Categories
мэдээ нийгэм

1992 оны Үндсэн хууль Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл

Өнөөдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна. Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг Үндсэн хуулийн өдөр болгон нийтээр тэмдэглэдэг билээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, улс төрийн олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурлын 430 депутат 76 хоногийн турш мэдлэг чадвар, оюун ухаанаа дайчлан Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Өчигдөр “Өргөө” зочид буудлын хурлын танхимд Ардын их хурлын депутатуудын үйл хэргийг алдаршуулах хүндэтгэлийн хүлээн авалт боллоо. Энэхүү хүлээн авалтыг Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулсан юм.

Үйл ажиллагааны эхэнд Монгол Улс 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан. Тухайн үед Ардын Их Хурлын даргаар ажиллаж байсан УИХ-ын дэд дарга асан, Ардчилсан үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав хэлэхдээ “Миний амьдралын түүх төрийн захиргааны ажлаар дагнан явсан. Энэ түүхт өдөр 1992 оны Үндсэн хууль Монголын ард түмний оюун санаа хамтын бүтээл. Би 1991 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр анхдугаар чуулган нээгдэхэд “Бид түүхэн үйл бүтээхээр энд ирлээ, энэ үед амжилттай бүтээвэл бидний бүтээсэн гавьяа хэзээ ч үнэлэгдэнэ” гэж хэлж байсан. Монголын ард түмэн тэнгэрлэг хувь заяатай ард түмэн. Бид өөрсдийн Үндсэн хуулийг бие даан хийх боломж 90 жилийн хугацаанд анх олдсон. 1924, 1940, 1960 онуудын гурван удаагийн үндсэн хууль бол харийн их гүрний оролцоотойгоор хийгдсэн хууль. 1992 оны Үндсэн хууль бол 1991 оны долдугаар сард НҮБ-ын шинжээчийн байгууллагаас хүмүүс ирж Үндсэн хуулийн заалт зүйл нэг бүрээр хэлэлцэн санал бодлоо солилцож байж бүтсэн түүхтэй.

Үндсэн хуулийг зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл бүтэн гурван сар хэлэлцэхэд 900 мянга гаруй хүмүүс оролцож, 415428 хүн үг хэлж, 5177 санал төвд ирж байсныг нэгтгэн дүгнэж байсан. Ийм учраас 1992 оны Үндсэн хууль Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл юм. Энэхүү түүхэн ойг тэмдэглэнэ гэдэг нь зөвхөн бөх барилдах, бие биедээ бэлэг сэлт бэлэглэх, баярлах зүйл биш. Бид юуг бүтээсэн, Үндсэн хууль 30 жилд хэрхэн хэрэгжив, цаашид Үндсэн хуулийг хэрхэн сайжруулах гэдэгт нээлттэйгээр ярилцах хэрэгтэй. Аль ч улсын Үндсэн хууль өөрийн төрөлх зан ёс зүйд тулгуурласан хууль байх ёстой. Гадаад орноос хуулбарлавал амьдрах чадвар муу болчихдог. 228 депутатаас 70 наснаас доош насныхан 20 гаруй байдаг. Тийм учраас бид түүхэнд оролцсон зүйлээ зөвөөр үлдээх явц нь чухал. Тэр үеийн Төв аймгийн ачаалал их өндөр байсан. Төв аймаг Улаанбаатарт хамгийн ойрхон зах зээлтэй, хөгжих боломжтой. Хоорондоо эв нэгдэлтэй байх үед 1992 оны Үндсэн хууль шиг ямар ч зүйлийг хийх чадвар нь монголчуудад байгаа. Монголчууд биеэ дааж хөгжиж, харийн гүрний хараат байдлаас гарах ёстой. 1992 оны Үндсэн хуулиар тусгаар тогтнол, Монгол Улсын бүрэн бүтэн байдлын улс төрийн баталгааг хийж өгсөн. Энэ байдлаас харахад жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг дэвшүүлж хөгжүүлэхэд манай улс өлсөхгүй. Энэ хөх тэнгэрийн оронд төрсөн хувь заяандаа баярлаж, бахархдаг. Монгол Улсын түүхэнд оюуны бүтээн байгуулалт хийхэд гар бие оролцсон хувь заяа болон төрөө төлөөлөн оролцох боломжийг олгосон Төв аймгийнхаа иргэдэд баярлаж явдаг” хэмээв.

Хүлээн авалтын үеэр уригдан ирсэн 17 депутат хоорондоо тухайн үеийг эргэн дурсан хөөрөлдөн сууцгаасан юм.

Тухайн үеийн Ардын Их Хурлын 337 дугаар тойргоос Төв аймгийн Зуунмод сумаас сонгогдож байсан мэс заслын тасгийн дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч Г.Түмэннастаас цөөн асуултад хариулт авсан юм.


-30 жилийн тэртээ шинэ Үндсэн хууль батлалцах, ард иргэдийн итгэлийг хүлээж сонгогдож байхдаа хэдэн настай байв. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцана уу?

-Юуны өмнө шинэ үндсэн хууль батлагдсан 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Тэр үед анх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист орноос зах зээлийн эдийн засагтай олон ургалч үзэлтэй ардчилан улс руу шилжих шилжилт хувьсал өрнөж байсан үе. Энэ үед бол яах аргагүй ардчилсан шинэ Үндсэн хууль баталж, улс орноо ямар замаар хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлох чухал үе байсан. Энэ үед би 42 настай Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Анхны чөлөөт ардчилсан сонгууль явагдаж Төв аймгийн 337 дугаар тойрогт 12 хүн өрсөлдөж, би ардын их хурлын депутатаар сонгогдон ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцах түүхэн үйл хэрэгт оролцсоноороо бахархан, баярлаж явдаг даа.

-Тухайн үеийн депутатууд 76 өдөр тасралтгүйгээр
хуралдаж Үндсэн хуулийг баталж гаргасан гэдэг. Тэгэхээр тэр үед хэрхэн ажиллаж
байв?

-Чухам энэ үед эх орныхоо өнцөг булан бүрээс ажил, мэргэжлээрээ шалгаран ардын их хурлын депутатаар сонгогдсон хүмүүс хуулийг батлалцаж байсан. Тухайн үед бид Үндсэн хуулиа арваад хоногийн дотор баталчихаад гэр гэртээ очно доо гэж бодож байсан ч хурал явагдсаар гурван сар буюу 76 хоног болж байж ардчилсан үндсэн хуулиа батлан нутаг буцацгаасан. Ардчилсан Үндсэн хуулийг батлах нь их чухал зүйл байсан гэв.

Мөн энэ үеэр АИХ-ын 327 дугаар тойрог, Төв аймгийн Лүн сумаас сонгогдсон депатут П.Энхсайхан ярихдаа “1990 онд анхны чөлөөт сонгууль болсон. Тухайн үед Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргаар дөнгөж сонгогдоод, сонгогдсон бүх гишүүдийн хуралд депутатыг нэр дэвшүүлэх тухай яригдан сонгогдож байсан. Тэр үед би 30 настай байсан. Тухайн үед сум, нэгдлийн дарга нэг хүн ажилладаг байсан. Төрийн захиргааны ажлыг аж ахуйн ажлаас салган сумын дарга тусдаа, нэгдлийн дарга тусдаа болж байсан. 1992 онд Ардын Их Хурлын чуулган болж Үндсэн хуулиа батлуулсан. Үндсэн хуулийн төслийг хийж Улсын бага хурлаар хоёр удаа хэлэлцэн, Улсын Их хуралд өргөж барьсан. Бага хурлаар хэлэлцэн, ард түмнээсээ санал авч, эрдэмтэд ажлын хэсгүүд гаран, олон улсын байгууллагатай хамтран зөвлөлдөж бүх зүйлийг зохион байгуулсан. Тухайлбал, хууль хэлэлцэж байхад Монгол Улсын төрийн тогтолцоо ямар байх вэ, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ярилцсаар эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчтэй, Их хуралтай, Засгийн газар нь гүйцэтгэх байгууллага байя гэж тогтож байлаа. Тухайн үеийн хүмүүс боловсон хүчнүүд дандаа мэргэшсэн хүмүүс байсан” гэв.

Ц.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *