Дорноговь аймгийн Сайншанд сумаас өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд 12 настай охин сураггүй болсон. Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, цогцсыг нь олсон байдаг. Тодруулбал, эрлийн багийнхан 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон.
Тэгвэл Мөрдөн байцаах албанаас иргэн Г-д холбогдуулан насанд хүрээгүй хүүхдэд хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан хулгайлсан. Мөн онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амийг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хэсгийн 2.4, мөн хэсгийн 2.7, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ.