Categories
мэдээ нийгэм

Орхон аймагт “Хүүхдийн эрх-2014” уулзалт болж байна

Өнөөдөр “Олон хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож буйтай холбогдуулан УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдын ивээл дор “Хүүхдийн эрх-2014” уулзалт зөвлөгөөн Орхон аймагт болж байна. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын даргын хүүхэд багачуудад зориулсан илгээлтийг УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо уншиж танилцууллаа. Энэхүү зөвлөгөөнд төвийн болон зүүн аймгуудын төлөөлөл болсон 2500 хүүхэд залуучууд оролцож байгаа юм. Хүүхдийн өмнө тулгамдсан асуудал, хүүхдийн эрх хамгаалал, нийгмийн бусад асуудлуудыг хэлэлцэхээр зөвлөгөөнд  13 аймаг, 6 дүүргийн Засаг Даргын Тамгын газрын холбогдох ажилтнууд, Хуульзүйн үйлчилгээний хэлтсийн дарга нар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам,  Хуульзүйн яамны төлөөлөгчид оролцож байна. Энэ зөвлөгөөнийг хүүхдүүд удирдаж байгаагаараа онцлогтой бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас тавьсан илтгэлийн дараа нэгдсэн уриалга гаргах юм байна. Зөвлөгөөнөөр тавьсан илтгэлүүдэд,  “Мянганы хөгжлийн зорилт (1990-2015)”, “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр (2000-2015)-ийн  хүрээнд манай улс хүнд нөхцөлд байгаа хүүхдийн аж байдлыг сайжруулах гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгааллын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлж ажилласан сургамждаа тулгуурлан цаашид, 2015 онд хүүхэд хамгааллын асуудлуудыг “үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих” явдлын хүрээнд нарийвчлан авч үзэж, Монгол улсын хүүхэд хамгааллыг бэхжүүлэх дунд хугацааны стратеги зорилт дэвшүүлэн хойшлуулашгүй арга хэмжээнүүдийг авах шаардлага бий болсныг мэдэгдэв.

Мөн Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг юм. Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталснаас хойш 193 орон уг конвенцид нэгдэн ороод байна.  Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, улс орнуудын хүүхэдтэй холбоотой хууль тогтоомж, бодлого ба үйл ажиллагаанд даган мөрдөх наад захын стандарт хэмжээ бөгөөд хүүхэд бол идэвхтэй эрхээ эдлэгч гэсэн эерэг байр суурийг дэмждэг байна. Мөн конвенцид хүүхэд ямар эрхтэйг зааснаас гадна улс орнууд тэдгээр эрхийг бодитоор амьдралд хэрэгжүүлэхийн тулд хариуцлага хүлээдэг гэдгийг ч онцолсон. Монгол Улсад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль хууль зэрэг олон хууль тогтоомжид хүүхдийн эрхийг баталгаажуулж өгсөн талаар дэлгэрэнгүй мэдээллийг сонсов. Мөн цаашид Хууль тогтоох дээд байгууллагын зүгээс хүүхдийн эрх хамгааллын асуудлыг боловсронгуй болгоход юунд анхаарах гэх мэт асуудлуудыг зөвлөгөөнд оролцож буй 2500 гаруй хүүхдүүд залуучууд хөндөн ярилцаж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ивээл дор зохион байгуулж буй “Хүүхдийн эрх-2014” уулзалт зөвлөгөөн Орхон аймагт үргэлжилж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний түүхийн музей хүүхдүүд үнэгүй үйлчилнэ

Монголын Үндэсний түүхийн музей Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан хүүхэд багачууддаа үнэгүй үйчилж байна. Тус музей нь нэн эртний чулуун зэвсгийн үеэс эхлээд өнөөг хүртэлх үеийн түүх, архелоги, угсаатны холбогдолтой 50 мянган орчим үзмэрээс бүрддэг. Эртний Монголын түүх, уламжлалт хувцас, гоёл чимэглэл, Монголын эзэнт гүрэн, Богд Хаант Монгол Улс, Ардчилал, шинэчлэлийн үе зэрэг арван танхимтай Үндэсний музей 17.00 цаг хүртэл ажиллана.

Categories
мэдээ нийгэм

“Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдааны шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдааны шилдгүүд өчигдөр/05.31/ тодорлоо.

Эхний шалгаруулалт аймаг тус бүрт болж, тэндээс шалгарсан хүүхэд залуус улсын уралдаанд оролцсон нь энэ арга хэмжээний цар хүрээг өсгөлөө гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд орон нутагт энэхүү уралдааныг амжилттай зохион байгуулсан аймгийн удирдлагуудад баяр хүргэлээ.

“Залуу зохион бүтээгч 2014” уралдааны шилдгүүдэд Ерөнхий сайд шагнал гардуулахдаа “Монгол хүүхэд, залуучуудын сэтгэн бодох, зохион бүтээх чадвар жилээс жилд өсч байгааг харуулсан уралдаан боллоо. Шинийг бүтээгч залуучууд та бүхэн монгол эх орондоо илүү ихийг хийж бүтээгээрэй” гэж хэллээ.

Уралдааны тэргүүн байрт Говьсүмбэр аймгийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ шалгарч, ШУТИС, МУИС, ХААИС-ийн аль нэгийг сонгож, тэтгэлэгтэй суралцах эрх болон 10 сая төгрөг гардлаа. Тэрбээр бага оврын тракторын хажууд дүүжин их бие буюу цагт 360 боодол өвс ачих ачигч хийжээ.

“Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдааны шилдэг 15 оролцогчийг шагнаж урамшуулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярт зориулсан хөтөлбөрүүд

Нийслэлийн Засаг даргын тамгын газар 

06 дугаар сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.

 Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга

06 дугаар сарын 01-нйи өдрийн 10:00,12:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.

 Улсын драмын эрдмийн театр

06 дугаар сарын 01-нд 1500,1700 цагуудаас С.Михайловын “Бардам туулай” Хүүхдийн жүжиг , 2000 цагаас Н.Ганхуягын найруулга “Бүүвэй” 3 бүлэгт уянгын драмын жүжиг өөрийн тайзнаа тоглоно.

АСА Цирк

06 дугаар сарын 02-ныг хүртэл Оросын Одойчуудын циркийн тоглолт ажлын өдрүүдэд 15:00, 19:00 цагуудаас, амралтын өдөр 12:00, 19:00 цагуудаас 06 дугаар сарын 01-нд 12:00, 15:00, 19:00 цагуудаас тус тус тоглоно. 

05 дугаар сарын 31-нд Маскрад шоу 11:00 цагаас Ялалтын талбайгаас хөдлөөд цирк рүү ирнэ.

10:00 цагаас “Ice cream” фестиваль  АСА Циркийн гадна талбайд болно. /үнэ төлбөргүй/

Нийслэлийн Улаанбаатар  чуулга

05   дугаар сарын 29, 30 ,31-нд Мөрөөдлийн суваг телевизийн “Бонгын аялал” тоглолт,

06 дугаар сарын 01- нд Тотал мюзик- тоглолт

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн Соёлын төв ордон

05 дугаар сарын 31-нд 11:00,13:00 цагуудаас Маск пордакшны “Мөсөн хатан”,

05 дугаар сарын 31-нд 16:00 цагаас “Хөгжилтэй алиалагч” тоглолт

Улаанбаатар палас

06 дугаар сарын 01-нд Мөрөөдлийн театрын Хүүхдэд зориулсан жүжиг 12:00, 15:00 цагуудаас тоглоно.

Монголын хүүхдийн ордон

06 дугаар сарын 01-нд Хүүхдийн баярын нээлтийн ажиллагаа гадна талбайдаа

06 дугаар сарын 01-нд “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргана – А фойед

05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-нд 1:00, 14:00 цагуудаас Хүүхдийн баярт зориулсан  урлагийн тоглолт

06 дугаар сарын 01-нд 12:00-15:00 цагт гадна талбайдаа Цардмал замын зургийн тэмцээн Гадна талбайд

06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагт Шатар, даамны тэмцээн зохион байгуулна

06 дугаар сарын 01-нд 12:00-150:0 цагт Эко өдөрлөг зохион байгуулна

 Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар

Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамт болон хороодоор хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын парад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл

06   угаар сарын 01-нд 11:00 цагаас Хүүхдийн баярын арга хэмжээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар 

06 дугаар сарын 01-нд 10:00 цагт Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ /500 хүүхдэд бэлэг гардуулах үйл ажиллагаа/- Буянт-ухаа спорт цогцолборт болно.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар 

06 дугаар сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээ- Тусгаар тогтнолын талбайд болно.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар

06 дугаар сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын  арга хэмжээ Хороо тус бүрт нэгэн зэрэг болно.

Үндэсний Соёл амралтын хүрээлэн

06 дугаар сарын 01-нд 13:00-17:00 цагт Хүүхэд багачуудад зориулсан урлагийн  тоглолт, 19:00-20:00 цагт Амьд хөгжмийн тоглолт, 2000-2100 цагт Залуучуудад зориулсан хөтөлбөр тус тус Их тайзан дээр, 1400-18:00 цагт Үлгэрийн цаг, гэр бүлийн буухиа тэмцээн, хөгжөөнт тоглоом, хүүхдийн тэмцээн бага тайзан дээр тус тус зохион байгуулагдана.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

06 дугаар сарын 01-нд 10:00-13:00 цагт ТВ-5 телевизийн хүүхдийн нэвтрүүлэгтэй хамтарсан хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, арга хэмжээ

06 дугаар сарын 01-нд 12:00-20:00 цагт “Бидний хүслэн- ногоон хотхон” өдөрлөг зохион байгуулна 

Categories
мэдээ нийгэм

Төрийн гурван өндөрлөг хүүхдийн баярын арга хэмжээнд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар өнөөдөр хүүхдийн баярт зориулсан арга хэмжээнүүдэд оролцож баяр хүргэх юм байна. 13.00 цагаас Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтарсан “Хүүхдийг сонсоё-Хүүхдийн баяр” арга хэмжээ Сансар судлалын музейд эхэлсэн юм.

Баярын ажиллагаанд хүүхдүүдийн төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохаммед Малик Фолл нар оролцжээ. Тус арга хэмжээ 15.00 цагаас дуусах аж. Мөн 12.30 цагт болсолн хүүхэд, залууст зориулсан бүтээн байгуулалтын ажлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлжээ. Мөн 12 цагаас   М-Си-ЭС проперти ХХК, Хүүхдийн төлөө үндэсний газрын хамтарсан “Гэр бүлийн хөгжлийг дэмжих мөрөөдлийн “Вива-Хүүхдийн баяр” Вива сити залуус хороололд эхэлжээ.Баярын ажиллагаанд Монгол улсын Их Хурлын дарга З.Энхболд, ХАХНХ-ын Сайд С.Эрдэнэ, ХАХНХ-ын Дэд сайд Э.Тамир, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа нар оролцсон байна. 

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв талбайд хүүхэд багачуудын инээд хөөр цалгиж байна

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баяр бол яах аргагүй зургадугаар сарын нэгэн. Энэ жилийн баяр нар ээсэн сайхан өдөр тохиож байна. Нийслэлийн багачуудын баяр хөөр өглөө 11 цагаас эхэлж Засаг дарга Э.Бат-Үүл хүүхдийн баярыг нээж үг хэллээ. 

Тэрээр хүүхдүүдэд баяр хүргээд “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөлөө. Энэ жил “Хүүхдийн баяр”-ын үйл ажиллагаа Чингэсийн талбайд дуу хөөр цангинан сүр дуулиантайгаар эхлэв. Талбайд зассан тайз, нээлтийн үйл ажиллагаа гээд их өвөрмөц содон байдлаар эхэллээ. Талбайн баруун талд тайз зассан бөгөөд талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулжээ. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж байв. 

Тэд баярын хөтөлбөр дуустал хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна.  Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулсан байв. Баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор нар оролцож ая дуугаа өргөж байна. Түүнчлэн баярт ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулж байлаа. 

Хүүхдүүд зурагтаар хардаг хүүхэлдэйн киноны баатруудтайгаа ойроос уулзаж зурагаа авхуулж байгаадаа их л олзуурхаж баяр хөөр болж харагдсан. Баяр хөөр болсон багачууд аав ээжтэйгээ талбайгаар зугаалж үеийн найз нартайгаа тоглож их л хөгжилтэй цагийг өнгөрөөж байна. Арга хэмжээ дуустал хүүхдүүдийг олон сонирхолтой үзүүлбэрүүд хүлээж байгаа талаар баярын зохион байгуулагчид хэллээ. Баяр 16 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Д.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

Хүүхэдтэй холбоотой мэдээллийг 108 дугаарт авч эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний газрын дэргэд хүүхдийн утас ажиллаж эхэллээ.  Тодруулбал, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаархи мэдээлэл авахаас гадна хүүхдийн эрхийн талаар зөвлөгөө өгөх утас ийнхүү өнөөдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж эхлэх юм байна. Зургадугаар сарын 1-н буюу Эх үрсийн баяр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан хүүхдийн утас шинээр нээгдэж байгаа бөгөөд хүүхдийн талаар мэдээлэл, зөвлөгөөг өгөх юм байна. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаархи мэдээллийг иргэд 108 утсаар холбогдож өгөхөөс гадна хүүхдийн эрхийн талаар зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой аж.

Д.Сүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч 21 ээжид “Алдарт эх” одон гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулав.

“Алдарт эх” нэгдүгээр одонгоор Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн П.Буяндэлгэр, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ж.Хандцоо, Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн М.Каукар, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Ц.Ложидмаа, Хан-Уул дүүргийн хоёрдугаархорооны иргэн Ц.Самбуу нарыг,

“Алдарт эх” хоёрдугаар одонгоор Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн З.Ариунаа, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Ш.Амарзаяа, Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэн Б.Байгалмаа, Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны иргэн М.Болортунгалаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Б.Дуламсүрэн, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ш.Нарантуяа нарын эхийг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн

Эх үрсийн баярыг тохиолдуулан алдарт эхийн одон гардуулж хэлсэн үгэндээ,

“Өнөөдөр Эх үрсийнхээ баярыг тэмдэглэж байгаа нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ болон Алдарт эхийн одонгоо гардан авч баяр дээр баяр нэмсэн нийт ээжүүддээ баярын мэнд хүргэе!

 Хүн нэмвэл хөгжил нэмнэ. Ээжүүд, эмэгтэйчүүд маань эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, өрх гэрээ сайн сайхан байлгахад бүхий л сэтгэл зүрхээ зориулж амжилт ололтыг түүчээлсээр байгаа. Улс орны сайн нэрийг бүтэн байлгах хос баганы нэг бол ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхэн билээ. Удахгүй бид гурван сая дахь иргэнээ угтан авах гэж байна. Монголын аугаа их түүх, уламжлал, монгол бахархал бол монгол эхчүүд, эмэгтэйчүүдийн хамтын бүтээл байсаар ирсэн. Эх хүний хайр эгнэгт ээх наран байдгийн адилаар Монгол эхчүүдийн хайр энэрэл, ивээл өршөөл бол Монгол хүн бүрийн эрхэмсэг нандин эрдэнэ юм.  Ингээд шагнал гардаж авсан нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэж Та бүхний гэр бүл үр хүүхдэд тань хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай” гэв.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга З.Энхболд хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлэв

Айл гэрийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй хүүхэд багачууд Та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлье.

Өнөөдөр Монгол Улс даяар тэмдэглэж буй энэ баяр бол монгол хүүхдүүдийн баяр, монгол гэр бүлийн баяр юм. Хүүхдэд зөв хүмүүжил олгох,  ирээдүйд сайн хүн болон төлөвших эрхэмсэг нандин орчин бол халуун дулаан, элэг бүтэн, аз жаргал дүүрэн гэр бүл юм.

Хүүхдүүд Та бүхэн монгол ёс заншил, түүх намтараа мэддэг, аав ээж, ахмад настнаа хүндэлдэг, эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг жинхэнэ Зөв монгол хүн болж төлөвшихийн  тулд өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой өсч торних учиртай. Хүүхдийн эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж, тэдний төлөвшил хүмүүжил ямар байгаагаар тухайн улс орон, байгууллага, гэр бүлийн хөгжлийн түвшинг тодорхойлж болно.

Тийм болохоор төр засаг, эцэг эх, цэцэрлэг, сургуулийн хамт олны эрхэм үүрэг нь жаргалант ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл саруул, эрдэм боловсролтой өсч торних, хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд  нь туслаж дэмжихэд оршино. Хүүхдийн  сайн сайхны төлөө дэвшүүлсэн аливаа зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь  хүүхдүүд та нар өөрсдөө гэдгийг онцлон тэмдэглэж байна. Монгол Улсынхаа ирээдүй болсон хүүхэд багачууд маань тийм байж чадна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье. Монголын үрс маш олон болтугай,

Хүүхэд бүр нүд нь гэрэлтэй, нүүрэндээ жавхаатай, инээд хөөрөөр бялхаж, гэр бүл бүхэн аз жаргалаар дүүрэн  байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА          ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

УЛААНБААТАР

2014.06.01

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газрын тосны хууль батлагдвал олборлолтоос эхлээд олон асуудлыг зохицуулна гэв

Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны төсвийн төсөөллийг өчигдөр  УИХ-ын чуулганы хуралдаанаар баталлаа. Чуулганы эхэнд дээрх асуудлуудыг хэлэлцэх эсэхийг шийдэж, үдээс хойшх хуралдаанаар ийн баталсан юм. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хүчин төгөлдөр болголоо. 

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн асуултад хууль санаачлагч болоод ажлын хэсгийнхэн хариулт өглөө. Сангийн сайд Ч.Улаан хэлэхдээ “Монгол Улсын 2015 оны болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэж байгаа. Тухайлбал, төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлын хэмжээг 2.0 хувиас хэтрүүлэхгүй байх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх, татварын орчныг тогтвортой байлгах замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, тэвчиж болох урсгал зардлыг хэмнэх замаар урсгал зардлын суурийг нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж байгаа. Түүнчлэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинг харгалзан индексжүүлж нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, төсвийн байгууллагуудын урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, урсгал зардлыг нэмэгдүүлэх үр дагавар бүхий аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхдээ төсвийн хязгаарт багтаадаг байх, төсвийн хөрөнгөөр хэрэгжих төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үр ашигтай болгох, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн төсөл арга хэмжээг барилгын тухай болон төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн төсөлд тусгах, төсөвт тусгагдсан төсөл арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах зарчим баримталж байна. Мөн улсын өрийн нийт хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарт багтаахын тулд 2015 онд хөнгөлөлттэй зээл авах, бонд, баталгаа гаргах зэргээр шинээр өр үүсгэх боломжгүй болно. Иймээс хөрөнгө оруулалтыг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар хязгаарласан бодлого оруулж ирж байгаа” гэлээ. 

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Чуулганаар хэлэлцсэн бас нэг чухал  асуудал бол Г хуулийн шинэчилсэн найруулга байв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийг энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд олонхийн дэмжлэг авч чадаагүй тул төсөл санаачлагчид нь буцаасан байгаа. Иймд чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тавдугаар сарын 23-ны өдөр УИХ-д дахин өргөн мэдүүлсэн юм. Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн тухай мэдээлсэн.

1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулиар зарчмын шинжтэй харилцааг зохицуулсан. Тэгвэл тухайн оны Засгийн газрын 204 дүгээр тогтоолоор баталсан Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар газрын тосыг хайх, олборлохтой холбоотой гол харилцаа, тухайлбал, газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны үнэлгээ, төлбөр, газрын түрээс, татвар, захиргааны үйлчилгээний шимтгэл, нягтлан бодох бүртгэл, бүтээгдэхүүн хуваах, татвараас чөлөөлөх зэрэг харилцааг зохицуулж байгаа аж. Газрын тосны тухай хуульд газрын тосны олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй гэнэ. Ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд нэлээд байгаа бөгөөд хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаа ажээ. Үүнээс хамаарч сүүлийн үед хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч буйг төсөл  санаачлагчид онцоллоо. Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгох юм байна. Мөн роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгож хуульчлах зайлшгүй шаардлагыг харгалзан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн хамт боловсруулжээ. 

 Мөн хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрөөс улсын, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх аж. Байгаль орчныг нөхөн сэргээх баталгаа болгож эскроу дансанд байршуулах мөнгөн хөрөнгийн хувь хэмжээ болон бусад шаардлагатай эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн байна. Энэ хууль батлагдсанаар газрын тос, уламжлалт газрын тосны тухай эрх зүйн асуудал тодорхой болно гэдгийг Уул уурхайн сайд илтгэлдээ онцоллоо. Мөн тэрбээр гишүүдийн асуултад хариулахдаа “Хэрэв хууль хэрэгжвэл энэ салбарт орж ирэх 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар байгаа” гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. 

ЦАГААН СУВАРГЫН ОРДООС ТӨР 34 ХҮРТЭЛ ХУВЬ ЭЗЭМШИНЭ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхэд саналт хураалт явуулахад гишүүдийн 69.6 хувь нь дэмжлээ.  Ингээд уг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Н.Номтойбаяр гишүүнээс УИХ-ын Дэгийн тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын холбогдох заалтын дагуу чуулганы хуралдаанд оролцох боломжгүйгээ мэдэгдсэн албан бичиг ирүүлснийг З.Энхболд дарга уншиж танилцуулан, гишүүний хүсэлтийг хүлээн авснаа мэдэгдэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолын төсөлд зааснаар Цагаан суваргын ордод төр 34 хүртэлх хувь эзэмшихээр хуулинд тусгасан байгаа. Ингэхдээ 350 сая ам.долларын хөрөнгө оруулах юм. Уг төслийн санхүүгийн эх үүсвэрийг бонд гаргах замаар шийдвэрлэнэ гэж байгаа. 

Цагаан суваргын орд газрын ашиглалтын лицензийг Монголын алт компани(МАК) эзэмшдэг. Тус компанийн дэд ерөнхийлөгч Г.Цогт ордын хувь эзэмших тал дээр төрийг оролцуулах хүсэл, сонирхолгүй байгаагаа энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороон дээр мэдэгдсэн юм. Гэхдээ төслийг эхлүүлэх асуудлыг яаравчлуулж байв.

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даанаар уг асуудлыг хэлэлцэж байхад гишүүд Ашигт малтмалын тухай хуулийн төслийг баталсны дараа нэг мөр  шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Тэд “Жил ирэх тусам социализм руугаа яваад байгаа юм шиг төр үндсэн ажлаасаа хазайж байна. Эдийн засгийн хүндрэл нүүрлэлээ гэж байна, үүнийг туулдаг олон арга байдгийн нэг нь хувийн хэвшлээ дэмжих явдал. Гэтэл төр ордод хувь эзэмшиж бонд гаргаж өрөө нэмэгдүүлэх тухай ярьж байгаа нь зохисгүй. Оюутолгойн асуудлыг шийдээгүй байж дахиад төр энэ ордод 34 хувь эзэмших тухай асуудал нь гадаад ертөнцөд тэр тусмаа хөрөнгө оруулагчдад сөрөг ойлголт төрүүлнэ” гэсэн юм. 

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2013 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙГ ПҮРЭВ ГАРИГТ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ

Үүний дараагаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг  хэлэлцэв. Үндсэн чиглэлийн биелэлтийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг нар танилцуулав.

Ерөнхий сайд танил­цуулгадаа, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг УИХ-ын 2012 оны тавдугаар сарын 18-ны 37 дугаар тогтоолоор 6 бодлого, 26 зорилт, 166 арга хэмжээтэйгээр баталсан. Үндсэн чиглэлийн нийт зорилт арга хэмжээний биелэлт 2013 оны жилийн эцсийн байдлаар 67,1 хувьтай гарлаа. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 6 бодлого тус бүрээр авч үзвэл өсөлтийн үр шимийг нийгмийн бүх бүлгүүдэд хүргэх макро эдийн засгийн бодлого 70 хувь, бодит салбарын хөгжлийн бодлого 64, байгаль орчин бүс нутгийн хөгжлийн бодлого 56, хүнд өгөөжтэй нийгмийн бодлого 72, төрийн үйлчилгээ засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого 65, гадаад бодлого, батлан хамгаалах бодлого 76 хувийн биелэлттэй байна. Үндсэн чиглэлийн 166 арга хэмжээний 121 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжихээр тус­гагдсан боловч 30 арга хэмжээ санхүүжилтгүйгээс шалт¬гаалж хэрэгжээгүй болон дутуу хэрэгжсэн. Үүний 25 арга хэмжээ нь төсөв мөнгө батлагдаагүй, таван арга хэм­жээ төсвийн тодотголоор сан­хүүжилт нь хасагдсан. ДНБ-ий өсөлт 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11,7 хувийн дүнтэй гарсан нь эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хадгалагдаж байна” гэлээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн асуусан асуултад хариулт өгөх Засгийн газрын гишүүд болон холбогдох албаны хүмүүс чуулганы хуралдаанд ирээгүй тул Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг ирэх пүрэв гаригт хэлэлцэхээр болж хойшлуулав. 

М.МӨНХ