Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүнээсээ
татгалзах хүсэлт гаргасан тухай өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн
хуралдааны эхэнд танилцууллаа. Х.Баттулга сайд өргөдөлдөө “Монгол Улсын Их Хурлын
гишүүн, Засгийн газрын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга миний бие
Монгол Улсын тухай хуулийн 22 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу сайдын
албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтийг гаргаж байна. Миний бие цаашид УИХ-ын гишүүний
бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хийж
эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга
хэмжээ авч ажиллах болно” гэжээ.
Үдээс өмнөх чуулганаар “Амгалан дулааны станц”-ийн тоног төхөөрөмжийг
гаалийн албан татвараас чөлөөлөх болон Эдийн засгийг эрчимжүүлэхэд авах зарим арга
хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
“Амгалан дулааны станц” баригдсанаар нийслэлийн зүүн хэсгийн айл
өрхийн дулааны хэрэгцээ, ачааллыг бүрэн хангах бөгөөд ингэснээр дулааны асуудлыг
шийдвэрлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зэрэгт онцгой ач холбогдолтой
тул станцын барилга угсралтын ажилд шаардагдах импортын тоног төхөөрөмжийг гаалийн
болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр дээрх хуулийн төслүүдэд тусгагджээ.
“Амгалан дулааны станц”-тай холбогдуулан
гишүүд асуулт асуулаа. Ц.Нямдорж гишүүн уг бүтээн байгуулалтыг ямар гэрээгээр хийгдэж,
мөнгийг нь хэзээ эргүүлэн төлөхийг сонирхов. Ч.Улаан сайд хариулахдаа “Энэ бол концессын
гэрээгээр хийгдэх ажил. Хийгдэх ажлыг нийт дүнд нь багтааж, хуулийн хүрээнд санхүүгийн эх үүсвэрийг нь баталж, баталгаа гарган
хэрэгжүүлж байгаа. Хуулийн хүрээнд явж байгаа төсөл юм. Эдийн засгийн байдал хүнд,
санхүүгийн эх үүсвэр дутагдалтай үед, бодитой эдийн засагтаа хөрөнгө оруулахын тулд
бид өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийж, татвараас чөлөөлөх ёстой. Харин татвар хөнгөлсний
хэрээр төсвийн орлого дутаж байгаа юм” гэлээ.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ улсын төсвөөс
олгож байгаа хөнгөлөлтийн хэмжээг сонирхож байв. Ч.Улаан сайд “Жилээс жилд хөнгөлөлтийн асуудал огт буурахгүй байгаа. Улсын төсвийн жилийн
орлогын 20 орчим хувьтай тэнцэх хөнгөлөлт үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар бол эдийн
засагт орох хөрөнгө оруулалтаа дэмжих хөшүүрэг болчихоод байгаа юм. Тиймээс тодорхой
бүтээн байгуулалтын төслүүд дээр хөнгөлөлт өгч байгаа” гэлээ.
Амгалан дулааны станцын гаалийн татвар болох 150 сая ам.долларыг
чөлөөлөх юм байна. Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн 2014 оны арванхоёрдугаар
сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөхөөр санал хураалгахад гишүүдийн олонхи нь
дэмжсэн юм.
Дараа нь гишүүд “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”
УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Уг төсөлтэй холбоотойгоор
зарчмын зөрүүтэй 39 санал гарсан юм. Эхний 30 заалтыг пүрэв гаригийн чуулганаар
санал хураалгасан байсан. Харин тогтоолын 31 дэх санал буюу “Оюу толгой төслийн
далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэхэд УИХ, Засгийн газар дэмжлэг үзүүлнэ”
гэсэн заалтыг хэлэлцэх шатанд “Шударга ёс” эвсэл завсарлага авсан. Энэ талаар тус
бүлгийн дарга Н.Батцэрэг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тайлбарлахдаа
“Энэ заалтад байгаа томъёоллыг өөрчлөх ёстой гэж манай бүлгийн гишүүд үзсэн юм.
Уг заалтын “Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрээний хүрээнд” болон “УИХ” гэдэг
үгийг авч, Оюу толгойн бүтээн байгуулалтын далд уурхайг хурдасгахад Засгийн газар
бодлогын шугамаар дэмжлэг үзүүлж болох юм” гэж өөрчлөх саналтай байна” гэлээ. Эдийн
засгийг эрчимжүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн 31 дэх заалтын
тухай гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэхэд,
УИХ-ын
гишүүн Н.Номтойбаяр: “Шударга
ёс” эвслийн гаргаж байгаа санал буцаагаад анх байсан хувилбар руу нь аваачиж байна
л даа. Ажлын хэсэг энэ саналаа татах хэрэгтэй. Нэгэнт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрээнд бид түргэтгэх гэж орж
болохгүй. Эргээд Лондонгийн арбитрын шүүхэд дуудагдах хөшүүрэг болж өгнө. Бид Засгийн
газрыг дэмжиж ажиллах ёстой. Гэвч Засгийн
газар юун дээр дэмжих нь тодорхойгүй байхад бид бодлогын дэмжлэг үзүүлнэ гэж болохгүй. Харин Засгийн газар энэ асуудлаар
үлдсэн асуудлын хүрээнд тохиролцох ёстой.
Уул
уурхайн сайд Д.Ганхуяг: Монгол Улсын компанийн тухай хуулийн хүрээнд
үйл ажиллагаа нь явж байгаа. ТУЗ-д нь Засгийн газрыг төлөөлсөн гурван гишүүн бий.
Өнөөдөр баяжмал нь хэвийн явж байна. Харин далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой
ТЭЗҮ нь бэлэн болоогүй байгаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэ байгууллага үйл
ажиллагаагаа үргэлжлүүлэх нь зүйтэй. Асуудлыг улстөржүүлэхгүйгээр хурдан шийдмээр
байна.
УИХ-ын
гишүүн Ц.Нямдорж: Оюу толгойн хөрөнгө оруулалт гурван шалтгаанаас мухардмал
байдалд орсон. Нэг нь УИХ-д шударга царайлж орж ирсэн нөхдүүд Оюу толгойн 51 хувийг
улсынх болгоно гээд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгачихсан байгаа. Ийм хүмүүс
Засгийн газарт орчихоор ажил урагшлахгүй байгаа юм. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг
эсэргүүцдэг хүмүүс сайд болчихоод байгаа нь худал биш. Оюу толгойг эсэргүүцэгчид
УИХ-д байна. Дараагийн УИХ-д орж ирэхээр ингэж авирлаж байгаа нь том бүтээн байгуулалтад сөргөөр нөлөөлж байна.
Татвараа авч чадаж байвал тэр үйлдвэр улсынх байна уу, хувийнх байна уу хэнд хамаатай юм бэ. Юунд нь эсэргүүцээд байгаа юм
бэ. Ингээд мухардмал байдалд оруулаад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болохоор хэцүү
байна. Украйныг хар, улстөрчид нь тэмцэлдэхээр улс нь ямар болдгийн жишээг. Оюу
толгой төсөл бол 23 жилийн дараа Монголд орж ирж байгаа том бүтээн байгуулалт. Үүний
цаана геополитикийн асуудал байгаа. УИХ-ын зарим гишүүн яахаараа хувийн асуудлаар
ажил хорлодог юм бэ гэв.
Ингээд “Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэхэд
УИХ, Засгийн газар дэмжлэг үзүүлнэ” гэсэн санал зарчмын хувьд дэмжигдэв. Харин зохих
засварыг байнгын хорооны хурлаар шийдвэрлэхийг УИХ-ын дарга даалгалаа.
Эдийн засгийг эрчимжүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай тогтоолын
төслийн 33 дахь зарчмын зөрүүтэй саналд “Бизнесийн байгууллагын нээлттэй, илт тод
байдлыг хангах, далд эдийн засгийг бууруулах, татварын баазын суурийг өргөтгөх чиглэлээр
эдийн засгийн хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх” гэсэн заалт байлаа. Уг
хуулийн төсөл батлагдаж, амьдралд хэрэгжвэл ямар үр дүнтэй болохыг ажлын хэсгийн
төлөөлж Д.Зоригт гишүүн, Х.Тэмүүжин сайд нар ингэж тайлбарласан юм.
УИХ-ын
гишүүн Д.Зоригт: Өршөөл бол үндсэн улс төрийн, эдийн засгийн, татварын
гэсэн гурван янз байдаг. Үүнээс эдийн засгийн өршөөл нь илүү өргөн агуулгатай. Эрүүгийн
хуульд хамаарагдсан эдийн засгийн гэмт хэргийг өршөөх асуудал татвар дээр нэмэгддэг.
Үүнийг улс орон хууль тогтоомжийнхоо шинэчлэл, татварын үед гаргадаг юм байна. Татварын
хуулийн шинэчлэл, Эрүүгийн хуулийн шинэчлэлийг хийж байгаа үед Эдийн засгийн өршөөл
үзүүлэх нь илүү үр дүн дагуулдаг. Энэ хуулийг
гаргаснаар бусад улсын туршлагыг харахад олон талын ач холбогдол харагдаж байгаа
юм. Сүүдрийн далд эдийн засгийг ил болгодог юм байна. Гадаад, дотоодод нуугдсан эдийн засаг ил болдог юм байна. Валютын
урсгалд сайн үр дүнтэй, татвар нэмэгддэг юм байна. Ингээд улсын төсөвт эерэг нөлөө
үзүүлдэг сайн туршлагууд байна л даа. Хэрэв энэ өршөөлийг эрх зүйн шинэчлэлтэйгээ
хамт цогцоор нь хийхгүй юм бол сөрөг үр дагавартай. Дараагийн өршөөлийг хүлээх,
шударгаар татвар төлж байсан иргэд хохирох сөрөг талтай. Тэгэхээр татварын багц
хууль, эрүүгийн хуулиндаа шинэчлэл хийе. Бизнес хийхдээ алдсан иргэддээ төр өршөөл
үзүүлэх нь зөв юм байна гэсэн саналтай байгаа” гэлээ.
Хууль
зүйн сайд Х.Тэмүүжин: Эдийн засгийн хямрал, хөрөнгө оруулалтын хомсдолтой
холбоотой асуудал Монгол Улсад эргэлдэж байгаа мөнгө хөрөнгийн тодорхой хэсэг сүүдрийн
эдийн засаг бий болсон нь нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, хууль бус, зөвшөөрөгдөөгүй тэр
мөнгөөр өөр хөрөнгө оруулалт хийх юм бол хууль хүчний байгууллагууд шууд орж ирээд
бизнес эрхлэгчийг боомилдог. Бизнесийг нь нураадаг. Мөн эдийн засгийн нөхцөл байдлыг үгүй хийдэг байдал
манай улсад хавтгайран гараад ирсэн. Тиймээс бид гаднаас хөрөнгө оруулалт татахаас
гадна дотроо байгаа энэ сүүдэрт нуугдаж буй
хөрөнгө оруулалтуудаас ил болгох ёстой. Ингэж айдас хүйдэсгүй болгож авахгүй
бол эцсийн дүнд баялаг бүтээгчид маань, өөрсдөө баялагтай байгаадаа, бизнеэс эрхэлж
байгаадаа, ард иргэдийг орлоготой байлгасандаа буруудаж, гэмт хэрэгтэн болох нөхцөл
байдал руу оччихлоо. Дээр нь Монголд үнэхээр айдас бий болчихлоо. Манай хуулийн
байгууллагууд мөнгөтэй хүмүүс рүү их улайран дайрч байна. Хуулийн байгууллагын туслалцаатайгаар өрсөлдөгчөө
намнах оролдлого хийдэг болж байна. Бид хуулийн шинэчлэл хийх гэж байгаа бол зураас
татаж, одоо дүрмээр тоглоё гэхгүй бол Монголд таагүй нөхцөл байдал бий болж байна.
Эцсийн дүндээ энэ баялаг бүтээгчдээ дэмжээд, ажилтай, орлоготой байх нь зөв юм уу,
бизнес эрхлэгчид нь шоронд хоригдоод, ажилчид нь гараад, хөрөнгө нь хэн нэгний гарт
самрагдаад дуусах нь чухал юм уу. Бид энэ сонголтын өмнө ирчихээд байна. Яах аргагүй
хуулийн шинэчлэл хийх хэрэгтэй. Илүү ил тод, иргэнлэг хүмүүнлэг ажиллах орчин бий
болгох гэж байна. Гэхдээ өмнөх байгаа таагүй зүйлүүдээ мартахгүйгээр энэ алхмыг
зөв хийж чадахгүй. Гэвч хүмүүс эргэлзэж байна. Жирийн байгаа иргэдэд таагүй орчин
бүрдүүлдэг, шоронд хорьдог айдас хүйдэстэй байх юм бол энэ шинэчлэлийн чинь хэрэг
байна уу гэж иргэд эргэлзэж байна. Энэ эргэлзээг арилгахын тулд Эдийн засгийг ил
тод болгох өршөөлийн хууль гаргах ёстой. Хуримтлал үүсгэж баялаг бүтээнэ гэдэг зах
зээлийн нийгмийн үнэт зүйл, хувийн өмчтэй байна гэдэг эрх чөлөөний тулгуур хэсэг,
ажил хийж, баялаг бүтээж байна гэдэг олон хүнийг орлоготой байлгадаг юм. Төр хэзээ
ч баялаг бүтээдэггүй. Ирэх 14 хоногт УИХ, Засгийн газар итгэл үнэмшлээр нэгтгэж
энэ хуулийг хурдан баталмаар байна” гэлээ. Дээрх саналаар санал хураалгахад гишүүдийн
олонхи нь дэмжлээ.
УИХ-ын
гишүүн С.Дэмбэрэл: Эдийн засгийг идэвхжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг
ийм хэлбэрээр хангана гэдэгт би итгэхгүй байна. Энэ тогтоолын төсөлд санхүүгийн
тогтвортой байдлыг хангах талаар ямар заалт орсон юм бэ. Валютын ханшийг тогтвортой
байлгах талаар ямар заалт орсон юм бэ. Алга байна шүү дээ. Энэ хөгжлийн төлөвлөлт
гэдэг бол үнэхээр хэрэггүй заалт. Ажлын дэд хэсгийнхэнтэй уулзаж байхад удирдамж
өгсөн. Яг л манай хуучин сэтгэлгээ. Бүх яамдын хэтийн чиглэл энэ тэр гээд биччихэж.
Монгол Улсын хөгжлийг хойш нь татаад байгаа арван индекс л байгаа. Үүнийг зоож байгаад
үүн рүү хүрэх зорилт тавих ёстой. Тогтвортой хөгжлийн концепц байх ёстой. Иймэрхүү
юмыг баталбал, хөгжлийн төлөвлөлттэй болбол сайхан болчих юм уу. Зургаан сарын хугацаанд
юу хийх ёстой юм, бизнес эрхлэгчдэд ямар мессэж өгөх гэж байгаа юм гэдэг тухай огт
алга. Би альтернатив төлөвлөгөө боловсруулаад ажлын хэсэгт өгсөн байгаа. Удахгүй
сонинд нийтлэгдэхээр хараарай, та нар.
УИХ-ын
дэд дарга Р.Гончигдорж: Хэний идэвхжлээр, хэн энэ эдийн засгийн идэвхжлийг
дээш нь авч явах юм бэ гэвэл парламент биш, энгийн бизнес эрхэлж байгаа олон түмэн
шүү дээ. Олон түмний оролцоотой эдийн засаг. Одоо бидэнд ийм юм хэрэгтэй байна,
ингэвэл миний эдийн засаг өсч, тэлж орлого нэмэгдэнэ гэсэн агуулгаар энэ баримт
бичиг хийгдэж байгаа болов уу. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийг бид
өмнө нь гаргаж байснаас өөрөөр ойлгож байгаа гэж бодож байна. Нэг талаас хөгжил
төлөвлөлтийн процессын үндсэн суурь төлөвлөлт, үндсэн аргачлалыг оруулах юм. Үүнийг
хэлэлцэж байхад шинэ хуулиудаа үзэл санаагаараа унагамааргүй байгаа юм. Тухайлбал,
Эдийн засгийн өршөөлийн хууль байна. Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний
тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй нийт 39 саналаар
санал хураалгаж, дэмжигдлээ. Үүгээр үдээс өмнөх чуулган өндөрлөсөн юм.
М.МӨНХЦЭЦЭГ