тийм учраас энэ жилийн уран бүтээлчид тодорхой хөөрхөн урамшил шагнал авах
нь авна, гэхдээ хуучин шиг өгч чадахгүй нээ гэдгийг би эртхэн дуулгахгүй бол горьгүй.
Миний багц бол ердөө 300 сая төгрөг. Таван зуун сая төгрөгийг гэхэд Чингис хааны
талбайд болох шөнийн цэнгүүнд зарцуулж байгаа юм билээ. Нэг зуун сая төгрөг нь бодвол
Хүй долоон худаг руугаа явах байх л даа.

-Уран
бүтээлчдийн хув­цас хунар гэхэд ноднингийнхийгоо ашиглаж болохгүй юу?

-Энэ жил шинээр бас хувцас хунар шинээр хийх нь. Ноднин 999 хүний
хувцас хийж байсан. Санаанд орж байгаагаар монгол цэргийн хувцас хунар байна. Богд
хаант Монгол Улсын үеийн мянга гаруй туг далбаа гээд зөндөө зүйл байна. Тэр бүх
эд зүйлсийг БХЯ-ны харьяа Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын мэдэлд өгсөн. Тэрийг
чинь янз бүрийн үйл ажиллагаанд улсын нэрийн өмнөөс ашигласаар байгаа. Миний нэг
бодол бол уран бүтээлчдэд өөрсөнд нь өгөөжтэй хувцасхийлгэх юм.

-Танаас
Монгол наадмын ерөнхий дэглээчийн чинь хувьд нэг зүйл асууя гэж бодлоо л доо. Сүүлийн
жилүүдийн наадмын нээлт, хүндэтгэлийн ёслол, урлагийн тоглолтыг хараад байхад Баруун
Монгол чиг­лэ­лийн хөөмий, товшуур, бий бийлээ зэрэг урлагийн төрлүүд зонхилоод
байх шиг. Гэтэл хөөрөлдөж суугаа та бид хоёроос өгсүүлээд монголчуудын дийлэнх нь
халх монгол гэсэн тодор­хойлолтод багтдаг. Төр барьж байгаа эрхмүүд арай өөрийн
ястныхаа урла­гийг сурталчлах гээд найруулагчдыг шахдаг юм биш биз. Ноднингийн наадмын
нээлтээр “Харанга” хамтлагийн гавьяат дуу­чин Х.Лхагвасүрэнг “Ар хал­хынхаа дэнж
дээр торгоор уралдсан наадам” гэж “Толин хул”-аа дуулахад цэнгэлдэх даяар түрхрэн
дэмжиж байсан даа?

-Хүмүүс нарийн анзаарах­гүй байна. Ноднин манай монгол туургатны
торгууд, хотон, буриад гээд бүх ястан, үндэстний бүжиг биелгээнүүд тус тусдаа араншин
гаргаж ороод жаргасан байгаа. Энэ жил арай ондоо төрхтэй явна. Сонгодог, үндэсний,
орчин үеийн, цэнгээнт гэсэн тэр олон төрхийг наадмын талбайд л хараг. Түрүүлээд
ярьчихвал монголчууд наадам үзэхээ больчихно шүү дээ. (инээв.сур)

-Наадам
үзэх гэснээс монголчууд маань зурагтаа ширтсэн шиг нааддаг болчихсон шүү дээ?

-Зурагт араажавынхан наа­дам эхэлсэн өглөө цэнгэл­дэхэд шууд яваад
оччихдог. Найруулагчийн тавьсан шийдлийг ганцхан өнцгөөс үзүүлдэг учраас суваг бүхэн
хоорондоо ялгарахгүй нэг л зүйл үзүүлээд байдаг нь үзэгчдийг залхаадаг. Тиймээс
намайг наадмын ёслолыг найруулж байх үед зурагтын найруулагчид маань эртхэн үйл
ажиллагаатай танилцаад өөрсдийн зураг авах шийдлээ олчих хэрэгтэй. Ямар ч цэнгэлдэхэд
болж байгаа сайхан үйл явдлыг хажуугаас нь харуулах утгагүй байдаг. Уг нь цэнгэлдэхийн
дээрээс ч юм уу, сонирхолтой шийдлээс үзүүлэх хэрэгтэй л дээ. Хүнээсээ олон зурагт
араажав байгаа мөртлөө нэг л янзын юм үзүүлнэ гэдэг гунигтай. Тиймээс “Өдрийн сонин”-оороо
дамжуулаад телевизийн найруулагчдад хаанаас нь зургаа авбал юу нь сайхан харагдах
вэ гэдгийг би заагаад өгч чадна шүү гэж хэлье дээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Монголд үр шилжүүлэн суулгах аргаар 19 хүүхэд мэндэлжээ

Монгол Улсын “Баянгол” эмнэлэг үр шилжүүлэн суулгах лабораториор 2011 оноос хойш 16 эхээс 19 хүүхдийг амжилттай төрүүлсэн бол одоо 20 гаруй эмэгтэй ээж болох бэлтгэлээ базааж байна.

Манай улсад үр шилжүүлэн суулгах оношилгоо, эмчилгээ хийдэг хувийн хэвшлийн “Баянгол”, “Анухай” гэсэн хоёр эмнэлэг байгаа юм. Тэд үр шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүсийн 20 хувьд  хүрч үйлчилж байна. Харин цөөнгүй эмэгтэйчүүд БНСУ, Тайландад үр шилжүүлэн суулгуулж байгаа юм. “Баянгол” эмнэлэгт үр шилжүүлэн суулгуулсан нэгэн эх энэ сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт эсэн мэнд амаржлаа. Хорвоод дөнгөж мэндэлсэн хүүгийн биеийн байдал сайн, 3.8 килограмм жинтэй төржээ. Харин эх орондоо үр шилжүүлэн суулгах аргаар төрсөн 19 хүүхдийн дунд эмэгтэй эрэгтэй хоёр ихэр нэг, гурван ихэр нэг байна.