Categories
редакцийн-нийтлэл

Манжийн дарлал, социализмыг санагалзан, ардчиллыг зүхэж жагсав

Иргэний нийгмийн 99 байгууллага өчигдөр Чингэсийн талбайд жагс­лаа.
Тэд энэ өдрийг “Үн­дэс­ний эсэргүүцлийн өдөр” болгон эдийн засаг, байгаль орчин,
уул уурхай, дотоодын болон хүнсний бүтээгдэхүүн гээд олон салбарт уналт бий болж
байгаагийн буруутан нь эрх баригчид хэмээв.

“Шинэчлэл эрин үе”, “Гал үндэстэн”, “Ногоон цөм”, “Байгаль орчны
иргэ­ний зөвлөл”, “Гол нуу­руудын нэгдсэн хөдөл­гөөн” гэх мэт төрийн бус байгууллагууд
болон “Босоо хөх Монгол”, “Ху­раангуй Монгол” бүлгэ­мээр толгойлуулсан жаг­сагчид
“Даварсан засгийг огцруулж, давхар дээлийг тайлъя” гэсэн лоозонг барьсан байв. Тэрчлэн
“Улс шиг хөгжүүлж, хүн шиг амьд­руулна” гэсэн яасан бэ. “Уран бидний ирээдүй биш”,
“Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар Н.Алтан­хуяг жил таван сарын ху­гацаанд монгол хүн
бүрийг 800 гаруй мян­ган төгрөгийн өрөнд уна­­гажээ”. “Өөрсдийн нут­­гаас хүний
баялгийг бэлдэж өгөхөө зогсооё”, “Чингэс бондын 1.5 тэр­бум ам.долларыг юунд зарцуулав”,
“Унасан эдийн засгаа яах вэ, ухар­сан ардчиллаа хэр­хэх вэ”, “Задгай нь дэндсэн
засаг огцор”, “Шинэч­лэлийн Засгийн газар, ши­мэгчлэлийн Засгийн га­зар боллоо”
гэх мэт уриа лоозонг барьсан байлаа.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Сү.Батболд, С.Баяр­цогт, Ерөнхий
сайд Н.Алтан­хуягийн зургийг зэ­рэг­цүүлэн хэвлэж “Эх орноо худалдагсад тан­сагласаар”
гэсэн тайлбар хийсэн бол “Гал үндэстэн” хол­бооны Төрийн ордон руу дайрсан таван
хүний зургийг мөн хэвлэн “Эх орныхоо төлөө тэмцэгсэд 22 жилийн ял сонсов” гэх тайлбарыг
ч өгчээ. Түүнчлэн “Гал үндэстэн” холбооны ял сонсоод буй гишүүдийн ар гэрийнхэн
“Миний аав террорист биш”, “Хүний үе, худгийн ус хоёр дуусдаг юм. Н.Алтанхуяг, ардчилсан
засгийн үед миний хүү тэмц­лийнхээ төлөө шоронд суух ёстой байж” гэсэн бичиг барьсан
тэмцэгчид байсан.

Ер нь энэ өдөр ардчиллыг зүхэж социализм,
Манжийн дарлалын үеийг санагалзаж, “сайхан” хэмээн тодотгох жагсагч цөөнгүй байсан
юм. Тухайлбал “Шинэчлэл эрин үе” ТББ-ын тэргүүн Х.Болдмандал “Төсвийн санхүүжилт
бус иргэдийн ухамсар, бусдаас давсан технологи бүтээхийг хөгжил гэдэг юм. Хаа нэг
газраас хуулах бус ард түмнийг өөрсдөө бүтээдэг болох замд төр хөтлөх ёстой. Үүнийг
хийж чадахгүй бол даварсан Засгийн газар огцрох ёстой. МАН-ыг төр барьж байхад ард
түмэн шоронд ордоггүй байсан юм. Манжийн дарлалд байхдаа ч бид өлсч байгаагүй юм.
Гэтэл өнөөдөр ардчилсан нэртэй олигархиуд эх орноо, ард түмнээ сөхрүүллээ” хэмээсэн
бол “Байгаль орчны иргэ­ний зөвлөл” ТББ-ын тэргүүн Ж.Ганбаатар “Иргэний нийгмийнхэн
Ц.Мөнхбаяр тэргүүтэй үндсэрхэг үзэлтнүүдийн ялыг хэрэгсэхгүй болгох, Их говийн дархан
газар, Талын их хатан суудал, Тосон бумбын нуруу, Дарьганга, Шилийн богдын байгалийн
цогцолборт газ­рын 70 хувийг ураны лицензэд өгснийг болиулах талаар бид төрд хийгээд
олон түмэнд хандаж байна. Өнөөдрийн ардчилсан засгаас өмнөх ямар ч төр бусармаг
бусдын улыг долоож байсан ч газар нутгаа худалдаагүй. Харин өнөөдөр бүгдийг зоос­ны
нүхээр харж эх орноо худал­даж байна. Уул уурхайгаа ашиглах хэрэг­тэй. Гэхдээ зөв
зохистой ашиг­лахыг л бид шаардаж байгаа юм” хэмээв.

Харин “Гал үндэстэн холбоо”-ны гишүүн Төмөрбаатарын
ээж индэрт гарч “Миний аавыг 1939 оны хэлмэгдүүлэлтээр Монголын төр буудан хороож
байсан. Харин өнөөдөр миний хүүг эх орноо бус­даас харамласных нь төлөө шоронд хорилоо.
Би хүүгийнхээ төлөө нулимс унагахгүй. Яагаад гэвэл миний хүү үнэний төлөө явсан.
Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс хойшоо битгий ухраарай. Ард түмнийхээ төлөө тэмцдэг
та бүхэнд баярлаж байна. Харин ард түмнийхээ хөрөнгөөр баяжсан этгээдүүд нэгэн цагт
мөнх бусыг үзүүлэхдээ баахан хөрөнгөө өөр нэрээр харийн хүнд хадгалуулсан чигээрээ
явчихвал яана даа. Энд хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд жагсч байгаагийн нэг нь би. Хамгийн
бага нь би 80 настай. 100 настай хүн ч байна. Эцэг эхээ буудуулж, хөрөнгөө хураалгаж,
олон жил эсэргүү хэмээн цоллогдсон. Биднийг төр ингэж дутуу, хатуу, өнчин, өлмөн
зэлмүүн амьдруулчихаад өнөөдрийг хүртэл нэг ч удаа тэтгээгүй. Би ардчилалд 25 жил
зүтгэсэн хүн. Анх өлсгөлөн зар­лахад 100 айлаас хамгийн зузаан гудсаа чирч авчраад
л өгч байсан. Биднийг ийм гомдолтой амьд­руул­чихаад “ахмадынхаа байранд оруулчих”
гээд очиход “Та өнөө маргаашгүй болчихоод байр саваар юу хийх вэ” гээд өөдөөс шоолж
байна. Ажилдаа дадаагүй хүмүүс төрд гарчихаад ийм авир гаргаад байгаа юм уу, ойлгохгүй
л байна” гэлээ. Харин 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд хохирогчдын холбооны
гишүүн Ц.Энхбаяр “Мон­гол­чуудад маргааш гэж байна уу гэж бодохоор нойр хүрэхгүй
байна. Эх орныг минь харийн түрэмгийлэгчид зэвсэглэн, хүчтэй технологиор тоног­лон
дайрахад нь бид өөдөөс нь зэвсэглэн тэмцэнэ гэж байсан. Тэр үгэндээ хүрч бидний
нөхөд Төрийн ордон руу зэвсэглэн орсон. Гэхдээ “Гал үндэстэн” холбооноос болж нэг
ч айл, нэг ч хүн, нэг ч байгууллага хохирч байгаагүй гэдгийг санах хэрэгтэй. Гэтэл
22 жилийн ял өглөө. Шударга ардчилал хаана байна. Зэвсэглэж тэмцэх нь ард иргэ­дийн
үүрэг шахуу асуудал. Зэвсэг бариулахгүй байх нь энэ Засгийн газрын үүрэг нь. Хэрвээ
22 жилийн ялыг хэвээр үлдээвэл энэ ялыг сонсох мянга мянган залуус ээлжээ хүлээж
зогсоо гэдгийг хэлмээр байна. Бас маргааш (өнөөдөр) болох шүүх хурлаар 22 жилийн
ял хэвээр үлдвэл 21 дүгээр зуунд улс төрийн хоригдолтой Монгол Улс болно гэсэн үг”
гэв.

Харин “Шударга иргэдийн фрон­тын” тэргүүн
Г.Арслан “1990 онд Улс төрийн товчоо гэгчийг хэтэрхий эрх, ямбатай байна гээд талбай
дээр хэвтэж байгаад төрд гарсан энэ нөхдүүд өнөөдөр саарал ордон, Нүхтээр дүүрч
тансагладаг боллоо. Тэд ард түмнээ мартжээ. Бид ийм ардчиллыг хүсээгүй. Бид сайхан
амьдраасай, ажил хийдэг нь цалин авч, авлига авдаг нь шоронд суудаг ардчиллыг хүссэн.
50 сая малтай монголчууд өнөөдөр нохойн мах идтэлээ туйлдсан байна. Энэ бол саарал
ордонд суугаа луйварчдын буруу. Манжийн дарлалын үед ч монголчууд нохойн мах идэж
байгаагүй. 1990 онд гөрмөл сур шиг туранхай залуус өлсгөлөн зарлаад хэв­тэж байсан
бол өнөөдөр өмдөндөө багтахгүй таргалчихаад би шударга гэж байна. Өөрсдийнх нь алдааг
хэлсэн бүхнийг шоронд хийчихээд шударга ёсыг тогтооно гэвэл том эндүүрэл юм.
1990 онд ямар ч хөрөнгөгүй байсан залуус өнөөдөр хэдэн тэрбум төгрөгийн орлоготой
болсон гэж АТГ-т мэдүүлжээ. Тэд ямар бизнес эрхэлсэн болоод ингэж баяжсан юм. Төрд
гарсан миний найзууд төсвөөс л цалин авч байсан баймаар. МАХН-ынхан 1990 он хүртэл
төр барихдаа эх орноо ингэж худалдаагүй юм. Өөрсдөө ард түмний хөрөнгийг өнөөгийн
нөхөд шиг идээгүй гэдгийг сануулах хэрэгтэй байх” гэж байлаа.

Өчигдөр болсон жагсаал 10 зүйл бүхий шаардлагыг
УИХ-д хүргүүлс­нээр тарсан. Харин ирэх пүрэв гаригт дахин томоохон хэмжээний жагсаал
хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Шаамараас хулгайлагдсан гэх Т.Хишигбат хүү Улаан-Үдэд энх тунх амьдарч байна

Баруун гар талаас Гончиг, Цэрэнханд, Раднаа

Манай сонины
№079 (4719) дугаарт Сэ­лэнгэ аймгаас бэлт­гэсэн “Шаамараас хул­гайлагдсан гэж
шуугиан тарьсан хүүг аав нь Орос руу үрчлүүлжээ” сурвалжлага нийтлэгдсэн билээ.
Алга болсон гэх Т.Хишигбат хүүгийн эмээ Л.Цэрэнханд зээ хүүгээ амьд эсэхийг нь
мэдэхгүй байгаа тухай ярьж хүргэний талынхнаа энэ бүхэнд буруутай хэмээсэн. Уг
нийтлэлийн мөрөөр цагдаа, тагнуу­лын байгууллага Т.Хи­­шиг­батын аав
Х.Төгсжаргал, Х.Төгсжаргалын том ах Х.Жаргалсайхан, ээж М.Нина нарыг саатуулж
шалгасан байна.

Т.Хишигбат
хүүгийн талаар тодруулахаар Дар­хан хотыг зорьж, Х.Төгс­жаргалын ах дүүс,
ээжтэй нь уулзсан юм. Д.Цэрэнханд сүүлийн арван жилийн хугацаанд зээ хүүгийнхээ
талаар ганц ч сураг сонсоогүй, түүнийг үрчилж авсан гэх буриадууд алтны
уурхайтай баян улсууд болохоор худынханд нь алтан ээмэг, бөгж, бэлэг сэлт
байнга илгээдэг та­лаар ярьж “Хүүг хул­гайгаар харь хүмүүст өгсөн” гэж ярьсан.

Гэтэл түүний
ярьсныг Х.Төгсжаргалын ар гэрийнхэн няцаалаа.

М.Нина гуай 76
нас­тай. Арван хүү, гур­ван охинтой бөгөөд Х.Төгс­жаргал отгон нь юм бай­на.
М.Нина гуай ач хүүгээ харь хүмүүст өргүү­лээгүй. Ээжийнхээ дүүгийн охинд
өргүүлсэн гэлээ. М.Нина гуайн ээжийг бас Цэрэнханд гэдэг. Тэрээр эхээс
гур­вуу­лаа байж. Гончиг, Рад­наа, Цэрэнханд гээд. Хил зааглах үеэр Цэрэнханд
Монголын нутагт үлдсэн бол нөгөө хоёр нь Улаан-Үдэд хо­цор­чээ. Эднийхнийг
зэдийн буриад гэдэг аж. Гавьяат нисгэгч, хурандаа Раднаа гуайг монголчууд мэдэх
байх. Тэрээр хоёр хүүхэдтэй. Харин Гончиг нь гурван хүүхэдтэй. Цэрэнханд нь нэг
хүүхэдтэй. Тэр нь М.Нина гуай юм байна.

М.Нина гуай Гончигийн охин Светланад ач хүүгээ өргүүлжээ. М.Нина “Отгон
хүү маань эхнэр, хоёр хүүхэдтэйгээ манайд амьдардаг байсан юм. Би Сэлэнгэ рүү
хамаатныхаа ажил явдалд оролцчихоод ирсэн чинь хүү маань хоёр хүүхэдтэйгээ байж
байлаа. Бага нь (Т.Хишигбат) байдгаараа уйлчихсан байна. Манай бэр архи их
ууна. Согтуу ирэхээр нь хүү маань аашилж дээ, тэгээд явчихаж гэж бодоод учрыг
нь асуутал “Хадам ээж үүрийн суудлаар ирээд аваад явчихсан” гэлээ. Бид их л
гайхсан. “Төрөөд арван хоногтой хүүхдээ орхиод хаашаа явчихдаг байна аа” гээд.
Хүү нь гэнэт хөхнөөсөө гарсан болохоор уйлна гэж жигтэйхэн. “Нана” сүүгээр
хооллохоор чяц алдана. Сүүл­дээ эмнэлэгт хэвт­лээ. Томоос том толгой­той, том
гэдэстэй, тураал­тай амьтан болчихсон. Би бэрийнхээ сургийг гар­гах гээд вокзал
руу очлоо. Таньдаг хүнээс сураглавал “Сайханааг (Т.Хишигбатын ээж
Н.Цэцэгсайхан) хоёр цаг­даа ирээд аваад явсан шүү дээ” гэдэг юм байна. Тэгтэл
бэрийг маань залилан, хулгайн хэргээр баривчилчихсан байсан. Манай бэр чинь
баривчлагдсан ч тэнсэн харгалзах ял авсан билээ. Цагдаагаас гарч ирчихээд
дахиад хоёр гурван хэрэгт холбогдоод сүүлдээ хүүгээ зургаа, долоон сартай байх
үед 2.5 жилийн ял аваад явсан нь тэр л дээ” гэлээ. Энэ үеэр Х.Төгсжаргалын эгч,
ах, бэрүүд нь Н.Цэцэгсайханы тухай ярьцгааж ямар хэрэгт холбогдож байсныг нь
хуруу даран тоолов. Айлын гэр ухаж богино долгионы зуух авчраад бэр эгчдээ
гучин мянган төгрөгөөр зарж байсан гэнэ. Мөн бэр эгч нарынхаа үнэт эдлэлийг
хулгайлж, ломбарданд тавьж байсан удаатай аж. Түүгээр ч барахгүй гэртээ
үзэгддэггүй, орой үдшээр гараад өглөөгүүр ирчихээд өдөр хоёр, гурван цаг хүртэл
унтаж байгаад орой нь гоёж гоодоод гараад явчихдаг байж. Х.Төгсжаргал архи дарс
уудаггүй томоотой нэгэн учир эхнэрийнхээ энэ үйлдлийг ах дүүсээсээ нуудаг байж.
Нэг удаа гэрт нь ороход Х.Төгсжаргал хүүхдэдээ хөхөө хөхүүлээд зогсч байсныг
харсан тухайгаа ах дүүс нь сэтгэл эмзэглэн өгүүлсэн юм. Н.Цэцэгсайхан биеэ
үнэлдэг байсан бөгөөд хамт байсан эрчүүдийнхээ халаасыг суйлдаг нэгэн байсан
гэнэ. Н.Цэцэгсайханыг эдний бэр болж ирсэн цагаас хойш цагдаа сэргийлэхийнхэн
тасраагүй бөгөөд үргэлж хэл ам таталдаг байжээ. Х.Төгсжаргал эхнэрийнхээ үйлдэл
бүрийг нууцлахыг хичээдэг байсан бол М.Нина гуай бэрдээ хир халдаадаггүй байсан
аж. “Ми­ний бэр тэгэх хүн биш” гээд их өмөөрдөг байсан гэнэ. М.Нина гуай бэр
Н.Цэцэгсайханыгаа “Миний бэр чинь их сэргэлэн. Даанч муу тал нь дийлчихсэн
болохоос уг нь сэргэлэн хүүхэн байхгүй юу” гэх. Н.Цэцэгсайханыг ялаа эдлээд
гарч ирэхэд нь байшин сав бэлдэж хүүгээ тусдаа гаргасан ч эхний өдөр нь бэр нь
зурагтаа аваачиж зарчихаад хот руу яваад өгчихсөн удаатай юм байна. М.Нина
“Светлана чинь миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байхгүй юу. Бид гэр бүлийн
хурал хийгээд ерөөсөө түүнд ач хүүгээ өгье гэж ярилцсан. Светлана, Баяр хоёр
суугаад дөчин хэд хүртлээ хүүхэд төрүүлээгүй. Нэгдүгээрт амьдрал нь зүгээр, хоёрдугаарт
бидний мах цусны тасархай. Асрамжийн газарт өгснөөс энэ хоёрт өгье. Хүүгээ өгч
хүн болгоод өгөөч гэж гуйя. Хилийн наана цаана байгаа ч ах дүүсийн харилцаа
холбоо тасрахгүй. Бид энэ хүүхдийг үнэхээр сайхан авч явж чадахгүй нь
ойлгомжтой юм чинь өргүүлье гээд тэдэнтэй утсаар ярьж болсон явдлыг
тайлбарлалаа. Тэгээд та нар энэ хүүхдийг үрчилж авахаар болбол ОХУ-ын талаас
бүрдүүлэх бүх материалаа бүрдүүлээд өгөөрэй гэсэн. Бид Монголын талаас
бүрдүүлэх ёстой бүх материал бүрдүүлсэн. Аав, ээж хоёр нь өөрсдөө өргөдлөө
бичээд гарын үсгээ зурсан” хэмээв.

Н.Цэцэгсайхан өөрөө хү­сэлт гаргаж хүүгээ өргүүлэх бичиг баримтад гарын
үсэг зурсан байтал ээж Д.Цэрэнханд нь яагаад хууль бусаар, хулгайгаар хүүг нь
ОХУ руу үрчлүүлсэн гэж ярьж, өөрсдийнх нь нэр төрд халдаад бай­гаад гайхашралаа
барж байгаагаа илэр­хийлж байлаа. Т.Хишигбатыг ОХУ руу үрчлүүлэхэд голлон
ажилласан гэгдсэн Х.Жаргалсайхан болсон явдлын талаар ийн ярилаа. “Аав, ээж
маань нутаг усандаа нэр төртэй, хийсэн бүтээсэн юмтай улс. Аав минь Шаамар сумыг
байгуулалцахад тулгын гурван чулууг нь тавилцаж байсан хүн. Миний хувьд 1992
оноос эхлэн ганзагын наймаа хийж хөл дээрээ боссон бизнес эрхлэгч. Үүнийг маань
ойлгож ард иргэд 1990-2008 он хүртэл ИТХ-д тасралтгүй сонгосон. Төр засаг маань
ч хөдөлмөрийг минь үнэлж одон медалиар шагнасан. Гэтэл Шаамар сумын иргэн Д.Цэ­рэнханд
гэгч эмэгтэй хүүхэд ху­далддаг гэж ор үндэсгүй гүтгэн доромжилсонд үнэхээр
гомдолтой байна. Н.Цэцэгсайхан миний отгон дүүтэй сууж байсан эмэгтэй. Энэ
хүнийг анх манай бэр болоход дүү нар маань дурамжхан байсан ч дүүгийнхээ
сонголтыг хүндэтгээд зөвшөөрсөн нь алдаа байжээ гэдгийг тун удалгүй
мэдэцгээсэн. Аавын минь үе дамжин ирсэн хөөргийг хулгайлаад үхрээр сольж ээждээ
өгсөн, дүү нарын минь үнэт эдлэлийг хулгайлж зарж үрсэн, хулгайн эд зүйлсээ дүү
нарт минь зарсан гээд хэлбэл олон баримт бий. Сүүлдээ хулгай, залилан гээд
бусад ёс бус үйлдлээсээ болж удаа дараалан шоронд орж хоригдож байсан ч ээж
маань нэгэнт үр хүүхэдтэй болсон энэ хоёрыг салгаагүйгээс хоёр дахь хүүхэд
Т.Хишигбат нь төрсөн юм. Энэ хүүхдийг төрөөд сар хүрээгүй байхад нь Д.Цэрэнханд
манай ээж дээр авчирч хаясан. Энэ үеэс эхлэн ээж болон манай нэг бэр тэр
хүүхдийг хөхүүлж хүн болгох гэж их л зовлон туулсан юм. Тэр үед би ойрхон
бай­гаагүй, ажил амьдрал маань өөр газар байсан бо­ло­хоор нарийн ширийн зүйл­сийг
сайн мэддэггүй юм. Гэтэл ээж маань Х.Төгсжаргал, Н.Цэцэгсайхан болон дүү нартай
минь зөвшилцөөд Т.Хишигбатыг ээжийнхээ төрсөн дүүгийн хүүхдэд өргүүлэхээр болж
холбогдох бичиг баримтуудыг хөөцөлдөж эрх бүхий байгууллагуудад нь хандсан. Би
төрсөн ахын хувьд хүсэлт, өргөдөлд нь гэрчээр оролцож, нотариатын газарт гарын
үсэг зурсан. Энэ нь гүтгэлгийн ярианд нэр хавчуулагдах үндэс болжээ.
Харамсалтай байна. Ах, дүү төрөл төрөгсөд хүмүүс хоорондоо үр хүүхдээ үрчлүүлж,
өсгөж өндийлгөдөг заншил монголчуудад бий. Тэгээд ч энэ хүүхэд сайн гэр бүлд
сайхан боловсролтой, сайн хүн болбол алдаж эндэж яваа эх, төрсөн эгчдээ ч
хожмын нэг өдөр хэрэг болох биз ээ гэж бодож явсан маань эндүүрэл болжээ. Манай
гэр бүлийнхэн хэзээ ч ийм юм хийхгүй. Д.Цэрэнхандын машин тэрэг, техник оруулж
ирсэн, алт эрдэнэс авч, доллар банкаар солиулсан гэж ярьсан нь ор үндэсгүй
гэдгийг хууль хяналтынхан шалгаад тогтоосон. Би ОХУ-д сүүлийн есөн жилийн
хугацаанд гурван удаа зорчсон. Хоёр удаа албан ёсны айлчлалаар, нэг удаа хувийн
хэргээр. Ер нь хүн удаа дараа шорон оронгоор орж, гэмт хэрэгт холбогдохоороо
хүнээ байдаг юм байна. Ийм хүмүүс элдэв янзын цуврал кино үзэж гол дүрд нь
тоглож, нийгмийг булингартуулж, ёс бус үйлдэл хийхээ болиосой гэж бодож байна”
гэсэн юм. 

Тухайн үед Н.Цэцэгсайхан үрчлүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурж,
өргөдөл бичсэн мөртлөө арван жилийн дараа ингэж гэнэт бүхнийг үгүйсгээд байгааг
нь мөнгө шантаажлах гэсэн арга байж болох талтай гэлээ.  Т.Хишигбат одоо Улаан-Үдэд амьдарч байгаа юм
байна. Т.Хишигбатыг тэднийд очсоны дараа Светлана, Баяр нар охинтой болсон
бөгөөд Т.Хишигбатыг дүү дагуулсан хэмээн ихэд бэлгэшээдэг гэнэ. Светлана, Баяр
хоёр их найрсаг хүмүүс юм байна. Ах дүүсийнхээ хүүхдүүдийг гэртээ байлгаж, олон
хүүхдийн их, дээд сургуулийг төгсгөсөн буянтнууд гэнэ. Хүүхдэд их хайртай
хүмүүс болохоор хоёр хүүхэд түүнийг дагаад сайхан сэтгэлтэй, эелдэг өхөөрдөм
болон өсч байгаа аж. Саяхан Баярын тавин насны ойн баяр болж нижгэр найрласан
гэнэ. Т.Хишигбат аавдаа зориулж баярын мэндчилгээ дэвшүүлж, хүрэлцэн ирсэн
хүмүүсийн хайрыг татжээ. Эдний гэр бүлийнхэн чөлөөт цаг, амралтын өдрүүдийг
жинхэнэ утгаар нь өнгөрүүлдэг айл гэнэ. Олон төрлийн спортоор хичээллэцгээдэг
аж.  Светлана уул уурхайн компанийн ерөнхий
нягтлан юм байна. Компани нь жил бүр ажилчдаа гадагшаа амраадаг бөгөөд энэ
дагуу Т.Хишигбат хүү аав, ээжийгээ дагаад одоогоор Тайланд, Сингапур, Солонгос
гээд найман оронд очиж амарчихаад байгаа гэнэ. Т.Хишигбат хичээл номдоо мундаг
саяхан Москвад очиж уран илтгэлийн уралдаанд оролцож түрүүлжээ. Монголд түүнтэй
холбоотой ийм хэл ам, шуугиан дэгдсэнийг Светлана, Баяр нар дуулбал гомдоно доо
хэмээн М.Нина гуай ярилаа. Энэ хэргийг шалгасан тагнуул, цагдаагийнхан
Д.Цэрэнханд, Н.Цэцэгсайхан нарыг буруушаагаад “Хайран хүүхдийн амьдралаар
тоглож байгаа юм байна даа” хэмээн толгой сэгсэрчээ. Т.Хишигбатыг үрчилж авсан
Свеат­лана нь М.Нина гуайн ойрын ха­маатан учир байнгын харилцаатай байж,
зовлон жаргалаа хуваалцдаг юм. Үүнийг Д.Цэрэнханд буруугаар ойлгож атаархсанаас
л ийм яриа гаргаад байгаа хэмээцгээгээд хэрвээ асуудал хүндэрвэл Т.Хишигбатын
төрсөн эх Н.Цэцэгсайхан, өргөж авсан ээж Светлана хоёрынхоо хэнтэй нь амьдрах
вэ гэдэг саналыг нь харгалзах л үлдэж байх шиг байна гэсэн юм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Шүлхийн эргэн тойронд юу болов

Энэ хаврын шүлхийн дэгдэлт 3000 гаруй
үхэр устгаж, Засгийн газрын нөөцөөс арван тэрбум төгрөг зарцуулснаар өндөрлөв. Экспорт
сүүлийн жилүүдэд бүрэн зогсч, жил бүр шахуу Засгийн сангаас хэдэн арван тэрбумаар
нь зөвхөн шүлхийд хөрөнгө цацсаар байна. Зуд болоход нохой зоолно гэгчийн үлгэрийг
жилийн жилд мал эмнэлгийн салбарынхан үзүүлэх болов. Шүлхий гарахад баяждаг учраас
тэр. Манай улс дотооддоо вакцин үйлдвэрлэдэг байсан үе бий. Гэвч оросууд наяан хэдэн
оны сүүлээр манайхыг вакцины омгоо устга, танайх хадгалж чадахгүй гэж зөвлөөд устгуулчихсан
байдаг. Ингээд оросууд вакцинаа манайд худалдсаар ирэв. Сүүлдээ нэмээд Хятадаас
вакцин авдаг болсон. Гэсэн ч шүлхийн давтамж ойртож, дэгдэлт үргэлж хяналтаас гарсаар.
Экспорт бүрэн зогсохоор барахгүй энэ янзаараа байвал 50 сая малтай манай улс мах
экспортлох тухай мөрөөдөж төсөөлөхийн ч хэрэггүй болоход ойртжээ. Эцэст нь хоёр
хөршөөс авч байгаа вакцин дархлаа тогтоож чадахгүй, хулхи юм уу, эсвэл орон нутаг
дахь малын эмч нар малаа гүйцэд тарихгүй хулхидаж байна уу гэсэн хоёр асуулт гарч
ирж байна. Шүлхий тойрсон энэ асуудлаар Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн
Вирус судлалын лабораторийн зөвлөх, биологийн ухааны доктор, профессор, Төрийн шагналт
Ж.Бэх-Очиртой ярилцлаа.

-Энэ удаагийн
шүл­хий­гээр 3000 гаруй үхэр устгаж, 10 тэрбум төгрөг Засгийн газрын нөөцөөс зарлагадаж
байж өндөрлөлөө. Шүлхий ойрхон давтамжтай гарч, гарах болгондоо дэгдээд байдаг нь
вакцины чанар муу, дархлаа тогтоохгүй байгааг эсвэл бүх малаа гүйцэд тарихгүй байгааг
харуулж байна уу. Оруулж ирсэн вакцин хөлдсөн талаар ч ярьцгаасан?

-Тийм л шалтгаан
байх шиг байна. Жишээ нь, 2001, 2002 онд жил дараалан шүлхий гарсан. Сүүлдээ овоо
азнаж байгаад 2010 онд гарсан. 2010 оноос хойш сүүлийн хоёр жилд шүлхий гарлаа.
Яг номоор нь жил болгон хоёр удаа вакцин тариад байгаа мөртлөө яагаад шүлхий гараад
байгаа юм. Цаад шалтгааныг нь харвал, нэгд, вакцин идэвх муутай байна уу. Тариад
байгаа нь үнэн л юм бол вакцин идэвхгүй байна гэсэн үг. Хэрэв вакцин идэвхтэй байгаа
бол малдаа толгой дараалан хүрч тарьж чадахгүй байна гэсэн үг. Шалтгаан бол ердөө
л энэ хоёр. Шүлхий ойрхон гарах шалтгаан үүнээс өөр байхгүй. Вакцин хөлдсөн эсэх
бол тусдаа асуудал.

-Вакцин нийлүүлэхээр
тендерт шалгарсан компани вакцины идэвхийг шалгах үүрэг хүлээдэг байж таарна. Бодит
байдалд горимоо баримталдаг болов уу. Та юу гэж бодож байна?

-Вакцин оруулж ирж
байгаа компани мэдээж номоор нь ханддаг байх гэж бодож номоор бол, ямар чадалтай,
хичнээн хугацааны дархлаатай, ямар омгоор хийсэн вакцин юм гэдгийг тэнд нь шалгаад
оруулж ирэх ёстой. Орж ирсэн хойно нь идэвхийг нь дахиад шалгах ёстой. Био үйлдвэрийн
дэргэдэх улсын нэгдсэн том лабораторид орж ирж байгаа бүх эмийг шалгаж байгаа. Бодвол
тэнд вакцинаа шалгаж байгаа байх. Шалгахад нэг онцлог бий. Бид дандаа урвалаар шалгадаг.
Нэг малд тарих тунд өвчнөөс сэргийлдэг вирус нь байвал зохих хэмжээндээ байгаа эсэхийг
урвалд оруулж шалгадаг. Ингэж бүрэн шалгаж чадаж байгаа юм уу үгүй юу гэдгийг би
мэдэхгүй байна. Үнэхээр сайн чанарын вакцин оруулж ирж үү гэдгийг хурцдуулах аргаар
шалгах ёстой. Эхлээд малаа вакциндчихаад тодорхой хоногийн дараа вирусээр тавьж
халдаана гэсэн үг. Ингэхэд вакцин хамгаалж чадаж байгаа бол тэр мал өвчилдөггүй.
Хэрвээ мал өвчлөх юм бол вакцин идэвхгүй байна, муу вакцин гэсэн үг. Гэтэл манайх
нэг сарыг тендерт, нэг сарыг захиалгад алдаад, вакцин орж ирэв үү үгүй юу шууд голомт
руу ачуулж байна. Зүй нь, өмнө нь вакцины дээжээ аваад шалгуулчихаад тэр орны вакцин
сайн юм байна, тэндээс авна шүү гээд сууж байх ёстой юм. Хоёр жилийн өмнө сумдад
байгуулсан улсын мал эмнэлэг анхнаасаа ийм хяналт тавих, мөн хувийн мал эмнэлгийн
нөхдүүд ажлаа хийж байна уу үгүй юу гэдэгт хяналтаа тавьж байх үүрэгтэй байгуулагдсан.
Гэтэл хувийнхантай нийлээд, хэдэн төгрөг тоншчих санаатай ажлыг нь хийлцээд мал
тарилцаад явж байдаг. Нөгөө шалтгаан нь, нэгэнт идэвхтэй, сайн чанартай вакцин оруулж
ирсэн юм бол мал өвчлөөд байна гэдэг чинь тарихгүй байгааг л харуулж байна. Гурван
зуун хорин хэдэн суманд улс дахиж мал эмнэлэг байгуулахдаа бүгдийг нь машинтай болгосон.
Бас дээр нь тохирсон хөөрхөн тоног төхөөрөмж нийлүүлж эхэлсэн. Гагцхүү ажлаа хийж
чадаж байна уу гэдэг нь иймэрхүү үед харагдана. Ухаандаа, хувийн мал эмнэлгийн эмч
би 200 мянган мал тарилаа гээд гарын үсэг зуруулахад үгүй ээ чи 150 мянгыг тарьсан
шүү дээ гээд сууж байх ёстой атал зүгээр л гарын үсэг зурж өгөөд явуулж байгаа.

-Мал амьтны дэл­хийн
эрүүл мэндийн бай­гуул­лагын зүгээс бэлчээрийн маллагаа­тай оронд шүлхийг А зэрэглэлд
авч үздэг дүрэм нь тохирдоггүй гэж та хэлсэн. Өвчний зэрэглэл, эмчилгээний дүрэмд
өөрч­лөлт оруулах саналыг манай улс уг байгууллагад тавих эрхгүй байдаг юм уу?

-Манайх 1989 онд
энэ байгууллагад гишүүнээр элссэн. Ямар ч гишүүн орон өөрийнхөө асуудлыг шаардлагатай
үед тавьж байх ёстой л доо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шүлхийг А зэрэглэлд
оруулснаа гурав дөрвөн жилийн өмнө больчихсон юм. Гэхдээ гоц халдварт гэдэг нэрэндээ
шүлхий өвчин яваад байгаа юм л даа. Байран маллагаатай мал аж ахуйтай оронд бол
яг тохирсон дүрэм боловч манай бэлчээрийн малд энэ дүрмийг баримтлах хэцүү байгаа.
Энэ дүрмээр эмчилгээний дөрвөн арга л хэрэглэж байгаа л даа. Нэгд, Европын орнууд
бол өвчин гарсан л бол тэр блок дотроо өвчлөөгүй ч байсан бүх малаа шатааж устгадаг.
Энэ манайд тохирохгүй байгаа юм. Дараагийн арга, өвчин гарсан газраа голомт гэж
үзээд голомт дотроо яг илэрхий шүлхийгээр өвчилсөн малаа шатаахгүйгээр булж устгадаг.
Үлдсэнийг нь вакциндаад явдаг. Манайх энэ аргыг хэрэглэж байна. Булдаг арга бол
сайн арга биш. Учир нь хөрсөө бохирдуулаад ирээдүйд дахиад өвчин гарах бололцоог
бүрдүүлж байдаг.

Тэгэхээр манайх одоогийн
баримталж байгаа энэ дүрэм тохирохгүй байна гэсэн асуудлыг бэлчээрийн мал аж ахуйтай
бусад оронтой хамтарч саналаа нэгтгэж аваад олон улсын байгууллагадаа тавих бололцоотой.
Ингэсэн нөхцөлд олон улсын байгууллага маань нөхцлөө арай зөөлрүүлэх шийд гаргаж
болох юм. Бэлчээрийн мал аж ахуйтай орнууд хамтраад асуудлаа тавьж шийдүүлье гэхэд
болохгүй гэх газаргүй шүү дээ. Шүлхийгээр хүн өвчилдөггүй, мал нь өвчлөөд бараг
үхдэггүй ийм л өвчин. Гэтэл мялзан, галзуу гэх мэтийн гоц аюултай өвчтөний зэрэглэл
рүү аваачиж хийчихээд байгаа байхгүй юу.

-Өмнө нь манайх
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад санал тавьж асуудлаа шийдүүлж байсан туршлага
бий юу?

-Байхгүй.           

-Манайх вакцины
үйлд­вэртэй болох асуудал сөхөгд­дөг ч мартчихдаг. Ер нь ирээдүй хэрхэн харагдаж
бай­гаа вэ. Вакцинаа бор­луулж байх оросуудын сонирхол манайд хэр удаан үргэлжлэх
бол?

-Танай сонинд өнгөрсөн
сард гарсан ярилцлагын дагуу Ерөнхий сайд намайг хүлээж авч уулзсан. Яг энэ асуудлыг
танай сонинд гарсан үйлдвэр барих тухай хөндсөн чиглэлээр нь Ерөнхий сайд танилцсан
байна лээ. Би ч уулзахдаа танилцуулсан. Шүлхий гарах болгонд ийм их хэмжээний хөрөнгө
мөнгө зарж байснаас ямар ч байсан орчин үеийн үйлдвэрүүдээ барих нь зөв юм байна
гэдэг дээр Засгийн газар санал нэгтэй байгаа юм байна гэж бодож байна. Цаашдаа Ажлын
хэсэг байгуулаад үйлдвэрийнхээ асуудлаар дагнаж ярилцъя гэсэн шийдвэр надад өгсөн.
Тэгэхээр би бол цаашдаа вакцинаа үйлдвэрлэдэг эх орны үйлдвэртэй болох юм байна
бодолтой байгаа. Энэ талаар дээрээ эерэг бодолтой байгаа гэж харж байна.

-Малаа эрүүл байлгаж
чадахгүй байгаа нь мал эмнэлгийн бодлого, бүтэц буруу байгааг харуулж байна. Манай
орны өнөө­гийн нөхцөлд таарч тохир­сон бүтэц, бодлого ямар байвал зохих вэ. Одоо
бол хүн хүний дур сонирхлоор яваад байх шиг?

-Манай улсын мал
эмнэл­гийн үндсэн бүтэц ерөөсөө нэг л болохгүй байгаа юм. Гажуудалтай байна. Ерэн
оноос өмнө, ерэн оны дараахь гэсэн энэ бол ерөөсөө шууд Засгийн газар Сайд нарын
зөвлөлийн харьяа байсан. Сайд нарын зөвлөлийн нэг орлогч дарга нь мал эмнэлгийн
асуудлыг бүрэн хариуцаад, яамандаа бол бүхэл бүтэн мал эмнэлгийн алба, одоогийнхоор
нэг агентлаг ажиллаж байсан юм. Өөрөөр хэлбэл, шууд босоо удирдлагатай байсан. Мал
эмнэлэг бүх юмаа өөрөө шийддэг байв. Жишээлбэл, энэ үед шүлхий гарлаа гээд шууд
онцгой байдал байгуулаад дарга нь буюу нэг сайд манай мал эмнэлгийн дарга хоёр шууд
цэргийн байгууллагаас вертолёт хөлөглөөд газар дээр нь буугаад арга хэмжээг нь авчихдаг
байсан. Одоо бол олон шат дамжсаар байгаад хяналтаас алдчихаж байна. Мал эмнэлгийн
бүтэц нь өөрөө хөдөө аж ахуйн яаманд жижигхэн хавсарга маягтай байна. Эрх мэдэл
байхгүй. Тэгээд сайд руугаа орж байж сайд нь онцгой байдал руугаа, онцгой байдал
нь Засгийн газар руу орж байж асуудлыг шийдэж байна. Энэ бол буруу. Оновчтой жишиг
бол шууд дээрээсээ доошоо босоо бүтэцтэй л байдаг. Хүн дээр аваад үз л дээ. Хоёр
сая гаруйхан хүний төлөө бүхэл бүтэн нэг Эрүүл мэндийн яам гэж байдаг. Тэгэхэд манай
хөдөө аж ахуй дотроо тав зургаан чиглэл салбартай. Мал эмнэлэг нь, мал аж ахуй нь,
ус, газар тариалан гэхчилэн. Ийм олон юмыг салгах ёстой. Яаман дотор мал эмнэлэг
хариуцсан нэг жижигхэн хавсарга маягийн юм байгаа учраас оновчтой арга хэмжээг түргэн
шуурхай авч чадахгүй байгаа юм. Одоо шинэ хууль ярьж байгаа. Энэ хуульд мал эмнэлэг
бол босоо бүтэцтэй, шууд Ерөнхий сайд юм уу нэг удирдлагад явж байх ийм чиглэлийг
яам ярьж байх ёстой. Ингэх юм бол мал эмнэлэг нэлээн аятайхан  бүтэцтэй болно.

-Шинэ хуулийн
төслийг та хэр анзаарч байгаа вэ?

-Барагцаалж байна.
Одоо мал эмнэлэг, үржил гэдэг хоёр өөр салбар нэг болчихоод байгаа юм. Энэ хоёр
уг нь тусдаа байх ёстой. Дээрээ очоод толгой нь дандаа үржлийнхэн байна. Малын эмч
нэг ч алга. Малд эмнэлгийн газрын орлогч дарга, ерөнхий эмч гэсэн сайхан нэртэй
нэг хүн байгаа. Тэгсэн мөртлөө ямар ч эрх мэдэлгүй байдаг.

-Мал эмнэлэг хувийнх.
Мал төрийн хамгаалалтад байна гээд Үндсэн хуульд хуульчилсан байгаа. Яг амьдрал
дээр мал нь ч, эмнэлэг нь ч хувийнх атал эрсдлийг нь улс даадаг. Мал эмнэлгийг хувьчлахдаа
бүтэц, үйл ажиллагааны стандартыг нь босго болгож тавиагүй байдаг юм уу. Явж явж
эндээ бас зөрчилдөөд байдаг юм биш үү дээ?

-Эрсдлийг улс дааж
байгаа нь зөвхөн шүлхий, боом гэх мэт гоц халдварт өвчний үед дааж байгаа юм. Мал
эмнэлэг 1998 онд хувьчлагдсан. Гэвч стандарт огт байхгүй байгаа. Гадаад орнуудад
бол хамгийн баян хүмүүс малын эмч л байдаг. Манайд мал эмнэлэг их сонин явж байгаа
юм аа. Улсын мал эмнэлгийн газар гэж байна. Аймаг болгонд улсын мэдлийн мал эмнэлгийн
газар байгаа. Цаашаа сумдад очихоор байдаггүй байлаа. Толгой нь байсаар атал хөл
нь байсангүй.  Гэтэл нөгөө устгачихсан мал
эмнэлгээ улс хоёр жилийн өмнө сумдад дахин байгуулсан. 

-Хувийнх нь хаанаа
байгаа юм бэ?

-Одоо сумын төв дээр
улсын мал эмнэлэг байна. Улсдаа, аймагтаа, сумандаа. Энд  улсынх нь зөвхөн гуравхан хувь нь л байгаа юм.
Нэг малын эмч, нэг зоотехникч, хяналт тавьдаг нэг хүн ажилладаг. Сумаас бригад дээрээ,
жинхэнэ мал дээрээ очихоор хувийнх болчихож байгаа. Анх хувьчлахдаа нэг малын эмч
хэдэн мал хариуцна гэсэн хязгаарыг нь зааж өгөөгүй. Миний үзэж байгаагаар, нэг малын
эмчид 35 мянгаас 40 мянган мал хангалттай. Ийм л байх юм бол малын эмч нар бие даагаад
угаалга, тарилга бүх юмаа хийгээд мал эмнэлэг бүх юмаа хариуцаж хийгээд явж чадна.
Өнөөдөр нэг сум 150-200 мянган малтай байна. Үүнийг ганц эмч яаж хариуцах вэ. Тэнд
таван мал эмнэлэг, таван эмч байх ёстой.

-Нэг эмнэлэг байгаад
хэд хэдэн эмч ажиллах боломж хэр вэ?

-Болно. Гэхдээ хэцүү.
Хүнээ цалинжуулж чад­даг­гүй. Нөгөөтэйгүүр мөнгөө ган­цаараа авч байх сонирхолтой.
Ийм л шалтгаан байна. Ингэж байхын оронд нэг сум таван багтай гэхэд баг бүр нэг
хувийн мал эмнэлэгтэй байх хэрэгтэй юм. Одоо бол 200 мянган малтай нэг хүн ноцолдож
байна. Доороо ч хүнгүй. Тэгээд хэдэн бага эмч ажиллуулахдаа тарилга туулга хийхдээ
л хэдэн төгрөг өгчихөөд бусад үед өөрсдөө ч цалингүй. Намар, хавартаа л жаахан цалинтай.
Эцэст нь хэлэхэд, сум хэдэн малтай байна түүндээ тохируулж, нэг эмчид 35-40 мянган
мал оногдохоор шинээр хувийн мал эмнэлгүүдээ байгуулах хэрэгтэй. Энэ л хамгийн оновчтой
бүтэц.

-Тэгэх нөөц бололцоо
байгаа юу?

-Байхаар барах уу
даа. Өчнөөн малын эмч сургууль төгсч байгаа мөртлөө ажилгүй байна. Тэд хувийн эмнэлэг
байгуулъя гэвэл гагцхүү лаборатори багаж тоног төхөөрөмжөө тэгээс л эхэлнэ. Учир
нь одоо байгаа нэг мал эмнэлгийн нөхөр чинь өмнө нь суманд байсан багаж хэрэгслээ
аль хэдийнэ зардгийг нь зараад үрчихсэн, зөвхөн өөртөө хэрэгтэй хэдэн юмтай л үлдсэн
байгаа. Тиймээс улс энэ тал дээр нь жаахан дэмжээд өгөх хэрэгтэй л дээ.  Тэгээд одоо сумдад байгаа ганц ганц малын эмч
нар хүч нэмэгдүүлэх дургүй байна гэдэг чинь аль болох олон малд үйлчилсэн нэрээр
ахиу мөнгө авах зорилготой байгаа юм. Олон малд үйлчилсэн гэж байгаа боловч бүх
малд бүрэн үйлчлээгүй мөртлөө л би 200 мянган мал тарьчихсан гэж дээшээ мэдээ өгч
байгаа хэрэг. Нөгөө талаар эд нар бас ч гэж ямар ч цалин хөлсгүйгээр засгийн ажил
хийгээд байгаа юм шүү дээ. Гоц халдвартаас бусад өвчний тарилга туулга гэх мэтээр.

-Та өмнө нь, улс
даяар хоёр сая гаруй үхэртэй, тийм хэмжээний вакцин үйлдвэрлээд байхад гаднаас их
хэмжээгээр вакцин худалдаж авах шаардлагагүй гэж хэлсэн?

-Хоёр сая гаруй гурван
сая орчим үхэртэй. Бүх үхрээ тарина гэвэл энэ хэмжээний вакцины нөөц хийгээд байж
болно. Гэхдээ хамгийн эрсдэлтэй бүс болох зүүн гурван аймагт их сайндаа л үүний
дөрөвний нэг нь хүрэлцээтэй. Жилд сайндаа 500 мянган тун вакцин үйлдвэрлэнэ гэсэн
үг. Ингэсэн байхад шүлхийг гаргахгүй. Энэ нөхцөлд сая бид экспортын тухай ярьж эхлэх
бололцоотой болно шүү дээ.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

Сонгууль гэдэг бултаараа бужигнаж байж сонгодог болохоос булагнасан улстөрчдийн нэрээ дугуйлуулах гэсэн арга биш

Сонгуулийн
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ид яригдаж байна. 2012 онд уг хуулийг
мөн л шинэчилж, түүний дагуу тухайн жилийн сон­гууль явагдсаныг бид мэд­нэ. Гэвч
дахиад өөрчлөлт оруулахаар энэ удаагийн пар­ла­мент ажлын хэсэг гарган ажиллаж байгаа
юм. Энэхүү шинэчлэн боловсруулж буй хуулийн төсөлд сонгуулийн амин чухал асуудлын
нэг сурталчилгаа хийгээд улс төрийн шинэ намууд,  шинээр нэр дэвшигчдийн олонд таниг­дах боломж
бололцоог илт багас­гах тухай яригдаад байгаа.

Сурталчилгааны
хугацаа ердөө долоо хоног юмдаг уу даа. Долоо хоногийн хуга­цаанд ард түмэн тухайн
той­рогт нэр дэвшин өрсөлдөж буй шинэ хүмүүсээ таньж амжих уу. Зүс царайг нь харж
санал бодлоо солилцох нь бүү хэл, нэр усыг нь сайн тогтоож амжаагүй байтал өнөө
хугацаа нь дуусна. Яагаад ийм богино хугацаатай билээ гэж эрх баригчдаас ам асуухад
“Хөрөнгө үрээд яахав” гэсэн хариулт өгдөг. Ер нь сүүлийн үеийн Сонгуулийн хуулиудад
ийм л шалтгаанаар сурталчилгааг багасгаад, шинэ нам эвсэл, нэр дэвшигчдийн боломжийг
тас цохиж хязгаарлаад бай­гаа. “Хөрөнгө үрээд яах вэ” гэх улстөрчдийн үг эхэндээ
сэтгэлд нийцтэй сайхан сон­согд­дог байлаа. “Эдийн засаг хүнд хүчир цагт сон­гуульд
хамаг хөрөнгөө үрчихээр юу болох билээ” гэж бодоход хүргэдэг байв.  Олон нийтийн энэхүү сэтгэл зүй дээр улстөрчид
хэрхэн тоглолт хийхээ мэднэ л дээ. “Биднийг сонгох гэж баахан хөрөнгө үрээд юу хийнэ.
Та бүхний татварын мөнгө шүү дээ” гээд л. 

Гэвч
сонгуулийн тогтол­цоотой, ардчилсан чөлөөт сонголттой улс оронд засаг төрөө цогцлоон
байгуулахад сон­гууль явуулахаас өөр юу чухал юм бэ. Улс орны, ард иргэдийн хувь
заяатай холбоотой ийм амин чухал асуудалд хөрөнгө мөнгө хэмнэнэ гэдэг маш буруу
ойл­голт. Сонгуулийн сур­тал­чилгааны хугацааг долоохон хоногт эвхэнэ гэдэг чинь
юу гэсэн үг вэ. Ардчилсан төр ард түмнийхээ сонголтыг ингэж үл хүндэтгэж болох уу.
Сурталчилгааны хугацааг долоо хоног гэж хуульчлахын оронд харин ч уртасган элбэг
тавиухан болгож, түү­ний хэрээр хөрөнгө мөнгө төсвөөсөө гаргаж, шинэ нам, нэр дэвшигчдийг
түмэн олонд танилцуулах хэрэгтэй. Энэ нь сонгуулийн системтэй, ардчилсан улс орны
баримтлах нэг зарчим мөн байх.

Ер
нь “хөрөнгө хэмнэнэ” гэх нэрийн дор шинэхэн нэр дэвшигчдийг саарал ордны танхим  руу явуулахгүй гэсэн улстөрчдийн заль нуугдаж
буйг юманд наанатай цаанатай ханддаг хүмүүс гадарлаж л байгаа.  “Ард иргэдийнхээ, улс орныхоо хөрөнгийг хэмнэж
байна” гэх сайхан халхавчин дор сонгуулийн сурталчилгааг богиносгосны учир тэд өөрсдөө
л Монгол төрийн толгойд дахиад суух гэсэн атгаг санаа агуулсан хэрэг шүү дээ. Өөр
юу ч биш. Ард түмнээ, улс орноо бодсон хэрэг бүр ч биш л байхгүй юу

Урьд
өмнө нь дуулдаж бай­гаа­гүй, нэр усыг нь мэдэхгүй хүмүүс тухайн тойрогт нь нэр дэв­шээд
ирэхээр сонгогч олон болгоомжилж таарна. Үгүй дээ л гэхэд, “Энэ чинь юун нөхөр билээ”
гэж нэг нэгнээсээ асуух төдий өнгөрнө. Тэгээд “танихгүй бурханаас таньдаг чөт­гөр
дээр” гэгчээр ард түмэн хуучин “депутат”-аа дахиад сонгочихно. Ийм л арга залиар
манай улстөрчид төрийн толгойд байн байн суугаад байна. Тийм болохоор сонгуулийн
сурталчилгааны хуга­цааг сунгах хэрэгтэй гэж үзээд байна. Наад зах нь хоёр сар ба
түүнээс дээш хугацаатай болгож энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн
най­руул­гын төсөлд тусгуулмаар байна. Энэ тухай олон нийт хэлэлцүүлэг өрнүүлж нийгэмд
шуугиан үүсгэж дуулиан бол­гох хэрэгтэй. “Өдрийн сонин” “Асуух эрхийн танхим”-даа
Сонгуулийн тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүлж ажлын хэсгийн ахлагч Их хурлын гишүүн
Р.Бурмаа болон намуу­дын төлөөллийг урьж хэв­лэл мэдээллээр олон ний­тэд хүргэсэн.
Үүн шиг нийтийг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлмээр байх юм.

АНУ-ын
Ерөнхийлөгчийн сон­гууль буюу Обама дахин ялалт байгуулсан сонгуу­лийг манай сонины
тусгай сурвалжлагч Э.Энэрэл газар дээрээс нь сурвалжилж бай­сан. Тэнд сонгуулийн
санал хураах өдөр ч гэсэн нэр дэв­шигч­дийн зургийг бариад зогсдог байна. Цэцэг
шиг гоёсон хүүхдүүд сонгуулийн өдөр санал авах байрны үүдээр нэр дэвшигчдийн мөрийн
хөтөлбөр болоод сур­тал­чилгааны хуудсыг тараагаад гүйдэг гэж байгаа. Сонгогч олныхоо
сонголтод ардчилсан орон тэгж л нөлөөлдөг юм билээ. 

Дөрвөн
жилд нэг удаа болдог сонгуулийн буянаар ард түмэн сонин хэвлэл, ном сэтгүүл, урлаг
цэнгүүнээр бялхаж байх учиртай. Алс буйд хөдөө газрынхан малчин, тариачин олонд
Монголын нэр цуутай домог болсон дуучид, хошин шогийн жүжигчид очиж тоглолтоо үзүүлдэг
байх нь чухал. “Тэр тэрийг амьдраар нь үзлээ, ямар бахархалтай юм бэ. Манай нэр
дэвшигч тэр тэр дуучныг авчирлаа. Бүр манай хотонд ирж дууллаа” гээд алс буйд нутгийнхан
гайхуулцгааж байг л дээ. Энэ талаасаа сонгууль гэдэг маш том баяр байх ёстой юм.
Хаврын хариг цагт сонгуулийн жил ард түмний минь нуруу тэнийдэг байх учиртай юм.

Тэр
жил Их хурлын дарга Л.Энэбиш агсны нөхөн сон­гууль Булган аймагт болж Бул­ганы­хан
ёстой л нэг алдартан гавьяатнуудаар хахаж билээ. Ардчилсан намаас Үүл баатар нэр
дэвшиж Со гавьяатаас аваад хэн хэнийг аваачсан ч гэдэг билээ, “Буян”-гийн Жагаа
тухайн үед өөрийн компанийн бөх байсан А.Сүхбат аваргыг аваачин шуугиан тарьж байсан.
Тэр чинь 2001 оны өвөл юм. Мөн “Эрэл”-ийн Эрдэнэбатын намын нэр дэвшигч “Хурд” хамтлагийнхныг
аваачин сумдын соёлын төвийг дэлбэ авах нь холгүй болж байсан. Нэг хэсэгтээ л Сүхбат
аварга тэргүүтэй урлаг соёл, спортын одуудтай авахуулсан ард иргэдийн зураг айл
бүхний жаазанд ярайж байсныг санах юм. Ийм л баяр бахдлыг төрүүлдэг баймаар байна.

Гэтэл
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн  35.15.2-т
“Биеийн тамирын уралдаан, тэм­­цээн, баяр наадам, урла­­гийн тоглолт зохион бай­гуу­лах,
түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага цайл­лага зэрэг сонгуулийн сурталчилгаатай
холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах”-ыг хориг­лоно гээд
заачихсан бай­даг. Мөн сонгуулиар хүүхэд хөгшид гэлтгүй бүгд нэг сайн эмчлүүлээд
авах юм уу, их хотод эрж сураад олддоггүй, оочер дараалал нь хэрээс хэтэрсэн нэртэй
төртэй эмч нарт үнэгүй үзүүлчих нь бас л чухал баймаар сан. Гэвч мөн л тухайн хуулийн
35.18.11-д “Сонгогчдын саналыг татах зорилгоор төлбөргүйгээр буюу хөнгөлөлттэй үнээр
ахуйн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг явуулахыг хориглоно”
гээд заачихсан. Эрх баригчид эл бүгдийг тооцоолж иргэд рүүгээ сонгуулиа хандуулмар
байна. Өөрсдийнхөө эрх ашгийг ямагт  тэргүүн
эгнээнд тавьдгаа болих хэрэгтэй. Мэдээж шашны холбогдолтой зан үйл үйлдэх, мөнгө
тараах нь буруу юм байгаа биз. Бус­дыг нь зөвшөөрмөөр байгаа юм. 

Сүүлийн
үеийн Сонгуулийн тухай хуулиудад бас нэг заль байна аа. Энэ нь сонин хэвлэл дээр
сурталчилгаа явуу­лахгүй тухай нарийн заал­тууд. Яагаад заль гэж хэлсэн бэ гэхээр
улстөрчид сон­гуульд нэр дэвшин өрсөлдөж байх­даа юу юу ярьж, юу амлаж байсныг сонины
шар­ласан хуудас ам асуух шиг хэлээд өгдөг. Үүгээрээ сонин гэдэг цахим хуудас юм
уу, зурагт радиогоос үнэтэй. Сони­ны архив дөрвөн жилд байтугай дөрвөн зуун жилд
байж байдаг. Тийм болохоор улстөрчид эргээд ам асуулгахгүйн тулд сонин хэвлэлээс
зайлсхийж үүнийг хуульчилж байна л даа. Энэ бүхний эцсийн зорилго нь өнөө л шинэ
хүн гаргахгүй өөрсдөө сонгогдох атгаг санаа. Сониноор дамжиж л шинэ хүмүүс ард түмэнд
танигддаг байхгүй юу. Тэгэхээр тэд энэ сувгийг нь хааж байгаа хэрэг. Өнгөрөгч жилийн
Ерөнхийлөгчийн сонгуулиар сониныг зориуд тусгаагүй. Одоо бүр Сонгуулийн тухай хуулиндаа
сонинд гарахыг хориглох талаар хуульчлаад байж байна. Сонгууль тойр­сон энэ бүх
асуудлыг нийтээрээ хэлэлцмээр байгаа юм. Тэгж байж л шинэчилсэн найруулгын төсөлд
тусгуулна. Эцэст нь хэлэхэд сонгууль гэдэг бол бум бужигнаж бул­таа­раа хөдөлж байж  сонгодог боло­хоос булагнасан хэдэн улстөрчдийн
нэрээ дугуйлуулах гэсэн арга биш юм. Тийм учраас сонголт хийх хугацааг тавиухан
болгох хэрэгтэй.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Буурьтай сөрөг хүчин байснаас “сэлэмтэй” сөрөг хүчин байсан нь дээр

Засгийн газрыг огцруулах тухай
яриа гарах нь. Гарах нь ч гэж дээ. Улс төрийн намын генсекүүд хэдийнэ ингэж яриад
эхэлсэн байна. Өнгөрсөн пүрэв гаригт тэд 
Засгийн газрыг огцруулах тухай л хэлэлцэх гэсэн бололтой цуглав.   МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга  Ж.Мөнхбат 
“Бид энэ Засгийн газрын хариуцлагагүй ажилласан хоёр сайдыг огцруулъя гэдэг
асуудал тавьсан. Гэтэл хүлээж аваагүй, тэднийхээ толгойг  илээд аваад үлдсэн. Харин одоо улс орны нөхцөл
байдал улам дордлоо. Тиймээс иргэд Засгийн газартай нь хариуцлага тооц гээд шаардаад
эхэллээ” гэсэн байна. Ногоон намынхан ч Засгийн газар огцрох цаг болсон гэж дуугарчээ.
Хамуг Монгол хөдөлмөрийн намынхан  энэ саналыг
олзуурхан дэмжиж, “Монгол Улсыг өтөнд баригдсан тэмээ шиг болгосон Засгийн газрыг
огцруулах хэрэгтэй” гэсэн байна. Ингээд хуралд ирсэн намууд Засгийн газрыг огцруулах
саналд нэгдээд таржээ. 

Энэ хурлыг  ажиглаж 
байхад Ардын нам нэг л их буурьтай харагдаж байна лээ. Асуудалд нухацтай
хандаж, ухаантай дуугарах гээд хичээгээд байгаа үзэгдэх юм. Олон жил шийдвэр гаргаж,
бодлого тодорхойлж, төрийн эрх барьсантай нь холбоотой байх л даа. Гэхдээ сөрөг
хүчин буурьтай байснаас “сэлэмтэй” байсан нь дээр байдаг юм. Баруун солгойгүй улс
төр хийж, эрх баригчдыг бажгадуулах нь улс оронд ашигтай юм байна гэдгийг өнгөрсөн
20 жилийн туршлагууд харуулаад авсан. Өөрөөр хэлбэл АН-ын сөрөг хүчин байсан он
жилүүд эрх баригчдыг ирлэж, хурцалж, ажилд нь ташуур өгч байжээ.  Алдаа багатай шийдвэр гаргахад нь сөрөг хүчин
нөлөөлдөг байсан юм байна.  Тийм  учраас АН-д хүчтэй сөрөг хүчин байх нь зохидог
гэсэн яриа гарсан биз.  Гэхдээ сөрөг хүчний
имиж нь зөвхөн АН-д зохиод байдаг юм биш. Тухайн нам стилиэ хэр зөв сонгохоос л
бүх юм шалтгаална. Харамсалтай нь өнөөдөр МАН стилиэ зөв тодорхойлж чадахгүй байгаа
учраас сөрөг хүчнийх нь имиж зохихгүй байна.

Тэгвэл МАН  яах ёстой юм. 
Сөрөг хүчин ямар байдгийг харуулах 
хэрэгтэй.  Ингэвэл сөрөг хүчин яах
бол гэдэг айдсыг эрх баригчдад өгмөөр байна. 
Сэтгэлийн хөөрлөөр бодлогогүй  шийдвэр
гаргаж болохгүй. Сөрөг хүчин хянаж байгаа, мэдвэл бид баларна гэдэг ойлголтыг эрх
баригчдын толгойд суулгаач. Сөрөг хүчин хариуцлагагүй, овлигогүй дарга нарыг хүмүүжтэл
нь овсгоотой, ухамсартай улс төр хийх хэрэгтэй байна. Дахиж ийм алдаа гаргавал сөрөг
хүчнийхэнд “алуулах” юм байна гэж сандартал нь ажилламаар байна.  Буруу шийдвэр гаргаж, бүхнийг нурааж чадахгүй
болтол нь сөрөг хүчин “сэлэм” эргүүлдэг болмоор байна. Эрх баригчид туршлагагүй,
хүүхэд шиг юм яривал шившиг болгодог баймаар байна. 

АН 2000 оны  парламентад ганцхан суудалтай  байхдаа л эрх баригчдыг чичрүүлдэг байсан. Сөрөг
хүчин байсан бусад бүх цаг үедээ  АН эрх баригч
Ардын намын тэнэг үг, буруу үйлдлийг олонд дэлгэж, булай болгодог байж.  Энэ нь эрх баригч байсан МАН-ыг буурьтай болгоод
сургачихаж.  Тиймээс Ардын намынхан  өнөөдөр тэр “хайрцагнаасаа”  гарч чадахгүй, ямар ч зүйл дээр дарга шиг царай
гарган суудаг болжээ. Энэ нь сөрөг хүчнийх нь имижид тохирохгүй, эв дүйгүй, үнэмшилгүй
харагдаад байна. Тэгэхээр МАН сөрөг хүчнийхээ стилийг зөв сонгож, эрх баригч АН-ыг
буурьтай болгох хэрэгтэй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Хөрш захиалга бол хотод амьдрах стандартыг захиалж байгаа хэрэг

Хаваржаанд хамт буух айл, ямар айлтай саахалт байхаа ярилцаж,
хэлэлцдэг уламжлал монголчуудад бий. Энэ уламжлал одоо ч хөдөөд байсаар байна. Аль
болох ахан дүүс, аав ээжийнхтэйгээ эсвэл ажил төрөлтэй айлтай хаяа залгана. Зуны
дэлгэр цаг, өвлийн урд өдрүүдийг хамтдаа туулахад саахалт айлын ач тус их. Үр хүүхдүүд
нь ижилсэн өсч, эхнэрүүд нь сааль сүүндээ хамт гарна.

Харин хот суурин газрынханд ингэх боломж бага л даа. Худалдаж
авсан байшин, байрандаа нүүгээд орчихно. Хөршүүд нь хэдийнэ эндээ суурьшчихсан улс.
Ааш зан нь ямар байх нь хамаагүй. Хаалгаа хаагаад л боллоо. Ингээд хөршилж амьдарна.
Олон жил хөрш байсан айлууд хэн хэнийхээ занг гадарладаг болчихдог. Зарим айлууд
сүрхий хөршилж, хөдөө гадаанаас ирсэн идээ будааны дээжээсээ хуваалцаж, хонь гаргавал
шинэ шөлнөөсөө хувь хүртээнэ.

Гэтэл хоорондоо таарамж муутай хөршүүд орж гарахдаа таарвал
мэндлэхгүй, цахилгаан шатанд ч юм дуугардаггүй. Хөршийнхөн нь гэртээ түжигнэж, хүүхдүүд
нь гүйлдэн, хөгжим чанга дуугаргавал паараа нүдэж дүргүйцлээ илэрхийлнэ. Шинэ байрт
айлуудыг дээрээс зохицуулаад хуваариалаад оруулчихдаг байсан учир хөршөө сонгоно
гэх ойлголт бараг байсангүй.

Харин одооны айлууд шинэ байрт орохдоо ямар айлтай хөршлөхөө
захиалдаг болчихож. Байрны урьдчилгаагаа өгөхдөө “Хөдөөний малчин айлтай хөршлөхгүй
шүү. Орцны хаалгыг хааж байгаа нь хүртэл түвэгтэй. Чанга шидлээд хэцүү байдаг юм.
Тохь тухтай, боловсон айлтай хамт байлгаж үзээрэй” гэж захих аж. Бас “Гадаадад амьдарч
байсан айл байвал зүгээр байдаг юм. Лефтины товчлуурыг дарж байгаа нь өөриймсөг”
хэмээн хөршөө захиалах.

Барилгын компаниудад ийм захиалга их ирдэг гэнэ. Тийм болохоор
хөршийн зэрэглэл гэх шинэ нэр томъёо гаргаад “Та ямар зэрэглэлийн айлуудтай хөрш
амьдрах вэ” гэж асууж байна. “Захын нэг малчин мал, ноолуураа зараад л нэг өрөө
байр авчихдаг болчихсон. Тийм болохоор хөдөөнөөс ирсэн хүмүүстэй хөршлөхгүй шүү.
Тэд хотод усанд орох гэж ирдэг” гэж хэлсэн нь содон сонсогдож байлаа.  Малчин айлтай хөршлөхгүй шүү хэмээсэн тэр хүнийг
буруутгах аргагүй юм. Тэр хүн тав тухтай орчин, амгалан байдлыг л эрхэмлэсэн хэрэг.
Өглөө, үдэш амрах цагаар орцны төмөр хаалгыг доргитол шидэлж, цонхны доогуур өнгөрөхдөө
хээр гадаа явж байгаа мэт утсаар чанга ярих хүмүүс байж л байдаг. Бас хөдөө ширгэн
дээр гудсаа гөвж байгаа мэт болкон дээрээ шороотой хивсээ тохчихоод балбаж өгдөг
дүр зураг хааяа нэг харагддаг.

Хөрш захиалах болсон нь хэн нэгнийг хот, хөдөөгөөр нь ялгах
гэсэндээ биш боловсон соёлтой байлгах гэсэн захиалга гэж ойлгож болох юм. Ямар айлтай
айлсахаа бодолцдог хуучны уламжлал сэргэж байна уу даа гэж харж ч болох талтай.
Цаашид хөрш захиалга, хөршийн зэрэглэл гэх энэ томъёолол хүчтэй гарч ирвэл хот хөдөөнийх
гэлтгүй бүгдэд маань хаалга зөөлхөн хааж сурах шаардлага гарах нь. Хэрэв тэгэхгүй
бол шинэ байрт орвол хаалгаа савдаг айлуудтай нэг орцонд амьдарна гэсэн үг.

Эсвэл шинэ байр худалдаж авах гэж байгаа айлуудыг хөдөө гадаагаар
нь ялгахгүйгээр бүгдэд нь “Орон сууцанд амьдрах оршин суугчдын гарын авлага” өгч,
зөвлөгөө, санамж өгдөг болох хэрэгтэй юм. Хүн хэлэхээс нааш ойлгодоггүй, цаас чичихээс
нааш цоордоггүй гэдэг. Түүнээс биш малчин хүн хотод, орон сууцанд амьдарч болохгүй
гэсэн ойлголт байж болохгүй. Гэхдээ нөгөө талаар хөдөөнийхөн маань хотод орж ирэхдээ
хотын соёл гээчийг мартах болохгүй. Зах зухаас нь мэддэг байх нь энэ нийгмийн нэг
эд эс гэдгээ ойлгох үндэс болно.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Бямбасүрэн: Эдийн засгийн бодлого барьж байгаа улсууд цагаан толгойн мэдлэгтэй байгаасай

Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат
эдийн засагч Дашийн Бямбасүрэн гуайтай ярилцлаа.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч
байна. Энэ тал дээр та­ны байр суурийг сонсъё. Эдийн засгийн хүндрэлээс гарах гарц
нь юу вэ?

-Одоогийн эдийн зас­гийн байдлыг аваад үзэх юм бол сүүлийн
15 жилд тохиолдож байгаа гурав дахь хямрал. Манайхан хямарч байна, хямраагүй байна
гээд маргах төлөвтэй юм. Гэтэл аль ч орны эдийн засгийн хамгийн том үзүүлэлт нь
үндэсний валютын ханш байдаг л даа. Тэгэхээр нэг жилийн дотор төгрөгийн ханш 20
гаруй хувиар уналаа. Эдийн засгийн чадал чансаа ийм хэмжээгээр буурлаа гэсэн үг.
Тэгээд өнгөрсөн жилийн статистикийн тай­лан мэдээг харахад эдийн засаг 12 хувь өслөө
гэж зарлаж байгаа. Энэ бол хүний толгой эргүүлэх тоо л доо. Гэтэл нүүрс хичнээн
нэмж гаргаад үнэ нь хоёр дахин уначихаад байгаа. Нүүрснийхээ үнийг хоёр дахин нэмээгүй
л бол олдог валют чинь буур­сан хэвээрээ л байх нь ойлгомжтой. Гаргасан нүүрснийхээ
хэмжээг өс­лөө гэж хэлэх нь ямар утга байх вэ дээ, нэг талдаа ийм байна. Нөгөө талдаа
эдийн засаг өслөө гэж байна. Байгаа бүх хөрөнгөө дуусаагүй барилга руу хийчихээд
хотоор дүүрэн арзайж, сарзайсан өндөр байшингууд байх юм. Ямар ч үр ашиггүй, хэнд
ч өгөөжгүй. Газар руу цутгасан мөнгө шүү дээ. Энүүгээр эдийн засгийн өсөлтөө тооцоод
яахав дээ. Гэтэл өнгөрсөн жи­лийн эдийн засгийн хам­гийн хурдацтай өссөн сал­бар
нь барилгын сал­бар байгаа. Энэ чинь амьдралд ямар тустай юм бэ гэдэг асуулт гарна.
Мөн малын тоо толгой өсөөд байна л гэж байна. Бэлчээрт байгаа малын тоо өсчээ. Махны
үнэ 11 мянган төгрөгт хүрчихлээ. Энэ нь хэний амьдралд тустай юм бэ. Эдийн зас­гийн
өсөлт гээд яриад бай­гаа зүйл амьдрал дээр наалдацтай, өгөөжтэй, хүн ардынхаа ахуй
байдлыг өөд нь татах чадвартай юу гэдэг асуудал гарна л даа. Ер нь эдийн засгийн
сүүлийн үед тохиож байгаа хямралуудыг харахад гол үүсгүүр нь манай төр засаг өөрөө
болчихоод байна. Төрөөс явуулж байгаа эдийн засгийн бодлого нь эдийн засгийг хямруулаад
байна. Жишээлэхэд, улс орны эдийн засаг бол өөрөө өөрийгөө нөхөн сэргээх дотоод
чадвартай, тэнцвэржих төлөвтэй бай­даг. Гэтэл 2012 оны сонгуулиас өмнө 2010 оны
сүүлч, 2011 оноос эхлээд хавтгайрсан халамжаар эдийн засгийнхаа тэнц­вэрийг алдагдуулсан.
Тэр­нийгээ одоо засна гээд хоёр жил худлаа яриад улам гүнзгийрүүлчихсэн. Одоо Монголын
эдийн засаг өөрийгөө сэргээн тэнцвэржүүлэхэд асар их хугацаа, хүчин чармайлт шаардах
ийм төлөв бай­далд ороод байна. Энэ хямралаас гарах гарц нь хамгийн түрүүнд төр
бодлогоо анхаарах хэрэгтэй. Төр эдийн зас­гаа зохицуулахын тулд өөрийн тодорхой
зөв үзэл номлолтой байх хэрэгтэй. Бид автомашинаа барихад “Жолооны үнэмлэхтэй юу”
гэж асуудаг биз дээ. Тэгвэл эдийн засаг чинь нисэх онгоц барихтай адил нарийн механизм
л даа. Гэтэл дугуй унадаг хүүхдийг нисэх онгоц жолоодуулж болохгүйтэй адил.

-УИХ-аас Монгол Ул­сын 2014 оны төсвийг
батлахдаа валютын ханшийг 1384 төгрөг бай­хаар тооцсон.  Гэтэл өнөөдөр бодит байдал дээр нэг ам.доллар
1800 руу дөхөж байна. Ингэхэд нэг ам.доллар 1384 төг­рөг болох үндэслэл байгаа болов
уу. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-УИХ, Засгийн газрын сүүлийн арваад жилийн түүхийг харахад
их сонин. Засгийн газар нь УИХ-аа хуурч мэхлэх гэж оролдоно. УИХ-ынх нь мэхлүүлэх
тутмаа тэрнээсээ сэт­гэлийн таашаал аваад, мэдсээр байж өөрийгөө мэхлүүлдэг. Жишээлбэл,
Сү.Батболдын Засгийн газар гарч ирээд төсвөө зохиож чадахгүй будилж байгаад бүх
хуулиа зөрч­чихөөд эх үүсвэргүй төсөв гаргаад байхад УИХ хүлээж авах ёсгүй. Гэтэл
цаадуул нь УИХ-ын гишүүдэд нэг, нэг тэрбум төгрөг өгнө гэсэн чинь долоо хоногийн
дотор алдагдалтай төсөв батлаад авчихсан шүү дээ. Одоогийн байдлаар Монголын төсөв
түүхэн­дээ байгаагүйгээр хоёр их наяд төгрөгийн алдагдалтайгаар өнгөрсөн жилийг
дуусгаж байна. Гэтэл төсөв батлахдаа нэг ам.долларыг 1384 төгрөг болгоно гээд оруулаад
ир­дэг. Энэ нь цаанаа их будлиантай л даа. Экс­портод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа
аж ахуй нэгжүүдийн орлогыг 1700-гаар тооцох байсан уу, 1300-гаар тооцох байсан уу
гэдгийг хооронд 400 төгрөгийн зөрүү байгаа. Экспортынхоо нийт хэм­жээгээр бодоод
үзэхэд 2-3 их наяд төгрөгийн ашгийн зөрүү байгаа юм. Тэгэхээр Засгийн газар валютын
ханшийг чангаруулна гэж экспортын үйлдвэрүүдийн ашгийг багаар тооцоод УИХ-аар хөнгөн
төсөв бат­луулдаг сонирхол бай­сан. Гэтэл УИХ-ын гишүүд хэзээ ч валютын ханш хуучин
хэвэндээ очихгүй гэдгийг мэдэж байгаад, ярьж байгаад баталчихсан шүү дээ. Ва­лютын
хан­шийг эргэж буцааж бо­лохгүй. Валютын хан­шийн өөрчлөлтийг да­гаад, үнэ, эдийн
засгийн дотоод механизм, төсвийн орлого, зарлага, татвар гээд бүх юм өөрчлөгдөж
байдаг. Төгрөгийн хан­шийг чангаруулъя гэвэл эдийн засгийнхаа тогтсон тэнцвэрийг
эвдэх хэрэгтэй болдог. Тийм бол аль ч улс оронд валютын ханшийг нэг хүрсэн түвшинд
нь тогтоогоод түүнд нь ба­ри­на уу гэхээс биш бу­цааж чангаруулна гэдэг ойлголт
хэцүү байдаг л даа. Валютын ханш чан­гарахад экспортын үйлдвэр хумигддаг гэдэг бол
цагаан толгойн асуу­дал шүү дээ. Тиймээс төс­вийг анх зохиохдоо эдийн засгийн бодлогоор
тунхаг зарлахдаа төр за­саг маань хуурч мэхлэх байр суурин дээр байсан. Одоо тэр
нь улам ил тод болсоор ам.доллар 1800 төгрөг дээрээ тогтож ча­дах уу гэдэг асуудал
эргэлзээтэй болоод байна. Нэг талаас “Чалко”-гийн нүүрсний өрийг дараагүй. Нүүрс
хичнээн ч гаргаад экспортын орлого нэмэг­дэж, валютын нөөц арвижихгүй  шүү дээ.

-Өнгөрсөн онд Хө­рөнгө оруулалтын ту­хай
хууль баталснаар хөрөнгө оруулагчдад эрх зүйн таатай орчинг бүрдүүлж чадсан гэж
байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар хөрөнгө оруу­лагчид Монголд орж ирээ­гүй байна.
Гадаадын хө­рөнгө оруулалтын урсгалыг яавал Монгол руугаа татах вэ?

-Өнгөрсөн жил УИХ хөрөнгө оруулалтыг дэм­жих хууль гэж гаргасан.
Их хөрөнгө оруулалт хий­сэн хүн 5-30 жил хүртэл тогтвортой байдлын гэрээ хийх хууль
гаргалаа шүү дээ. Тэгвэл бага хөрөнгө оруулалт хийсэн хүн нь яах юм бэ. Ямар ч тогтвортой
байдлын нөхцөлийн батал­гаа байхгүй, зах зээлд түрэгдэж, хаягдах байдал руу орлоо.
Энэ чинь Мон­голын эдийн засагт том хөрөнгийн ноёрхол тогтлоо гэдгийг тунхаглаж
байгаа юм. Нөгөө талдаа хувийн өмчийн нөхцөл дэх том хөрөнгийн ноёрхол гэдэг бол
төрийн өмчийн ноёрхлоос арав дахин их аюултай байдаг. Нийгмээ ч, эдийн засгаа ч
ална. Одоо Монголын төрийн бодлого тэр байдал руу орчихлоо л доо. Тэрийгээ үйлдвэржилт,
бүтээн бай­гуулалт гэсэн нэр томь­ёогоор халхлаад байх шиг байна. Хөрөнгө оруулагч
гэ­дэг дээр болгоомжтой хандах байх л даа. Хүн бүхний ойлголт өөр. Ми­ний бодлоор
Монголын түүхий эдийн баялаг, зах зээлийн байршлын давуу талд үндэслээд хамтарч
ажиллах түншүүдээ л хайх хэрэгтэй юм. Ер нь гадны хөрөнгө оруулагч гэдэг бол буян
үйлдэж байгаа хүн биш, олз идэш л хайж яваа юм. Наадуул чинь идэхэд амттай байвал
сугалаад ирнэ. Идэх юм хэцүү болох юм бол гадагшаа гараад л алга болно. Үүний төлөө
гасалж гангинаад байх хэрэггүй. Ер нь эрүүл са­руулаар өөрсдийгөө бо­дож, өөрийнхөө
эрх ашгийг бодохгүйгээр гадны хөрөнгө оруулагчдын эрх ашиг гэж яриад байх юм бол
Монгол шууд худалдагдчихсан нь ашигтай шиг байгаа юм л даа. Хатуухан хэлэхэд ийм
байна.

-Уг нь “Таван толгой”, “Оюу толгой” гээд
томоо­хон төслүүдийг ажиллуулах хэрэгтэй байдаг…

-Таван толгой бол то­дорхой асуудал. Ту­хайн үед Таван толгой
гээд нэг л орд байсан. Цогцоор нь ашигласан бол нүүрснийхээ чанарыг тэнцвэржүүлээд,
техноло­гийнхоо шийдлийг нэг зарчмаар болгоод, дэд бүтэц нийгмийн асуудлыг нь шийдэж
болох байсан. Гэтэл тэр үед төрийн өндөр алба хашиж явсан хүмүүс өөрсдийнхөө давуу
байдлыг ашиглаж, Таван толгойг хувааж аваад үндсэндээ түрүүлж эрх авсан “Энержи
Ресурс” компани “Эрдэнэс таван толгой”-г гацаасаар байгаад өөрсдөө зах зээл дээр
давуу байдал олж авахын төлөө одоогийн хямралт байдалд хүргэлээ шүү дээ. Дээрээс
нь муухай дээр улцан нэмэр гэгчээр Ардын намынхан төр барьж байхдаа урьдчилж аваад
мөнгийг нь идчихсэн юм чинь яаж босох вэ дээ. Ийм байдалтай байгаа юм. Таван толгой,
Оюу толгой хоёр бол Монголын арчаагүй байдлын толь бичиг болж түүхэнд үлдэх байх
даа.

-Тусгаар улсын хувьд ямар үйлдвэр байвал
хөгжих вэ?

-Улс орны эдийн засаг өсч өндийж хөгжихийн гол үндэс нь дотроо
хө­дөлгүүртэй байх хэрэгтэй. Бидэнд өөрийн хөдөлгүүр байхгүй, эдийн засагт нүүрс
хэрэгтэй гэвэл нүүрс өгөөд хөгжчихнө гэж яриад байна. Эдийн засагт зэс хэрэгтэй
бол зэс өгөөд хөгжчихнө гэж яриад байна. Гэтэл Монголд тэр зэсийг чинь хүдрээ боловсруулаад,
баяжмал болгоод, баяжмалынхаа зэсээр кабель гаргаад, кабелиараа цахилгаан хөдөлгүүр
ороодог ч юм уу энэ шаталсан технологийн бүл байхгүй. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн
засгийн одоогийн бодлогоор Хятад гэдэг том тракторын араас чи­рэгдсэн банзан чиргүүл
дээр хөгжлийн найр хийх гээд оролдоод байгаа юм шүү дээ. Монголын эдийн засгийг
хэнээс ч хамаарахгүй дотроосоо үүсгэж хөдөлгөж байдаг, өөрийнхөө түүхий эд дээр
түшиглээд боловсруулах үйлдвэрүүдээр бүтээг­дэхүүн  гаргадаг чад­вартай бол­бол бид сая хөгжлийн тухай
ярьж болно. Тэгээгүй цагт байгаа баялгаа ухаад гадагш гаргавал өсөлт байж болно.
Энэ бол хөгжил биш. Төрийн эдийн засгийн бодлого барьж байгаа улсууд цагаан толгойн
мэдлэгтэй байгаасай. Тэгвэл энэ хөгжлийн зам мөрийг олж болох байх даа.

-Манай улс эрчим хүч, нефтиэр ОХУ-ын
хараат байсаар ирсэн. Энэ байдлаас яаж гарах бол. Улс орны төрийн эрхийг барьж явсан
хү­ний хувьд танаас үүнийг асуумаар байна л даа?

-Монгол орны хувьд эрчим хүчний эх үүсвэр гэвэл нефть, нүүрс,
сал­­хи, уран, занар гээд аль аль нь байна. Жишээлбэл, цахилгаан станцад Монголын
нүүрс хангалттай шүү дээ. Улаан­баатарын Тавдугаар цахилгаан станцын тухай асуудлыг
16 жил ярьсан. Газар олдохгүй байна, чөлөөлөх хэрэгтэй гээд л баахан явсан. Энэ
бол төрийн шившиг. Арчаагүй байдлын дээд хэлбэр. Монгол оронд станц барих газар
олдохгүй байна гэнэ дээ. Гэтэл нэг солонгос хүн ирээд газар авъя гэ­хээр нь хэдэн
арван га-гаар нь гаргаж өгөөд, худалдаад сууж байдаг. Нефтийн бүтээг­дэхүүний хувьд
анх 1990 онд хайгуул эхэлсэн. Бидний гол зорилго бол нефтиэрээ өөрийнхөө хэрэгцээг
хан­гах асуудал байсан. Гэтэл америкийнхантай 1993 онд хийсэн гэ­рээндээ “Олборлосон
неф­тиэ дотоодод боловс­руулахгүй” гээд тусгачихсан байдаг. Тэр гэрээг хийсэн хүмүүсийн
толгойд юу шигдсэн байсан юм бэ. Америкчууд Монголоос нефть оллоо гээд баахан хувьцааныхаа
ханшийг өсгөж аваад мөнгөтэй болж, нөгөөхөө Хятадад зараад Монголоос яваад өгсөн.
Бид Монголын неф­тийн орд газрыг Хятадын компанид зарахад Мон­голын төр мэдээ ч
үгүй шүү дээ. Эсвэл мэдсээр байж зориуд  оролцоогүй
юм уу. Өөрийнхөө юмыг ингэж хүний гарт хийчихээд араас нь хүний нефтийг боловсруулах
эрхийг надад өгөөч гээд явж байдаг. Гэтэл сая шинэ Засгийн газар гарч ирээд төсөл
зарлалаа. Монголын газрын тос нь Дорнодод байдаг. Гэтэл нефть боловсруулах үйлд­вэрээ
Дарханд барих юм гэнэ. Энэ бол Уул уурхайн сайдын хувийн бизнес гэдэг нь хэнд ч
ил болоод явчихлаа. Ийм байдалтай байгаа болохоор Монгол өөрөө түлшний тусгаар тогтнолыг
хангаж ча­дахгүй байна. Сая нефть боловсруулах тухай асуудал нэлээд шуугилаа. Гэтэл
Хятадтай нэгдээд нүүрс хийжүүлэх асуудал яригдаж байна. Уг нь 1970-аад оны дунд
үед Багануурын уурхайг ашиглалтад ороход ОХУ-ын нүүрсний үйлдвэр дээр нэрж туршсан
юм байгаа. Тэр үед боломжийн шин­гэн түлшний гарцтай сайн нүүрс гэж байсан. Гэтэл
бид одоо болтол нүүрснээсээ шингэн түлш гаргаж чадахгүй байна. Тэр үеийн тооцоогоор
нэг баррель нефтийн үнэ 22 ам.доллар хүрэхэд нүүрсийг нэрэхэд ашигтай болно гэж
тооцоо хийгээд орхисон юм. Гэтэл одоо нэг баррель нефтийн үнэ 100 ам.доллар давчихлаа.
Монголын эрдэмтэн мэр­гэжилтнүүд дунд энэ талаар хөөцөлддөг хүн олон бий. Тэдний
үгийг авахгүй байгаа нь харамсалтай. Уг нь монгол нефтиэр өөрсдийгөө хан­гаж чадвал
жинхэнэ тусгаар тогтносон хараат бус байдал бэхжинэ. Гэтэл өөрөө нефтиэ Хятадад
өгчихөөд, тэрнийгээ Хята­дын нутагт аваачиж нэрээд эргүүлж Монголд авчраад Дорнод
явах машинаа цэнэглээд явах юм бол утгагүй юм болж байгаа биз дээ.

-Төмөр замын өргөн, нарийн царигийн асуудал
нэлээд маргаан дагууллаа. Урагшаа нарийн цариг тавибал танк оруулаад ирнэ гэх зэргээр
олон жил энэ асуудал гацаанд байсаар ирлээ. Ер нь урд хөрштэй холбосон төмөр зам
ямар байвал дээр вэ?

-Төмөр замын царигийн тухай зургаан жил ярилаа. Эрүүл саруулаар
сэтгэдэг хэнд ч болов Хятад руу зөөж байгаа нүүрсээ нарийн царигаар тээж гаргах
нь ашигтай. Хойд далайд гаргах бүтээгдэхүүнээ өргөн царигаар зөөхөөс өөр арга байхгүй
гэдэг ойлгомжтой. Өргөн царигийн тухай асуудал бол нэг нь нөгөөд нь  сөргүүлж тавих биш. Зөвхөн зах зээлд хоёр гарцтай
байя гэвэл энэ хоёрыг цогцоор шийдэх л асуудал. Гэтэл үүнийг улс төрийн, хувь хүний
амбиц болгоод л байх юм. Сүүлдээ бүр цэрэг дайны асуудал болгоод солиорлын дээд
түвшинд хүргэлээ. Урагшаа гарах нүүрсээ нарийн царигаар л гаргана. Өнөөдөр Энержи
ресурсийнхэн нүүрсээ засмал замаар зөөж байна. Хажуу талаар нь Таван толгойнхон
хар замаар шороо манаруулаад тээж байгаа. Ийм бүдүүлэг арчаагүй байдлаа юу гэж тайлбарлах
гэж байгаа юм бол. Түүхэнд үлдэнэ шүү дээ.

-Та Чингэс бондын талаар ямар бодолтой
байгаа вэ. Засгийн газ­­раас бондын хө­рөнгөөр экспортыг нэмэг­дүүлэх, импортыг
орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 888 төслийг санхүүжүүлэхээр
боллоо шүү дээ. Таны бодлоор энэ мөнгөөр юу хийвэл дээр байсан бол?

-Монголын төр өр зээл тавихын дон тусаад байгаа. Энэ өнгөн
дээр Чингэс бонд гэж гарч ирсэн. Нэрийн хувьд Чингэс хаан амьд байсан бол толгойг
нь тас савчаад хаях шүү дээ. Гэтэл Чингэс хааныхаа нэрийг өрийн хүлээс болгоод явж
байдаг. За, энийг байя. Гэтэл Чингэс бондын ашиглалт нь юу болов. Үүнийг юунд зарцуулж,
юуг санхүүжүүлэхээ шийдэхгүй байж дүлгэнэж шийдвэр гаргасан. Аливаа төслийн 30 хувийг
санхүүжүүлнэ гэв үү. Үлдсэн 70 хувийн хөрөнгийг нь төсөл санаачлагч босгоно гэж
байна. Ийм л байсан юм бол тэр төслийг санхүүжүүлж яах юм бэ. Нефть боловсруулах
үйлдвэр барихад нэг тэрбум ам.доллар хэрэгтэй. 300 саяыг нь өгчихөөд үлдсэнийг нь
өөрөө гарга гэвэл бондоос харах хэрэггүй болно. 
Харин эсрэгээрээ “70 хувийг чинь санхүүжүүлье, 30 хувийг өөрөө ол” гэвэл
боломжтой.

Ийм л байсан юм бол бондын хөрөнгөөр төмөрлөгийн үйлдвэр бариад
тэрүүгээрээ төмөр замын рейс, барилгын арматураа хийсэн бол Монгол импортоо хэмнээд
босоод ирэх боломж байлаа. Бондын мөнгөөр зэсийн үйлдвэр барих боломжтой байсан.
“Оюу толгой” дээр гэхэд Монголын төрийн өмчит гээд байгаа 34 хувийнхаа баяжмалыг
өөрснөө аваад тэрнийгээ зэс болгосон бол тэр дайны үйлдвэр барьж болох байв. Даанч
манайхан бондын мөнгөө юунд зарцуулчихав. Эрх мэдэлтнүүд өөрийнхөө компанийн төслийг
санхүүжүүлэхэд зарцуулсан. Жишээлбэл, зургаан аймгийн төсвийг хатуу хучилттай замаар
холбож байна. Тэр засмал замууд эргээд доллар өгөхгүй. Долларын өрийг хуучин ажиллаж
байсан бусад салбарууд нь хувааж төлөх хэрэгтэй болно доо. Ингээд эдийн засагтаа
ачаалал нэмчихэж байгаа юм. За тэгээд бондын худалдан авагчид нь хэн байсан тухай
яриад ч яахав. Бас Самурай бонд гэж гаргалаа. Яг үнэндээ япончуудад хулхидуулчихлаа
шүү дээ. Бондын хүүнээс гадна баталгаа гээд 10, 20 хувийг урьдчилгаа болгоод авчихсан.
Үнэндээ нэг хувийн хүүтэй бонд авлаа гээд байсан чинь 4-5 хувийн хүүтэй бонд авчих
шиг боллоо.

-Та бондын асуудалд тун хариуцлагагүй
хандаж байна гэх гээд байна уу?

-Тийм. Цаашид ийм байдлаар явж болохгүй. Ер нь тэгээд УИХ,
Засгийн газрын гишүүдийг харахад өнөөх л бизнесмэнүүд ороод ирсэн. “МАК”, “Эм-Си-ЭС”,
“Монос”, “Мон-Уран”, “Мон-Рөүд” нь ороод ирлээ. УИХ-ын гишүүдийн талаас илүү нь
тэрбумтнууд болчихлоо. Засгийн газрыг аваад үзэхэд нөгөө л компаниудаараа овоглосон
Бридж Ганхуяг, Женко Баттулга, Фортуна Батбаяр, 
Залуу Монголынхон зэрэг улсууд. Тэдний эрх ашгийг хамгаалах бодлого бий боллоо
гэдгийг харуулаад байгаа юм шүү дээ. АН үүнийгээ өөрөө ухаарч засахгүй бол энэ  нь Монголын түүхэнд маш том хар үсгээр бичигдэж
үлдэнэ. 

Одоогийн төр засгийн байр суурийг харахад сонин зүйл  их ажиглагддаг. 2012 оны  сонгуульд АН оролцохдоо Монголд төмөрлөгийн,  нүүрс боловсруулах, нефть боловсруулах, зэсийн
үйлдвэр байгуулна гэх зэрэг баахан зорилтууд дэвшүүлж, мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Гэтэл хоёр жил өнгөрөхөд юу ч алга. Одоо 2015 оны хоёрдугаар хагасаас сонгуулийн
бу­жигнаан эхэлнэ. Энэ хугацаанд юу ч хийж чадахгүй дүр зураг ажиглагдаад байгаа.
Үйлдвэржилтийн, бүтээн байгуулалтын гэх нэр томьёо хэрэглэдэг. Ийм нэр томьёог хэрэглэж
байгаа нь хүртэл эднийг сэтгэхүйн ядууралд байна гэдгийг харуулаад байна. Үйлдвэржилт
гээд ярьж байна. 50 сая малтай хэрнээ махны үнэ 11 мянган төгрөг болчихоод байхад
тэд юу хараад сууж байна вэ. Орон нутагт жижиг махны үйлдвэрүүд байгуулаад тэднийгээ
дэмжээд, татварын хөнгөлөлт өгдөг ч юм уу, эсвэл бондын мөнгөнөөс хуваадаг ч юм
уу, махныхаа зах зээлийг тэнцвэржүүлж болох байсан. Гэтэл ямар ч арга хэмжээ авсангүй.
Үйлдвэржилт, бүтээн байгуулалт гэдэг нэрийн дор төр засгийн эрх мэдлийг гартаа атгасан
том хөрөнгөтнүүдийн хөрөнгө хуваах бодлого явж байгаа юм. Бодлогын ерөнхий чигийг
харахад ерөөсөө том хөрөнгийг дэмжих.

-Төр хувийн хэвшил рүү хэтэрхий дайрч
байгаа хандлага ажиглагдах юм. Тухайлбал, “АСА” циркийг төрд буцааж шилжүүлнэ ч
гэх шиг. Энэ тал дээр таны бодлыг хуваалцмаар байна л даа?

-Бодит байдлыг харахад гудамжинд байгаа жижиг ТҮЦ, худалдаачид
руу дайрч байна. Тэдэн рүү татварын албаныхан зөгий шиг дайрч байна. Төрийн өмч
болгоно гэж дайрч байгаа нь жижиг өмчлөгчдийн өмчийг төрийн өмч нэрээр аваад эргүүлээд
том хөрөнгөтнүүдэд хуваах тэр ажиллагааны чинь нэг сэжүүр  нь байгаа юм. Тэрнээс төр АСА циркийг эргүүлж
аваад сайн цирк болгоно гэвэл бүтэхгүй. Гэхдээ АСА цирк циркээ худалдааны төв болгоод
сууж болохгүй. Үүнийгээ аль, аль талдаа бодох л ёстой. Хамгийн гол утга нь төр жижиг
өмчлөгчдөө, жижиг аж ахуй эрхлэгчдээ шахах илэрхий бодлого явж байгаа нь тодорхой болчихсон байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Монголын хууль тогтоомж л хамгийн хэцүү тусгай ажиллагаа болоод байна даа

Ариэль Шароны Засгийн газарт сайдаар ажиллаж байсан, Ирак,
Сири, Египетийн өчнөөн танктай хэдэн зуун цэргийн өмнөөс ганцаараа тулалдсан, террористуудад
барьцаалагдсан иргэдээ Угандагаас авч гарах тусгай ажиллагааг удирдсан гэж ирээд
яривал сонирхмоор намтар ихтэй эрхмийг уншигчидтайгаа уулзуулж байна. Израйлийн
бригадын генерал Эффие Эйтам чөлөөнд гарснаасаа хойш улсынхаа Засгийн газар, парламентын
гишүүнээр ажиллаж байгаад бизнес рүү оржээ. Тэр одоо  RWL компанийн бизнес хөгжлийн захирал, “Жени ойл
энд газ” компанийн Ерөнхийлөгч. Эрчим хүч, ус хангамж, дэд бүцтийн салбарт ажилладаг
хэд хэдэн компанид зөвлөхөөр ажилладаг юм билээ. Бидний яриа Угандад барьцаалагдсан  иргэдээ аварсан Израйлийн  тусгай ажиллагаанаас эхэллээ.

 
-Далаад онд Парисаас Израйль
руу нисч явсан онгоцыг террористууд барьцаалж Угандад буулгасан үйл явдлыг дэлхий
даяараа мэднэ.  Барьцаалагдсан иргэдийг суллах
тусгай ажиллагааг удирдсан хүн нь та. Тэр ажиллагааг яг яаж хийсэн бэ?

-Би
амьдралынхаа гучин жилийг яг байлдааны талбарт өнгөрүүлсэн  хүн. Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр ажилласан
он жилүүд  л дээ. Израйлийн батлан хамгаалах
хүчнийг удирдаж байхдаа хэдэн зуун тусгай ажиллагааг ахалж амжилттай дуусгаж байлаа.
Таны сонирхсон үйл явдал тэр  ажиллагаануудын
маань нэг байгаа юм. Тэр ажиллагаа яагаад алдартай болсон нь ганцхан шалтгаантай.
Учир нь тэр үеэс хойш бид терроризмтэй тийм жишгээр тэмцдэг болсон.  Бууж өгдөггүй, нүүр тулгардаг болсон гэсэн үг.
Өнөөдөр бусад орон ч терроризмтэй ингэж тэмцэж байна. Тэр үйл явдал Израйлиас
5000 гаруй км-ийн алсад болсон юм. Ямар ч хол улсад бай Израйлийн нэг иргэнийг барьцаалсан л бол манай тусгай хүчин хөдөлдөг.
Барьцаалсан гэсэн мэдээ авсны дараа “Геркулес” гээд байлдааны зургаан том нисдэг
тэргээр Угандад нисч очсон. Очингуутаа онгоцны буудалд нь шууд газардлаа.  Ямар ч гэрэлгүй, тас харанхуй орчинд.

-Онгоцны
буудал дээр буулаа гэсэн дохио ч өгөөгүй юу?

-Ямар ч тохироогүйгээр 
шууд довтолгоо хийсэн. Барьцаалагдсан онгоцыг Угандагийн цэргүүд тойроод
зогсчихсон байлаа.  Шууд буугаад довтлоход
террористууд ч тэр, Угандагийн цэргүүд ч ялгаагүй бэлтгэлгүй байсан л
даа. Тэгнэ гэж төлөвлөөгүй учраас цочирдсон байх. Ер нь бүх үйл явдал 15-хан минутын
дотор өрнөөд дууссан.

-Барьцаалсан онгоц руу яаж нэвтэрсэн
юм бэ?

-Нэг
онгоцондоо том хар мерседес хийгээд очсон юм. Угандагийн Ерөнхийлөгчийн унадагтай
яг адилханыг.  Машин унаж байгаа хүнийхээ  нүүрийг хараар будчихсан учраас Угандын цэргүүд
сэжиглээгүй.  Ерөнхийлөгчийгөө  ирчихлээ гэж бодоод ёслоод эхэлсэн. Тийм болохоор
онгоц руу очиход асуудал гараагүй.  Шууд явж
очоод террористуудыг бүгдийг нь хөнөөсөн. Дуу намжаагчтай пулемёттай очсон юм.

-Барьцаалагдсан хүмүүс бүгд зүгээр байсан уу?

-Тийм ээ, нэг нь л шархадсанаас бусдаар ямар нэг золгүй явдал
болоогүй. Хүмүүсээ онгоцондоо суулгаж аваад шууд ниссэн. Тэр үеэр  нэг л хүн амиа алдсан. Одоогийн  Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн төрсөн ах
нь амь эрсэдсэнд өнөөдрийг хүртэл харамсаж явдаг. Террористуудтай тулалдаж байхад
нь нислэгийг удирдах цамхгаас араас нь буудчихсан юм. Найзыгаа хамгаалж чадаагүйдээ
харамсдаг. Найз маань еврей хүүхдүүдийн бахархал,  үлгэр дуурайл нь. Израйль бол залуу, бас иргэдийнхээ
төлөө гэсэн орон. Саяын дурсдаг тусгай ажиллагаа бол “Манай иргэдийг барьцаалбал
бууж өгөхгүй” гэдгийг  нотолсон явдал болсон
юм. 

-Таныг Израйлийн
батлан хамгаалах хүчинд ажиллаж байхад Мюнхений олимпын үеэр танай улсын тамирчид
руу террористууд халдсан хэрэг гарсан. Энэ хэрэг дээр Израйлийн тусгай хүчин ажилл
асан
уу?

-Их
харамсалтай, эмгэнэлтэй хэрэг болсон. Гэхдээ бидэнд ямар ч оролцоо байгаагүй. Манай
тусгай хүчний зүгээс оролцох хүсэлт тавихад Германы
тал зөвшөөрөөгүй юм. Улсынхаа цэрэг цагдаагийн хүчээр шийднэ гэсэн л дээ.

-Гурван
улсын дайралтыг ганцаараа эсэргүүцсэн гэдэг чинь Еом Киппурын дайн  байх аа. Тэр үед гаднаас дайралт орж ирнэ гэсэн
ямар ч сэжиг таамаг байгаагүй хэрэг үү?

-Тиймээ, түүхэнд Еом Киппурын дайн гэсэн нэрээр үлдсэн.
1973 онд Ирак, Сири, Египетийн цэргүүд нэгэн зэрэг манай хилээр дайран орж ирэхээр
завдсан юм.  Тэр өдөр Еврейчүүдийн хувьд хамгийн
ариун өдөр нь байсан. Шашны баярын өдөр байсан юм. Мөргөлийн үеэр хүн бүр гэртээ
баяраа тэмдэглэж байхад манай улсын хил  рүү
дайрсан болохоор ямар ч сэжиг таамаг байгаагүй. 
Хил дээр зэвсэг муутай залуухан цэргүүд л байсан. Израйль улс оршин тогтнох
уу, үгүй юу  гэдэг асуудал  ид яригдаж байсан үе л дээ. Тэр үед би 21 настай
залуу командлагч байсан юм. Өглөө бостол Сирийн хэдэн зуун танк харагдах нь тэр.
Тэгэхээр нь шууд л танк эсэргүүцэгчээ мөрлөсөн. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хуучин
зэвсэг л дээ. Нүдний өмнө олон зуун цэрэг, өчнөөн танк байгаад байдаг. Зугтах л
юм бол Израйль гэдэг улс байхгүй болно гэдгийг мэдэж байсан болохоор ямар ч эрсдлээс
айгаагүй. Том хадны цаана нуугдаад хүлээгээд л байлаа. Танкууд ч аажмаар дөхсөөр.
Толгой танк нь ирэнгүүт 25 метрийн цаанаас буудчихлаа. Эхний танк дотор байсан хүмүүс
бүгд гарч зугтаалаа. Гэтэл хамгийн гайхалтай нь бүх танк таг зогсчихсон. Яг тэр
үед надад крантны цоргоор учиргүй их гоожиж байсан усыг  хуруугаараа таглачих шиг мэдрэмж төрсөн. Нөгөө
тал яахаа мэдэхгүй тээнэгэлзсэн хоёр цагийн хугацаанд энд тэнд байсан зэвсгүүдээ
зөөж хана босгож чадсан.

-Олон цэрэг
байгаа гэж харагдуулахын тулд таныг энд тэнд байрлуулсан зэвсгүүдийн хооронд гүйн
тулалдаж байсан гэж израйльчууд ярьдаг гэсэн?

-Ер нь зориг байхад л бүх зүйл болдог. Би гучин жил цэрэг
командалж явахдаа цэргүүддээ “Чин зоригтой 
бай. Ийм үед нөгөө талд чинь хичнээн хүн байх нь хамаагүй болдог” гэж хэлдэг
байсан. Аймшиггүй зоригийг би Монголын түүхээс бас мэдэрсэн.  Чингисийн цэргүүд дэлхийг тоогоороо биш чин зоригоороо
байлдан дагуулсан шүү дээ. Тэр чанар нь монголчуудаас одоо ч мэдрэгддэг. Монголчууд
их тэвчээртэй ард түмэн. Үндэстний өөрийн гэсэн үнэ цэнээ алдахгүй байх хэрэгтэй.
Израйль орчин үеийн технологи хийдэг орон. Гэхдээ ард түмнийхээ өөрийн гэсэн уламжлалт
сэтгэхгүйг алдахгүйг хичээдэг.

-Батлан
хамгаалах албанд байхад чинь  болсон нэг явдлыг
сонирхмоор байна. Израйлийн Ерөнхий сайд Изхак Рабиныг олны нүдэн дээр хөнөөсөн
үйл явдлыг дэлхий даяар шуугиантайгаар мэдээлж байсан…?

-Манай орны орчин үеийн түүх их богинохон. Энэ үеийн түүхэнд
гарсан хамгийн эмгэнэлтэй явдал л даа. Ойрхи Дорнодод манайхаас өөр ардчилсан загвартай
орон байхгүй. Мэдээж манай улсад янз бүрийн маргаан, зөрчил  байдаг. Гэхдээ бүгд хууль тогтоомжийн хүрээнд
өрнөдөг. Изхаг Рабиныг алагдах үед бид их гэнэн байж. Еврей хүн Ерөнхий сайдаа ална
гэж боддог ч үгүй үе байж дээ гэж одоо боддог. Ерөнхий сайд бараг харуул хамгаалалтгүй
явж байсан юм. Тэр үед авсан шарх өнөөг хүртэл эдгээгүй. Бид одоо болтол харамсдаг.
Үүний дараа бид нэгдэж чадсан. Дахиж  хэзээ
ч Ерөнхий сайдаа тэгж алдахгүй гэж хичээсээр өнөөдрийг хүрлээ. Изхаг Рабины амийг хороосон
гэж анх сонсоод их уйлсан. Дайны талбарт 
өчнөөн хүн амиа алдахыг харсан хэрнээ яагаад тэгж эмзэглэв гэж асууж магадгүй
л дээ. Еврей хүн өөрийнх нь төлөө тулалдаж, амьдралаа зориулсан Ерөнхий сайдыгаа
буудаж хорооно гэдэг эмгэнэлтэй санагдсан юм. 
Тэр их сайн хүн байсан. Зургаан хоногийн дайн гэж байдаг юм. Тэр дайны баатар,
их олон тулаанд оролцсон хүн.

-Та Ариэль Шароныг Ерөнхий сайд
байх үед хоёр ч яамны сайд байсан. Ариэль бас цэргийн хүн. Хэр дотно байсан бэ?

-Бид
хоёрын амьдралын  түүх их адилхан.  Хоёулаа генерал, хоёулаа тариачин гаралтай. Би
түүнтэй адил ферм дээр төрж өссөн. Тийм болоод тэр байх их дотно байсан. Засгийн
газрын хурлын үеэр зурвас бичилцэж солилцоноо. 
“Манай үнээ тугалласан, гахай маань төчнөөн торой гаргасан” энэ тэр гээд
/инээв/.  Тухайн үед Газад еврейчүүд амьдарч
байсан юм. Тэр хэсгийг чөлөөлж арабуудад өгөх гэж байсан цаг.  Би тэр үед Ерөнхий сайдад “Ингэх нь  маш том алдаа болно. Хэрвээ тэр газрыг арабуудад
өгвөл арабууд тэнд буу зоогоод бидэн рүү эргүүлээд буудна” гэж хэлж байлаа. Гэвч
Ерөнхий сайд засаг тэргүүлж байгаа хүнийхээ хувьд шийдвэрээ гаргасан. Үүний дараа
би Засгийн газраас гарсан юм. Харамсалтай нь тэр үед миний хэлж байсан бүхэн үнэн
байсан. Тэр газар арабууд ирээд цэргийн баазаа байгуулсан. Тэнд байгаа хоёр том
гүрний энхийн хэлэлцээрийг болиулах юмыг ХАМАС-ууд хийгээд байна. Ариэль Шарон эх
оронч хүн байсан. Байлдагчийнхаа хувьд ч мундаг хүн байсан. Түүнийг Израйль даяараа
хүндэлдэг. 

-Хамгийн их тэвчээр шалгасан
тусгай ажиллагаа гэвэл та ямар үйл явдлыг онцлох вэ?

-Монголын
хууль тогтоомж л хамгийн хэцүү тусгай ажиллагаа маань болоод байна /инээв/. Сая
танд ярьсан Еом Киппурын тулаан хэцүү байсан. Эрчим хүчний сайдаар ажиллах үе ч
тэвчээр шалгасан он жилүүд байлаа. Израйлийн эрчим хүчний салбар  дөнгөж үүсч байх үед сайдаар ажиллаж таарсан юм.
Улсаа эрчим хүчний хараат байдлаас гаргахын тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг мөнгөө
оруулаач гэж урьж байсан үе. Хөрөнгө оруулагчид “Эфи чи намайг авраач. Энэ хүнд
суртал хөрөнгө оруулахад садаа болоод байна” гэж толгойгоо сэгсэрнэ. Тэр болгоныг
давахад хэцүү байсан шүү.

-Та сая Монголын хууль тогтоомж
хэцүү байна гэж ярилаа. “Жени ойл энд газ” занар дээр ажиллаж байгаа. Тэгэхээр занарын
салбарт ажиллахад хэцүү байна гэсэн үг үү?

-Энэ
асуултад хариулахын өмнө бага зэрэг оршил хэлье
гэж бодож байна. Дэлхийн хамгийн том шатдаг занарын ордууд Монголд байгаа  гэдэгт би итгэдэг. Өөр баялаг байгаа юм чинь ашиглахгүй
ч байсан болно гээд орхиж  болохгүй баялаг.
Ашиглаж байж л хөгжинө. Арван жилийн өмнө Израйльд эрчим хүчний салбар огт хөгжөөгүй
байсан.  Бүх шатахуунаа танай улс шиг гаднаас
авдаг байсан юм. Одоо байдал өөрчлөгдсөн. Израйльд өнөөдөр ч уламжлалт болон уламжлалт
бус газрын тосны эрчимтэй хайгуул хийгдэж байгаа. Засгийн газар гадаадын хөрөнгө
оруулагчийг урьж бодлогоо их ойлгомжтой явуулсан. Бодлогоо гаргаад боломжийг нээлттэй
орхисон. Зах зээл бүхнийг зохицуулсан гэсэн үг. Ингэж ажилласан учраас Израйлийн
эдийн засаг хөгжсөн. Манай, танай улсууд хүн ам цөөн гэдгээрээ адил талтай. Израйлийн
хувьд иргэд нь цөөхөн болохоор эрчим хүчний салбараас олох орлого айл бүрд мэдрэгдээд
ирсэн. Танай улсын хувьд ч ялгаагүй ийм эерэг нөлөө шууд мэдрэгдэнэ. Манай хөрш
Египет 100 сая хүнтэй. Тэр хэрээр хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн
ч иргэдэд нь мэдрэгдэх нөлөө бага.  Монголд
нөөц нь байна.  Бидэнд мөнгө, менежмэнт нь
байна. Амжилттай явах төсөл гэдэг нь эргэлзээгүй ч бэрхшээл их байгааг нуух юм алга.
Израйльд шугам сүлжээ, зам хоолой, боомт, далай гээд дэд бүтэц нь бэлэн байна. Үйлчлүүлэгч
ашиглагчийн хамгийн хол зай гэхэд л 40 км. Гэтэл Монголд эсрэгээрээ. Эрчим хүчний
дэд бүтэц байхгүй. Тийм хэр нь хууль тогтоомжоороо хязгаарлалт тавьдаг.  Манай ком­панийн хувьд Израйль, Америкт хүлээн
зөвшөөрсөн технологийг танай улсад санал болгож бай­гаа. Израйлийн сүүлийн үеийн
технологи, Америкийн санхүүгийн боломжийг Монголд авчрах гүүр нь болохдоо бид баяртай
байх болно. Манай нэг үйлдвэр Колорадод ажилладаг. Америкт нийцэхгүй байсан бол
Колорадод тийм үйлд­вэр ажиллахгүй шүү дээ.

-“Жени ойл” занараар нэлээд судалгаа
хийсэн. Одоогоор Монголд хэчнээн ам.долларын хөрөнгө оруулаад байна вэ?

-Хамгийн сайн геологич, менежерүүдийг цуглуулж цалинжуулаад  дөрвөн жил болж байна.  Зургаан сая ам.доллар зарлаа.  Шуудхан хэлэхэд өнгөрсөн жилүүдэд  явсан мөрөө харахад Монголыг хөгжүүлэх гэсэн бидний
хүсэл эрмэлзэл Монголын Засгийн газраас илүү байх шиг санагдах боллоо. Уг нь манай
компанийг амжилттай ажиллавал эрчим хүчний салбарт дараа дараагийн том компаниуд
орж ирнэ. Одоо бол тэд биднийг харж байна. Манай төсөл амжилттай хэрэгжээд явбал  Монголын хаалга нээлттэй байна гэдгийг бодитойгоор
ойлгоно. Үгүй бол хаалттай хэвээр байна гэж харна.

Танай улс эрчим хүчний салбараа орчин үеийн түвшинд хөгжүүлье
гэвэл олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тийм хэмжээний хөрөнгө оруулалтыг
татахын тулд төрийн бодлого нь тодорхой байх ёстой. Засгийн газар нь УИХ руугаа,
УИХ нь Засгийн газар руугаа зангаад асуудлыг шийдэхгүй удах нь сайн хэрэг биш. Дөрвөн
жил яг ийм байлаа. Бид энэ асуудлыг хөрөнгөө оруулчихаад сарын дараа биш, бүтэн
дөрвөн жилийн турш мөнгө зарцуулсны дараа хөндөж байгаа гэдгийг ойлгоорой. Монголын
төр бодлогоо тодорхой болгоё, цэгцэлье гэж байгаа нь зүй ёсны асуудал. Тэгэх ч учиртай.
Бид улс бүр хуультай, тэр хуулийг нь ёсчлон биелүүлэх ёстой гэдгийг мэддэг хариуцлагатай
ухамсартай компани. Чиг өгөхийг л хүлээгээд сууж байна.

-Уул уурхайн
сайдтай уулзсан гэж сонссон. Тодорхой мэдээлэл сонсч чадав уу?

-Уулзалт амжилттай болсон. Сайд нэлээд мэдээлэлтэй байна лээ.
Манай компанид дэвшил хэрэгтэй байна гэдгээ илэрхийллээ. Засгийн газар яамдаас занарын
талаар нэгдсэн мэдээлэл авах гэж  байгаа талаар
сайдаас сонслоо. Уул уурхайн сайд Д.Ганхуягаас гадна  ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгтэй их ач холбогдолтой
уулзалт хийсэн. Энэ асуудалд  Засгийн газар,
Ерөнхий сайд ач холбогдолд өгч анхааралтай хандаж байгаа гэж ойлголоо. Энэ уулзалтуудын
дараа итгэл төрсөн.

-Та өмнө
нь Монголд ирэхдээ Ерөнхийлөгчтэй уулзаж байсан гэсэн. Сая уулзав уу?

-Энэ удаа уулзаагүй. Хоёр жил хагасын өмнө ирэхдээ уулзсан.
Тэр үеэр манай төслийг их хэрэгтэй гэж үнэлж байсан. Танай Ерөнхийлөгчийг их мундаг
илтгэгч, сайн бичдэг уран бүтээлч гэж сонссон. Ерөнхийлөгч бол  ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Танай Ерөнхийлөгч  яг тийм хүн шиг санагдсан.

-Ерөнхий
сайд эдийн засгийн чуулган дээр Израйлийг технологиороо хөгжсөн жишиг улс гэж онцолсон.
Технологио ингэж хөгжүүлэхэд нөлөөлсөн гол шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Өнөөдөр танай УИХ-ын даргатай уулзлаа. З.Энхболд даргад хэлсэн
үгээ дахин хэлье. Технологио хөгжүүлсэн хоёр гол хөшүүрэг бидэнд байсан. Нэг нь
залуу хүний сониуч зан. Шинэ юм олж мэдье, нээе илрүүлье гэсэн зориг нөлөөлсөн.
Залуусын эрсдлээс айдаггүй чанар Израйлийг технологиороо алдаршихад нөлөөлсөн.  Нөгөө  хөшүүрэг
нь инноваци. Засгийн газар эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөөд залуу хүмүүстээ итгэж  бүх зүйлийг чөлөөтэй тавьсан. Юм хийхийг дэмждэг
Засгийн газар ажиллаж эхэлсэн. Израйлийн шинэ ард түмэн, шинэ улс орны гол нууц
энэ дээ.

-Монголд
ирээд тохиолдсон явдлуудаас сэтгэлд хоногшсон агшин нь юу байв?

-Хоёр хоногийн өмнө их сонин юм боллоо. Улаанбаатараас  хэдэн зуун км-ийн цаана байдаг шатдаг занарын
ордыг үзэх гэж явж байгаад хүн амьтангүй зэлүүд газар харанхуй шөнөөр шаварт суучихдаг
юм байна. Хүйтэн шөнө шаварт гутлаа алдчихлаа. Мундаг хүчтэй машин уначихаад хүйтэн
шөнө бүх хувцас нойтон яах ч аргагүй болох сонин юм билээ. Гэтэл тэр хавьд амьдардаг
хүмүүс туслахаар ирдэг байгаа. Оросын хуучин машинаар ирсэн тэр хүмүүс яаж туслах
вэ гэж ярилцаж байгаад бүсээ нийлүүлж татах юм боллоо. Бүс нь тасарсан л даа. Урагдаад
дууссан. Сүүлдээ нэг нь “Манай гэр ойрхон манайх руу очъё” гэлээ. Ойрхон гэсэн газар
нь 40 км. Уг нь манай улсад  бол хамгийн хол
зай гэж би танд түрүүн хэлсэн дээ. Тэгээд гэр рүү нь хөл нүцгэн явган алхлаа. Гэрт
нь очтол хөл угаах халуун ус бэлдэж өгч, цай хоолоор дайлаад яг л өөрийн хүн шиг
хүлээж авсан. Би цэргийн генерал. Олон жил цэргийн  майханд байлдааны нөхцөлд амьдарч байсан хүн.
Гэтэл Монголд их өөр орчныг мэдэрсэн.

Манай шашны эртний ном сударт ганцаараа явж байхад нь хэн
нэгэн тусалсан гэх мэт сайхан түүхүүд гардаг. 
Яг л тэр цагийн хүмүүсийн ойр дотно халуун дулаан харилцааг мэдрэх гайхалтай
байсан. Биднийг тэр малчин айлд унтаж байхад нэг настай хөгшин хөлөн
дээр хөнжил давхарлан хучиж өгсөн. Сэтгэл их хөдөлсөн. Ийм нандин уламжлалтай, нэг
нэгнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй,  гадны хүнд
гэрээ үргэлж нээлттэй байлгадаг иргэдтэй 
улс оронд  цаашдаа хөгжих маш их ирээдүй
бий. Тэр хөгжлийн нэг хэсэг байхсан гэсэн бодол төрсөн шүү.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Гоо сайханчид нүүр хувиргадаг болсонд эмзэглэдэг

-НҮҮР ХУВИРГАЛТ БОЛ НЭГ ХҮН ДЭЭР ЦОО ШИНЭ ӨӨР ХҮНИЙГ БИЙ
БОЛГОДОГ УРЛАГ-

Монголын уран сайхны олон сайхан
кинонд нүүр хувир­гагчаар
ажиллаж үзэгч­­­дийн сэтгэлд хоногш­сон олон дүрийг “зурсан” киноны нүүр
ху­вир­гагч  Д.Дагир­маа­тай ярилцлаа. Тэрээр одоо СУИС-ийн
Радио теле­визийн сургуулийн нүүр хувиргалтын багшаар ажил­лаж байгаа
аж. 

-Нүүр хувиргалтыг манайд хэзээнээс хийж эхэлсэн бол. Шороотын
Цэвээнээс хойш уу, эсвэл түүнээс өмнө үү?

-1921
оны үед “Улаан гэр” байгуулагдахад манайд тайзны урлаг бий болсон. Тэр
үеэс л бүх
дүрд тохирсон нүүр хувиргалт хийх шаардлага гарч ирсэн л дээ. Найруулагч
зохиолын
дагуу жүжигчдээ сонгодог. Жүжигчин зохиолын дагуу дүрээ гаргана. Дүр
бүтээж байгаа
жүжигчнийг үзэгчдэд гадна талаас нь харуулахын тулд  нүүр хувиргагч
ажилладаг. Энэ ажлыг  нүүр хувиргагч гэж тусдаа  мэргэжил эзэмшсэн
хүмүүс хийдэг. 

-Та анх ямар кинонд нүүр хувиргаж байсан бэ?

-Би
мэргэжлээрээ 37 жил ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл өөрийгөө  суралцсаар яваа гэж боддог. Кино үйлдвэрт ороод
ажилласан  анхны кино маань  “Суварган цэнхэр уулс” байсан. “Суварган цэнхэр
уулс” киног уг нь  түрүү жил нь хийсэн байсан
юм.  Хүйтрээд түр зогсоод  зун нь дахиад зурганд явахад би нүүр хувиргагчаар
явж байлаа. Азтай тохиол болсон.

-Хэчнээн кинонд нүүр хувиргагчаар ажилласан бэ?

-Тоолж
үзээгүй юм байна шүү. “Суварган цэнхэр уулс”-ы дараа Жигжид гуайн “Өнөр бүл”, Дагнаадорж
гуайн “Хүний сайхан сэтгэл”, Бунтар гуайн “Ирж яваа цаг”, “Галын үр сад” гээд хоёр
гурван кинонд хамтарч ажилласан. Сэлэнгэсайханы “Илүү сартай зун”-д бас нүүр хувиргасан.
Балжинням гуайн “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай сэцэн хатан” кинонууд, Доржпаламын
“Мөнгөн буйл” гээд яривал олон кино бий.

-Таны ажилласан киноноос хамгийн урт хугацаанд үргэлжилсэн
нь ямар кино вэ?

-“Мөнх
тэнгэрийн хүчин дор”, “Мандухай цэцэн хатан” кино хамгийн урт үргэлжилсэн. Уртдаа
хоёр, гурван сар болно л доо. Хамгийн доод хугацаа нь гэхэд л сар гарна. Дараагийн
кино үргэлжилбэл шууд явах тохиолдол ч гардаг байлаа.  Бүтэн жилийн хугацаанд гэртээ байсан нь цөөхөн
дөө.

-Түүхэн кинонд нүүр хувиргагчаар ажиллахад ажиллагаа их байдаг
уу?

-Тэгэлгүй
яахав. Сахал, хиймэл үснээс эхлээд хийх юм ихтэй. Парик, сахал гэхэд л тухайн үеийнх
нь онцлогийг гаргаж хийнэ. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд л гэхэд  Чингисийн үед амьдрал ямар байсан, Хуагчин ямар
дүр төрхтэй хүн байсан, Чингис хаан ямар сахал үстэй, ямар характертай хүн бэ гэдгийг
зураачид судлаад гаргачихсан байдаг. Тэр бүрт тааруулж  нүүр хувиргалт хийнэ. Тухайн нийгэм, цаг үеийг
гаргахын тулд  судалгаа их хийнэ. Жишээ нь
наяад оны үйл явдал өрнөж буй киног хийхийн тулд тухайн үеийн үс самналт ямар байсан,
хүүхнүүдийнх нь нүүр будалтын онцлог, уруулаа ямар өнгөөр буддаг байсныг нь хүртэл
судална. Жараад онд гэхэд л хүүхнүүд нүдний төгсгөлөөс дээшээ татах маягаар нүдээ
буддаг байсныг мэдэж байж л нүүр хувиргана. 

-Будгаа хаанаас яаж бэлддэг вэ. Тусдаа зориулалтын будаг гэж
байх уу?

-Мэргэжлийн
будаг гэж байдаг юм. Одоогийн зургийнхан өтгөрүүлсэн шавар шиг крем ашиглаад байгаа
харагддаг. Үндсэн суурь нь 21, 22, 23 гээд байдаг. Уг нь бол тийм биш. Сууринд л
гэхэд маш олон төрлийн номертэй өнгөнүүд байдаг. Нэг хүний арьсан дээр маш олон
өнгийн арьс бий. Хацар нь улаан, шанаа нь шар, дух нь бор тэр бүгдийг өөрөөр будаж
байж жигдхэн нэг өнгө болгоно. Зураач цаасыг жигдхэн талбайтай болгож байж зургаа
зурдагтай л адил.

-Зураач гэснээс нүүр хувиргагчид зургийн авьяастай байж үзэгчдийн
сэтгэлд хүрсэн дүрүүдийг “урладаг” байх?

-Өнгө
гэрэл, сүүдрээ ялгаж хардаг зургийн ур чадвартай хүн нүүр хувиргагчаар ажиллана
л даа. Нүүр хувиргагч гэдэг бол нэг хүн дээр бас нэг өөр хүн бий болгодог урлаг.
Авъяастай байж л  тэр дүрийг гаднах төрх талаас
нь бүтээнэ.  Тэгж байж зохиолд өгсөн дүрийг
амилуулна. Жүжигчин Төмөрбаатар, Сүххуяг хоёртой  нэг кинон дээр ажиллалаа гэхэд дараагийн  уран бүтээл дээр тэднийг  өөрөөр 
гаргах ёстой. Үүн дээр л нүүр хувиргагчийн ур чадвар  гарч ирдэг. Жүжигчид тоглох дүрийнхээ судалгааг
хийсэн байдаг шиг нүүр хувиргагчид  бас дүрийн
судалгаа хийж жүжигчиндээ ямар будалт тохирохыг 
мэдэрч ажилладаг. Нэг мэнгэ хийх үү, үрчлээ гаргах уу гэдэг хүртэл  тухайн хүний характераас шалтгаална. Жаргалсайхан
Чингисийн дүрд тоглохдоо Хасараараа тоглож болохгүй шүү дээ.  Нэг жүжигчинтэй хоёр, гурван кинонд дараалаад
ажиллалаа гэхэд зан чанарт нь  тохируулж дүрийг
нь хувиргаж,  дотоод сэтгэлийг гадаад төрхөнд
нь гаргаж өгөх ёстой. Тэгж байж л жүжигчин урьд дүрээсээ зугтаж, өмнөх дүрээсээ  ялгаатай болдог. Нүүр хувиргагч сайн байх нь ур
чадвар л даа. Найруулагч сайн байгаад, жүжигчин сайн байсан ч дүрийн  гадаад үзэмж хүнд наалдахгүй бол тохиромжгүй харагдана.
Тэгэхээр нүүр хувиргагч дүрээ харж, мэдэрч дотор нь орох ёстой.

-Жишээ нь та дүрийн судалгааг яаж хийдэг вэ?

-Нэг
бүсгүй кинон дээр залуу, хөгшин, өвдсөн, сүүлдээ нас эцэслэж байгаагаар гарлаа гэхэд
тэр бүхнийг нь гадаад төрхөөр нь харуулах ёстой. Үхэж байгаа хүний арьсны өнгө ямар
байх вэ гэдгээс эхлээд л судалгаа хэрэгтэй. Би нас барсан хүн дээр очоод салах ёс
хийхдээ ч өөрийн эрхгүй арьсны өнгө нь ямар байна гэж хардаг зуршилтай болчихсон.
Зарим нь зүгээр унтаж байгаа юм шиг арьстай байна. Хордож үхсэн хүний арьс гэхэд
ямар өнгөтэй болдгийг ажна. Хүний мууд дурлаад хараад байгаа хэрэг биш л дээ. Зүгээр
байж байсан хүнд хор өгөөд алчихсан бол тэр хүний арьс ямар байх ёстой юм гэдгийг
нүүр хувиргагчид мэддэг байх ёстой. Гадаадын кино үзэж байсан ч арьсны өнгийг нь
харна. Тэд ч бас алдаа гаргасан байдаг. Сүүлийн үеийн солонгос киног үзэхээр  будаг л харагдаад байх юм. Уул нь тэр дүр, хүн
л харагдах хэрэгтэй.

-Та дууны клипэнд нүүр хувиргаж байсан уу?

-“Номин
талст” хамтлагийн Батсүхийн хоёр ангитай клипний будалтыг би хийсэн юм. Хоёрдугаар
ангидаа гол дүрийн бүсгүй гоо сайхны хагалгаанд ороод гарч ирдэг. Тэр болгоныг би
гэмтлийн эмч нараас асууж хийдэг, голдуу гарах өнгийг нь сонирхдог юм. Тархины гэмтэлтэй
хүн нүд нь чернилин ягаан өнгөтэй болдог гэсэн. Мэдээж бас  давхраа хийлгэсэн хүн чинь зүсэлт хийсэн учраас
өнгө нь хувираад хөх болно. Тэгж будсан будалтыг маань сүүлд “Х түц”-ийнхэн нүдээ
хар хөх болгоод дуурайсан байна лээ. Хошигноод байгаа юм уу, яагаад юм ойлгоогүй
л дээ. Урлагийнхан нүүр хувиргах урлагийг ойлгодог л байх хэрэгтэй.

-Кино үзэж байхад сорвийг жинхэнэ мэт гаргасан байдаг. Сорвийг
яг  яаж гаргадаг вэ?

-Сорви
дотроо олон янз л даа. Сорви байх уу, шарх байх уу гээд. Дэлгэц дүүрэн цус гаргаад
байх нь сонин уу, үгүй юу, ямар кино вэ гэдгээсээ бас шалтгаална. Яг яаж хийхийг
найруулагчтайгаа ярьж байж  нүүр будалтаа
хийнэ. Найруулагч аль өнцгөөр харж байгаагаас 
болно. Зарим нь цус гаргамааргүй байна гээд үхэжсэн сорви гаргах үе ч бий.
Сорвийг энгийнээр хэлбэл резинэн маск тавиад уусгаж будаж гаргадаг юм.

-Кинон дээр залуу хүнийг 
хөгшин болгож,  хөгшин хүнийг залуу
болгосон байдаг. Хорьтой залууг жартай хөгшин болгох тохиолдол гарч байсан уу?

-Тийм
тохиолдол гаралгүй яахав. “Хүний хүү”-гийн нэг залуу бий. Дөнгөж 30-тай хүнийг
60 гаруй насны хөгшин болгож байлаа. Бөртэ хатны дүрд тоглосон 20 гаруй настай бүсгүйг
60 гаруй  настай болгосон тохиолдол бий.
“Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Чилүгэний дүрийг гаргасан Сүххуягийг хувиргах
бас л хэцүүхэн байсан. Сүххуяг өөрөө нүд нь гэрэлтсэн их цогтой хүн. Тэр нүдний
галыг бууруулах гэж будалтан дээрээ анхаарна. Бас өөрөө сайн жүжигчин учир түүнийг
дарах зэргээр хамтарч ажиллана шүү дээ. 

-Тайзны нүүр будалт, киноны нүүр будалт ялгаатай юу?

-Будалтын
хувьд ялгаа бий. Киноны будалт хальсан дээр буух учир будсан ч будаагүй юм шиг яг
төрөлхөөрөө мэт байх ёстой. Үзэгчдэд хүрэх орон зайн хувьд ч өөр. Тайзных бол  эхний суудлаас арын суудал хүртэл харагдахаар
хэмжээнд байх ёстой. Тиймээс дэлгэцийг бодоход арай гүн зузаан будах ёстой. Эрдэнэтэд
очиж хоёр, гурван жүжигт  ажиллаж үзсэн. Үнэхээр
гоё бодитой, тосон будгийн зураг шиг буддаг юм билээ.Төмөрбаатар, Гоош гуай хоёр
очсон байсан юм. Төмөрөө миний будалтыг “Ёстой сайхан болсон байна” гэж хэлэхэд
их урамшсан. Гоош ах чинь их мундаг зураач. “Гайгүй болжээ” гэхээр нь баярласан
гэж жигтэйхэн.  Хорхойсмоор санагдсан. Тайзан
дээр ажиллаж сурахаар дэлгэцийн урлагаас хөндийрч магадгүй санагдсан. Харагдах талаасаа
чамлаад байдаг юм билээ. Жишээ нь, Драмын театрынхан кинонд ирээд тоглохоор энийгээ
тод хийгээч гээд байдаг.

-Таныхаар гадны киноны нүүр хувиргалтын тэр л их аятайхан
хувиргасан, онцгой ч юм уу гэж бодсон дүр байдаг уу?

-“The
Curious Case of Benjamin Button” гээд кино бий. Анх төрөхдөө хөгшин хүн байж байгаад
том болох тусмаа залуу болоод байдаг. Тэрний гүйцэтгэл нь их сайн. Хөгшрөлт л байгаагаас
хойш резинэн маск хэрэглэсэн байх. Нүүр хувиргагч нь ур чадвартай байна даа гэж
бодож суусан. Бас “Аватар” их сонирхолтой санагдсан. Мэдээж компьютерийн аргаар
хийсэн байх л даа.

-Тохиромжгүй будалт хийвэл ямар харагдах бол. Жүжигчин нь
дүрээ аваад явахгүй гэж үү?

-Гоо
сайханчид киноны нүүр хувиргагч гээд яваад байх юм. Энэ хоёр чинь их өөр.  Нүүр хувиргагч чинь тусдаа мэргэжил. Өөрөө сонирхдог
байж болно. Суралцаад, чаддаг болчихоод хийх ёстой. Хойч үе минь зөв бэлтгэгдээсэй
л гэж бодож байна. Найруулагч, зураглаачид 
ч мэдрэмж алга. Буруу будалт хийх нь их муухай харагддаг. Чадварлаг жүжигчин
аваад явна л даа. Гэхдээ хөдөөний охин ч юм уу, дээр үеийн хүүхэнд орчин үеийн будалт
хийж нүдийг нь олон өнгөөр солонгоруулж будаад, хөмсгийг нь тодруулж,  уруулыг нь час улаанаар будчихаад саалийн хувин
бариулаад алхуулахаар ямар харагдах вэ.  Тэгсэн
хэрнээ энгэр заам нь хир даг болчихсон дээлтэй. Энэ л киноны утгыг эвдээд хаячихдаг.
Тэнд ажиллаж байгаа зураач, зураглаач, найруулагч, ахуйг бэлдэж байгаа зураач гээд
бүх хүний ажлыг балладаг. Гэхдээ дан ганц нүүр хувиргагчид буруу өгөх аргагүй зүйл
ажиглагдаж байна. Жүжигчид нь би хөөрхөн гаръя гэж бодоод байх шиг байна. Хөөрхөн
юманд хууртаж болохгүй. Дүр буюу хүн л гарах ёстой.

-Сүүлийн үед нүүр хувиргагчаар дандаа гоо сайханчид ажиллаад
байгаа гэж ойлгож болох уу?

 -Тэгж ойлгож болно.  Гоо сайханчид нүүр хувиргагч юу хийх ёстой вэ,
ямар зорилготой вэ гэдгийг мэдрэхгүйгээр ажиллаж болохгүй л дээ. Гэтэл өнөөдөр зөвхөн
мөнгөний төлөө л ажиллаж байна. Нүүр хувиргагчид мэргэжлийн үнэмлэхтэй байдаг. Бид
шалгалт өгөөд нэг, хоёр, гуравдугаар зэрэг аваад мастер болдог юм. Монгол кинонд
ажиллаж байсан, драмд ажиллаж байгаа хүмүүс 
зэрэглэлээ авах гэж их хичээдэг. Хичээж ажилласаар ирсэн. Тэр их хөдөлмөрийг
зүгээр нэг пудр тавиад болчихдог гэж бодвол том андуурал. Киног тэгж доош нь хийж
болохгүй. Нэг зураас тэгшхэн зурж чадахгүй, өнгө ч ялгахгүй, хоёр өнгө холиод нэг
өнгө гаргаж чадахгүй хүмүүс нүүр хувиргаж энэ мэргэжлийн үнэ цэнэ, нэр хүндийг гутааж
байгаад эмзэглэдэг.

-Та хэддүгээр зэрэгтэй вэ?

-Би
гуравдугаар зэрэгтэй. Зэрэг нэмэхэд тодорхой хэмжээний цаг хэрэгтэй. Мэргэжлийн
шалгалт авна. Би 12 жил ажиллахад үсрээд 15,16 кинонд л ажилласан. Кино үйлдвэр
жилд долоо, найман кино гаргадаг байсан. Он дамнаад хийхээр 10-аад кино гаргана.
Кино бүрд би ажиллахгүй. Жилд хоёр, гурван кинонд л ажиллаж амждаг байсан гэхээр
нүүр хувиргагч хэр хөлс хүч шаардсан хөдөлмөр гэдэг нь ойлгомжтой болох байх. 

-Нэг кинонд ганц нүүр хувиргагч ажилладаг уу, эсвэл…?

-Киноны
даацаас шалтгаална. Хоёр, гурав, бүр дөрвөн хүн ч ажиллах үе гарна.

-Танай гэр бүлээс урлагийн хүн бий юу?

-Манайх
гэр бүлээрээ урлагийнхан. Аав зураач. Ээж сайхан дуулдаг, гайхалтай
уран  хүн байсан. Том ах маань 1968 онд телевиз үүсэхэд  тулгын чулууг
нь тавилцсан. Нямсүрэн гэж хүн бий.
Бага ах маань инженер мэргэжилтэй хэрнээ их сайхан дуулна. Эгч маань
надтай адилхан
нүүр хувиргагч.  Бадамцэрэн гэдэг юм. Аавынхаа
“Хүн чамайг магтвал хөөрөх биш өөрийнхөө алдааг олж хар. Дараагийн удаа
алдахгүй
л байх ёстой” гэсэн үгийг амьдралынхаа зарчмаа болгож ирсэн. Аавын минь
тэр үгийн
гол утга нь чанараас чанарт том философи байсныг ухаарсан. Би  хоёр
хүүтэй. Хоёулаа хуульчид. Хуульчид хэрнээ
“Star fish” гээд амьд хөгжмийн хамтлагтай. 
Нэг нь бөмбөр, нэг нь басс гитар тоглодог.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
редакцийн-нийтлэл

“Гудамж” төсөл хэвийн үргэлжилж байна гэв

-“100 АЙЛ” БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАХЫН УУЛЗВАРЫГ БҮХ
ЧИГЛЭЛДЭЭ СААДГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОЖ ӨРГӨТГӨН
ШИНЭЧЛЭХ АЖ-

“Гудамж”
төслийн хүрээнд энэ онд Улаан­баатар хотод хийгдэхээр төлөвлөгдсөн бүтээн
бай­гуулалтын ажлыг та­нилцуулж байна. Одоо­гоор Туул голын хойд эрэг дагуух
Баянзүрхийн товчооноос Улаанбаатар хотын баруун зах хүртлэх 33 км үргэлжлэх
хурдны замын ажлын техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ болон
нарийвчилсан ажлын төлөвлөгөөг гэрээ ёсоор ирэх зургадугаар сарын хорин гэхэд
бэ­лэн болох учраас зам ба­рилгын бэлтгэл ажил хийгдэж байгаа гэнэ. Харин Сэлбэ
гол дагуух босоо тэнхлэгийн хурдны замын техник эдийн засгийн үндэслэл, байгаль
орчны үнэлгээ нь гарсан бол нарийвчилсан ажлын төлөвлөгөө нь хараахан бэлэн
болоогүй байна. 

“Гудамж”
төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд эхний ээлжинд хийгдэх ажлууд тодорхой
болжээ. Одоогоор 100 айл, III, IV хорооллын ахуйн үйлчилгээний урд талын болон
“Цэцэг” төвийн уулзваруудын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн
зураг төсөл нь бэлэн болжээ. Ахуйн үйлчилгээний урдах дөрвөн замын буюу
Энэбишийн хөшөөтэй тойргийн хөдөлгөөнийг зөв зохион байгуулалттай болгон,
инженерийн шугам сүлжээний хамт цогцоор нь өргөтгөн шинэчлэх юм. Тусгай
хамгаалалтын газартай зөвшилцсөний дагуу 20 метр газар олгож, Ерөнхийлөгчийн
өвлийн ордны хашаан дундуур нэгдүгээр сургуулийн хажуугаар гарч, Сөүлийн
гудамжтай холбогдох гурван эгнээтэй 0.45 км автозамыг шинээр байгуулахаар
болгожээ. Ингэснээр “Цэцэг” төвийн баруун урд талын гурван замын уулзвар нь
дөрвөн замын уулзвар болох аж. Энэ уулзвар нээгдсэнээр Төв шуудангийн өмнөх
уулзварын ачаалал эрс багасах тооцоо гарчээ.

Мөн
“100 айл” барил­гын материалын захын уулзварыг бүх чиглэлдээ саадгүй зорчих
боломжтой дөрвөн замын уулзвар болгож өргөтгөн шинэчлэх аж. Яармагийн гүүрний
хойд хэсгээс ТЭЦ-3-ын баруун талаар Ажилчны гудамжтай нийлэх 1.5 км сайжруулсан
авто замыг хатуу хучилттай болгоно. Ингэснээр Гурвалжингийн гүүр даваад Говийн
замаар орж, Ажилчдын гудмаар буюу багагүй тойрдог байсан бол Яармагийн гүүрнээс
Гурвалжингийн гүүрний урд замтай шууд нийлнэ.

Өнөр
хорооллын зүүн хойд уулзвараас зүүн тийш үерийн даланг дагасан аравдугаар
хорооллын уулзвар хүртэлх 1.44 км замыг тавихаар төлөвлөжээ. Өнөр хорооллын
арын замыг 21 дүгээр хорооллын замтай холбох нэг км замын ажлыг энэ ондоо хийх
аж.

“Монос”-ын
уулзва­раас Нисэх-Яармагийн уулзвар хүртэлх 5.5 км хүнд даацын дөрвөн эгнээ
авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил энэ ондоо үргэлжлүүлэн дуусгахаар болжээ.
Өнгөрсөн онд Яармагийн гүүрнээс ТЭЦ-3-ын баруун талаар Ажилчны гудамжтай нийлэх
1.5 км авто замыг сайжруулсан бол энэ жил хатуу хучилттай болгохоор төлөвлөжээ.
Удирлагын академийн замыг “Japan town”-ий замтай холбохын тулд зүүн тийш сэтлэн
0.74 км үргэлжлүүлэх гэнэ. Ингэснээр “Japan town”-ий өмнөх замаар Удирдлагын
академийн хажуугаар гаран “Оргил” рашаан сувиллын уулзвартай нийлэх боломжтой.
Мөн Шар хадны эцэс-Улиастайн гүүртэй холбогдох шинэ гүүр бүхий нийт таван км
авто замыг тавих гэнэ.

Түүнчлэн
газар чө­лөөлөлтийнх нь асуудлыг шийдвэрлэчих юм бол Халдвартын эцсийн
автобусны буудлаас зүүн тийш “Нарантуул” захын араар чигээрээ явсаар Чулуун
овооны уулзвар хүртэлх 2.4 км зам тавихад бэлэн байгаа гэдгээ төслийнхөн
дуулгаж байсан юм.

“Гудамж”
төслийн Хотын дэд төв төслийн захирал Б.Балболд “Төслийн хүрээнд энэ ондоо
нийслэлд хийгдэх ажлуудын хувьд санхүүжилтийн хувьд ямар нэгэн хүндрэл
бэрхшээлгүй. Төслийн өртгийг өнгөрсөн онд 200 сая ам.доллараар баталснаас 30
сая орчим долларыг нь бүтээн байгуулалтад зар­цуулчихсан. Үлдсэн 170 орчим сая
ам.доллараар бусад салбарт хөрөнгө оруулалт хийчихээгүй. Хэвээрээ байж л
бай­гаа. Харин Туулын хурдны замын төслийн санхүүжилтийг тусад нь хийж байгаа.
Зургадугаар сард зураг төсөл нь бэлэн болохоор зам барилгын ажил нь эхэлнэ.
“Гудамж” төслийг орон нутагт хэрэгжүүлэх тухайд Засгийн газрын тогтоол
гарсантай холбогдуулан Улаанбаатар хотод хийх ажлаа төлөвлөсөн. Одоогоор хөдөө
орон нутагт хийгдэх ажлууд нь тодорхой болоогүй. “Гудамж” төслийн хүрээнд
хийгдэх багц ажлууд нь аль хэдийн тодорхой болсон. Өөрөөр хэлбэл 200 сая
ам.доллараар юу хийх нь тодорхой, харин хэзээ хийхийгээ шийдэх нь л бидний гол
үүрэг. Мэдээж эхний ээлжинд хотын төвийн ачаалал ихтэй уулзваруудаа шинэчлэх,
шинээр зам тавих ажилдаа анхаарлаа хандуулж байна. Түүнээс биш улс орны санхүү
эдийн засгийн байдал хүндхэн байгаа учраас “Гудамж” төслийн санхүүжилтээр
хийгдэх ажлууд багассан зүйл огт байхгүй. Тэгээд ч төсөл хэрэгжүүлэгч компаниуд
ихэнхдээ өөрсдийн санхүүжилтээр ажлаа эхлүүлэх санхүүгийн боломжтой байдаг учраас
хугацаа хэмнэх давуу талтай” гэсэн юм.  

М.УУГАН-ЭРДЭНЭ