Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2014 оны “Онцлох Монгол хүүхэд”-ийг тодруулахад 33 хүүхдийн тодорхойлолт ирснээс 9 хүүхдийг шалгаруулжээ. Шинэ бүтээл, хүмүүнлэгийн үйлс, экологи, эрэмгий мэргэн, оюунлаг, амьдрах ухааны санаачилгаараа үеийнхнээ манлайлсан оны онцлох хүүхдүүдэд Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч.Сайханбилэг шагнал гардуулж, баяр хүргэж үг хэлэхдээ,
-Бидний өвөг дээдэс үр хүүхдийнхээ хөгжил, төлөвшилд “Харц мэт дагуул, хань мэт зөвлө” гэдэг үзэл баримтлалаар хандаж ирсэн. Та бүгдийн аав, ээж, гэр бүлийнхэн энэ үүргээ сайн биелүүлж, өнөөдөр та нараар бахархаж байгаа. Үе тэнгийн найзууд чинь та нараас үлгэр дууриал аваг. Эрч хүч, оюун санаа, үйлс бүтээл тань шийдэл болж дэлгэрэг, Та бүхэн Монгол Улсынхаа хөгжлийн төлөө түүчээлэх эзэд нь болно” гэлээ.
2014 оны “Онцлох Монгол хүүхэд” шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нар байлцлаа.
Онцлох хүүхдүүдийг төлөөлж, Баян-Очирын Ёндонжамц үг хэллээ. Тэрбээр 16 настай, TV9 телевизийн дэргэдэх “Лоолойгийн найзууд” хүүхдийн клубийн гишүүн, Гандан хийдэд шавилан суудаг. Тус клубийнхэн “Адтай жаалууд”, “Ханхүү нь аль нь вэ?”, “Алсын удирдлага” хүүхдийн кино найруулж, өөрсдөө дүрээ бүтээсэн. БНСУ, Япон улсад болсон олон улсын кино наадамд бүтээлээрээ оролцож Гран-При шагнал хүртжээ.
Б.Ёндонжамц “Лоолойгийн найзууд” клубийнхээ гишүүдийг төлөөлөн Монголын есөн шилдэг хүүхдийн нэг болсондоо баяртай байна. Хүүхэд бүр хүсэл мөрөөдөлтэй. Түүндээ хүрэх авъяас чадвартай. Бидний авъяасыг нээн илрүүлж, хөгжүүлдэг хүмүүс бол аав ээж, багш нар минь юм. Аав, ээждээ, багш нартаа баярлалаа. Манай “Лоолойгийн найзууд” нэвтрүүлэг үзэгчдэд хүрээд 9 жил болж байна. Энэ хугацаанд бид “Адтай жаалууд” гэж таван цуврал буюу нийт 225 ангит кино хийж, Монголынхоо хүүхэд, багачууд найз нартаа үзүүллээ. Энэчлэн бидний хийсэн ажил олон бий гэж хэллээ.
“2014 оны Онцлох хүүхэд”-ээр,
1. “Уран нүүдэлч хүүхэд”-ээр: Даваахүүгийн Мөнхзул Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, өсвөрийн шатарчдын рапид төрлийн Ази тивийн аварга – Нийслэлийн 33 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагч
2. “Хүмүүнлэг хүүхэд”-ээр: Цэрэндондовын Ухаанзаяа Хэнтий аймгийн 1 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн сурагч
3. “Эко хүүхэд”-ээр: Зоригтбаатарын Буянхишиг Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч
4. “Оюунлаг-талст хүүхэд”-ээр: Адъяасүрэнгийн Анударь Гетё сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
5. “Эрэмгий хүүхэд”-ээр: Чогдонгийн Бямбажав Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сургуулийн 6 дугаар ангийн сурагч
6. “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр: Нармандахын Алтантулга Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч
7. “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр: Батчулууны Санчирнаран Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач, Дархан-Уул аймгийн “Наран” сургуулийн 10 дугаар ангийн сурагч
8. “Зөв монгол хүүхэд”-ээр: Дуламсүрэнгийн Мягмарсүрэн Биеийн тамирын дээд сургуулийн 1-р курсийн оюутан
9. “Хүүхдийн шилдэг бүтээл”-ээр: Баян-Очирын Ёндонжамц TV9 телевизийн дэргэдэх “Лоолойгийн найзууд” клубийн гишүүн нар шалгарлаа.