Автомашины татвар хураах ажил гуравдугаар сарын 30-наас хоёр сарын хугацаанд болж дууссан. Замын цагдаагийн газар, дүүргүүдийн татварын хэлтсээс хамтран энэ сарын 10-24–ныг хүртэл албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулж, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг зохио байгуулах аж. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй бол захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль төлнө. Зургадугаар сарын 24-нөөс хойш албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна.
Month: June 2014
УИХ-д 13 гишүүний бүрэлдэхүүнтэй шинэ бүлэг байгуулагдах гэж байгаа тухай албан бус мэдээлэл байсан. Энэхүү бүлэгт УИХ-ын нэр бүхий есөн гишүүн нэгдэхээ мэдэгдээд байгаа гэнэ. Бие даагч гурав болон бусад гишүүдээс бүрдсэн албан бус бүлэг байгуулж байгаа талаар өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны Г танхимд мэдээлэл хийх юм байна. Тус бүлэгт Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын гишүүдээс гадна УИХ-ын гишүүн Д.Батцогт, Л.Цог, Г.Уянга, О.Баасанхүү нар элсэх сурагтай.
УИХ-ын тухай хуулинд долоон гишүүн бүлэг байгуулж болох тухай заасан байдаг. Хэрэв “Шударга ёс” эвслийн гурван гишүүн бүлгээсээ гарч, бие даагчдын бүлэгт элсвэл эвслийн бүлэг тарах магадлал өндөр байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан бичигтэй танилцсан байна. Ерөнхийлөгч түүнд хариу илгээхдээ өөрийн байр сууриа тодорхой илэрхийлжээ.
Хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагын хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгон зааглах ажлыг энэ удаагийн томилгооноос эхлэх нь зүйтэй гэж Төрийн тэргүүн үзсэн байна. Иймээс сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй гээд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайд Н.Алтанхуягийн саналаас татгалзаж буйгаа илэрхийлжээ. Мөн Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналыг дахин зөвшилцөхийг хариу бичигт дурджээ.
Хүүхдийн зуслангууд өнөө жилийн амрагчдаа бүртгэж эхлээд байна. Ихэнх зуслангийн нэгдүгээр ээлж зургадугаар сарын 2 буюу ирэх даваа гаригаас эхэлж байгаа. Зуслангуудын үнэ ханш хоногоосоо хамаарч дунджаар 150-170 мянган төгрөг. Ээлжээсээ шалтгаалан долоогоос арав хононо. Зуслангуудын есдүгээр ээлж буюу хамгийн сүүлийн ээлжинд оюутнууд амрах боломжтой гэсэн. Хүүхдүүд аль зусланд яаж амарч болохыг сурвалжиллаа.
“Найрамдал” зуслан
Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан өнөө жил долоон ээлжээр амрагчдаа хүлээж авна. Эхний ээлж зургадугаар сарын 2-ноос эхэлж долоо хоног үргэлжилнэ. Эхний гурван ээлжинд 8-12 настай хүүхдүүдийг бүртгэх бөгөөд төлбөр нь 164500-171500 төгрөг ажээ. 12-14 настай хүүхдүүд дөрөв, тавдугаар ээлжээр амарч болно. Тавдугаар ээлж олон улсынх. ОХУ, БНХАУ, Канад, Япон, Солонгос зэрэг орны 250 гаруй хүүхэд ирж амардаг. Тиймээс тус ээлжинд амрах хүүхдүүд гадаад найзуудтай болох боломжтой. Тус ээлжийнхэн арав хоног амрах бөгөөд 274.500 төгрөг төлнө. Зургаа, долдугаар ээлжинд 16-18 насныхан амардаг. Үнэ нь 192.500-254.500 төгрөгийн ханштай байгаа ажээ. Тус зусланд амрах хүүхдүүд ээлжээ эхлэхээс долоо хоногийн өмнө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн поликлиникт эрүүл мэндийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай ажээ. “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслантай харилцах утас: 496008.
“Нарлаг” зуслан
1985 онд байгуулагдсан тус зуслан Тэрэлжид байдаг. Мэлхий хадны дэргэд Хүүхэн уулын аманд байрладаг. Нэг ээлжиндээ 240-280 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Нэгдүгээр ээлж нь зургадугаар сарын 13-наас эхэлж долоо хоног үргэлжилнэ. Наймдугаар сарын 20 хүртэл есөн ээлжээр амрагчдаа хүлээж авахаар төлөвлөжээ. Үнийн хувьд долоо хонох бол 155 мянга, арав хоног нь 210 мянган төгрөг. Тус зуслан хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон хөгжлийн хөтөлбөртэй гэсэн. Бас орчин үеийн тоноглолтой диско заал, спорт танхимтай ажээ. Тус зуслантай харилцах утас: 99201136, 99864970, 88813831.
“Ундраа” зуслан
Хүүхэд хөгжлийн гэх тодотголтой тус зуслан 22 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй. Улаанбаатар хотоос 27 км-ийн зайтай Хандгайтын зүүн аманд байдаг. Зургаан бүлэгтэй, бүлэг бүртээ дөрвөн тасагтай. Нэг тасагт арван хүүхэд амардаг. Нэг ээлжиндээ 250-270 хүүхэд хүлээж авна. Мэргэжлийн багш, эмч, тогоочтой. Жил бүр шинэлэг хөтөлбөртэйгээр хүүхдүүдээ хүлээж авдаг учраас Хүүхэд гэр бүл, хөгжлийн газраас 2012 оны “Шилдэгийн шилдэг зуслан”, 2013 оны “Хүүхдэд ээлтэй зуслан” болж байсан. Өнөө жил ОХУ-ын Новосибирск хотын “Чкаловск” зуслангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгдүгээр ээлж зургадугаар сарын 14-нд эхэлнэ. Бүх ээлж долоо хоногийн хугацаатай ба үнэ нь 150 мянган төгрөг. Тус зуслан дээр “Адтай жаалууд” олон ангит киноны зураг авалт болж байжээ. Харилцах утас нь: 99072318, 99002197, 99044236.
“Мөрөөдөл” зуслан
Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Мөрөөдөл” зуслан англи хэл, сагсан бөмбөгийн хослосон сургалттай. Америк, монгол мэргэжлийн багш нартай. Олон улсын зуслан учраас гадаад орноос амрахаар ирсэн хүүхдүүдтэй танилцаж хэлний мэдлэгээ дээшлүүлж болох юм байна. Бүх ээлж долоо хоногийн хөтөлбөртэй бөгөөд төлбөр нь 250 мянган төгрөг. Эхний ээлж зургадугаар сарын 11-нд эхэлнэ. Тус зусланд амрахаар ирсэн хүүхдүүдэд “Дуулиан-2020”-ын хөлбөмбөгийн өмсгөл бэлэглэх юм байна. Монголын зуслангуудын холбооны 2011 оны шилдэг зуслан, Америкийн хүүхдийн зуслангуудын холбооны гишүүн бөгөөд хүүхдийн баяраас өмнө бүртгүүлсэн амрагчдад хөнгөлөлттэй үнэ санал болгож байгаа ажээ. 300 хүүхдийн багтаамжтай “Мөрөөдөл” зуслантай харилцах утас: 312895, 321033.
“Янзага” зуслан
Хандгайтын аманд байрлах “Янзага” ууган зуслангуудын нэг. 35 жил үйл ажиллагаа явуулахдаа 30 гаруй мянган хүүхдийг амраажээ. Нийслэлээс 26 км-ийн зайд нэг ээлжиндээ 200-400 хүүхэд хүлээж авдаг. Амрагч хүүхдүүддээ зориулан олон төрлийн спортын арга хэмжээ зохиохоос гадна англи хэлний дүрмийн болон ярианы дадлага олгох хөтөлбөртэй. Бас мэтгэлцээний, байгаль хамгааллын, эрүүл мэндийн, спортын, амьдрах ухааны, харилцааны, танин мэдэхүйн хөтөлбөрүүдтэй. Эхний ээлж зургадугаар сарын 14-нд эхлэх бөгөөд 150 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Тус зуслантай харилцах утас: 99196665.
“Дэлгэр” зуслан
Төв аймгийн Жаргалант суманд байрлах тус зуслан нийслэлээс 137 км-ийн зайтай. Нэг ээлжиндээ 100-120 хүүхэд авдаг. Ойн бүсэд байрладаг учраас эко орчинд зугаалж ургамал, амьтан судлах боломжтой. Бас нэг давуу тал нь цэнгэг уст нууртай учраас завиар аялал хийж болох юм байна. Хүүхдүүд долоо хоног амрах бөгөөд өдөр бүр олимп, авьяасын хур, монгол ёс заншлаас суралцъя, эко аялал, би чадна, дурсамж гэх үндсэн сэдвийн хүрээн дор амралтаа өнгөрүүлнэ. Ээлжээ бага, дунд, ахлах ангийнхан гэж хуваасан бөгөөд багынхан 140 мянгаар, дундынхан 150, ахлах ангийнхан 160 мянган төгрөгөөр амарна. “Дэлгэр” зуслантай харилцах утас: 88078866.
“Жавхлант” зуслан
Нийслэлээс 63 км-ийн зайд буюу Тэрэлжид байх “Жавхлант” зуслан энэ жилээс эхлэн “Тотал мюзик”-тэй хамтарч “100 гитар” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Бас дуучин ВХ, Ану, реппер Gee, Tiger fish, Шөнийн галт тэрэг, Булсара, ТВ Коктэйл зэрэг хамтлаг дуучид, “Пэпси” үндэсний дээд лигийн тамирчид, Монголын гар бөмбөгийн холбооны шигшээ багийн тамирчид зусланд амарч буй хүүхдүүдтэй хамт амрах ажээ. Зуслан Мэлхий хад, Гүнжийн сүм, дүүжин гүүр, хүүхэн хад, гурван найзын агуйтай ойролцоо учраас тус зусланд амарч буй хүүхдүүд дээрх байгалийн үзэсгэлэнт газраар аялна. Эхний хоёр ээлжинд 8-18 насныхан, сүүлийн гурван ээлжиндээ оюутнуудыг хүлээж авах ажээ. Төлбөр нь 160 мянган төгрөг. Харилцах утас: 99096365.
“Цоглог” зуслан
Англи хэлний ярианы дадлага олгох сургалттай. Англи багштай учраас хэлний мэдлэгээ дээшлүүлж болно. Бас фото болон киноны хичээлд суралцах юм байна. Амрах хугацаандаа усанд сэлэлт, сагсан бөмбөг, хөлбөмбөгөөр хичээллэх боломжтой. Нэг ээлжиндээ арав хоног амрах бөгөөд бүх үйл ажиллагаа англи хэл дээр явагдах ажээ. Байгалийн үзэсгэлэнт Хараа голын эрэг дээр буюу Төв аймгийн Батсүмбэр сумын 290 дүгээр өртөөнд байрладаг. Төлбөр нь 250 мянга. Хүүхдийн баярыг тохиолдуулан бүх амрагч нартаа 5-10 хувийн хөнгөлөлттэй байгаа ажээ. Нэгдүгээр ээлжээ зургадугаар сарын 19-нөөс хүлээж авах юм байна. Харилцах утас нь: 96630349, 88008870.
“Цагаан нуга” зуслан
“Ойдов” хөгжил сангийн дэргэдэх уг зуслан Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт Сөгнөгөрийн голын хөвөөнд байдаг. Амрахаар ирсэн хүүхдүүддээ эрүүл чийрэг бие бялдартай байхад зориулсан тусгай хөтөлбөр зохиожээ. Сагсан бөмбөг, гар бөмбөг, усанд сэлэлтээр хичээллэхээс гадна өглөө бүр фитнесийн зааланд цагаа өнгөрөөх боломжтой. Бүлгийн багшаар нь СУИС-ийн соёл урлагийн удирдлагын ангийн оюутнууд ажилладаг. Долоо хоногийн төлбөр 150 мянган төгрөг. Харилцах утас: 99030511, 91711221, 98300728.
“Шонхор” зуслан
Уг зусланд амрахаар ирсэн хүүхдүүдийг аав ээж нь дагаж ирж болно. Хүүхдүүдээ зусланд амраангаа гүүний саам ууж, ой мод, голоор зугаалж жимс, мөөг түүх боломжтой. Амарч буй хүүхдүүдийн дунд БХИС-ийн нэрэмжит цэргийн “Марш тактикийн тэмцээн” болдог. Тэмцээний ялагчид тус сургуульд элсэн суралцах эрхтэй болдог ажээ. Хүүхэд хөгжлийн хөтөлбөртэй, англи хэлний сургалттай уг зуслан Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд буюу нийслэлээс 115 км-ийн зайтай. Нэг ээлжиндээ 200-250 хүүхэд хүлээж авдаг бөгөөд долоо хоног амрахад 140 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Харилцах утас нь: 99036028, 99036029, 98286029.
С.АЛТАН
Г.АГИЙМАА
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн талаар ярилцлаа.
-Нийгэмд хүлээлт үүсгэсэн Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийг УИХ хэлэлцэж байна. Эрүүгийн болоод Захиргааны хэргийн тухай хуулиас ямар давуу бодлогыг хуульд шингээсэн бэ?
-Захиргааны хариуцлагын болоод Эрүүгийн хууль нь хоёр өөр зохицуулалттай юм шиг хэрнээ олон зүйл дээр давхацсан байдаг. Хоорондоо зөрчилтэй хууль байх нь хуулийн үйлчлэлийг саармагжуулдаг. Мөн хууль хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудад маш их боломжийг олгодог. Авлига, хээл хахууль, танил тал, хувийн ааш аягаа ч гаргах боломжийг олгосон гэсэн үг. Тиймээс зөвхөн Эрүүгийн хуулийг өөрчилж байна гэж харж болохгүй. Жишээлбэл, Захиргааны хариуцлагын болон бусад хуулиудад энэ заалтыг зөрчвөл тийм хариуцлага хүлээлгэнэ гээд биччихсэн хэрнээ бусад 220 хуульд яг тэр заалтаа өөр шийтгэлтэйгээр томъёолоод оруулчихсан байдаг нь төвөгтэй байлаа. Жишээ нь Эрүүгийн хуульд “баримт бичгийг хуурамчаар үйлдвэл гурван жил хорино” гэсэн заалттай. Гэтэл Боловсролын тухай хуульд “Боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн бол 50 мянган төгрөгөөр торгоно” гэж заасан. Нэг үйлдэлд хоёр өөр шийтгэл оноохоор хуульд тусгачихсан нөхцөлд хуульч яаж ажиллах вэ гэдэг асуудал босно. Өөрт нь таалагддаг хэсэг бүлэг, танил талдаа хөнгөн шийтгэлтэйг нь, таньж мэдэхгүй, мөнгө төгрөггүйд нь хүнд шийтгэлтэй хуулийг нь ашиглах боломж байгаа юм. Ихэнх тохиолдолд хүнд шийтгэлтэй хуулиа барьж аваад “Чамайг гурван жил хорино” гэдэг. Тэгэхээр иргэн гурван жил шоронд суухгүйн тулд танил талаараа яриулж, хахууль өгөх гэж оролдоно. Ингээд хууль хэрэгжүүлэх бус, хувь хүмүүсийн хоорондын яриа өрнөнө. Тохирч чадвал 50 мянган төгрөгөөр торгоно, чадаагүй бол гурван жилийн ялыг нь өгөөд явуулдаг. Ийм ойлгомжгүй, тодорхойгүй, дур зоргоороо аашлах хуулийн тогтолцоо манайд байна. Үүнийг өөрчлөхийн тулд Зөрчлийн болон Гэмт хэргийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулсан. Хууль батлагдвал хоёр гараар иргэдтэй харьцдаг хуулийн байгууллагын ажиллагааг таслан зогсоох боломжтой.
-Эрүүгийн хуулийг хэт шоронжсон гэж шүүмжилдэг. Гэмт хэргийн тухай хуульд ялын бодлого яаж тусч байгаа бол?
-Эрүүгийн тухай хуульд маш их шүүмжлэл байсан. Нэгдүгээрт нь шоронжуулсан бодлоготой, өчүүхэн жижиг алдаа гаргасан залуу үеийнхэнд хамгийн хатуу хууль юм. Хоригдлуудын ихэнх нь залуус байна. Дийлэнхдээ танхайн хэргээр орсон байдаг. Яагаад гэвэл хууль нь ийм хатуу. Шүүгчдэд ямар ч боломж олгоогүй. Гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гээд ангилчихсан. Үүнээс болоод шүүхийн шийдвэр гэмт хэргийн нөхцөл байдалд тохирч гаргахаасаа илүүтэй ялыг механикаар тулгадаг. Шүүхэд боломж олгоогүй, ялын бодлогыг хэтэрхий хайрцагласан байгаа нь шоронжсон нөхцөл байдлыг үүсгээд байгаа нь Эрүүгийн хуулийг өөрчлөх гол шаардлага болсон. Нэг хэрэгт 5-8 жил өгөх бус, 3-8 жил өгөх гэх мэтээр ялын дээд, доод хэмжээг дэлгэж өгсөн.
-Шинээр маш олон гэмт хэргийн заалтууд олон орсон, энэ нь эргээд нийгмийг шоронжуулах нь гэсэн шүүмжлэл бас гарч байна билээ?
-Шинэ төрлийн гэмт хэргийг одоо байгаа Эрүүгийн хууль үнэхээр зүйлчилж чадахгүй байна.
Товчхондоо улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэх мэт үзэгдлүүдийг зүйлчилж хариуцлага тооцоход Эрүүгийн хуулийн хүч, нөөц нь хүрэхгүй байгаа юм. Үүнийг өөрчилж, зүйлчилж өгсөн. Бас нэг асуудал байсан нь үнэт зүйл. 1990 оноос хойш бид шинэ нийгэм рүү орсон ч шинэ нийгмийнхээ үнэт зүйлийг хамгаалдаг хууль тогтоомжтой болсон уу гэвэл үгүй. Энгийн нэг жишээ дурдахад “нэр төр гутаах” гэдэг асуудал хувь хүнд байдаг болохоос биш төрийн байгууллагад байж болохгүй.
Гэтэл өнөөдөр төрийн байгууллага миний нэр төрийг гутаалаа гээд иргэдээ шоронд хийх нь холгүй байна. Энэ нь уг хууль социализмын үеийнх шиг хамгийн чухал нь төр, хоёрдугаарт иргэн гэдэг зарчмыг хадгалсны илрэл. Иймэрхүү үнэт зүйл, хандлага, зарчим гээд олон зүйлийг өөрчлөхийн тулд Эрүүгийн хуулийг өөрчлөх шаардлага байсан.
Захиргааны хариуцлагын тухай хуульд иргэн захиргаанаас тогтоосон дүрэм журам, хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд торгоно гэсэн байх атлаа хажууд нь төрийн албан хаагч, төрийн байгууллага албан үүргээ гүйцэтгээгүй бол бас торгоно гээд биччихсэн байгаа юм. Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгээгүй бол цалингийн хувийг хасна, сануулна эсвэл албан тушаалаас нь бууруулна, хөөн зайлуулах ёстой. Гэтэл торгуулийн шийтгэл оноохоор заасан нь албан тушаалтныг эргээд “авлига ав” гэсэнтэй адил болж байгаа юм. Дараагийн нэг эмгэнэлтэй зүйл нь Захиргааны хариуцлагын тухай хуулиар төр иргэнийг буруутгаад шийтгэж байна. Тэгсэн атлаа иргэний шүүхээр асуудлыг шийдэж байна. Иргэний шүүх хоёр иргэний асуудлыг шийддэг болохоос биш төр, иргэн хоёрын хоорондох асуудлыг шийддэг газар биш. Энэ бүгдийг бид анзааралгүй урсгалаар нь явуулснаас иргэний эрх хөсөр хаягдаж байна.
-Тэгвэл хувийн өмчийн халдашгүй байдлын тухай ойлголт ямар хэм хэмжээнд туссан бол?
-Аль ч оронд гэмт хэргийн улмаас олсон орлого болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйлийг хураадаг. Гэтэл одоо байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэгт огт хамааралгүй, өөрийн хүч хөдөлмөрөөрөө олсон баялгийг нь буюу “хөрөнгө хураах” ялтай. Гэмт хэргийн тухай хуулиар тэр ял байхгүй болж байгаа. Юу үлдэж байгаа вэ гэвэл хохирол барагдуулах зорилгоор иргэдийн өмчид халдаж болно, мөн гэмт хэргийн улмаас олсон орлого болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өмч хөрөнгийг нь хураана.
-Сэжигтнийг заавал цагдан хорьж байж хэргийг нь шийддэг нь иргэдийн эрхийг ихээр зөрчих, улмаар эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулахад хүрдэг тухай байнга шүүмжилдэг. Үүнийг өөрчилж байгаа гэсэн. Хууль батлагдвал “Ганц худаг”-т хүн үлдэхгүй гэсэн үг үү?
-Гэмт хэргийн тухай хууль Өршөөлийн хууль биш. Гэмт хэргийн тухай хуулиар зарим нөхдийнх нь ял багасна. Гэмт хэргээс зөрчил рүү орсон зүйлчлэлтэй бол суллагдана. Тэгэхээр бүгд гарна гэсэн үг биш. Зарим төрлийн гэмт хэрэг дээр хуучин ялын бодлогыг хадгалж үлдэж байгаа. Албан тушаалын гэмт хэрэг дээр л гэхэд хуучин ялын бодлого хэвээрээ байгаа. Мөн Гэмт хэргийн тухай хууль гарахтай холбогдуулаад өршөөл үзүүлэх, Өршөөлийн тухай хуулийг гаргах асуудал яригдана. Харин сэжигтнийг хэрэг хийсэн гэдгийг нь нотолж чадаагүй байж хугацаагүйгээр хорьдог байдал өөрчлөгдөж байгаа. Юу юуны туханд хүрэлгүйгээр цагдан хорьж, тэгээд гэм буруутай гэдгийг нь өөрөөр нь хэлүүлж байж шийтгэдэг зөвлөлт маягийн энэ арга барилаас татгалзана. Цахим гав, албадлагын арга хэмжээ, зорчих эрхийг нь хязгаарлах гэх мэт шинэ төрлийн ялтай болж байгаатайгаар холбоотойгоор хүнийг заавал цагдан хорьж байж хэргийг илрүүлэх шаардлагагүй болно. Цагдан хорьж байгаа гол шалтгаан бол мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулах, оргон зайлах магадлалтай гэсэн хоёр үндэслэл байгаа шүү дээ. Энэ шалтгаанаар бүгдийг нь хоморголон хорьж байгаа. Электрон гавыг нэвтрүүлчихвэл тэр хүнийг хаана явж байгааг нь араас нь хөөцөлдөлгүйгээр мэдэж чадах учраас оргон зайлах боломжгүй болж байгаа юм.
-Урьдчилан саатуулах хугацааг ямар хэмжээнд тогтоож өгч байгаа вэ?
-Бидний гол зорилго бол буруутгагдаж байгаа хүнийг барьж хорьж, өөрөөр нь хэрэг хүлээлгэх бус, гэмт хэрэг хийсэн гэдгийг нь хуулийн байгууллага өөрөө нотлох ёстой. Социализмын үед гэмт хэргийг нотлох эхний арга техник нь хүн гэм буруугаа хүлээх гэж үздэг байсан. Зодож байгаад ч болов гэм буруутай гэдгийг нь хүлээлгэчихвэл баттай нотоллоо гэж үздэг. Ардчилал хөгжсөн орнуудад гэмт хэргийг өөрөөр нь нотлуулахыг эрүүдэн шүүх ажиллагаа гэж үздэг. Тэгэхээр хуулийн байгууллага өөр бусад нотлох ажиллагааг хийх ёстой. Тэгэхийн тулд шинжлэх ухаан, нотлох онол, хууль сахиулах байгууллагын арга барил өөрчлөгдөж байгаа.
-Хамгийн их шүүмжлүүлж байгаа заалт нь 14 настай хүүхдэд ял эдлүүлэхээр болсон асуудал юм шиг?
-Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд ял эдлүүлэх нас 16-аас эхэлж байгаа. Зарим хүнд хэрэг дээр 14 наснаас эхэлдэг. Үүнийг нийтээр нь 14 нас руу буулгасан нь гэмт хэргийн орчинд хүмүүжиж байгаа хүүхдүүдтэйгээ хуулийн байгууллагууд өөрсдөө ажиллахыг шаардаж байгаа юм. Нас нь болоогүй гээд ялгүй гаргачихаар тэр хүүхэд 16 нас хүртлээ нөгөө гэмт хэргийнхээ орчинд амьдраад мэргэжлийн хулгайчийн хэмжээнд оччихож байна. Товчхондоо өнөөдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуульд хүүхдэд ялыг яаж оноох вэ гэдэг тусгай бодлого байгаагүй. Насанд хүрсэн хүнтэй яг адилхан ял оноодог. Харин Гэмт хэргийн тухай хуульд үүнийг тусгайлан зааж өгсөн. Жишээ нь хүүхдийг хорихдоо том хүнтэй ижил шоронд аваачаад хийдэг байсан бол Гэмт хэргийн тухай хуулиар хаалттай тусгай дунд сургуульд хүмүүжүүлэхээр заасан. Заавал нийгмээс нь тусгаарлахгүйгээр өөр бодлогоор гэмт хэргээс нь холдуулахаар ялыг зүйлчилсэн. 14 нас болгож бууруулсан маань хүүхдэд аюултай гэхээсээ илүү хүүхдийг цаашид аюултай замд орохоос нь хамгаалах арга юм.
-Танхайн хэрэг яагаад хуульд байхгүй болчихов гээд Ц.Нямдорж гишүүн асуугаад байсан. Үйлдэл тус бүрээр нь зүйлчилж өгсөн гэсэн үг үү?
-Танхайн гэмт хэрэг гэж байхаа болино. Хамгийн гол нь танхай гэдэг нь бүхнийг оруулж болдог уут юм. Социализмын үед иргэдийг төр засгийнхаа эсрэг босгохгүй, хянаж цагддаг тэр хэлбэрээ эвдэхгүйн тулд “танхай” гэж зүйлчилдэг байсан. Одоогийн хуульд танхайтай холбоотойгоор гэмт хэрэг гэж үзэж болох гурван л зүйл бий. Хэн нэгэн агсам согтуу тавьж бусдын биед гэмтэл учруулсан бол, бусдыг өмч хөрөнгө, эд зүйлийг эвдэж, устгасан бол, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол гээд хуульд тусгачихсан байгаа. Энэ гурван үйлдэл нь гэмт хэрэг мөн гээд зүйлчлэгдчихээд байхад дахиад “танхай” гэж бүхнийг чихдэг уут байж болохгүй. Хүнийг тодорхой зүйлээр, үйлдлээр нь буруутгах ёстой.
-Эрүүгийн хуульд ял авахаар зүйлчлэгдсэн, одоо зөрчил болоод торгохоор заачихсан асуудлуудыг УИХ-ын гишүүд шүүмжилж сонсогдсон?
-Хуулийг бүтэн унших ёстой. Жишээ нь хууль бусаар галт зэвсэг эзэмшихтэй холбоотой нэг хэсэг асуудал нь Гэмт хэргийн тухай хууль дээр бичээтэй байна. Харин зөрчил рүү орсон хэсэг нь журам зөрчсөн тохиолдлууд байх юм. Жишээлбэл, би хуулийн дагуу галт зэвсэг эзэмших эрхтэй. Гэтэл галт зэвсгийг яаж хадгалах вэ гэдэг журам байна. Буу нь битүүмжлэгдсэн хайрцганд сумнаасаа тусдаа байх ёстой гэдэг ч юм уу. Үүнийг зөрчсөн тохиолдолд зөрчил гэж үзээд торгоно. Харин гэмт хэрэгтэй холбоотой асудал үүссэн бол Гэмт хэргийн тухай хуулиар шийтгэнэ.
-Гэм буруугаа хүлээвэл ялаас чөлөөлөгдөх үү?
-Гэмт хэргийн тухай хуулийн хамгийн дэвшилттэй бас нэг асуудал бол хохирол барагдуулах асуудлуудыг нэлээд түлхүү оруулж байгаа. Ний нуугүй хэлэхэд зарим төрлийн гэмт хэрэг дээр хохирсон иргэн хохирсноороо үлдэж, хохироосон нөхөр нь шоронд яваад алга болчихдог. Аль аль нь асуудлаа шийдүүлэлгүй, нэг нэгнээ үзэн ядсан хэвээрээ үлддэг. Үзэн ядсан харилцаа бугшаад ирэхээрээ нийгмийг зөрчилдөөнтэй, харгис болгодог. Энэ бүхнийг зохицуулахын тулд хохирлыг барагдуулах тухай нэлээд заалт оруулж ирсэн. Жишээ нь гэм буруугаа өөрөө хүлээвэл гэдэг заалт. Би буруутай гэж хэлбэл ялын хэмжээ нь доошоо буудаг шинэ тогтолцоо бий болж байгаа. Гэм буруугаа хүлээгээд, хохирлоо барагдуулаад бараг ялгүй үлдэх үү, эсвэл буруугүй гэж зүтгэсээр байгаад эцсийн дүнгээ харах уу гэдгээс сонголтоо хийж болно гэсэн үг.
-Шүүх хурлын үе шат бас өөрчлөгдсөн гэж яригдаж байсан?
-Анхан шатны шүүх хурал л гэхэд дөрөв салж байгаа. Баривчлахдаа шүүх хурал хийнэ. Нотлох баримтын шүүх хурал, гэм буруугүйн шүүх хурал, ял оноох шүүх хурал гэж тусдаа явна. Ингэж ялгаж зааглаж байж ял завшихгүй байх боломж бүрдэнэ. Ийм систем бүрдээгүйгээс бараг бүх хэрэг давж, заалдах, дээд шүүх рүү явж байна. Сүүлийн үед хэн нэгэн өөрийн талд асуудлыг шийдүүлэхийн тулд дээд шүүхийн 15 шүүгчийн нэгийг нь таньдаг байхад хангалттай гэдэг зарчим хүртэл гарсан байна.
-Авлига өгсөн, авсан этгээдүүдэд ямар хариуцлага ирэх бол?
-Авлига авна гэдэг гэмт хэрэг. Харин тодорхой тохиолдолд авлига өгсөн талыг нь гэм буруугүйд тооцно. Жишээ нь, иргэд газрыг өмчилж авах хууль ёсны эрхтэй. Өмчлөөд авах гэтэл төрийн албан тушаалтны хүнд суртал, ойлгомжгүй байдлаас нь болоод өмчилж чадахгүйд хүрч, арга ядахдаа гарыг нь хүндрүүлж байна. Ингэж хууль ёсны эрхээ эдлэхийн тулд иргэн хахууль өгсөн гээд гэмт хэрэгтэн болж болохгүй. Харин авах ёсгүй үйлчилгээгээ авахын тулд төрийн албан хаагчид авлига өгсөн байвал хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Үүнийгээ илчлээд ирвэл ялыг нь хөнгөрүүлнэ.
-Гэт хэргийн болон Зөрчлийн хууль гарснаар хоригдлуудын хэдэн хувь нь суллагдах бол гэдгийг нийгмийн нэг хэсэг хүлээж байх шиг?
-Ямар гэмт хэрэг үйлдсэнээс нь шалтгаална. Мэдээж ялын бодлого зөөлөрч байгаа. Нөгөө талд нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэмт хэргийг тодорхойлох шинж чанар нь илүү иргэншсэн, ухаалаг болж байгаа. Энэ зохицуулалтын үндсэн дээр одоо ял эдэлж байгаа хоригдлуудын 40 орчим хувь нь суллагдана. Үлдсэн хоригдлуудынх нь ял багасна. Ийм байдлаар үр дүн гарна.
-Ярилцлагын сэдвээсээ хазайхад хорих байгууллагуудад хүний амь нас эрсэдсээр байна. Хамгийн сүүлд төрийн өндөр дээд албанд ажиллаж байсан хүний амь эрсэдлээ. Энэ явдлын хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Цагдан хорих төвд нэг иргэн нас барсан. Үүнтэй холбоотойгоор шалгалтууд хийгдэж байна. Буруутай, хариуцлага алдсан гэж үзэж байгаа албан тушаалтанд хариуцлага тооцно.
Гэхдээ шууд хувь хүмүүсийг буруутайд тооцмооргүй байна.
Яагаад ийм нөхцөл үүсээд байна вэ гэдгийг харах ёстой. Хуулийн болон хуулийн бус алдаанууд байна.
Хүнийг бариад, цагдан хориод түүнийхээ дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулж буруутай гэдгийг нь нотлох арга барилаасаа салахгүй бол хуулийн байгууллагууд бүгд хүнийг барих донтой болчихсон байна. Хоёрдугаарт нь цагдан хорьж байгаа нөхцөл байдал нь эрүүдэн шүүх хэв маяг руу орчихож гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байна. Хүнийг мэдээлэлгүй, гэр бүл, амьдралаас нь тасалчихаад тэр бухимдал дээр нь тоглодог, түүгээр нь дамжуулж ар гэрийнхнийг нь дарамталдаг байдал газар авчихсан байна. Энэ бүгдийг таслан зогсоох ёстой. Урт хугацаа шаардагдах ч хийх л ёстой. Гэмт хэргийн хуулиас гадна Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуульд энэ тухай заалтууд орно. Мөн ял эдлүүлэх, цагдан хорих үйл ажиллагааны тухай хуулиудаар зохицуулах ёстой.
-Дээрээс тушаал өгсөн гэдэг шалтгаанаар эмчилдэггүй ойлголтыг яах вэ?
-Хэн тушаал заавар өгсөн талаар тодруулах байх. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дотроо тийм тушаал өгсөн асуудал бол байхгүй байх. Хамгийн гол нь хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага айдас үйлдвэрлэж ажиллах арга барил руу орчихлоо. Манай байгууллагын аваачиж хийсэн хүнийг тэгсэн байх юм бол өөр дээр чинь хэрэг үүсгэнэ шүү гэдэг ч юм уу. Аман сүрдүүлгээр ийм асуудал үүсгэх болж. Яах аргагүй араас нь тийм ажиллагаанууд явагддаг. ШШГЕГ-ынхан хуулийн дагуу ажиллаж байтал “бидэнд таалагдахгүй байна” гэсэн шалтгаанаар араас нь хэрэг үүсгэх гэж хөөцөлдөх, заналхийлэх тохиолдол байна. Энэ нь эцсийн дүнд хүний амиар тоглох хүртэл хуулийн байгууллагын үйл ажиллагааг гажуудуулж байна. Үүнийг засах ёстой. Хатуу хандах ёстой. Нөхцөл байдал тодорсны дараа хариуцлагыг нь үүрүүлж, өөрчлөх асуудлууд байвал бүхнийг хийнэ. ШШГЕГ руу би зохих хэмжээний шийдвэрийг явуулсан.
-Одоо танай Засгийн газрын хувьд нэлээд хүнд үеийг туулж байна. Эдийн засгийг хүндрүүлсэн гол буруутан нь Засгийн газар гэж сөрөг хүчин шүүмжлүүлж байна. Та кабинетийн гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа бол?
-Эдийн засгийн энэ хүндрэл сүүлийн нэг хоёр жилийн дотор бий болсон зүйл биш. Бид уул уурхайтай холбоотой, гадны хөрөнгө оруулалттай холбоотой таатай жижигхэн “цонхон” дээрээ үнэхээр тэнэг авирласан. Тэр мөнгөөрөө ирэх эрсдэлийг зохицуулах, баялаг бүтээх, бизнес эрхлэлтийг дэмжих бус нийгмийн халамж руугаа тараагаад дуусгасан. Бүр олж байгаа орлогоосоо ч бус, нэмж зээл аваад тараасан. Тэр зээлийг дарахын тулд өнөөдөр энэ эдийн засгаа шатааж байна. Хоёрдугаарт нь популистууд худлаа эх оронч царайлж олон нийтэд таалагдах гэснийхээ золиосонд эх орноо, бодит эдийн засгаа шатааж дууслаа. Гадны хөрөнгө оруулалтыг хөөлөө. Олон төсөл хөтөлбөр, компанийг зогсоолоо. Эдийн засгийн цус сэлбэлтийг боомилоод хаачихлаа. Боомилчихсон тохиолдолд тэр эдийн засаг үхжих нь ойлгомжтой. Үхжээд ирэхээр нь энэ хэний буруугаас болов гэж үсчих нь зохимжгүй. Тэгэхээр нь оношийг нь зөв тавих ёстой. Улстөржсөн нүдээр хараад байвал онош зөв тавигдахгүй.
Нэг ийм хошин шог байдаг шүү дээ. Асуудал тулгарахад шийддэг гурван арга байдаг. Асуудал юу байна гэдгийг хараад, юунаас болов гэдгийг нь олоод, асуудлаа шийдчихээд цаашаа явдаг нэг арга байна. Асуудал байна, байхгүй гэж баахан хэрэлдэж байснаа “асуудал байхгүй боллоо” гээд пиар хийгээд цаашаа явдаг бас нэг арга байна. Гуравдугаарт энэ асуудал хэнээс болов гэж зодолдож байгаад буруутныг олоод тэрийгээ цаазалчихаад цаашаа явдаг бас нэг арга зам байна. Энэ гурван арга замын алинаар нь явах вэ гэдгийг бидний ухаан л шийднэ.
Л.МӨНХТӨР
Хүмүүс ажилтай, хот нүргээнтэй, энд тэндгүй зам барилга засвар хийгдэн оволзож, өөрөөр хэлбэл амьдрал буцлаад сайхан л байна. 100 мянган айлын орон сууц барихаас арван мянгыг нь лав барьчих шиг. Одоо ерэн хувь нь дутуу. Ёо ёо энэ их ажил хэзээ дуусч чих амрах юм. Ер нь манай орны бүтээн байгуулалт жилээс жилд улам л өсөн нэмэгдэнэ үү гэхээс хөгшин Европ шиг хамаг замаа тавиад, байшингаа барьж дуусталаа өдий биз.
Жил жилийн зуны дэлгэр сайхан цагтай давхцан түгжрэл, хаалт, толгой руу машин цөм цохин орж ирдэг барилгын төмөр бэхэлгээнүүд сэлттэй эвлэрэн амьдрах болж байна. Эхэлж орон сууцанд орогсод дараагийн ээлжинд босох учиртай барилгын дутуу орхисон хана туурган дундуур хэдэн ч жил бүдчин алхах юм билээ.
Наад ажлаа боль, бид ая тухтай амьдармаар байна гэлтэй биш. Ажил амьдрал хоёр нь аль алиндаа түвэг учруулах ёсгүй. Энийг бүр концерт найруулах лугаа урлагийн хэмжээнд зохицуулдаг олон арга туршлага бий. Аливаа ажлыг нэн таатай, аз жаргалтай хэлбэрээр өрнүүлэх нь цалинтай эн зэрэгцэхүйц чухал байдаг. Гэтэл энэ гадаа өрнөж байгаа зуны бүх л ажлууд ял эдэлж байгаа ч юм шиг, дайн болоод түр завсарласан аятай хөглөрүүлж орхидгийг өөрчилмөөр байна.
Ж.ГАНГАА
Монакогийн хунтайж Альберт II-ийн эхнэр, гүнж Шарлен Уитсток давхар биетэй болсноо мэдэгдлээ. Тэрээр энэ оны сүүлчээр амаржих юм байна. Гүнж Шарлены хувьд анхны хүүхэд нь бол хунтайж урьд нь хоёр өөр эмэгтэйгээс хоёр хүүхэдтэй аж. Монакогийн гүнж 1978 онд Зимбабвед мэндэлж, Өмнөд Африкт амьдарч байсан юм. ӨАБНУ-ын усанд сэлэлтийн аварга тэрбээр хунтайж Альберттай 2000 онд танилцсан билээ. Тухайн үед улсаа төлөөлөн олон улсын усанд сэлэлтийн тэмцээнд амжилттай оролцон түрүүлж байсан гэдэг. Шарлен олимпийн тэмцээнд оролцож тавдугаар байр эзэлж байжээ. Альберт, Шарлен хоёр танилцсанаасаа зургаан жилийн дараа дотнын харилцаатай болсон. 2011 онд гэр бүлээ батлуулсан юм. Тэр үед Монакогийн хунтайж 53, Шарлен 33 настай байжээ. Хунтайж Альберт II залуугаасаа нийгмийн ажилд идэвхтэй оролцож ирсэн. Тэрээр 30 нас хүрээгүй байхдаа Олон улсын Олимпийн хорооны гишүүн болж байсан төдийгүй хойд туйлд хүрсэн анхны хунтайж гэгддэг. Удаан хугацаанд эхнэргүй явсан түүний хувийн амьдралын талаар янз бүрээр ярьдаг. Эх Грейс Келли нь Холливудын од байсан тул Монакогийн хаан Альберт кино од бүсгүйчүүдэд тун таатай ханддаг гэнэ. Тэрээр нэгэн цагт Брук Шилдс, Шэрон Стоун, Гвинет Пэлтроу нартай холбогдож байсан төдийгүй нэрт загвар зохион бүтээгч Наоми Кэмпбелл, Клаудия Шиффер нартай найзалж байжээ. Хунтайж Альберт нэг бус удаа хэрэгт холбогдож байсан гэнэ. Тухайлбал, 2004 онд түүний үерхэж байсан Голландын загвар өмсөгч бүсгүй өөрийг нь хүчингийн хэрэгт буруутгасан юм. Гэвч нотлох баримт олдоогүйгээс хэргийг хаасан гэдэг.
• Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
• Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;
• Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
• Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
• Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
• Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
• Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
• “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;
• “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд
Өнөөдөр 10 цагт Хуульзүйн Үндэсний хүрээлэнд”Цагдаагийн байгууллагын шинэчлэлт өөрчлөлтийн менежмент” сургалт ярилцлага эхэлнэ. Хуульзүйн яам,Цагдаагийн алба хаагчид сургалтанд хамрагдана. Сургалтыг Хуульзүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нээнэ. Энэхүү сургалтыг Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвөөс УИХ-ын тамгын газартай хамтран зохион байгуулж байна.
11:00-13:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Чехийн нэрт сэтгүүлч Милан Шимэчка орчин цагийн сэтгүүлзүй, залуу сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварын асуудлаар өөрийн туршлага дээрээ үндэслэн чөлөөт ярилцлагад оролцоно. Сэтгүүлч Та бүхэн сонирхсон сэдвээрээ чөлөөтэй асууж ярилцаж болно.
Тайландын цэргийн Засгийн газрын үүрэг гүйцэтгэгч Прают Чан-Оча санхүүгийн шинэ жил эхэлтэл тус оронд түр Засгийн газар байгуулна гэдгээр мэдэгдлээ. Парламентын сонгуулийг 14-15 сарын хуацаанд явуулах тухайгаа эрхэм генерал ард түмэндээ хандаж хэлсэн байна. Түүний хэлснээр, улс оронд нь улс төр, эдийн засаг, нийгмийн шаардлагатай шинэчлэл явагдсаны дараа сонгууль болно гэлээ. Шинэчлэлд 14-15 сар хэрэгтэй гэнэ. Чан-Оча иргэддээ хандан цэргийнхний эсрэг ажиллагаанд оролцохгүй байхыг уриаллаа. Өмнөх сөргөлдөөний үеэр бид хэтэрхий цаг алдсан гэж тэр хэлжээ.
Ойрын 2-3 сарын дотор цэргийнхэн улс орондоо тайван байдлыг тогтоох бөгөөд цэргийн дэглэмийн үеэр цэргийнхэн хэд хэдэн зэвсэгт бүлэглэлийнхнийг баривчлан их хэмжээний буу зэвсгийг хураасан гэж генерал мэдэгдэв.
Дараагийн шат нь жил орчим хугацаанд үргэлжлэх бөгөөд тэр хүртэл түр Үндсэн хууль болон түр Засгийн газар байгуулна гэлээ. “Эхлээд улс орон. Дараа нь ардчилал. Бидэнд цаг өгөх хэрэгтэй. Бүхнийг дуусгасны дараа бид цэргийн үүрэгтээ эргэн орно” гэж Прают Чан-Оча хэлэв. Байдал сайжрангуут амралтын бүсүүдэд хөл хоригийг цуцлана гэж тэр амлав.
Прают Чан-Оча цэргийн эргэлт хийснийг тавдугаар сарын 22-нд зарласан ба Үндсэн хуулийн үйлчилгээг зогсоогоод байна.
Европын парламентын сонгууль өнгөрсөн долоо хоногт өндөрлөж санал хураалтын дүн гарсан билээ. Харин сүүлийн өдрүүдэд Европын комиссын тэргүүнд хэнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм. Люксембургийн улстөрч Жан-Клод Юнкерийг уг албанд дэвшүүлж түүнийг ХБНГУ-ын канцлер А.Меркель маш ихээр дэмжиж байгаа билээ. Гэвч үүнийг тус холбооны зарим гишүүд эсэргүүцжээ. Хэрвээ Жан-Клод Юнкерийг уг албанд томилох юм бол Европын холбооноос гарна хэмээн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдсэн байна. Өнгөрсөн мягмар гаригт Европын комиссын тэргүүнийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр Д.Камерон ийнхүү мэдэгджээ. Их Британийн Засгийн газрын тэргүүн яагаад эсэргүүцэж байгаагаа тайлбарлахдаа “1980-аад оны үеийн үзэл бодлоосоо салаагүй энэ хүн ирээдүйн таван жилд тулгарах асуудлыг шийдвэрлэх чадваргүй” гэжээ. Хэрвээ Жан-Клод Юнкерийг уг албанд томилох юм бол Их Британийн Засгийн газрын үйл ажиллагааг тогтворгүй болгоод зогсохгүй олон орон Европын Холбооноос гаргахад хүргэнэ гэдгийг ч хэлсэн байна. Түүнээс гадна ирэх жил Их Британид болох паралментын сонгуульд Д.Кэмероны тэргүүлдэг Консерватив нам ялалт байгуулбаас Европын Холбооноос гарах асуудлаар ард иргэдийнхээ дунд бүх нийтийн санал асуулгыг явуулах гэнэ.
Өнгөрсөн тавдугаар сарын 22-25-ны өдрүүдэд явагдаж Европын парламентын сонгууль болж барууны төвч, социалист болон либерал үзлийг баримталдаг намууд олонх суудлыг авсан. Люксембургийн улстөрч Жан-Клод Юнкерийн тэргүүлдэг Европын ардын нам хамгийн олон санал аваад байгаа юм.