Categories
мэдээ редакцийн-нийтлэл цаг-үе

Наран мандах зүгт эх орны хил тайван байна

Эх орны өргөн уудам нутгийг торгон хилийн зурвас эмжиж, эргэх дөрвөн
цагт тангараг өргөсөн хилчид нүд цавчилгүй манана. Энэ удаа бид мандах наран зүгийн
хязгаар нутгийг зорилоо. Хатаж гандсан өнжүүл борог хагдарч хөл дороос хавар цагийн
яргуй өндөлзөнө. Нар тэнгэрийн хаяа тийш мэхийх үеэр Дорноговь аймгийн нутагт байрлах
Улаан-Уулын отрядын Харагчингийн заставт дөрөө мулталлаа. Зах нь харагдахгүй их
талын хэсэгхэн газар хөндлөн гулд тогтсон толгод байх бөгөөд толгодын ар бэлд Харагчингийн
заставын амьдрал бужигнана. Хятадын Шилийн гол аймагтай хил залгаа эл заставын хажуухан
талд харуулын өндөр байр сүндэрлэх нь сүртэй. Буутай цэргүүд харуулын манаанд ээлжлэн
гарч хол ойр хөдөлж сортойх хулгана зурмыг хүртэл андахгүй дурандаж цагийн байдлыг
застав руу илтгэх аж. Говийн нутагт хаа нэг хуй дэгдэж, хуруун чинээ гүрвэлээс
өөр үзэгдэх юмгүй. Харин хилийн торноос цаана гурван километрийн орчимд Хятад улсын
хилийн манаа харагдана. Хилчдийн ярьж буйгаар ойрын хэдэн жил элдэв зөрчил гараагүй
гэсэн. Хааяа тэнэж яваад төөрсөн урд хөршийн “бадарчин”-гууд хил давах тохиолдол
гардаг байна. Энэ заставт гэрээт цэргүүд алба хаадаг юм байна.

Гэрээтийн орон тоо бий болсноос 
хойш цэргийн алба хаах сонирхолтой залуус ихэсчээ. Гэрээт цэргүүд хоёр жилийн
алба хаагаад сард 600 орчим мянган төгрөгийн цалин авч байна. Хот суурин газраас
хол учраас мөнгө үрээд байх шалтгаан ч байхгүй. Гэр бүлээ орхиод ирсэн нэг нь сардаа
цалингаасаа 100 гаруй мянган төгрөгөө бэлэн аваад дансаар тэдэндээ явуулдаг байна.
Хоол хүнс, дүрэмт хувцас гээд бүгдийг л улсаас бэлдээд өгчихнө. Амьдрах байр нь
хүртэл тансаг зэрэглэлийн буудлаас дутахааргүй юм билээ. Ингэхээр тэд хоёр жилийн
дараа 10 гаруй сая төгрөгтэй гэртээ харина гэсэн үг шүү дээ.

Мөнгийг нь бодоод гэрээт цэргийн алба хаахаар ирж байсан зарим цэргүүд
цэргийн амьдралын утга учрыг ойлгоод ирэхээрээ застав, отряддаа торгон хилээ манахаар
үлддэг гэнэ. Ийм олон хүн хилийн цэргийн ангид алба хааж байна. Говийн нутгаар хөндлөн
гулд давхисаар Цагаан-Овоогийн заставт хүрэв. Харагдаж үзэгдэх уул толгод ч үгүй
энэ эзгүй газар хилчид өөрсдийн вант улсаа байгуулж эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байгааг
харахад хотын хүүхнүүд ч гурав хонохгүй уйлаад Улаан­баатар гүйх байхдаа гэсэн бодол
хөвөрнө. Цагаан-Овоо­гийн застав хад асга гээд хараг­дах юмгүй мөртлөө чулуун хороогоор
хашаа хороо босго­жээ.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Онгоны отрядын салбар ангид ирсэн нь
энэ. Бусад заставыг бодвол их малтай аж. Бод, бог гээд нийтдээ мянга орчим малтай.
Таван хошуу мал бүгд бий. Гэхдээ ганцхан тэмээтэй. Ганц тэмээ нь ус зөөх үүрэгтэй
гэсэн. Зуны цагт заставын хүүхнүүд үнээгээ сааж, сүү саалиа боловсруулж  хүнсэндээ хэрэглэнэ. Заставын малыг Пүрэвням,
Одхүү хоёр малладаг байна. Энэ хоёрт цаг нөхцөөхөд тусладаг ганц найз нь хөгжим.
Флашаараа сүүлийн үеийн дуу хуулуулж авчраад сонс­чихно. Өдөрт хоёр хоол хийж иднэ.
Дандаа цуйван, хааяа шөлтэй хоол хийж иддэг тухайгаа хөөрөлдөв. Ер нь хилийнхнийг
мал хуй өсгөж, жимс жимсгэнэ түүж, хүнсний ногоо тарьдаг арчаатай айлын нэгэн тод
жишээ гэмээр. 

Анх залуучууд цэрэгт ирээд мал төллөх үеэр хурга ишигнийхээ эхийг
танихгүй будилна. Хэд хоноод 200 гаруй хурга, ишгийг дорхноо нүдэлдэг талаар заставын
дар­га Мөнхбаатар ярьж байсан. Малын хашааны өмнөхөн хөшөө босгосон хоёр булш харагдсан.
1980-аад оны үед тус заставт алба хааж байсан ахлах ахлагч, байлдагчийн хамт цасан
шуурганаар төөрч амиа алджээ. Эрлийн баг олох үед тэрээр байлдагчдаа өмсч явсан
хамаг хувцасаа тайлж өгөөд өөрөө осгосон байжээ. Тайван цагт эх орныхоо төлөө мөнх
бусыг үзсэн цөөнгүй хилчин байдаг гэсэн. Тиймээс Хил хамгаалах ерөнхий газар болон
салбар ангиуд тэдний эр зориг алдар нэрийг мөнхжүүлэх ажил өрнүүлж байгаа. Тайван
цаг гэснээс дайны үед нуувчинд отолт хийж байсан газартай хаяа дэрлээд малчид нутагладаг
юм билээ. Малчид малаа маллаад зогсохгүй эх орныхоо хилийг манана. Нэг ёсондоо хилийн
цэргийн туслах хүчин гэсэн давхар алба эрхэлдэг гэсэн үг. Шуурганд хил тулаад мал
хуй ороод ирвэл хилчдийнхээ хамт хоргоож, эзэнд нь буцааж өгөхөөс эхлээд хилчдээс
дутахааргүй сонор соргог малчид байсан. Малчин С.Энхбат “Манайх үе удмаараа туслах хүчин явсан. Хилчидтэй мөр зэрэгцээд эх орныхоо хилийг манаж байгаа гэж бодохоор
үнэхээр сэтгэл огшдог юм” гэв. Мэдээж хилийн дээстэй ойрхон нутагладаг болохоор
санаа зовних үе байх ч хилчдийнхээ ур чадварт тэр хавийн айлууд ихэд итгэж найддаг
нь илт. Арга ч үгүй биз. Эх орныхоо хилийг хэр баргийн өвсөнд бүдрэхээргүй аавын
хүү хаах нь ойлгомжтой.  Баянтөхөм, Бударын
застав гээд үнэхээр ч даргын тушаал, эх орондоо өргөсөн тангараг гээчийг жинхэнэ
утгаар нь мэдэрсэн эрчүүд л хилийн ангид үүрэг гүйцэтгэж байна. Бударын чулуун дундах
заставт Баясгалан гээд цэрэг алба хаадаг байж. Тэрээр нэг өдөр хоёр цэргийн хамт
харуулд гарч байсан гэнэ. Гэтэл Хятадын иргэн хил давж баригджээ. Тухайн үед баригдсан
этгээд өөрийгөө мэргэшсэн тагнуулч болохоо хэлсэн бөгөөд “Би танай гурван цэрэг
битгий хэл арван хүн байсан ч өлхөн дийлнэ. Гэхдээ танай тэр бор цэргийн харцыг
бараагүй, баригдчихсан. Тэр нүдээ нэг ч цавчаагүй, зоригтой эр” гэжээ. Ингэж онц
ноцтой тагнуулыг барьсан удаатай. Баясгалан гэх цэргийг алдаршуулсан хад хүртэл
байдаг аж. Ер нь Бударын  застав хааш хаашаа
гурав, дөрвөн километр үргэлжлэх том хад цохиотой. Гэхдээ энэ байгалийн онцлог бүхий
газар урд хөршийн нутагт үргэлжлэн тогтсон. Манайд зөвхөн энэ өвөрмөц тогтоцтой
газрын 30 хувь нь үлджээ. Бударын застав Онгоны отрядтайгаа ойрхон байршдаг юм билээ.
Хил дагасан заставынхан хоорондоо дотоод холбоогоор мэдээлэл солил­цохоос биш гар
утсаар хүссэн үедээ аав, ээж, найз нөхөд, эхнэр хүүхэд рүүгээ ярина гэж байхгүй.
Зайлш­гүй хэрэг гарвал дор хаяж 60-70 км давхиж байж сумын төв орж ярьдаг гэсэн.
Хол болохоор сардаа л нэг удаа сум орж утсаар ярьдаг тухайгаа хилчид ярьсан. Үнэндээ
хот газар шиг машин зам дээр түгжирч нэг нэгнийгээ харааж, зүхэж бухимдахгүй, толгой
амраахгүй утас байнга хангинаж стресстэхгүй ёстой л амар амгалан хөдөөд байна. Ялангуяа
хилчид удам дагаж хүслээрээ энэ хол газар ирсэн гэх. Түүнчлэн үр хүүхдээ хилчин
болгоно гэсэн битүүхэн хүсэлтэй.

Хэдий санаа зовох зүйлгүй, сэтгэл амар амьдарч байгаа ч гэсэн жил
бүрийн өдийд хилчдийн сэтгэлд жаахан гуниг сэвэлзээд эхэлдэг гэнэ. Учир нь нэг жилийн
хугацаат цэргүүд халагдах дөхөөд тэр. Гэвч дахиад л шинэ цэргүүд ирнэ.

Гэхдээ цэргүүд халагдах өдрөө хоног тоолон хүлээдэг үе өн­гөрсөн
талаар Онгоны отрядын захирагч С.Энхсүх ярьсан. Энэ жил халагдах цэр­гээс нэ­лээд
хэд нь отряддаа үлдэхээр өргөдлөө өгчээ. Учир нь цэргийн ангийн талаар төсөөлөлгүй
явсан залуус хэдий нэг жил алба хаагаад буцаж байгаа ч эх орон, эр хүн гэж чухам
юуг хэлээд байгаа тухай бага ч гэсэн ойлголттой болдог байна. Ангийн захи­рагч шинэ
цэргүүдийг цэргийн тангараг өргөснийх нь дараа халхын сайн эр Торой бан­дийн домогт
Шилийн богд уулнаа гаргаж эрийн тангараг өргүүлдэг гэнэ. Мөн Алтан овоо зэрэг байгалийн
түүх дурсгалт, үзэсгэлэнт газрууд­тай танилцуулдаг нь цэргүүдэд ихэд нөлөөлдөг талаар
отрядынхан ярьж байна лээ. Үүний тод жишээ бол ахлах түрүүч Б.Мөнх-Эрдэнэ. Тэрээр
хилийн цэргийн ангидаа үлдэх өргөдөл өгчээ.

Түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Нутаг
хаана вэ?

– Дорноговь аймгийн Айраг сумаас ирсэн.

-Цэргийн
алба хаах ямар байна?

-Маш гоё. Манай зарим найзууд цэргийн алба хааж ирээд намайг цэрэгт
яв гэж ятгасан. Би цэргийн анги, тэр дундаа хилийн анги ямар байдаг талаар ойлголтгүй
ирсэн. Цэрэгт татагдсан анхны өглөө 6.00 цаг гээд босох тушаал сонсоход нойроо дийлэхгүй
ийм хэцүү юм уу гэж бодож байлаа. Одоо бол хэдэн ч цагийн манаанд гарсан нойрмоглохгүй
шүү.

-Цэргийн
ангид ирээд юу сурав?

-Ороо ёотон хурааж сурсан. Өнцөг булан бүр нь дөрвөлжин яг л ёотон
шиг харагдахаар гэсэн үг. Бараг 14 хонож байж сурсан. Бас турник дээр бүтэн сонс
эргэж сурсан.

-Анх
цэрэгт ирэхдээ хэд суниадаг байсан бэ?

-20.

-Одоо
хэд суниаж байна?

-Доод тал нь 60 суниадаг болсон.

-Өөрийг
тань их авьяастай гэх юм билээ?

-Би хотод Хөгжим бүжгийн коллежийг төгссөн. Лимбэ, төгөлдөр хуур
тоглодог. Одоо отрядад ямар нэгэн арга хэмжээ болвол хөгжим тоглоно. Бас цэрэгт
ирээд Задгай цагаан, Хүмүүн төрөлхтөн зэрэг арван бүжиг сурсан.

-Яагаад
цэргийн албанд үлдэхээр шийдэв?

-Цэрэгт явна гэдэг маш сайхан санагдсан. Тэр тусмаа эх орныхоо хилийн
манаанд зогсоно гэдэг бахадмаар юм билээ. Миний үеийн залуус эх орон, миний Монголын
газар шороо гэж ирээд л ярьдаг. Ядаж нэг жил алба хаагаад харуулын манаанд зогсоод
үзвэл жинхэнэ эх орон гэж юу байдгийг мэдрэх болно. Наад зах нь хувь хүний зохион
байгуулалттай, алхаа гишгээ хүртэл чанга болдог юм байна. Тэгээд ч хотод очоод хийх
ажилгүй байснаас төрд зүтгээд, цэргийн хүн болох нь  дээр гэж бодсон гэв. 

Б.Мөнх-Эрдэнэ шиг бо­дол­той залуу олон байсан. Түүнчлэн өвөө, аав
гээд удам дамжсан хилчид ч байна. Отрядын Сэтгэлзүй, соёл, сурталчилгааны албаны
ахлах ажилтан Б.Баярмагнай Ховд аймгийнх бөгөөд өвөө Лхамжав, аав Бямбажав нар нь
хилчин байсан гэнэ. Тэрээр дөнгөж 20 гарч яваа ч барилдана, дуулна, шүлэг уншина,
бөх цоллоно, тайлбарлана гээд элдэвтэй нэгэн. Хүнгэнэсэн сайхан хоолойтой. Цагдаагийн
ерөнхий газрын нэрэмжит наадмын бөхийг гурван жил дараалан тайлбарлажээ. Тэрээр
мөрөөд­лөө дагаад урлагийн салбарт хүч сорих байсан ч удмынхаа хувь заяа, сэтгэл
зүрхнийхээ дуудлагаар хилийн хязгаарт иржээ.

 Үргэлжлэл
бий

 Д.ДАВААСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд редакцийн-нийтлэл

Гомдол бол хууран мэхлэлтийн хэлбэр

Алба ба амин хувийн ажил төрөл дээр ганц нэг хүнийг санамсаргүй гомдоочихсон
тохиолдол үргэлж гардаг. Сүүлд сонсохноо өмнөөс нь гашуудаж бүр нулимс гоожмоор
шоовдорлосон байхыг нь яана гээч. Хөөрхийдөө тэр муу ядарсан амьтан тухайн үед нь
ядаж хэлчихгүй даанч яав даа.

-За за ёстой уучлаарай. Одоохон наад гомдлыг чинь…

-Үгүй ээ үгүй. Би дахиад хэзээ ч…ий ий…

 Байгаа үгүй нь мэдэгдэхгүй
урвайсан, очиж очиж тэрэнд л дандаа шударга бус явдал тохиолдоод байгаа бол өрөвдөхөөсөө
өмнө сайтар судалж үзээрэй. Гомдогсод ихэвчлэн бусдыг хууран мэхлэх аргаар өөрийн
хэмжээнээсээ дээгүүр ажилд шургалагсад байдаг. Тэд бүр төрөлхийн ухаан муутай, ямар
нэгэн согог оёгтой, юу ч хийж чаддаггүйгээ үргэлж нууж явдаг. Тийм болохоор өөрөөс
хамаарах мэдлэг мэргэжил, хариуцлага болгоноос сэм бултаж зугтаж явдгийг хамтрагчид
нь анзаардаггүй. Бүх зүйл болоод өнгөрсөн, нийтийн бэлэг, шагнал түгээгдсэний дараа
гэнэт гарч ирээд олон юм гоншигноод өрөвдүүлдэг муу аргатай.

Монголын өнөөгийн нээлттэй нийгэмд хаа очиж цагаандаа гарсан хэлмэгдэл,
шударга бус хуваарилалт хийх үндэслэлгүй болсны ачаар л тунималуудын цаад мөн чанарыг
мэдэж авлаа.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн буруутай үйл ажиллагааг хэлэлцэв

Өргөдлийн байнгын
хороо өнөөдөр үдээс хойш хаалттай хуралдлаа. Уг хуралдаанаар Ашигт малтмалын газрын
дарга асан Д.Батхуягийн асуудлыг хэлэлцсэн байна. Түүний буруутай үйл ажиллагаанаас
болж хохирсон иргэд тус байнгын хороонд хаягласан өргөдөл илгээжээ. Д.Батхуяг нь
Ашигт малтмалын газрын дарга байхдаа тэдгээр иргэдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг
нь хүчингүй болгож, ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэнэ.

Өргөдлийн байнгын
хороо хаалттай хурладааны горимоор түүний асуудлыг хэлэлцэж байлаа.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс эхчүүдэд ээлтэй улс орнуудын жагсаалтад 88-д бичигджээ

Хүүхдийг ивээх сангийн олон улсын эвслээс гаргасан “Эхчүүдийн 2014 оны
индекс”-ээр Монгол Улс  дэлхийн 178
улсаас 88-д жагсаж Вьетнамыг ардаа орхин гурван шат ахисан үзүүлэлттэй гарчээ. Манай
хөрш болох БНХАУ 61-д бичигддэг бол ОХУ 62-т бичигддэг юм байна. Тус индекс нь
Хүүхдийг ивээх сангаас жил бүр хэвлэн нийтэлдэг “Дэлхийн эхчүүдийн байдал”
тайлангийн нэг хэсэг бөгөөд 15 дах удаагийн энэ тайланд дэлхийн 178 улс орныг
эх болон хүүхдийн аж байдал сайжирсан эсхүл буурсан үзүүлэлтээр харьцуулан
эрэмбэлсэн аж. Жагсаалтыг Финланд улс хоёр дах жилдээ тэргүүлж Сомали улс
жагсаалтын төгсгөлд бичигджээ. Хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй улс орнуудад эх
болон хүүхдэд чиглэсэн үйлчилгээг сайжруулснаар эх, хүүхдийн эндэгдлийг эрс
бууруулж болдогийг тус тайлангаас харж болох аж.  Монгол Улсад сүүлийн 15 жил эхийн эндэгдэл 30
хувиар, хүүхдийн эндэгдэл 50-иас илүү хувиар буурч, нэг хүнд ноогдох үндэсний нийт орлого бараг долоо
дахин өссөний дээр парламентад эзлэх эмэгтэйчүүдийн суудлын тоо хоёр дахин
нэмэгдсэн байна. Манай улс 88-д бичигдсэн ч 36 хүүхдийн нэг нь тав хүртэлх
насандаа эндэж буй үзүүлэлт нь урьдчилан сэргийлж болох шалтгаанаар гарч буй
эх, хүүхдийн эндэгдлийг эцэслэхэд манай улс илүүтэй хүчин чармайлт гаргах
хэрэгтэйг харуулж байгаа аж.

Энэ жилийн “Дэлхийн эхчүүдийн байдал” тайлан хүмүүнлэгийн хямралд буй улс
орнуудын эхчүүдэд илүүтэй анхаарсан байна. Тэдний нөхцөл байдал, хэрэгцээг
ойлгох, улмаар хариу үйлдэл үзүүлэх асуудалд төвлөрч байжээ. Хямралд өртсөн улс
орны эхчүүдийн хувьд хүүхдээ эсэн мэнд өсгөхөд нийгмийн суурь үйлчилгээнд
хамрагдах эдийн засгийн болон хувийн чадамж хомс байх, ядуурал, хоол тэжээлийн
дутагдал, бэлгийн хүчирхийлэл, төлөвлөөгүй жирэмслэлт, амаржих үедээ эмнэлгийн
тусламж авч чадахгүй байх зэрэг эмзэг байдлаас үүдсэн олон төрлийн бэрхшээлтэй
тулгарч байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалсан зудын эрсдэл сүүлийн жилүүдэд
Монгол оронд эмзэг тусч байгаа аж. Зудад нэрвэгдэж, амьжиргааны малаа алдсан
өрхүүд эдийн засгийн хямралд өртөж байгаа гэнэ. Энэ нь хоол тэжээлийн дутагдал,
хүүхдүүдийн сургууль завсардалт, эрүүл мэндийн үйлчилгээний зардал ихсэхэд
хүргэж байгаа юм байна.

 

 

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс таван толгой” компани хувьцаагаа авч болно гэв

Хувьцаа эзэмшигч, хөрөнгө
оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс иргэдэд “Эрдэнэс таван
толгой” компани 1072 ширхэг хувьцаагаа бэлэн мөнгөөр
авах бус хувьцаа хэлбэрээр авах нь хамгийн зөв сонголт” хэмээн зөвлөлөө. Учир нь одоогоос 20
орчим жилийн өмнө Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэсэн долоон мянган төгрөгийн
үнэтэй цэнхэр, ягаан тасалбар авсан 447 мянган иргэдийн зарим нь өнөөдөр ашгаа
хүртээд сайхан амьдарч байгааг дурдав. Тэд зөв сонголт хийснийхээ дүнд том
компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болж, ногдол ашиг авч байгаа. Мал авсан
иргэд мянгат малчин болчихсон, тоног төхөөрөмж авсан нэг нь хөл дээрээ зогссон
өөрийн гэсэн үйдвэртэй болжээ. Танд уг тасалбар байгаа бол одоо ч ашиглаж болох
аж. Эмээ, өвөөгийн чинь нэр дээр байдаг ч нас барсан бол шилжүүлэн авах
боломжтой гэнэ. Энэ үйл явдлыг давтсан явдал болсон нь иргэн бүрт “Эрдэнэс
таван толгой” компанийн 1072 ширхэг хувьцааг тараасан хэрэг юм байна. Учир нь
“Эрдэнэс таван толгой” хувьцаат компани 320 жилийн настай, өгөөжөө өгөх
томоохон орд юм. 1072 ширхэг хувьцаагаа бэлэн мөнгөөр сольсон оюутнууд
сургалтын төлбөр хэлбэрээр хоёр жил дараалан авсан бол өндөр настай,
хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая орчим төгрөг хуваан авсан. Харин 1072 ширхэг
хувьцаа авахгүй нэг сая төгрөгөө бэлнээр авна гэж мэдүүлсэн иргэд одоо хэрнэ
мөнгөө аваагүй байгаа бол хувьцаа авна гэсэн иргэдийн 770 мянга нь нэрийн данс
нээлгэж, 330 мянга нь дансандаа хувьцаагаа шилжүүлжээ. Хэрэв хувьцаа
биш мөнгө авна гэсэн иргэд бодлоо өөрчилсөн бол Хувьцаа эзэмшигч,
хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвд өргөдлөө өгөх боломжтой юм байна.
Тус газар таны өргөдлийг зохих газарт нь хүргэснээр та 1072
ширхэг хувьцаагаа авах боломжтой болох аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Жинхэнэ “Уолл стритийн чоно” Монголд ирнэ

 Идэвхжүүлэгч
уран илтгэгч, домогт арилжаачин, Уолл стритийн хөрөнгийн оператор байсан Жордан
Бэлфорт нь 1962 онд АНУ-д төрсөн бөгөөд анх сургуулиа төгсөөд үнэт цаасны
арилжааны салбарт мэргэжлийн гараагаа эхлүүлж байжээ. Тэрээр хөрөнгийн зах
зээлд олон жил ажилласан ба алдаж онож явсан арвин туршлагатай нэгэн юм.  

Жордан
Бэлфорт сүүлийн хориод жилийн турш АНУ, Австрали, Африк, Англи  гэх мэтийн дэлхийн маш олон орнуудын бүх
төрлийн мянга мянган бизнесүүдэд өөрийн туршлагаасаа хуваалцаж хамтран ажиллаж
өндөр үр дүнд хүрчээ. Харин тэгвэл энэ удаа тэрээр Монголын гадаадын томоохон
хөрөнгө оруулагчдын нэг болох ноён Жеимс Пассин болон СиБиЭм ХХК-ийн урилгаар
Монголд хүрэлцэн ирэхээр болсон байна. 2014 оны зургадугаар сарын 6-нд Blue Sky
Hotel-д Монголын бизнес эрхлэгчид, улс төрчид болон холбогдох хүмүүстэй дараах
сэдвүүдээр нэгэн оройн турш ярилцах юм байна. Тэрээр өөрийнхөө амьдарлын талаар
Wolf of Wall Street гэдэг ном бичиж байсан ба мөн ийм нэртэй кино 2013 онд
Холливудад хийгдсэн байна. Уг кинонд Жордан Бэлфортын дүрийг нэрт жүжигчин
Леонардо Ди Каприо чадварлагаар бүтээсэн байдаг.

 

Categories
мэдээ нийгэм

Баасан гаригт цэрэг татлага эхэлнэ


Нийслэлийн цэрэг татлагын товчооны
ээлжит хурал өчигдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын “2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг
халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/259 дугаар захирамжийн дагуу
нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр
халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг тавдугаар сарын 01-03-ны
өдрүүдэд зохион байгуулсан. Харин цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт
цэрэгт элсүүлэх ажлыг тавдугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулах аж. Ээлжит
цэрэг татлагын ажлыг эрхлэн явуулах “Цэрэг татлагын товчоо”-г дүүргүүдийн Засаг
даргын Тамгын газрын дарга удирдаж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар цэрэг
татлагын ажлыг явуулах бэлтгэл хангагдсан бөгөөд хуваарийн дагуу тавдугаар
сарын 08-нд дүүргүүдийн цэрэг татлага явуулах байр бэлэн болох юм байна. Зарлан
дуудах хуудас тараах ажил 93.1 хувьтай байгаа аж. Цэргийн албан тэнцүүлэх
зааврын дагуу шалгуур хангасан иргэдийг тавдугаар 09-ний 19 цагт Ховд,
Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн цэргийн ангируу, 10-нд Орхон,
Зүүнбаяны цэргийн анги руу тээвэрлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүмүүжигчдэд мэргэжлийн зэрэг олгох сургалт эхэллээ

ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн
сургалт үйлдвэрлэлийн төвийн 2015 оны хичээл сургалтын хөтөлбөрийн дагуу
хүмүүжигчдэд мэргэжлийн зэрэг олгох суурин сургалтын хоёрдугаар ээлж 5 дугаар
сарын 07-ны өдрөөс эхэллээ.

Энэ удаагийн сургалтад Барилгын засал
чимэглэлч, Барилгын өрөг угсрагч, Сантехникч, Бетон-арматурчин гэсэн 4 мэргэжлээр
нийт 80 хүмүүжигч суралцах юм.

Суралцагсад эхний 2 сар
танхимын онолын сургалтад хамрагдаад 3 сарын хугацаанд үйлдвэрлэлийн дадлагад
шилжинэ. 

 

  

 

Categories
мэдээ нийгэм

Аймгуудын цахим хурал боллоо


Аймгийн
удирдлагуудтай сар бүр хийдэг цахим хурал өнөөдөр боллоо. Өнгөрсөн долоо хоногт
болсон Засгийн газрын хуралдаанаар Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн
Жаргалант, Архангайн Эрдэнэмандал, Ховдын Үенч сумыг улсын тэргүүний сумдаар
шалгаруулсан гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Ч.Сайханбилэг хэллээ.

Дорноговь
аймгийн Сайншанд, Замын-Үүд сумын дэд бүтцийн барилгын ажлын хэрэгжилт сайн
байна. Энэ төсөл хэрэгжсэнээр тус аймгийн 60 мянган хүн амын 50 хувь нь оршин
суудаг энэ хоёр сумын цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ бүрэн шинэчлэгдэж,
иргэдийн ая тухай амьдрах боломж бүрдэнэ. Тус аймаг архи үйлдвэрлэдэггүй аймаг
болсноо зарласан.

Орхон аймагт
“Өлзий хутгийн наран” ХХК асфальт, бетоны үйлдвэр байгуулж, үйл ажиллагаагаа
эхлүүллээ.

Өвөрхангайд
бетон зуурмагийн  “Зул баян ундрах”
үйлдвэр байгуулагдаж, 20 гаруй хүн ажилтай боллоо. Энэчлэн өнгөрсөн сард
аймгуудад зохион байгуулсан сайн ажил олон байна гэж Засгийн газрын ХЭГ-ын
дарга Ч.Сайханбилэг онцоллоо.

Энэ онд 6
аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбоно, 9 аймагт
дулааны станц барина. Мөн аймгуудад 1000 айлын орон сууц барих ажлыг эхлүүлсэн
зэрэг аймаг бүрийг хот болгох Засгийн газрын зорилтын хүрээнд олон ажил
хийгдэнэ. Эдгээр бүтээн байгуулалтын ажилд 
аймгийн удирдлагууд онцгой анхаарал хандуулж, хяналт тавьж, ажлын явцын
талаар тогтмол мэдээлж байхыг үүрэг болголоо.

11 аймгийн төвд иж бүрэн Оношилгооны төв байгуулсан. Энэ
төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх, эмч мэргэжилтнийг сургаж, чадавхижуулах,
иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгахад анхаарч
ажиллах ёстой гэж тэрээр хэллээ.

Хуралд оролцсон Барилга, хот байгуулалтын сайд
Ц.Баярсайхан,

-Өнгөрсөн онд улсын хэмжээнд гурван суманд “Шинэ сум”
төсөл хэрэгжсэн, энэ онд 16 суманд Засгийн газрын энэ төсөл хэрэгжинэ, мөн НҮБ,
Азийн хөгжлийн банкнаас 12 суманд шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Эдгээр
сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гарсан гэлээ. Мөн тэрээр “Аймгийн төвүүдэд
1000 айлын орон сууц барих  ажил эхэлсэн.
Энэ хүрээнд аймгийн төвд баригдсан орон сууц болон амины орон сууц худалдаж
авсан иргэдийг 8 хувь, үүнээс бага хүүтэй зээлд хамруулахаар судалгаа ид
хийгдэж байна” гэлээ.

Хурлын төгсгөлд Сангийн яам, Барилга, хот байгуулалт,
Эдийн засгийн хөгжил, Уул уурхай, Боловсрол шинжлэх ухаан, Эрүүл мэнд зэрэг
яам, агентлагийн  удирдлагууд аймгийн
Засаг дарга нарын асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хорт хавдраар өвчилсөн хүмүүст зориулсан шинэ “Моод” дэлгэрчээ

Henna Heals /Хенна Хийлс/ хэмээх
байгууллагынхан хорт хавдраар өвчлөн зовж буй хүмүүст зориулан шинэлэг санааг
сэдээг, хэрэгжүүлж байна. Ийм өвчтэй хүмүүст хийдэг химийн эмчилгээний
нөлөөгөөр үс нь гуужиж унадаг бөгөөд өвчтөнүүдийн сэтгэл санаанд хүндээр
тусдаг. Тэгвэл дээрхи шинэ санаа нь эл асуудлыг бүр мөсөн шийдэж, нэг ёсны шинэ
“моод” дэлгэрүүлж буй юм.  Хенна
Хийлсийнхний сэдсэн энэ санаа бол үс нь унаж, халцарсан өвчтнүүдийн толгойд
тусгай хена будаг ашиглан гоёлын шивээс хийх юм. Хена будаг нь нэг удаа түрхсэн
байхад удаан хугацаанд арилдаггүй ч энгийн шивээс шиг арьсанд гүн
суудаггүйгээрээ давуу талтай. Хена шивээс нь 2-3 сарын хугацаанд арилдаггүй ч
хиймэл шивээс шиг ганц угаалтаар л арилгах боломжтой
.

Хенна
Хийлсийнхний тайлбарлаж буйгаар уг будгийг 100 хувь байгалийн гаралтай
бүтээгдэхүүнээр найруулан хийдэг тул ямар нэгэн харш нөлөөгүй гэнэ. Өвчтөн
Хенна Хийлсийн мэргэжлийн шивээсчинд захиалга өгч өөрийн хүссэн загварын
шивээсийг хийлгэх боломжтой юм. Өвчтнүүд гэсэн эл үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа
бөгөөд шинэ “моод”-доо “Хена титэм” хэмээх нэр өгөөд амжжээ.