Categories
мэдээ нийгэм

14 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн
найруулгыг өнгөрсөн сард баталсан. Ингэснээр шүүхийн шийдвэрээр
хүчингүй болсон 106 зөвшөөрлийг сэргээх хууль эрх зүйн орчин бүрдсэн
байна.

Гурван шатны шүүхээс 106 тусгай
зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр тусгай зөвшөөрөл
олгосныг үндэслэлгүй, хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс
тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг хохиролгүй болгохын тулд Засгийн
газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар тогтоолоор
“Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын
хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон
шалгаруулалтын журам”-ыг баталсан.

Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн
нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа журамд заасны дагуу санхүүгийн
баримтад үндэслэн баталгаажуулах бөгөөд баталгаажсан зардлаар тухайн
талбайн “босго үнэ”-ийг тогтоож байгаа. Ийнхүү гарсан зардлыг
баталгаажуулж, босго үнэ тогтоосон  эхний 14 талбайд ашигт малтмалын 
хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлахад бэлэн
болсон тухай Ашигт малтмалын газраас мэдээллээ. Энэхүү 14 талбайд гарсан
зардлаа баталгаажуулсан, тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн
нэгжүүд босго үнэ төлөх шаардлагагүйгээр сонгон шалгаруулалтад оролцох
давуу эрхтэй юм байна.

Эхний ээлжинд зарлах 14 талбайн товч
мэдээллийг хүргэж байна. Тус 14 талбай нь таван аймаг, нийслэлийн нутаг
дэвсгэрт харьяалагдах ба нийт 163.565.05 га талбайг эзэлж буй аж.
 Талбайн хэмжээний хувьд хамгийн бага талбай нь 94.49 га, хамгийн том
талбай нь 56.098.52 га байгаа юм.

Талбайн нэр Талбайн хэмжээ /га/ Аймаг
  Довцог худаг 56,098.52 Дорноговь
  Хашаатын хөндий 22,428.06 Баянхонгор
  Товцог хайрхан уул 20,008.53 Баянхонгор
  Ногоон тал 13,664.08 Дорноговь
  Амгалант 10,943.15 Өмнөговь
  Хөх хошууны худаг 9,732.27 Дорноговь
  Хар ат уул 4,283.93 Баянхонгор
  Улаан эрэг 9,546.52 Баянхонгор
  Могойт 4,501.65 Дундговь Өмнөговь
  Бага хөх цав 4,454.54 Дундговь
  Цогт хайрхан уул 1,313.75 Баянхонгор
  Чойдог худаг 1,130.96 Ховд
  Хонхор дэрс 102.02 Баянхонгор
  Хөхтолгой 94.48 Улаанбаатар
         

х

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдох мэдээллийг Ашигт малтмалын газраас болон АМГ-ын цахим хуудас www.mram.gov.mn авч болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *