Categories
мэдээ нийгэм

15.6 тонн цайруулсан самар хураан авчээ DNN.mn

Экологийн цагдаагийн албанаас Богдхан уулын дархан цаазат газар, түүний хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа буюу байгалийн дагалт баялаг хуш модны самрыг түүж бэлтгэх, хуш модыг хатуу биетээр цохиж гэмтээх, орчны бохирдол үүсгэх, байгаль экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөлөөлж буй үйлдлийг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын захиргаатай хамтран энэ оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 7 чиглэлд хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж байна.

Хяналт, шалгалтын хүрээнд өнөөдрийн байдлаар хуш модны самрыг хууль бусаар түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй 8, хууль бусаар ан агнасан гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлэн 27 отогт байрлаж байсан 344 иргэнд мэдэгдэл өгч, хууль тогтоомжид заасан хариуцлагыг танилцуулан уулнаас буулгаж, 21 иргэнээс 15.6 тонн цайруулсан хуш модны самар, муна 19 ширхэг, цайруулах хэрэгсэл 17 ширхэг, ТОЗ-8 маркийн галт зэвсэг 1, нойтон тарвага 7 ширхэгийг хураан авч, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжлагдаж байсан 1 этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хуш модны самрын экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын Сайдын 2022 оны А/603 дугаартай тушаалаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”-г тооцохоор журамлаж өгсөн байдаг. Энэ үнэлгээгээр ХУШ МОДНЫ 1 кг цайруулсан самрын экологи–эдийн засгийн үнэлгээ нь 176.600 төгрөг, нойтон самрын үнэлгээ 98.900 төгрөг байдаг бөгөөд “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг 5 ДАХИН нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор хуульчилсан байдаг.

Энэ нь нойтон самрын хувьд 1кг тутамд 494.500, хуурай самрын хувьд 883.000 төгрөг бөгөөд дунджаар 2 шуудай цайруулсан буюу 100кг самар хууль бусаар бэлтгэсэн тохиолдолд 49.4-88.3 сая төгрөгийн байгалийн ургамлын санд учирсан экологи–эдийн засгийн үнэлгээний хохирлыг нөхөн төлөхөөр байна.

Хуш модны самрыг Загийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн Байгаль орчин, Уур амьсгал өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтоож, “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” сайдын тушаал гарч 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түүж бэлтгэх зөвшөөрөл олгогддог тул дээрх хугацаанаас өмнө түүж бэлтгэх болон уг хугацаанд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн бусдаас худалдан авах зэрэг үйлдэлд Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг тул иргэд та бүхнийг Богд хан уулын дархан цаазат газар самар түүхгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна. Дашрамд дурьдахад Дархан цаазат газарт энэ төрлийн зөвшөөрөл олгодоггүй.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *