Categories
мэдээ нийгэм

“Их сорилго” олимпиад болов

Сэлэнгэ аймгийн Мандал суманд аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 11-р анги төгсөгчдийн дунд математик, нийгмийн ухааны хичээлээр “Их сорилго” олимпиад, багш нарт “ХХI зууны багшийн чадамж” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээг Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, МУБИС, МУБИС -ийг төгсөгчдийн холбоо, Мандал сумын III сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь боловсролын салбарын өнөө үеийн шаардлагад нийцсэн, цаг үеийн шинжтэй, боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд судлаач, эрдэмтэн багш нарын өргөн багаар ажилласан шинэлэг ажил болов.

Мөн энэ арга хэмжээг Ж.Эрдэнэбат гишүүн 100 хувь ивээн тэтгэн ажилласан нь өөрийн сонгогч олон түмний нэн ялангуяа хүүхдүүдийнхээ оюуны салбарт оруулсан үнэтэй хөрөнгө оруулалт, багш нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлсэн бүтээлч ажил боллоо. Олимпиадад оролцогч сурагчдын үзүүлсэн амжилтын дарааллаар, тэдний авьяасыг нээн хөгжүүлэх зорилгоор нийт зургаан сурагчийг МУБИС-д элсэн суралцуулахаар урьсан нь нэг талаас мэргэжлээ зөв сонгон цаашид амжилттай суралцах боломжийг нээж өгсөн ажил болсон гэж цохон тэмдэглэсэн юм. 

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Илүү ял эдэлсэн иргэдийн хохирлыг барагдуулжээ

Хүний эрхийн үндэсний комисс гурван иргэнийг төлөөлөн Хөвсгөл, Хэнтий аймгийн сум дундын, нийслэлийн Баянгол дүүргийн шүүхэд нэхэмж¬лэл гаргажээ.

Тэд эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас хохирсон байна. Иймээс иргэдэд учирсан хохирол болон илүү хугацаагаар ял эдэлсэн хохиролд нийтдээ 358 сая орчим төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заас¬ны дагуу Засгийн газ¬рын нөөц сангаас 111 гаруй сая төгрөгийг гаргаж хохи-рогчдод олгуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол судлаач Ю.Н.Кручкиныг “Алтан гадас” одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын иргэн Ю.Н.Кручкиныг “Алтан гадас” одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж монгол судлаач Юрий Николаевич Кручкиныг “Алтан гадас” одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн зарлигт тэмдэглэсэн байна.

Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Хоёр орны харилцаа болон монгол судлалыг хөгжүүлэх, түүх, соёлыг сэргээх, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр олон жил ажилласан хувь нэмрээ үнэлүүлж төрийн одонгоор шагнагдсанд баяр хүргэе. Шагналыг Ялалтын баярын өмнөхөн гардуулж байна. Монголчууд ч ялалтын өдрийг ойртуулахад оролцсон нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Танд Ялалтын баярын мэнд хүргэж цаашдын тань ажилд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

Үүний дараа монгол судлаач Юрий Николаевич Кручкинтай товч ярилцав.

-Танд Ялалтын баярын мэнд хүргэе. Таныг Аюур гэдэг нэрээр монголчууд сайн мэднэ. Монгол судлалын чиглэлээр ямар бүтээл туурвиж байгаа талаараа танилцуулна уу?

-Юуны өмнө Ялалтын баярын өмнөхөн Монгол төрийн одон хүртсэндээ баяртай байна. Их баярлалаа. Ирэх зун Монгол, Оросын харилцаанд том том үйл явдлууд тохионо. Халх голын ялалтын 75 жилийн ой болно. Маргааш Ялалтын баяр тохиох гэж байна.

Би монгол судлалаар 20 гаруй жил ажиллаж байна. Миний гол бүтээл гэвэл Монголын тухай нэвтэрхий толь бичиг юм. Үүнийгээ шинэчилж байгаа. Хамгийн сүүлд Орос-Монгол, Монгол-Орос толь бичиг шинээр бичиж хэвлүүлсэн. Монголын нутаг дэвсгэрээс цэрэгт мордож, Эх орны аугаа их дайнд оролцсон орос, буриад, монгол 3000 хүний тухай баримтат ном бичлээ. Цаашдаа кино хийх бодолтой байна.

Өнөөдөр Санкт-Петербургээс миний найз нар ирж байгаа. Максим Леонидов, “Секрет” хамтлаг ирнэ. Ирэх бямба гаригт UB паласт маш том тоглолт хийх гэж байна.

-Монгол судлалын чиглэлээр та хэчнээн бүтээл туурвисан бэ?

-Нийт 60 гаруй ном бий. Орчуулсан олон бүтээлтэй. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын “Тэнгэрийн цаг”, судлаач Болдын “АНУ ба Монголын тусгаар тогтнол”, яруу найрагч Батрэгзэдмаагийн бүтээлүүд зэргийг орос хэл рүү орчуулсан гэв.

Мөн Турк улсын иргэн, “Эмпати-Ертөнц” ХХК-ийн захирал Т.Карабулут, дэд захирал В.Акчай, Улаанбаатар дахь Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал С.Мехмет нарыг боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

А.МЕРКЕЛЬ: Крымд Ялалтын баярын парад хийх нь гутамшиг

Маргааш ОХУ-д Ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Оросын эрх баригчид энэ өдөр Крымд Ялалтын парадыг хийхээр төлөвлөсөн гэдгээ мэдэгдсэн юм. Үүнийг ХБНГУ-ын канцлер А.Меркель шүүмжилж “Миний бодлоор зөрчилдөөн, хямралтай  байгаа энэ үед ийм өдрийг ашиглан парад зохион байгуулах нь гутамшигт явдал” гэж мэдэгджээ. 

Германы Засгийн газрын тэргүүн цааш нь хэлэхдээ “Ялалтын баяр  оросуудын хувьд чухал өдөр. Харин Украин хямралд автаад байгаа үед Крымд ийм арга хэмжээ зохион байгуулах нь тохиромжгүй юм. Түүх бидэнд сургамж хайрласан гэдгийг харуулахын тулд би хэдэн жилийн өмнө тавдугаар сарын 9-ний өдөр Москвад очсон. Харин хямрал ид болж байгаа газар цэргийн парад хийх нь үнэхээр гунигтай явдал” гэжээ. ХБНГУ-ын канцлер хэвлэл бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн нь учиртай юм. Германы хэвлэлд саяхан В.Путин Севастополь хотод айлчилж магадгүй байгаа тухай бичсэн. Хэрвээ айлчлах юм бол тус хотод цэргийн парад болж, энэ нь Орост В.Путины нэр хүнд өсөх хэдий ч олон улсын байгууллагын дургүйцлийг төрүүлэх гэнэ. 

Уржигдар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу мэдэгдэл хийхдээ “Энэ жил Крым, Севастополийг фашистын Германы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдсөний 70 жилийн ойг тэмдэглэнэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалах яам нэлээд өргөн хүрээг хамарсан баярын хөтөлбөр боловруулсан бөгөөд Севастополь, Керчи хотуудад цэргийн парад болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ам.долларын ханш 1800 давлаа

Монголбанкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар ам.доллар 1800 төгрөг давжээ. Харин “Найман шарга” худалдааны төвд 1812 төгрөгт хүртлээ чангарсан байна. Энэ нь сүүлийн 20 жилд тохиолдоогүй ханшийн өсөлт юм.

Долларын ханш чангарч байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн сарын сүүлчээр яамдад тодорхой чиглэлүүд өгсөн. Мөн  “Эдийн засгийг эрчимжүүлэх-100 хоног” арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Уг арга хэмжээ хэрэгжиж эхлээд арав гаруй хоночихоод байхад долларын ханш буурах төлөвгүй, эсрэгээр нэмэгдсээр байна. 

Цаашид долларын ханшийг тодорхой түвшинд барихын тулд манай улс дан ганц уул уурхайн бүтээгдэхүүнд түшиглэлгүйгээр экспортын хэмжээгээ өсгөж, эдийн засгийн сууриа сайжруулах хэрэгтэй байгааг холбогдох албаныхан сануулсаар байна.

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

I, III эмнэлгийн багаж хэрэгсэл эрсдэл өндөртэй гарчээ

МХЕГ-аас эмнэлгүүдэд шалгалт хийжээ. Эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношилгооны хэмжих багаж хэрэгсэл, даралтат савны угсралт, ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгасан байна. “Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэд Клиникийн төв эмнэлэг, Эх нялхас, Хавдар судлалын эмнэлгүүд бага болон дунд зэргийн эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Харин “Даралтат савны үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар нэгдүгээр  төв эмнэлэг  33.3 хувь буюу дунд эрсдэлтэй гарсан бол II, III эмнэлэг, төвүүд 57, 71.9 хувь буюу их эрсдэлтэй гарсан байна. Иймээс дээрх эмнэлгүүдийг алдаа эндэгдлээ хурдан засахыг шаарджээ. 

Э.НОМИН

Categories
гадаад мэдээ

Йинглак Чинаватыг Ерөнхий сайдаас огцрууллаа

Тайландын Үндсэн хуулийн цэцээс тус улсын Ерөнхий сайд Йинглак Чинаватыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргалаа.  Түүнээс гадна түүний тэргүүлж буй Засгийн газарт ажиллаж байгаа сайд нар ч ажлаа өгөх ёстой хэмээн үзсэн байна. Тайландын парламентын гишүүд Ерөнхий сайдыг тус улсын Аюулгүйн Зөвлөлийн дарга Тхавин Плиенсийг хууль бусаар огцруулсан хэмээн буруутгаж Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Ийнхүү Тайландын түүхэнд гурав дахь удаагаа Үндсэн хуулийн цэц нь Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргалаа.   

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Бразилийн шигшээ багийнхны нэрс тодорчээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнийг нутагтаа хүлээн авах Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Луиз Фелипе Сколари өчигдөр /V.07/ ДАШТ-д эх орноо төлөөлөх 23 тоглогчийн нэрийг зарласан байна.

ДАШТ-д оролцох Бразилийн багийн бүрэлдэхүүн:

Хаалгач: Жулио Сезар (Торонто, Канад), Жефферсон (Ботафого), Виктор (Атлетико Минейро)

Хамгаалагч: Данте (Байерн Мюнхен, Герман), Дэвид Луиз (Челси, Англи), Энрике (Наполи, Итали), Тиаго Силва (ПСЖ, Франц), Даниэл Алвес (Барселона, Испани), Майкон (Рома, Итали), Марчело (Реал Мадрид, Испани), Максуэлл (ПСЖ, Франц)

Хагас хамгаалагч: Фернандиньо (Манчестер Сити, Англи), Эрнанес (Интер Милан, Итали), Луиз Густаво (Вольфсбург, Герман), Оскар (Челси, Англи), Паулиньо (Тоттенхэм, Англи), Рамирез (Челси, Англи), Уиллиан (Челси, Англи)

Довтлогч: Бернанд (Шахтёр Донецк, Украин), Фред (Флюминенс), Халк (Зенит Санкт-Петербург, ОХУ), Жо (Атлетико Минейро), Неймар (Барселона, Испани)

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

УРУГВАЙ Хоёр удаагийн дэлхийн аварга баг

2014 он спорт сонирхогчдын хувьд “Өндөр жил” гэхэд хилсдэхгүй. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн ДАШТ энэ зун Бразил улсад эхэлнэ. Манай сонин энэ спортын том цэнгүүнийг угтан ямар улсын шигшээ баг дөмөгхөн тоглож дээгүүр давхих вэ гэдгийг  цувралаар танилцуулж байна. 

Бразил, Аргентин хэмээх газар нутаг, эдийн засаг, соёл урлаг, хүн амынхаа тоо хэмжээгээр дэлхийд дээгүүр бичигдэх гүрнүүдийн дунд Уругвай гэх жижигхэн улс бий. Жижигхэн нутагтай, дөрвөн сая хүрэхгүй хүн амтай, эдийн засгийнхаа гол орлогыг мал аж ахуй (ихэвчлэн хонь), загас агнуур, газар тариалангаас олдог, дайн байлдаан, хар тамхины наймаа байхгүй амгалан тайван улс. Гэхдээ НҮБ-д бүртгэлтэй 193 улсаас өөрсдийгөө ялгаж цоллуулах нэг онцлог энэ улсад байна аа. Тэд 1930 онд хөлбөмбөгийн анхны ДАШТ-ийг нутагтаа зохиож дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг анх хүртсэн хүмүүс билээ. Уругвайн шигшээ баг хоёр удаа дэлхийн аварга болж гурван удаа (1954, 1970, 2010 онууд) хагас шигшээд шалгарсан бөгөөд ийм амжилтыг зөвхөн Бразил, Герман, Итали улсууд л үзүүлсэн гээд бодохоор хүн амынхаа тоогоор манайхтай ойролцоо улсын хувьд бахархмаар амжилт биш гэж үү. Бразилийн ард түмнийг нийтэд нь уйлуулж, 300 орчим хүн амиа хорлоход хүргэж байсан 1950 оны зургадугаар сарын 15-ны өдрийн финалын тоглолтын ялагч Уругвайн шигшээ баг өнөөдөр энэ цаг үед юу үзүүлж чадах вэ, тэр нэгэн он жилийн үйл явдлыг давтаж чадах болов уу гэдгийг жаахан судалъя.

Уругвайн шигшээ багийн ноён нуруу:

Фернандо Муслера, Мар¬тин Сильва, Диего Лугано, Максимилиано Перейра, Мар¬тин Касерес, Эгидио  Аревало, Диего Перес, К.Родригес, Гаргано, Гастон Рамирес, Форлан, Стуани, Луис Суарес, Кавани. 

Багийн ахлах дас­гал­жуулагч Оскар Вашингтон Табарес

2010, 2011 оны Ла­тин Америкийн шилдэг дас­гал­жуулагч, багаа тивийн аваргын алтан медаль, 2010 оны Африкийн ДАШТ-ий дөрөвдүгээр байрт хүр­гэж чадсан нь 67 настай дасгалжуулагч Уругвайн шиг­шээ багийг амжилтад хүргэх нэгээхэн том хэсэг нь мөн үү гэвэл яах аргагүй мөн. Гэхдээ бүх шилдэг дасгалжуулагчийн хэрэглэдэг нэг зарчим буюу цагийг нь олж багаа шинэчлэх, “шинэ цус юүлэх” аргыг ор тас мартсан, өөрт үнэнчээр өчнөөн жил зүтгэсэн “хуучин цэргүүдээ” ашиглах нь хэт сунжирч байгааг тэр олж харахгүй байх шиг санагддаг. Энэ удаагийн мундиалд очиж байгаа 32 багаас овоо хөгшин багийн нэг нь уругвайчууд билээ. Тэдний багийн гишүүдийн шигшээдээ тоглосон тооны нийлбэр 800-гаас хол давсан гэсэн тооцоо гарсан байна лээ. Дунджаар нэг тоглогч 40 удаа шигшээдээ дуудагдсан гэсэн үг. Олигтойхон залуучууд байхгүй тул Лугано, Форлан мэтийнх нь тоглоод байна гэж бодвол том эндүүрэл шүү. Жишээ нь, Уругвайн идэрчүүд 2011 онд ДАШТ-д мөнгөн медаль авч залуучууд нь дараа жил нь бараг л алт авах шахсан. 

Сайн тал

Пөөх энэ Уругвайн шигшээ багийн урд талыг хар даа. Луис Суарес, Эдинсон Кавани, Кристиане Стуани, Диего Форлан гээд цаана нь энэ жил сайн тоглож байгаа Гонзало Кастро, Николас Лопес гэх мэтчилэн нэрлэж болно. Бас нэг онцлог нь эдгээр довтлогч нараас нэг нь ч гэмтээгүй, бүгд өөр өөрийнхөө дотоодын тэмцээнүүдэд гайхалтай тоглолт үзүүлээд манаргаж явна. Суарес Англид яаж галзуурч байгааг харахад л болно биз дээ. 

Хаалгач сайн. Фернандо Муслер гэдэг дөлгөөн харцтай залуу Туркийн “Галатасарай” багийн хөгжөөн дэмжигчдийн хайрыг хүлээсэн итгэлтэй тоглолтыг энэ жил үзүүлж байгаа. Сая аваргуудын ли¬гийн тэмцээний үеэр ажиг¬лахад тэр багаа хэцүү үед нь аврах, итгэлтэй тоглолтоороо хамгаалалтын тоглогчдод нөлөөлөх авьяас нь улам сайжирсан харагдана билээ. 

Сул тал

Мэдээж нөгөө дээр ду¬рьдсан өндөр нас. Нэн ялангуяа хамгаалалтын шугаман дээр зогсох хөлбөмбөгчид бүгд шахуу 30 хол давсан настай, 90 минутын ачааллыг даах уу, үгүй юу гэдэг нь асуудалтай болчихсон нөхдүүд бий. Хэт хэвийсэн нас, хагас хамгаалалтын хэсэг дээр ч яригдана. Эгидио Аревало, Диего Перес, Горгано гэхчлэн гучин настангууд хамгийн их гүйдэг хэсэг дээр тоглох бөгөөд үнэхээр сайн бэлдэж очихгүй бол тоглолтын бүтэн хугацааг хэмнэл алдалгүй өнгөрөөнө гэж даанч чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Гэтэл хагас хамгаалагчдын ухаалаг тоглолт, хурц хараанаас довтлогчдын хувь заяа ихээхэн шалтгаалдаг болчихсон энэ цаг үед байг гэхэд Лэмпардын хэмжээнд тоглохоор хагас хамгаалагч яг одоогоор Уругвайд алга байна. Хэдийгээр Суарес нэлээн хойш татаж өөрийн талбайгаасаа довтолгоонд оролцдог ч гэлээ Кавани мэтийн бусад нь зөвхөн дамжуулалт хүлээгээд, төвийн шугамаас хэтрэлгүй зогсож байдаг муу зуршлыг тооцоолох хэрэгтэй. 

Энэ удаагийн ДАШТ өчнөөн олон жилийн дараа Латин Америкт болж байгаа. Латин Америкт зохиогдсон зургаан ДАШТ-ий хоёрынх нь түрүүг авсан Уругвайн шигшээ багийнхныг товч танилцуулахад иймэрхүү байна. Өнгөрөгч зууны 80-аад оноос эхлэн уналтад орж нэг хэсэг дэлхийн шилдгүүдийн эгнээнээс чимээгүйхэн сугаран үлдэж байсан энэ шигшээ баг харин сүүлийн тав, зургаан жилийн хугацаанд огцом сайжирч аль ч насны ангилалд дэлхийн шилдгүүдийн эгнээнд эргэн ирж байна. Бразилд зохиогдох ДАШТ гэдэг нь бараг л Уругвайд зохиогдож байна гэхээр ойрхон тул хөгжөөн дэмжигчид ч гэлээ боломжийн их цугларна гэсэн үг биз дээ. Бид Бээжинд болсон олимпийн үеэр бокс, бөхийн танхимыг хоёр биш хорин сая хүнтэй улс мэт дүүргэж байсантай адил юм болох нь ойлгомжтой билээ. Суарес “Ливерпүүл” хоёр энэ жил азтай байгаа. Суарес Уругвай хоёр бас азтай байх ч юм билүү хэн мэдлээ. 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгийн Засаг даргын орлогч асан Ш.Энхбатыг авлигын хэргээр шалгаж байна

-ТҮҮНИЙГ ХУВЬ ХҮМҮҮСТ ЖОНШ ОЛБОРЛОХ ГАЗАР ОЛГОЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ АВСАН ГЭЖ БУРУУТГАЖ БУЙ ГЭНЭ-

Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ш.Энхбатыг  бусдаас авлига авсан хэргээр Авлигатай тэмцэх газрынхан өнгөрсөн сарын сүүлчээр цагдан хорьжээ. Түүнийг бусдаас авлига авсан гэх мэдээллийн мөрөөр шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ сарын эхээр харин шүүхийн шийдвэрээр түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цуцалжээ. Түүний оронд О.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг  Засаг даргын орлогчоор томилсон бололтой. О.Бат-Эрдэнэ энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө аймгийн МАН-ын дэд дарга, аймгийн II сургуулийн захирлын албыг хашиж байсан аж. 

“Уг нь Засаг даргын орлог­чийг ИТХ-аар оруулж томилох ёстой. Гэтэл өчигдрийн 11.00 цагийн Засгийн газрын теле хуралд оролцохоор О.Бат-Эрдэнэ орж  ирсэн. Үүнээс нь аймгийн удирдлагууд Ш.Энхбатын оронд О.Бат-Эрдэнэ болсныг мэдсэн. ИТХ-д түүний талаар ямар нэгэн асуудал орж ирэлгүй томилсон байх. Аймгийн Засаг дарга ямар шийдвэр гаргасныг одоохондоо мэдэхгүй” гэж ИТХ-ын зарим төлөөлөгч ярьж байв. Тэдний нэгнээс “Ямар учраас Ш.Энхбатыг ажлаас нь чөлөөлсөн юм бол” гэж асуухад “Бид нарийн ширийн зүйл мэдэхгүй байна. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш түүнтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл аймгаар яригдах болсон. Хуулийн байгууллага болон аймгийн Засаг даргаас Ш.Энхбаттай холбоотой албан ёсны мэдээлэл ирээгүй учраас хэлж мэдэхгүй байна. Гурван сарын эхээр аймгийн эмнэлэгт хэвтэж, дараа нь “Оргил” сувилалд хэвтэж буй сураг гарсан. Тэгээд л чимээгүй болсон” гэв.  Хуулийн эх сурвалж харин Ш.Энхбатыг хувь хүмүүст жонш олборлох газар олгож  хариуд нь их хэмжээний мөнгө авсан гэж буруутгаж буй тухай хэлэв. 

Ш.Энхбатаас хэргийнх нь талаар тодруулахад “Энэ талаар би мэдээлэл өгөх боломжгүй байна. Прокурорт шилжихээр нь ярья” гэв.

Ш.ЭНХБАТ ГЭЖ ХЭН БЭ?

Ам бүл тав. Эхнэр хүүхдүү¬дийн хамт амьдардаг. Малын их эмч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1972-1982 онд дунд сургууль, 1982-1984 онд ЗХУ /хуучнаар/ Ойн ТМС , 1987-1995 онд ХААИС, 2003-2004 Удирдлагын академи төгсчээ. 1984-1987 онд Дундговь аймгийн Ойн аж ахуйд техникчээр ажлын гараагаа эхэлж байсан байна. Дараа нь 1995-1998 онд аймгийн ХХААГ-т мал эмнэлэгт ариун цэврийн их эмч, 1998-2001 онд аймгийн ХХААГ-ын дарга, 2001-2006 онд аймгийн Ардчилсан намын нарийн бичгийн дарга, -2006-2008 онд “Наранцацралт” сангийн Дундговь аймаг дахь төлөөлөгчийн газрын захирал, 2008-2013 онд Өлзийт сумын Засаг дарга,  2013 оноос Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байв.  2012 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2013 онд “Нарны хүлэг” уяачдын холбооны гүйцэтгэх захирлаар сонгогдсон байна. 2006 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль”, 2007 онд МоАХ-ны дээд шагнал “Эрх чөлөөний одон”, 2011 онд “Алтан гадас” одон, 2012 онд МоАХ-ны “Тусгаар тогтнол” одон зэрэг шагналаар шагнагдаж байжээ.

 Г.ЯЛГУУН