Categories
мэдээ нийгэм

​12,000 орчим жуулчин наадмын нээлтийг үзэх захиалга өгчээ

Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, аялал жуулчлалын компаниуд Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд жуулчдад зориулсан суудлыг тоо хүрэлцээ муу учраас 1000 суудал нэмж өгөхийг хүсэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Жуулчин тус бүр дунджаар 2000 ам долларыг манай улсад аялахдаа зарцуулдаг байна. Энэ онд дунджаар 90,000 орчим жуулчин ирнэ гэсэн тооцоо бий. Үүнээс 110 компаний захиалга бүхий 12,000 орчим гадныхан наадмын нээлтийг үзэх эрэлттэй байгаа аж. Гэтэл наадмын нээлтийг үзэх хүсэлтэй арван жуулчин болгоны найм нь Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтэрч чадахгүй хаалганы гадна үлддэг болохыг аялал жуулчлалын салбарынхан хэлж байв.

“Засгийн газраас энэ чиглэлийн үйл ажиллагаануудыг аялал жуулчлалын энэ үетэй давхцуулахгүй байх, намар, хавар, өвлийн улиралд хийх тогтоолууд гарсан. Гэтэл энэ жил төр засгаас зохион байгуулагдаж байгаа хурал, үйл ажиллагаанууд наадамтай давхардаж байна. Аялал жуулчлалын улирлын гол имидж нь баяр наадам юм. Тиймээс Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөл, аялал жуулчлалын компаниудын зүгээс жуулчдад зориулсан суудлын тоог 1000-аар нэмэгдүүлж өгөхийг эрхэм наадамчин олон, ард түмнээсээ ойлгон дэмжиж өгөхийг хүсье” гэж Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр хэллээ.

Д.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *