Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2014 онд хорих ангиас суллагдагсдыг нийгэмшүүлэх, нийгмийн халамжийн сангаас олгох тусламж, дэмжлэгт хамруулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажлын байранд зуучлах зэрэг ажлыг тогтмол хэрэгжүүлжээ. Ингэснээр суллагдахын өмнөх сургалтад хамрагдсан хүмүүжигчдийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 27.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн нийт хорих ял эдлэгсдийг ял эдлэх хугацаанд нь мэргэжилтэй болгох зорилгоор ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд болон аймаг, орон нутгийн мэргэжил эзэмшүүлэх төвтэй хамтран мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж, энэ онд 784 хүмүүжигчид чадамжийн гэрчилгээ, 659 хүмүүжигчид мэргэжлийн үнэмлэх олгожээ. Нийт 1443 хүмүүжигчид мэргэжил эзэмшүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.7 хувиар өссөн үзүүлэлт аж.