Categories
редакцийн-нийтлэл

ФРАКЦУУД буюу УЛС ТӨР

Сонгууль ч дөхөж байгааг хэлэх үү, улстөрчдийн идэвх сэргэжээ. Наашаа харж нахилзаж, цаашаа харж тонголзоод, үг хэлэх нь  ол­ширч, үйл явдал өрнүүлээд эхэлж байгаа нь сонгууль ойртсоны дохио гэлтэй.

Засгийн газар огцорно гэнэ, огцрохгүй гэнэ, Огцруулна, огцруу­лахгүй гэнэ. Ямар ч байсан иймэр­хүү үйл явдалд гайхаад байх хэ­рэггүй болж. Хэнийг ч засаг толгойлж байхад болж л байдаг процесс. Одоо бол Засгийн газрыг огцруулах гэсэн хүсэлтэй АН-ын ч,  МАН-ын ч нөхдүүд олон  байна. Үр дүнд хүрэх эсэхийг хэн мэдэхэв. Улс төрийн энэ үйл явдлуудтай уял­дуулж фракцууд ямар  байр суурь­тай байгаа хийгээд үйл явдал хэрхэн өрнөж байгаа талаар хүргэе.

Ардчилсан нам Ардын намаас олон фракц бүлэглэлтэй. Гэвч албан ёсоор фракц гэдгээ зарла­сан нь  цөөхөн.  Ардын намд албан ёсны фракц зарлагдаагүй ч, бай­даг гэдэг нь хэний ч мэдэх хэрэг. Мэдээж аль аль нь өөр өөрийн эрх ашгийн төлөө хуйвалдахдаа хуйвал­даж, хэлэлцэхдээ хэлэлцдэг.  Хэн нь Засгийн газарт их суудал авсан, хэн нь УИХ-д олон кноптой гэдгээсээ илүү намынхаа ҮЗХ, Бага хуралд хэр олон хүнтэй гэдэг нь эхний том шалгуур үнэлгээ болно.  Ардчилсан намын анхны парти­зануудаас гаралтай, бас анхны, хүчтэй, томоохон фракц нь яах аргагүй МоАХ. Үргэлж ганц мар­шал­тай,  баахан явган цэргүүдтэй явж ирсэн. Өмд гутал, бакал нь цоорхой ч байсан хамаагүй явган цэргүүд нь урвашгүй үнэнч гэд­гээрээ сайн талтай. Нэг үгээр хэл­бэл, боловсон хүчин хомс. Харин чөлөөнд гарсан баахан хуран­даатай. Цагаандарийн Энхтүвшин, Билэгт гээд л хөвөрнө. Хэдэн гайгүй хурандаа, генерал байсан ч түү­нийгээ өөд нь татаж гаргаж ирж чадаагүй. МоАХ фракцын хувьд ганц  нэг Дандар баатар шиг нөхөд байдаг ч тэднийгээ хэлмэгдлээр шоронд хийчихэж мэдэх талтай. Багийн тоглолт төдийлөн хийгээд байдаггүй. Зөвхөн удирдагчдын жолоо хэрхэн залж байгаагаас л бүх зүйл хамаардаг. Х.Баттулга одоо энэ фракцыг толгойлж байгаа бөгөөд өмнө нь Ц.Элбэгдорж мар­шал нь байсан. Халааг нь авсан маршал болох Х.Баттулга  улс төрд гол тоглолт хийдэг, хүчтэй лиде­рийн хувьд намынхаа ч,  Монголын улс төрд ч голлох үүрэгтэй нэгэн. Тэрээр ҮЗХ-д ч хэрхэн тоглолт хийснээс их зүйл хамаарна. Нэг үгээр хэлбэл, тэрээр Монголын улс төрийн хаашаа явахад нөлөөтэй нэгэн. Түүний нэрээр фракц нь ч дагаж хүчтэй харагддаг. Одоогийн байдлаар Хамтарсан Засгийн газрын хувь заяа ч түүний шийд­вэрээс ихээхэн хамааралтай гэж улс төр судлаачид харж байна.

АЛТАН ГАДАС

Н.Алтанхуягаар удирдуулсан “Алтан гадас” нь эв нэгдэл сайтай. Тодорч гарсан лидер гэхээр хүн нь фракцын ахлагчийг эс тооцвол бараг үгүй. Гэхдээ нэлээд хэдэн генералтай гэж болох юм. Анх Соцдекээс уламжлалтай энэ фрак­цыг ч Увсынхны бүлэглэл гэж тодотгох нь бий. Энэ фракцыг  олон офицертой гэж хэлж болох юм. Тиймээс өрсөлдөгч намуу­дынхаа Увсаас гаралтай томоохон лидерүүдтэй тохиролцож улс төр хийдэг гэлцдэг. Ямар ч байсан өнөөдөр Засгийн газарт шадар сайд, сангийн сайдтай учир хүчир­хэг фракц. Гол хорыг эдний фракц мөн найруулж ирэх сонгуулийн өнгийг тодорхойлно. “Алтан га­дас”-ын одоо барьж буй бодлого бол Засгийн газраас гарахгүйгээр сон­гуультай  золгох хүсэлтэй байгаа аж.

МҮДН

Албан ёсоор зарлагдаагүй фракц боловч хүлээн зөвшөө­рөгдсөн. Армиар бол хангалтын албанд ар талд зогсдог гэж хэлж болох юм. дайнд оролцдоггүй ч ялалтын үр шимийг ч, ялагдлын ашгийг ч яаж ийж байгаад хүртдэг. Ардчилсан намын генсек Д.Эр­дэнэ­бат, УИХ-ын гишүүн Н.Бат­баяр, Лу.Гантөмөр, Ц.Баярсайхан, Зоригт, гээд жагсана. Төдийлөн идэвхтэй биш ч ямар нэг улс төрийн акц явагдсаны дараа яаж ийж байгаа юмтай хоцордог.

АРДЧИЛСАН ХҮЧНИЙ ХОЛБОО

З.Энхболдоор удирдуулсан Ардчилсан хүчний холбоо нэлээд сүүлд бий болсон ч урд ургасан эврээс сүүлд ургасан чих урт гэдэг шиг  нэлээд хүч түрэн орж ирсэн. Яах аргагүй Ардчилсан намын лидерийн нэг З.Энхболдыг яалт ч үгүй маршал гэж хэлэх байна.    

НЭГ  АРДЧИЛАЛ

Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин на­рын залуусын фракц. Эхэндээ ах нарынхаа өөдөөс сөрж босох хүчтэй фракц мэндлэх нь гэж байна гэсэн сүрхий айдас бий болсон, Уг нь анх энэ фракцыг үүсгэн бай­гуулагч нь Б.Батбаатар, Лу.Ган­төмөр нар юм.  Олон залуус  тэд­нийг дэмжиж байсан боловч нэг­дэхээр удалгүй Ардчилсан намын залуусын амбицаас болж томорч чадаагүй. Гэхдээ бүр тасарчихгүй үйл ажиллагаагаа явуулсаар бай­гаа. Цаашид хүчирхэгжих эсэх нь энэ намын залуусын эв нэгдэл, нэг зүг рүү харж чадах эсэхээс л шалт­гаална. 

Мөн Ардчилсан намд Зүүн хойд ази гэж бий. Батж.Батбаяр, Лу.Болд, М.Зоригт зэрэг хүүүс багтдаг. М.Зоригтыг нэрлэх болсон нь Зүүн хойд Ази фракцын ха­лаасанд ИЗН-ыг явдаг гэж хэлэлц­дэг. Кроун хэмээх фракц бий бөгөөд Алтан гадаст гомдогсод голдуу орсон байнгын үйл ажиллагаатай. 

ЗҮҮНИЙ ХҮЧНИЙ ХОЛБОО

МАН-ын хувьд фракцын нэгд­лээс гадна намын эрх ашиг гэдэг том зүйл бий. Харин сүүлийн үед энэ нь нэлээд өөрчлөгдөж байгаа. МАН-ын хувьд маршал, генера­лууд олонтой. Гэвч тэд тохиролцож ч,  хохиролцож ч чаддаг. Сүүлийн үед МАН дахь хамгийн том фракц бол Зүүний хүчний холбоо болоод байна. Нам шигээ анхан, дунд шатны байгууллагатай. Бүр чуул­ганы хэмжээнд хурал хуйгаа хий­дэг. У.Хүрэлсүх Бага хуралд тэрээр өөрийн хүмүүсийг сайтар шур­гуулж дөнгөсөн гэнэ. Уг нь МАН-ыг МАХН байх үед дүрмээр хүлээн зөвшөөрөгдсөн ганц албан ёсны фракц байсан нь “Уламжлал, шинэч­лэл-Ардчилал, шударга ёс” жигүүр. Мөн Онц их хурлын төлөө хөдөлгөөн, Шинэ эргэлт хөдөл­гөөнүүд бий болж байлаа. Дээрх хөдөлгөөнүүдийг нам нь хүлээн зөвшөөрөөгүй ч эд үүргээ гүйцэт­гэсэн. Харин жигүүрийн олон хүн Н.Энхбаярыг дагасан. Дээр нь Н.Энхбаярыг МАХН-аа байгуула­хаар Онц их хурлаа хийх үед У.Хүрэлсүх намын байрнаасаа жигүүрийнхнийг  хөөснөө мэдэгдэж өрөөнийх нь түлхүүрийг хурааж авсан. Тэгэхээр одоогийн МАН аль хэдийнээ жигүүрээ тасдаж хаясан гэсэн үг. Тэр жигүүрийг нь харин Н.Энхбаяр цуглуулж өд сөдийг нь эвлүүлэн өөрийн болгосон ажээ. У.Хүрэлсүх НАМЗХ-ны залуусын загалмайлсан эцэгээр тодроод байгаа бөгөөд элдэв улс төрийн акцдаа тэдний хүчийг ашиглаж байгаа. НАМЗХ-ны залуус ч ам­биц­тай, мөнгөтэй учраас юунд ч хөдлөхөд бэлэн. МАН-д дараагийн сонгуульд эднээс нэлээдийг нь У.Хүрэлсүх сойх нь тодорхой.

ХОТЫНХОН

Мөн МАН дахь хамгийн том бүлэглэл бол хотын фракц. Гене­рал нь М.Энхболд. Тэр бүр хөнгөн хөдлөөд байхгүй түүнийг занга­рагтай улстөрч, ийм том бүлэглэ­лийн удирдагч болно гэж харсан хүн цөөхөн. Магадгүй Н.Энхбаяр түүнд олон юм сургасан биз. Дээр нь нөхөрлөж явсан Н.Энхбаяр нь дайсан болсон учраас илүү хур­цалж өгсөн байх. Гэхдээ хотын фракцынхан ч өөр өөрийн замаа бодсон хүмүүсийг нь тооцвол хууч­наасаа суларсан гэдэг.

С.БАЯРЫН ФРАКЦ

С.Баяр МАН-ын дарга, Ерөнхий сайд асан түүнийг энэ цагийн томоохон улстөрчөөр зүй ёсоор нэрлэнэ. Яалт ч үгүй маршал. Нам нь түүний ар талын арми гэж хэлж болох юм.

Түүнийг өнөөдрийн улс төрийн томоохон акцуудыг хийдэг гэж үздэг. Тэрээр хэнтэй л бол тохиролцож, хэнтэй л бол байлдахад бэлэн. Өнөөдөр МАН энэ хүний гар дор зангидагдаж байна. Харин МАН-ын дарга С.Батболдын хувьд өөрийн үеийн чадалтай хэдэн сэхээт­нүүдээр тойруулсныг эс тооцвол ард нь С.Баяр байдаг гэж хардах хүн олон. Ямар ч байсан С.Баяр намдаа том үүрэг гүйцэтгэсээр байгаа. 

С.БАТБОЛД ХИЙГЭЭД СЭХЭЭТНИЙ БҮЛЭГ

Тэдний бүлэглэлийнхнийг улс төрийн хүрээнийхэн ингэж нэрлэж байгаа. Ц.Мөнх-Оргил, Ч.Хүрэл­баатар, Ё.Отгонбаяр, хотын дарга  Г.Мөнхбаяр ч Ерөнхий сайдын багт ажиллаж байгаа. С.Батболд “Тань­даг бурхнаас таньдаггүй чөтгөр  дээр”  гэж нэгэнтээ хэлсэн гэдэг. Тэгэхээр өөрийн баг, фракц гэхээ­сээ илүү хүчтэй шинэ үеийнхнийг өөртөө татаж баг бүрдүүлэхээр чармайж буй аж.

Мөн энэ намд олон лидер,  чадалтай улстөрчид бий бөгөөд  лидерүүдээ дагаж үйл явдлууд өрнөж, фракцууд бий болж, бас өөрчлөгдөж буй. Гэвч одоо түүнд байсхийгээд довтлох 20-ийн бүлэг буюу хор намын гишүүдээс бүрд­сэн гишүүд гол айдас болж байна. Улс төрийн хүрээнийхэн дээрх хорин гишүүнийг 76 дотор байгаа эх оронч гишүүд гэж нэрлэж байгаа бол нөгөө хэсэг нь УИХ дахь МАХН-ын бүлэг гэж хардаж байгаа юм.

Н.ЭНХБАЯР, М.ЭНХСАЙХАНЫ ХОРШИЛ

МАХН-ын дарга Н.Энхбаяр ганцаараа маршал партизаны дайн хийж
байна. Хажуудаа бас М.Энхсайхан гэдэг генералтай болов. Баахан партизан дагуулсан
тэд дараагийн сонгуульд УИХ-д овоохон суудал авахаар нарийн тооцоотой хөдөлж байна. Бусад нь биш байлаа гэхэд өөрсдөө гарч ирнэ гэдэгтээ тун итгэлтэй байгаа учраас ч
эвсэл, нэгдлийг эхэндээ тавьж байгаа билээ.

Categories
редакцийн-нийтлэл

Улстөржсөн эдийн засаг улс орныг сүйрүүлнэ

УИХ-ын 20 гишүүн “эх оронч” асуудал дэвшүүллээ. Ноднин жил Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч яг иймэрхүү зүйлийг уул уурхай, газрын баялагтай холбож ярьж бай­лаа. Одоо ч тэр яриа дуусаа­гүй үргэлжилж байгаа. Нэг талаас харахад энэ хүнтэй ойр байсан хүмүүс, нэг нутаг усныхан эдгээр 20 гишүүний олонхийг бүрдүүлээд байгаа болохоор эргэлзэж, хардах сэтгэл төрөөд байна.

Улс орны эрх ашиг талаа­саа энэ 20 гишүүн зөв зүйл яриад байх шиг хэрнээ улс төрийн шийд­вэр талдаа  Н.Энх­баярт асар их дэм бол­чих вий дээ гэж бодогдох юм.

Гэхдээ УИХ-ын 20 гишүү­нийг мэдэгдэл гаргаснаас хойш Оюу толгойн хувьцааны үнэ таван ам.долла­раар буу­жээ. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж намуудын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сай­дыг хүлээж авч уулзахдаа хө­рөнгө оруулагчдад хатуурхаж болохгүй гэж хэлэхэд хувь­цааны үнэ нь өсөөд ирж байгаа юм. Өнөөдөр Оюу толгой зөвхөн монголчууд юм уу Рио Тинтогийнх гэж шууд ойлгож болохгүй болж. Энэ бол дэлхийд хамаатай хэрэг болсон шүү. Үүний үр дүнд   хамгийн их үр шимийг монгол­чууд хүртэнэ. Иймээс хувь­цаа­ны үнэ буурвал хамгийн түрүүнд монголчуудад хохи­ролтой. Учир нь хувьцаа гэд­гийг үүрэн телефоны урьд­чилсан төлбөрт үйлчилгээтэй жишье л дээ. Нэгэнт бид мөн­гөгүй тул хүний мөнгөөр үйлд­вэрээ барьчихаад өөрс­дөө ашиг хүртэхээс гадна урьдчилан төлбөр хийсэн хүнд багахан хэмжээний ашиг өгнө. Харин хувьцааны үнэ унах нь Монголд баригдах үйлдвэр, орд ашиглах хуга­цаа тэр хэмжээгээр хойшил­но. Хувьцааны үнэ өснө гэдэг нь бидэнд ашигтай тусна.  Хэрэв төр баялгийн орлогыг шударгаар хуваарилж чад­вал нийгмийн эмзэг хэсэг баялгаас илүү хүртэх ёстой. Харамсалтай нь УИХ маань хэдэн толгойтой нь үл мэдэг­дэх бөгөөд хэзээ нэгэн цагт ямар нэгэн бодлого хэрэг­жүүл­нэ гэдэг нь тодорхой бус байна. Үүний тод жишээ нь саяхан 20 гишүүн Оюу толгой гэрээнд засвар оруулах тухай санал хэлсэн явдал юм. Хэ­дийгээр энэ нь наанаа эх оронч харагдаж байгаа бо­ловч үнэн хэрэгтээ Африкийн ядуу буурай орнуудын тог­толцоо руу тэмүүлсэн хэрэг юм. Тэдгээр орнуудад төр барьсан бүлэглэлүүд нь эх орныхоо баялгийг цөлмөөд гадаадад гарчихдаг. Тэдний залгамжлагчид нь эх орон ард түмнийхээ төлөө гэсэн уриатайгаар засгийн эрхэнд гарна. Тэд баялгийг ашиглах боловсруулах тухай ямар ч ойлголт байдаггүй. Өөрсдөө хөрөнгөгүй, технологигүй, боловсролгүй учраас гадны хөрөнгө оруулалтаар баялаг бүтээж ард түмнийхээ амь­жир­гааг дээшлүүлж болно гэдгийг маш сайн мэддэг. Гэвч энэ нь ард түмэнд ашиг өгө­хөөс эрх баригчдад хүртэх юм бага байдаг. Иймээс тэд га­даадын хөрөнгө оруулалтыг байнга эсэрүүцсээр ирсэн. Үр дүнд нь тус орнууд бослого. хумхаа, алан хядлага хар тамхи, зэвсэг, хүний наймаа­ны голомт болж хувирсан. Буурай орнууд гадны хөрөнгө оруулалтаар өндөр хөгжил­тэй орон болсон олон то­хиол­дол бий. Япон, Сингапур, Хон­конг зэрэг орнууд ба­рууны хөрөнгө оруулалтаар боссон. Эдийн засаг нь хур­дацтай хөгжиж байгаа Хятад,  Энэтхэг зэрэг орнууд гадаа­дын хөрөнгө оруулалтыг гай­хам­шигтайгаар ашиглан хэ­дэн тэрбум хүнийг турааж алчихалгүй өнөөдрийг хүрч байна. Эндээс харвал эрхэм 20 гишүүн XXI зууны Монго­лын хамгийн том хө­рөнгө оруулалтыг зогсоох гэж бай­гаа мэт харагдана. Гэхдээ тэдний шаарлага нь хөрөнгө оруулалтыг зогсоох гацаах тухай биш юм. Үүнд Засгийн газар ч тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой. Учир нь тэд УИХ-ын 57 дугаар тогтоолын заалт болох “Айвен­хоу майнз” компани хөрөнгө оруулалтаа нөхсө­ний дараа Монголын талын эзэм­ших хувийг 50 хувиар нэмэг­дүүлэх шаардлагыг 30 жи­лийн дараа гэж гэрээнд тус­гасан. Үнэн чанартаа “Айвен­хоу майнз” 30 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн ямар ч тооцоо байхгүй. Магадгүй маргааш ч нөхчи­хөж болно. Түүгээр ч зогсохгүй 50 жилийн дараа ч нөхөж магадгүй. Энэ нь эрхэм ги­шүүд болон “Айвенхоу майнз” компаниас шалтгаа­лах­гүй юм. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн нь 10 мянган ам.долларт хүрч эсвэл түүнээс доош унаж байгаа зэс 2000 ам.доллар хүртэл буу­рахад л хөрөнгө оруулалтаа хэзээ ч нөхөхгүй болно. Тий­мээс нэг талдаа эрхэм гишүү­дийн шаардлагыг зөвтгөж ч болох юм. Нөгөө талдаа “Айвенхоу майнз”-ын хариуг хүндэтгэх учиртай. Эцэст нь эндээс гарах ганц гарц бол Засгийн газын зөгнөсөн 30 жил ч биш, эрхэм гишүүдийн мэргэ төлөгт буусан шиг 3-5 жил ч биш ердөө л гэрээндээ “Хөрөнгө оруулалтаа нөхсө­ний дараа..” гэдэг заалт оруул­чихад л хангалттай юм. “Айвенхоу майнз”-ынхан хө­рөнгө оруу­лалтаа хуурам­чаар өсгөсөн тухай яриа бай­даг. Өнөөгийн тусгаар Монго­лын хувьд энэ бол боломжгүй юм. Ерөнхий­лөгчийн хэлс­нээр УИХ, Зас­гийн газар анх­ны энэ том хөрөнгө оруулал­тыг бөөций­лөн бойжуулж чадвал Мон­голд дараагийн томоохон  хөрөнгө оруулал­тууд са­наанд оромгүй их ашиг ав­чирна.

Улс төр  судлаачдын үзэж байгаагаар өнөөдөр манай эрх баригч намууд үзэл ба­римтлал, тэр тусмаа зах зээ­лийн эдийн засгийн цогц үзэл баримтлалгүй бай­на. Монгол ардын нам зүүний нам гэдэг боловч ихэнх то­хиолдолд барууны гэгддэг хэт хөрөнгө­жих бодлого явуул­даг. Ард­чилсан нам барууны үзэлтэй гэдэг боловч олон тохиол­долд хавтгайрсан ха­лам­жийн автор болсоор өнөөг хүрсэн. Энэ нь тухайн намуудын үзэл бодол нь явуулж байгаа эдийн засгийн үйл ажилла­гаа­тайгаа ний­цэх­гүй байгааг харуулж байна.

Нэгэнт намуудын үзэл бодол төлөвшөөгүй тул УИХ,
Засгийн газар  цэгцтэй,  нэгд­сэн,  уялдаатай шийдвэр гар­гаж түүнийгээ хэрэгжүүлэх ямар ч боломжгүй юм. Хэрэв
УИХ, Засгийн газар нэгдсэн бодлоготой байж чадвал сон­гуулиас өмнө Оюу толгойг
цэгцлээд зогсохгүй төмөр зам автозам,
барилгажилт ногоон
хэрэм зэрэг томоохон бодло­гуудаа тодорхойлж ирээдүйд  ихээхэн мөнгө босгох бо­ломж­той. Ингэж чадвал дөр­вөн жилийн турш
өгөх гэж үйлээ үзэж байхын оронд  1.5 сая төгрөгийн цалин
авдаг хоёр сая ажилтан манайд бий болж болох юм. Тэр үед ажилгүйд­лийн тухай
биш ажиллах хүчний дутагдалд
орох тухай л ярих байх. Тэгвэл монгол­чуу­дын хувьд  ядуурал гэдэг өнгөрсөн үеийн хар дарсан
зүүд л болж үлдэнэ.  Тэгэхээр
улстөржих хэрэг
байна уу? Эдийн засгаа улс­төржүүлбэл улс орон
чинь сүйрэл рүүгээ л явна.

Categories
редакцийн-нийтлэл

М.Наранбаатар: Энэ чинь тусгаар Монгол Улсын үндэсний радио, телевиз шүү дээ

MҮОНРТВийн ерөнхий захирал М.Наранбаатартай ярилцлаа.

Танайх гол хаалга­наасаа эхлээд зас­вар хийгээд бужиг­наантай байна шүү. Ер нь ингэ­хэд MҮОНРТВийн энэ нү­­сэр бай­гуул­лагад хам­­гийн сүүлд хэзээ засвар орсон юм бэ?

-Манай
энэ байшин 1987 оны байшин шүү дээ. Яг үнэндээ их засвар бол хийгдээгүй. Байшин ч гэсэн муудна аа даа. Сүү­лийн үед утаа байшин барилгыг яаж эвдэж, өөр­чилж байгаа билээ. Ямар ч сайн зүйлийг өөд татаж байхгүй бол муудаж л байдаг. Энэ байшин­даа гар хүрэхгүй бол үнэ­хээр болохгүй болсон байсан. Ямар ч байсан намайг ажиллаж байх үед зас­вар орох ёстой байжээ. Өнгө будаг ч гэлт­гүй олон зүйлийг нь ши­нэ­чилж за­сахгүй бол хэ­цүүхэн бол­сон. Манай байгууллагын тухай яри­хаар л хүмүүс баахан камер, ажилтнуу­дын ца­лин­гийн тухай гэж ойлго­дог. Гэтэл өнөөдөр 24 жилийн турш ашигла­сан дулааны шугам нь хүүх­дийн зулай шиг бол­чих­сон байдгийг мэддэг­гүй. Цахилгааны шит гэ­хэд бүр эртнийх. Одоо­гоос хэдэн жилийн өмнө ма­най цахилгааны КТБ станц шатаад асуудал гарсныг санаж байгаа байх. Нээгээд үзэхэд 1964 онд үйлдвэрлэгдсэн байсан. Түүнийг 1967 онд манай телевиз анх бай­гуулагдахад тавьж байж л дээ. Аргагүй ах нарын юм сайн тулдаа 42 жил ажил­ласан байгаа юм.

Манайх түрээсийн байр биш учраас уран бүтээлээсээ гадна аж ахуйн асар их шийдэх асуудал байдаг юм аа. Сүүлийн үед миний аж ахуйн мэдлэг хачин сүр­хий болсон шүү дээ. Аль болох асууд­лаа өөрөө сайн мэдэж мэдэрч, түү­нийгээ Удирдах зөвлөл­тэйгээ ярих, Сангийн яаманд зөв ойлгуу­лах, төсөв хөрөнгө шийддэг хүмүүс­тээ учирлахаас эхлээд асуудал бол бий, бий. Одоо хийгдэж буй засварын маань хувьд сайхан болчих байх аа.

Олон нийтийн ра­дио, телевиз гээд төс­вөөс жигтэйхэн мөнгө авдаг газар байдаг гэ­сэн ойл­голт бий. Тэр их мөн­гөөр сайн уран бү­тээл хийхгүй байна гэж шүүмж­лэх нь бий, бас өнөөх мөнгө нь хаанаа ч хүрэхгүй техникийн шинэч­лэл­дээ явчих нь бий ч гэдэг. Яг яадаг юм бэ?

-Би эхлээд жаахан тайлбар хэлчихье. Болох уу. Манайд теле­виз
бай­на, хоёр дахь суваг нээг­дэхэд бэлэн болчихлоо. Радиогийн гурван суваг байна,
таван хэлний нэвт­рүүлэг байна.
Монголын мэдээ гээд мэдээллийн том агентлаг байна. Энэ бүхэн нийлээд манайх гэдэг айл болж байгаа юм. Телеви­зийн
уран бү­тээл гэдэг нэг хүн машин унаж гараад өөрөө каме­раа барьж бичлэгээ хий­гээд, микро­фоноо гаргаж
асуулт тавьчихаад, бас өөрөө монтажаа хийж дуу оруулж эфирт
хальс түлхсэнийгээ хэлдэггүй юм. Дэлхийн долоон тэр­бум хүмүүс дунд тийм авьяастай хүмүүс
байдаг байх л даа. Тийм хэдий ч телевиз гэдэг зүйлийн
стандарт дэлхийд нэгэнт тогтчих­сон. Хэрэв нэг хүн
ганцаараа гүйж га­раад хийчихдэг
юм бол яах гэж тэр олон жил мэр­гэжил тус бүрээр
нь хүн бэлтгэ­дэг байсан юм
бэ. Тэр стандартаар бид явж ир­сэн, түүнийгээ
ч авч үлдэх ёстой. Өөрөө ху­вийн те­левизтэй ч юм уу, ямар нэг байдлаар хөрөн­гө
оруул­сан улстөрчид ярихдаа
“Телевиз 50 хүн­тэй бай­хад
болно” гэдэг. Уучлаа­рай, болдоггүй
юм.

Үндэсний хэмжээний телевиз бол хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хөг­жөөнт цэнгээнт нэвтрүүлэг, сургалтын чанартай нэвтрүүлгүүд, ёс зан занш­лаа харуулсан танин мэдэхүйн сэт­гүүл байх хэрэгтэй. Мэдээж, кино байх ёстой. Кино нь хулгайнх байж болох­гүй. Нэгэнт олон нийтийн телевиз бол наад талдаа ийм байхыг шаардана. Радио гэхэд манайд үндсэн суваг байна. Монголын радио ярьж байна гээд. Залуучуудын сонирхол, хурд өөрч­лөгдөж байна. Бид Шведийн төс­лөөр гуравдугаар сувгаа нээсэн нь гоё ажиллаж байгаа. Радио­гийн сонсогч­дын тоо буураагүй. Монгол Улсыг сурталчилж байгаа Мон­голын дуу хоолой радио байна. Таван хэл дээр нэвтэрч, улсаа сурталчилж байна. Одоо нэгэнт интернэт, радио теле­визийг хөгжүү­лэх үүрэг бидэнд ирж байна. Мөн Монголын мэдээ агентлаг гэхэд өдөр бүр нэг цагийн мэдээллийн хөтөлбөр, сондгой цаг бүрт арван минутын мэдээлэл явуулдаг. Хөдөө орон нутагт сэтгүүлч сурвалжлагч нар явж мэдээлэл бэлтгэж ирж байна. Тэр хүмүүсийн явах унаа тэрэг, жолооч за тэгээд манай байр бол багагүй сав. Тэгэхээр тэнд бас тодорхой тооны үйлчлэгч нар байж таарна аа даа. Энэ бүгдийг тооцоод үзвэл 700 хүн их биш. Манайд 1200-1300 хүнтэй байсан үе бий. Харин ч бидэнд хүн хүрдэггүй.

Яагаад хүрдэггүй гэж. Түүнээс цөөн байхад л телевиз гарна гээд улстөрчид нь хүртэл хэлээд байгаа юм биш үү?

-Бид
шинэ менежментээр ажил­лаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Бид зөвхөн телевиз, радиогийн уран бүтээл гэлтгүй үндэсний хэмжээний томоо­хон ажлуудыг хийх ёстой гэж зорьж ажиллаж байгаа. Олон төсөл хэрэг­жүүлж эхэлснээс Ногоон хөгжил, эрүүл мэндийн төсөл, Хорьдугаар зуун төсөл гээд хүмүүс мэдэж байгаа байх. Монголчуудын түүх гуйвсан. Харин манай хорьдугаар зуун төслийнхөн тэр бүгдийг бодит түүхээр нь үлдээ­хийн тулд маш нүсэр ажлыг зориглож барьж авсан. Жилийн 365 хоногийн өдөр өдөрт нь түүхэнд юу болж байсан бэ гэдгийг гаргаж ирнэ гэдэг маш нарийн шүлтүүртэй амар­гүй ажил байж таарна аа даа. Зарим өдөр нь гурав тэгээд тав, долоон үйл явдлыг багтааж гаргаж ирсэн. Үүнийгээ манайхан шинэ хэвлэл­тээр судар маягаар сар тус бүрт нь 12 DVD хийж, түүнийгээ шигтэж ном болгосноо саяхан хэв­лэлтээс гардаж аваад байна. Бас нэгэнт хийсэн том уран бүтээлийг ном болгож үлдээх нь зөв юм гээд Хорьдугаар зуун Монгол номоо хэв­лэ­лээ. Үүнийгээ дагаад 50 баримтат кино ирэх ондоо багтаж хийнэ. Энэ бүг­дийгээ бид Монголын түүхэнд үлдэх, манай байгууллагаас барьж бай­гаа бэлэг гэж ойлгож байгаа. Яг энэ мэ­тээр ажлууд хийгээд эхлэхээр хүмүүс цөөдөж байна гэж хэлэлгүй яах вэ.

Дээрээс нь энэ жил гэхэд 200 анги кино хийлээ. Үндсэндээ 1.5 өдөрт нэг кино гэсэн үг шүү дээ. Одоо гарч байгаа “Өдөр өдрийн наран” дуусахад дараа­гийн 60 ангит кино эхэлнэ. Бид контент үйлдвэрлэх ёстой. Одоо хулгай хийгээд л кино гаргадаг байсан үе өнгөрсөн. Бидэнд тийм үе байсан л даа. Бид үзүүлж, үлгэрлэж байж бусад маань хулгай хийхээс татгалзаж эхэлнэ. Бид нэгэнт жимийг нь гар­галаа, бусад нь ч явж байх шиг байна. Ийм хэмжээний уран бүтээл хийхэд өнөөх ад үзээд байдаг хүн хүч яах аргагүй хэрэг болдог юм. Бас бидний хийхээр төлөвлөж байгаа зүйл бол драмын хийгээд сонгодог урлагийн томоохон бүтээ­лүүдийг дэлгэцэнд мөнхөлж үлдэх явдал юм. Бид энэ талаар Драмын театр, Дуурийн театрын удирдла­гуудтай ярилцаад шийдэлд хүрээд явж байна.

Нүсэр бүтэцтэй атлаа чанар­тай бүтээгдэхүүн гаргахгүй бай­на гэж шүүмжилдэг хүмүүс бий шүү дээ?

-Ер
нь л үндэсний телевиз гээд муулаад л байдаг. Гэтэл үнэндээ түүнийгээ үздэг л байхгүй юу. Би нэг онигоо ярья. Онигоо гэж бодит явдал л даа. Та өөрөө ч тэр хурал дээр байсан байж магад. Хоёр бүлгийн дарга нар мэдээлэл хийх гээд хурлаа эхэлдэг­гүй. Бусад сэт­гүүлч нар хүлээж ядаад, хурлаа хийгээч ээ гэж шаардахад “ММ ирээ­гүй” байна аа гэж хэлээд уурыг нь барсан гэдэг. Энэ бол манайх тэр­гүүлэх байр сууриа мөнхөд хадгалж байгаа­гийн илрэл. Миний сайных бус харин явж ирсэн нэр хүнд уламжлалаа аваад явж чадаж байгаагийнх юм. Ер нь мэргэжлийн судалгааны байгуул­лагуудын гар­гаж байгаагаар бол дараагийн­хаасаа даруй 20-30 пунк­тээр илүү явдаг.

Та сэтгүүлчдийн армийн нэгээ­хэн хэсгийг удирдаж яваа хүн. Сэтгүүлчдийн ёс зүйтэй холбоотой асуудалд хэрхэн ханддаг вэ?

-Сэтгүүлчид мэргэжлийн байх, хариуцлагатай байх нь маш чухал. Сэтгүүлчид цалин нь ихдээ их, багадаа бага тийм л хүмүүс. Зарим нэг сайдаас хэдэн цаас авчихсан, ултөрчдийн хоолыг нь идчихсэн гээд сонстож байдаг зүйл бий. Манайд дөрөв таван зуугаад сэт­гүүлч байлаа гэхэд нэг хувь нь буюу 4-5 хүн тийм байхад сэтгүүлчид бүгдээрээ тийм юм шиг ойлгогдоод ирдэг. Би өөрийнхөө хамт олныг хариуцлагатай байгаа, ёс зүйтэй байгаа, мэргэжлийн байгаа гэдгийг хэний ч өмнө хэлнэ. Ер нь сэт­гүүлч­дийг хардах явдал их байдаг. ММ-ийн зураглаачийг гэхэд миний зургийг биш тэрний зургийг их аваад байна гэж ирээд хардана шүү дээ.

Үнэндээ сэтгүүлчдийг, сэтгүүл зүйг үнэлэх үнэлэмж ямар байна вэ гэдэг чухамхүү үнэн эргэлзээтэй цаг үе болчихоод байна. Нийгэм бидэнд итгэхгүй болоод ирвэл юу болохов. Нулимана биз дээ. Захиалга өгөөд хүн муулуулж болдог, халаасанд нь мөнгө хийгээд худалдаад авчихаж болно гэж боддог болно. Тэгж үнэлэгдээд ирвэл бидний мэргэжлийн хувьд аюул байх­гүй юу. Нэг талаас үнэ­лэмж байхгүй болоход сэтгүүлч­дийн өөрсдийн гарга­сан алдаа бий юу гэвэл байгаа. Угшил нь бидэнд өөрсдөд байгаа. Мөнгө өгөхөөр тэр хүнийг бичихгүй, хэн нэгэн мөнгө хүнээс нөгөөгийн тухай бичсэн үү гэвэл тийм. Гэхдээ нийгмийг эрүүл­жүүлэх эд эс нь сэтгүүлч мөн л юм бол өөрчлөгдөх ёстой. Одоо бүх бурууг нийгэм рүү чихдэг болсон. Харин бид өөрсдөөсөө эхлээд өөрчлөгдөж улмаар нийгмээ өөрчлөх ёстой.

Ёс зүйн асуудал дотооддоо бол ярих асуудал яах аргагүй мөн. Гэхдээ таны хэлснээр үнэ­лэмж буурсантай холбоотой ч юм уу, бүх бурууг сэтгүүлчид рүү чихдэг нэг тийм жишиг байх шиг. Манай сонин сэтгүүлчдийг Эрүү­гийн хуулиар шийтгэдэг тэр зүйл заалтыг хасах уриалга гаргас­ныг та анзаарсан уу?

-Тийм
ээ. Сэтгүүлчид эрхэлж байгаа ажлынхаа төлөө буруутан Эрүүгийн хуулиар шийтгүүлэлгүй бусад хууль тогтоомжоор асуудлыг нь шийдээд явах боломжтой. Сэтгүүлч­дийн ёс зүйг хөндөж ярьж байгаагийнх нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Хуучны шар сонингууд өнөөдөр бүгд нэг, нэг сайтууд болчихжээ. Мэдээж, электрон сэтгүүл зүйн хөгжил яригдаж таарна. Гэхдээ ийм  сайтууд зорилго­той, захиалгатай хүн гүжирдэж гүтгэдэг хэрэгсэл болчихож. Бүр аль нэг томилгооны өмнө, эсвэл төсөв бат­лахын өмнө, цаашлаад хэн нэгэн хүнийг огцруулах, унагаах зорилготой мэдээлэл цацаж байна. За тэгээд сонгуулийн өмнө тамтгаа алдана. Сүүлийн үед ч надтай холбоотой мэдээлэл цөөнгүй гаргаж байна. Надтай гэж манай байгууллагатай холбоотой. Тэр худал мэдээллийг нь уншсан төсөв хуваарилдаг түшээд хүртэл ийм их мөнгийг үргүй зарлагад­даг юм уу гэж гайхшрах нь бий.

Би энэ удаад захиалагчийнх нь нэрийг хэлэхээ байя. Тэртээ тэргүй хүмүүс үнэн мөнийг нь өөрийнхөө хэмжүүрээр ялгачих бүрэн чадалтай учраас би үүнд ач холбогдол өгөхгүй байгаа. Гэхдээ энэ гал тогоонд ажил­лаж байдаг хүний хувьд сэтгүүлч­дийнхээ үнэлэмжийг өсгөж, ёс зүйтэй, цэвэр сэтгүүл зүйг хөгжүүлэхийн тулд бид эхлэх цаг болжээ гэж бодож байна. “Хувьсгал хийхэд золиос байлгүй яахав гэж хэлдэг хүнд маргаашийнх нь золиос та байна шүү” гэж хэлэх ёстой гэдэг. Үүнтэй адилхан үүнийг өнөөдөртөө орхиё гээд үлдээж болохгүй юм байна. 

Танайх төсвөөс мөнгө авдаг болоод ч тэр үү, биднийг гарга­сангүй, тэрийг гаргалаа гэсэн гом­дол төсөв батлагчдын зүгээс гар­даг юм билээ. Саяхан УИХын зарим гишүүн биднийг бус Зас­гийн газрыг их мэдээлээд байна гээд танд албан бичиг хүргүүлж байх шиг байсан?

-Тийм
зүйл байна аа байна. Хамаг цалин цуухыг чинь өгөөд байхад яах гээд байна гэсэн ханд­лагатай улс­төрчид байдаг. Үнэндээ манайд жилд 7.7 тэрбум төсөв­лөдөг ч 3.3 тэрбумыг нь бид төс­вөөс авдаг юм. Үлдсэнийг нь өөрс­дөө босгох үүрэг хүлээдэг. Тэр 7.7 тэрбумаас холбооны сувгийн түрээс, дахин дамжуулалтын мөнгө гээд асар их зардал шаардсан мөнгийг бид төлдөг. Дэлхийн зарим улсад 97-98 хувийг нь төсвөөс өгөөд үлдэх хувиа бэлгэдлийн чанартай олох нь бий. Харин бид талаас илүү хувиа өөрсдөө олдог. Мэдээж гурван тэрбум төгрөг их мөнгө үү гэвэл их мөнгө. Гэхдээ манай хүмүүсийн цалин гэхэд 3.7 тэрбум төгрөг шүү дээ. Өгч байгаа нь 3.3 атлаа 7.7 тэрбумыг өгсөн гэж цаасан дээр бичдэг юм. Нөгөө талаас олон нийтийн гэхээр гудам­жинд явж байгаа хүн, бизнесмэн, улстөрч ер нь бүгд эзэн суух гээд байдаг. Хэрэв бүгд орж ирээд л эфир эзэгнэх гээд байх юм бол тусдаа хууль гаргаж, нэг хүн бодлого тодорхойлох гээд байх хэрэг байна уу.

Гадаадын олон нийтийн теле­ви­­зүүд нийгэмдээ хүчтэй нөлөөлөл үзүүлж чаддаг юм шиг санагддаг. BBC байна, NHK гэхэд сумо бөх дэх найраа, ёс бус тэмцлийг нь эсэр­гүүцэж барил­дааныг дамжуулахаа байж байх жишээтэй. Манайх хэзээ тэдэн шиг тийм болох бол?

-Хэрэв
манайх үндэсний бөхийг дамжуулахгүй боллоо гэвэл бас нэлээд юм болох байх шүү. Харам­салтай нь нийгэмдээ нөлөөлөх оролд­лого гэж харахаасаа илүү “Яачихсан юм, Наранбаатар яагаад байгаа юм” гэсэн тал руугаа илүү явчих болов уу. Манай теле­виз хулгай хийхээ больё гээд эхний шатанд кино бүтээгээд эхэлчихлээ. Нэг талаас бусдыгаа чирээд зовлонтой л бай­гаа байх. Гэхдээ энэ бол сайн вирус юм. Ногоон хөгжилтэй хол­боотой төсөл бас нийгэмд нөлөөлж л байгаа. Үлгэр дуурайл болж байгаа гэж бодож байна.

Манайд хүмүүс гэртээ HD телевизтэй бол­чих­лоо. HD-гээр суваг дам­жуулдаг үйл­чилгээ бий болчих­лоо. Харин телевизүүд хэзээ ийм форматаар нэвтрүүлгээ цацах вэ. ГанцМонгол ТВийм форма­таар л цацаж байх шиг?

-“Монгол
ТВ”-ийн техник тасар­хай гэж дуулсан. Бас ийм хаягтай телевиз, телевизийн байр байдаг. Гэхдээ хөтөл­бөр гэх зүйл байхгүй. Бид техникийн дэвшилээ дагах ч нийтлэл нэвтрүүлэг, мэдээ мэдээл­лийнхээ чансаанд илүү анхаарал тавьдаг. Манай 150 студи ийм форматаар нэвтрэхэд бэлэн бол­сон. Яг энэ форматаар нэвт­рүүлгээ бэлтгээд явахад хөрөнгө мөнгөний хувьд асуудал шаардагдана. Гэхдээ Засгийн газ­рын түвшинд 2014 он гэхэд дижи­тал систем рүү шилжинэ гээд гэрээ­гээр үүрэг хүлээсэн байгаа учраас тэр хугацаандаа багтаад орчихно. Яг одоодоо бол “Ардын засаг ч гэж хаа байлаа , авдаг өгдөг нь ч юу байлаа” гэдэг л байна шүү дээ. Төсөв хэд болох юм яаж батлах юм гээд асуудалтай.

Үндэсний олон нийтийн зөв­лөлийн дэргэдэх олон нийтийн зөвлөл гэж бий. Тэр хүмүүс яг ямар эрх үүрэгтэй байдаг юм бэ. Хуулинд тэгээд заагаад өгчих­сөн болохоор тэр олон хүн байгаад байна уу?

-Хуулийг
хийхдээ бүгдийг тооцож төлөвлөж, дэлхийн томоо­хон сайн жишээ, жишгийг харж хийсэн байдаг байлгүй дээ. Үндэсний зөвлөлийнхөн бол олон нийтийн төлөөлөл болж орж ирсэн хүмүүс. Түүнээс ажилд ороод л, тэг ингэ гээд байхгүй. Ерөнхий захи­рал хөтөлбөрийн бодлогоо тодор­хойлж, олон нийтийн зөвлөлийн­хөн түүнийг нь хянах ёстой. Хуучин Ерөнхий сайдын шууд харьяанд энэ байгууллага бай­сан юм. Тэгэхэд шууд дуудаад л даргыг нь халчих эрхтэй байсан гэсэн үг. Одоо нэг хүн, нэг танхим мэддэг биш салбар салбарын хүмүүсийн төлөө­лөл мэдэж байгаа юм. Магад­гүй таны анзаарснаар М.Наран­баатар бол нэг улстөрч, нэг хэсэг улстөрчийн дургүйг хүргэх зүйл хийж байсан л байх. Тэгвэл тэрний зоргоор хусагд­чихалгүй яваад байгаа нь тэгүүлэхгүй гэж хийсэн энэ хууль тогтоомжтой нь холбоотой.

Өмнө нь эрх барьж буй намуу­дын гол үзэл суртлын зэвсэг нь үндэсний телевиз, сөрөг хүчний намуудын юуны өмнө өөрчлөхийг хүсдэг албан тушаалтан нь таны хашиж буй алба байсан. Харин сүүлийн жилүүдэд тэр байдал алга бол­сон нь уг хуультай холбоотой байна уу, хамтарсан засагтай хол­боо­той байна уу. Эсвэл М.Наран­баатар гэдэг хүн эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байна уу?

-Тогтолцоог нь хуулиар зохи­цуулж өгсөнтэй холбоотой гэж бодож байна. Цэндийн Мөнх-Оргил, Эрдэнийн Бат-Үүл, Нямаа­гийн Энхболд нарын хүмүүс байд­лыг ингэж шийдвэл нөлөө­лөлд автахгүй гэдгийг тухайн үед харж чаджээ. Тэгээд УИХ-аас, Ерөнхий­лөгчөөс, Засгийн газраас дамжуу­лан олон нийтийн төлөөлөл орж ирэг, харин УИХ нь баталж байг хэмээн шийдэж. Тийм ч учраас хуучин шиг аль нэг талд нь гуйвах шаардлагагүй нөхцөлд ажиллаж чадаж байна.

Ингэхэд та аль намын хүн бэ?

-Алиных
нь ч биш. Аль нэгнийх нь байсан бол алуулахгүй юу. Угаасаа эрхэлж байгаа ажил маань хуулиараа нам бус байхыг шаарддаг.

Ирэх сонгуулиар дэвшиж магадгүй гэх яриа ч дуулдах юм билээ. Та нэр дэвших үү?

-Би
угаасаа хуулиараа улс төрийн намын харьяалалгүй байх ёстой хүн. Гадуур л миний өмнөөс нэр дэвших тухай яриа гаргаад байгаа болохоос биш. Ер нь тэгээд намайг дэвшүүлэх нам нь хаана байгаа юм, дэвших тойрог нь ч хаа байгаа юм. Тэгээд тэр бас сонгуульд их хэмжээний мөнгө зарцуулдаг гэдэг биз дээ.

Нээрээ, танай байгууллагатай холбоотой машин тэрэг авсан, барьсан гэсэн яриа дуулдаж байх юм. Та үүн дээр ямар хариу өгөх вэ?

-Намайг
М.Наранбаатар гэд­гээр маань хараад байж болохгүй юм аа. Муу ч сайн ч тусгаар Монгол улсын үндэсний хэмжээний теле­виз, радио гэж харах хэрэгтэй. Өнөөдөр NHK телевизийн захир­лыг ямар унаа унаж байна гэдэг юм уу эсвэл онгоцоор хаашаа явсан гээд парламентын гишүүн нь асуу­гаад байвал өөрөө их эвгүй бай­далд орох болов уу. Нэг улсын олон нийтийн телевиз радио гэдэг утгаар нь харах ёстой гэж санадаг юм.

Төсөв мөнгөний асуудал ямар байдгийг та бид хоёр ярилцсан. Ер нь төсөв тиймэрхүү байдаг юм бол танайхан олон ангит кино хийгээд л өөрсдөдөө ажил удахын хэрэг байна уу?

-Бид
үүнийг хийх үүрэгтэй. Уран бүтээлч нөхөд маань шөнө оройгүй ажиллаж 200 ангит кино хийж байна. Үүнээс ч ихийг хийнэ. Нөгөө талаас уран бүтээлч хүнд нэг тийм сэтгэл байдаг даа. Өөрөө ч мэдэж байгаа. Хийгээд дуус­саныхаа дараа нийт­лэлийг хүн уншиж байхыг чинь хара­хад нэг тийм гоё байдаг биз дээ. Би ч урьд нь нэвтрүүлэг бэлдээд төгс­гөлд нь нэрээ гарахыг хараад баярлаж, урамшдаг байсан. Нэгэнт манайх ийм том баазтай хойно уран бүтээлчдээ хөглөөд, бүтээл төрүүлж тэд маань хийснээсээ урам, таашаал авч явах нь сайхан биз дээ.

Тусгай салаа кино гарсны дараа цэрэгт явж байгаа залуу­сын тоо нэмэгдсэн гэж байсан. Одоо эмч нарын тухай кино хийж байна. Ер нь шинэ төслөө хийх­дээ үр дүн нь ийм байх болно гээд тусгай зорилго хөтөлбөртэй явдаг уу?

-Ноднин
кино хийж байх үед цэрэгт очиж байгаа залуус тоондоо хүрэхгүй байсан. Харин киноны дараа гэхэд зураг авсан ангид илүү орон тоо байхгүй болсон гээч. Батлан хамгаа­лах яам ч бидэнд байдгаараа тусалж, бид ч энэ уран бүтээлийг босгох гэж хичээсэн. “Өдөр өдрийн наран” кино төслийн санаачлагч нь ЭМЯ. Эмч нарыг янз бүрээр л хэлдэг, тэгвэл амьдралд тэдэнд ямар бэрх­шээл тулгардаг юм, хүнийхээ хувьд ямар асуудал байдаг юм гэдгийг гаргахад хоёр талын сонирхол таар­сан, уран бүтээл хийсэн. Энэ бол бас ч том төсөл. БНСУ-д долоон хоног зураг авч, Дорно­говийн Алтанширээ, Сэлэнгэ аймагт бас зураг авсан. Кино дуусахад анагаах, сувилагчийн сур­гуульд орох хүмүүсийн тоо нэмэгдэх л байх. Бас ийм мэргэж­лийн хүмүүсийг ойлгох, ханиа, ээж аавыгаа ойлгох ч болно. Нөгөө талаас нийгэмд асар сайн нөлөөтэй. Тухайлахад хайртай жүжиг­чин нь янз бүрийн хавдраар өвчлөхөд үзэж байгаа хүмүүст сэрэмж болж байдаг гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, амьдрал дээр эрт оношлуулах тал дээр анхаарна гэсэн үг шүү дээ. Бидний  ажил бол ингэж л нийгэмдээ очиж байд­гаараа сайхан.

Солонгос бол олон ангит кино­гоороо Ази төдийгүй дэл­хийг байл­дан дагуулж байна. Улсынхаа маш том суртал­чил­гаа учраас цаанаас нь төсөв гаргадаг ч гэдэг. Харин манайхан хийж байгаа киногоороо улсаа сурталчилдаг болох нь хэзээ бол?

-Ер
нь киноны зах зээл бол яг хар зах шиг. Маш том кино яарма­гууд байдаг. Бид өөрсдийнхөө павилонуу­дыг зарим дээр нь авья, гарч эхэлье гэж байгаа. Эхний шатанд худалдаж аваад сүйд болохгүй юм аа гэхэд бүтээл солилцох асуудал гарч болно. Бид бол эхэлж байна, хөгжөөд байгаа. Цааш цаашдаа олон боломж нээг­дэнэ. Одоо бид “Халтар царайт”-ыг үзвэл юунд тэгж хуйларч байв гэхээр л байна шүү дээ. Цаг цагт уран бүтээл хөгжиж, өөрчлөгдөж байдаг.

Нээрээ, “Халтар царайт“-ыг багагүй мөнгөөр худалдан авч байсан байх аа. Одоо танай фондод бий юу?

-Бий
бий. Манай өмчлөлд байдаг.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Эрүүгийн хуулиас сэтгүүлчдийн эсрэг заалтыг авч хаясан улстөрчийг дэмжин ажиллана

Дэлхийн улс орнуудад хөг­жил­тэй байх, баян байх, хүн амаар олон байх гээд олон шалгуур  үзүүлэлт  бий. Үүнээс  хамгийн жин дардаг, бас үнэн мөн, гэрэл гэгээ­ний хэмжүүр бол  хэвлэл  нь эрх чөлөөтэй эсэхийн үзүүлэлт билээ. Тийм ч учраас хэвлэлийн эрх чө­лөөний индекс улс орнуудын өөрс­дийгөө товойлгох, бас бүдгэрүүлэх бодит үндэслэл болдог. Гадаад ертөнцөд нэр төрөө хэрхэн ойл­гуу­лах эл хэмжүүрт сэтгүүлчдийн амь насанд халдах, хүлээлгэж буй ял шийтгэл, тэдний ажил үүргээ гүй­цэтгэх боломж, хэвлэн нийтлэх эрх чөлөө зэрэг олон үзүүлэлтүүд хамаардаг. Эдүгээ  пакистан, мех­сик, гондурасчууд энэ салбарт аймшигтай нь дэлхийн хар хаяг болж байна. Учир нь 2010 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан 87 сэтгүүлчийн 43 хувь нь дээрх орнуудад нас барсан билээ. Ажил албаа залгуулж яваад амь насаа алдсан аль ч мэргэж­лийнх­нээс илүүгээр сэтгүүлчдийн хө­дөлмөрийг үнэлэх үнэлэмж нэгэнт дэлхий дахинд тогтсон. Яагаад гэвэл шударга ёс, бодит мэдээл­лийн төлөө зүтгэдэг тэдний хөдөл­мөр нь хүн төрөлхтний язгуур эрх ашгийн төлөө байдаг учраас. Сэт­гүүлийн ажлыг ч уурхайчны дараа ордог хүнд хөдөлмөр хэмээн он­цолдог. Тэдний үйлс хүн гээч амьт­ны суурь эрх ашгийг хамгаалах мөнхүү чанартай холбоотой уч­раас хөдөлмөрийн аюулгүй байд­лыг хангаагүйгээс нас барсан жирийн нэгэн ажилчны үхлээс сэтгүүлчийн үхлийг өөрөөр авч үзэх үнэлэмж нэгэнт жишигжжээ. Энэ нь сэтгүүлчийн хөдөлмөрийг эрхлэх үедээ алдаа гаргасан то­хиолдолд ч хамрагддаг нөхцөл. Учир нь тэд бусдаас үлэмж эрх мэдлийг төвлөрүүлсэн, бусад ол­ныг төлөөлөн хөрөнгө зарцуулах эрх мэдэлтэй хүмүүсийг хянах нүд болж байдаг учраас тэгэхээс ч өөр аргагүй.

Сэтгүүл зүйд хэрхэн хандахаас улс орны үнэлэмжийн сайн муу шууд нөлөөлж байгаа талаар дээр дурдсан. Зах хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг анх гаргаж байх үед эрх чөлөөний орон гэдэг АНУ дээгүүр цохидог байснаа үн­дэсний аюулгүй байдлынхаа төлөө терроризмын эсрэг дайныг шүүм­жилсэн сэтгүүлчдийг сэжиглэх тухай заалт оруулснаар тэртээ дор шидэгдэж байсан талаар тухайн үед хэвлэл мэдээллээр бичигдэж  байлаа. Үнэндээ ч 2001 оны айм­шигт алан хядлагын хохирогч болсон америкчууд үндэсний аюул­гүй байдлынхаа төлөө тийм хандлагатай байх нь хэр шүү дээ гэж бодогдмоор. Гэвч түүгээрээ сэтгүүлчдийн хөдөлмөрт хориг тавих гэж оролдож байгаа гэсэн нөгөө өнцгөөрөө л буруутчихаж байгаа хэрэг шүү дээ. Сэтгүүлчийн хөдөлмөрт тэгж эмзэг, тэгж нандин ханддаг жишиг олон улсад байна.

Хэвлэлийн эрх чөлөөний ин­дексээрээ тэргүүнд нь эрэм­бэ­лэг­дэж байсан Дани улс 2006 онд 19 рүү бичигдэж байсан түүхийг хү­мүүс санаж л байгаа байх. Моха­медийн шог зургийг Данийн нэгэн хэвлэлд гаргасан нь лалын ша­шинтнуудын уур хилэнг багагүй хүргээд авсан. Магад тэр шог зургийн хор нөлөө нь тайван амга­лан улсад террор халдлага гара­хад хүргэх байсан ч юм билүү. Уг зургийг зурсан шог зураачдад заналхийлсэн хэрэг гарсан, бас тэдний аюулгүй байдлын төлөө цагдаагийн хамгаалалтад авсан төдийгөөр хэвлэлийн эрх чөлөө­ний индексээрээ 19 рүү уначихаж байв даа.

Тэгэхээр сэтгүүлчийн хөдөл­мөрийг яах аргагүй өөр үнэлэмжээр авч үзэхээс аргагүй. Монголд энэ тухай ярихаар хүмүүс алдаатай хэрэг хийсэн хэн боловч шүүхийн өмнө эрх тэгш байх ёстойг үндэслэл болгодог. Маргашгүй боловч нөгөө талд яах аргагүй өөр өнцөг, үнэ­лэмжээр авч үзэх ёстой хөдөлмөр гэдгийг дэлхий дахинд нэгэнт хү­лээн зөвшөөрснийг баримтаар бодитой харж байна. Угаасаа сэт­гүүлчид нийгмийг эрүүлжүүлж, болохгүйг илчилдэг тусгай даал­гавартай хүмүүс. Өөрөөр хэлбэл ардчилал гэдэг модыг өтөнд ба­риулчихгүйн тулд цэвэрлэгээ хийж байдаг тоншуулууд.

Энэ навчийг идэж байсан өтийг тэрийг нь идлээ гээд тоншчихсоны төлөө тоншуу­лын хурц хошууг огтлоод авч бо­лохгүй биз дээ. Түүн шигээр сэт­гүүлчийн ажлын онцлогийг яах аргагүй харгалзан үзэх шаардлага байгаа юм.

Тийм ч учраас олон улсын хэм хэмжээнд сэтгүүлчийн хөдөлмөр­тэй холбоотой алдаа мадаг улмаар түүнээс учирсан хор хөнөөл бай­лаа гэхэд эрүүгийн хэрэгт тоо­цол­гүй бусад хууль заалтын дагуу ял шийдээд явдаг. 

Харин Монгол бол Эрүүгийн хуулиндаа сэтгүүлчдээ яллах зүйл заалт оруулсан орон. Эрүүгийн хуулийн зургадугаар хэсгийн 110.1-ийн доромжлох, 111 дүгээр зүйлийн 1-3-т зааснаар гүтгэсэн бол нэгээс гурван сар баривчлах, гурваас зургаан сар баривчлах, хоёроос таван жил хүртэл хуга­цаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Хэрэв сэтгүүлч алдаатай ажиллаж, бусдын нэр хүнд, алдар хүндэд халдсан бол буруугаа хүлээх ёстой. Алдаатай ажиллагааг нь зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй. Гэхдээ сэтгүүл­чийн хөдөлмөр эрхэлж байгаад алдсаныхаа төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болох учиргүй. Олон улс оронд сэтгүүлч ажлаа хийх явцдаа алдаа гаргасныхаа төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болж, эрүүгийн хуу­лиар шийтгүүлэх ёсгүй гэдгийг зааж өгдөг. Тэгэхгүй бол эрүүгийн гэмт хэрэгтэн болгоно шүү гэсэн занал­хийлэл, шүүхээр ял оноолгоно шүү гэсэн дарамт нь сэтгүүлчийн ажилд дөнгө болно. Манайд ч үүнийг Эрүүгийн бус Иргэний хэргээр шийдэх бүрэн боломжтой.

Гэтэл манайх сэтгүүлчдэдээ хамгийн халгаатай улс орон гэдгээ баталж, сэтгүүлчдэдээ эрүүгийн хуулиар ял төлөвлөж байна. Уг нь манай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн нэгдүгээр хэсэг, нийтлэг үндэслэл дотор “…Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гээд заачихсан байдаг л даа. Их яривал энэ заалттай сэтгүүлчийн хөдөлмөр шууд уялдчихаж байгаа. Гэвч уг хуулийн дараагийн зүйл заалтуудад өнөөх баривчилна, хорино гэсэн ялууд нь ороод ирдэг л дээ.

Судлаач Ш.Сүхбаатарын сүү­лийн арван жилийн хугацаанд хийсэн судалгаанд дурдагдсанаар 2004-2009
онд нэр төр, алдар хүндэд халдсан иргэний 206 хэр­гийн 86 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчидтэй холбоотой байсан аж. Харин 2006-2010 оны хоорондох дөрвөн жилийн хуга­цаанд дээрх гомдлоор 102 эрүү­гийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Хэдийгээр шүүхээс тэдэнд ял оноо­сон хувь нь бага ч эрүүгийн хэргээр сэтгүүлч шалгагддаг, буруутдаг гэсэн агуулга нь өөрөө гунигтай билээ. Гунигтай ч биш байж бо­ломгүй асуудал.

Тэгэхээр нэгэнт сэтгүүлчийн хөдөлмөр өөр үнэлэмжээр цэг­нэгдэх ёстой учраас бид Эрүүгийн тухай хуулинд оруулж өгсөн энэ заалтаа авч хаях цаг болжээ. Угаа­саа энэ заалтыг оруулсан ал­даа­гаа засах цаг болсон гэхэд болно. Хууль санаачлагчдад ийм болом­жууд бий. АНУ-ын Конгресс гэхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боогдуулсан ямар нэгэн хууль тогтоомжийг батлах ёсгүй гэсэн заалтыг тэртээ 1791 онд оруулж өгсөн цагаасаа хойш ер өөрчилсөнгүй. Мэдээж ийм заалт­гүй гээд үүнийг зохицуулах дүрэм журам байхгүй, сэтгүүлчид хүс­сэнээ гүтгээд доромжлоод явна гэсэн үг биш.

Хууль санаачлах эрхтэй улстөрчдөд хандан сэтгүүлчид бид Эрүүгийн хуулин дахь сэтгүүлчийн хөдөлмөрийн эсрэг заалтаа авч хаяхыг хүсч байна. Энэ нь сэтгүүлч­дийг дэмжиж тэтгэж байгаа хэрэг биш, тэднийг буруугаас авч үлдэх гэсэн арга саам ч бус харин хэв­лэлийн эрх чөлөөтэй ардчилсан улс байгаа гэдгээ нотолж, шударга бусын эсрэг, эрх мэдэлтний зүй бус авирлалын эсрэг зогсч байгаа гэдгээ харуулах л боломж юм. 

Хууль санаачлах эрхтэй улстөрч­дөө, сэтгүүлчдийн хөдөл­мөрийн эсрэг Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалтыг авч хаях санаачилгыг гаргахыг та бүхэндээ уриалж байна. Тэгвэл хэвлэлийн эрх чөлөөний төлөө таны хийсэн том гавьяа тэр болно. Бас сэт­гүүлчид бид ч таны хийж байгаа ажлуудыг олон түмэнд хүргэх аж­лыг онцгойлон хийх болно. Сэтгүүлчдийн төлөө, хэвлэлийн эрх чөлөөний төлөө хийсэн тухайн түшээгийн гавьяаг бодлогоор хөхиүлэн ажиллахаа үндэсний өдөр тутмын сонин “Өдрийн сонин” албан ёсоор өөрийн хуудсаар дамжуулан зарлаж байна. Бас сэтгүүлчид ажлаа зоригтой, хэний ч дарамт шахалтад оролгүй шу­даргаар явуулах боломжийг нээж өгсөн түшээдийг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслийн үзэгт нэгт нөхөд маань буухиалан дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Ингэснээр Монголд шударга ёсыг цэцэглүүлж, хүчтэний
өмнө хүчгүй
нь бөхийн зогсох тэгш бус
харилцааг алга болгосон гэрэлт үе
хэмээн хойчийн түүхэнд тэмдэг­лэг­дэн
үлдэх биз ээ.

Categories
редакцийн-нийтлэл

Япон дасгалжуулагчтай болбол ямар вэ?

Ч.Насантогтох багшийг өөрийнх нь хүсэлтээр жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаас нь чө­лөөл­чихлөө. Одоо түүнийг шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаа­тар түр орлож байна. Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчдын орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлачихаад бай­гаа. Сонирхсон хүмүүсийн мате­риа­лыг хүлээн авах эцсийн хугацаа өчигдрөөр дуусгавар боллоо.

Ч.Насантогтох өөрийн хүсэл­тээр ажлаасаа чөлөөлөгдөөд “Одоо байгаа шигшээгийн бусад дасгалжуулагчид бол гар нийлсэн сайн хамт олон. Болбол тэднийг энэ чигээр нь байлгаж, бүүр бол­моор бол Х.Болдбаатарыг өөрийнх нь “суудалд” тавьж болох уу” хэмээ­сэн. Гэвч үүнийг дан ганц жүдо бөхийн холбоо шийдэх боломжгүй. Биеийн тамир, спортын газар, Шигшээ багийн албатай зөвшил­цөж, сонгон шалгаруулалтад мате­риалаа ирүүлсэн бусад дасгал­жуулагчдын намтар түүх, үзүүлсэн амжилт, ааш араншин, нэр хүнд, дасгалжуулагчийн чадвар зэрэгтэй нь харьцуулж үзсэний эцэст шийд­вэрлэх асуудал. Одоогоор Х.Бат­тулга гишүүний “товлочихоод” байгаа О.Балжинням нэлээд рейтинг өндөртэй байна. Холбоо­ных нь ерөнхийлөгч “нүдэлчихсэн” тийм хүнтэй бусад дасгалжуулагчид өрсөлдөөд нэмэр байна уу гэмээр. О.Балжинням аваргыг мэргэ­жилт­нүүд, жүдогийнхон нааштай хүлээн авах ч, нөгөөтэйгүүр “Жүдог үндэс­ний бөх шиг болгоод хагаргаж, бутаргачих “шидтэй” хүн. Аягүй бол нутгийнхаа баахан хүмүүсээр шиг­шээг дүүргэчихэж магадгүй” хэмээн болгоомжилж, хардах улсууд ч байна.

Харин Ч.Насантогтох багшийн өөрийгөө залгамжлуулахыг хүсээд байгаа Х.Болдбаатарыг шигшээ багийн тамирчид, жүдо бөхийн холбооныхон нааштай хүлээн авч байна. Учир нь “Гарман дээр морио солив” гэгчээр олимпийн өмнө шигшээгийн ахлах дасгал­жуу­лагчаа сольсон ч одоогийн шигшээ багт байгаа тамирчидтай хэл амаа ололцоод явж чадах хүн гэж Х.Болд­­баатарыг үнэлж байна. Х.Болдбаатарын хувьд Ч.Насан­тогтох багшид “дарагдаж” ирсний эцэст ийнхүү дэвших боломж ч байж мэднэ. Шигшээ багт байгаа бусад дасгалжуулагчдаасаа ингэж онцлогдсон ч түүний ур чадвартай холбоотой.

Спорт сонирхогчдын хувьд жүдо бөхийн шигшээ багийн дас­гал­жуулагчдын энэхүү халаа сэл­гээ­нээс ахлах дасгалжуу­лаг­чийнх нь илүүтэй сонирхол татаад байна. 

Одоогоор дараагийн ахлах дасгалжуулагчийн “сэнтийд” О.Бал­жинням аварга, Х.Болдбаа­тар гавьяатын нэр л дуулдаад байна. Сонгон шалгаруулалтаар БТСГ, Шигшээ багийн алба, Мон­голын жүдо бөхийн холбооныхны тааллыг хүртээд, ахлах дасгал­жуулагч болчихоор “битүү морь” гараад ирэхийг ч үгүйсгэхгүй.

Жүдогийн шигшээ багийн дас­галжуулагчдыг хэн хэн байж болох вэ гэдэг асуултад гаднаас тэр дундаа Японоос багш, дасгал­жуулагч урьж авчрах нь зөв гэсэн хувилбар яваад байна. Ямартай ч олимп хүртэл Японы шилдэг дас­гал­жуулагчийг хөлслөөд “Лондон-2012”-т дээгүүр давхичихсан байхад манай залуу дасгалжуу­лагчид тэр хүнээс их зүйл сурч мэдээд үлдчих боломж­той. Сая дэлхийн аваргын дараа гадны мэргэжилтнүүд манай жүдоч­дыг хараад “Танайхан мэр­гэжлийн жүдод барилдах арай болоогүй байна. Танай түвшинд бүгд муу” гэсэн юм чинь Япон мэргэжилтнээр жүдогийн “хөлөг онгоцныхоо” залуурыг олимпийг дуустал бариул­чихвал манай жүдо­гийн өнгө төрх ч өөрчлөгдөж мэдэх юм. Яагаад япон дасгал­жуулагчтай болж болохгүй гэж. Угаас легионер дасгалжуулагч одоо моодонд ороод байгаа.

Дасгалжуулагчдыг солих асууд­лын хажуугаар шигшээ багийн тамирчдыг ч давхар сольчих санал байна. Нэгэнт л дасгалжуулагчаа сольж байгаа бол тамирчид нь ч гэсэн шинэ байвал асуудал илүү хөнгөн тусна. Шинэ дасгалжуулагч ирээд өнөө хуучин тамирчидтай хэл амаа ололцохоос эхлүүлээд бишгүй л бэрхшээлтэй тулгарна. Аягүй бол “Би тантай таарахгүй нь. Таны арга барил Насаа багшийн­хаас тэс өөр юм” гээд гэдийчих тамирчид жүдогийн шигшээ багт байж болох тул шинэ хуучны ялгааг нь эл сэлгээндээ тусгачихад илүүдэх­гүй байх.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Б.Сэр-Одыг морьтой уралдуулаад үзье

Гүйдэг Б.Сэр-Од БНСУ-д бол­сон хөнгөн атлетикийн 2011 оны ДАШТ-ий марафонд хурдан гүйлээ. Дэлхийн шилдгүүдтэй урал­даж, 20 дугаар байрт орж өмнө нь өөрийнхөө тогтоосон Монголын дээд амжилтыг эвдлээ. Түүнээс өмнө манай тамирчдаас хэн нь ч ингэж дэлхийн гүйлтийн замд шилдэг хорьд багтаж бай­сангүй. Африк, Кенийн хурдтай тамирчид­тай 42 км-ийн турш урал­даж, Монгол хүний тэсвэр тэвчээр ямар ихийг харуу­лав.

Энэ
удаа­гийн ДАШТ-ий мара­фонд олимпийн норма­тивыг биелүүлсэн буюу “Лондон-2012”-ын эрхээ аль хэ­дийнэ өвөр­төл­чихсөн олимп, дэл­хийн аварга та­мир­чид өр­сөлд­сөн гэд­гээрээ онцлогтой байв. “Би нэгэнт мара­фоныг сон­госон. Тийм бо­лохоор хэдий ядарсан, сульдсан ч гэсэн хамгийн сүүлд, алхаж орсон ч хамаагүй.  Хамгийн гол нь тэр замыг дуусгаж чадвал ми­ний зорилго биелнэ” гэсэн зарч­мыг баримталдаг Б.Сэр-Од монгол эр хүний уужим сэтгэл, тамирчны ха­тууж­лаар хилийн ча­надад Монгол Улсынхаа нэрийг гаргаж, эх орноо сур­талчил­саар гүйж явна.

Тэрээр Афины олим­под Монголоо “том” сурталчилсан нэгэн. Тэрээр манай сонинд өгсөн ярилцлагадаа “Тухайн үед манай холбооны ерөн­хий нарийн бич­гийн даргаар ажил­лаж байсан хүн зарим дасгал­жуу­лагчидтайгаа нийлж мөнгө идэхийн тулд хуйвалдаад “Нарантуул” захын наад талд байдаг хувийнхаа жижиг­хэн зочид буудлын гэрэл гэгээ муутай дээврийн өрөөнд биднийг байрлуулсан.

Өдөр
хийж өгсөн хоол нь үлдвэл орой нь халааж өгнө, түүнээс нь үлдвэл маргааш өдөр нь халааж өгдөг байсан. Тэгээд би тэнд  долоо хоног байр­ласан чинь гэдэс өвдөөд дээшээ доошоо гүйлгээд ямар ч тамиргүй болоод бүтэн жил хийсэн бэлтгэл маань олимпийн өмнө үрэн таран болчихсон. Тэгээд би утсаар яриад “Энд чинь байж чадахгүй ээ. Би гэрээсээ бэлтгэлдээ явж бай­гаад олимпод явна” гэсэн. Тэгээд би олим­­поос 14 хоногийн өмнө Бууд­лага спортын клубт О.Гүн­дэг­маа нартай хамт байр­ласан. Тэнд биеэ сэргээгээд тэгээд л олимпод орсон доо.

Олимпод ороод Мон­голын рекордыг эвдээд ч яах юм бэ. Түүнийхээ оронд Монгол Улсын тамирч­дад марафон гүйл­тэд гүйж чадах чадвар бай­гаа шүү гэдгийг, дээр нь Монгол гэдэг улсыг дэлхийд цаг гаруй хугацаанд сурталч­лахын тулд би төрийнхөө далбааг барьж 20 км гүйсэн юм” гэж ярьж байсан. Б.Сэр-Од Афины олимпийн тэр марафонд цойлон гарч ирж, эхний 20 км-ийн турш, төрийнхөө алтан соёмбот тугийг намируулан хар эрчээрээ гүйж дэлхий даяар “Mongolia” хэмээн цуурайтуулсан. Түүний хийсэн энэ үйлдэл Монголыг сурталчилсан эр зоригтой, бахархмаар явдал байсан шүү.

Б.Сэр-Одыг одоогоор Монго­лын хамгийн хурдан хүн гэж хэлэхээсээ илүүтэй холын зайн уралдаанд урдаа хэний ч хөлийг гишгүүлэхгүй хурдтай, чадалтай тамирчин гэнэ. Мориор бол шан­дас, шөрмөстэй л гэсэн үг. Энэ тамирчнаараа бид бахархах хэрэг­тэй. Түүний эдгээр гавьяагаар зүгээр бахархаад өнгөрөх биш түүнийг урамшуулж, амьдралынх нь баталгааг бий болгох хэрэгтэй юм. Яагаад гэвэл та бидний нэрийг дэлхийд гаргах гэж уушгиныхаа гурван судсыг тэлтэл гүйж байгаа түүнд бид юу өгч гийгүүлсэн билээ. Өнөө жилийн наадамд үзүүрлэсэн Г.Эрхэмбаяр арсланд 78 сая төгрөг гаргаад өгч чадаж байна. Энэ хүн сайн бөх байх аа. Түүний талаар маргах гэсэнгүй. Харин үндэсний бөхөөр яаж ч дархан аварга болоод Монголын нэрийг дэлхийд гаргаж чадах билүү. Тэгвэл Б.Сэр-Од ямар ч байсан Монголын нэрийг дэлхийд гаргаж чадаад байна. Түүнд хэн нэгэн баяныг хэдэн халтар төгрөг хандивла гэсэнгүй. Өөрөөр нь мөнгө олуулах нэг арга сэдмээр байна. Түүнийг монгол адуутай бооцоотой уралдуулах санал байна.  Өндөр бооцоо тавиад ялсан ч ялагдсан ч хэдэн төгрөг олчихоор зохион байгуулах хэрэгтэй.

Манайхан чинь цагаа тулахаар Эрдэнэчулууны шарга, “Ажнай”-н Бат-Эрдэнийн туган ухаа, сувдан зээрд, сүмбэн зээрд, тайж халтар, хишиг хүрэн энэ тэр гээд л адгуусанд амиа тавихаас буцахгүй олон зуун саяар худалдаж аваад байдаг сонин улс. Тэглээ гээд тэр морьд чинь Б.Сэр-Од шиг Монгол Улсаа сурталчлаад олим­пийн замд далбаагаа бариад гүйсэн билүү. Дэлхийн аваргад өнөө цагийн шилдгүүдтэй уралдаж, олимпийн эрх авсан уу. Үнэндээ наадам, даншиг гэдэг чинь дов төдийхний л юм шүү дээ.

Б.Сэр-Одын байгуулаад буй гавьяа, хөлс хүчний дэргэд бол өнөө цагт наадмуудад манлайлаад байгаад хурдан морьдын алдар цол бол дэндүү өчүүхэн, харьцуу­лахад ч инээдтэй.

Б.Сэр-Одтой уралдуулах морь уяж сойдог хурдан адуу биш жирийн уналгын морь байх юм. Хүн хэзээ байтлаа адуутай уралдаж байлаа гэж буруушааж болно. Гэхдээ энэ чинь сонин байхгүй юу. Монголчуудын дунд холын зайд Б.Сэр-Од шиг хөнгөхөөн гүйгээд ирэх тамирчин байна уу. Үнэндээ гүйлтэд түүн шиг мэргэшсэн, гарш­сан чадварлаг тамирчин алга. Түүнийг жирийн монгол адуутай уралдуулж үзье. Б.Сэр-Од уу, морь нь уу гэхээс илүүтэй монгол хүн, морьтой уралдсан гэдгээрээ сонир­холтой шүү дээ. Аль нь түрүүлэх бол? Аягүй бол холын зайд Б.Сэр-Од өнөө морийг хаячихаж ч мэднэ шүү.

Д.ГАНСАРУУЛ